2002 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь иргэнд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 2 дугаар зүйл. Бага, дунд боловсролын зорилго 2.1.Бага, дунд боловсролын зорилго нь суралцагчид ерөнхий боловсрол эзэмшүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, хүмүүнлэг ёсонд суралцах, авьяас чадвараа хөгжүүлэх, амьдрал, хөдөлмөрт болон тасралтгүй суралцахад өөрийгөө бэлтгэхэд нь туслахад оршино. ХОЁРДУГААР БҮЛЭГ Бага, дунд боловсролын агуулга 3 дугаар зүйл. Сургуулийн өмнөх боловсролын агуулга 3.1.Сургуулийн өмнөх боловсролын агуулга нь хүүхдэд дараахь мэдлэг, чадвар олгож, төлөвшүүлэхэд чиглэгдэнэ: /Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 3.1.1.бие бялдрын хувьд эрүүл чийрэг, хэл яриа, хараа, сонсгол хэвийн, үндсэн хөдөлгөөнийг зөв гүйцэтгэдэг, ариун цэвэр, эрүүл ахуйн анхны хэвшилтэй болгох; 3.1.2.сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, хүмүүнлэг ёс, байгалийн юмс, үзэгдлийн талаар анхдагч ойлголт эзэмшүүлэх; 3.1.3.хүрээлэн байгаа орчин, эд юмс, үйл явдлыг дүрслэн зурах, урлан бүтээх, дуулах, хөгжимдөх, бүжиглэх анхны төсөөлөлтэй болгох; 3.1.4.эцэг, эх, ах, эгч, дүү, бусад хүнийг хүндэлж, эелдэг харьцаж сургах; 3.1.5.бие даасан, эвсэг нийтэч чанарыг хөгжүүлэх; 3.1.6. бага боловсрол эзэмшихэд бэлтгэж, санаа бодлоо зөв илэрхийлэх, бусдыг ойлгох, өөртөө үйлчлэх дадал, чадвартай болгох;
1