Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд өрсөлдөнө 2010/03/15 Монгол Улсын газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжиж, бэлчээр доройтсон харамсалтай мэдээ бий. Тэгвэл үүнийг улам бүр доройтуулахгүй байх, ирээдүйд нүүдэлчин малчдын уламжлалт амьжиргааг хангахын тулд малын сүргийн бүтцэд анхаарч, ашиг шим өндөр, цөөн малтай байх нь зөв алхам болно. Монгол сарлаг гэхэд өндөр уулын бүсэд хүн, малын хөл тэр бүр хүрээд байдаггүй уулын царамд амьдарч, тагийн ус, ургамлаар хооллодогоос бэлчээр талхалдаггүйн дээр арьс шир, хөөвөр, мах, сүүний бүтэц гайхалтай онцлогтойг шинжлэх ухаанаар нотолсон. Энэ талаар сонирхон “Монгол сарлаг нийгэмлэг” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Хишигжаргалтай уулзлаа. -Сарлагийн хөөврийг самнан, бүтээгдэхүүн хийж, савгийг нь малчид ахуйн хэрэглээндээ ашигладаг. “Монгол сарлаг нийгэмлэг”-ээс сарлагийн хөөврийн үнэлэмжийг нэмэхэд ямар ажил хийв? -Монголын малын тоо толгой өсч, бэлчээрийн даац буурсаар байна. Өнөөгийн нөхцөлд амьжиргааных нь эх үүсвэр болсон малаа цөөлөхийг малчдаас шаардах эрхгүй. Харин малын тоог өсгөхгүйгээр малчдын орлогыг сайжруулахад мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэлэмжийг нэмэх нь чухал. Тухайлбал, монгол сарлаг өндөр уулын бүсэд байгалиасаа бэлчээрийн сэлгэлт хийдэг онцлог амьтан тул түүхий эдээр нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хийх боломжтой. Сарлагийн хөөвөр нь ноолууртай өрсөлдөх чадвартай, сайн чанарын нэхмэлийн ширхэгтэйг эрдэмтдийн судалгаа баталсан. Иймд сарлагийн хөөврийн үнэлэмжийг нэмэх судалгаа хийж, эхлээд хөөвөр самнах, ангилах аргыг малчдад зөв таниуллаа. Учир нь дээр үед монголчууд сарлагийн хөөврөө самнаж байгаад зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш больсон. Сарлагийн хяргасан хөөврийн зах зээлийн үнэ тухайн үед 300-500 төгрөг байв. Энэ хөөврийн шинж чанар нь үйлдвэрт уртын хэлбэлзэл өндөр, богиносолт ихтэй тул 15 хувийн гарцтай. Үүний 85 хувь нь хаягдал гэсэн үг. Үйлдвэрлэгч, малчдад ашигтай байлгахын тулд сарлагийн хөөвөр самнах, хэрэглэгчдийн чанарт нийцсэн сарлагийн хөөврийн ангилан ялгалтыг зааснаар хөөвөр өнөөдөр 3500-4500 төгрөгөөр үнэлэгдэх болж, малчдын сарлагаа самнах сонирхлыг нэмсэн. -Сарлагийн хөөвөр ноолуурыг орлох түүхий эд учир тансаг хэрэглээний бүтээгдэхүүн хийх боломж дэлхийн зах зээлд байгаа гэдэг. Манайх энэ зах зээлд хөл тавих боломжтой юу? -Нэгээс хоёр настай сарлагийн хөөвөр нь боловсруулах үйлдвэрийн нэгдүгээр зэргийн нарийн микронтой, уртлаг шинжтэй. Нэгдүгээр зэргийн буюу бага насны сарлагийн хөөвөр самнаж боловсруулахад голч нь 18 микронтой байдаг нь ямааны гуравдугаар зэргийн ангилалтай тэнцдэг. Сарлагийн хөөврийг нас, насаар нь ангилснаар бүтээгдэхүүн хийхэд хялбар болно.
Ноолуурын хувьд дээд, нэг, хоёр, гуравдугаар зэргийн ангилалтай. Өнөөдөр олон хандивлагч орон сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн хийхэд санаачилга гаргаж байгаа нь сайн хэрэг. Тэд ноолуурын ангилалд багтах сарлагийн хөөврөөр цөөн тооны тансаг хэрэглээний бүтээгдэхүүн хийвэл дэлхийн зах зээлд гарах боломжтой гэж байгаа. Гадаадынхан бэлчээр талхалдаг гэдэг утгаар ямааг сонирхдоггүй. Харин байгалийнхаа жамаар бэлчээрийн сэлгэлт хийдэг сарлагийн түүхий эдээр экологид ээлтэй, цэвэр бүтээгдэхүүн хийх боломжтой гээд энэ амьтныг сонирхож байна. -Манай сарлагийн тоо толгой хэд вэ? -Монголд 600 мянга гаруй сарлаг бий. Үүний 30 хувь нь нэгээс хоёр насных. -Тэмээний ноос, ямааны ноолууран бүтээгдэхүүн хүмүүсийн хэрэглээ болсон. Сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүний зах зээл дотоодод ч байгаа байх? -Тэмээний хөөвөр сарлагийнхаас бүдүүн ширхэгтэй, ширүүн. Сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүн өдөр тутмын бус, тансаг хэрэглээнд багтана. Дотоодын зах зээлд сарлагийн хөөврөөр сүлжмэл, нэхмэл бүх төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Технологи нь ноолуурынхтай адил ч гарц бага. -Монгол эсгий, ноос, ноолуур бүгд л ахуйдаа зохицсон давуу талтай. Хөөврийн тухайд хүний биед эерэг сайн талаас нь ярьвал? -Сарлагийн хөөвөр нарийн ширхэгтэй. Мөн уулын тагаар бэлчээрлэдэг амьтан тул гаднаа хасах 35, биендээ нэмэх 35 хэмийн зөрүүг хадгалж чаддаг нь хөөврийн дулаан хадгалах чадвар. Иймд дулаан хадгалах чадвараараа амьтны ямар ч үснээс илүү, бас зөөлөн учир хүмүүс бүтээгдэхүүнийг нь сонирхож байна. -Бүтээгдэхүүний үнэ өртөг хэр өндөр бол? -Ноолуураас хоёр дахин хямд. Нэг цамц гэхэд дунджаар 40-50 мянган төгрөгийн үнэтэй гардаг. Үйлдвэрлэлийн гарц нь ноолуураас бага тул их хэмжээгээр бүтээгдэхүүн хийх боломжгүй. Түүхий эд нь тодорхой хэмжээний хольцтой. -Сайн чанарын хөөвөртэй, ашиг шим өндөр, байгальд сөрөг нөлөөгүй гэдэг утгаар сарлагийн тоо толгойг нэмж болох нь ээ? -Үүнд сарлагийн хөөвөр үнэд хүрэхэд Хятадын ченжүүд хөөврийн чанарыг ямааны ноолуурынх шиг алдагдуулах вий гэсэн болгоомжлол бий. Сарлагийн хөөврийг чанараар нь ялгадаг. Ноолуурыг чанараар нь үнэлэхээ больж, тооны хойноос хөөцөлдсөнөөр энэ зах зээл эмх замбараагүй болсон. Сайн чанарын ноолуурын өртөг өндөр байх ёстой. Ийм болгохгүйн тулд анхнаас нь ангилаад явж байна. Ноолуур, хөөврийн чанарын ялгаанаас шалтгаалаад бүтээгдэхүүн өөр өөр чанар, зэрэглэлтэй гардаг. -Сарлагийн хөөврөөр эцсийн бүтээгдэхүүн хийж байгаа ямар жишээ байна вэ?
-Бид Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй төслийн хүрээнд малчдад хөөвөр самнаж, ангилах арга зааж, 2008 онд Архангай аймгийн Их Тамир сумд сарлагийн хөөврийн жижиг үйлдвэр байгуулсан. Хамгийн эхний ангилан ялгах, мөн эцсийн дамжлага болох сүлжмэл бүтээгдэхүүн хийдэг. Хөдөө орон нутагт жижиг, дунд үйлдвэр байгуулж, хүмүүсийг ажилтай болгож байна. Малчид сарлагийн хөөврийн талаар ярихад ойшоодоггүй ч бэлэн бүтээгдэхүн харуулахад хандлага нь өөрчлөгддөг. “Арвижин Сайжрах” ТББ-ын харьяа сарлагийн хөөврийн энэ жижиг үйлдвэрт одоогоор сүлжих цехийн 14 ажилчин ажилладаг. Ангилан ялгах цех нь улирлын чанартай. Хөөврөө ангилж ялгаад, Улаанбаатарын үйлдвэрт утас болгож ээрүүлсний дараа хөдөөдөө бүтээгдэхүүн хийдэг. Хөдөө орон нутагт цех ажиллуулахад сарлаг болон тэмээний ноосон бүтээгдэхүүнийг харьцуулах боломжтой болж байгаа. Тэмээний ноосон бүтээгдэхүүн гэхэд эх орны үйлдвэрийнх цөөн, ихэнх нь Хятадаас орж ирдэг шүү дээ. -Өөр газар ийм төрлийн жижиг үйлдвэр байгуулах боломж бий юу? -Манай нийгэмлэг бусад төсөл, хөтөлбөрийн хүрээнд сарлаг ихтэй Архангай, Хөвсгөл, Завхан, Ховд, Өвөрхангай, Баянхонгор аймгийн 800 гаруй малчинд хөөвөр самнах, ялгах аргаа заасан. Их Тамир сум дахь жижиг үйлдвэрийг төслийн хүрээнд ирэх жил хүртэл ажиллуулахдаа өөрийгөө санхүүжүүлж авч явах хэмжээнд хүргэнэ. Бусад орон нутагт үйлдвэр байгуулах туршилт судалгаа хийж байгаа. -Сарлагийн арьс шир дэлхийд нэлээд үнэд хүрч, сүү нь өтгөн, тослогоороо ч гайхагддаг. Үүнийг шинжлэх ухааны үндэслэлээр юу гэж тодорхойлсон байдаг бол? -Сарлаг сонин амьтан. Өндөр ууланд агаар сийрэг нөхцөлд бэлчээрлэхэд байгальд дасан зохицож, уушгины багтаамж нь бусдаас бага юм. Сарлагийн арьсыг гадаадад маш өндрөөр үнэлдэг. Арьсны бүтэц нь бусад амьтнаас зөв болохыг эрдэмтэд тодорхойлсон. Сүү нь тослогоороо хэд дахин их, уургийн агууламж өндөр ч хлостерингүйгээрээ хүний биед хамгийн тэжээллэг, хоргүй, экологийн бүтээгдэхүүн болно. Сарлагийн сүүг хүнээр дүйцүүлж ярьвал, “бүх юм нь цогц бүрдсэн 10 хуруу тэгш” гэж хэлдэг. Монголд сарлагийн сүүгээр европ бяслаг хийхээр туршиж, гэрийн нөхцөлд бяслаг хийлгэхээр Архангай аймгийн Их Тамир сумын хоёр малчинг Словакт сургасан. Сарлагийн сүүгээр хийсэн бяслагийг европ хүмүүс амтлаад маш сайхан гэж үнэлсэн. Сарлагийн бяслаг өвөрмөц амттай, өег, тослогтой. Өнгөрсөн жил 100-гаад кг бяслагийг Улаанбаатарт борлуулсан. Сарлагийн мах сайн чанартай, хлостерин, гадар өөх бага, хар мах голдуу байдаг. Хоёроос гурван насны сарлагийн мах тэжээллэг шинж чанараараа давуу. Ялангуяа зүрхний өвчтэй хүнд сайн гэдэг. -Сарлагийн савагаар малчид гэрийн бүслүүрээр томохоос эхлээд ашигладаг. Үүнд бас бат бөх чанар байдаг байх? -Хятадын нэг эрдэмтэн сарлагийн бүх үсэнд бүтцийн судалгаа хийсэн. Сарлагт үндсэндээ гурван төрлийн буюу ноолуур, хялгас /сор үс/, завсрын үс гэсэн үсэн бүрхүүлтэй. Бүдүүн ширхэгтэй учир хялгас гэж тодорхойлсон ч сарлагийн хувьд сор үс гэдэг. Учир нь сарлагийн сор үс ямааныхаас зөөлөн бас цайварлаг давхаргатай. Энэ нь үсийг зөөлөн болгодог тул сор үсээр бүтээгдэхүүн хийхэд хатгахгүй, сунамхай чанартай, эдэлгээ удаан.
Хятадууд Төвдийн өндөрлөгийн сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах, үнэлэмжийг нь нэмэхэд ихээхэн чармайлт гарган ажилладаг. -”Монгол сарлаг нийгэмлэг“ сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах ямар боломж байна вэ? -Хөөврийн чиглэлээр 3-4 жил ажиллалаа. Цаашид хөөврөөр гадаад зах зээлд цөөн тооны, тансаг бэлэн бүтээгдэхүүн хийж гаргахыг зорьж байна. Үнэтэй бүтээгдэхүүн болгож чадвал малчдын орлого нэмэгдэнэ. Бидэнд байгаа тодорхой сувгаа ашиглан, гадаад сурталчилгаа хийхээс өөр аргагүй. Дөрвөн жил дараалан гаргаж буй сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалгааг үндэсний хэмжээний болгох зорилготой. Ингэж гэмээ нь гадаад, дотоодын үйлдвэрлэгчдийн сонирхлыг энэ зүгт хандуулж, улмаар сарлаг ихтэй сум, аймагт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломж бүрдэнэ гэж үздэг