Шүдний биоинженерчилэлийн салбарын анхдагчдын нэг Tokyo University of Science Organ Technologies-ын профессор Takashi Tsuji, PhD-ын хамт
МШМХ-ы Ерөнхийлөгч, АУ доктор, профессор Б.Амарсайхан: Найман
жилийн өмнө эхлүүлж гар бие оролцсон ажил маань энэ онд биелэлээ олж Монгол улсад анх удаа Их сургуулийн эмнэлгийн суурь тавигдлаа
Shud Magazine - Юуны өмнө ярилцлагаа 2016 онд манай салбарт гарсан ололт амжилтуудын талаар дурдаж эхлэе. 2016 онд ямар дэвшилттэй зүйлүүд бий боловоо? Б.Амарсайхан (Б.А): 2016 оны хувьд төдийгүй өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Нүүр Ам Судлалын салбар хэрхэн яаж хөгжиж байгааг нийт шүдний эмч, монголын хүн ам ерөнхийдөө мэдэрч байгаа болов уу. Улаанбаатар хотод, хөдөө орон нутагт хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд олноор байгуулагдаж байгаа төдийгүй шүдний эмч нар, эмнэлгүүдийн хэрэглэж буй технологи, тэдний Монгол Улсын Нүүр Ам Судлалын салбарт үзүүлж буй үйлчилгээний цар хүрээ улам тэлж байгаа нь мэдэгдэж байна. Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбоо нийт эмнэлгүүдтэйгээ халдвар хамгааллын тал дээр хамтарч ажилласны хүчинд хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдийн халдвар хамгааллын асуудал нэг илүү шат ахисан түвшинд гарч чадлаа.
Shud Magazine - 2016 он таны хувьд ямар жил байлаа гэж бодож байна. Б.А: Миний хувьд өнгөрсөн 15 жилийн 10 гаруй жилд нь НАСС-ийг удирдсан бөгөөд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөөд дараа нь Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн удирдлагын багт 4 жил ажиллажээ. 2016 оны МУ-ын АШУҮИС-н Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулагдах Их сургуулийн эмнэлэг маань шаваа тавьсан нь миний дараагийн мөрөөдлийн ажил маань байлаа. Энэ оны 4 сараас эхлээд АШУҮИС-н хөгжил хариуцсан дэд захирлын ажлаа өгсөн ба энэ жилээс хувь хүний хөгжил
өөрийнхөө алдаа дутагдлуудыг үнэлж цэгнэх, хөгжил дэвшилээ эргэж харсан он жил байлаа. Их Сургуулийн эмнэлгийн төслийг 8 жилийн тэртээ анх эхлүүлэн тэр үеийн Анагаахын сургуулийн дэд захирал агсан Профессор Алтайсайхантайгаа бид 2 Японы гадаад хэргийн яамны сайд болон Их хурлын гишүүдтэй уулзан эхний суурийг тавьж байсан маань энэ онд биеллээ олж Монголчуудын олон жилийн мөрөөдөл болсон 80 гаруй сая долларын хөрөнгө оруулалттай иж бүрэн эмнэлэгийн төсөл маань дэмжигдээд шав нь тавигдаж бүтээн байгуулалтын ажил хэдийнээ эхэлжээ.
Shud Magazine - Ирэх жилүүдийн хувьд бид ямар зүйл дээр илүү анхаарах хэрэгтэй байна гэж та үзэж байна вэ? Б.А: Ирэх жилүүдийн хувьд миний бодож байгаагаар АШУҮИС-ийн НАСС-н сургалт маань 6 жилтэй болсон, гэтэл хувийн хэвшлийн 3 гаруй сургууль дахин байгуулагдсанаар монгол улсад 4 нүүр амны чиглэлийн сургууль бий болж байгаа нь эрүүл мэндийн салбарын хувьд хөгжил дэвшил ирж байгаа юм шиг боловч нөгөө талаар бидэнд том эрсдэл тулгарч ирж байгааг сануулж, анхааруулж байна. Энэ байдлаараа манай улс 10000 хүн амд оногдох шүдний эмчийн тоогоор дэлхийн тэргүүлж хамгийн их шүдний эмчтэй улс орны нэг болж байна. Дэлхийн улс орнуудын дундаж жишгээр 4 мянган хүн амд 1 шүдний эмч оногдохоор байдаг бол өнөөдөр монголын 2200 орчим хүн амд 1 шүдний эмч оногдож байгаа нь шүдний эмчийн тоо дэндүү их байгааг харуулж байна. Энэ их эмч нар дээрээ тулгуурлан хамгийн гол нь шүдний эмнэлгийн тусламж
үйлчилгээг Монголын хүн амын амны хөндийн урьдчилан сэргийлэх ажил руу илүү их анхаарах ёстой он жилүүд бид бүхний урд хүлээж байна. Шүдний эмчийн тоонд анхааралгүй энэ чигээрээ байвал энэ мэргэжлээр сурах ирээдүй үеийнхэнд маань хүнд байдал үүсэх нь тодорхой. Төгсч гараад шүдний эмчийн ажил тэр болгон амар олдохгүй, 6 жил аав ээжийнхээ мөнгөөр сураад мэргэжлийнхээ үнэ цэнийг үнэлүүлэх бололцоо олдохгүй.Ийм гашуун туршлага өмнө нь өндөр хөгжилтэй улс орнууд төдийгүй Бразил, Хятад зэрэг хөгжиж буй орнуудад тохиолдож байсан. Эдгээр орнуудад шүдний эмчийн ажил олдохгүй учраас таксины жолооч хийж байгаа нь тааралддаг. Энэ мэргэжлийг олж авахын тулд 6 жилийн хугацаанд магадгүй 20-30 сая төгрөг зарлагадаад, төгсч гараад ажлын байргүй байх явдал элбэг болох эрсдэл байгаа учраас энэ асуудлыг Монголын нүүр амны мэргэжилтэн бэлтгэх сургалтыг эрхлэж буй мэргэжилтнүүд төдийгүй нийт эмч нар анхааралдаа авах нь зүйтэй болов уу гэж бодож байна.
Shud Magazine - Салбарынхаа хамт олондоо хандаж хэлэх таны үг Б.А: Аливаа нэг юмыг хөндлөнгөөс үнэлэж цэгнэхдээ биш хамгийн гол нь хүн өөрөө юу хийж өөрөө юу сурч, өөрөө юу мэдэж авч, хамтдаа хэрхэн хөгжиж байгаагаас жинхэнэ амжилт хамаардаг юм шүү. Залуучууд маань өөрсдөө олон зүйлүүдийг гардан хийж сурч байгаа бөгөөд тэднийг ирээдүйн том амжилт, мөрөөдөлдөө хүрэх алхамууд хүлээж байна. Энэ жил Г.Ариунтуул захиралтай манай НАССийн хамт олон сайн ажиллаж АШУҮИС-ийн
шилдэг сургууль болж Г.Ариунтуул захирал маань сургуулийн шилдэг менежерээр шалгарсанд хувиасаа болон нийт шүдний эмч нарын өмнөөс халуун баяр хүргэе. Шүдний салбарт ажиллаж буй хувийн хэвшлийн эмч нар маань амжилттай явж байна, маш олон сайхан сайхан эмнэлгүүд шинээр бий болж байна. 2017 онд монголын нүүр ам судлалын салбарын нийт эмч нартаа монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгийг санаж эв найртай бие биенийгээ дэмжиж ажиллахыг хүсэн ерөөе.