ҮХЛИЙН ТОГЛООМ
АЛБА I
Намайг сэрэхэд орны хажуу тал хоосон байв. Би Примын биеийг хайн тэмтэрсэн ч оронд нь бүдүүлэг хийцтэй гудас баригдлаа. Тэр магадгүй хар дарсан зүүд зүүдэлсэн учир ээж рүү явсан байх. Өнөөдөр ургацын өдөр болохоор үүнд гайхах хэрэггүй юм.
Би тохой дээрээ өнгийн унтлагын өрөөний бүдэг гэрэлд Прим ээжтэй хацраа нийлүүлэн тэврээд унтаж байхыг харлаа. Ээж унтаж байх үедээ зовж зүдэрсэн биш залуухан харагдана. Примын царай түүнд нэрийг нь өгсөн шүүдрийн шинэхэн дусал бүхий яргуй цэцэг шиг ягаарна. Ээж ч бас залуудаа царайлаг байсан гэж ярьцгаадаг юм.
Примын хөлд үнэнч хамгаалагч нь болох ертөнцийн хамгийн зэвүүн муур хэвтжээ. Тэр чихчихсэн юм шиг хамар, чихний тал нь байхгүй бөгөөд нүд нь муудсан хулууны өнгөтэй. Прим түүнийг Холтсон цэцэг гэж нэрлэх агаад бохир хүрэн өнгийн арьс нь тод өнгийн цэцэгтэй адилхан гэдэгт итгэлтэй байдаг юм. Муур намайг үзэн ядаж итгэдэггүй байлаа. Хэдэн жилийн өмнө хувинд живүүлэх гэж оролдоход дүү минь гарган гэрт оруулсныг мартаагүй байгаа бололтой. Хатангир туранхай нохой бөөсний үүр болсон амьтан. Ийм хоолны сав надад дутаад байж гэнэ. Гэвч Прим түүнийг үлдээхийг уйлан гуйсан юм. Магадгүй энэ нь ч дээр байж болох юм. Ээж түүнийг шимэгчээс нь салгаж тэрбээр хулгана барих болсон билээ. Заримдаа харх ч барих удаа бий. Үе үе би олзныхоо гэдэс дотрыг түүнд хаяж өгдөг байлаа. Харин үр дүнд нь тэр намайг хараад хүржигнэхээ больсон. Ингээд л болоо. Гэдэс дотор ямар ч хүржигнэлт байхгүй. Үүгээр бидний харьцаа хязгаарлагдаж байгаа нь тэр.
Би орноос хөлөө буулган ангийн зөөлөн арьсан гуталдаа шургуулав. Өмд цамцаа өмсөөд урт хар гэзгээ малгайдаа чихэж үүргэвчээ авав. Ширээн дээр харх юмуу өлсгөлөн муур хүргэхгүйн тулд хөмрүүлсэн тавьсан модон тавган дор Примээс ургацын өдрийг тохиолдуулан надад өгч байгаа бэлэг болох базилийн навчинд ороолттой зүсэм ямааны бяслаг хэвтэж байлаа. Би түүнийг аятайхан халааслаад гудамжинд гарлаа. Бид арван хоёрдугаар бүсийн Атираа гэж нэрлэгдэх хэсэгт суудаг бөгөөд энд өглөө эрт ердийнхөөрөө ээлжээ солилцохоор явж байгаа уурхайчид болох бөгтөр нуруу хавдсан өвдөгтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүс дүүрэн холхилдож тэдний ихэнх нь хөнхөр нүүрнийхээ үрчлээнд тогтсон нүүрсний тоосыг эмтэрсэн хумсаараа маажлан арилгах гэж оролдохоо ч больжээ. Гэсэн ч өнөөдөр пад хар үнс нурамтай гудамж хоосон, намхан байшингуудын саарал цонхны хаалт хаалттай байв. Ургац хоёр цагаас эхлнэнэ. Тэр хүртэл зүүрмэглэж амжих байх.
Манай гэр Атирааны хамгийн захад байх бөгөөд ердөө хэдхэн хаалга өнгөрөөд нуга гэж нэрлэдэг бохир талбай үргэлжилнэ. Арван хоёрдугаар бүсийг нугаас тусгаарлан өндөр торон хашаагаар хүрээлж оройгоор нь өргөст тор татсан байв. Онол ёсоор бол тогтой хашаа бүсийг хорин дөрвөн цагийн турш ойн махчин амьтад болох зэрлэг нохойн сүрэг, ирвэс, баавгайнаас хамгаалах ёстой. Тэд урьд нь гудамжинд ороод ирдэг байсан юм. Гэхдээ аз болоход цахилгааныг үдээс хойшийн хоёр гурван цагаас залгадаг болохоор одоо аюулгүй байв. Гэсэн ч би үргэлж
болгоомжтой зогсож чимээ анирдана. Одоохондоо нам гүм байлаа. Би өтгөн бутанд хучигдсан газар элэглэн хэвтээд хоёр жилийн өмнө урагдсан торон доогуур шурган гарлаа. Хашаанд өөр цоорхойнууд байх хэдий ч би гэртэйгээ ойрхон энэ газраар үргэлж мод руу ордог байв.
Ойд орсон хойноо хөгшин хожуулын хөндийд хийсэн нум болон саадагтай сумаа авлаа. Тоггүй байсан ч хашаа махчин араатангуудыг айлгах тул тэд бүсэд халдахгүй. Харин ойд дураараа тэнүүлчилнэ. Иймээс чихээ сонор байлгах хэрэгтэй. Өөр бас хорт могой бий. Гэсэн ч яаж хийхээ мэдэх юм бол хоолтой болж болно. Эцэг минь ингэдэг байсан юм. Тэр уурхайн осолд өртөж нас барахаасаа өмнө надад жаал юм сургаж билээ. Түүнээс оршуулах зүйл юу ч үлдээгүй. Би тэгэхэд арван нэгтэй байсан юм. Үүнээс таван жил өнгөрсөн ч би зүүдэндээ <<Гүй!>> гэж хашгирсан хэвээр байлаа.
Ер нь бол ойд хууль бусаар нэвтэрч ан хийх нь хориотой бөгөөд хатуу шийтгэл оноодог хэдий ч энэ нь зэвсэгтэй хүмүүсийг зогсоодоггүй байв. Аавын минь урласан нум сум тэдний нэг бөгөөд би ойд ус нэвтэрдэггүй алчуураар нямбайлан хучиж нуудаг байлаа. Миний эцэг тэднийг зарж муугүй мөнгө олж байсан нь албан ёсоор бол олон нийтийг бослогонд турхирч байгаа хэрэг байв.
Гэсэн ч журам сахиулагчид ангуучдыг нүдээ анин өнгөрүүлнэ. Бас л шинэ мах идэхийг хүсч байгаа хэрэг. Үнэндээ тэд манай гол худалдан авагчид байлаа. Гэхдээ Атираанд бол зэвсэгтэй явахыг хэнд ч зөвшөөрөхгүй. Намар болохоор зарим зоригтой хүмүүс модонд гарч алим түүхээр явна. Гэсэн ч нугад хол явахгүй бөгөөд аюул тохиолдвол арван хоёрдугаар бүсдээ түргэн ирэх боломжтой. <<Арван хоёрдугаар бүс. Та энд өлсөж үхэж болох ч аюулгүй амьдрах боломжтой>> гэж би бувтнаад эргэж харлаа. Энд хүртэл чамайг хэн нэгэн сонсохоос айх хэрэгтэй.
Би жаахан байхдаа арван хоёрдугаар бүс болон түүнийг алсаас удирддаг Панемийн Капитолийн тухай юу боддогоо хэлж ээжийгээ үхтэл нь айлгаж билээ. Тэр үеэс эхлэн ингэх нь гай зовлонд өртөхийн үндэс гэдгийг ойлгож ирээдүйд хэлээ хазан юу бодож байгаа нь ойлгогдохын аргагүй хайхрамжгүй баг зүүж сурахад тусалсан юм. Сургууль дээр ч энэ талаар ярьж болохгүй. Харин хар зах дээр заримдаа хэн нэгэнтэй эелдэгээр ярилцаж болох бөгөөд би ихэнхи мөнгөө тэндээс олдог байв. Гэртээ хүртэл хүндхэн сэдвийн талаар ярилцахгүйг хичээнэ. Жишээлбэл ургац, хомс хоол хүнс, Үхлийн тэмцээний тухай гэх мэт. Гэнэтхэн Прим миний үгийг давтаад эхэлвэл юу болох вэ? Ойд миний цорын ганц өөрийнхөөрөө байж чаддаг хүн хүлээж байлаа. Би хөндийгөөс хадархаг тавцангаар тусгаарлагдсан бусдын нүднээс далд газар болох өтгөн жимсний бутаар хүрээлэгдсэн багахан толгод руу алхаагаа хурдасгав. Гейл холоос над руу догдлонгуй инээмсэглэж байв. Тэр зөвхөн ойд л инээдэг гэж хэлдэг байлаа.
- Сайн уу Кэтнип гэж тэр хашгирав. Үнэн хэрэгтээ миний нэр Кэтнисс авч анх уулзах үеэр сонсдох төдий шивнэснийг минь тэр <<Кэтнипп>> гэж ойлгосон хэрэг. Тэгэхэд олзыг минь булаахаар зэрлэг шилүүс мөшгиж өөр юм хэлэхтэй манатай байсан тул энэ нь миний жинхэнэ нэр болсон юм. Би эцэст нь аймшигтай тоглоомынхоо төгсгөлд шилүүсийг алсан ч муугүй хөгжилдсөн тул бараг харамсахад хүрэв. Гэсэн ч арьсыг нь чамлахааргүй үнэд хүргэсэн билээ. - Миний юу авласныг хараач.
Гейлийн гар дахь сум цухуйсан бүтэн талхыг би хараад инээд алдав. Тессерад өгдөг байсан бүдүүн ширхэгтэй биш жинхэнэ талх баригчийн хийсэн талх байлаа. Би талхнаас сумыг сугалж аваад амтархан үнэрлэхэд ам дүүрэн шүлс хуралдлаа. Ийм талх зөвхөн онцгой баяр ёслолын үеэр л олддог байв.
- М-м... бүлээхэн байна гэж би шагшлаа. Гейл мэдээж түүнийг талхчингаас худалдаж авсан байж таарна.
- Хэдийг өгсөн бэ? - Ердөө ганц хэрэм. Хөгшин өнөөдөр сайхан зантай байсан. Бүр амжилт хүссэн шүү.
- Өнөөдөр бид бие биенээ сайн мэдсэн бололтой. Прим надад бяслаг өгсөн гээд би халааснаасаа боодолтой цаас гаргалаа. Гейл ихэд баярлав.
- Түүнд баярлалаа. Бид ч жинхэнэ найрлах нь дээ гээд тэр гэнэтхэн Капитолын Эффи Тринкет жил бүр ургацын ээлжит оролцогчдын нэрийг зарладаг шиг сэргэлэн дуугаар,
- Арай л мартсангүй! Үхлийн тоглоомын мэнд хүргэе! Бас магадгүй таньд... гээд Гейл ойролцоох бутнаас хэдэн бөөрөлзгөнө зулгаан миний зүг шидэхэд барьж аваад шүүслэг жимсийг хазав.
- …хэзээ нэгэн цагт аз тохиолдож болох юм!! гэж би урам зоригтойгоор төгсгөв. Бид өөр бусад нь үхтлээ айх зүйлээр тоглоом хийж байлаа. Капитолыг дуурайн ярих нь хөгжилтэй байсан юм.
Би Гейлийн хутгаар талх хэрчихийг харж суув. Гейл миний ах байхаар их төстэй. Шулуун хар үс, хүрэн бор арьс нүд нь хүртэл надтай адил саарал байлаа. Гэсэн ч бид хамаатан биш бөгөөд ойр дотны холбоо байсангүй. Уурхайчдын ихэнхи гэр бүл бие биетэйгээ төстэй тул яагаад ч юм миний ээж Прим хоёр цэнхэр нүд, цайвар үстэйгээ энд үргэлж гадны харагддаг байлаа.
Үнэхээр гадны хүн байсан юм. Ээжийн эцэг эх албан хаагчдад зориулсан аптек эрхэлдэг байсан болохоор Атираагаас хоёр гурван үйлчлүүлэгч олдож арван хоёрдугаар бүсийн хамаагүй аятайхан хэсэгт амьдардаг байв. Эцэг минь заримдаа ойгоос эмийн өвс ургамал цуглуулж эмийн санд зардаг байв. Тэнд ээжтэй танилцжээ. Ээж түүнд их хайртай байсан болохоор Атираад нүүж ирэхийг зөвшөөрсөн. Би тэднийг санахыг хичээсэн ч нүдний өмнө хүүхдүүдээ яс арьс болон хувирахыг харан сууж буй гөлийсөн царайтай цонхигор эмэгтэй гарч ирэв. Би түүнийг эцгийнхээ өмнөөс уучлахыг оролдсон юм. Үнэнийг хэлэхэд би тийм ч амар уучилдаг хүн биш билээ.
Гейл зүсэм талх зөөлхөн бяслаг базилийн навчинд нямбайлан ороох зуур би бутны жимс түүж байлаа. Дараа нь бид хадны дундах нууцхан газартаа суухад амьдрал буцалсан хөндий хөндий алган дээр тавьсан юм шиг үзэгдэн, нуур, загас нарны гэрэлд солонгорон гялалзав. Зөөлөн сэвшээ салхитай цэлмэг сайхан өдөр байлаа. Хоол ч бас амттай сайхан байж зөөлөн бяслаг нэвчсэн бүлээхэн талх, шүүслэг жимс аманд бутарч байв. Бүх зүйл гайхамшигтай сайхан байснаас ганц л муу зүйл байсан нь Гейл бид хоёр оройн хоолоо олохын тулд уулаар түргэхэн хэсүүчилэх хэрэгтэй байв. Хоёр цагаас талбай дээр нэр дуудах үед тэнд байх ёстой. - Бид чадах болов уу юу гэж бодож байна? гэж Гейл аяархан асуулаа.
- Юу? - Бүсээс явах тухай. Зугтаж ойд амьдаръя. Бид хоёр чадна гэж бодож байна.
Надад энэ бодол утгагүй санагдсан тул юу хариулахаа мэдсэнгүй.
- Хэрвээ бидэнд хүүхдүүд байгаагүй бол гэж Гейл яаран нэмэрлэв. Мэдээж бидний хүүхдүүд биш л дээ. Гэсэн ч манай хүүхдүүд байсан юм. Гейлд эрэгтэй эмэгтэй хоёр дүү бий. Надад Прим болон ээж минь бий. Тэд бидэнгүй яаж амьдрах хэрэг вэ? Хэн тэднийг тэжээх юм? Одоог хүртэл Гейл бид хоёр өдөр болгон шөнө хүртэл ангуучилан олсон олзоо өөхнөөс шахаж авсан тос, гутлын үдээс, ноосоор солин өлсгөлөн хоржигносон гэдэстэй унтаж байлаа. - Би хэзээ ч хүүхэдтэй болохгүй.
- Би лав болно. Гэхдээ энд амьдрахгүй бол гэж Гейл хэлэв.
- Тэгвэл тэгээч дээ гэж би даажигнахад Гейл, - Энэ тухай мартацгаая гэж ундууцав.
Яриа маань тэнэг болов. Явах гэнээ? Би яаж ертөнц дээрх цорын ганц хайртай хүн болох Примийг хаяад явж чадах юм бэ? Гейлд бас гэр бүл нь эрхэм. Бид эндээс хэзээ ч явж чадахгүй байж энэ тухай ярилцах хэрэг байна уу? Хэрвээ явах юм бол... хэрвээ явах юм бол... Би өөрсдийн хүүхэдтэй болох хэрэг үү? Гейл бид хоёрын харьцаа тийм романтик байсангүй. Би түүнтэй арван хоёр настай туранхай жижигхэн охин байхдаа танилцахад надаас хоёр ах эр хүн шиг харагдаж байлаа. Тэгсэн ч бид удтал маргалдаж шууд найзлаагүй юм.
Хэрвээ Гейл хүүхэд хүсч байгаа бол эхнэр олдох нь туйлын амархан хэрэг. Царайлаг уурхайд ажиллаж болмоор хүчирхэг биетэй тэрбээр гайхамшигтай сайн ангууч байсан юм. Сургуулиар явах үед нь бүх охид араас нь шивнэлддэг байлаа. Энэ нь хүмүүс надад атаархах шалтгаан болсон гэж боддог юм. Ангуучилахад үүнээс сайн хамтрагчыг олоход бэрх. - Юу хийх вэ? гэж би асуулаа. Бид ангуучлах юмуу загас барьж эсвэл жимс түүж болох юм.
- Нууранд дэгээгээ тавиад дараа нь ойр руу явцгаая. Үдэш идэх ямар нэг амттай юм олъё.
Үдэш... Ургацын дараа... албан ёсны баяр эхлэнэ. Олон хүмүүс хүүхдүүд нь ахин нэг жил амь хэлтэрснийг чин сэтгэлээсээ тэмдэглэн өнгөрүүлдэг байв. Гэвч тэднээс хоёр гэр бүлийн хаалга цонх хаалттай байж оршин суугчид нь ирж буй аймшигтай долоо хоногуудад хэрхэн амь зуух тухайгаа санааширна.
Бүх зүйл ингэж явагдана. Одоо тэдэнд хангалттай олз байгаа болохоор махчин араатангуудаас айх хэрэггүй. Өглөө бас ч гэж дуусчаагүй байхад бид хоёр арваад загас барьж, бүтэн цүнх дүүрэн идэшний ногоо хамгийн аятайхан нь гэвэл хагас хувин гүзээлзгэнэ түүлээ. Би энэ гүзээлзгэнэтэй газрыг хэдэн жилийн өмнө олсон бөгөөд Гейл түүнийг зэрлэг амьтнаас хамгаалан төмөр тор татсан юм.
Бид харих замдаа байгаа тогооны тухай болон хар зах хаягдсан нүүрсний агуулахын талаар ярилцав. Нүүрсийг уурхайгаас шууд галт тэргээр тээвэрлэх нь үр ашигтай арга олох хүртэл зах дээр худалдаалж байв. Өнөөдөр ургацын өдөр тул ихэнх дэлгүүр мухлаг хаалттай байсан ч зээл дээр хүн дүүрэн бужигнаж бид зургаан загасаа хялбархан сайн талх болон хоёр савтай давсаар солив. Том тогоотой халуун шөл худалдаалж байсан Тослог Сэй гэдэг хэрзгэр туранхай эмэгтэй биднээс идэшний ногооны хагасыг хоёр хугас лааны тосны хэлтэрхийгээр арилжин авлаа. Хэн нэгнээс зөвхөн Тослог Сэйтэй сайн харьцаа тогтоож болдог юм. Тэр л ганцаараа зэрлэг нохой худалдаж авдаг. Бид тэднийг агнадаггүй ч хэрвээ довтлоход хүрвэл хоёр гурвыг алах бөгөөд мах л бол мах шүү дээ. <<Үхрийн махтай шөл худалдаалж байна>> гэж Сэй нүд ирмэв. Атирааны хэн ч нохойн гуяыг тоодогүй ч хааяа үзэгддэг журам сахиулагчид авахаар ирдэг.
Бид зээл дээр хийх худалдаагаа дуусгаад гүзээлзгэнийхээ хагасыг хотын даргад худалдахаар гэр лүү нь явлаа. Тэр үүнд маш дуртай. Хаалгыг нь Маж гэдэг надтай нэг ангид сурдаг охин нь нээлээ. Хотын даргын охид дээгүүр зантай байдаг атал тэр хэвийн нэгэн билээ. Бас яг л над шиг онцгой. Надад ч түүнд ч хэзээ ч жинхэнэ найзууд байгаагүй учир бид үргэлж зэрэгцэж таардаг байв. Гуназанд ч тэр, цугларалт, спорт тоглоомд хамтрагч хэрэг болох үед гэх мэт. Бид хоорондоо ховорхон ярьдаг бөгөөд энэ ч хоёуланд маань сайн байв.
Өнөөдөр тэрбээр ургацын өдрийг тохиолдуулан сургуулийн саарал дүрэмт хувцсаа тайлж үнэтэй цагаан даашинз өмсөн цайвар үсэндээ ягаан тууз зүүжээ. - Сайхан даашинз байна гэж Гейл хэлэв.
Маж түүнийг үнэнээсээ магтсан юмуу эсвэл даажигнасан эсэхийг ойлгохыг хичээн харлаа. Даашинз үнэхээр сайхан байсан бөгөөд Маж түүнийг хэзээ ч ердийн өдөр өмсөж байсангүй. Тэр уруулаа жимийснээ инээмсэглэлээ. - Хэрвээ би Капитол руу очвол сайхан харагдах ёстой биз дээ?
Харин одоо Гейлд түүний үнэнээсээ хэлсэн болон тоглосон эсэхийг тааварлах хэрэг гарав. Би ч хоёр дахь нь гэж бодож байна.
- Чи Капитол руу явахгүй гэж Гейл хүйтнээр хэлээд харц нь Мажын даашинзны энгэртээ хатган чимэглэсэн жижигхэн дугуй зүү дээр тусав. Уран гоёмсог хийцтэй жинхэнэ алт байлаа. Бүхэл бүтэн гэр бүлд сарын турш талх худалдаж авч хүрэлцэхээр.
- Чамайг хэдэн удаа бичсэн бэ? Тав уу? Намайг арван хоёр настай байхад зургаан удаа бичсэн.
- Тэр үүнд буруугүй гэж би хэлэв. - Огтхон ч буруугүй.Тиймээ, тэгэлгүй яахав. Мажын царай барайснаа жимсний мөнгийг гарт атгуулав.
- Амжилт хүсье, Китнисс. - Чамд ч гэсэн.
Хаалга хаагдав. Биднийг гадаа гарахад гудамж чимээгүй байлаа. Надад Гейлийн Мажыг төнхсөн явдал таалагдаагүй ч түүний зөв байв. Ургацын систем шударга бус долоон дор байсан юм. Дүрмээр ёсоор бол ургацын өдөр арван хоёр хүрсэн бүх хүн оролцож болно. Тэр үед нэр чинь анх удаагаа ороод, арван гуравтай байхад чинь хоёр дахь удаагаа гэх мэтчилэн тэгээд цаашаа арван найм хүрэхэд чиний нэрийг бичсэн долоон карт бий болно. Энэ нь Панемын нутагт байгаа бүх арван хоёр бүсэд хамаатай. Үүнээс л сонирхолтой зүйл эхлэнэ. Хэрвээ чи хөөрхийлөлтэй ядуу бол өлсөж үхнэ. Тэгэхэд чи нэрээ ахин бичүүлээд оронд нь тессера авч болно. Үүнд бүтэн жилийн турш нэг хүнд бүдүүн хийцийн талх, тос өгнө. Цатгалан хэдий ч сайн зүйл үгүй. Түүнчлэн бас гэр бүлийн гишүүдийн тоогоор авсан ч болно. Намайг арван хоёр нас хүрэхэд нэрийг минь дөрвөн удаа бичсэн. Нэг удаа хууль ёсоор болон ээж, Прим болон өөрийнхөө хамт гурван удаа. Дараагийн жил нь энэ маягаар давтагдсаар арван зургаа хүрэх үед миний нэр бичсэн хорин карт бий болжээ. Гейл арван найман настай ч наймтайгаасаа эхлэн гэр бүлийнхээ таван хүнийг тэжээж ирсэн тул түүний нэрийг дөчин хоёр удаа бичсэн.
Иймээс Маж мэтийн хэзээ ч тессерагийн төлөө эрсдэлд орохгүй хүмүүс Гейлийн уурыг хүргэж байв. Гэсэн ч түүний нэрийг Атирааны бусад оршин суугчидтай харьцуулахад тоглоомд сонгох боломж байхгүй. Бараг л байхгүй гэж болно. Мэдээж Капитолийн дүрэм ёсоор бүсийн бус хүн мэдээж Мажын гэр бүл биш л дээ зүсэм талхны төлөө өөрийнхөө арьсыг худалддаг байв.
Гейл өөрөө ч Мажад уурласан учраа ойлгож байв. Урьд нь биднийг ойд явах үед түүний тессара манай бүсийн гай болж байгаа тухай хэрхэн зэвүүцэн ярихыг нь сонсдог байв. Ийм аргаар Атирааны өлсөж байгаа ажилчдын дунд үзэн ядалт бий болгох бөгөөд нэг нэгнээ түшин тулахын оронд хоорондоо итгэхгүй болно. <<Капитолын давуу тал бол биднийг зааглан хувааж байгаа явдал>> гэж тэр нэг бус удаа хэлдэг байлаа. Гэхдээ ургацын өдөр биш л дээ. Ер нь бол алтан зүүтэй тессера авч үзээгүй охиныг гомдоохоргүй л сэдэв.
Би замдаа Гейл рүү хяламхийн харахад чулуужсан царайд нь уур хилэн хуралдсан байв. Миний хувьд энэ бүх уур хилэн нь ухаангүй санагдсан ч энэ тухай хэлсэнгүй. Учир явдал би түүнийг зөвшөөрөх эсэхэд байсангүй. Гэхдээ ойн дунд Капитолийн тухай хашгирлаа гээд сайн юм юу байгаа юм бэ? Юу ч өөрчлөгдөхгүй. Шударга явдал болохгүй. Гэдсийг минь дүүргэхгүй. Эсрэгээрээ олзуудыг минь айлгах болно. Гэсэн ч би үүнийг эсэргүүцээгүй билээ. Бүсэд байснаас ойд ингэсэн нь дээр биз.
Гейл бид хоёр олзныхоо үлдсэн хэсэг болох хоёр загас, хоёр талх, идэшний ногоо, хэдэн аяга гүзээлзгэнэ, давс, лааны тос, үлдсэн жаахан мөнгөө хувааж авлаа.
- Талбай дээр уулзая гэж би хэлэв. - Ямар нэг аятайхан юм өмсөөрэй гэж Гейл баргар хэллээ.
Гэрт ээж дүү хоёр хэдийн иржээ. Ээж эмийн сангийн үеэс үлдэж хоцорсон сайхан даашинзаа өмсчээ. Харин Прим миний анх удаагаа ургацын өдөр өмсч очсон хувцас болох цамц, хуниастай банзлыг өмссөн байв. Гэрт модон савтай халуун ус намайг хүлээж байлаа. Би модон дунд болсон шавар шороо болон хөлснөөсөө салж үсээ угаалаа. Ээж надад өөрийнхөө хайртай даашинзнуудын нэг болох цэнхэр нимгэн даашинзыг бэлтгэсэн явдал
миний гайхлыг ихэд төрүүлэв.
- Та надад үүнийг өмсгөнө гэдэгт итгэлтэй байна уу? хэмээн би гайхлаа.
Гэхдээ дотор уур хүрэхийн зэрэгцээ түүний юуг ч өмсөхийг хүссэнгүй. Гэсэн ч үүнээс татгалзах хэрэгтэй боллоо. Энэ нь онцгой тохиолдол байв. Тэр өнгөрсөн амьдралыг нь санагдуулах хувцаснууддаа тун хайртай. - Тэгэлгүй яахав. Чиний үсийг чинь самнаад өгье.
Ээж миний үсийг хуурай болтол алчуураар арчаад хичээнгүй самнаж өгөв. Би ханан дахь хагархай толинд харах үедээ өөрийгөө арай ядан танилаа. - Чи сайхан харагдаж байна! гэж Прим аяархан дуу алдав.
- Өөртэйгээ төсгүй болж гээд би түүнийг тэвэрлээ.
Учир нь түүнд дараагийн хэдэн цагийн турш аймшигтай байх болно. Тэр ургацад анх удаагаа оролцож байгаа болохоор аюулгүй байв. Тэгээд ч би түүнийг ямар ч тессера авхуулахгүй. Харин тэр надад санаа зовж байлаа. Би үргэлж Примыг хамгаалж ирсэн ч ургацын эсрэг хүчгүйдэж байсан тул шаналал царайд илрэн гарахаас айлаа. Түүний цамц банзлынхаа гадуур гарчээ. Би аль болох тайван байхыг хичээн,
- Жижигхэн нугас минь, сүүлээ далд хийгээрэй гээд цамцыг нь заслаа. - Кря-кря гэж Прим хөхрөв.
- Өөртөө л гуагла гээд би инээвхийлэн зулай дээр нь үнэсэж,
- Явж хооллоцгооё гэв. Загас ногоо хэдийн оройн хоолонд зориулагдан зууханд жигнэгдэнэ. Бид гүзээлзгэнэ жинхэнэ талхаа энэ онцгой үдэшт зориулан хэмнэн үлдээхээр шийдсэн болохоор оронд нь Примын Хатагтай гэж дууддаг ямааны сүү ууж тессераны ширүүн талх идсэн ч хоол идэх дур хэнд ч байсангүй.
Нэг цагаас бид талбай руу явлаа. Хэн нэгний үхлийн хаалга нээгдэх бүр оролцох ёстой. Үдэш нь албан хаагчид шалгахаар ирээд яваагүй хүмүүсийг шоронд хийх болно. Муу нь гэвэл ургац арван хоёрдугаар бүсийн цорын ганц таатай газар болох талбай дээр явагдана. Талбайн эргэн тойрон дэлгүүр хүрээлж цаг агаар сайхан үед энд сэтгэл сэргэм санагдана. Өнөөдөр талбай дээр тод өнгийн тугнууд өлгөсөн хэдий ч дүнсгэр харагдаж байлаа. Дээвэр дээр сар шувуу шиг ёрдойх телевизийн дуран ч сэтгэл санаа дээрдүүлсэнгүй. Хүмүүс чимээгүйхэн гарын үсэг зурцгаав. Капитол ийм маягаар тоогоо авдаг байв. Арван хоёроос арван найм насны залуусыг талбай дээр олсоор зааглан хувааж томчууд нь урдаа зогсох бөгөөд Прим мэтийн бага хүүхдүүд
ард нь зогсоцгооно. Гэр бүлийнхэн нь гараасаа чанга барин зогсчээ. Өөр бас юунд ч санаа зовох хэрэггүй худалдаачид өнөөдөр хэний нэр гарахыг үзэхээр ирцгээнэ... Тэдний ихэнхи нь мэдээлэгчид байв. Жишээлбэл би өдөр бүр ан хийснээрээ тэдний намайг хамгаалсны дуршилыг төлж байгаа. Гэхдээ бүгд ингэж боддоггүй байлаа.
Ямар ч гэсэн Гейл бид хоёр өлсөж үхсэнээс тархиндаа сум зоолгох нь түргэн гэж шийдсэн юм.
Хүмүүс ихсэн зай улам давчуу боллоо. Талбай том хэдий ч арван хоёрдугаар бүсийн бүх хүнийг багтаахад хүрэлцээгүй байв. Хоцорч ирсэн хүмүүс зэргэлдээ гудамж руу ороод үйл явдлыг зурагтаар үзнэ. Бүх орон даяар цацагддаг байсан юм.
Би Атирааны арван зургаа хүрэгсдийн дунд байлаа. Бид хоорондоо товчхон толгой дохиод хууль зүйн байшин руу анхаарлаа төвлөрүүлэв. Үйл явдалд зориулан гурван сандал, нэг индэр, хөвгүүд охидууд зориулсан хоёр том шилэн бөмбөлөг тавьжээ. Би охидын бөмбөлөгт байгаа цаас руу ширтлээ. Арван хоёр хүрэхэд минь түүнд Китнисс Эвердин гэж нямбайлан бичиж хийсэн юм. Гурван сандлын хоёрыг Мажын аав хотын дарга болох өндөр халзан толгойтой Андерс, Капитолоос манай бүсийг харгалзахаар ирсэн ногоон хүрэмтэй Эффи Тиринкет эзлээд ягаан үстэй, царайдаа таагүйхэн инээмсэглэл тодруулж байв. Тэд хоорондоо хөөрөлдөх зуураа хоосон суудал руу сэтгэл зовсон байртай харцгаана.
Хотын цаг хоёрыг зарламагц хотын дарга босч индэр рүү гаран уншлаа. Үргэлж ингэдэг байсан юм. Тэрбээр хэзээ нэг цагт өмнөд Америк гэж нэрлэдэг байсан үнсэн дундаас боссон Панемын түүх болон аваар осол, ган гачиг, шуурга, гал түймэр, тэнгис эргээсээ ахлин газар дэлхийг залгиж хэрцгий дайны үлдэгдэл болох багахан хүнс үлдсэн тухай ярина. Гэтэл Панемд гучин бүстэй гялалзсан Капитол байгуулагдаж хүн ам суулган хөгжиж эхэлжээ. Дараа нь Харанхуй өдрүүд ирэхэд бүсүүд Каптолийн эсрэг босов. Үүнээс арван хоёр ялагдаж арван гурав дахь нь газраас арчигдсан бөгөөд урван тэрсэлсэн бүсүүдэд Хар өдрүүдийг хэзээ ч мартагдалгүй сануулж байхын тулд Үхлийн тоглоомыг зохиох болжээ. Тоглоомын дүрэм энгийн байлаа. Бослого гаргасан арван хоёр бүс шийтгэл ёсоор жил бүр тоглоомд нэг охин нэг хүү гаргаж оролцуулах үүрэгтэй байв. Хорин дөрвөн оролцогчид үгүйрч хоосорсон хөлдүү хаягдмал бүхий өргөн бүс нутгийг нээж өгнө. Тэнд тэд хэдэн долоо хоногийн турш нэг нэгнийхээ эсрэг үхэлдэн тэмцэлдэнэ. Сүүлд амьд үлдсэн нь ялдаг. Хүүхдийг нь авч бүгдийн нүдэн дээр бие биеэ хөнөөлгөх замаар Капитол бидэнд сүр хүч засаглал болон ахин нэг бослого гаргах юм бол амьд үлдэх боломж байхгүй гэдгийг үзүүлж байв.
Капитолын үг болгонд нэг л санаа цуурайтах аж. <<Бид танай хүүхдүүдийг авч амийг нь золиослуулахад та нар юу ч хийж чадахгүй. Хуруугаа хөдөлгөх юм бол нэгийг ч үлдээлгүй устгана. Яг л арван гуравдугаар бүс шиг>>. Капитол биднийг гутаан доромжилж тамлахын тулд Үхлийн тоглоомыг баяр цэнгэлээр зарлаж, бүсүүд хоорондоо спортын төрлөөр тэмцэлдэж буй хэрэг гэж үзнэ.
Амьд үлдсэн сүүлчийн оролцогч бүсдээ буцаж ирснээр томоохон хоол хүнснээс бүрдсэн шагнал авна. Өөр бусад хүмүүс өлсөж үхэж байхад ялагчид үлдсэн амьдралынх нь турш Капитол өгөөмөр сэтгэлээ харуулан талх, тос, амтат чихэр өгөх болно. - Гэмшил болон талархлын мөч ирлээ гэж хотын дарга зарлав.
Тэрбээр өнгөрсөн удаагийн бүсийг ялагчыг дурьдав. Далан дөрвөн жилд хоёрхон хүн байснаас нэг нь одоо хүртэл амьд бий. Хеймитч Эбернети хэмээх хижээл настай гүзээтэй эрэгтэй энэ агшинд ойлгомжгүй зүйл хашгирснаа тавцан руу гуйвлан гарч гурав дахь сандал дээр унав. Тэр шал согтуу байлаа. Хүмүүс түүнд баяр хүргэхэд тэр Эффи Тринкетыг тэврэхийг ородсон ч цаадах нь зайлж амжив.
Хотын дарга бухимдангуй харагдав. Ёслолыг зурагтаар үзүүлж байгаа болохоор Панемийн арван хоёрдугаар бүсийнхэн шоолон инээж байгааг мэдэж байсан тул ургацын тухай ярьж байгаа Эффи Тринкетэд яаран анхаарал хандуулахыг хичээв.
Үргэлж өөдрөг оргилуун байдаг тэрбээр индэр дээрээс өөрийнхөө нэрийн хуудас болсон үг болох <<Үхлийн тоглоомд оролцогчдод баяр хүргэе! Магадгүй хэзээ нэгэн цагт таньд аз тохиолдож болох юм!>> гэлээ. Түүний хиймэл гэдэг нь илт ягаавтар үс нь Хеймитчтэй мөргөлдсөний дараа хажуу тийш үл мэдэг хазайжээ. Мэндчилгээгээ дуусгаад Эффи түүний бүсээс ялагч тодрох нь нь ямар их хүндэтгэл болох тухай ярьсан ч хүн бүхэн түүнийг ялагч нь ялагч шиг болохоос биш бүгдийн нүдэн дээр хоргоодог согтуу амьтан биш илүү хүндэтгэлтэй бүс хүсч байгааг нь ойлгож байлаа.
Олны дунд би Гейлийг олж харахад тэр над руу инээвхийлэв. Яг л хөгжилтэй үйл явдалд байгаа юм шиг. Би гэнэтхэн шилэн бөмбөлөгт Гейлийн нэртэй дөчин хоёр хуудас байхад хэр аз тохиох тухай бодлоо. Бусадтай харьцуулахын аргагүй их. Харин тэр миний адил зүйл бодсон бололтой баргар царайлан цааш эргэхэд <<Хуудас хэдэн мянга шүү дээ>> гэж би түүнд шивнэв.
Сугалах мөч ирэхэд Эффи зуршсан ёсоороо <<Эхлээд хатагтай нар!>> гээд охидын нэртэй бөмбөлөгт гараа гүн шургуулснаа дотроос нь хуудас цаас гаргаж ирэхэд бүгд ялаа ниссэн ч сонсогдохоор чимээгүй боллоо. Айдас миний дотор хуралдан дотор зөвхөн <<би биш байгаасай>> гэсэн ганц бодол эргэлдлээ!
Эффи индэрт эргэн гараад цаасыг дэлгэн тодхон хоолойгоор нэр дуудахад энэ би биш байлаа.
Энэ бол Примроуз Эвердин байсан юм.
Нэг удаа би олзоо ойд отож байх үедээ зүүрмэглээд арван футын өндрөөс газар нуруугаараа унахад хэсэг зуур амьсгаа авах байтугай хөдөлж ч чадахгүй болж билээ.
Харин одоо ийм мэдрэмж ахин төрөхөд үг хэлэх чадваргүй болоод болоод дүүгийн нэр толгой руу дэлсэх шиг болов. Атирааны нэг хүү миний гараас барив. Магадгүй ухаан алдаж унах гэхэд түшсэн байх. Энэ бол алдаа! Байж боломгүй юм! Мянган хуудас дундаас Примын нэртэй ганцхан цаас! Би түүнийг сонгогдох эсэх талаар огтхон ч сэтгэл зовоогүй. Үүний төлөө бүгдийг хийгээгүй гэж үү? Түүнийг эрсдэлд оруулахгүйн тулд чөтгөрийн тессеранаас татгалзсан биз дээ? Ганцхан хуудас. Мянгаас нэг л. Тэр бүрэн боломжтой байсан. Гэхдээ энэ одоо чухал биш болжээ. Алсад хүмүүсийн арван хоёр настай хүүхэд сонгогдсон шударга бус байдалд дургүйцэн гүнгэнэх сонсогдоно. Дараа нь би цонхийн цайж гараа чанга атгаад удаанаар урагшлах Примыг харлаа. Тэр миний дэргэдүүр
өнгөрөхөд цамцны хормой нь ахиад л араас нь цухуйж байв. Энэ нь намайг бодит байдалд эргэн ирэхэд тусалсан юм.
- Прим! Прим! гэж би эцэст нь хөдлөх чадвартай болоод хүчилсэн хоолойгоор дуудлаа.
Надад олны дундуур зүтгэлэх хэрэг ч гарсангүй урд талын хүүхдүүд зам чөлөөлөн зогсов. Би түүнийг шатны гишгүүрт хөл тавихын өмнө гүйцээд гараас нь татан эргүүлэв. - Сайн дурын хүн! Би сайн дураараа оролцохыг хүсч байна!
Тавцан хөнгөхөн гайхширалд автав. Арван хоёрдугаар бүсэд сайн дурын хүн олон жилийн өмнө гарсан бөгөөд бүгд ийм явдал болсныг мартжээ. Дүрэм ёсоор бол нэр нь сугалагдсанаас ондоо хүн (охид хөвгүүдийн ямар бөмбөлөгөөс сугалснаас хамаарна) түүнийг байрыг эзлэх хүсэлт гаргаж болно. Зарим бүсүүдэд тоглоомын ялагч томоохон хүндэтгэл хүлээх болохоор олон хүмүүс түүний төлөө амьдралаараа дэнчин тавихад бэлэн байдаг ч сайн дурын хүн амар олдохгүй. Бидний хувьд <<оролцогч>> гэдэг нь <<хүүр>> гэдэгтэй адил сонсогдох учир сайн дурынхан эрт үеэс гарахаа больжээ.
- Гайхамшигтай! гэж Эффи Бряк уулга алдаад, - Гэхдээ... эхлээд ургацын ялагчыг танилцуулсан нь дээр байх... дараа нь сайн дурын хүн олдсон эсэхийг асууж болох юм. Хэрвээ хэн нэгэн оролцохыг хүсвэл мэдээж бид... гэж итгэлгүйхэн үргэлжлүүлэв.
- Ямар ялгаа байна? гэж хотын дарга ярианд оролцов.
Тэр намайг жимс авчирч өгдөг охин гэдгийг таньсан бололтой шаналангуй харлаа. Эсвэл охин нь миний талаар ярьсан ч байж магадгүй. Өөрөөр таван жилийн өмнө ээж дүү хоёртойгоо шахцалдан зогссон том охинд нь Эр зоригийн медаль гардуулан үг хэлж байснаа санасан юм болов уу. Медалыг уурхайд үрэгдсэн эцэгт минь зориулан олгосон юм.
- Ямар ялгаа байна? гэж хотын дарга ахин уцаарлангуй хэлээд, - Түүнийг урагш нь гарга гэв.
Ард Примын жингэнэсэн хашгиралт сонсогдож туранхай гараараа араас зуураад,
- Үгүй, Китнисс! Үгүй! Битгий яв! гэлээ. - Прим больж үз! гэж би нулимсаа барьж тэсэхгүй байхаас айн бүдүүлгээр зандарлаа. Орой ургацыг зурагтаар давтан үзүүлэх үед бүгд миний нулимсыг харвал сулхан олз гэдгийг минь мэдэх болно. Үгүй ээ, тэгэхгүй! Би хэнд ч тийм боломж өгөхгүй.
- Намайг тавь. Хэн нэгэн Примыг надаас угз татан холдуулахад би Гейлийг харлаа.
- Алив, Китник яв гэж тэр хүчилсэн хоолойгоор хэлээд Примийг ээж рүү аваачив. Би шүдээ зуун тавцан руу өгслөө.
- Зүйтэй! Энэ чинь л тоглоомын амин сүнс байгаа юм! Чамайг хэн гэдэг вэ? гэж Эффи эцэстээ бүсд нь таатай явдал тохиолдсон явдалд сэтгэл хангалуун асуулаа. Би арайхийн шүсээ залгиад,
- Китнисс Эвердин гэв.
- Энэ чиний дүү юу. Түүнийг хамрын урдаас гавъяаг чинь булаахыг хүсээгүй юм биз дээ? Алив бүгдээрээ шинэ оролцогчдоо алга ташин баяр хүргэцгээе! гэж Эффи хүнгэнүүлэв. Арван хоёр дугаар бүсийн оршин суугчдын хэн ч алга ташсангүй. Тэдний олонхи нь намайг зээл дээрээс мэдэх болсон бөгөөд эсвэл эцгийг минь таних юмуу өөрөөр хайрлахгүй байхын аргагүй Примийг харсан бизээ. Намайг хөдөлгөөнгүй зогсож байхад олон мянган хүмүүс сэтгэл хөдлөлөө чимээгүй байдлаар илэрхийлж байлаа. Нам гүм дундаас бид зөвшөөрөхгүй байна энэ чинь шударга бус хэрэг гэсэн нэг л үг цуурайтах мэт. Тэгтэл арван хоёрдугаар бүсийнхнээс хүлээгээгүй гэнэтийн явдал болов. Намайг Примын байрыг эзэлсэн цагаас эхлэн ямар нэг зүйл өөрчлөгдөж үнэ цэнтэй болжээ. Эхлээд нэг нь, дараа нь өөр нэг нь тэгснээ бараг бүгдээрээ зүүн гарын гурван хуруугаа уруулдаа хүргээд миний зүг рүү сунгав. Энэ бол зөвхөн манай бүсэд л ховорхон ашигладаг эртний дохио бөгөөд оршуулган дээр хааяа тохиолдог байв. Энэ нь гайхан бахдаж талархсан болон болон хайртай нэгэнтэйгээ салах ёс гүйцэтгэж байгаагын тэмдэг юм. Одоо би жинхэнээсээ уйлах шахсан ч аз болоход Хеймитч сандлаасаа ганхан босоод баяр хүргэхээр ирэв. - Түүнийг харцгаа. Энэ охиныг харцгаа! гэж тэр миний мөрөөр тэврэн орилоход архи, хөлсний эхүүн үнэр ханхлав.
- Энэ юу болохыг би ойлгож байна! Тэр… залуухан зоригтой! Үгүй ээ та нар! гээд намайг тавьж зурагтын дуран руу хуруугаараа чичлэн, - Та нар бол хулчгар амьтад! гэлээ.
Тэр хэнийг хэлсэн юм бол? Цугласан олныг уу? Эсвэл Капитолийг юм болов уу. Ер нь бол энэ тухай хэн ч мэдэж амжаагүй байтал Хеймитч ухаан алдаж унав.
Тэр жигшмээр байсан ч би түүнд талархаж байлаа. Бүхий л дуран түүний зүг чиглэсэн тул надад биеэ барих хугацаа олдлоо. Би мөрөө цэхлэн өглөө Гейлтэй байсан алсад орших толгод руу харав. Тэгтэл намайг хөнгөхөн гуниг эзэмдэв… Бид яагаад бүсээс зугтаагүй юм бол? Яагаад ойд амьдраагүй юм бэ? Гэхдээ би зөв алхам хийснээ мэдэж байв. Примын оронд өөр хэн сайн дураараа босох байсан гэж?
Хеймитчийг дамнуурган дээр зөөн явсны дараа Эффи Тринкет бүгдийг ахин хэвийн байдалд оруулахыг хичээв. Тэр баруун тийш хазайсан хиймэл үсээ засаад, - Ямар сэтгэл хөдөлмөөр өдөр вэ! Гэсэн ч баяр дуусаагүй байна! Хүүгийн нэрийг сонгох цаг ирлээ! гээд бөмбөлөг
рүү өөдрөг алхаж эхний тааралдсан хуудсыг авлаа. Тэгснээ намайг Гейл битгий байгаасай гэж харамсаж ч амжихаас урьд,
- Пит Мелларк! гэлээ.
<<Үгүй ээ! Зөвхөн тэр л биш шүү!>> гэсэн бодол миний толгойд харвалаа. Би түүнийг мэдэх хэдий ч нэг ч үг сольж байсангүй. Пит Мелларк.
Аз өнөөдөр миний талд байсангүй.
Би түүнийг тавцан руу гарч ирэхэд саарал үс нь дух руугаа унахыг харав. Пит биеэ барихыг хичээж байсан ч цэнхэр нүдэнд нь айдас хуралдсан байв. Би ийм айдсыг агнасан олзноосоо харж байсан билээ. Гэсэн ч тэрбээр итгэлтэй алхлан миний дэргэд байр эзлэв.
Эффи Тринкэт өөр сайн дурын хүн байгаа эсэхийг асуулаа. Хэн ч урагш алхсангүй. Питэд хоёр ах байсаныг би талхчины газар харсан билээ. Нэг нь хэдийн насанд хүрсэн ч нөгөө нь сайн дураараа хөдөлсөнгүй. Ердийн л хэрэг байлаа. Ургацын өдөр гэр бүлийн холбоос хамаагүй. Ийм учраас бүгд миний хийсэн алхамд гайхан мэгдсэн байв. Хотын дарга удаан дүнсгэр хоолойгоор жил бүр уншдаг Урвалтын гэрээний тухай уншсан ч би нэг ч үг сонссонгүй.
<<Яагаад тэр гэж?>> хэмээн би бодсоор байв. Ийм зүйл болоогүй гэж өөрийгөө итгүүлэхийг хичээлээ. Пит бид хоёр найзууд тэр ч байтугай хөршүүд биш. Бид хэзээ ч нэг нэгэнтэйгээ ярьж байгаагүй. Биднийг олон жилийн өмнө болсон цорын ганц тохиолдлоос өөр холбох зүйл үгүй бөгөөд магадгүй тэр энэ тухай мартсан биз. Гэсэн ч би санаж байлаа. Бас хэзээ ч мартахгүй. Энэ бол манай гэр бүлийн хамгийн хүнд мөч байв. Эцэг минь гурван сарын өмнө уурхайд золгүй явдалд өртөн өнгөрснөөс хойш эхэндээ би уй гашуу дунд бараг юу ч мэдрээгүй ч дараа нь шаналал хүчтэй ирлээ. <<Чи хаа байна? Яагаад явчихсан юм бэ?>> гэж би бодолдоо хашгирлаа. Хариулт байсангүй.
Бүс бидэнд ээжийг ажил олох хүртэл сарын турш амьдарч болох багахан төлөөсний мөнгө өгсөн. Гэсэн ч тэр ажил эрсэнгүй. Бүтэн өдөржин сандал дээр эвхрэлдэн суух юмуу эсвэл орон дээр атиралдан хэвтээд хоосон зай руу гөлийн ширтэнэ. Үе үе ямар нэг зүйлийн тухай санасан мэт давхийн боссоноо ахин хөшсөн байдалд орж Примын ямар ч гуйлтыг хэрэгссэнгүй.
Надад аймшигтай байлаа. Би одоо л ээжийг ямар уй гашууд автсаныг ойлгож байв. Тэр үед надад зөвхөн эцгийгээ төдийгүй хамт түүнийг хамт алдсан юм шиг санагдаж билээ. Прим ердөө долоон настай байсан тул би арван нэгтэйгээсээ гэр бүлийнхээ гол хүн болсон юм. Өөр яах ёстой байсан гэж? Би зээл дээрээс юм худалдан авч, хоол ундаа чадахаараа бэлтгэн өнчин хүүхдийн газар очихгүйн тулд өөрийгөө болон охин дүүгээ зохистой хувцаслахыг хичээж байлаа. Би сургууль дээрээ тэндхийн хүүхдүүдийг харж байсан юм. Тэдгээр нь гунигтай хацар дээрээ хөхөрсөн толботой мөрөө найдлагагүй цөхрөлд бөгтийсөн нуруутай байдаг. Би Примыг бас тийм болоосой гэж хүсээгүй. Жижигхэн Прим минь уйлан байж сургуульд явахын өмнө ээжийн үсийг самнаад үдэш бүр аавын сахлаа харж хусдаг байсан толийг зүлгэсэн хэвээр байсан юм. Тэр Атирааг бүхэлд нь бүрхсэн нүүрсний тоосыг тэвчиж чаддаггүй байлаа. Прим өнчний газар тэсэхгүй байсан. Иймээс би хэцүү байгаа тухайгаа хэнд ч хэлээгүй.
Эцэст нь мөнгө ч дуусаж бидэнд өлсөж үхэх аюул тулгарав. Үүнээс өөр зам байсангүй. Цаашаа таван сар хүртэл тэсэх хэрэгтэй байсан бөгөөд тэр үед би арван хоёр хүрч тессера аван бидний хувьд үнэтэй зүйл болох талх, тос авч чадах байлаа. Гэсэн ч таван сар хүрэхэд хэдэн долоо хоног үлдээд байхад бид өлбөрч үхэхийн ирмэг дээр ирээд байв.
Арван хоёрдугаар бүсэд өлсөж үхэх нь тийм ч ховор тохиолдол биш тул үүнийг хайж хол явахын ч хэрэггүй. Ажил хийх чадваргүй хөгшин настай хүмүүс, олон хүүхэдтэй айлын хүүхдүүд болон уурхайд ажилчид ослоор үрэгддэг байлаа. Өчигдөрхөн гудамжаар гэлдэрч байсан хүн нугын хашаа налан суугаад хөдөлгөөнгүй болно. Эсвэл ар гэрт нь уйлаан сонсогдож журам сахиулагч ирээд биеийг нь авч явна. Өлсгөлөн хэзээ ч албан ёсны үхлийн шалтгаан байсангүй. Үүнийг үргэлж ханиад томуу юмуу уушгины үрэвслээр тайлбарладаг байсан юм. Тэр өдөр хувь заяа намайг Пит Меларкомтой хотод учруулж билээ. Би зах дээр Примын хуучин ноорхой хувцсыг зарахыг оролдсон ч хэн ч авсангүй. Урьд би эцэгтэйгээ хэдэн удаа зээл дээр ирж байсан ч болохоор энэхүү бүдүүлэг газар ганцаар явахаас айж байсан юм... Зэврүүн бороо зогсолтгүй шаагин эцгийн ангийн хүрмийг шалба норгоход хүйтэн ясанд хүртэл жиндэв. Сүүлийн гурван өдөр бидэнд усанд чанасан гаатай навчнаас өөр аманд хийх зүйл байгаагүй. Зах хаагдах үед би голдоо ортол норж дагжин шалбаагт хүүхдийн хувцсаа унагасан ч тонгойвол босч ирэхгүй байхаас айж авсангүй. Ер нь энэ ноорхой хувцаснууд хэнд хэрэгтэй юм бэ?
Гэр лүүгээ явж болохгүй. Ээжийн үхээнц нүд, дүүгийнхээ омголтсон уруулыг харахад тэсэхүйеэ бэрх байлаа. Нүүрсээ дуусаад ойн захаас түүж ирсэн нойтон мөчир түлж байгаа болохоор өрөө дүүрэн утаа суунаглана. Би яаж тийшээ хоосон гартай ямар ч найдлагагүй харих юм бэ?
Хөл минь бохир гудамжаар өөрийн мэдэлгүй хөтлөн явахад ард баячуудад зориулсан янз бүрийн дэлгүүр мухлаг өнгөрч байлаа. Худалдаачид дэлгүүрийнхээ дээд давхарт амьдрана. Иймээс би тэдний арын хашааг шагайж явлаа. Саравчинд хоёр ямаа болон шалба норсон гинжтэй нохой хашааны дунд харагдана. Арван хоёрдугаар бүсэд ямар ч төрлийн хулгайд үхлийн ял оноодог ч хогийн савыг бол онгичиж болно. Гэнтхэн махны мухлагаас хаясан яс эсвэл өмхийрсөн ногоо олдох ч юм билүү. Манай гэр бүлээс өөр хэн ч тоож өл залгахгүй зүйл. Гэсэн ч азгүйтэхэд хогийн савыг саяхан цэвэрлэсэн байлаа.
Би талхны дэлгүүрийн хажуугаар өнгөрөх үедээ шинэхэн талхны үнэрт толгой эргэлээ. Зуухны гүнд жигнэж байгаа талхны үнэр нээлттэй хаалгаар ханхална. Би анхилуун үнэрт татагдан хөдлөх хүчгүй зогсоод бээрсэн хуруугаараа талхчины өмнөх хогийн савны тагыг нээсэн ч өрөвдөх сэтгэлгүй хоосон байв.
Надад гэнэтхэн хашгиралт сонсогдоход харцаа өргөв. Талхчины эхнэр намайг өөрийнхөөр замаар явахгүй бол хууль сахиулагчдыг дуудна Атирааны тэнэмэл гуйлгачин бүр хогийн савыг нь нэгжихийг тэвчиж чадахгүй гэж хашгирч байв. Надад түүнийг хараах тэнхэл байсангүйд тагыг болгоомжтой тавиад эргэж харахдаа эхийнхээ араас цайвар үстэй хүү шагайхыг харав. Би түүнийг урьд нь сургууль дээр харж байсан. Тэр миний үеийнх хэдий ч нэрийг нь мэдэхгүй. Тэр өөр хүүхдүүдтэй нийлдэг. Эмэгтэй талхныхаа газар луу хараасаар эргэхэд хүү намайг хуучин алимны модоор хийсэн гахайн байр луу явахыг харж байв. Гэртээ ямар нэг идэх юм авч харих сүүлчийн найдлага бөхлөө. Өвдөг минь өөрийн мэдэлгүй нугарч газар суув. Ингээд л болоо. Би хэтэрхий ядарч сульдан эцсэн байв... Хууль сахиулагчид ирээд биднийг өнчний газар аваачина. Тэгснээс энд бороон дор хэвтээд үхсэн нь дээр биз гэж би бодлоо. Надад чимээ шуугиан сонсогдож талхчины эхнэр хараан цохих дуу гарахад би юу болсныг гайхан харлаа. Над руу
шавар үсчүүлэн хэн нэгэн ирж байв. Энэ талхчины эхнэр байна. Намайг саваагаар цохиж хөөх биз бодов. Гэсэн ч хүү нь байлаа. Тэрбээр гартаа гал руу унасан бололтой харлаж түлэгдсэн захтай хоёр том талх барьжээ.
- Тэднийг гахайд хаяж өг, дүйнгэ амьтан минь! Ямар тэнэг нь түлэгдсэн талх худалдаж авах юм бэ? гэж ээж нь араас нь хашгирав.
Тэр түлэгдсэн захыг уран идүүр рүү хаяж эхлэхэд талхчины хонх жингэнэн ээж нь худалдан авагч руу яарав. Хүү над руу хараагүй ч би түүнээс нүд салгалгүй харж байв. Яагаад гэвэл түүнд талх байсан юм. Бас шанаан дээр нь улаан гүвдрүү байлаа. Түүнийг яалаа гэж цохьсон юм бол? Эцэг эх минь биднийг хэзээ ч зодож байгаагүй болохоор яагаад гэдгийг нь төсөөлж чадсангүй.
Тэр түргэхэн арагш хяламхийснээ гахайн байр луу эргээд нэг талхаа над руу шидэв. Дараа нь юу ч болоогүй юм шиг талхны газар луу орон хаалгаа чанга хаав.
Би талхыг нүдэндээ итгэхгүй шахам харлаа. Тэр түлэгдсэн ч гэлээ маш сайн талх байв. Үнэхээр надад өглөө гэж үү? Тэгсэн байж таарна. Учир нь талх миний хөлд байлаа. Хэн нэгэн харахаас айж би тэдний цамцан дороо хийгээд хүрмээрээ хучиж түргэн явлаа. Халуун талх арьс төөнөхөд би амьдрал бэлэглэж буй талхыг биедээ улам чанга наалаа. Намайг гэртээ очих үед талх хөрсөн ч дотор нь бүлээхэн байв. Би ширээн дээр тавихад Прим идэхээр ухасхийсэн ч би түүнийг ээжийг авчран бүгдэд халуун цай аягалтал жаахан хүлээ гэж хэлэв. Би харласан хэсгийг нь маажиж арилгаад талхаа зүслээ. Энэ бол үзэм самартай жинхэнэ амтат талх байсан юм. Бид бүтэн талхаа хэрчим хэрчмээр идлээ. Би хувцсаа хатаахаар зуухны дэргэд өлгөөд орондоо орж гүн нойронд автав. Зөвхөн өглөө л хүү түлэгдсэн талх өгсөн нь санаанд оров. Магадгүй шийтгүүлнэ гэж мэдсээр байтал талхаа надад өгөхийн тулд зориуд гал руу унагасан юм биш биз дээ. Гэсэн ч би энэ бодлоо орхилоо. Хэтэрхий тохиолдлын байсан юм. Тэр яагаад танихгүй охинд тусалсан юм бол? Эсвэл зүгээр өрөвдсөндөө талхыг надад өгсөн байж болох ч үр дүнд нь юу хүлээсэн бол. Би үүнийг ойлгож чадсангүй. Маргааш нь би дүүтэйгээ ахин талх идээд сургуульдаа явлаа. Шөнө хавар айлчилсан мэт дулаараад тэнгэрт сэмжин үүл хөшиглөнө. Би сургууль руу орох замдаа нөгөө хүүтэй тааралдав. Хацар нь хавдаж нүдэн дор нь хөхөрчээ. Хүү найзуудтайгаа ярилцан намайг мэдэх ямар ч дүр үзүүлсэнгүй. Прим бид хоёр хичээлийн дараа гэр лүүгээ явахдаа түүнийг сургуулийн нөгөө хашааны өнцгөөс харж байхыг нь ажиглав. Бидний харц тулгарах мөчид тэр цааш эргээд би ичингүйрэн газар шагайв. Энэ жилийн анхны багваахай цэцэг ургажээ. Тэгэхэд л би эцэгтэйгээ хамт ойд гөрөөлдөг байснаа санаад амьд үлдэхийн тулд юу хийх ёстойгоо ойлгосон юм. Би одоог хүртэл найдвар бэлэглэсэн аврагч багваахай, Пит Мелларк болон түүний талхтай ямар нэг талаар холбоотой гэсэн хачирхалтай бодлоосоо салж чаддаггүй. Дараа нь ахин Питийн харцыг мэдрэх үед тэр даруйхан эргээд алга болсон билээ. Энэ надад түүнд өртэй юм шиг санагдуулна. Би хүмүүст өртэй байхыг үзэн яддаг байлаа. Магадгүй би түүнд талархал илэрхийлвэл дээр болох юм. Би энэ тухай урьд нь бодож үзсэн ч эсрэгээрээ хийгээгүй. Харин одоо оройтжээ. Биднийг талбайд хаяж хоорондоо үхэлдэн тулалдана. Би тэнд <<баярлалаа!>> гэсэн үгээ хэлж болох юм. Гэсэн ч би түүнийг хоолойг огтлохыг оролдож байхад хэтэрхий сэтгэлээсээ биш дуулдана гэж айж байна.
Хотын дарга уйтгартай яриагаа дуусгаад Пит бид хоёрыг гар барь хэмээн зангав. Питын хатуу алга халуун талх шиг бүлээхэн байлаа. Тэр нүд рүү минь эгцлэн ширтээд чанга атгав. Эсвэл магадгүй мэдрэлийн хүчдэл байсан юм болов уу?
Панемийн сүүлд дуулал явахад бид олон руу эргэлээ. Харин би эцсийн эцэст бид хорин дөрвүүлээ. Өөр хэн нэгэнд түүнийг надаас урьд алах боломж тохиолдох биз гэж бодлоо.
Мэдээж тийм ч найдлагатай зүйл биш ч гэлээ. III
Сүлд дуулал дуусмагц бид хорионд оров. Гав зүүлгээгүй л дээ. Гэхдээ хууль зүйн байшинд ороход араас бүлэг журам сахигчид дагалдав. Магадгүй өмнө нь оролцогч зугтсан удаа гарсан байх. Гэхдээ миний хувьд тийм зүйл болохгүй. Намайг дотогш өрөөнд оруулаад ганцааранг минь орхив. Би хэзээ ч ийм баян тансаг газар орж байсангүй. Хөл дор сахлаг зузаан хивс дэвсэж хилэн бүрээстэй буйдан сандал тавилжээ. Ээжид минь ийм хилэн захтай даашинз байдаг юм. Иймээс би буйдан дээр суумагц бүрээсийг нь илэхгүй байж чадсангүй. Зөөлхөн арьс надад хэрэгтэй тайвшируулах нөлөө үзүүлэв. Хайртай хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгэх тогтсон цаг боллоо. Өөрийгөө сэтгэлээр унасан байхыг харуулж эндээс хавдсан, нүд улаан хамартай гарч болохгүй. Уйллаа гээд юугаар ч тус болохгүй. Галт тэрэгний буудал дээр хаа сайгүй дурангууд байгаа.
Ээж дүү хоёр минь түрүүлж орж ирэв. Би Прим рүү гар сунгасан ч тэр миний өвдөг рүү авиран хүзүүгээр тэврээд жаахан хүүхэд шиг толгойгоо мөрөнд наалаа. Ээж дэргэд суугаад хоёуланг минь тэврэв. Хэдэн хормын турш бидний хэнд ч ярих хүч байсангүй. Дараа нь би юу хийх ёстойгоо санаад тэдэнд хийх зүйлийг нь яаран тайлбарлав. Прим ямар ч тессера авч болохгүй. Хэрвээ ухаан хүрэлцвэл тэд үүнгүй байж чадна. Ямааны сүү, бяслаг худалдах юмуу ээж Атирааны хүмүүст эм тан хийж болох юм. Гейл эмийн өвс ургамал олж өгөхөөр амалсан ч сайн хэлж өгөхгүй бол над шиг л бас үүний тухай юу ч мэдэхгүй. Би энэ тухай өнгөрсөн жил тохирсон юм. Тэр хөлс авахгүй хэдий ч өөр ямар нэгэн аргаар талархал илэрхийлж болно... сүү эм өгөх ч юмуу. Би Примийг анд яв гэж хэлсэнгүй. Түүнийг хоёр ч удаа сургахыг оролдсон авч бүтэлгүй болсон билээ. Тэр намайг ойд ямар нэг амьтан харвахад айж нулимс урсган эмчлэхийг гуйсан юм. Ямаагаа л сайн арчилдаг байлаа. Үүнийгээ хийж байсан нь дээр биз.
Би хаанаас зууханд хийх түлээ, нүүрс олох болон залилуулчихалгүй худалдах тухай заавар өгч Примийг сургуулиа орхихгүй байхыг гуйлаа. Тэгээд ээжийнхээ гараас барьж нүд рүү нь шийдэмгий ширтэв. - Намайг сонс. Намайг анхааралтай сонс!
Ээж миний шаардангуй байдалд түгшингүй толгой дохив. Бараг юун тухай ярих гэж байгааг тааварласан биз.
- Та ахин явах ёсгүй гэхэд тэр харцаа буруулан шал ширтээд,
- Би мэднэ. Би явахгүй. Тэгэхэд тэмцэж чадаагүй юм... гэв.
- Та одоо заавал тэмцэх ёстой. Та өөрийгөө зөнд нь орхиж Примийг ганцаар хаяж болохгүй. Би та нарт юугаар ч тусалж чадахгүй. Зурагтаар юу ч үзүүлсэн байлаа гэсэн тэмцэх болно гэдгээ надад амла! гээд миний хоолой чангаран бараг хашгиралт боллоо. Үүнд бүхий л уур хилэн хилэн цөхрөл минь агуулагдаж байсан юм.
Тэр ууртайгаар миний атгасан хуруунаас гараа суга татан авлаа.
- Би өвчтэй байсан. Харин одоо надад эм байгаа болохоор өөрийгөө эмчилж чадна. Магадгүй үүнд үнэний хувь байж болох. Би түүнийг гашуудал зовлонгоосоо амьдралд буцан ирэхийг харсан. Магадгүй энэ нь бидний мэдэхгүй өвдөлт байсан байж болох юм.
- Тэгвэл түүнийгээ хий. Примд санаа тавь!
- Надад санаа зовох хэрэггүй, Китнисс. Хамгийн гол нь өөртөө л санаа тавь. Чи хурдан зоригтой. Магадгүй ялж чадах байх гээд Прим алгаараа миний нүүрийг илэв.
Үгүй ээ, би чадахгүй. Прим ч сэтгэлийн гүндээ үүнийг ойлгож байв. Энэ бол миний хэр хэмжээнээс хэтэрсэн өрсөлдөөн байсан юм. Илүү баян бүсийн ялагч хүүхдүүд томоохон хүндэтгэл хүлээхийн тулд амьдралын туршдаа сургуулилсан байдаг. Хөвгүүд нь надаас хоёр дахин том биетэй харин охид нь хутга хэрэглэх арван хоёр арга мэддэг байлаа. Тиймээ би тийм л нөхцөлд байх болно. Жинхэнэ хөгжилдөөн эхлээгүй байна. - Магадгүй л юм гэж би зөвшөөрлөө. Би ээжийг санаа тавихыг шаардаж байсан ч өөрөө хэдийн бууж өгсөн байлаа. Гэсэн ч тэмцэлдэхгүй бууж өгөх нь миний төрөлх араншинд тохирохгүй.
- Ялвал бид Хеймитч шиг баян болно. - Надад бидний баян болох эсэх хамаагүй. Би зөвхөн чамайг гэртээ эргэж ирэхийг хүсч байна. Чи үүний төлөө хичээнэ биз дээ? Хичээгээрэй гуйж байна!
- Би маш их хичээх болно. Амлая.
Би Примийн төлөө үүнийг хийж чадна гэдгээ ч мэдэж байлаа. Хаалган дээр журам сахиулагчид ирэн цаг дууссаны дохио өгөв. Бид хоорондоо тэврэлдэхэд би дахин дахин <<Би та нарт хайртай. Би та хоёрт хоёуланд чинь хайртай>> гэж давтаж байлаа. Эцсийн эцэст тэднийг журам сахиулагчид хаалгаар гаргав. Би бүхий л ертөнцөөс нуугдахыг хүсч байгаа юм шиг нүүрээ хилэн дэрэнд шигтгэлээ.
Өөр хэн нэгэн орж ирэхэд би харцаа өргөн Пит Мелларкын эцэг талхчин болохыг гайхан харлаа. Удахгүй түүний хүүг алах гэж байхад над руу ирсэнд итгэж чадахгүй нь. Өөр өнцгөөс бол бид танил бөгөөд тэр Примийг маш сайн мэднэ. Түүнийг зээл дээр ямааны бяслаг худалдах үед үргэлж хоёр зүсмийг авч харамгүй том талх өгдөг байлаа.
Гэхдээ бид зөвхөн түүний эхнэр болох шулам нь хажууд нь байхгүй үед худалдаа хийхийг эрхэмлэдэг байв. Тэр хүний хувьд муугүй хүн байсан юм. Тэгээд ч түүнийг хүүгээ талх түлсэний төлөө зодохгүй байсан гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ тэр над руу яах гэж ирсэн юм бол?
Талхчин хилэн сандлын өнцөг дээр эв хавгүйхэн суулаа. Том өргөн мөртэй бөгөөд царай нь удаан жил зуухны урд байсны улмаас улайжээ. Харваас саяхан хүүтэйгээ салах ёс гүйцэтгэсэн бололтой. Тэр хүрэмнийхээ халааснаасаа цаасанд боодолтой зүйл аваад надад сунгалаа. Дотор нь жигнэмэг байв. Бид хэзээ ч ийм тансаг зүйл идэж байсангүй.
- Баярлалаа гэж би хэлэхэд талхчин төдийлөн яриа хүн бишийн дээр цагаа олоогүй явдалд нэг ч үг хэлж чадсангүй. – Би өнөө өглөө таны талхыг идсэн. Миний найз Гейл түүнийг танаас хэрмээр авсан. Талхчин энэ тухай санав бололтой толгой дохив.
- Тийм ч сайн наймаа биш байсан гэхэд тэр энэ хамаагүй гэсэн байртай мөрөө хавчив.
Би цаашаа юу хэлэхээ мэдсэнгүй. Бид чимээгүй суусаар байсан ч журам сахиулагчид орж ирсэнгүй. Талхчин явахаар босож хоолой засан ханиалгав. - Би дүүг чинь харж байя. Өлсөх байх гэдэгт санаа зовох хэрэггүй.
Түүний үгийг сонсоод миний цээжин дэх дарамт хөнгөрөх шиг болов. Хүмүүс миний юу хийдгийг мэддэг болохоор Примд үнэн сэтгэлээсээ хайртай байдаг. Магадгүй энэ хайр түүнийг амьд үлдэхэд туслана байх. Миний дараагийн зочин огт хүлээгээгүй хүн байлаа. Над руу Маж итгэлтэй алхаагаар ойртож ирэв. Тэр уйлсангүй ч хоолойны шаардангуй өнгө нь намайг гайхуулав.
- Бүсэд чамайг хувийн ганц л зүйл авч орохыг зөвшөөрөх болно. Гэр орныг чинь санагдуулах ямар нэг зүйл. Чи үүнийг зүүхгүй биз? Тэр надад өглөө даашинздаа хатгасан байсан гоёлын алтан зүүгээ сунгахад би түүн дээр нисэж буй жижигхэн шувуу дүрсэлсэн болохыг олж харав.
- Чиний зүү юу? хэмээн би гайхлаа.
- Би чамд зүүгээд өгье, за юу? гээд Маж хариу хүлээлгүйн тонгойн шувуугаа миний даашинзны энгэрт хатгалаа. - Китнисс, түүнийг талбайд битгий тайлаарай. Амалж байна уу?
- Тиймээ.
Жигнэмэг, зүү гээд би өнөөдөр янз бүрийн бэлэг авлаа. Өөр бас Маж миний хацар дээр үнслээ. Магадгүй тэр үнэхээр сайн найз минь байсан юм болов уу? Эцэст нь Гейл орж ирэв. Бидний хооронд хэзээ ч уянгын холбоо байгаагүй ч түүнийг гараа сунгах үед би юу ч
бодолгүй ухасхийн тэврүүллээ. Надад түүний хөдөлгөөн, ойн үнэр гээд бүхий л зүйл нь танил байж ангийн чимээгүйхэн мөчид зүрхнийх нь цохилт сонсогддог байсан. Гэсэн ч өнөөдөр анх удаагаа түүний өндөр булчинлаг биеийг мэдрэв.
- Китнисс, намайг сонс. Чи хутга авах ч хамгийн гол нь нум олох хэрэгтэй. Нумаар чамд хамаагүй илүү боломж байгаа. - Тэнд үргэлж нум байгаад байдаггүй гээд би нэг удаа оролцогчидод бие биеэ алахад зориулан аймшигтай хадаастай бороохой олгосныг саналаа.
- Тэгвэл өөрөө хий. Ямар ч муу нум байсан нумгүй байснаас дээр.
Би хэдэн удаа эцгийнхээ нумыг дуурайн хийхийг оролдсон ч ер гавьтай зүйл болоогүй юм. Энэ тийм ч амар зүйл шиг санагдаагүй билээ. Аавд ч бас алдаа гаргах удаа тохиолддог.
- Тэнд мод байгаа эсэхийг хэн мэдэх юм.
Нэг удаа бүгдийг намхан саргар бут, үхэр чулуу бүхий элсэрхэг газар хаясан. Би тэр жилийг үзэн ядсан билээ. Олон хүмүүс могойд хазуулах юмуу цангасандаа галзуурч үхсэн. - Мод үргэлж байдаг гэж Гейл эсэргүүцээд,
- Хэнд ч оролцогчдын хагас нь хөлдөж үхэхийг харах нь сонирхолтой биш гэв.
Энэ үнэн байлаа. Нэг улирлын үеэр бид тоглогчид шөнө хэрхэн хөлдөж үхсэнийг харсан. Тэдэнд түүдэг юмуу бамбар асаах мод байгаагүй учир нэг дор шавааралдан үхсэнийг харахад бэрхтэй байлаа. Капитол үүнийг ямар ч сонирхолгүй цусгүй тэмцэл гэж үзсэн учир гал түлэх мод ихэнхидээ байдаг байв.
- Тиймээ, бараг л үргэлж байдаг гэж би зөвшөөрөв.
- Китнисс энэ чинь ердөө ан шүү дээ. Харин чи бүгдээс дээр гөрөөлдөг болохыг би мэднэ. - Энэ чинь ердийн нэг ан биш. Тэд зэвсэгтэй бас бодож чаддаг.
- Чи ч гэсэн. Бас илүү их сургуулилт хийсэн. Жинхэнэ сургуулилт. Бас яаж алахыг мэднэ.
- Хүмүүсийг биш! - Ямар ялгаа байгаа юм бэ? гэж Гейл баргар асуув.
Хамгийн аймшигтай нь тэднийг хүмүүс гэдгийг мартах юм бол ямар ч ялгаа байхгүй байсан юм.
Журам сахиулагчид удалгүй буцаж ирэхэд Гейл жаахан хүлээхийг гуйсан ч тэд түүнийг гаргахад би сандралд автан,
- Тэдэнд битгий өлсөж үхэх боломж өгөөрэй! гэж гараас нь зууралдан хашгирав. - Тэгэхгүй! Тэгэхгүй гэдгийг минь чи мэднэ шүү дээ! Китнисс санаарай намайг чамд …
Гэсэн ч журам сахиулагчид бидийг хоёр тийш салган хаалга хаагдсан учир би хэзээ ч түүний юу хэлэхийг хүссэнийг мэдсэнгүй. Хууль зүйн байшингаас буудал хүрэх замыг машинаар туулав. Би урьд нь машинаар явж байсангүй. Галт тэргэнд ховорхон сууж үзсэн. Атираанд бүгд явган явдаг юм.
Сайн нь гэвэл би уйлсангүй. Тавцангаар дүүрэн сурвалжлагч холхилдон дурангаа миний нүүр лүү чиглүүлж байв. Гэсэн ч би сэтгэл хөдлөлөө нууж сурсан тул одоо үүнийгээ ашиглав. Ирэхийг минь үзүүлж буй зурагтын дэлгэц рүү хальт ширтээд миний байдал бараг л уйдсан янзтай байхыг хараад баярлалаа. Харин Пит Мелларк эсрэгээрээ уйлж унжин хачирхалтай нь үүнийгээ нуух гэж огт оролдохгүй байв. Гэсэн ч энэ нь миний толгойд тактик биш байгаа даа гэсэн бодол төрүүлэв. Сул дорой айсан шинж үзүүлэх нь бусад оролцогчдод өрсөлдөгч биш гэсэн бодол төрүүлэн тайвшируулах бөгөөд дараа нь гэнэт дотор муухайрмаар аймшигтай болно. Хэдийн жилийн өмнө долдугаар бүсийн Жонна Мейсон гэдэг охинд энэ арга маш сайн үйлчилсэн юм. Тэр бүгдийн нүдэн дээр усан нүдлэн гонгинож хулчгар харагдан мунхруулаад маш цөөхөн өрсөлдөгчийн эсрэг үлдэн хэрцгий алуурчин болон хувирсан. Сайн бодсон гэхээс өөр зүйл хэлэх биш. Гэхдээ энэ үзүүлбэр талхчины хүү Пит Мелларкад төдийлөн зохимжгүй байлаа. Хэзээ ч өлсөж зовж байгаагүй гэдэс цатгалан байсан тэрбээр өргөн мөртэй хүчирхэг байв… Тиймээс хичнээн ч их уйллаа гэсэн хэнийг ч мэхлэх аргагүй юм.
Хэдэн хормын дараа бид галт тэрэгний үүд рүү очиход телевизийн дуран хомхойрон чиглэв. Дараа нь биднийг дотогш орохыг зөвшөөрснөөр хаалга золоор хаагдан галт тэрэг хөдөллөө. Галт тэрэг хурдаа авахад миний амьсгал давхцав. Мэдээж би өмнө нь галт тэргээр явж байсангүй. Бүсийн хооронд зорчих нь албан ёсны тохиолдлоос бусдад хориотой байдаг юм. Манай бүсийн хувьд ихэнхидээ нүүрсний тээвэрлэлт байдаг. Гэсэн ч энэ ердийн нэг нүүрсний тээвэр биш цагт хоёр зуун тавин миль хурдалдаг Капитолын өндөр хурдны галт тэрэг. Манай Капитол хүрэх аялал нэг өдрөөс хэтрэхгүй. Бидэнд сургууль дээр Капитолийн барилга Хадархаг гэж нэрлэдэг ууланд байдаг тухай ярьсан. Арван хоёрдугаар бүс Аппалачийн мужид оршдог байв. Зуун жилийн өмнөөс л энд уурхайд нүүрс олборлож байж. Иймээс одоо уурхай улам гүн болжээ.
Сургуульд бидэнд ихэнхдээ нүүрсний тухай заадаг байв. Бас уншиж бичих арга болон бага зэрэг тоо заана. Долоо хоног бүр Панемийн түүх заавал орох ёстой. Үргэлж биднийг Капитолын өмнө өртэй гэж яншина. Тэд бослогын үеэр юу болсон тухай ярьдаггүй ч би энэ тухай мэднэ. Гэхдээ бодож цаг үрж байсангүй. Үнэндээ энэ нь надад хоол олоход яаж ч туслах билээ дээ.
Оролцогчдыг тээсэн галт тэрэг шүүхийн өрөөнөөс илүү баян тансаг байлаа. Биднийг тус бүр унтлагын өрөө, жорлон, шүршүүр, халуун хүйтэн ус бүхий тасалгаанд оруулав. Бидэнд гэрт минь халуун ус байхгүй. Халаах хэрэг гарна. Хувцасны шүүгээнд дүүрэн сайн чанарын хувцас өлгөжээ. Эффи Тринкет юу хүссэнээ өмсөж хийж болно гэсэн
болохоор би өөрийн хувцаснаасаа ангижирахыг хүсэв. Оройн хоол болтол цагийн хугацаа байна. Би ээжийн өгсөн цэнхэр даашинзыг тайлаад шүршүүрт оров. Би өмнө хэзээ ч шүршүүрт орж байсангүй. Энэ нь яг л зуны дулаахан бороонд зогсож байгаа мэт байлаа. Дараа нь бараан ногоон өнгийн өмд, цамц өмсөв.
Эцэст нь Мажын алтан зүүг санаад ойртуулан сайтар ажиглав. Эхлээд хэн нэгэн алтан шувууг түрүүлж урлаад цагаригт тогтоосон бололтой. Шувуу далавчныхаа үзүүрээр цагаригт торгоогдож байв. Би гэнэтхэн юу болохыг нь танилаа. Үглээ ятга шаазгай. Энэ бол Капитолийн нүүр лүү алгадсан хөгжилтэй шувуу байсан юм. Бослогын үеэр Капитол генетикийн хувьд өөрчлөгдсөн амьтдыг зэвсэг болгон ашиглажээ. Тэднийг гаж мутантууд гэх юмуу эсвэл зүгээр муттс гэдэг байв. Тэдний нэг нь онцгой шувуу болох үглээ ятга шаазгай бөгөөд хүний яриаг тогтоогоод давтах чадвартай билээ. Тэд шувуудийг Капитолийн дайсан хаана нуугдсан бүсэд тавихад үгийг тогтоосны дараа төвд нисэн ирж давтана. Эхэндээ хүмүүс Капитол ямар аргаар яриаг нь сонсоод байгаагүй мэдээгүй ч дараа нь юу болоод байгааг ойлгожээ. Ингээд босогчид Капитолд эцэс төгсгөлгүй худал хэлэн даажигнаж мангууруулах болсон аж. Төв хаагдахад шувууд алга болон үхэж үрэгджээ.
Гэсэн ч тэд алга болсонгүй. Үглээ ятга шаазгайны оронд шооч шаазгай хэмээх шинэ төрхтэй шувуу бий болсон бөгөөд исгэрэлтийг давтах чадвартай байлаа. Тэд үгийг тод хэлэхгүй ч хүний авианы хүнгэнэсэн өнгө болон хүүхдийн хашгирах чимээг давтаж чадна. Хамгийн гол нь тэд хүн шиг дуулж чаддаг байв. Ямар нэг уянгын дуу бш олон бадагтай бүхэл дууг эхнээс нь дуустал дуулж чадна. Зөвхөн чамд тэдэнд таалагдтал дуулах тэвчээр байх хэрэгтэй. Аав шооч ятга шаазгайнуудад их хайртай байлаа. Ойд ан хийх зуураа бүрдээ үргэлж хэцүү уянгалаг дуу дуулаад эелдэгээр жаахан хүлээхэд тэд үргэлж хариу дуулдаг байв. Гэсэн ч хүн бүрд тийм хүндэтгэл тохиолдоод байхгүй. Аавыг дуулах үед бүсийн бүх шувууд аниргүй болон сонсдог байв. Түүний хоолой үзэсгэлэнтэй хүчирхэг тод гэгээлэг нэгэн зэрэг уйлах инээхийг хүсч байгаа юм шиг амьдрал дүүрэн сонсогддог. Эцгийгээ үхсэнээс хойш би энэ шувуудын тухай мартсан… Одоо л жижигхэн шувууг харах үедээ сэтгэл тайвширах шиг болов. Яг л аавын минь нэгээхэн хэсэг намайг хамгаалж байгаа юм шиг. Би зүүг бараан цамцныхаа энгэрт хатгахад шооч ятга шаазгай өтгөн мододын дундуур нисэж буй мэт болов.
Эффи Тринкет намайг оройн хоолонд аваачихаар ирлээ. Би давчуу хонгилоор түүнийг даган гялалзсан модон хавтангаар доторлосон хоолны өрөө руу явлаа. Ширээн дээрх сав суулга нь хэврэгхэн хагарчихмаар ажээ. Пит Мелларк хэдийн ширээнд суугаад дэргэдэх сандал нь хоосон байв.
- Хеймитч хаана байна? гэж Эффи өөдрөгөөр асуув.
- Сүүлчийн удаа намайг харах үед зүүрмэглэхээр явлаа гэж байсан хэмээн Пит хэлэв. - Тиймээ өнөөдөр ч зүдэргээтэй өдөр байна шүү гэж Эффи Хеймитчийн үгүйд санаа амарсан янзтай хэлэхэд би буруутгасангүй.
Хэд хэдэн төрлийн хоолноос бүрдсэн оройн зоог ирлээ. Өтгөн луувангын шөл, ногооны зууш, хонины мах, төмсний нухаш, бяслаг, жимс шоколадтай бялуу байв. Эффи бидэнд өөр хоол ирэх учир гэдсэндээ зай үлдээхийг сануулж байсан ч би урьд нь ийм сайхан хоол идэж үзээгүй учир хэрэгссэнгүй. Хамгийн гол нь тоглоомд зориулан хэдэн фунт жин нэмэх хэрэгтэй байв.
- Эцсийн эцэст та хоёр маш сайн хүмүүжилтэй юм. Өнгөрсөн жилийн хос бүхнийг гараараа зэрлэг юм шиг идэж байсан. Энэ ч миний хоол идэх дурыг гутаасан шүү гэж Эффи биднийг үндсэн хоолоо дуусгахад хэлэв.
Өнгөрсөн жилийн хоёр бол Атирааны амьдралдаа хэзээ ч цадаж үзээгүй хүүхдүүд байсан тул хоолны ширээнд биеэ хэрхэн авч явсан явдалд гайхах хэрэггүй байлаа. Харин бидний хувьд өөр хүмүүс. Пит талхчины хүү бол, Прим бид хоёрт хутга сэрээ яаж хэрэглэхийг ээж сургасан. Гэсэн ч би Эффи Тринкетийн үгийг үзэн ядсандаа оройн хоолны төгсгөлийг гараараа идээд ширээний бүтээлгэнд арчсанд Эффи уруулаа чанга жимийлээ. Цадтал идсэн хойно бүгдийг нь гадагш гаргачихгүй байх хэрэгтэй болов. Пит бас цонхийсон харагдана. Ийм найр бидний гэдсэнд дасал болоогүй зүйл байсан юм. Гэсэн ч Тослог Сэйн өвөл голцуу хийдэг хархны мах, гахайн гэдэс, модны холтосоор хийсэн зүйлийг идэж сурсан болохоор үүнийг хийх чадвартай байлаа.
Бид өөр өрөөнд орж зурагтаар Панемын ургацын баярын сурвалжлага гаргахыг үзэв. Янз бүрийн бүсэд өөр цагт болсон ч Капитолийн талбай руу өөрийн биеэр ирэх шаардлагагүй оршин суугчдын хувьд бүгдийг дэлгэцээр шууд харах боломжтой байлаа.
Оролцогчдыг нэг нэгнийх нь араас нэр дуудан үзүүлэхэд заримдаа сайн дурынхан гарч байлаа. Бид өрсөлдөгчидийнхөө царай анхааралтай шинжин судлав. Зарим нь шууд санаанд хадгалагдан үлджээ. Хоёрдугаар бүсийн сайн дурын хүн байна уу гэж асуухад гарч ирсэн том биетэй хүү. Тавдугаар бүсийн шовх үнэг шиг царайтай алтан шаргал үстэй охин. Аравдугаар бүсийн доголон хүү. Арван нэгдүгээр бүсийн хар үс, бор арьстай Примтэй төстэй жижигхэн охин. Тэр бас арван хоёр настай байлаа. Түүнийг тавцан руу гармагц сайн дурын хүн байна уу гэж асуухад салхины исгэрэлт сонсогдом нам гүм болов. Хэн ч түүний оронд гарсангүй.
Хамгийн сүүлд арван хоёрдугаар бүсийг үзүүлэв. Примын нэрийг дуудмагц би сайн дураар урагш гүйн гарч ирээд түүнийг арагш татав. Миний хашгиралт сонсогдсонгүй. Би Гейл хэрхэн дүүг минь холдуулж өөрийгөө тавцан руу гарахыг харлаа. Дараа нь чимээгүй болов. Алга ташихаас татгалзсан нам гүм салах ёсны мэндчилгээ. Тайлбарлагч хэцүү байдалд оров бололтой. Арван хоёрдугаар бүс хөгжилөөр хоцрогдсон болохоор орон нутгийн заншил хадгалагдан үлдсэн байх гэж нэг үг хэлэв. Тэгтэл захиалсан юм шиг Хеймитч тавцан дээр унаж хөхрөлт хадав. Питийн нэрийг дуудахад чимээгүйхэн гарч ирээд бид хоёр гар барилаа. Дараа нь сүлд дуулал эгшиглэхэд хөтөлбөр төгсөв. Эффи Тринет хиймэл үс рүүгээ таагүйхэн харав.
- Танай зөвлөгч албан ёсны ёслол дээр биеэ яаж авч явах ёстойг сургана. Ялангуяа зурагтаар яаж гарах талаар.
Пит инээд алдав. - Тиймээ тэр согтуу байсан. Жил бүр уудаг юм.
- Өдөр бүр гэж би тодотгоод тэссэнгүй инээвхийлэв.
Эффигийн үгээр бол Хеймитч бүдүүлэг зан авираа хэдхэн зөвөлгөө өгснөөр засах боломжтой аж. - Тийм л дээ. Хачирхалтай нь энэ та хоёрт инээдтэй байгаа бололтой. Та нар зөвлөгч гадаад ертөнцтэй холбох ганц утас шүү. Бас та хоёрт зөвлөхөд ивээн тэтгэгч нар бэлэг илгээдэг юм. Хеймитч та хоёрын амьдрал үхлийг
шийдэж чадна! Энэ агшинд галт тэрэгний тасалгаанд Хеймитч найгасаар орж ирэнгээ,
- Би оройн хоолыг алгасчихсан уу? гэж сонирхоод үнэтэй хивс рүү бөөлжсөнөө дээр нь тэрийгээд уначихлаа.
- Инээцгээ, инээцгээ! гэж Эффи Тренкит мэдэгдээд шовгор өсгийтэй шаахайгаараа бөөлжисийг тойрон өрөөнөөс гарлаа.
Хоёр хормын турш Пит бид хоёр манай зөвлөгч хэрхэн заваан шингэн дунд өндийхийг оролдохыг харав. Бөөлжисний эхүүн үнэр архитай холилдон миний зүг ирлээ. Бид харц солилцов. Хеймитчийн тухай Эффи Тринкетийн хэлэн зөв байсан юм. Бид Хемитчийн гараас татан хөл дээрээ босоход туслав. - Би бүдэрчихсэн үү? Хөөх энэ үнэрийг ээ! гээд тэр алгаараа нүүрээ арчив.
- Бид таныг өрөөнд чинь аваачъя. Жаахан угаалга хийх хэрэгтэй гэж Пит хэлэв.
Хеймитч хөл дээрээ арай тогтож байсан тул бид түүнийг бараг чирж явлаа. Мэдээж энэ бохир биеийг хатгамалтай бүтээлгэн дээр хэвтүүлж болохгүй тул усан онгоц руу хийн шүршүүр гоожуулав. Тэр яасан ч үгүй. - Баярлалаа. Цаашаа би өөрөө гэж Пит хэлэв.
Би түүнд талархах сэтгэл төрсөн ч Хеймитчийн хувцсыг тайлан цээжин дээрх бөөлжисийг угаан ор луу нь хэвтүүлэхийг хүсч байв. Магадгүй Пит түүнд сайхан сэтгэл төрүүлснээр тоглоом эхлэхэд дуртай хүн нь болох гэсэн бололтой. Гэсэн ч Хеймитч маргааш нь юу ч санаж чадахааргүй байлаа. - За яахав. Магадгүй чамд туслуулахаар Капитолийн хэн нэгнийг дуудаж болох юм.
Тэд галт тэргээр дүүрэн байлаа. Биднийг хооллож, хүлээн, хамгаалж байв. Бидэнд санаа тавих нь тэдний ажил.
- Үгүй. Тэднээс хэн ч хэрэггүй. Би толгой дохиод өрөө лүүгээ явахдаа Питийн юу мэдэрснийг ойлгож байв. Би Капитолийн хүмүүсийн хараанд өртөөд зогсож байж чадахгүй. Бас Хемитч үүгээрээ багахан эсэргүүцэл илэрхийлсэн байж болох. Сонирхолтой нь Пит яагаад ийм халамжлангуй болчихив? Гэнэтхэн л тэр үргэлж эелдэг байсан юм шиг санагдав. Учир нь тэр надад талх өгсөн. Энэ бодол сэтгэл үймрүүлэв. Сайхан сэтгэлтэй Пит Мелларк өрөвдөх сэтгэлгүй нэгнээс илүү аюултай байлаа. Сайхан сэтгэлтэй хүмүүс чиний зүрхэнд нэвтрэх арга олж чадна. Гэсэн ч би үүнийг зөвшөөрөхгүй. Ямар ч гэсэн бидний явж байгаа газарт лав биш. Энэ мөчөөс эхлэн би талхчины хүүгээс холхон байхаар шийдэв. Намайг өрөөндөө эргэн орох үеэр галт тэрэг буудал дээр түлш авахаар зогсож байв. Би цонх түргэн онгойлгож Питийн эцгийн өгсөн жигнэмэгийг чулуудаад хаалаа. Хүсээгүй юм. Тэднээс юу ч хүсэхгүй байна.
Золгүй нь гэвэл боодолтой жигнэмэг газар унаад багваахай шиг задрав. Галт тэрэг хөдөлсөн ч би саарал цэцгийг
хоромхон зуур харав. Энэ нь надад сургуулийн хашаанд байсан өөр багваахайг санагдуулахад хангалттай байсан юм...
Хэдэн жилийн өмнө би Пит Мелларкын хөхөрсөн царайнаас эргээд багваахайг олж хармагц бүх зүйл өнгөрчихөөгүй юм байна гэдгийг ойлгосон. Би түүнийг энхрийлэн аваад гэр лүүгээ яарч билээ. Хувин аваад Примийн хамт нуга руу гүйсэн. Тэнд алтлаг цэцэг дүүрэн байлаа. Бид хашааны захаас хувин дүүрэн багваахайны ногоон иш, цэцэг түүв. Оройн хоолон дээр багваахайны зууш хийсэн. Бас Питийн өгсөн талх байлаа. Үдэш нь Прим,
- Бид дараа нь юу идэх вэ? Өөр хоол олдох болов уу? гэж асуув.
- Олдоно. Илүү ихийг гэж би амлав. Ээжид эмийн сангийн дэлгүүрийн ном нь хадгалагдан үлдсэн байв. Түүний хуучин хуудсууд дээр ургамал ногоог бэхээр зуран нь нэр ус байгаа газар болон хэзээ хайх ёстой, цэцэглэх үедээ ямар өвчинд тустайг бичсэн байдаг юм. Харин сул хуудсан дээр нь аав өөрийнхөө аргыг нэмэрлэн эмийн бус идэж болох ургамлыг бичсэн байв. Багваахай, зэрлэг сонгино, нарсны боргоцой гээд л. Прим бид шөнөжингөө эдгээрийг уншиж өнгөрүүлэв. Маргааш нь бид хичээлдээ явсангүй. Би нугын захаар жаахан эргэлдсэнээ дараа нь зүрхлэн хашаан доогуур шургахаар шийдэв. Би анх удаагаа тэнд эцгийн хамгаалалтгүй ганцаар байлаа. Би эцгийнхээ надад хийж өгсөн жижигхэн нум сум, саадаг хаана нуугаастай байгааг санаж байв. Тэр өдөр би ойд хагас зуун алхамаас илүү яваагүй юм. Ихэнхи цагаа хөгшин царсны мөчир дээр ямар нэгэн олз ирэх байх гэж найдан өнгөрүүлэв. Хоёр гурван цагийн дараа миний найдлага биелж туулай агналаа. Би өмнө нь эцгийнхээ гуйлтаар хэдэн туулай харваж байсан ч одоо бүхнийг өөрөө хийж байлаа. Тэр үед бид олон сарын турш мах идээгүй байсан тул ээж туулайг хармагцаа сэргэх шиг болсон. Босож арьсыг нь өвчөөд махыг нь Примийн түүсэн ногоотой жигнэсэн. Дараа нь ахиад л самуурсан төрхтэйгээр орондоо хэвтээд хоол бэлэн болох үед бид түүнийг идүүлэхээр ятгаж билээ.
Ой бидний аврагч болж би өдөр бүр улам зоригтойгоор ногоон тэвэр лүү нь алхаж байв. Би цаашид өлсөхгүй гэж хатуу шийдэн айдсаа шийдэмгийгээр ялсан. Би шувууны өндөг хулгайлж, загасанд тор тавин заримдаа хэрэм юмуу туулай харваж байлаа. Тэгтэл үнэхээр янз бүрийн ховор ургамалууд энд тэндгүй олдов. Тэдний олонхийг идэж болох байсан ч нэг л удаа алдахад өнгөрнө. Би ургамлуудыг үргэлж хоёр дахин шалгаж эцгийнхээ зурагтай тулгаж байв.
Бид амьд үлдсэн. Эхэндээ ямар нэг аюул заналхийлэн алсад улилт сонсогдох юмуу мөчир тасхийх болонд би хашаа руу ухасхийж байлаа. Дараа нь мод руу авиран зэрлэг нохдоос зугтаж сурав. Тэд дор отохдоо түргэн уйддаг юм. Баавгай, ирвэс ойн гүнд амьдарна. Магадгүй бүсийн эхүүн үнэр хөө тортог таалагддаггүй биз.
Таван сарын найманд би хууль зүйн байшинд очиж гарын үсэг зуран тессера аваад анхныхаа хувь блох талх, Примийн тоглоомон галт тэргэнд хийсэн тосыг авсан. Би одоо тэднийг сар бүрийн найманд авч байлаа. Тэгсэн ч ангаа орхисонгүй. Талхаар амьдрахад хангалттай байсангүй өөр бусад саван, сүү, утас зэрэг зүйлсийг худалдаж
авах хэрэг гарна. Амаа хөдөлгөх хоол олохын тулд би зээл рүү явж эхлэв. Анхны удаа түүн рүү ганцаараа явахад аймшигтай байсан ч эцгийг минь хүндэтгэдэг хүмүүс намайг хүлээн авсан. Олз бол олз л шүү дээ. Хэн түүнийг харвасан нь чухал биш. Түүнчлэн би хотод баян үйлчлүүлэгчтэй болохын тулд эцгийнхээ ярьсан хэдэн зүйлийг саналаа. Жишээлбэл махны худалдаачин зөвхөн туулай авахаас биш хэрмийг тоохгүй. Талхчин өөрөөр хэрэмд дуртай ч эхнэрээ дэргэд байхгүй үед худалдаж авна. Хамгийн гол нь журам сахиулагчид зэрлэг цацагт хяруул өгөх хэрэгтэй. Хотын даргад гүзгээлзгэнээс дээр юу ч байхгүй гэх мэт. Зуны сүүлчээр би нууранд угаалга хийж байх үед анхаарлыг минь уснаас цухуйсан ногоо татав. Гурван цагаан дэлбээ, өндөр сумны толгой шиг навчтай ажээ. Би усанд өвдөглөн суугаад хуруугаараа шавартай ёроолыг зөөлхөн төнхөж атга дүүрэн үндэс авлаа. Жижигхэн цэнхэр болцуу хэрвээ чанах юм бол төмсгүй орлож болно. <<Китнисс>> гэж би өөртөө чанга хэлэв. Энэ бол миний нэртэй ургамал байлаа. Тэгтэл эцгийн минь <<Чи хаана хайх мэдэх юм бол өлсөж үхэхгүй>> гэсэн хөгжилтэй хоолой сонсогдох шиг болж билээ. Би хэдэн цагийн турш цөөрмийг саваагаар төнхөхөд булцуунууд дээш хөвөн гарч ирж байлаа. Үдэш нь бид загас, Кэтниссийн үндсээр найрлаж удаан хугацааны дараа анх удаа цадлаа.
Ээж аажмаар амьдралд эргэн ирлээ. Тэр цэвэрлэгээ хийх юмуу хоол бэлтгэн миний өвөлд зориулан авчирсан хоолыг даршилж байв. Дараа нь хүмүүст эм бэлтгэв. Мөнгөөр өгөх юмуу өөр зүйлээр арилжиж байлаа. Нэг удаа бүр дуулж байх нь сонсогдсон юм. Прим түүнийг ахин амьдралд эргэн явдалд хязгааргүй баярласан ч би энэ бүхэн удаан үргэлжлэхгүй гэхээс айж болгоомжтой байлаа. Би түүнд итгээгүй. Миний дотор түүний сул дор хайнга занг үзэн ядах хэрцгий зүйл урган бий болжээ. Прим түүнийг уучилсан ч харин би үгүй. Бидний дунд өөр зүйл бий болж би хэзээ ч ээж хэрэггүй ханаар өөрийгөө хүрээлүүлсэн байв.
Одоо би үхвэл юу ч засаж чадахгүй өнгөрнө. Би өнөөдөр түүний шүүхийн байшинд яаж хашгирч байсныг саналаа. Гэсэн ч би түүнд хайртай гэж хэлсэн. Иймээс бүх зүйл тэнцвэржсэн байж болох.
Би цонхны өмнө зогсоод харахдаа ахин нээхийг хүссэн ч тийм хурдтай явж байхад юу тохиолдохыг мэдсэнгүй. Алсад өөр бүсийн гал жирэлзэн өнгөрнө. Долоо юм болов уу? Эсвэл арав уу? Би тэдгээр гэртээ унтахаар хэвтэж байгаа хүмүүсийн тухай бодлоо. Дараа нь цонхны хаалтаа буулгасан гэрээ төсөөлөв. Одоо Прим ээж хоёр юу хийж байгаа бол? Бид оройн хоолондоо жигнэсэн загас, гүзээлгэнэ үлдээсэн. Тэд идэж чадах болов уу? Эсвэл хүрэхгүй орхих юм болов уу? Аягүй бол хуучин зурагтаараа ургацыг давтахыг үзэж суугаа байх. Уйлаад л. Ээж тэсэх болов уу? Примийн төлөө. Үнэхээр ахин бүх ертөнцөөс тусгаарлагдаж хэврэгхэн дүүгийн минь мөрөнд хамаг ачаагаа үүрүүлэх юм биш биз?
Прим мэдээж ээжтэй унтахаар хэвтэнэ. Дэргэд нь хөгшин үнэнч муур зүүдийг нь манана. Энэ бодол намайг яльгүй тайвшируулав. Хэрвээ Прим уйлах юм бол тэр ойртож тайвшируулна. Би түүнийг живүүлээгүй нь сайн хэрэг дээ.
Гэрийн тухай дурсамж сэтгэлийг минь шаналгав. Өдөр төгсгөлгүй үргэлжилсээр. Гейл бид хоёр өнөө өглөө үнэхээр бөөрөлзгөнө идэж байсан гэж үү? Үүнээс хойш бүтэн зуун өнгөрсөн мэт санагдах ажээ. Хар дарсан зүүд болж хувирсан урт хугацааны зүүд мэт. Магадгүй би унтвал арван хоёрдугаар бүсдээ сэрэх байх. Шүүгээ дүүрэн унтлагын хувцас байсан ч би өмд цамцаа тайлж хаяад оронд шургалав. Торгомсог зөөлхөн даавуу арьс илбэн сэвсгэр тухтай хөнжил төөнөнө.
Хэрвээ би уйлвал одоо л үүнийг хийх цаг ирлээ. Өглөө нулимсынхаа орыг угааж арилгана. Гэвч нулимс гарсангүй. Дотор бүх зүйл халуу оргиж би хэтэрхий ядарсандаа гэртээ харихыг хүсч байсан ч галт тэрэгний намуухан бүүвэйлэлт дунд үүнийг мартав.
Намайг цонхны хөшигний завсар тусах саарал туяа болон хаалга тогших чимээ сэрээлээ. Тэгтэл Эффи Тринкетийн дуу сонсогдон <<Босоорой, босоорой! Биднийг маш чухал агуу өдөр хүлээж байна!>> гэлээ. Энэ эмэгтэйн толгойд юу орсон юм бол? Ямар бодол сэрэхэд нь түүнийг эзэмдэж байв? Шөнө юу зүүдэлсэн бол? Энэ талаар төсөөлөхөд бэрх байв.
Би оройны хувцсаа өмсөхөд цэвэрхэн хэдий ч шалан дээр хаясны улмаас бага зэрэг үрчийсэн байв. Хуруугаараа жижигхэн алтан шувууг илээд ойн тухай болон, эцгийнхээ тухай, ээж Прим хоёр юу хийж байгаа тухай бодлоо. Тэд миний үгүйд тэмцэж чадах болов уу? Би шөнө ээжийн ургацын өмнө гоёмсгоор сүлжиж өгсөн үсээ задлаагүй унтсан юм. Энэ нь муугүй л харагдаж байв. Үүгээр нь орхисон нь дээр биз. Удахгүй бүх зүйл хамаагүй болно. Би Капитолоос холгүй зайд байна. Хотод хүрэх үед миний үс нээлтийн ёслолд зориулсан юм шиг харагдах биз. Хэн нэгэн хоцрогдсон ертөнцийн маяг гэж бодохгүй гэж найдаж байна. Би вагон-ресторанд ороход дэргэдүүр Эффи Тринкет хараал бувтнан аяга халуун кофе бариад өнгөрлөө. Хеймитч инээд алдав. Түүний царай хөөж улайжээ. Пит дэргэд нь талх бариад ичсэн янзтай сууж байлаа.
- Алив суугаарай! Суугаарай! гэж Хеймитч даллав.
Намайг дөнгөж сандал дээр суумагц урд том тавиуртай хоол ирлээ. Гахайн утсан мах, өндөг, шарсан төмс, мөстэй домбонд хийсэн жимс, манай гэр бүлийг бүтэн долоо хоног хооллож хүрэхээр сагстай талх байлаа. Гоёмсог хийцтэй шилэн аяган дахь шаргал шүүсийг би зүржийн шүүс байх гэж бодов. Би зүржийг амьдралдаа ганц удаа аав шинэ жилээр бэлэг болгон худалдан авч өгөхөд идэж үзсэн билээ. Бас аяга кофе. Ээж кофе уух дуртай ч бид түүнийг байнга худалдаж авч чадахгүй тул сайн эсэхийг нь мэдсэнгүй. Зөвхөн гашуун амт халуу оргиулав. Түүн дээр нэмээд миний хэзээ ч харж байгаагүй хүрэн өнгийн шингэнтэй аяга байлаа.
- Энэ бол халуун шоколад. Их амттай гэж Пит тайлбарлав. Би өтгөн халуун шингэнийг залгилахад нуруугаар шоргоолж гүйх шиг болов. Маш амттай байсан тул би сүүлчийн дуслыг ууж дуусах хүртлээ бүх хоолоо мартлаа. Дараа нь гэдсэндээ сул зай үлдээхгүйг хичээн ам дүүрэн хоол чихэв. Нэг удаа ээж минь намайг хэзээ ч хоол харж байгаагүй юм шиг идэх юм гэж хэлсэн. Тэгэхэд нь би <<Хэрвээ би түүнийг гэрт авчраагүй бол ч>> гэж хэлсэн. Үүгээрээ түүний амыг хаасан билээ. Миний гэдэс хагарах гэж санагдахад хойшоо налаад урагш чимээгүйхэн ширтэв. Пит зүсэм талх халуун шоколаданд дүрж иднэ. Хемитч урдах тавиураасаа бараг юу ч авалгүй улаан шүүстэй аяганд нэмэрлэхээр тунгалаг шингэнтэй лонх авлаа. Спиртийн үнэр ханхлав. Би урьд нь Хемитчтэй ярилцаж байгаагүй ч зээл дээр атга дүүрэн мөнгө архины худалдагчид өгөхийг харсан. Биднийг Капитолд хүрэх гэж байхад тэр юу ч хэлээгүй л байв.
Надад Хемитчийг үзэн ядах сэтгэл төрөв. Манай бүсийн хүүхдүүд ялдаггүй нь гайхалтай хэрэг биш юм. Энэ бол хоол хүнсний дутагдлаас ч биш бэлтгэл дутагдсан явдал юм. Зарим нь үүнгүйгээр тэмцэх хангалттай хүчтэй байдаг. Бидэнд зөвлөгч шиг зөвлөгч, ивээн тэтгэгч байдгүйд хэн буруутай юм бэ. Баячууд боломжтой хүнийг
дуртай дэмждэг ч хэний толгойд Хемитчтэй хэлэлцээ хийх санаа төрнө гэж? - Та бидэнд зөвөлгөө өгөх үү? гэж би Хеймитчээс асуув.
- Одоохон өгчихье. Амьд үлд гээд Хемитч зэрлэгээр хөхөрлөө.
Би ямар нэг зүйл ойлгохоосоо урьд Пит рүү ширтээд нүдэнд нь хэрцгий оч тодрохыг хараад гайхав. - Маш инээдтэй байна. Гэхдээ бидний хувьд лав тийм биш гээд тэр Хеймитчийн аягыг огцом цохиход газар унаж хагараад цусан улаан шингэн асгарав.
Хеймитч агшин зуур Питын эрүү рүү дэлсэн сандлаас нь унагав. Тэр миний урд талын лонхтой руу сунгасан ч би лонх түүний гарын хоорондох зайд хутга шидэхдээ золтой л хурууг нь оночихсонгүй. Би хариу цохилт өгөхийг хүлээсэн ч Хемитч сандлынхаа түшлэгийг налаад биднийг нүдээ онийлгон ширтэв.
- Үүнийг юу гэж ойлгох вэ? Энэ жил үнэхээр надад хос дайчин оногдсон гэж үү?
Пит шалан дээрээс өндийгөөд жимстэй ваарны дороос мөс авч эрүүн дээрх улаан толбон дээрээ тавилаа. - Үгүй ээ хөхөрсөн толбоо үзүүлсэн дээр. Үзэгчид чамайг талбайд ирэхийн тулд өөр нэг оролцогчтой үзэлцэж гэж бодно.
- Энэ чинь хууль бус шүү дээ.
- Тэгсэн нь дээр. Тэгвэл чи зөвхөн үүний төлөө ч биш баригдахгүйн тулд зодолдсон болно гээд Хеймитч над руу эргэлээ.
- Алив хутгаар өөр юу хийж чаддагаа үзүүлээч?
Миний зэвсэг бол нум сум байлаа. Гэсэн ч хутга бас хэрэглэж чадна. Заримдаа суманд шархадсан амьтанд ойртохын өмнө хутга шидэн дуусгасан нь дээр байдаг юм Би Хеймитчийн анхаарлыг татахыг хүсч байсан тул энэ агшиныг ашиглан сэтгэгдэл төрүүлэхээр шийдэв. Би ширээн дээрээс хутгаа сугалан аваад ирнээс нь барьж эсрэг талын хана руу шидэхэд хүссэнчлэн хоёр хавтангын хоорондох зайд зоогдов.
- Та хоёр ийшээ зогс! гэж Хеймитч тушаагаад өрөөний дунд хэсэг рүү дохив.
Бид дуулгавартай зогсоход тэр биднийг тойрон зах дээр байгаа морь шиг чичилж, булчин шөрмөс тэмтэрч үзээд царай луу харав.
- Тийм ч найдлагагүй биш юм байна. Тэгээд ч үсний засалт чинь сэтгэл татам болгож.
Пит бид хоёр асуултгүй үүнийг ойлголоо. Үхлийн тоглоомд гоо үзэмж чухал биш ч ивээн тэтгэгчийг татахын тулд сайхан харагдах ёстой байв. - За яахав хэлэлцээ хийе. Хэрвээ миний уух юм уухад саад болохгүй гэвэл хангалттай эрүүл ухаантай болсон үедээ
та нарт туслая. Гэхдээ миний хэлснээр хийх ёстой шүү гэж Хеймитч хэлэв. Энэ нь тийм ч их зүйл биш байсан ч арван хормын өмнө байсантай харьцуулахад том алхам байлаа.
- Зөвшөөрч байна гэж Пит хэлэв.
- Тэгээд туслаач дээ. Биднийг талбайд хаях үед ямар нэгэн аргаар... - Бүгдийг шууд биш. Хоёр хормын дараа бид буудалд хүрнэ. Тэдний юу хийхийг хүсч байгаа нь та нарт таалагдахгүй гэдэгт итгэлтэй байна. Гэсэн ч юу ч байлаа гэсэн битгий эсэргүүцээрэй.
- Гэхдээ... - Ямар ч гэхдээ байхгүй. Хэлснээр минь хий.
Хеймитч ширээн дээр байсан лонхыг авч явав. Хаалга хаагдмагц харанхуй боллоо. Дотор бүдэг гэрэл улалзан гадаа ахин шөнө болсон мэт харанхуйлна. Бид уул нүхэлсэн гарцан доогуур явж байгаа бололтой. Дорно зүгээс Капитол руу хонгил нэвтлэн туулахаас өөр ямар ч арга байхгүй. Энэ газарзүйн давуу тал бүсүүд дайнд ялагдан миний оролцогч болсоны гол шалтгаан. Босогчид ууланд авирлаа ч гэсэн Капитолийн агаарын хүчинд хялбархан олз болно.
Пит Мелларк бид хоёр галт тэрэг харанхуйг нэвтлэх үед чимээгүйхэн байрандаа зогсож байлаа. Хонгил төгсгөлгүй мэт санагдахад хичнээн тонн хад биднийг тэнгэрээс тусгаарлаж байгаа бол гэж бодтол зүрх базлах шиг болов. Би дээрээс хөмөрсөн чулууг үзэн ядаж байв. Энэ нь уурхайд миний эцэг занганд байгаа мэт хаагдан нар үзэх найдлагагүй үүрд харанхуйд оршуулагдсаныг сануулсан юм. Галт тэрэг эцэст нь удааширч эхлэхэд тасалгаанд гэрэл дүүрэв. Пит бид хоёр тушаал авсан юм шиг цонх руу ухасхийн одоог хүртэл зөвхөн зурагтаар харж байсан Капитолийн эзмшилийн үндсэн хот болох Панемыг харлаа. Зурагтаар үзүүлдэгээс хамаагүй сүр жавхлантай харагдана. Нарны гэрэлд байшингууд солонгорон гялалзаж, агаарт цамхаг сүндэрлэн, өргөн гудамжинд гял цал машинууд холхилдож, этгээд малгай хачирхалтай хувцас өмссөн хэзээ ч өлсөж байгаагүй өнгөлөг хүмүүс. Өнгүүд нь бодит бус санагдан гүн ягаан, хурц ногоон, цайвар шаргал өнгөтэй бидний хэзээ ч худалдан авахыг мөрөөдөж байгаагүй үнэтэй дэлгүүрийн үзмэрийн цонх нүд өвдөм эрээлжилнэ.
Оролцогчдын галт тэрэг хотод орж ирэхэд хүмүүс таньсан бололтой бидний зүг заана. Би тэднийг хэрхэн улай үзсэн хэрээ шиг үхэл үзэхээр баярлаж байгааг хараад дотор муухайран холдов. Гэсэн ч Пит байрандаа үлдээд гараа даллан инээмсэглэж галт тэрэг буудалд хүрэх хүртэл олны нүднээс нуугдсангүй. Тэр миний хэрхэн ширтэж байгааг мэдэрсэн бололтой мөрөө хавчлаа.
- Хэн мэдэх юм бэ? Тэдний дундаас ивээн тэтгэгч олдох ч юм билүү.
Би түүний талаар алдаж байсан юм болов уу! Би Питийн тавцан руу гарсан мөчөөс эхлэн энэ үе хүртэлх бүх үйл хөдлөлийг саналаа. Нөхөрсөг гар барилт. Эцэг нь жигнэмэг өгч Примд туслана гэж амалсан... магадгүй Пит түүнийг өөрөө илгээсэн хэрэг юм болов уу? Буудал дээрх нулимс. Өчигдөрийн Хемитчэд санаа тавьсан ч өнөө
өглөө сайн хүү болох оролдлого нь бүтэлгүйтсэн. Харин одоо энэ цонхоор далласан мэндчилгээгээрээ цугласан олонд таалагдахыг хүсч байна.
Би түүний төлөвлөгөөг босгон томъёолов. Пит өөрийгөө үхэхийг зөвшөөрөхгүй. Тэр хэдийн амьд үлдэхийн төлөө тэмцэж эхэлжээ. Тиймээс ч надад талх бэлэглэсэн талчхины эелдэг хүү Пит Мелларк бүх хүчээ гарган алахыг хичээх биз. IV Шр-р-р-р! Би шүдээ зуухад Вениа гэдэг тэнгисийн давалгааны өнгийн үстэй, хөмсгөн дээрээ алтан шивээстэй эмэгтэй наалтуураар хөлийн үсийг хуу татан авснаа,
- Өршөөгөөрэй гэхдээ чи хэтэрхий их үстэй юм! гэж Капитолын тэнэг үгийн өргөлтөөр хэлэв. Тэд яагаад ийм тэнэг часхийсэн хоолойтой байдаг юм бол? Бас яагаад эрүү нь ярихдаа бараг нээгдэхгүй дандаа өгүүлбэрийнхээ төгсгөлийг асуултаар төгсгөдөг юм бол? Үгээ үеэр таслан <<С>> үсгийг исгэрэх мэт дуудах аж…
Вениа намайг өрөвдсөн янзтай нүүрээ үрчийлгэснээ,
- Чамд сайн мэдээ дуулгая. Энэ сүүлчийнх нь. Бэлэн үү? гэв. Би гараараа ширээний ирмэг барин суугаад толгой дохилоо. Зулга татсан өвдөлт миний өвдөгнөөс сүүлчийн үсийг суга татах шиг болов.
Би дахин сэргээгдэх төвд гурван цагийн турш суухдаа дизайнертайгаа уулзаагүй л байв. Тэр харваас Вениа болон бусад гишүүдээс бүрдсэн баг асуудлыг минь шийдэж дуусах хүртэл уулзахгүй бололтой. Эхлээд миний биеийг ширүүн үрүүлээр зүлгэн зөвхөн хир төдийгүй арьсны минь гурван давхаргыг арилгаад, хумсыг жигд хэлбэрт оруулан засаж, хамгийн гол нь биений үснээс салгах ажилд оров. Хөл, гар, их бие, суга тэр ч байтугай хөмсөгний талыг хүртэл мулз татсаны дараа би шарахад бэлэн зумлагдсан тахиа шиг болов. Бүх арьс түлэгдэж байгаа юм шиг халуу оргин өвдөж таагүй байлаа. Гэвч би Хеймитчийн хэлсэн үгийг биелүүлж эсэргүүцсэн нэг ч үг хэлсэнгүй.
- Чи их сайн байлаа. Бид гонгинодог хүмүүст дургүй. Түүнийг тосол! гэж Флавиус нэртэй уруулын будагтайгаа зохицуулан цайвар ягаан өнгийн хүрэм өмссөн хүн хэлэв.
Вениа, Октавиа хоёр өөр нэг цайвар ногоон өнгийн хувцастай махлаг эмэгтэйн хамт надад тос түрхэж зовж зүдэрсэн арьсыг минь тайвшируулав. Дараа нь ширээ рүү аваачаад түр өмсгөж байсан нимгэн нөмрөгөө тайллаа. Би нүцгэн зогсоод тэр гурав тойрон эргэлдэж чимхүүрээр биений үлдсэн үсийг түүж авж байхад хачирхалтай энэ гурав хүнээс илүү хөл тойрон тоншиж байгаа хачирхалтай шувуу шиг санагдсан болохоор ер ичсэнгүй. Эцэст нь тэд алхам ухран зогсоод хийсэн ажлын дүнгээ бахдан харав.
- Маш сайн байна! Чи одоо л бараг хүн шиг харагдаж байна! гэж Флавиус хэлэхэд тэд инээлдэв.
Би найрсаг бус санагдахгүйн тулд хүчээр инээмсэглэв. - Баярлалаа. Манай арван хоёрдугаар бүсэд сайхан харагдах нь ховор тохиолддог юм.
Энэ нь тэдний өрөвдөх сэтгэлийг миний талд эргүүлэв.
- Мэдээж шүү дээ, хөөрхий амьтан минь! гээд Октавиа намайг тэвэрлээ.
- Санаа зовох хэрэггүй дээ. Чамтай Цинна ажилласаны дараа бүр ч үзэсгэлэнтэй болно! гэж Вения урамшуулав. - Эргэлзэх явдалгүй! Одоо чиний бүх бохир үсийг чинь хуулсан болохоор тийм ч аймшигтай биш болсон! Явж Цинниг дуудъя гэж Флавия баяртай хэлэв.
Тэднийг өрөөнөөс гарахад би бэлтгэл багийнхнаа үзэн ядлаа. Хэдийгээр тэд дүүрчихсэн тэнэг амьтад ч гэлээ хачирхалтай нь надад үнэн сэтгэлээсээ туслахыг хичээж байсан юм. Би хүйтэн цагаан хана болон шал руу харж нөмрөгөө нөмрөхгүй байж арайхийн тэвчлээ. Тэгсэн ч миний дизайнер Цинна дор нь хуу татах биз. Би оронд нь бэлтгэл багийнхны цорын ганц хүрээгүй орхисон газар болох үсээ тэмтэрч үзэхэд ээжийн нямбайлан сүлжиж өгсөн гэзэг баригдав. Ээжийн. Би түүний цэнхэр даашинз, өсгийтэй гутлыг вагоны шалан дээр орхихдоо гэр орноо санагдуулах ямар нэг зүйл авах талаар бодоогүй. Одоо л би үүндээ харамсаж байлаа. Хаалга нээгдэн харваас Цинна бололтой залуу хүн орж ирэв. Түүний гадаад байдал маш энгийн байсан тул би өөрийн эрхгүй гайхширлаа. Зурагтаар ярилцлага өгөн гардаг ихэнхи дизайнерууд пластик мэс заслын ул мөр болсон нүүртэй хачин юмнууд байдаг. Гэсэн ч Цинна байгалаас заяасан богинохон тайрсан хүрэн үстэй ажээ. Мөн энгийн хар цамц өмд өмссөн байв. Гадаад төрхөндөө цорын ганц өөрчилсөн зүйл гэвэл нүднийхээ эргэн тойронд алтлаг тень түрхжээ. Иймээс Капитол болон тэдний дур гутам хэв загварыг жигшиж байсан би энэхүү алтлаг толбоноос цухуйх ногоон нүдийг хараад сэтгэл татагдахгүй байж чадсангүй. - Сайн уу, Китнисс. Би бол Цинна, чиний дизайнер гэж тэр Капитолийн үл мэдэг аялгаар тайван хэлэв.
- Сайн уу гэж би болгоомжтой дуугарлаа.
- Алив, юу хийж болохыг харцгаая. Цинна миний нүцгэн биеийг тойрон явж шинжин үзэхэд би цээжээ алгаараа дарахыг хүслээ.
- Хэн чиний үсийг самнаа вэ?
- Ээж. - Гайхалтай. Жинхэнэ сонгодог загвар. Чиний төрхтэй маш сайхан зохицож байна. Ээж чинь ухаалаг гартай юм.
Цинна миний төсөөлж байсантай санал нийлсэнгүй. Би түүний оронд намайг амтлахад бэлэн зүсэм мах шиг үзэж байгаа залуухан эрээн мяраан нэгнийг хүлээж байсан билээ. - Та саяхан ирсэн үү? Би таныг урьд нь харж байгаагүй юм байна. Оролцогчидтой ажилладаг ихэнхи дизайнерууд олонд алдартай байх тул би тэдний заримыг хүүхэд байхаасаа
мэдэх байлаа. - Тиймээ энэ миний тоглоомд оролцож байгаа анхны жил.
- Ийм учраас л таныг тэд арван хоёрдугаар бүсэд хуваарилсан байх нь.
Шинээр ирэгсэд ердийнхөөрөө бусдын авахыг хүсдэггүй хэсэгт оногддог юм. - Би өөрөө гуйсан юм. За халатаа нөмөрсөн хойно чинь яриагаа үргэлжлүүлье.
Би хувцаслаад Циннаг даган намхан ширээний ард хоёр тохилог буйдан сандал тавьсан өрөөнд орлоо. Өрөөний гурван хана хоосон агаад дөрөв дэхээр нь хотын байдал нэвт үзэгдэнэ. Өглөөний нарлаг тэнгэрт үүл бүрхэн ойролцоогоор үд дунд болж байлаа. Цинна намайг суухыг уриад эсрэг талд байр эзлэв. Тэр ширээн дээр байсан товчлуурыг дарахад тавцан гулсан нээгдэж өглөөний цайтай тавиур гарч ирэв. Зүсэм зүржээр амталсан цөцгийний сүмстэй тахианы дэгдээхэй, хачирт нь сувдан цагаан будаа, жижигхэн ногоон вандуй, сонгино, цэцэг хэлбэртэй талх, амттанд нь балын бялуу байлаа.
Ийм хоол гэртээ бэлтгэдэг бол сайхан хэрэг. Гэвч үнэндээ тахианы мах хэтэрхий үнэтэй болохоор зөвхөн зэрлэг цацагт хяруул олдож болно. Хоёр цацагт хяруул авлаад нэгийг нь зүржээр солино. Ямааны сүүг цөцгийний оронд ашиглаж, вандуйг ногооны талбайгаас авч болох бөгөөд зэрлэг сонгиныг ойгоос түүж болно. Харин будааны хувьд яахаа мэдсэнгүй бидэнд тессарны нормонд амтгүй хүрэн агшаамал өгдөг юм. Цэцгэн хэлбэртэй талхны хувьд талхчин руу явж хоёр гурван хэрэм өгч болох. Бялууны хувьд хамгийн хэцүү байсан болохоор яаж хийхийг нь төсөөлсөнгүй... Шаардлагатай бүх зүйлийг цуглуулахын тулд нэг бус өдрийг гарздах ч Капитолийн хоолны энд хүрэхгүй өрөвдөлтэй хэвээр үлдэх болно. Зөвхөн ширээн дээрх товчлуур дарахад хоол гарч ирдэг ямар гээчийн ертөнц вэ? Би бүгдийг тэгж хийдэг байсан бол хоол хүнс хайхын тулд хамаг цагаа ойд үрэх байсан гэж үү? Яагаад Капитолийн эдгээр хүмүүс өөрсдийгөө гоёж чимэглээд үхлийн үзүүлбэр үзэн хөгжилдөхийн тулд ээлжит оролцогчдыг ирэхийг хүлээж байдаг юм бэ?
Би дээшээ харахад Циннатай харц тулгарлаа. - Чи биднийг үзэн ядаж байгаа байх.
Энэ бүхэн үнэхээр миний царайд бичээтэй байна гэж үү? Эсвэл тэр бодлыг минь уншсан юм болов уу? Мэдээж түүний зөв байлаа. Энэ бүх бузар булай зүйлээс миний дотор муухайрч байв.
- За яахав энэ нэг их чухал биш. Тэгэхээр Китнисс чиний нээлтийн ёслолд өмсөх хувцасны тухай ярилцъя. Миний найз дизайнер Портиа чиний нутаг нэгт Питтэй ажиллаж байгаа. Бид та хоёрыг бүсийн онцлогыг тусгасан ижил загвараар хувцаслахаар шийдсэн гэж Цинна үргэлжлүүлэв.
Уламжлал ёсоор оролцогчид нээлтийн ёслол дээр бүсийнхээ үндсэн хэв загварыг илтгэсэн хувцас өмсдөг юм. Арван нэгдүгээр бүсэд хөдөө аж ахуй байдаг бол, дөрөвдүгээр бүсэд загасных, харин гуравдугаар бүс үйлдвэрийнх гэх мэт. Манай арван хоёрдугаар бүсийн хувьд нүүрсний уурхай байдаг нь дизайнеруудад зовлон болдог байлаа. Шуудай шиг хэлхгэр уурхайчины хувцас тийм ч сайхан харагдахгүй бөгөөд манай оролцогчид ердийнхөөрөө арвилан хэмнэсэн хувцас дээрээ чийдэнтэй малгай өмссөн байдаг. Нэг жил оролцогчид нүцгэн
биен дээрээ нүүрсний тоосыг төлөөлүүлэн хар нунтаг түрхсэн байсан. Үзэгчдийн таалалд нийцүүлэн үүнээс ч аймшигтай юм бодож олдог байлаа. Би муу зүйлд бэлтгэлээ.
- Тэгэхээр би уурхайчныг дуурайх уу? гэж аль болох хайхрамжгүй асуув.
- Яг ч тийм биш. Портиа бид хоёр нүүрсний уурхайчин хэтэрхий үеэ өнгөрөөсөн зүйл гэж бодож байна. Одоо үүнд хэн ч гайхахаа больсон. Харин бидний даалгавар бол арван хоёрдугаар бүсийн оролцогчдыг мартагдахааргүй болгох явдал.
Тэгтэл намайг нүцгэн байлгах нь гэсэн бодол толгойд зурсхийв.
- Тиймээс бид нүүрсний уурхайчин биш нүүрсэнд төвлөрөхөөр шийдсэн юм. Үгүй ер бас нүцгэн биен дээрээ хар тоостой байх нь.
- Бид нүүрсээр юу хийх вэ гэж үү? Шатаана! Чамайг галаас айдаггүй гэж найдъя, Китнисс? гээд Цинна миний нүүрний хувирлыг харснаа инээд алдлаа.
Хоёр цагийн дараа би тоглоомын бүхий л түүхэнд хамгийн гайхамшигтай эсвэл хамгийн үхлийн хувцсыг нээлтийн ёслолд зориулан өмсөв. Би шагайнаасаа хүзүүгээ хүртэл ердийн хар нийлэг эдээр хийсэн хувцас өмсөн, өвдөг хүрсэн гялалзсан савхин гутал углав. Бас шаргал, шар, улаан өнгийн дэрвэх туузан нөмрөг зүүж толгойны зүүлттэйгээ хослуулав. Цинна биднийг явахаас өмнө түүнд гал өгөхөөр төлөвлөж байв.
- Энэ бол жинхэнэ гал биш. Протиа бид хоёр бага зэрэг нийлэг эдийн гал нэмсэн. Ямар ч аюулгүй гэж Цинна ятгав. Гэсэн ч энэ намайг итгүүлсэнгүй бөгөөд хотын төвд хүрэхийн урьд дүрэлзэн шатах байх гэсэн бодол салж өгсөнгүй.
Миний царайд багахан будалт хийн хэдэн хөнгөн зураас татлаа. Үсийг минь ахин самнасан ч гэзгийг ердийн төрхөөр үлдээлээ. - Би танай бүсийнхэн чамайг таниасай гэж хүсч байна. Галт Китнисс гэж Цинна мөрөөдөнгүй хэлэв. <<Тэр зүгээр л галзуу юм байна. Үүнийг өөр юу гэж хэлэх билээ дээ>> гэж би бодлоо.
Өглөө Питийн ухаалаг төлөвлөгөөг тааварласнаа үл харгалзан би түүнийг мөн адил хүрэмтэй ирэхэд баяртай байв. Тэр эцсийн эцэст талхчины хүү болохоор галын тухай мэднэ шүү дээ. Түүнийг дизайнер Портиа бүлэг туслахынхаа хамт дагаж байсан бөгөөд бүгд хязгааргүй хөөрөн баярлажээ. Циннигээс бусад нь. Тэр баяр хүргэлтэнд ядрангуй инээмсэглэв.
Биднийг цахилгаан шат аварга том жүчээ мэт барилгын доод давхарт хүргэлээ. Нээлтийн ёслол удахгүй эхлэнэ. Оролцогчид хосоороо дөрвөн морь хөллөсөн тэрэг унах байв. Манай морьд нүүрсэн хар өнгөтэй байлаа. Тэдгээр сургуультай болохоор жолоочийн хэрэггүй хаашаа явахаа сайн мэдэх аж. Цинна, Портиа хоёр бидэнд тэргэн дээр яаж босохыг зааж өгөөд нөмрөгийг минь засав. Дараа нь холдоод өөр хоорондоо зөвлөлдлөө.
- Чи юу гэж бодож бйна? Галын тухай? гэж би Питэд шивнэв. - Хэрвээ би чиний нөмрөгийг урвал чи минийхийг салгаарай гэж тэр шүд зуун хэлэв.
- Тохирлоо гэж би зөвшөөрөв. Магадгүй бид гал авалцаж амжаагүй байхад нөмрөгөөсөө салж болох юм. Гэсэн ч сайн зүйл бага байлаа. Биднийг түлэгдсэн эсэхийг үл харгалзан бүсэд хаях л болно. - Бид Хеймитчийн үгийг дагана гэж амласан ч үүнийг хэлсэн гэж бодохгүй байна.
- Ингэхэд Хеймитч хаана байна? Тэр ийм тохиолдлоос биднийг хамгаалах ёстой биз дээ? гэж Пит саналаа.
- Хеймитчгүйгээр байсан нь илүү аюулгүй. Тэр цул спирт ханхалсан болохоор дорхноо дүрэлзэнэ гэж би эсэргүүцлээ. Бид инээлдэв. Тиймээ биднийг тоглоомд галт бамбар болгохоор шийдсэн нь гайхалтай биш!
Нээлтийн хөгжим эхлэхэд эндээс Капитолын орчинд дэлбэрэх чимээ сайн сонсогдож байлаа. Бидний өмнөх нүсэр хаалга нээгдэн хоёр талаараа хүмүүс эгнэн зогссон гудамж ил гарав. Бүх явалт хорин минутыг эзлэх бөгөөд дугуй талбайд хүрэхэд мэндчилгээний сүлд дуулал эгшиглэж тоглоом эхэлтэл хорих Бэлтгэлийн төвд хүргэснээр дуусах юм.
Цасан цагаан морь хөллөсөн эхний тэргэнд нэгдүгээр бүсийнхэн суужээ. Тэд үнэт чулуу гялалзсан мөнгөлөг хувцас өмссөн нь сүр жавхлантай харагдаж байв. Нэгдүгээр бүс Капитолийнхонд гоо сайхнаар гайхуулахаар шийдсэн бололтой. Тэднийг гарахад үзэгчдийн орилох сонсогдов. Хоёрдугаар бүс тэдний дараа байрлал эзлэв. Хэдэн хормын дараа бидний ээлж ирэн хаалга руу дөхөхөд тэнгэр үүлшин бүрхэж бүрий болжээ. Арван нэгдүгээр бүсийн оролцогчид хөдлөв үү үгүй юу Цинна бидэн рүү галт бамбар барин гүйж ирснээ,
- За боллоо гээд эсэргүүцэж амжихаас өмнө шатаагаад хэлэв. Би айдаст автан давхийсэн ч хачирхалтай нь халуун биш хөнгөхөн гижиг хүрэхийг мэдэрлээ. Цинна тэрэг рүү авиран толгойн чимэгийг асаагаад санаа амран <<ажиллаж байна>> гэж хэлэв. Дараа нь эрүүг минь зөөлхөн өргөж,
- Толгойгоо өргө! Инээмсэглэ. Тэд та нарыг хайрлах болно! гэв. Тэгснээ тэрэгнээс үсрэн буумагц ямар ч нэг зүйл санав бололтой хашгирсан ч хөгжмийн чимээнд дарагдав. Тэр ахиад л гар занган хашгирав.
- Тэр юу хүссэн юм бол? гээд би Пит рүү эргэтэл түүний хувцаснаас нүд гялбам галын дөл цацрав. Би бас тэгж байгаа байх даа. - Тэр биднийг гараасаа барилц гээд байх шиг байна гээд Пит баруун гараараа минийхийг барив.
Цинна урамшуулангуй толгой дохиод эрхий хуруугаа өргөв. Энэ бол миний хот руу явахын өмнө хамгийн сүүлчийн харсан зүйл байлаа.
Биднийг гарахад үзэгчид түгшин дуу алдсанаа гайхан бахадсан баяр хөөрийн давалгаа дэлбэрлээ. <<Арван хоёрдугаар бүс! Арван хоёрдугаар бүс!>> Бүгдийн харц бидний зүг чиглэж үлдсэн тэрэгнүүд мартагдав. Би аварга том зурагтын дэлгэцэн дээр гарч ирэхийг минь үзүүлэхийг харав. Үдшийн бүрэнхийд царай галын гэрэлд туяарч, нөмрөгнөөс галан мөр үлдээж буй мэт оч цацран бид гайхамшигтай сайхан харагдаж байлаа. Цинна багахан будалт хийсэн нь сайн хэрэг. Бид бүрэн танигдахаар болжээ.
<<Толгойгоо өргөөд инээмсэглэ. Тэд та нарыг хайрлах болно!>> гэсэн Циннагын үг толгойд сонсогдов. Би эрүүгээ өргөөд нүүрэндээ ялгуусан инээмсэглэл тодруулж сул гараа даллав. Ашгүй дэргэд Пит хад шиг бөх зогсож тэнцвэр алдуулахгүй байхад туслав. Би аажмаар өөртөө итгэлтэй болж үзэгчидэд агаарын үнсэлт илгээв. Капитолийнхон хөөрсөндөө ухаан алдах шахан бидний зүг цэцэг шидэн нэрсийг минь дуудаж байлаа. Чих дөжрөм хөгжим, хашгиралт, алга ташилт миний цусыг хөөргөж баяр хөөр эзэмдэв. Циннад надад томоохон давуу тал олгосонд баярлалаа. Бүгд Китниссийг санаж байх болно! Галт Китнисс!
Миний өмнө анх удаагаа найдлага сүүмэлзэв. Одоо нэг ч гэсэн ивээн тэтгэгч олдоно гэдэгт найдаж байна! Харин энэ нь бидэнд хоол хүнс, зохистой зэр зэвсэг гээд цааш тэмцэхэд шаардлагатай багагүй тусламж өгөх байлаа. Хэн нэгэн над руу гал улаан сарнай шидэв. Би түүнийг барьж аваад үнсэж өгсөн хүний зүг буцаан шидэхэд зуугаад гар түүнийг барихаар дээш өргөгдөв.
<<Китнисс! Китнисс!>> гэж эргэн тойрон цуурайтан бүгд миний үнсэлтийг хүлээж байлаа. Биднийг дугуй талбайд хүрэх үед Питээс чанга барьсан гар хөшиж мэдээ алджээ. Би гараа суллан татаж авахыг хичээсэн ч Пит тавьсангүй.
- Хэрэггүй битгий ав. Гуйж байна. Тэгэхгүй бол би унах нь байна гээд түүний цэнхэр нүдэнд галын оч гялсхийв.
- Сайн байна гээд би барьсан хэвээр үлдсэн ч Цинна биднийг яагаад холбосон явдалд гайхлаа. Биднийг бүсэд хаямагц үхлийн дайсан болно шүү дээ.
Арван хоёр тэрэг талбайг гогцоорон эргэлдэв. Зэргэлдээх байшингийн цонхоор Капитолийн дээд зиндааны үзэгчид дүүрэн байв. Тэрэгний морьд биднийг ерөнхийлөгчийн тагтны дор аваачихад хөгжим зогслоо.
Ерөнхийлөгч болох туранхай жижигхэн бие, цагаан үстэй эрэгтэй тагтнаас бидэнд албан ёсны мэндчилгээ илгээв. Уламжлал ёсоор зурагтын дурангууд оролцогчдын царайг үзүүлж байв. Бүхий л ёслол дээр ингэдэг байсан юм. Би дэлгэцэн дээр хэнд хүндэтгэл оногдож байгааг харлаа. Бүрэнхийд бидний гялалзах нь улам хүчтэй болж бүгдийн харцыг булааж байв. Үндэсний сүлд дуулал эгшилэхэд дурангууд бусад хосуудыг түргэхэн гүйлгээд арван хоёрдугаар бүсийн тэргийг нүд салгалгүй дагалдахад жагсаалаараа эцсийн удаа тойрог хийн бэлтгэлийн төвийн хаалгаар орлоо. Хаалга хаагдав уу үгүй юу биднийг бэлтгэл багийнхны чимээ шуугиан хүрээлж баяр хүргэлт цуурайтав. Бусдаасаа тодорсон явдалд оролцогчид бидний зүг таагүй хялайж харагдана. Цинна, Портиа хоёр биднийг тэрэгнээс
буулгахад туслаад болгоомжтойгоор асаж буй толгойн зүүлтийг салгаж авлаа. Портиа галыг унтраахын тулд савтай зүйлээр шүршив.
Би Питийн гарыг барьж байгаагаа анзаараад арайхийн сугалан авч хоёул гартаа мэдээ оруулахын тулд хөдөлгөв.
- Намайг тавиагүйд чинь баярлалаа. Хариугүй унах шахсан шүү гэж Пит хэлэв. - Үнэн үү? Хэн ч ажиглаагүй байх.
- Тэднийг чамаас өөр юу ч ажиглаагүй гэдэгт итгэлтэй байна. Чиний нүүрнээс гал бадарч байгаа юм шиг байсан гээд тэр ичингүйрэн инээмсэглэхэд би түүнээс дулаан мэдэрлээ.
<<Тэнэг байх хэрэггүй. Тэр зөвхөн чамайг яаж дуусгахаа бодож байгаа. Чи ингэснээрээ хялбархан өөш байх болно. Тэр чамд таалагдах тусмаа илүү аюултай>> гэж би өөрөө хэлэв.
Гэсэн ч яагаад түүнтэй тоглож болохгүй гэж? Би өлмий дээрээ өндийн хацар дээр нь үнслээ. Яг хөхөрсөн толбон дээр нь. V Сургалтын төв хэмээх өндөр цамхаг оролцогч нарыг бэлтгэх зориулттай аж. Бид тоглоом эхлэх хүртэл энд амьдрах бөгөөд бүс болгонд зориулан бүтэн давхар олгосон тул цахилгаан шатанд ороод өөрийн дугаартай товчыг дарахад болно. Санахад тун амархан.
Би арван хоёр дугаар бүсийн шүүхийн байшинд ердөө хоёр удаа цахилгаан шатаар явж үзсэн байсан юм. Эхнийх нь эцгийнхээ үхэлд зориулан олгосон медаль авах болон ургацын орой гэр бүлийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэх үедээ. Гэхдээ тэр цахилгаан шатны өмхий харанхуй өрөөнд муудсан сүү ханхалж байсан. Харин эндхийн цахилгаан шатны хана шилээр хийгдсэн болохоор дээшлэх тутам нэг давхарт байгаа хүмүүс шоргоолж шиг жижигхэн харагдана. Сайхан хэрэг. Би хөхүүнээр Эффи Тринкетээс ахин явж болохыг асуух гэснээ хэтэрхий хүүхдийн сонсогдох байх гэж айлаа.
Эффигийн үүрэг бол биднийг Капитолд хүргээд зогсохгүй Хеймитч тэр хоёр бүсэд хүрэх хүртэл хянах ёстой байв. Гэсэн ч галт тэргэнд туслахаар амалснаас хойш Хеймитч бараа сураггүй алга болжээ. Аягүй бол хөл дээрээ тогтож чадахгүй байгаа биз. Харин Эффи Тринект эсрэгээрээ далавчтай юм шиг нисэж байлаа. Анх удаагаа түүний дагалдсан оролцогчид нээлтийн ёслолд шуугиан тарьсан учир бидний хэр харагдаж байсан болон биеэ хэрхэн авч явж байсан тухай хөөрөн ярив. Эффигийн ярьснаар бол Капитолийн хүн бүр өдөржингөө бидний тухай ярьж ивээн тэтгэгч болохоор өрсөлдөж байгаа юм байх. - Хэдийгээр Хеймитч та нарыг яахаар төлөвлөж байгаа тухайгаа яриагүй ч гэлээ би чадахаараа хичээж байна гээд тэр нүдээ онийлгосноо,
- Китнисс хэрхэн өөрийгөө дүүгийнхээ өмнөөс золиослож бүсийнхээ бүдүүлэг байдлыг амжилттайгаар эвдсэн тухай ярьсан гэв. Бүдүүлэг гэнэ ээ? Энэ эмэгтэй хорон егөөдлөөрөө юу гэж хэлэх гэсэн юм бол. Эвдсэн гэдэг чинь юу гэсэн үг вэ? Өөрийгөө ширээнд авч явах соёл уу?
- Надад урьдаас тогтсон зүйлийг эвдэх шаардлага гарсан. Та нар чинь нүүрсний бүсийнх шүү дээ. Би тэдэнд маш ухаалгаар <<Хэрвээ та нар нүүрсэнд хангалттай даралт үзүүлэх юм бол сувд ч болгон хувиргаж гэж хэлсэн!>> гээд Эффи баясан инээмсэглэхэд бидэнд түүний ухаалаг үгийг магтахаас ондоо зам үлдсэнгүй.
Нүүрс хэзээ ч сувд болж хувирахгүй. Сувд хясаан дотроос ургадаг. Магадгүй алмаз байж болох юм. Гэсэн ч энэ бас худал. Би нэгдүгээр бүсийнхэнд бал чулууг алмаз болгон хувиргадаг машин бий гэж сонссон. Харин бидэнд бал чулуу байхгүй. Тэднийг устгах хүртэл энэ арван гуравдугаар бүсийнхний ажил байсан билээ.
Сонирхолтой нь түүний биднийг магтсан хүмүүс бас тэгж бодсон болов уу? Эсвэл тэдэнд ямар ч ялгаагүй болов уу?
- Харамсалтай нь би та нарын ивээн тэтгэгчийн гэрээнд гарын үсэг зурж чадахгүй. Зөвхөн Хеймитч үүнийг чадна гэж тэр гунигтай хэлснээ,
- Санаа зовох хэрэггүй дээ! Би түүнийг шаардлагатай бол ширээ рүү буу тулгаж байгаад аваачина гэв.
Хэдийгээр тэр гялалзсан ухаантай биш ч гэлээ би Эффи Тринектийн шийдэмгий байдлыг гайхан биширлээ. Миний орсон өрөө бүхий л гэрээс минь том байв. Галт тэргэнд байсантай адил тансаг бөгөөд олон тооны автомат хэрэгслүүдийг ажиллуулахын тулд би арай ядан учрыг нь олж байлаа. Зөвхөн шүршүүрийн самбар л гэхэд усны халуун хүйтэн, даралт, саван, шингэн саван, үнэр, анхилуун үнэртэй тос болон иллэгний угаагч сонгох гээд зуугаад янзын сонголттой байсан юм. Шалны дэвсгэр дээр гишгэв үү үгүй юу халаагуур ажиллан бүх бие хатаалаа. Ширэлдсэн үстэйгээ зууралдахын ороход толгойгоо хайрцагт шургуулахад дор нь хатааж зангилааг нь гарган самнасан нь мөр даган гялалзсан хөшиг шиг асгарлаа. Хувцасны шүүгээнд надад зориулсан хувцас байв. Цонх тушаалаар нээж хаагдан хотын үзэмжийг үзүүлнэ. Аварга том цэснээс сонгон утасны харилцуурт шивнэх төдийд уур савссан халуун хоол ирнэ. Би өрөөн дундуур холхин галууны элгэн хачиртай талх идэж байтал хаалга цохин Эффи оройн хоолонд дуудлаа.
Сайн байна. Би яг өлсөж байсан юм. Намайг гуанзанд ороход үед Пит, Цинна, Портиа нар тагтан дээр зогсоод хотын гадна үзэмжийг харж байв. Би ялангуяа Хеймитчийг ирэхийг сонссоны дараа дизайнеруудыг харсандаа баяртай байлаа. Хэрвээ хоолны ширээнд зөвхөн Эффи, Хеймитч хоёр байвал сүйрэл гэсэн үг. Гэсэн ч одоо хоол чухал биш гол нь бидний ирээдүйн төлөвлөгөөг ярилцах байсан бөгөөд Цинна, Портиа хоёр хэдийн чадварлаг мастерууд гэдгээ үзүүлсэн билээ. Цагаан цамцтай үйлчлэгч залуу шилэн хундагатай дарс чимээгүйхэн авчрав. Би татгалзахыг хүссэн ч гэнэтхэн үзээд алдвал яасан юм гэж бодлоо. Би урьд нь зөвхөн ээжийн дарсыг уугаад ханиалгахыг харж байсан билээ. Балгахад исгэлэн амттай гашуун байсан тул халбага бал нэмсэн бол муугүй болохсон гэж бодлоо.
Хеймитч хоол тарааж эхлэх үеэр ирэв. Тэр цэвэрхэн сайхан хувцасласныг бодвол түүнтэй бас дизайнерууд ажилласан бололтой. Бас урьд өмнө харж байгаагүй эрүүл байв. Тэрбээр санал болгосон дарснаас балгаад шөлөө ууж эхлэв. Би өмнө нь түүнийг зөвхөн уухыг харснаас биш идэхийг харж байсангүй. Магадгүй тэр үнэхээр бидэнд өгсөн амлалтаа биелүүлэх гэж байгаа юм болов уу?
Цинна, Портиа хоёр Хэймитч, Эффи хоёрын дэргэд биеэ хамаагүй соёлтой авч явж байв. Гэсэн ч хоорондоо эелдэг харьцах агаад тэд дизайнеруудын гаргасан амжилтанд баяр хүргэв. Тэднийг ярилцаж байх зуур би хоолонд төвлөрлөө. Мөөгтэй шөл, жижигхэн улаан лооль бүхий исгэлэн ногоо, үхрийн шарсан мах, ногоон сүмстэй гоймон, аманд ормогц хайлдаг бяслаг байлаа. Үйлчлэгч нар цагаан хувцастай залуу хүмүүс байсан бөгөөд ширээнд чимээгүйхэн үйлчлэн хундага дүүргэж, тавагтай хоол сольж байв. Аяганы тал хоосорсон хойно толгой үл мэдэг эргэлээ. Энэ нь надад таалагдаагүй учир удахгүй зүгээр болно гэж найдав. Хеймитч яаж өдөржингөө ийм зүйл уугаад явж чаддаг байна?
Би яриа хувцасны тухай шилжих үед оролцохыг хүссэн ч үйлчлэгч охин ширээнд гайхалтай сайхан бялуу авчирлаа. Бялуу агшин зуур дүрэлзэхэд дөл хүрээг нь долоон гүйв.
Би хормын төдийд тээнэгэлзсэнээ, - Юугаар шатааж байгаа юм? Спирт үү? гээд охин руу харан,
- Энэ миний сүүлд... Өө, би чамайг мэдэх юм байна! гэв.
Би түүнийг нэр болон хаана харснаа санасангүй ч гарцаагүй харсан байлаа. Улаан хүрэн өнгийн үс, тодхон нүүрний хэлбэр, шаазан шиг цагаан арьс. Гэсэн ч үг хэлж амжихаас урьд миний дотор айдас гэмшилд автан агших шиг болов. Түүнтэй холбоотой сайнгүй дурсамж байсан ч санаж чадсангүй. Миний эвгүйцэн тэвдсэн төрхийг хараад охины царайд айдас хуралдав. Тэр үгүйсгэн толгой сэгсрээд ширээнээс яаран холдлоо.
Би ширээ рүү эргэхэд насанд хүрэгсэд нүдээ томруулан харж байлаа. - Китнисс энэ чинь инээдтэй биш байна шүү. Чи авоксуудыг хаанаас мэддэг юм бэ? Хаанаас чиний толгойд оров? гэж Эффи зандарлаа.
- Авокс гэнээ? хэмээн би дүйнгэтэн асуулаа.
- Гэмт хэрэгтэн. Тэдний хэлийг шийтгэл болгон огтолсон байдаг. Ямар нэг төрлийн урвалт байх. Чи түүнийг таних боломжгүй гэж Хеймитч тайлбарлав.
- Хэрвээ мэдэж байсан ч тушаал өгөхөөс бусдаар харилцах хориотой. Мэдээж чи түүнийг мэдэхгүй гэж Эффи нэмэрлэв.
Гэсэн ч би түүнийг мэднэ. Хеймитчийг урвагч гэж хэлмэгц би хаана харснаа санав. Гэсэн ч энэ миний урьд өмнө ярьж байгаагүй таагүй зүйл байлаа.
- Тиймээ би магадгүй тааварласан бололтой. Зүгээр л... гэж би яахаа мэдэхгүй ээрэв.
Пит хуруугаа инчдээд, - Делли Картрайт. Түүнтэй төстэй! Би ч гэсэн танил харагдаж байна гэж бодсон. Яг л түүний хуулбар нь юм гэв.
Делли Картрайт бол цонхигор царай, шаргалдуу үстэй манай үйлчлэгчээс илүү эмгэн хумс, эрвээхэйтэй төстэй харагдахаар болхи охин билээ. Гэсэн ч ертөнцийн хамгийн нөхөрсөг охин болохоор сургууль дээр хүн бүртэй инээмсэглэн мэндэлдэг байлаа. Надтай хүртэл. Харин улаан хүрэн үстэй охин инээмсэглэж байхыг би хэзээ ч хараагүй… Тэгсэн ч Питийн санал болгосонд баярлан,
- Тиймээ, үнэн. Би түүнтэй андуурчихаж. Магадгүй үснээс нь болсон байх гэв. - Нүд нь ч гэсэн адил гэж Пит дэмжихэд ширээний уур амьсгал зөөлөрлөө.
- Өө, сайн байна. Бүгдийн учир олдлоо гээд Цинна,
- Тиймээ энэ спирт болохоор шатаж байгаа юм. Би чиний галт үзүүлбэрт зориулан онцгойлон захиалсан гэв. Оройн хоолоо дуусаад бид зочны өрөө лүүгээ явж нээлтийн ёслолыг давтахыг үзлээ. Хэдэн хос муугүй харагдаж байсан ч бидэнтэй эн зэрэгцэхээргүй байв. Бид хаалгаар гарч ирэхээ хараад өөрсдөө хүртэл дуу алдлаа.
- Гарнаас барих хэний санаа байсан бэ? гэж Хеймитч сонирхов.
- Цинна гэж Портиа хэлэв. - Сайн бодож. Жаахан эсэргүүцсэн өнгө аястай юм.
Эсэргүүцсэн гэнэ ээ? Би хэсэг зуур энэ тухай бодлогширсноо бусад оролцогчид нэг нэгэндээ хүрэх нь байтугай дэргэдээ огт байхгүй юм шиг зогсож байсныг санаад Хеймитч юу хэлэх гэснийг ойлголоо. Бидний гараа нэгтгэсэн нөхөрлөл асаж буй хувцаснаас дутуугүй онцгой харагдуулжээ. - Маргааш өглөө эхний бэлтгэл шүү. Өглөөний цайны үеэр уулзаж цааш юу хийх ёстойг чинь хэлье гээд Хеймитч Пит бид хоёрт хандан,
- Одоо насанд хүрэгчдийг ярьж байх үед жаахан унтаж амар гэв. Бид хонгилоор өрөө лүүгээ явлаа. Намайг хаалганд хүрэх үед Пит анхаарлыг минь татан сатааруулав.
- Тэгэхээр Делли Картрайт ихэр болсон юм биз дээ?
Тэр тайлбар хүлээж байсан тул би бараг л өгөх шахлаа. Бид хоёул түүний намайг аварсныг ойлгож байв. Ингээд ахин өр. Хэрвээ би түүнд охины тухай үнэнийг хэлвэл нимгэрэх байх. Надад энэ хор учруулах болов уу? Би ердөө гэрч шүү дээ.
Хэрвээ бодоод үзвэл би өөрөө ч охины тухай ярилцахыг хүсч байлаа. Хэн нэг намайг ойлгох хүнтэй. Үүнд бүхнээс илүү Гейл тохирох байсан ч түүний барааг ахин харна гэж үү? Энэ нь Питэд давуу тал олгож байсан ч би хаанаас эхлэхээ мэдсэнгүй. Магадгүй хуваалцсанаараа түүнийг анд нөхрөө гэж үзэн итгэж байгаа хэрэг байж болох юм. Гэсэн ч хэлгүй охины тухай бодол аймшигтай байлаа. Тэр энд яагаад байгаа болохыг минь сануулсан. Би гоёмсог хувцсаар гангалан, амттай хоол идэхийн төлөө биш үзэгчдийн шаардаж байгаа цуст тулааныг үзүүлэн алуурчин болохын төлөө ирсэн.
Хэлэх үү болих уу? Толгой дарсанд манарсан хэвээр байсан тул хоосон хонгил руу хариулт олдоно гэж найдсан мэт харав.
Пит миний эргэлзсэнийг бололтой.
- Чи дээвэр дээр гарч үзсэн үү? гэхэд би толгой сэгсэрлээ. - Цинна намайг аваачсан. Тэндээс бүх хот харагдаж байсан. Жаахан салхины шуугиантай юм билээ.
Тиймээ магадгүй тэнд хэн ч биднийг сонсохгүй байх. Надад биднийг дагаад ч байгаа юм шиг мэдрэмж төрөв.
- Тийшээ зүгээр л гарч болно гэж үү? - Тэгэлгүй яахав. Явцгаая.
Би Питийг даган шатаар өгсөж дээвэр лүү гарлаа. Энэ нь гадагшаа гарах гарц бүхий жижигхэн пөмбөгөр оройтой өрөө байв. Биднийг үдшийн сэрүүн агаар угтан авах үед сэтгэл сэргэлээ. Капитол лааны дөл асаасан аварга том талбай шиг анивчин гялалзана. Арван хоёр дугаар бүсэд цахилгаан зөвхөн өдрийн цагаар ирдэг учир үдшийг ихэнхидээ лааны гэрэлд өнгөрүүлнэ. Зөвхөн зурагтаар тоглоомын тухай гарах юмуу албан ёсны чухал мэдэгдэл хийх үед цахилгаан ирдэг. Гэтэл энд хэмнэсэн зүйлгүй байв.
Бид дээврийн ирмэг рүү очоод дүүрэн хүн хөлхөж байгаа гудамж руу харлаа. Машин хүнгэнэн, хачирхалтай төмөр жингэнэх сонсогдоно. Арван хоёрдугаар бүсэд одоо бүгд унтаж байгаа. - Би Циннагаас биднийг яагаад энд авчирсныг асуусан асуусан. Зарим оролцогчын толгойд доош үсрэх санаа орж болно шүү дээ.
- Тэр тэгээд юу хэлсэн бэ?
- Бүтэхгүй гэсэн гээд Пит гараа хоосон зай руу зангаж, - Энд цахилгаанжсан талбай байгаа болохоор чамайг буцаагаад дээвэр лүү хаяна гэв.
- Бидний аюулгүй байдалд үргэлж санаа зовж байх юмаа!
Хэдийгээр Цинна Питийг ийш нь авчирсан ч гэсэн ийм оройтсон хойно байж болно гэдэгт итгэлгүй байлаа. Оролцогчдын хэн ч сургалтын төвийн дээвэр дээр харагдаж байгаагүй. Гэхдээ энэ нь энд камер байхгүй гэсэн үг биш.
- Биднийг одоо харж байгаа гэж бодож байна уу?
- Болох л юм. Алив цэцэрлэг рүү харцгаая. Пөмбөгөр шилний нөгөө талд цэцгийн мандал алаглаж, суулгатай мод тарьсаны мөчир салхинд савлан миний
сонссон чимээг гаргасан байв. Ийм салхинд биднийг сонсохгүй. Пит над руу асуунгүй харахад цэцэг ширтэж буй дүр эсгэв.
- Нэг удаа бид ойд агнахаар явж байх үедээ отоонд сууж байсан юм гэж би шивнэхэд,
- Эцэгтэйгээ юу? гэж Пит хариу шивнэлээ. - Үгүй ээ, миний найз Гейлтэй. Тэгтэл гэнэтхэн бүх шувууд нэгэн зэрэг анхааруулах гэж байгаа юм шиг чимээгүй болоод би нэг охиныг харсан. Яг тэр охиныг. Залуутай байсан. Хоёулангых нь хувцас урагдаад нүдний дор нь хөхөрсөн байсан. Тэд үүнээс амьдрал нь хамаарагдах юм шиг зугтаж байсан.
Би хормын турш чимээгүй болоод энэхүү манай бүсэд харагдаж байгаагүй хачирхалтай хос модон дундаас яаж гарч ирснийг саналаа. Хожим би өөрөөсөө тэднийг зугтахад тусалж чадах байсан уу гэж асуусан билээ. Магадгүй л юм. Хэрвээ түргэн хөдөлвөл нууж чадах байсан. Гейл бид хоёр хөөгдсөн олз ямар харагддагыг мэдэх болохоор их гайхсан. Анхны харцаар л энэ залуу хүмүүс аюулд орсон гэдэг нь ойлгомжтой байсан юм. Гэхдээ зүгээр л ширтэж байлаа.
- Дараа нь хаа нэгтээгээс онгоц гараад ирсэн. Саяхан л тэнгэр хоосон байсан ч дээр гэнэт чимээ шуугиангүй гараад ирсэн. Охиныг торлоод дээшээ маш түргэн дээш татсан. Залууд аз хамаагүй бага тохиосон. Түүнийг жадтай ган олсоор сүлбэж бас онгоц руу өргөн оруулсан. Лав үхсэн байх. Бид охиныг залуугийнхаа нэрийг хашгиран дуудаж байхыг сонссон. Дараа нь онгоц агаарт ууссан мэт алга болоод шувууд юу ч болоогүй юм шиг ахиад жиргэж эхлэсэн.
- Тэд та нарыг харсан уу? - Мэдэхгүй. Бид хадны тавцан дор сууж байсан.
Гэсэн ч би худал хэлсэн юм. Шувуудын нам гүм болсны дараа нисдэг тэрэг ирэхээс өмнө би охинтой харц тулгарах үед нүдэнд нь гуйлт байсан. Гэсэн ч Гейл бид хоёр түүнд туслахаар хуруугаа ч хөдөлгөөгүй.
- Чи чичирч байна. Би үнэхээр даарч байв. Салхи гаднаас дагжуулан харин дурсамж дотроос хүйт оргиулж байлаа. Охины хашгиралт чихэнд хадна. Магадгүй энэ түүний хэлсэн хамгийн сүүлчийн үг байх.
Пит хүрмээ тайлаад мөрийг минь хучив. Би эсэргүүцэхийг завдсанаа яагаад үгүй гэж бодлоо. Нөхөрсөг гэвэл зөв ч юм уу? - Тэд эндээс ирсэн болов уу? гээд Пит миний хүзүүний товчыг товчлов. Би толгой дохилоо. Тэдэнд үнэхээр Капитолийн ямар нэг зүйл байсан.
- Чи тэднийг хаачих гэж байсан гэж бодож байна? - Мэдэхгүй гэж би үнэнээ хэлэв.
Арван хоёрдугаар бүс бол хамгийн захын хязгаар бөгөөд түүнээс цааш зэлүүд газар болон химийн дайралтын дараа арван гуравдугаар бүсээс үлдсэн үнс нурам үргэлжилнэ. Биднийг бүү март гэж хааяа тэднийг зурагтаар үзүүлдэг юм.
- Яагаад тэднийг эндээс зугтсаныг ойлгохгүй юм.
Хеймитч тэднийг урвасан учир шийтгэсэн гэж хэлсэн. Юунаас урвасан юм бол? Капитолоос юм болов уу. Гэтэл энд бүх юм байна шүү дээ. Амьдар баярла. Эсэргүүцэх ямар хэрэгтэй гэж?
Пит эргэн тойрноо бухимдангуй харснаа жингэнэх дуунаас чангаар,
- Би энд үлдэх байсан. Тэднийг зөвшөөрсөн үед л гэр лүүгээ явна. Гэхдээ энд илүү сайн хоолтой гэдгийг хүлээх ёстой гээд инээлээ. Ахиад л намайг аварлаа. Энэ нь айсан оролцогчид Капитолын сайн сайхныг магтаж байгаа юм шиг сонсогдсон нь гарцаагүй.
- Хүйтэн байна. Дотогш орцгоох уу? гээд Пит дулаахан гэрэлтэй шилэн хоргын дотор орсноо, - Чиний найз Гейл гэж Ургац дээр дүүг чинь холдуулсан залуу юу? гэв.
- Тиймээ. Чи түүнийг мэдэх үү?
- Тийм ч сайн биш. Охид түүний тухай ярилцахыг сонссон юм байна. Чиний үеэл ах юмуу хамаатан гэж боддог байлаа. Та хоёр нэг нэгэнтэйгээ их төстэй. - Үгүй бид хамаатан биш.
Пит ойлгохын аргагүй харцаар толгой дохилоо.
- Тэр чамтай салах ёс гүйцэтгэхээр ирсэн үү? - Ирсэн. Бас аав чинь ирсэн. Жигнэмэг өгсөн гээд би түүний царай луу анхааралтай харлаа.
Пит анх удаагаа сонсож буй аятай хөмсгөө өргөв. Эсвэл дүр эсгэсэн юм болов уу.
- Үнэн үү? Ер нь бол тэр танай дүү хоёрт хайртай. Би түүнийг гэр дүүрэн хүүгийн оронд охинтой болохыг хүсдэг байсан гэж бодож байна. Тэр чиний ээжийг хүүхэд байхаасаа мэднэ. Бас нэг гэнэтийн бэлэг. Бараг л үнэн байх.
- Аан тийм л дээ. Тэр хотод өссөн гээд би ээж хэзээ ч Питийн эцгийн талхыг авахдаа талхчины тухай дурсаж байгаагүй тухай бодлоо. Би өрөөндөө ирээд Питэд хүрмийг нь буцааж өгөв.
- Баяртай. Өглөө уулзъя. - Маргааш уулзтал баяртай гээд тэр хонгилоор цааш явлаа.
Намайг хаалга онгойлгоход улаан хүрэн үстэй охин шалан дээрээс миний усанд орохын өмнө тайлан хаясан гутал хувцсыг цуглуулан авч байв. Би төвөг удсандаа уучлал гуйхыг хүссэн ч дараа нь түүнд зөвхөн тушаал өгч болно гэдгээ саналаа. - Өө, өршөөгөөрэй. Эднийг Циннад аваачиж өгөөрэй. Уучлаарай чи түүнд аваачиж өгч чадахгүй биз?
Охин миний харцнаас зугтан толгой дохиод хаалга чиглэв.
Би түүнд уучлалт гуйж хэлсэн үг болон оройн хоолон дээр биеэ авч явсан байдалдаа харамслаа. Надад түүнд ойд туслалгүй залууг нь алуулахад хүрсэнд ичгүүртэй байв.
Яг л зурагтаар тоглоом үзсэн юм шиг.
Би гутлаа тайлаад хувцастайгаа оронд шурган орлоо. Чичирэлт намджээ. Магадгүй тэр намайг санахгүй байгаа байх. Үгүй ээ, өөрийгөө хуурах ямар хэрэгтэй гэж. Чиний сүүлчийн найдлага байсан хүнийг мартана гэж үү. Би хөнжлөө толгой дээгүүрээ бүтээгээд улаан хүрэн үстэй охиноос нуугдахыг хичээсэн ч харц нь хана хаалга нэвт сүлбэж байгаа мэт санагдав. Магадгүй тэр миний үхэхийг хараад баярлах болов уу? VI
Би шөнөжингөө хар дарж зүүдлэв. Улаан хүрэн үстэй охин, өнгөрсөн Үхлийн тоглоомын цуст үзэгдэл, сэтгэлээр унасан ээж, туранхай айсан Прим гээд л... Би аавын ажиллаж байсан уурхай мянган хэсэг болон дэлбэрэхэд <<Авраарай!>> хашгирлаа.
Цонхоор үүрийн туяа тусахад Капитол манан дунд сүүмэлзэн харагдана. Толгой янгинан өвдөж зүүдэндээ уруулаа хазсан бололтой аманд цус амтагдав.
Би удаанаар босоод халуун усанд орлоо. Хяналтын самбарын товчлуурыг таамгаараа дарсанд дороос хүйтэн, халуун үс шүршив. Дараа нь нимбэгний хөөсөнд умбан ширүүн сойзоор үрэв. Одоо л миний цус гүйж байх шиг байна.
Би биеэ хатаан чийгтэй тос түрхээд хувцасны шүүгээнээс хар бариу өмд, урт ханцуйтай хүрэн цамц, ширэн гутал авч өмсөөд үсээ сүлжин нуруу луугаа унжуулав. Ургацаас хойш анх удаа би өөрийнхөөрөө харагдаж байлаа. Ямар ч гоёлын самналт, даашинз, галт нөмрөг байхгүй. Зөвхөн би. Яг л ойд байгаа юм шиг. Энэ намайг тайвширууллаа. Хеймитч ирсэнгүйн дээр өөр хэн ч үзэгдсэнгүйд би өлссөндөө хоолны өрөөнд урилгагүй орохоор явлаа. Хоол бэлэн болсон ёстой. Найдлага намайг хуурсангүй ширээний тавцан хоосон байсан ч хананы дэргэдэх урт лангуун дээр хориос доошгүй хоол байлаа. Дэргэд нь хэлгүй үйлчлэгч зогсоно. Тэр миний асуултанд толгой дохиод хоол авч болно гэлээ. Би өндөг, зайдас, зүржийн чанамалтай бялуу, зүсэм тарвас авлаа. Энэ бүхнээ идэх зуур Капитолийн дээгүүр нар хэрхэн мандахыг харж суув. Дараа нь хоёр дахь хоол болох халуун будаа, үхрийн мах авлаа. Эцэст нь талх аваад Питийн галт тэргэнд идэж байсны адил халуун шоколаданд дүрж идлээ.
Бодолд ээж, Прим хоёр эргэлдэнэ. Тэд боссон байх ёстой. Ээж өглөөний цайнд шингэн будаа хийж байгаа. Харин Прим сургуульд явахын өмнө ямаагаа саах ёстой. Ердөө хоёр өдрийн өмнө би гэртээ байсан. Энэ бүхэн үнэн гэж үү? Тиймээ, ердөө хоёр. Харин одоо гэр минь хичнээн алсад санагдана вэ. Тэд миний өчигдөрийн галт үзүүлбэрийг хараад юу гэж бодсон бол? Найдлага төрсөн болов уу эсвэл хорин дөрвөн оролцогчоос зөвхөн нэг үлдэнэ гэхэд сэтгэлээр унасан болов уу?
Хеймитч, Пит хоёр орж ирээд өглөөний мэнд мэдэн суув. Надад Питийн адил хувцас өмссөн нь таалагдсангүй. Циннатай ярих хэрэгтэй. Бид эцсийн эцэст тоглоом дээр ихрүүдийг дуурайх гэж байгаа биш биз дээ? Дизайнерууд үүнийг мэдмээр юм. Гэсэн ч Хеймитч хэлсэн бүхнийг хийхийг тушаасныг саналаа. Циннагын оронд өөр хэн нэгэн байсан бол би үл тоомсорлож болох байлаа. Гэвч өчигдрийн ялалтын дараа түүнийг эсэргүүцэж зүрхлэхгүй болжээ.
Би бэлтгэлд санаа зовж байв. Оролцогчид гурван өдрийн турш хамтдаа бэлтгэл хийх бөгөөд сүүлчийн өдрийн үдээс хойш зохион байгуулагчдийн өмнө хувийн авъяас чадвараа үзүүлнэ. Би сагснаас талх авсан ч бусад оролцогчидтой уулзана гэхээс хоол идэх сонирхолгүй болов.
Хеймитч хэдэн таваг жигнэсэн мах хоослоод тавгаа холдуулж санаа алдлаа. Тэрбээр халааснаасаа дашмаг гарган балгаснаа ширээ тулан бөхийж, - Тэгэхээр ажил хэрэгтээ оръё. Нэгдүгээр та нарыг яаж бэлдэх вэ? Хамтад нь уу тусдаа юу? Шийдэцгээ гэв.
- Тусдаа гэдэг чинь юу гэж байгаа юм? гэж би асуулаа.
- Ер нь бол чамд нууц чадвар байгаад бусдад мэдэгдэхийг хүсэхгүй байгаа бол. Би Пит рүү харлаа.
- Надад ямар ч нууц чадвар байхгүй. Харин чинийхийг бол мэднэ. Би чиний харвасан багагүй хэрмийг идсэн.
Би Питийг хэзээ ч миний агнасан хэрмийг иддэг гэж төсөөлж байсангүй. Надад үргэлж талхчин тэднийг чимээгүйхэн шараад ганцаар иддэг юм шиг санагддаг байв. Шунахайдаа биш л дээ. Зүгээр л хотын гэр бүлүүд ихэвчлэн махны худалдаачингаас үхэр, тахиа, адууны үнэтэй мах авч иддэг юм.
- Биднийг хамтад нь бэлтгэ гэж би хэлэхэд Пит зөвшөөрөн толгой дохилоо.
- Тохиролцлоо. Одоо надад та нарын чадварын тухай төсөөлөл хэрэгтэй байна. - Хэрвээ талх жигнэхийг тооцохгүй юм бол би юу ч чадахгүй гэж Пит хэлэв.
- Харамсалтай нь тийм зүйл болохгүй. Харин чи, Китнисс? Би чиний хутга эзэмшиж чаддагыг чинь харсан.
- Тийм ч сайн биш. Гэхдээ би нум сумаар агнаж чадна. - Сайн уу?
Би бодлогоширов. Би дөрвөн жилийн турш ширээнд тавих хоолоо олж байсан. Энэ амаргүй байлаа. Эцэг минь хамаагүй туршлагатай байсан юм. Гэсэн ч сумаар харвахдаа Гейлээс илүү бөгөөд тэр урхи занга тавихдаа сайн.
- Дажгүй гэж бодож байна.
- Тэр маш сайн. Аав хэрэм худалдаж авах үедээ үргэлж нүдийг нь оносон байхад гайхдаг байлаа. Бас махны худалдаачинд зардаг туулайны хувьд ч адил. Тэр бүү хэл буга ч агнаж чадна. Миний чадварын тухай Питийн үнэлгээ ихэд гайхшируулав. Түүнийг намайг тийм сайн мэддэг гэж бодсонгүй. Тэр яагаад намайг магтаад байгаа юм бол?
- Чи үүгээрээ юу хэлэх гэсэн юм? гэж би сэжигтэй асуув. - Яасан гэж? Хеймитч чамд туслахын тулд бодит чадварыг чинь мэдэх хэрэгтэй биз дээ. Өөрийгөө дутуу үнэлэх хэрэггүй.
Яагаад ч юм миний уур улам их хүрлээ.
- Харин чи өөрөө ямар гэж? Би чамайг зээл дээр зуун фунтын шуудайтай гурил өргөж байхыг чинь харсан. Чи яагаад түүнд юу ч хэлэхгүй байгаа юм? Эсвэл энэ чиний хувьд юу ч биш хэрэг үү?
- Тийм шүү талбайгаар дүүрэн миний өрсөлдөгч рүүгээ шидэх шуудайтай гурил байгаа байх даа. Шуудай бол зэвсэг биш. Чи үүнийг ойлгохгүй байна.
- Тэр барилдаж чадна. Өнгөрсөн жил сургуулийн тэмцээн дээр ахынхаа дараа хоёрт орсон гэж би Хеймитчэд хэллээ.
- Тэгээд юу гэж? Чи нэг нь нөгөөгөө үхтэл барилдахыг хэр олон удаа харсан юм? гэж Пит зэвүүцэнгүй хэлэв.
- Тэнд үргэлж гарын тэмцэл явагддаг. Хэрвээ чи хутга хэрэглэх юм бол бүр ч илүү их боломж байгаа. Харин надтай хүн ноцолдвол шууд л үхдэл болно! гэж би уурсан хэллээ. - Хэн ч чамайг ноцолд гээгүй байна. Чи модны оройд гараад түүхий хэрэм идэж өрсөлдөгчдөөсөө сумаа цуглуулж болно шүү дээ. Ээж надтай салах ёс гүйцэтгэхээр ирэхдээ юу хэлснийг мэдэх үү. Арван хоёрдугаар бүсээс ялагч гарах боломжтой гэсэн. Би түүнийг намайг урамшуулах гэж байна гэж бодсон ч харин дараа нь чамайг хэлснийг ойлгосон! - Мэдээж тэр чамайг хэлсэн!
- Үгүй тэр нэг л хүн ялагч болно гэсэн. Ялагч бол чи!
Би гайхширлаа. Үнэхээр түүний эх тэгж хэллээ гэж үү? Хүүгээсээ намайг дээр үнэлж байна гэж үү? Питийн нүднээс харвал худал хэлээгүй бололтой. Гэнэтхэн би ахиад л талхны газрын гадаа зогсож байв. Хүйтэн бороо нуруу даган урсаж гэдэс хонхолзоно. Тэгтэл
арван нэгэн настай охин надад, - Яагаад гэвэл надад нэг хүн тусалсан гэлээ.
Пит ч бас тэр өдрийг санасан бололтой миний гартаа барьсан талх руу харснаа мөрөө хавчаад,
- Бүсэд ч гэсэн чамд хүмүүс туслах болно. Тэд чамайг ивээн тэтгэхийн тулд хоорондоо өрсөлдөж байгаа гэв. - Чамаас илүүгүй.
Питийн нүд Хеймитч дээр туссанаа,
- Тэр хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлдгээ ойлгохгүй байна гээд доош харан тавцан дээгүүр хуруугаараа зурав. Тэр юу хэлэхийг хүссэн юм бол? Надад туслана гэнэ үү? Биднийг өлсөж үхэхэд Питээс өөр хэн ч туслаагүй! Гэсэн ч олз олдох үед өөр болсон. Би зарж чаддаг байлаа. Эсвэл үгүй юм болов уу? Би ямар нөлөө үзүүлсэн гэж? Сул дорой тусламж хэрэгтэй харагдсан юм болов уу? Түүний бодлоор бол хүмүүс намайг өрөвдсөндөө худалдаж авдаг байсан болж байна уу? Энэ үнэн байж болох юм. Магадгүй зарим хүн эцэгтэй минь нөхөрлөж байсныхаа төлөө ердийнхөөс өгөөмөр ханддаг байж болох. Тиймээ олз үргэлж дээд зэрэглэлийнх байхгүй. Үгүй ээ, хэн ч намайг өрөвдөөгүй!
Би түүний үгэнд уцаарласандаа талх ширтэв.
Гэсэн ч хормын дараа Хеймитч, - За тийм байж, Китнисс бүсэд нум сум олдох баталгаа байхгүй ч зохион байгуулагчдад юу хийж чаддагаа үзүүлээрэй. Гэхдээ тэр хүртэл нумнаас хол байгаарай. Чи хэр зэрэг занга сайн тавьдаг вэ? гэв.
- Жирийн хэдэн урхи гэж би бувтналаа.
- Энэ ч хэрэг болж болох л юм. Тэгээд ч түүний зөв, Пит. Бүсэд хүчийг дутуу үнэлж болохгүй. Заримдаа биеийн хүч толглогчын давуу тал болох нь байдаг. Харин бэлтгэлийн төвд хичнээнийг өргөж чаддагаа бусад оролцогчдод үзүүлж болохгүй шүү. Та хоёрын хувьд төлөвлөгөө адил. Хамтдаа бэлтгэл хийнэ. Аль болох мэдэхгүй зүйл сурахыг хичээгээрэй. Жад шидэх, бороохой эргүүлэх, зангилаа зангидаж сурах гэх мэт. Шилдэг чадвараа хувийн үзүүлбэртээ зориулан хадгал. Бүгд ойлгомжтой юу?
Пит бид хоёр толгой дохилоо. - Сүүлчийн ганц зүйл. Хүмүүсийн дэргэд үргэлж хамт байж бие биендээ тусал гээд биднийг эсэргүүцэхийг завдахад алгаараа ширээ цохиод,
- Үргэлж шүү! Энэ тухай ахиж ярилцахгүй! Тэгээд ч та хоёр миний хэлсэн зүйлийг хийнэ гэж амалсан! Та хоёр хамтдаа сайн найзууд шиг байх ёстой. Одоо явцгаа. Эффи та нарыг арван давхар луу цахилгаан шатаар бэлтгэлд чинь хүргэж өгнө гэлээ.
Би уруулаа хазлан өрөөндөө ороод хаалгаа Питэд сонсогдохоор чанга хаав. Тэгээд орон дээрээ суун Хеймитч, Пит, өөрийгөө болон тэр өдрийг санагдуулсан бороог үзэн ядлаа.
Юу гээчийн санаа вэ! Пит бид хоёр найзын дүр эсгэх ёстой гэнэ үү! Бие биенийхээ хичнээн хүчирхэг болохыг бахдаж дэмжих ёстой юм гэнэ. Гэсэн ч цаг нь ирэхээр хэрцгий өрсөлдөгчид болно шүү дээ. Хэрвээ Хеймитч хамтдаа бэлтгэл хийх тэнэг заавар өгөөгүй бол би одооноос үүнд бэлдэх байлаа. Хамтдаа бэлтгэл хийхийг зөвшөөрсөн нь миний буруу. Гэхдээ энэ нь бүгдийг Питтэй хамт хийнэ гэсэн үг биш. Тэгээд ч тэр надад туслахыг хүсэхгүй байгаа.
Чихэнд Питийн <<Тэр хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлдэгээ ойлгохгүй байна>> гэсэн үг сонсогдлоо. Тэр үүгээрээ доромжлохыг хүссэн байх. Эсвэл намайг таалагддаг гэж хэлэх гэсэн юм болов уу. Миний тухай олон зүйл мэдэж байсан нь хачирхалтай… Би ч гэсэн талхчины хүүг хараанаасаа алдаагүй. Гурил. Барилдаан гээд л… түүний алхам бүрийг харж байлаа! Арван цаг ойртлоо. Би шүдээ угааж, үсээ толийлгон илэв. Уур хилэн бусад оролцогчидтэй уулзах айдсыг мартахад хүргэсэн ч сэтгэл зовнил ахин ирлээ. Би цахилгаан шатанд Эффи, Пит хоёртой уулзахаар явахдаа хумсаа мэрэх гэснээ болив.
Бэлтгэл нэгдүгээр давхарт болох байв. Энд цахилгаан шат хормын дотор хүрнэ. Хаалга нээгдэхэд бидний өмнө олон тооны зэвсэг, тоног төхөөрөмж бүхий гимнастикийн уужим танхим нээгдэв. Арван цаг хараахан болоогүй ч бид хамгийн сүүлд иржээ. Бусад оролцогчид дугуйран зогсоод хувцсан дээрээ бүсийнхээ дугаартай дөрвөлжин тэмдэг зүүсэн байв. Хэн нэгэн нуруун дээр дугаар тогтооход би орчноо түргэн ажиглав. Зөвхөн Пит бид хоёр адил хувцас өмсчээ.
Биднийг бэлтгэлийн эгнээнд нэгдэх үед Атала нэртэй өндөр гимнастикчин эмэгтэй сургалтын хуваарийг танилцуулав. Танхим тус бүрдээ зааварлагч бүхий хэсгүүдэд хуваагджээ. Бид зөвлөгчийнхөө зааврын дагуу хэсэг хооронд чөлөөтэй дамжин хичээллэж болох байлаа. Нэг хэсэгт амьд үлдэхийг зааж байхад нөгөөд нь тулааны арга барил эзэмшүүлнэ. Тулалдааны дасгалын үеэр бусад оролцогчид ойртох нь хориотой. Хэрвээ хамтрагч хэрэгтэй бол мэргэжлийн туслагч байгаа.
Атала хэсгүүдийн тайлбарыг унших үеэр би бусад оролцогчдыг гүйлгэн харав. Бид анх удаагаа энгийн хувцастай зэрэгцэн зогсчээ. Миний зүрх палхийлээ. Бараг бүх хөвгүүд, охидын хагас нь надаас биерхүү том байсан ч олонхи нь хагас өлсгөлөнгийн улмаас арьс яс болсон, хөнхийсөн нүдтэй байлаа. Харин би туранхай ч хүчирхэг байсан юм. Гэр бүлийнхээ төлөө ойд гөрөөлсөөр бусдыг бодвол хамаагүй эрүүл чийрэг байв.
Илүү баян бүсээс ирсэн сайн дурынханы хувьд бол өөр хэрэг. Тэд бүхий л амьдралынхаа туршид тоглоомд бэлтгэдэг болохоор хэзээ ч өлсөж зовж байсангүй. Ердийнхөөрөө эдгээр нь нэг хоёр, дөрөвдүгээр бүсийн оролцогчид байлаа. Дүрмийн дагуу тэд бусад оролцогчидтой цуг бэлтгэл хийх хориотой ч энэ нь аль эртнээс мөрдөгдөхөө больжээ. Манай арван хоёрдугаар бүсэд тэднийг мэргэжлийн оролцогчид гэх юмуу эсвэл зүгээр мэргэжлийнхэн гэдэг байв. Магадгүй арвын эсрэг нэгийг тавьсан ч ялах байх.
Өрсөлдөгчдийн минь найдсан ёсоор бидний өчигдөрийн олон нийтийн өмнө олсон давуу тал утаа шиг сарнин алга болов. Бусад өрсөлдөгчид бидний гайхалтай байсанд биш дизайнеруудад минь атаархаж байлаа. Мэргэжлийнхэн бидний зүг зэвүүцэнгүй харна. Тэд биерхүү том хүчтэй бөгөөд хамгийн бага нь гэхэд надаас тавин фунтаар хүнд байв. Аталаг тайлбараа дуусмагц тэд үхлийн аюултай зэвсгийн хэсэг рүү очоод эзэмших чадвараа
үзүүлэн гайхуулж эхлэв. <<Хурдан гүйж чаддаг минь ямар аз вэ>> гэж бодтол Пит хажуунаас нударлаа. Тэр Хеймитчийн заавар ёсоор дэргэд халамжлангуй зогсож байлаа.
- Юунаас эхлэхийг хүсч байна? Би бүгдийг айлгахыг хичээж буй мэргэжлийнхний үзүүлбэрийг харлаа. Бусад туранхай өрсөлдөгчид нь тэдний хутга, сүх эзэмшихийг хараад чичрэхгүй байхын аргагүй ажээ.
- Зангилаа сурах уу? гэж би санал болгов.
- Тэгье л дээ гэж Пит зөвшөөрөөд биднийг хоосон хэсэгт ороход зааварлагч сурагчид ирсэнд баяртай байсан ч Үхлийн тоглоомд тийм зүйл хэрэг болохгүй нь ойлгомжтой байлаа. Гэсэн ч тэрбээр миний урхи сонирхож байгааг ойлгоод өрсөлдөгчийнхөө хөлийг модноос дүүжлэх энгийн бөгөөд үр дүнтэй занга бэлтгэхийг үзүүлэв.
Бид үүнийг сурах хүртэл цагийн турш төвлөрөв. Дараа нь өнгөлөн далдлалтын хэсэгт очиход Пит хэлж боломжгүй жаргалтайгаар цайвар арьсаа шавар, шороо, жимсний шүүсээр будан ороонгын навчаар хучиж зааварлагчыг ихэд баярлуулав. - Би бялуу болж байна гэж Пит тайлбарлав.
- Бялуу гэнэ ээ? Ямар бялуу? гэж би гайхаад хоёрдугаар бүсийн хүү арван таван ярдын зай дахь хиймэл хүний зүрхэнд жад шидэн онохыг сэтгэл шимшрэн харлаа. - Баярын бүрмэл бялуу.
Энэ нь надад талхчины шилэн лангуунд шинэ жилээр байсан цэцэгтэй бүрмэл бялууг санагдуулав. Биднийг талбайд байхад Прим үргэлж намайг тийш чирдэг байсан ч худалдаж авах мөнгө байсангүй. Гэсэн ч арван хоёрдугаар бүсэд тийм сайхан зүйл ховор билээ. Би Питийн гар дахь зангилааг анхааралтай ширтэв. Модны мөчир нэвтлэн нарны гэрэл туссан навч шиг гоёмсог ажээ. Сонирхолтой нь тэр үүнийг хаана харсан юм бол? Арын хашаандаа байдаг хөгшин алимны модноос юм болов уу? Яагаад ч юм Питийг өнгөлөн далдлалтын мэргэжилтэн магтахад бялууны тухай дурсамж миний уурыг хүргэв.
- Маш сэтгэл хөдөлмөөр юм. Хэрвээ чи хэн нэгнийг үхтэл нь бүрж чадах юм бол гэж би даажигнан хэлэв. - Бүсэд юу болохыг хэн ч мэдэхгүй биз дээ. Гэнэтхэн том бял...
- Чи цаашаа явах юмуу үгүй юмуу? гэж би түүний яриаг таслав. Дараагийн гурван өдрийг бид ийм байдалтай хэсгээс хэсэг дамжин өнгөрүүлэхдээ зарим ашигтай зүйл болох гал асаах, хутга шидэх, өнгөлөн далдлах байр хийхийг сурлаа. Хеймитчийн тушаал ёсоор Пит гардан тулааны үед тааруухан дүр үзүүлсэн ч, би иддэг ургамлын тухай шалгалтыг нүд ирмэх зуур өгөв. Түүнчлэн хувийн үзүүлбэрээ
хүртэл хүндийн өргөлт болон, нум сумны хэсгээс холхон байлаа. Тэмцээн зохион байгуулагчид болох улаан хувцас өмссөн хориод эрэгтэй, эмэгтэй хүн бэлтгэлийн эхний өдөр ирэв. Тэд танхимын хана дагуу тавьсан сандал дээр суугаад заримдаа биднийг харж холхин тэмдэглэл хийх хэдий ч урдах ширээнд нь хоол авчрах үед үл тоомсорлох ажээ. Гэсэн ч хоёр удаа тэдний зүг эргэхэд намайг харж байх нь анзаарагдсан юм. Өглөөний цай болон оройн хоолыг давхартаа идэж байсан ч өдрийн хоолонд бүх хорин дөрвөн оролцогч бэлтгэлийн танхимд зэрэгцэн сууж байлаа. Тэргэнцэртэй хоол явах бөгөөд юу хүссэнээ авч болно. Мэргэжлийнхэн шилдгээ гайхуулах мэт нэг ширээнд сууж шуугилдан бусдыг үл тоомсорлоно. Үлдсэн оролцогчид сүргээсээ төөрсөн хонь шиг ганцаар сууж байлаа. Хэн ч бидэнтэй ярьсангүй. Пит бид хоёр Хеймитчийн хэлсэн ёсоор хамтдаа хооллож нөхөрсөг яриа өрнүүлнэ. Ярианы сэдэв олоход хэцүү байлаа. Гэрийн тухай ярих нь тэсэхийн аргагүй гунигтай санагдана. Нэг удаа Пит сагснаас талх гаргаж ирээд надад янз бүрийн төрлийнхийг үзүүлэв. Зохион байгуулагчид сагсанд бүхий л бүсийн төлөөллийг оролцуулахад санаа тавьжээ. Дөрөвдүгээр бүсийн замган хачиртай, загасан хэлбэртэй талх. Арван нэгдүгээр бүсийн буудай цацсан, хагас саран хэлбэртэй талх. Яагаад ч юм бүгд ижил зүйлээр хийсэн ч гэрт байдгаас илүү амттай харагдаж байлаа. - Тэгэхээр ийм байна гээд Пит талхыг сагсанд буцааж хийв.
- Чи их олон зүйлийг мэддэг юм байна.
- Зөвхөн талхны тухай гэж тэр эсэргүүцээд, - За одоо намайг ямар нэг инээдтэй зүйл хэлсэн юм шиг инээмсэглэ гэв.
Бид хоёул аль болохоор үнэмшилтэй инээд алдахдаа бусад хүмүүсийн харцыг тоохгүй байхыг хичээв.
- Сайн байна одоо намайг инээлгэхээр зүйл хэл гэж Пит үргэлжлүүлэв. Энэ нь найз харагдах гэсэн зүдэрсэн оролдлого байлаа. Гэсэн ч хаалга хаагдахад бидний дундах холбоо үгүй болно. Гэхдээ тушаал бол тушаал шүү дээ.
- Би нэг удаа баавгайд хөөгдсөнөө ярьсан уу?
- Үгүй, гэхдээ сонирхолтой сонсогдож байна. Би дохиж занган баавгайтай зөгийн бал булаацалдсан түүхээ ярьж эхэллээ. Пит инээд алдангаа асуулт тавина. Түүний хувьд энэ нь илүү сайн болж байв.
Хоёр дахь өдөр бид жадаар хүчээ сориход Пит миний чихэнд, - Бид ахин нэг сүүдэртэй болсон бололтой гэж шивнэв.
Би ойрын зайд жад шидэхэд муугүй болж байсан бөгөөд холгүйхэн арван нэгдүгээр бүсийн Примтэй адилхан охин зогсоод ширтэж байв. Тэр арван хоёртой хэдий ч аравтай юм шиг харагдана. Гялалзсан хар нүд, толигор хүрэн арьстай аж. Охин урагш үл мэдэг бөхийн өчүүхэн чимээ гарахад нисэх гэж байгаа шувуу шиг болов.
Питийг шидэх үед би дараагийн жад руу бөхийхөд,
- Түүнийг Рут гэдэг санагдаж байна гэж аяархан хэлэв. Би уруулаа хазлаа. Рут бол нугад ургадаг жижигхэн шар цэцэг юм. Рут болон Примроуз. Тэдний хэн ч нойтон хувцастай байсан ч далан фунт хүрэхгүй.
- Чи үүгээр юу хэлэх гэсэн юм? гэж би шаардангуй асуулаа - Юу ч биш. Зүгээр л яриагаа дэмжих гэсэн юм.
Би одоо л түүнийг дэргэд байхад тоомсорлохгүй байхын аргагүй болсныг мэдэв. Охин биднийг хэсэг бүрт даган суралцаж байлаа. Тэр ургамлын учрыг надаас дутуугүй олж байсан бөгөөд чавхаар бүх байгаа алдаагүй ононо. Гэхдээ чавхаар том биетэй илдтэй залуугийн урдаас юу хийнэ гэж? Өглөөний цай, оройн хоолны үеэр Хеймитч, Эффи хоёр бидний юу хийсэн болон, хэн биднийг харсан, бусад оролцогчдод ямар сэтгэгдэл төрүүлсэн гээд л бэлтгэлийн танхимд өнгөрүүлсэн агшин бүрийн тухай асууж байв. Цинна, Портиа хоёр ирэхгүй байгаа болохоор манай зааварлагчдыг сатааруулах зүйл юу ч үгүй болжээ. Үгүй ээ тэд өөр хоорондоо тэмцэхээ больж нэгэн зэрэг бидэн рүү довтлохоор шийдсэн мэт байв. Пит яаж энэхүү бэлтгэлийн үеэр хийсэн, хийгээгүй зүйлсийн тухай зааврыг тэвчдэгийг мэдэхгүй ч миний тэвчээр барагдаж гүйцлээ. Хоёр дахь өдрийн үдэш эцэст нь тэднээс зайлсхийх боломж тохиолдоход Пит,
- Хеймитч ахиад л уусан бол дээр байж гэж бувтнав.
Би инээд алдах гэсэн ч тургилахаас хэтэрсэнгүй. - Хэрэггүй. Энд хүн байхгүй байхад дүр эсгэх ямар хэрэгтэй гэж.
- За яахав, Китнисс гэж Пит ядрангуй хэлээд бид үүний дараа зөвхөн хүмүүсийн тухай ярилаа.
Гурав дахь өдрийн хоолны дараа бидний зохион байгуулагчдад үзүүлэх хувийн үзүүлбэр эхлэв. Бүс бүсээрээ дараалан эхлээд эрэгтэйчүүд нь гарч байлаа. Ердийнхөөрөө арван хоёрдугаар бүс хамгийн сүүлд боллоо. Бид гал зууханд ээлжээ хүлээн холхиж байв. Гарч явсан хүмүүсээс хэн нь ч эргэж ирсэнгүй. Өрөө аажмаар хоосорлоо. Рутыг дуудах үед Пит бид хоёр үлдээд түүнийг дуудах хүртэл чимээгүй суув. Тэр бослоо.
- Хеймитч чамайг бүх хүчээ ашигла гэж зөвлөснийг санаарай. - Баярлалаа. Тэгж хийнэ.
Би толгой дохилоо. Би яах гэж тэгж хэлснээ мэдсэнгүй. Гэсэн ч хожигдохоо хүрвэл Пит хожсон нь дээр. Манай бүсэд ээж, Прим хоёрт ч дээр байх болно.
Арван таван хормын дараа миний нэрийг дуудлаа. Би үсээ илж, мөрөө тэгшлээд гимнастикийн танхим руу ороход ямар ч сайн зүйл угтсангүй. Зохион байгуулагчид бусад хорин гурван тоглогчдын үзүүлбэрийг үзэж хэтэрхий удаан сууж залхаад ихэнхи нь согтжээ. Бушуухан гэртээ харихыг хүсч байгаа бололтой. Надад өөр бодсон зүйл байсангүй тул нум сумын хэсэг рүү явав. Өө, эдгээр өдрүүдэд гар хүрэхгүй тэвчиж байсан удаан хүлээсэн зэвсэг минь байна! Мод, хуванцар, төмөр болон үл таних материалаар хийсэн нум байв. Өө сэвгүй жигдхэн өд бүхий сум. Би хөвчийг нь татаж үзэн нумаа сонгоод мөрөндөө сумтай саадаг зүүв. Харвах бай хэтэрхий хязгаарлагдмал байлаа. Ердийн хүний дүрстэй байнууд. Би танхимын гол руу явж хутгаар сургууль хийж байсан хиймэл хүнийг эхний байгаар сонгоод нумаа тэлтэл дадсанаас өөр байлаа. Хөвч нь миний хуучин нумаас чанга, сум нь хатуу ажээ. Миний сум хиймэл хүнийг хэдэн дюймийн зайтай зөрөн өнгөрөхөд хэн ч анзаарсангүй. Ингэж л өөрийгөө үзүүлнэ дээ! Би гартаа дасал болох хүртэл хэдэн сум тавилаа.
Ахин танхимын голд байраа эзлээд хиймэл хүний зүрхэнд харвав. Дараагийн сумаараа элстэй шуудай өлгөсөн олс харвахад газар унаад задрав. Би өвдөглөн суугаад адраас өлгөөтэй байгаа гэрлийг харвахад бут үсрэн оч асгарлаа. Харвалт сайн боллоо. Би зохион байгуулагчид руу эргээд яахыг нь хүлээв. Зарим нь урамшуулангуй толгой дохьсон ч, ихэнхи нь ширээнд саяхан авчирсан шарсан гахайнд төвлөрөөд завгүй байлаа.
Гэнэтхэн уур хөдлөв. Миний амьдрал үүнээс хамаарч байхад тэдний байж байгааг. Тооройноос чухал юм алга! Зүрх хүчтэй цохилон, хацар улайхад юу ч бодолгүй сумаа саадагнаас аваад зохион байгуулагчдын ширээ рүү чиглүүлэв. Хашгиралт сонсогдоод бүгд хажуу тийш бутрахад сум тооройн аман дахь алимыг оноод хананд хадав. Бүгд миний зүг нүдэндээ итгэлгүй ширлээ.
- Анхаарал хандуулсанд баярлалаа гээд би ёслонгоо зөвшөөрөл хүлээгүй гарлаа. VII
Би цахилгаан шат хүрэх замдаа нумаа мөрөндөө зүүгээд гайхсан хэлгүй хамгаалагчын дэргэдүүр өнгөрч цахилгаан шатны арван хоёр дугаартай товчлуурыг нударгаараа цохилоо. Хаалга гулган хаагдаж дээш хөдлөв. Давхартаа хүрэв үү үгүй юу уйлахгүй байхыг хичээн бусдынхаа зочны өрөөнөөс хашгиран дуудахыг тоолгүй хонгилоор гүйгээд өрөөндөө орж орон дээр унан нулимс сул асгаруулав.
Энэ бол төгсгөл! Би бүгдийг баллалаа! Хэрвээ надад өчүүхэн төдий боломж байсан бол зохион байгуулагчид руу сум илгээснээр үгүй болголоо. Одоо тэд намайг яах бол? Баривчлах болов уу? Цаазлах юм уу? Хэлийг минь огтлоод оролцогчдод үйлчилдэг хүн болгох уу? Би зохион байгуулагчид руу харвахдаа юугаа бодож байсан хэрэг вэ? Мэдээж би тэдэн рүү биш алим руу харвасан. Тоохгүй байгаад нь уурласан юм. Хэрвээ би хэн нэгнийг алахыг хүссэн бол алдахгүй байсан!
Гэхдээ ямар ялгаа байна? Угаасаа би тоглоомд ялахгүй. Намайг яах нь хэнд хамаатай юм бэ? Миний ганц айж байсан зүйл гэвэл ээж, Прим хоёрыг яах бол гэдэгт байлаа. Энэ тэнэг алхам тэдэнд хэрхэн нөлөөлөх бол? Ээжийг шоронд хорьж, Примийг өнчин хүүхдийн газар илгээх болов уу? Эсвэл тэднийг алвал яана? Үнэхээр ална гэж үү? Яагаад үгүй гэж? Тэд өөр юу хүссэн гэж?
Би одоо юу хийх вэ? Уучлал гуйх юмуу инээж хөхрөн бүгдийг тоглоом наадмаар өнгөрүүлж болно. Магадгүй заримынх нь өршөөнгүй занг хөдөлгөх биз.
Эффи, Хеймитч хоёр хаалга цохив. Би тэднийг зайл гэж хашгирсан ч зогссоор байв. Цаг юмуу түүнээс илүү хугацаа өнгөрсний дараа би уйлахаа больж торгомсог даавууг илбэнгээ жаргаж буй нарны гэрэлд Капитолийн байшингийн дээвэр мөсөн чихэр адил гялалзахыг харав. Би эхэндээ харуул ирэхийг хүлээж байлаа. Гэсэн ч цаг хугацаа өнгөрөх тусам алгуур тайвширав. Тэдэнд урьдын адил арван хоёрдугаар бүсийн оролцогч охин хэрэгтэй байгаа юм болов уу? Хэрвээ зохион байгуулагчид намайг шийтгэхийг хүссэн бол олон нийтийн нүдэн дээр хийх байсан. Намайг бүсэд өлсгөлөн зэрлэг араатнуудын дунд хаяхыг хүлээж байгаа байх. Нум сум зэрэг өөрийгөө хамгаалах зүйл өгөхгүй нь ойлгомжтой. Түүнээс гадна хамгийн доод оноо өгч хэний ч толгойд ивээн тэтгэгч болох санаа орохгүй. Оноог өнөөдөр мэдэгдэнэ. Бэлтгэл үзэгчдээс хаалттай явагддаг болохоор зохион байгуулагчид оролцогч бүрийн боломжыг оноогоор мэдэгддэг юм. Энэ нь үзэгчдэд тоглоомын эхнээс дуусах хүртэл сэтгэл ханамжтайгаар мөрийцөх боломж олгодог. Хамгийн бага оноо бол нэг байсан бөгөөд үүнээс мууг бодох ч юм биш. Харин хамгийн өндөр нь амьдрал дээр хэзээ ч хүршгүй арван хоёр байлаа. Гэвч үнэлгээ ялалтанд хүрэх замыг хязгаарлахгүй. Энэ нь зөвхөн бэлтгэлийн үеэр үзүүлсэн авъяас чадварын үнэлгээ юм. Түүнчлэн бүсэд өндөр оноо авсан хүн хамгийн түрүүнд үхэх явдал олонтоо байдаг. Хоёр жилийн өмнө гурван оноотой хүү ялсан. Гэсэн ч ивээн тэтгэгчийн хувьд оноо үнэхээр тус болно. Эсвэл хор хүргэх талтай. Би нум сумаар зургаа юмуу долоон оноо авахыг найдаж байсан ч одоо хорин дөрвөн хүнээс хамгийн муу авах нь ойлгомжтой болов. Нэг ч ивээн тэтгэгчгүй бол амьд үлдэх боломж тэгтэй тэнцэнэ.
Эффи хаалга цохин оройн хоолонд дуудахад явахаар шийдэв. Үдэш оноог зурагтаар үзүүлнэ. Би энд үүрд нуугдаад байж болохгүй шүү дээ. Иймээс угаалгын өрөөнд орж нулимсандаа хавдаж улайсан нүүрээ угаалаа.
Ширээнд Цинна, Портиа хоёрыг оролцуулаад бүгд цугларсан байв. Гэсэн ч би дизайнеруудын урмыг хугалахгүйн тулд тэднийг байхгүй байгаасай гэж хүслээ. Тэдний нээлтийн ёслол дээр хийсэн бүх ажлын эцэст хамгийн сүүлд орлоо. Би загасны шөл халбагадангаа хаашаа ч харахгүй байхыг хичээв. Давстай шөл нулимс санагдуулав. Насанд хүрэгчдийг цаг агаарын тухай ярилцаж байх зуур би Питтэй харц тулгарлаа. Түүнийг асуунгүй харц өргөхөд би толгой сэгсрэв. Нэгдүгээр хоол өгөх үед Хеймитч бидэнд хандан,
- За дэмий ярьж боллоо өөр зүйл ярьцгаая. Та нар өнөөдөр хэр байв даа? гэхэд Пит,
- Юу болсныг мэдэх юм алга. Намайг тийшээ орох үед хэн ч тоохоо больсон байсан. Уугаад дуулж байсан. Хэн ч миний зүг хараагүй. Намайг хэдэн хүнд зүйл өргөсөний дараа явж болно гэсэн гэв.
Үүнийг сонсоод миний сэтгэл арай дээрдлээ. Гэхдээ шүүгчид үл тоомсорлосон ч гэлээ Пит дайраагүй байна.
- Харин хонгор минь чи? гэж Хеймитч надад хандав. Түүний ингэж дуудсанд би уурласандаа ярих чадвартай болов.
- Би зохион байгуулагчид руу харвасан. Бүгд идэхээ болиход,
- Юу гэнээ? гэсэн Эффигийн хоолой дахь айдас миний хамгийн муу болгоомжлолыг батлав.
- Би тэдэн рүү харвасан. Яг ч тэдэн рүү биш л дээ. Гэхдээ тэдний зүг рүү. Эхлээд Питийн хэлсэн шиг харваад л байлаа гэсэн ч тэд тоохгүй байсан... Тэгэхээр нь би тэр тэнэг шарсан тооройных нь аман дахь алим руу харвачихсан!
- Тэгээд тэд юу гэж хэлсэн бэ? гэж Цинна болгоомжтой асуув.
- Юу ч хэлээгүй. Гэхдээ мэдэхгүй байна. Би шууд гараад явчихсан. - Чамайг явууллаа гэж үү? хэмээн Эффи дуу алдав.
- Би өөрийгөө явуулсан гээд Примд ялахын төлөө бүхнийг хийнэ гэж амласнаа санатал бүтэн тонн нүүрс дээрээс дарчих шиг болов. - Тэгсэн юм байж гээд Хеймитч талханд тос түрхэв.
- Намайг баривчлах болов уу?
- Магадгүй л юм. Гэхдээ чамд орлогч олоход хэцүү. - Ээж, Прим хоёрыг яах бол? Тэднийг шийтгэх болов уу?
- Тэгж бодохгүй байна. Яасан гэж? Хэрвээ болсон явдлыг дэлгэвэл тэдэнд ашиггүй байх болно. Эсвэл магадгүй чиний бүс дэх амьдралыг там болгож болох юм.
- Гэхдээ тоглоом бидэнд амттай амьдралыг амлаагүй гэж Пит хэлэв. - Яг тийм гэж Хеймитч зөвшөөрөхөд би тэдний тоглоом хийснийг ойлгов.
Хеймитч гараараа гахайн шарсан мах аваад хундагатай дарсанд дүрэхэд Эффи хөмсөг зангидлаа. Дараа нь махыг үеэр салгангаа инээд алдан,
- Тэдний царай ямар харагдаж байсан гэнэ ээ? гэж асуув. - Цочирдсон, айсан. Нэг эрэгтэй бүр тавган дээр суучихсан гээд би инээвхийлэхэд нүдний өмнүүр дүр зураг хөвөрлөө.
Хеймитч чанга хөхрөхөд бусад хүмүүс дагаж инээлдэн, Эффи инээмсэглэхчээ аядсанаа бухимдангуй, - Тэднийг тэгэх л хэрэгтэй. Тэдний ажил бол та нарыг харах. Арван хоёрдугаар бүсээс ирсэн хүмүүс үл тоомсорлохыг тэвчдэггүй юм гэснээ эргэн тойрноо харж,
- Намайг уучлаарай гэхдээ энэ зөвхөн миний бодол гэж хэнд ч хандсан юмгүй нэмэрлэв.
- Би хамгийн доод оноо авсан байх.
- Оноо өндөр байх тусмаа тоглоомд гол үүрэгтэй. Муу юмуу дунд зэргийн хүн хэний ч анхаарлыг татахгүй. Гэхдээ чиний авъяасаа нуух зорилгоор зориуд доод оноо авсныг хэн мэдэх юм бэ? Заримдаа хүмүүс тийм арга хэрэглэдэг гэж Портиа эсэргүүцэв. - Надад дөрвөн оноо өгнө гэж найдаж байна. Гэхдээ хүмүүст нэг залуу гарч ирээд хүнд бөмбөг хоёр алхамын зайд шидэхийг харах уйтгартай байсан байх. Нэг нь бүр миний хөлөн дээр унасан гээч гэж Пит хэлэв.
Би инээд алдаад өлсөж үхэх шахсанаа мэдэрлээ. Би гахайн мах аваад төмсний нухашанд дүрэн идэж эхлэв. Бүх зүйл хэвийн миний гэр бүл аюулгүй. Үлдсэн нь юу ч биш. Хоолны дараа бид зочны өрөөнд орон дүнгийн мэдээ үзэв. Эхлээд оролцогчын зураг гарснаа дор нь оноо гарч байлаа. Мэргэжлийн оролцогчид бодож байснаар наймаас арвын хооронд оноо авчээ. Ихэнхи хүмүүс тав хавьцаа авсан байлаа. Жижигхэн Рут огтын санамсаргүй долоон оноо авав. Тэр шүүгчдэд юу үзүүлсэн юм бол? Түүн шиг жижигхэн биетэй хүн гайхалтай зүйл үзүүлсэн гэхэд итгэхэд бэрх байлаа. Арван хоёрдугаар бүсийг хамгийн сүүлд үзүүлэв. Пит найман оноо авчээ. Ямартай ч ганц хоёр зохион байгуулагч харсан бололтой. Би хумсаа алгандаа шигтгэн муу зүйл хүлээв. Тэгтэл дэлгэцэн дээр арван нэг гэсэн оноо гарч ирлээ! Арван нэг!
Эффи Тринкет уулга алдан хашгирахад бүгд нуруун дээр алгадан баяр хүргэлээ. Би итгэж ч чадсангүй. - Ямар нэг алдаа гарсан байх. Яаж... ийм зүйл болох юм бэ? хэмээн Хеймитчээс асуулаа.
- Чиний араншин таалагдсан байх. Тэдэнд үзэгчдийг сэргээх нь хэрэгтэй байдаг учир эрч хүчтэй тоглогч бас шаардагдана.
- Галт охин Китнисс! гээд Цинна намайг тэвэрснээ, - Ярилцлага өгөх даашинзаа удахгүй харна гээд хүлээж байгаарай! гэлээ.
- Ахиад л гал уу?
- Тиймэрхүү гэж тэр бултан хариулав. Пит бид хоёр бие биендээ баяр хүргэсэн ч ахин амаргүй болов. Бид хоёулаа сайн үр дүнд хүрсэн нь бие биендээ яаж хандана гэсэн үг вэ? Би анхны боломжоор өрөө лүүгээ зугтан хөнжлөөрөө бүтээн хэвтлээ. Өдрийн дарамт бухимдал нулимсаар угаагдан гарчээ. Би тайвширч удаанаар нойронд автахад хаалттай зовхинд <<арван нэг>> гэсэн тоо үзэгдсээр байв. Би гэгээ ороход сэрээд хэсэг зуур орондоо хэвтэн цэлмэг тэнгэрт нар мандахыг харлаа. Өнөөдөр ням гариг. Амралтын өдөр. Ингэхэд Гейл одоо хаана байгаа бол? Ойд болов уу? Бид ихэвчлэн ням гаригт долоо
хоногийнхоо нөөц хүнсийг базаадаг байлаа. Өглөө эрт босож зээл дээр худалдах зүйлээ агнана. Гейл намайг байхгүйд хэр байгаа бол? Бидний хэн ч ганцаар агнаж чадах ч хоёулаа бол илүү дээр. Ялангуа амьтан том биетэй бол. Гэхдээ хамтрагчтай явах нь амар хөгжилтэй байдаг юм.
Би Гейлтэй ойд тулгарах хүртлээ хагас жилийн турш гөрөөлсөн юм. Арван сарын бас нэг ням гариг байсан. Агаар сэрүүсч хатсан навчис зулгаран унажээ. Би өглөөг хэрэмтэй хөөцөлдөн, самар түүж өнгөрүүлээд үдээс хойш арай дулаарахад гүехэн цөөрөмд ургасан иддэг ургамал түүхээр явлаа. Боргоцойн дундуур туучин байж зөвхөн ганц хэрэм агналаа. Удахгүй цас ороход миний олзны эх сурвалж хаагдана. Тэр өдөр би ердийнхөөс хол явсан болохоор гэртээ яаран харих замдаа уутанд хийсэн үхсэн туулай толгой дээр нарийхан олсоор өлгөөтэй байхтай тааралдав. Арван таван ярдын цаана өөр нэг өлгөөтэй байлаа. Эцэг минь тавьдаг байсан болохоор би энэ урхийг сайн мэдэх билээ. Олз баригдангуут тор бусад амьтан хүрэхээргүй дээш өргөгдөнө. Би зунжингаа ийм урхи хийх гээд амжилтгүй болсон тул ойроос харахаар зогслоо. Хуруугаа туулайд дөнгөж хүрмэгц хэн нэгний хоолой <<Бүү хүр!>> гэлээ. Намайг хойшоо хэдэн алхам хойш ухрахад модны цаанаас Гейл гарч ирэв. Түрүүнээс хойш ажиглаж байсан байх нь. Тэр тэгэхэд арван дөрөвтэй байсан ч зургаан фут өндөр насанд хүрсэн хүн шиг харагдаж байлаа. Би түүнийг урьд нь зээл болон сургууль дээр харж байсан. Бас өөр нэг удаа... Тэр эцгийгээ бас уурхайн дэлбэрэлтэнд алдсан болохоор нэг сард шүүхийн байшингаас эр зоригийн медаль авахаар ирсэн юм. Би хоёр дүү нь удахгүй төрөх том гэдэстэй ээжээсээ зуурч байсныг саналаа. - Чамайг хэн гэдэг вэ? гээд Гейл ойртон туулайг урхинаас авлаа. Түүний бүсэнд ахиад гурав өлгөөтэй байв.
- Китнисс гэж би сонсдох төдий шивнэв.
- Китнип чи хулгай хийсэн хүнийг үхтэл нь шийтгэдэг тухай сонсоогүй юу? - Китнисс гэж би чангаар засаад,
- Би хулгайлах гээгүй. Зүгээр л занга яаж хийснийг харахыг хүссэн юм. Минийх ер бүтээгүй гэж хэлэв.
Тэр хөмсөг зангидан сэжигтэйгээр, - Тэгвэл хэрэм хаанаас авсан болж байна? гэлээ.
- Харвасан юм гээд би мөрнөөсөө эцгийнхээ надад зориулан хийж өгсөн жижиг нумыг мултлав. Гэхдээ саяхнаас том нумаар сургуулилж эхэлсэн бөгөөд хавар илүү том олзонд хүрэх байх гэж найдаж байлаа. Гейл нум руу түргэхэн хяламхийв.
- Харж болох уу.
- Ав л даа. Зөвхөн хулгай хийсэн хүнийг үхтэл нь шийтгэдэг гэдгийг санаарай. Тэгэхэд би анх удаа Гейлийн инээмсэглэхийг харж билээ. Түүний царайны заналхийлсэн өнгө арилан нөхөрсөг болов. Тэр ч байтугай найзлахыг хүссэн юм. Гэсэн ч би түүнд хариу инээмсэглэх хүртэл нэг сараас багагүй хугацаа
өнгөрсөн. Бид ангийн тухай ярилцлаа. Би Гейлд оронд нь юм өгвөл нум оногдох боломжтой тухай хэлэв. Гэхдээ хоолоор биш. Би мэдлэг хүсч байлаа. Бүсэндээ өдөр бүр тарган туулай өлгөхийн тулд тийм занга тавьж сурахыг хүсч байсан юм. Тэр зөвшөөрсөн ч жаахан бодох хэрэгтэй гэлээ. Тэр үеэс хойш бид дурамжхан болгоомжтойгоор мэдлэгээ солилцон зэр зэвсэг, нууц газар болон зэрлэг чавга, цацагт хяруул хаана байдаг тухай ярилцлаа. Гейл намайг загас барихад сургав. Би түүнд иддэг ургамлын тухай ярьж эцэст нь үнэт нумныхаа нэгийг өгөв. Нэг л мэдэхэд бид нэг баг болжээ. Хөдөлмөрлөж олсон олзоо гэр бүлээ өлсгөхгүйн тулд хоёул тэнцүү хуваана.
Би эцгийнхээ үхлээс хойш Гейлийн дэргэд аюулгүй байгаагаа мэдэрдэг байв. Одоо би ганцаар олон цагийн турш ойгоор тэнэхээ больж агнахад илүү амар болоод хэн нэгэн ирж байхыг заавал эргэж харах хэрэггүй болсон юм. Гейл энгийн нэг ангийн хамтрагч байсангүй. Би түүнд хэнээс ч илүү итгэн бүсийн талаарх бодлоо хувцаалцдаг байв. Тэр хариуд нь надад бас итгэлээ. Ойд Гейлийн дэргэд байх үед би заримдаа жаргалтай байдаг байв. Би түүнийг найз гэж дуудаг ч сүүлийн жилүүдийн хандлагаас нь үзэхэд энэ үг хэтэрхий сул сонсогдох болжээ. Миний зүрх хүчтэй базлах шиг болов. Хэрвээ тэр энд байсан бол! Үгүй мэдээж би үүнийг хүсэхгүй. Түүнийг бүсэд хэдхэн өдрийн дараа үхээсэй гэж хүсээгүй. Зүгээр л... түүнийг их санаж байна. Надад ганцаар аймшигтай байна. Харин тэр намайг санаж байгаа болов уу? Тэгсэн байх. Би өчигдөр үдэш миний нэрэн доор гарч ирсэн арван нэг гэсэн тоог санаад Гейлийн <<Чи илүү их ажиллах хэрэгтэй!>> гээд инээмсэглэхийг мэдэж байв. Би түүнд хариу инээмсэглэлээ.
Гейлтэй байхад хичнээн хялбар байх тусам Питтэй байхад хэцүү байлаа. Найзын дүр эсгэх амаргүй байсан юм. Би хэзээ ч Гейлийн хийсэн үйл хөдлөл болон үгийнх нь талаар асуулт тавьж байгаагүй. Гэхдээ үүнийг харьцуулж болно гэж үү? Гейл бид хоёр хоёулаа амьд үлдэх хэрэгтэй байсан. Харин Питийн хувьд эсрэгээрээ нэг нь нөгөөгөө алж амьд үлдэх ёстой. Үүнээс хаашаа ч зайлахгүй. Эффи хаалга цохин намайг ахин нэг <<маш чухал>> өдөр хүлээж байгааг сануулав. Маргааш биднээс зурагтын ярилцлага авах учир бүгд биднийг бэлтгэхээр завгүй байлаа.
Би босож товчлуурыг болгоомжтой даран түргэхэн шүршүүрт ороод хоолны өрөө лүү явлаа. Пит, Эффи, Хеймитч нар ширээнд нам дуугаар ярилцана. Энэ юу болохыг би сониучирхсан ч өлссөндөө таваг дүүрэн өглөөний хоол аваад тэдэнтэй нэгдлээ.
Өнөөдөр хатсан чавгаар хачирласан хурганы мах, хар будаатай өгөв. Зөвхөн тавганд хоолны тал үлдсэн хойно бүгд чимээгүй байхыг ажиглав. Би зүржийн шүүс том балгаад амаа арчив.
- Юу болсон бэ? Өнөөдөр биднийг ярилцлаганд бэлдэнэ биз дээ? - Тиймээ гэж Хеймитч зөвшөөрөв.
- Тэгвэл сатаарах хэрэггүй. Би идэхийнхээ зэрэгцээ сонсож чадна.
- Ойлгож байна уу төлөвлөгөө бага зэрэг өөрчлөгдсөн. Бидний одоогийн аргын хувьд... - Ямар арга? гээд би гайхширан бусад оролцогчдын өмнө тааруухан харагдахаас ондоо ямар заавар өгснийг
санахыг хичээхэд Хеймитч мөрөө хавчсанаа, - Пит тусдаа бэлтгэхийг гуйсан гэлээ.
8
Урвагч! Хеймитчийн үгийг сонсоод толгойд орж ирсэн анхны бодол ийм байлаа. Тэнэг бодол. Хэзээ ч итгээгүй байж урвагч гэж нэрлэж яаж болох билээ. Тиймээ оролцогчдын хооронд ямар итгэл байж болно гэж? Гэхдээ л... шийтгүүлнэ гэдгээ мэдсээр байж надад талх өгсөн, тэргэн дээр түшин зогсож, Хеймитчийн өмнө хэлгүй охины тухай ярианаас аварсан хүүд... Би жаахан ч гэсэн итгэл үү?
Өөр өнцгөөс бол бид эцэстээ найз нөхдийн дүр эсгэх хэрэггүй болсонд санаа амарлаа. Хэрвээ бидний хооронд өчүүхэн төдий холбоос байсан бол одоо төгсгөл болов. Цаг нь ч болсон. Хоёр өдрийн дараа тоглоом эхлэхэд энэ нь сул тал байх болно. Пит ямар ч шийдвэр гаргасан байлаа би түүнд талархах ёстой. Магадгүй тэр удахгүй дайсан болно гэдэгтэйгээ эвлэрсэн бололтой. Энэ нь ч дээр.
- Сайн байна. Бидний хуваарь ямар вэ?
- Эффи дөрвөн цагийн турш нэгийг чинь биеэ хэрхэн авч явахад сургаж байхад харин би нөгөөтэй чинь юу хэлэх ёстой талаар ярина. Китнисс чи Эффитэй эхлээрэй.
Эффитэй дөрвөн цаг суралцахад нэг ч сул хором гарах эсэхийг төсөөлөхөд бэрх байлаа. Биднийг манай өрөөнд орох үед Эффи надад үдэшлэгний урт даашинз, өндөр өсгийтэй гутал өмсгөөд явахыг сургав. Гутал дээр явах хэцүү байлаа. Би хэзээ ч өндөр өсгийтэй гутал өмсөж байгаагүй болохоор хөл минь ийш тийш хазайж эвгүй санагдав. Гэсэн ч Эффи өдөр бүр тэгж явдаг болохоор би үүнийг чадна гэж бодлоо. Даашинзы хувьд өөр асуудал гарав. Түүнийг хөлд орооцолдох болгонд засахаар тонгойход Эффи харцага шиг дүүлэн ирээд <<Шагайгаа битгий өндөр өргө!>> гэж хашгирч гар луу цохиж байлаа. Би эцэстээ явж сурсан ч гар даллан инээмсэглэж сурах хэрэг гарав. Зай завсаргүй инээмсэглэх ёстой байлаа. Эффи намайг нүүрнээсээ инээмсэглэлээ арилгахгүй байх талаар зай завсаргүй яншсаар үдийн хоолны цаг болоход хацар цул хөндүүр болжээ.
- За би чадах л зүйлээ хийлээ. Китнисс үзэгчид чамайг хайрлах ёстойг бүү мартаарай гээд Эффи санаа алдав. - Та үүнийг боломжтой гэж бодож байна уу?
- Хэрвээ чи тэдэн рүү муухай харахгүй бол болно. Яагаад бүсийнхээ төлөө уур хилэнгээ дарж болохгүй гэж? Найз нөхдийнхөө дунд байна гэж төсөөл. - Найз нөхөд гэнээ! Тиймээ тэд намайг хэр удаан амьд байх эсэхэд мөрийцөж байгаа!
- Тэгвэл дүр эсгэ! гэж Эффи хашгирснаа биеэ барин инээмсэглэж,
- Яг ингэж. Чи намайг хичнээн их уурлуулсан ч гэлээ инээмсэглэж байхыг минь харж байна уу гэлээ. - Маш итгэлтэй байна. Би хоол идэхээр явлаа.
Би өндөр өсгийтэй гутлаа өшиглөн тайлаад хоолны өрөө лүү хөл нүцгэн явахдаа даашинзныхаа хормойг шуулаа. Пит, Хеймитч хоёр маш сайхан ааштай байсан тул хоёр дахь хичээл эхнийхтэй харьцуулахад амжилттай болно гэсэн найдлага төрөв. Хоолны дараа Хемитч намайг зочны өрөө рүү аваачаад буйдан дээр суулган хөмсөг зангидан харлаа.
- Яасан? гэж би тэсгэлгүй асуув. - Чамтай юу хийхээ ойлгохыг хичээж байна. Бид чамайг ямар болгох вэ. Дур булаам уу? Хүйтэн хөндий юу? Догшин ширүүн үү? Чи дүүгийнхээ өмнөөс тоглоомд оролцсон болохоор одоо од шиг гялалзаж байгаа. Цинна чамайг мартагдашгүй болгосон. Бас бэлтгэл бэлтгэл дээр хамгийн өндөр оноо авсан. Олон нийтийн сонирхол хөдөлж байгаа ч үнэн хэрэгтээ хэн гэдгийг чинь мэдэхгүй. Чиний маргааш ямар сэтгэгдэл төрүүлэхээс хамааран би ивээн тэтгэгчид олж өгөх болно. Би хүүхэд байхаасаа эхлэн оролцогчдын ярилцлага үзэж байсан болохоор Хеймитчийн зөв гэдгийг ойлгож байлаа. Хэрвээ чи олон нийтэд таалагдвал томоохон давуу тал болно.
- Пит биеэ яаж авч явж байгаа вэ? Эсвэл нууц уу? - Аятайхан залуу хүний ёсоор. Тэр их элэгсэг болохоор хошигнон инээж чадна. Харин чи ам нээх болгондоо дайсагнасан харцтай баргар байдаг.
- Тийм биш! гэж би эсэргүүцлээ.
- Больж үз. Миний өмнө ч хойно ч харж байгаагүй тэргэн дээр гар далласан хөгжилтэй охин хаанаас гараад ирснийг мэдэхгүй юм.
- Харин та надад хөгжилтэй байх олон боломж өгсөн үү? гэж би унтууцав.
- Чи надад таалагдах шаардлагагүй. Би ивээн тэтгэгч биш. Тэгэхээр намайг олон нийт гэж төсөөлөөд баярлуул. - Сайн байна! гэж би хэдэрлэв.
Хеймитч ярилцлага авж буй хүний дүр эсгэхэд би асуултанд эелдэгээр хариулахыг чадах ядахаараа хичээв. Гэвч болсонгүй. Би Хеймитчийн үгэнд хэтэрхий уурласаны дээр хараал идсэн тоглоомын тэнэг ярилцлаганд бүр уур хүрч байлаа. Энэ бүхэн ямар шударга бус юм бэ! Би яагаад үзэн яддаг хүмүүстээ таалагдахын тулд сургуультай нохой шиг дэвхцэж байх ёстой гэж? Хором өнгөрөх тусам миний уур улам ихссээр эцэстээ ярьж чадахаа болив. - За болно, хангалттай. Өөр арга эрж олъё. Дайсагнасан байдлаас чинь болоод би юу ч мэдэж чадсангүй. Би чиний амьдрал, гэр бүл юунд дуртай тухай чинь асуулт тавъя. Тэд чиний тухай мэдэхийг хүсч байгаа, Китнисс!
- Тэгвэл би тэднийг мэдээсэй гэж хүсэхгүй байна. Тэд хэдийн ирээдүйг минь бэлтгэсэн ч өнгөрсөн үеийг минь мэдэж чадахгүй! - Тэгвэл худал хэл! Ямар нэг зүйл зохиогоод ярь!
- Би тийм ч сайн худал ярьж чадахгүй. - Тэгвэл сур. Аль болох түргэн шүү. Чиний байдал өмхий загаснаас дээрдэх юм алга.
Хөөх. Тэр надад яаж хандаж байгаа хэрэг вэ! Хеймитч харваас хатуу үг хэлснээ ойлгосон бололтой зөөлрөөд,
- Нэг санаа байна! Даруухан охины дүрд тогло гэлээ. - Даруухан гэнээ?
- Тиймээ арван хоёрдугаар бүсийн энгийн нэг охинд ийм аз тохиосонд итгэж ч чадахгүй байна гэж төсөөл. Чи тийм зүйлийг зүүдэндээ үзэж ч байгаагүй. Циннагын хийсэн хувцсыг магт. Хотыг хэрхэн гайхан биширч байгаагаа ярь. Ер нь бол хэрвээ өөрийнхөө тухай ярихыг хүсэхгүй л байгаа бол магтаад байх хэрэгтэй. Үргэлж өөрийнхөө тухай ярианаас зайлсхий. Сэтгэл хөөрлөө гарга.
Дараагийн зовж зүдэрсэн нэг цагийн турш надаас дүрэлзсэн хөөр баяр гарахгүй нь тодорхой болов. Бид ихэмсэг байхыг оролдож үзсэн ч хямсгар байж чадсангүй. Би хэтэрхий <<эмзэг>> ууртай байв. Бас ухаантай, хөгжилтэй, нууцлаг биш. Хичээлийн төгсгөлд ямар ч үр дүн гарсангүй. Намайг ухаантай болон жүжиглэхэд Хеймитч тэсгэлгүй ууж эхлээд ажиглалт нь улам хорон егөөтэй болж байлаа.
- Би бууж өглөө, хонгор минь. Зүгээр л асуултанд хариулаад үзэгчдийг үзэн ядалтаараа хордуулахгүй байхыг хичээгээрэй дээ. Оройн хоолоо би өрөөндөө захиалж дотор муухайртал идээд Хеймитч, Үхлийн тоглоом, Капитолд амьдардаг хүн бүрийг үзэн ядсандаа аяга тавгаа чулуудан хагаллаа. Улаан хүрэн үстэй охин ор засахаар орж ирээд нүд нь томров.
- Орхи! Ганцаар минь орхиж үз! гэж би орилов. Би түүнийг бас үзэн ядаж энэхүү зэмлэнгүй харц намайг хулчгар, мангас, Капитолын гарт орсон хүүхэлдэй гэж хэлж байгааг ойлгож байлаа. Түүний хувьд эцэстээ шударга зүйл болно. Миний үхэл ойд амиа алдсан залуугийн үхлийг төлөх биз.
Гэсэн ч тэр явахын оронд хаалга хаагаад угаалгын өрөө лүү явж алчуур норгон авчраад нүүр арчин, хагархайд зүсэгдсэн гарыг минь цэвэрлэж өгөв. Тэр яагаад үүнийг хийж байгаа юм бол? Ямар учраас би түүнд зөвшөөрч байна?
- Би чамайг аврах ёстой байсан гэж би шивнэлээ.
Тэр толгой сэгсрэв. Тэр үүгээрээ юу хэлсэн юм бол? Бидний зогсоод харж байсан нь зөв гэх нь үү? Эсвэл намайг уучилсан юм болов уу? - Үгүй, ёстой байсан.
Тэр хуруугаараа уруулаа дараад миний цээж рүү заав. Магадгүй намайг бас хэлгүй болохыг хүссэн бололтой. Бүрэн боломжтой. Хэлгүй юмуу үхдэл.
Бид бүтэн цагийн турш өрөө цэвэрлэн бүх хогоо хогийн саванд хийхэд улаан үстэй охин намайг оронд хэвтүүлэв. Би таван настай хүүхэд шиг атийн хэвтэхэд хучаад явсан ч түүнийг үлдэхийг хүссэндээ унтсангүй. Би түүнийг хамгаалахыг хүссэн ч тэр боломж олгосонгүй. Өглөө намайг бэлтгэл багийнхан угтан авав. Эффи, Хеймитч хоёрын хичээл ард хоцорчээ. Энэ өдөр Циннад зориулагдсан. Тэр миний сүүлчийн найдлага байлаа. Магадгүй тэр намайг гайхамшигтай харагдуулвал хэн ч хэлэх үгэнд минь санаа тавихгүй байх.
Багийнхан надтай үдээс хойш хүртэл ажиллаж арьсыг минь гялалзсан толигор болгон, гар хээлж чимэглэн, хумсыг минь засаж янзлаад галт дөлний хээ угалз зурав. Вениа миний үсийг галт улаан өнгөөр сүлжээд зүүн талаар толгой ороон давуулж баруун талын мөр лүү унжуулав. Түүнчлэн нүүрэнд тавьсан цайвар тосны давхрагаа арилгаж хэвийн байдалд нь оруулаад том хар нүд, улаан уруул, анивчихад гэрэл цацардаг сормуустай болгов. Эцэст нь миний биеийг гялалзсан алтан тоосоор бүрэхэд Цинна боодолтой даашинз барин орж ирээд,
- Нүдээ ань гэж тушаав. Би торгомсог даавуу бие даган гулсаад мөрөн дээр дарахыг мэдрэв. Даашинз дөчин фунтаас доргүй жинтэй байлаа! Би Октавиагын гараас бариад өсгийтэй шаахайгаа өмсөхдөө Эффигийнхээс хоёр дахин намхан болохыг баяртайгаар мэдэв. Хоёр минутын турш ямар нэг зүйл засав. Дараа нь нам гүм боллоо.
- Нүдээ нээж болох уу? - Тиймээ гэж Цинна хэлэхэд би урдаа байгаа том толинд ертөнц өөрчлөгдөн гялалзсан арьс, дөл дүрэлзсэн нүд, үнэт чулуун шигтгээ бүхий хувцастай хүн зогсож байхыг харлаа.
Даашинз итгэмээргүй гайхамшигтай байлаа! Түүнийг бүхэлд нь улаан, шаргал, цайвар өнгийн нүд гялбам эрдэнийн чулуугаар эрээлж чимэглэн, захаар нь цэнхэр дөл угалзалсан нь хөдлөх бүрийд гал бадрах мэт болж байв.
Үгүй ээ, би хөөрхөн, үзэсгэлэнтэй ч биш нар шиг нүд гялбам болжээ.
Хэсэг зуур бид бишрэн зогслоо. - Цинна, баярлалаа гэж би шивнэлээ.
- Эргээдэх дээ.
Би гараа сунган эргэлдэхэд бэлтгэл багийнхан бахдан дуу алдав. Цинна бэлтгэл багийнхнаас намайг даашинз, гутал дээрээ явж сургахыг гуйсан ч Эффи заасан тул хялбар байв. Даашинз хөдөлгөөнд саад болохгүй санаа зоволтгүй чөлөөтэй явж болохоор болжээ.
- За тэгэхээр ярилцлаганд бэлэн үү? гэж Цинна асуухад би түүний царайны хувирлаас Хеймитчтэй ярилцсан болохыг тааварлав. Миний ямар аймаар байсныг мэдсэн биз.
- Аймшигтай. Хемитч намайг өмхий загас гэсэн. Бид хичнээн оролдож үзсэн ч юу ч бүтээгүй. Түүний санал болгосон нэг ч зүйлийг хэрэгжүүлж чадаагүй. Цинна хормын турш бодлогоширсноо,
- Чи яагаад өөрийнхөөрөө байж болдоггүй юм бэ? гэв.
- Өөрийнхөөрөө гэнээ? Тэр бүр бүтэхгүй. Хемитч намайг баргар дайсагнасан төрхтэй гэж хэлсэн. - Хеймитчийн дэргэд бол ч... тийм байх гээд Цинна инээмсэглэн,
- Харин би чамайг тэгж бодохгүй байна. Бэлтгэл багийнхан чамайг биширдэг. Тэр ч байтугай чи зохион байгуулагчдыг ялсан. Капитолоор дүүрэн чиний тухай ярьж байна. Хэн ч чиний мөн чанарыг гайхан бахдахгүй байж чадахгүй гэлээ. Мөн чанар гэнээ? Би үүнийг хүлээгээгүй. Түүний юу бодсоныг ойлгоогүй ч намайг ууртай, итгэлгүй биш дайчин, зоригтой гэж байх шиг байна. Тиймээ би уулзсан хүн болгондоо инээмсгэлэдэггүй ч хайртай хүмүүстэйгээ бол өөр хэрэг.
Цинна дулаахан алгаараа миний хүйтэн гарыг барилаа. - Асуултанд хариулах үедээ гэртээ найзтайгаа байна гэж төсөөл за юу? Чамд сайн найз байгаа биз дээ?
- Гейл гэж би дор нь хариулсан ч,
- Гэхдээ энэ чинь тэнэг хэрэг, Цинна. Би Гейлтэй хэзээ ч тийм зүйл ярьж байгаагүй. Тэр миний тухай бүгдийг мэднэ гэв. - Тэгвэл миний тухайд яаж байна? Чи намайг найзаа гэж бодож болно биз дээ?
Цинна миний төрөлх бүсээс ирсэн цагаас хойш уулзсан хүмүүсээс хамгийн их таалагдаж байлаа. Би түүний урам хугалдаггүйд нь дуртай байдаг юм. - Тиймээ, болох л юм гэхдээ...
- Би тавцан дээр бусад дизайнеруудын хамт эхний эгнээнд сууж байх болно. Чамд харагдах боломжтой. Асуулт тавих үед над руу хараад юу бодож байгаагаа үнэнээр нь хэлээрэй.
- Хэрвээ би аймшигтай зүйл бодож байвал яах вэ? Энэ ч магадгүй л юм шүү.
- Ялангуяа аймшигтай зүйл бодож байвал тэгэх хэрэгтэй. За тохиролцов уу?
Би толгой дохилоо. Үүнд нэг зүйл байлаа. Эцсийн сүрлийг шүүрч авах хэрэгтэй.
Удалгүй бидний явах цаг болов. Ярилцлагыг бэлтгэлийн төвийн өмнөх гадна талбайд авах байлаа. Өрөөнөөс гарахад гарч бүх Панемийн өмнө камерийн урд зогсоход хэдхэн хором үлджээ. Цинна хаалганы бариулыг эргүүлэхэд би айсандаа чичирч,
- Цинна... гэлээ.
- Тэднийг чамд хайртай гэдгийг сана. Зүгээр л өөрийнхөөрөө бай. Цахилгаан шатанд хүрэх замд бидэнтэй арван хоёрдугаар бүсийн нөгөө хэсэг нийлэв. Портиа болон түүний багийнхан маш сайн ажиллажээ. Пит дөл хатгамласан хар хүрэм өмссөн нь гайхамшигтай сайхан харагдав. Энэ удаад бидний хувцас адилхан биш байсан тул бие биенийгээ сайн харлаа. Хеймитч, Эффи хоёр ихэд хөөрчээ. Би Хеймитчээс зугтаасан ч Эффигийн магтаалыг хүлээн авлаа. Тэр хичнээн залхуутай яршигтай ч Хеймитч шиг хорлонтой биш. Цахилгаан шатны хаалга нээгдэхэд бусад оролцогчид талбай руу гарахаар дугуйран суужээ. Охидууд нь түрүүнд гарах учир миний ярилцлага хамгийн сүүлд болно. Гэсэн ч хамгийн түрүүнд гарч түргэн зовохыг хүсэв! Үгүй, би эхлээд ухаантай, хөгжилтэй, даруу, ууртай, сэтгэл татам бусад өрсөлдөгчдөө харах хэрэгтэй. Миний ээлж ирэхэд үзэгчид өнгөрсөн удаагийн зохион байгуулагчид шиг уйдсан байх болно. Харин надад тэдний анхаарлыг татах сум байхгүй. Биднийг тавцан руу гарахаас өмнө Хеймитч ирээд <<Хамтдаа хсууд болохоо бүү мартаарай >> гэлээ.
Юу гэнээ? Би Питийн тусдаа бэлтгэл хийхийг санал болгосоос хойш үүнийг төгсгөл болсон гэж бодсон юмсан. Гэвч хувиараа бэлтгэл хийх нэг хэрэг олон нийтийн өмнө гарах бол өөр нэг хэрэг боллоо. Үүнд биеэ онцгой авч явах шаардлагагүй зүгээр л нэг нэгнийхээ араас гараад байрандаа суухад болно. Би талбай руу алхан гармагц амьсгал давхцан чамархайны судасны цохилт түргэслээ. Хөл минь чичирэн бүдрэхээс айж байсан учир суудалдаа суугаад сэтгэл амрав. Дугуй талбайд үдэш болон зуны цэлмэг сайхан өдөр байлаа. Капитолын нэр хүндтэй хүмүүс ярайн суусны эхний эгнээг дизайнерууд эзэлжээ. Камер тэдний зүг хандах болгонд үзэгчид хөдөлмөрийг нь шагшин магтана. Баруун талын байшингийн том тагтыг тогломын зохион байгуулагчид эзэлжээ. Үлдсэн бараг бүх тагтан дээр зурагтынхан байв. Дугуй талбай болон гудамжинд дүүрэн хүн цуглажээ. Байшин барилга бүрийн дотор зурагт асаастай байлаа. Панемийн нэг ч оршин суугчийн тогыг өнөөдөр таслахгүй.
Талбай дээр Цезарь Фликерман гарч ирэв. Тэр оролцогчдоос дөчин жилийн турш ярилцлага авсан хэр нь залуухан харагдах нь айдас хүрмээр байв. Үргэлж нэг янзын цагаан нүүр будалт, үсний засалттай байдаг ч тоглоом бүр дээр өөр өнгийн үстэй байдаг. Тэрбээр шөнийн тэнгэрт анивчин гялалзаж буй одод мэт олон мянган жижиг гэрэл ассан бараан хөх өнгийн ёслолын хувцас өмсчээ. Капитолын мэс засалчид хүмүүсийг залуухан туранхай харагдуулах чадвартай. Манай арван хоёрдугаар бүсэд
хүмүүс залуугаараа эрт үхдэг учир хөгшрөх нь бараг гавъяа байлаа. Хижээл насны хүнийг хараад удаан жил амьдарсанд баяр хүргэн амьд үлдсэн нууцыг асуух нь бий. Тарган хүмүүст бидэн шиг хагас өлсгөлөн амьдардаггүйд нь атаархана. Гэхдээ энд бол өөр хэрэг. Үрчлээгээ нуухыг хичээнэ. Цүдгэр гэдэс амжилтын тэмдэг биш.
Энэ жил Цезарь цайвар цэнхэр өнгийн үстэй байсан бөгөөд зовхи, уруулаа мөн тийм өнгөөр буджээ. Энэ нь этгээд харагдах хэдий ч өнгөрсөн жилийнх шиг зүүдэнд ором цусан улаан өнгийг бодоход аймшигтай байсангүй. Цезарь үзэгчдийг хөгжөөх хэдэн хошин үг хэлээд ажилдаа орлоо.
Талбайн голд нэгдүгээр бүсийн нэвт гэрэлтсэн алтан даашинз өмссөн охин ярилцлага өгөхөөр гарч ирэв. Тэрбээр цайвар үс, маргад ногоон нүд, өндөр бие гоолиг биетэй бөгөөд нүд салгахын аргагүй харагдав.
Ярилцлага бүрд гурван минут орж байлаа. Хонх дүнгэнэхэд дараагийн оролцогч босож байв. Цезарь ямар ч оролцогчын сайн талыг дөвийлгөн үзүүлэх чадвартай. Тэрбээр хулчгар нэгнийг урамшуулан толгой дохих юмуу, ямар ч сулхан хариултыг тоглоом наадам хийн анхаарлын төвд оруулж дөнгөнө.
Би Эффигийн сургасан ёсоор хатагтай хүн шиг сууж байхад бүсүүд нэг нэгнийхээ араас босч байлаа. Хоёр, гурав, дөрөв дэх нь гарлаа. Бүх оролцогчид тусгайлан заавар авсан бололтой. Хоёрдугаар бүсийн том биетэй залуу өрөвдөх сэтгэлгүй хэцгий аллагын машин болжээ. Тавдугаар бүсийн үнэг шиг царайтай охин зальжин булзамхай байлаа. Би Циннагийн байраа эзэлснийг харсан ч сэтгэл хөдлөл тайвширсангүй. Найм, ес, арав дугаар гарлаа. Аравдугаар бүсийн доголон хүү маш аяархан дуутай байв. Миний алга нэвт норж хөлөрсөн ч эрдэнийн чулуутай даашинзаа муухай болгохоос айн арчиж зүрхэлсэнгүй. Арван нэгдүгээр бүс гарлаа.
Рут аалзны шүлс шиг сиймхий далавчтай даашинзаа дэрвүүлсээр Цезарь луу явлаа. Үзэгчид энэхүү бүтээлийг чимээгүй болон ажиглав. Цезарь түүнтэй маш элэгсэг харьцан жижигхэн биетэй байж бэлтгэл дээр өндөр оноо авсанд баяр хүргэв. Түүнийг хүчнийх нь давуу тал юунд байгааг асуух үед Рут огт эргэлзэлгүй,
- Намайг барьж авахад маш хэцүү. Хэрвээ барьж авч чадахгүй бол алж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр намайг тооцооноос өмнө хасах хэрэггүй гэлээ.
- Би хэзээ ч тэгэхгүй! гэж Цезарь урамшуулав. Арван нэгдүгээр бүсийн Рут шиг бор арьстай хүү том биетэнгүүдийн нэг байсан бөгөөд зургаан фунт хагас өндөр, бух шиг булчинлаг биетэй байв. Гэсэн ч түүнийг мэргэжлийнхэн урихад татгалзсаныг би харсан юм. Тэр үргэлж ганцаараа зожигрон хэнтэй ч харьцахгүй бөгөөд бэлтгэл сургуульд хайхрамжгүй хандаж байсан ч арван оноо авсан. Тэр Цезарын ямар ч оролдлогыг үл тоомсорлон <<тийм, үгүй>> гэх юмуу чимээгүй болж байв. Хэрвээ би түүний биений хэмжээтэй байсан бол үгний ч шаардлагагүйгээр гурав дахин баргар дайсагнасан харагдах байсан. Ивээн тэтгэгчдийн хагас нь түүний тухай ярьж байгаа гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Би ч гэсэн түүн дээр л тавих байсан.
Тэгтэл Китнисс Эвердин гэж дуудахад би зүүдэлж байгаа юм шиг явсаар талбайн голд очин Цезарын сунгасан гарыг сэгсэрлээ.
- За тэгэхээр Китнисс Капитол арван хоёрдугаар бүсээс багагүй ялгаатай байх ёстой. Чамайг энд ирэхэд юу хамгийн их гайхуулав? Юу гэнээ? Тэр юу хэлсэн бэ? Үг чихэнд сонсогдсон ч ямар ч бодол төрүүлсэнгүй. Би цөхрөн Циннаг нүдээрээ хайгаад харц тулгармагц түүний амнаас нь “Чамайг энд ирэхэд юу хамгийн их гайхуулав?>> гэсэн үг гарч байна гэж төсөөлөв. Гайхуулсан, гайхуулсан.... ямар нэг аятайхан юм хэлэх хэрэгтэй. <<Шударга бай. Үнэнийг хэл >> гэж би өөртөө тушаалаа.
- Хурганы жигнэсэн мах.
Цезарь инээхэд зарим үзэгч дагаж инээлээ. - Хатсан чавгатай юу? гэж Цезарь тодруулахад толгой дохиод,
- Би бараг хувин дүүрэн идсэн гэлээ.
Тэр үзэгчид рүү эргээд гэдсээ заан, - Ажиглагдахгүй байна уу? гэж асуухад дэмжсэн хашгиралт, алга ташилт цуурайтав. Цезарь үргэлж хэнийг ч дэмжих арга олж чадна.
- За тэгэхээр, Китнисс чамайг нээлтийн ёслол дээр хараад миний зүрх зогсох шиг болсон. Харин чи хувцсаа хараад юу бодсон бэ? Цинна үнэнээ хэл! гэж хөмсгөө өргөв.
- Та миний амьдаараа шатахаас айж байсан тухай ярьж байна уу?
Үзэгчдийн зүгээс инээд хадав. - Тиймээ, яг тийм гэж Цезарь дэмжив.
Юунаас илүү би энэ тухай Циннад хэлэх ёстой.
- Циннаг миний амьдралдаа харж байгаагүй хувцас хийсэн гайхамшигтай дизайнер гэж бодож байна. Би түүнийг өмсөж байгаадаа итгэж чадаагүй. Одоо ч энэ даашинзыг өмсөөд зогсож байгаадаа итгэхгүй байна. Та намайг хар л даа! гээд хормойгоо өргөлөө.
Үзэгчид уулга алдахад Цинна намайг эргэ! гэж хуруугаараа дугуй хөдөлгөөн зурав. Би нэг эргэлт хийхэд үр дүн нь даруйхан гарав. - Хөөх ахиад хийгээч! гэж Цезарь дуу алдахад би гараа өргөөд маш түргэн эргэлдэхэд даашинзны хормой дэрвэлзэн галын дөлөнд хучигдав. Хүмүүс хөөрсөндөө ухаангүй боллоо. Би Цезарын гараас зууран зогсов.
- Битгий зогсоорой! гэж тэр гуйлаа.
- Тэгэхгүй бол толгой эргээд байна! гэж би хөхрөөд амьдралдаа анх удаа өөрийгөө ийм хөнгөмсөг харагдаж байна гэж бодлоо.
Цезарь намайг гараараа тэврээд,
- Айх хэрэггүй дээ, би чамайг барьж байна. Зөвлөгчид чинь ч өгөхгүй байж магадгүй гэлээ. Үзэгчид нөхөрсгөөр хашгиралдахад камер ургацын өдөр толгойгоороо харуулдан унасан Хеймитчийг үзүүлэхэд гар даллав.
- Бүх зүйл хэвийн. Тэр надтай байхад аюулгүй гэж Цезарь үзэгчдийг итгүүлээд, - За одоо бэлтгэл дээр авсан онооны чинь тухай ярилцъя? Арван нэг! Чи яаж тийм их оноо авч чадсан бэ? Юугаараа ялгарсан юм? гэв.
Би уруулаа хазлангаа зохион байгуулагчидын тагт руу харав.
- М-м... миний ганц хэлж чадах зүйл бол... анх удаа тийм зүйл болсон гэж бодож байна. Бүх дурангууд зохион байгуулагчдын зүг чиглэхэд инээлдэн зөвшөөрсний тэмдэг болгон толгой дохив.
- Чи биднийг зовоож байна шүү! гэж Цезарь шаналсан байртай хэлээд,
- Тодорхой яриач гэв. Би тагт руу эргээд,
- Би энэ тухай ярьж болохгүй биз дээ? гэж хашгирахад тавган дээр унасан хүн <<Болохгүй!>> гэж орилов.
- Баярлалаа. Уучлаарай. Би амаа түгжих ёстой. - Тэгвэл ургацын өдөр дүүгийн чинь нэрийг дуудсан мөч рүү эргээд очицгооё гэж Цезарь чухалчлан хэлээд,
- Чи сайн дураараа гарсан. Бидэнд түүний тухай яриач? гэв.
Үгүй. Яагаад ч үгүй. Та нарт л биш шүү. Гэхдээ... Циннад бол болох юм. Надад түүний царайны зовж шаналсан өнгө харагдах шиг болов.
- Түүнийг Прим гэдэг. Ердөө арван хоёр настай. Би түүнд ертөнц дээрх бүх зүйлээс илүү хайртай.
Дугуй талбай ялаа ниссэн ч сонсогдохоор нам гүм болов. - Тэр чамд ургацын дараа юу хэлсэн бэ?
Үнэн. Үнэнийг хэл. Би шүлсээ залгиад, - Тэр намайг ялахын тулд хичээхийг гуйсан гэв.
Үзэгчид хөшин миний үг бүрийг сонслоо.
- Харин чи түүнд юу гэж хэлсэн бэ? гэж Цезарь эелдэгээр асуухад дотор хүйт оргин булчин шөрмөс алуулах гэж байгаа үеийнх шиг чангарлаа. Би амаа нээгээд аяархан дуугаар,
- Би түүнд хичээнэ гэж тангарагласан гэлээ.
- Тэгсэн гэдэгт эргэлзээгүй. Бидний цаг дууссан нь харамсалтай байна. Арван хоёрдугаар бүсийн оролцогч Китнисс Эвердинд амжилт хүсье. Намайг байраа эзэлсний дараа алга ташилт удтал намдсангүй. Би ахин Цинна руу харж дэмжсэн тэмдэг хүлээлээ. Тэр надад чимээгүйхэн хоёр эрхий хуруугаа гозойлгов.
Питийн ярилцлаганы эхний хэсэг манан дунд өнгөрсөн ч үзэгчдийг татахыг хүссэн нь ойлгомжтой байсан бөгөөд тэд хашгиралдан инээлдэв. Талхчины хүү бүсүүдийн талхыг харьцуулснаа дараа нь Капитолын угаалгын өрөөнд тулгарсан аюулын тухай хөгжилтэй түүх ярив. <<Надаас сарнай үнэртсэн хэвээр байна уу?>> гэж тэр Цезараас асуугаад хоёулаа бие биеэ үнэрлэн үзэгчдийг инээлгэв. Би Цезарь Питээс гэртээ найз охинтой байсан эсэх тухай асуулт тавих үед хэвийн байдалд орлоо.
Пит эргэлзсэнээ итгэлгүйхэн толгой сэгсрэв. - Ийм сайхан залууд хайртай охин байхгүй гэдэг боломжгүй юм! Алив түүний нэрийг хэл! гэж Цезарь шаардав.
Пит амьсгаа авлаа.
- Ер нь бол нэг охин байгаа... Би түүнд хичнээн хайртай болохоо ч мэдэхгүй байна. Гэхдээ... ургац дээр гарах хүртэл тэр миний байгааг мэдээгүй. Үзэгчид өрөвдсөний тэмдэг болгон дуу алдлаа. Золгүй дурлал... ямар уярмаар юм бэ!
- Түүнд өөр залуу байгаа болов уу? гэж Цезарь асуув.
- Мэдэхгүй түүнд маш олон залуус хайртай байдаг. - Тэгвэл чиний хийх ёстой зүйл гэвэл ялалт... Ялалт байгуулаад гэртээ харь. Тэгэхэд татгалзахгүй биз гэж Цезарь урамшуулав.
- Харамсалтай нь бүтэхгүй. Ялалт... миний хувьд бүтэхгүй. - Яагаад үгүй гэж?
Пит хавч час улайснаа ээрэн, - Яагаад гэвэл... яагаад гэвэл... бид ийшээ хамт ирсэн гэлээ. ХОЁРДУГААР ХЭСЭГ ТОГЛООМ
XIX Хэсэг хугацааны турш дурангууд Пит руу чиглэсэн хэвээр байлаа. Дараа нь би дэлгэцэнд гайхаж мэлрэн амаа хагас ангайсан царайгаа харлаа. Энэ бол би! Тэр миний тухай ярьж! Би сэтгэл хөдлөлөө нуухын тулд уруулаа жимийн шал ширтэв.
- Тиймээ энэ бүтэхгүй гэж Цезарь шаналангуй хэлэв. Үзэгчид зөвшөөрөн шуугьж хэдэн хүн зовж шаналсан байртай хашгирав.
- Бүтэхгүй гэж Пит зөвшөөрлөө.
- Бид чамайг маш сайн ойлгож байна. Ийм сайхан залуу хатагтайг толгойноосоо гаргаж хаяхад бэрх. Ингэхэд тэр үүнийг чинь мэддэг болов уу?
- Энэ мөчийг хүртэл үгүй гээд Пит толгой сэгсэрлээ.
Би дэлгэц дээр ахин хацар нь улайсан царайгаа олж харав. - Түүнийг ахин талбайн голд авчираад юу хэлэхийг нь сонсвол дээр юм биш үү? гэж Цезарь хүмүүст хандан хэлэхэд дэмжсэн шуугиан гарав.
- Харамсалтай нь дүрэм бол дүрэм. Китниссийн цаг дууссан. Амжилт хүсье, Пит Мелларк. Хэрвээ би андуураагүй бол бүх Панемын зүрх чиний цохилж байгаа шүү гэдгийг хэлэх байна. Үзэгчид чих дөжрөм шуугив. Пит надад хайртайгаа хүлээснээр бусад оролцогчдыг замаасаа арчиж хаялаа. Чимээ шуугиан намдах үед Пит хүчилсэн хоолойгоор <<Баярлалаа>> гээд байрандаа эргэж суулаа. Сүлд дуулал эхлэхэд бид босов. Би хүндэтгэлгүй харагдахгүйн тулд толгойгоо өргөхөд эргэн тойрны дэлгэц болгон дээр Пит бид хоёрын хоорондох зайг үзүүлж байв. Хөөрхий амьтад!
Сүлд дууллын дараа оролцогчид бэлтгэлийн төвийн үүдний танхим руу орж цахилгаан шат руу ороход би Питтэй нэг бүхээгт суухгүйг хичээв. Бидэнтэй дизайнер, зөвлөгч, дагалдагсад гээд олон хүн байлаа. Хэн ч үг дуугарсангүй. Миний орсон цахилгаан шат дөрвөн удаа зогсож оролцогчдыг буулгасны эцэст ганцаар үлдэхэд хормын дараа арван хоёрдугаар давхарын хаалга онгойлоо. Питийг бүхээгнээсээ гарав уу үгүй юу би цээж рүү нь хүчтэй түлхэхэд тэнцвэр алдан ваартай цэцэг дайран унаад бут үсэрсэн хэлтэрхийд нь гараа зүсэв.
- Юуны төлөө? гэж тэр мэгдэн асуув. - Чиний буруу байсан! Чи миний тухай худал хэлсэн! гэж би хашгирлаа.
Тэгтэл цахилгаан шатнаас Эффи, Хеймитч, Цинна, Портиа нарын бүлэг хүмүүс гарч ирлээ.
- Юу болоод байна? Чи унаа юу? гэж Эффи сандран асуув.
- Тиймээ. Түүнийг түлхсэний дараа гэж Пит хэлэхэд Эффи, Цинна хоёр босоход нь туслав. - Чи түүнийг түлхээ юу? гэж Хеймитч ууртай асуулаа.
- Энэ бүхнийг чи бодож олсон, тийм үү? Бүгдийн өмнө намайг тэнэг харагдуулахаар? гэж би дайрав.
- Энэ миний санаа байсан. Хеймитч надад зөвхөн тусалсан гээд Пит алганаасаа шилний хагархайг ярвайн авч хаялаа. - Тиймээ, Хеймитч ч сайн туслагч даа.
- Тэнэг амьтан! Тэр чамд хорлосон гэж бодоод байгаа хэрэг үү? Тиймээ энэ залуу чиний амьдралдаа олохгүй зүйлийг бэлэглэсэн! - Түүнээс болоод намайг бүгд сул дорой гэж бодож байна!
- Тэр чамайг дур булаам болгосон! Шуудхан хэлэхэд чиний оронд байсан бол би энэ тусламжыг ашиглах байлаа. Одоо чи бүгдийн хайртай хүн болсон. Бүгд зөвхөн арван хоёрдугаар бүсийн золгүй дурлагсадын тухай ярьж байна. - Бид золгүй дурлагсад биш! гэхэд Хеймитч миний мөрнөөс бариад хана руу шахлаа.
- Хэнд хамаатай юм? Энэ бүхэн чинь ердөө шоу. Хамгийн гол нь чиний бүгдийг яаж ойлгохоос хамаарна. Чиний ярилцлаганы тухайд юу хэлэх вэ гэвэл? Гайхалтай нь чи санаснаас хамаагүй эелдэг байсан. Харин одоо бол чи сэтгэл зүрх булаагч. Ай-ай, гэртээ харих үед уурхайн хөвгүүд чиний хөлд яаж унах бол! Ивээн тэтгэгч олдохын хувьд бүр яана гэж бодож байна? Хеймитчийн амнаас дотор муухайрам дарсны үнэр ханхлав. Би түүний мөр лүү түлхэн холдоод ухаан санаагаа цэгцлэхийг хичээв.
Цинна миний нуруун дээр гараа тавиад, - Китнисс, түүний зөв гэлээ.
Би юу бодохоо ч мэдэхээ болив.
- Надад анхааруулсан бол тийм тэнэг харагдахгүй байсан юм. - Чи гайхамшигтай хариулсан шүү дээ. Хэрвээ урьд нь мэдсэн бол итгэлтэй болохгүй байсан гэж Портиа эсэргүүцэв.
- Тэр зөвхөн өөрийнхөө найз залууд санаа зовж байгаа юм гэж Пит ярдаглаад цустай ваарны хэлтэрхий чулуудав.
Гейлийн тухай бодол орж ирэхэд миний хацар ахин улайлаа.
- Надад ямар ч найз залуу байхгүй! - Надад хамаагүй л дээ. Гэхдээ түүнд дүр эсгэснийг ойлгох хангалттай ухаан байгаа гэж бодож байна. Тэгээд ч чи надад хайртай гэж хэлээгүй биз дээ. Тэгэхээр юунд ч санаа зовох хэрэггүй.
Би алгуур хэвийн байдалдаа орон уур хилэн намдсан ч намайг ашигласан юмуу давуу тал бэлэглэсэн эсэхийг ойлгож чадсангүй. Хеймитчийн зөв. Би ярилцлага өгөхдөө яасан билээ? Гялалзсан даашинзтай тэнэг охин эргэлдээд хөхрөөд л. Зөвхөн Примийн тухай ярих үед л өөрийнхөөрөө байсан. Арван нэгдүгээр бүсийн чимээгүй хүчирхэг залуугын дэргэд юу ч биш. Тэнэг гялалзсан ямар ч хэрэггүй. Гэхдээ бэлтгэл дээр арван нэгэн оноо авсан болохоор тийм ч хэрэггүй биш байх.
Пит намайг хайрын шүтээн болгон хувиргажээ. Түүгээр ч зогсохгүй хэлснээс нь үзэхэд би олон шүтэн бишрэгчтэй бололтой. Хэрвээ хүмүүс биднийг үнэхээр золгүй дурлагсад гэж итгэх юм бол... Тэд Питийн үнэнээ хэлсний хариуд яасан билээ! Золгүй дурлагсад! Хеймитчийн зөв. Ингэхэд харин би биеэ зохих ёсоор нь авч явж чадсан болов уу? - Түүнийг надад хайртай гэж хэлэхэд бүгд намайг бас хайртай гэж бодсон байх даа?
- Би лав тэгж бодсон. Чи дурангаас харц буруулан улайгаад л... гэж Портиа хэлэхэд бусад нь дэмжин дуугарлаа.
- За үзэсгэлэнт хонгорхон минь. Ивээн тэтгэгчид чиний араас ёстой дугаарлана даа гэж Хеймитч хэлэв. Би хийсэн зүйлдээ ичингүйрэн Питэд,
- Намайг түлхсэн явдалд уучлаарай гэв.
- Зүгээр дээ. Хэдийгээр хууль бус байсан ч гэлээ. - Чиний гар зүгээр үү?
- Зүгээр, эдгэрнэ.
Нам гүм дунд зоогийн өрөөнөөс хоолны сайхан үнэр ханхлав. - Явж хоол идье гэж Хемитч санал болгоход бид түүнийг дагалдан ширээнд байраа эзэллээ.
Питийн цус тогтоогүй тул Портиа боохоор авч одов. Тэднийг эргэж ирэхэд бид сарнайн дэлбээтэй шөлөө дуусгаад байлаа. Питийн гарын боолтыг хараад надад гэмших сэтгэл төрөв. Маргааш бүсэд хаягдана. Пит миний төлөө сайн зүйл хийсэн байхад би хариуд нь гэмтээсэн. Үнэхээр би түүний өмнө үүрд өртэй байх ёстой гэж үү? Хоолны дараа бид зочны өрөөнд орж ярилцлага давтахыг үзлээ. Би гоёмсог даашинзтайгаа эргэлдэн хөхөрч тэнэг юм шиг санагдсан ч бусад хүмүүс сэтгэл татам гэж итгүүлж байв. Харин Пит үнэхээр дур булаам харагдаж байлаа.
Тэр хайраа хүлээснээр бүгдийг нам даржээ. Би ахиад л Циннагын урласан даашинз, Питийн үнэнээ хүлээсэн явдал, золгүй хувь заяа бүгдийн анхаарлыг татсаныг санахаас ичингүйрлээ.
Сүлд дуулал дуусан дэлгэц харлахад өрөөнд нам гүм болов. Маргааш үүрээр биднийг талбайд аваачихаар сэрээх болно. Капитолынхон оройтож босдог учир тоглоом арав хүртэл эхлэхгүй. Гэсэн ч тоглоомд зориулан бэлтгэсэн бүс хэр хол болохыг мэдэхгүй болохоор Пит бид хоёр эрт гарах ёстой билээ. Хеймитч, Эффи хоёр бидэнтэй явахгүй байлаа. Тэд тоглоомын удирдлагын байр луу явж ивээн тэтгэгч нартай гэрээ байгуулан биднийг амьд үлдэхэд тус болох төлөвлөгөө боловсруулах ёстой байв. Харин Цинна, Портиа хоёр эцсийн талбай хүртэл хамт явах юм. Бид салах ёсны үгээ энд хэллээ.
Эффи бидний гараас бариад нулимс цийлэгнүүлэн сайн сайхныг хүсэж хэзээ ч байгаагүй алдартай оролцогчид байсанд талархал илэрхийлэв. Гэсэн ч тэрбээр ямар нэг таагүй үг хэлэхгүй байж тэсэхгүй учир <<Хэрвээ ирэх жил надад илүү дээр бүс оногдвол гайхахгүй байна>> гэлээ.
Дараа нь тэр бидний хацар дээр ээлжлэн үнсээд яаран явлаа.
Хеймитч гараа зөрүүлэн биднийг ширтлээ. - Ямар нэг зөвөлгөө байна уу? гэж Пит сонирхов.
- Харанга цохимогц түргэн гүйгээрэй. Тавцан дээр цусан далай болохоос өмнө холдох ёстой шүү. Бусдаас аль болох хол байж усны эх үүсвэр эрж олсон нь дээр. Ойлгомжтой юу?
- Харин дараа нь? гэж би асуулаа. - Дараа нь амьд үлдэхийг хичээ.
Тэр галт тэргэнд өмнө нь ингэж зөвлөж байсан ч энэ удаад эрүүл байсан бөгөөд шоолон инээсэнгүй. Бид толгой дохив. Намайг өрөө рүүгээ явах үед Пит Портиатай юм ярихаар саатсанд салах ёс гүйцэтгэх үг хэлээгүйдээ баяртай байлаа. Ор дээр засаастай байсан ч улаан хүрэн үстэй охин байсангүй. Түүнийг нэрийг мэдээгүй нь харамсалтай. Хэрвээ асуусан бол бичиж өгөх байсан даа. Эсвэл дохиогоор үзүүлэх ч юмуу. Гэхдээ үүнээс болж шийтгүүлж болох юм.
Би шүршүүрт орж биенийхээ алтан будгыг угааж арилгав. Дизайнерын багийн зүтгэлээс зөвхөн хумсан дээр галын дөл үлджээ. Би үзэгчдэд хэн гэдгээ сануулахын тулд түүнийг арилгахгүй байхаар шийдэв. Галт Китнисс. Хэрвээ энэ тухай санаж байвал дараагийн өдрүүдэд амьд үлдэхэд туслах ч юм билүү.
Би хөвсгөр зөөлөн унтлагын хувцас өмсөөд оронд орсон ч унтаж чадахгүй нь гэдгээ мэдэв. Гэсэн ч унтах шаардлагатай байлаа. Бүсэд ядарсан байх нь үхэл рүүгээ шууд хүрэх зам гэсэн үг. Гэсэн ч бүтсэнгүй. Нэг, хоёр, гурван цаг өнгөрсөн ч зовхи ер анилдсангүй тул биднийг хаана хаях тухай төсөөлөн бодохыг хичээв. Энэ ямар байх бол? Хоосон цөл үү? Намаг уу? Хаягдсан газар уу? Би хоол хүнс олох нуугдах
боломжтой ой байж магадгүй гэж найдсан ч үзэгчдэд хараанаас далдуур газар уйтгартай байдаг тул тоглоомыг нээлттэй газар түргэн дуусгасан нь дээр байдаг. Ямар цаг агаартай газар бол? Үзэгчдийн анхаарлыг татахын тулд тулд зохион байгуулагчид ямар занга бэлдсэн бол? Бас миний өрсөлдөгчид...
Би унтахыг хичээх тусам улам нойр хүрсэнгүйд эцэст нь орноосоо босоод өрөөн дундуур холхиход амьсгал давхцан зүрхний цохилт түргэсэв. Яг л шоронгийн өрөөнд байгаа юм шиг. Хэрвээ одоохон цэвэр агаарт гарахгүй бол ахиад л эд зүйл чулуудаж эхлэх нь байна. Би хонгилын шатаар дээвэр лүү гүйн гарлаа. Хаалга нь түгжээгүй ялимгүй онгорхой байв. Энэ юуны тэмдэг вэ? Магадгүй хэн нэгэн хаахаа мартсан юм болов уу. Дээврийн эргэн тойрон цахилгаан цэнэгтэй талбайгаар хүрээлэгдсэн болохоор зугтах оролдлого бүтэхгүй байлаа. Гэхдээ би зугтах гэсэнгүй зөвхөн цэвэр агаар амьсгалах гэсэн юм. Хэн ч намайг агнаж эхлээгүй байхад сүүлчийн удаа шөнийн тэнгэрийг харахыг хүслээ.
Дээвэр харанхуй байсан ч би нүцгэн хөлөө хавтан дээр тавиад харанхуйд анивчин гялалзах Капитолын гэрэлд зогссон дүрсийг харлаа. Дор гудамжинд баяр тэмдэглэн хөгжим хангинаж, машин сигнаалдах дуу гарна. Би ажиглагдалгүй холдож чадах байсан ч шөнийн сэрүүн агаарт бүгчим өрөө рүүгээ буцахыг хүссэнгүй. Ер нь бидний ярилцсан ярилцаагүй хэнд хамаатай юм бэ?
Би Питийн ард чимээгүйхэн очиж хоёр алхамын зайд зогсоод, - Чи унтаж амрах хэрэгтэй гэлээ.
Тэр давхийсэн ч эргэж харсангүй толгойгоо үл мэдэг сэгсрэв.
- Баярыг алгасахыг хүсэхгүй байна. Эцсийн эцэст бидний баяр шүү дээ. Би дэргэд нь зогсоод хашлага дээгүүр бөхийн харлаа. Өргөн гудамжинд дүүрэн хүмүүс бүжиглэнэ. Би нүдээ онийлгон жижигхэн дүрсүүдийг сайн харахыг оролдов.
- Тэд ямар хувцастай байна?
- Хэн мэдэх юм? Эндхийн хүмүүс үргэлж багт наадамд байгаа юм шиг этгээд хувцастай байдаг. Харин чи яагаад унтахгүй байгаа юм?
- Толгойд янз бүрийн бодол орж ирээд.
- Гэр бүлийнхээ тухай юу? - Үгүй гэж би гэмшингүй хэлээд,
- Маргаашийн өдрөөс өөр бодох юм алга гэв.
Би гудамжны гэрэлд түүний боолттой гараа эв хавгүйхэн барьж байхыг харлаа. - Гар чинь ийм болсон нь харамсалтай.
- Китнисс, энэ чухал биш. Тэгээд ч би тоглоомд удаан тэсч чадахгүй. - Тэгж бодохын ч хэрэггүй.
- Яагаад хэрэггүй гэж? Энэ үнэн биз дээ. Миний хамгийн найдаж байгаа зүйл гэвэл гутамшиг бололгүй... гээд тэр тээнэгэлзлээ. - Тэгээд юу гэж?
- Юу хэлэхийг хүссэнээ өөрөө ч мэдэхгүй байна. Би зөвхөн... өөрөө үхэхийг хүсч байна. Ойлгомжтой юу?
Би толгой сэгсэрлээ. Тэр яаж өөрөө үхэж болно гэж? - Тэднийг намайг өөрчилж зэрлэг араатан болгоосой гэж хүсэхгүй байна. Би уруулаа хазлаа. Би модны тухай санаа зовж байхад харин Пит өөрийгөө хэвээр авч үлдэх тухай бодож байдаг.
- Чи хэнийг ч алахгүй гэж хэлэх гээд байна уу?
- Үгүй л дээ, цаг нь ирэхэд хэнийг ч алж болно. Би тэмцэлгүйгээр явахгүй. Зөвхөн... Капитолд өргүй гэдгээ үзүүлэхийг хүсч байна. Зүгээр нэг тоглоомын хүүгээс илүү.
- Гэхдээ тийм биш шүү дээ. Бидний хэн ч биш. Үүнд л тоглоомын гол утга нь байгаа юм.
- За яахав тийм болог. Гэхдээ түүний дотор чи бид хоёул байна. Ойлгож байна уу? - Жаахан л. Битгий гомдоорой, Пит. Ер нь энэ хэнд хамаатай юм бэ?
- Надад. Тийм нөхцөлд би өөр юуны тухай санаа зовох ёстой гэж?
Би алхам ухарлаа. - Хеймитчийн хэлсэн зүйлд санаа зов. Амьд үлдэхийн тулд гэхэд Пит гашуудалтай инээмсэглэж,
- Сайн байна. Зөвөлгөө өгсөнд баярлалаа, хонгор минь гэв.
Түүний Хеймитчийн үгийг ашигласан явдал миний царай луу алгадах шиг болов. - За яахав, хэрвээ чи амьдралын сүүлчийн мөчөө талбайд хэрхэн талархалтайгаар үхэхэд зарцуулахыг хүсч байгаа бол энэ чиний сонголт. Харин би арван хоёрдугаар бүсэд эргэж очоод амьдрахыг хүсч байна!
- Хэрвээ чамайг ингэвэл би лав гайхахгүй. Эргэж очоод ээжид миний мэндийг дамжуулаарай, за юу?
- Хичээе гээд би эргээд явлаа. Би шөнийн үлдсэн хэсгийг хагас зүүрмэглэн өнгөрүүлэхдээ маргааш өглөө Пит Мелларкад хэрхэн ёжтой үг хэлэх
тухайгаа бодож байлаа. Амьдрал үхлийн мөч ирэхэд хэр талархалтай байхыг нь харъя. Магадгүй алсан өрсөлдөгчийнхөө зүрхийг нь иддэг хэрцгий мангас болж хувирч болох шүү дээ. Хоёр жилийн өмнөх зургадугаар бүсийн Титус гэдэг залуу тэгсэн билээ. Иймээс зохион байгуулагчид түүнийг идэхээс өмнө алсан оролцогчдынх нь биеийг авахын тулд цахилгаан цэнэгтэй буугаар буудан муужруулах хэрэг гарсан. Талбайд ямар ч хууль дүрэм байхгүй ч хүний мах идэх нь Капитолийн үзэгчдэд таалагдаагүй. Тэмцээний ялагчаар галзуу хүн тодруулахгүйн тулд түүнийг албан ёсоор галт уулын лаванд хаясан гэж ярьцгааж байсан билээ. Өглөө би Питтэй тааралдсангүй. Үүр цайхад Цинна ирээд надад жирийн хувцас өмсгөн дээвэр лүү дагуулан явав. Улаан хүрэн үстэй охин баригдсан үеийнх шиг онгоц агаараас гэнэт гарч ирээд шат буулгав. Намайг доод талын гишгүүр дээр зогсоход гар хөл бэхлэгдээд дээш өргөгдөн дотогш оруулав.
Би шат тавигдахыг хүлээсэн ч цагаан халат өмсч гартаа тариур барьсан эмэгтэй дөхөж ирлээ. - Китнисс энэ бол чиний хаана байгааг илрүүлэгч. Хэрвээ чи тайван байвал би болгоомжтой хийе.
Тайван байх гэнээ. Би яг л хөшөө шиг байлаа! Гэсэн ч зүү бугуйн арьсыг нэвтлэн металь илрүүлэгч суурилуулахад хатгуулан өвдлөө. Одоо тоглоомын зохион байгуулагчид миний хаана байхыг үргэлж мэдэх болно. Хэнийг ч алдахгүйн тулд санаа тавьж байгаа юм. Илрүүлэгчийг суурилуулсан хойно шат чөлөөлөгдөв. Эмэгтэй явсан хойно Цинна дээшээ гарч ирэхэд хэлгүй зарц өглөөний хоол бэлтгэсэн өрөөнд оруулав. Би чадахаараа идэхийг хичээсэн ч хоол идэх дур төрсөнгүй нүүрсний тоос зажилж байгаа юм шиг санагдлаа. Цонхны цаана хот жирэлзэн өнгөрөөд ой, тал эхлэв. Шувууд л ийм зүйл хардаг байх. Зөвхөн тэд чөлөөтэй байхад би үгүй.
Нислэг эхэлснээс хагас цагийн дараа бидний талбайд ойртож байгаагын тэмдэг болон цонх харанхуйлав. Онгоц газардахад Цинна бид хоёр шатаар уруудан өргөн хоолойгоор талбайн доод талын хөндий рүү оров. Зааврын дагуу энд миний бэлтгэл хангагдах ёстой байв. Капитолынхны үүнийг Эхлэлийн өрөө гэж нэрлэдэг ч бүсэд бол төхөөрөхийн өмнө амьтан хөөж оруулдаг нядлагын хашаа гэж нэрлэнэ.
Өрөөний бүх зүйл цоо шинэхэн бөгөөд би энд орсон цорын ганц оролцогч боллоо. Тоглоом дууссаны дараа талбайг түүхийн дурсгалт газар болгож Капитолийнхон амралтаараа ирэх бөгөөд үхлийн тулаан болсон газраар жуулчилна. Тэр ч байтугай жүжигчилсэн тоглолтонд ч оролцох боломжтой. Хоол нь маш сайхан амттай гэж ярьцгаадаг.
Би өглөөний цайгаа дотроосоо гаргачихгүйн тулд шүд зуун тэслээ. Цинна миний үсийг гэрээсээ ирсэн үеийнх шиг сүлжив. Дараа нь бусад оролцогчидтой адил хувцас гаргаж ирлээ. Цинна өөрөө ч боодолд юу байгааг мэдэхгүй бөгөөд бие даан шийдэх эрхгүй байв. Тэр намайг хувцаслахад туслан ердийн хүрэн өнгийн өмд, цайвар ногоон цамц, хүрэн ширэн бүс, юүдэнтэй хар хүрэм өмсүүлэв.
- Энэ хүрмийг хүний биеийн дулаан хадгалдаг материалаар хийсэн юм. Шөнө хүйтэн байж магадгүй гэж Цинна хэлэв.
Гутлаа санаснаас илүү аятайхан байлаа. Гэрт өмсдөг шиг зөөлөн арьстай, уян хатан зөөлхөн ултай аж. Гүйхэд маш эвтэйхэн.
Би дууссан гэж бодсон ч Цинна халааснаасаа шооч ятга шаазгайтай алтан зүү гаргаж ирэв. Би бараг л түүний тухай мартсан байлаа.
- Хаанаас аваа вэ?
- Галт тэргэнд өмссөн хувцаснаас чинь гэж Цинна хэлэхэд би сая л түүнийг ээжийн даашинзнаас авч цамцандаа хатгаснаа саналаа. - Энэ танай бүсийн шүтээн биз дээ?
Би толгой дохиход тэр цамцанд зүүж өгөв.
- Комиссийнхон түүнийг арай л хориглоогүй. Зарим нь зүүг зэвсэг болгон ашиглаж болох болохоор чамд шударга бус давуу тал бий болно гэж үзсэн юм. Гэсэн ч дараа нь зөвшөөрсөн. Харин нэгдүгээр бүсийн охины чулууг нь эргүүлэхэд хортой зүү гарч ирдэг бөгжийг хориглосон. Охин мэдээж энэ тухай юу ч мэдээгүй гэж хэлсэн. За бэлэн боллоо. Хөдөл дөө чамд хэр эвтэйхэн байгаа эсэхийг харцгаая.
Би гараа савчин тойрон гүйлээ. - Тиймээ маш сайн байна. Бүгд яг таарч.
- Тэгвэл дохио хүлээхээс өөр хийх юм алга. Эсвэл чи жаахан юм идэх юм уу?
Би хоол идэхээс татгалзсан ч балга ус залгиад буйдан дээр сууж хүлээлээ. Би уруулаа хазлах юмуу хумсаа мэрж чадсангүй тул хацрынхаа дотор талыг хазахад хоёр өдрийн өмнөхөөс хойш бүрэн эдгээгүй байсан тул аманд цус амтагдав.
Юу хүлээж байгааг бодохоос аймшигтай байлаа. Цагийн дараа гэхэд би үхэх юмуу үхлийн ирмэг дээр ирсэн байх болно. Би хуруугаараа бугуйн дээрх эмэгтэйн оруулсан жижигхэн хатуу зүйлийг өвдтөл хүчтэй дарахад хөхөрлөө.
- Чи ярилцахыг хүсч байна уу, Китнисс? Би толгой сэгсрээд гараа сунгахад Цинна алгаараа хавсран барив. Бид бүсэд ороход бэлтгэхийг сануулсан аятайхан эмэгтэйн хоолой гарах хүртэл ийм маягтай суугаад л байлаа.
Би Циннад гараа бариулсан хэвээр дугуй төмөр таваг дээр гарч зогсов. - Хемитчийн хэлсэн үгийг сана. Гүй ус хай. Тавцангаас холхон бай. Бас нэг зүйл нэмж хэлэхэд би мөрийцөхийг зөвшөөрөөгүй ч хэрвээ тэгсэн бол бүх мөнгөө чам дээр тавих байсан гэдгийг санаарай.
- Үнэн үү? гэж би шивнэлээ.
- Үнэн гээд Цинна бөхийн духан дээр үнсээд, - Амжилт хүсье, галт Китнисс гэв.
Тэгтэл дээрээс тунгалаг бортого бууж ирэн бидний барилцсан гарыг салгав. Цинна хуруугаа эрүүндээ хүргээд <<Tолгойгоо өргө!>> гэлээ.
Би эрүүгээ дээшлүүлэн цэхлэн зогсов. Бортого өгсөж эхэлснээ ойролцоогоор арван таван секунтын турш харанхуй үргэлжилэн дараа нь төмөр таваг намайг түлхэн цэвэр агаарт гаргав. Би эхлээд нарны хурц гэрэлд гялбан юу ч харахгүй байснаа салхи хүчтэй шуугин, нарсны үнэр ханхлахыг мэдрэв. Тэгтэл домогт зарлагч Клавдия Темплисмитийн хоолой,
- Ноёд хатагтай нараа далан дөрөв дэх Үхлийн тоглоомыг нээснийг мэдэгдэе! гэв. Х Жаран секунт. Энэ бол харанга цохих хүртэл бидний дугуй тавган дээр зогсох хугацаа. Хэрвээ хугацаанаас өмнө урагш гишгэвэл хөл дор тэсрэх бөмбөг дэлбэрнэ. Жаран секунтын хугацаанд оролцогчид аварга том сүүлээ тахийлгасан эвэр хэлбэртэй хажуулдсан алтан конусаас адил зайд дугуйран зогсох бөгөөд хорин футын өндөрт байрлах аманд нь талбайд амьд үлдэхэд хэрэгтэй хоол хүнс, устай сав, зэр зэвсэг, эм тан, гадуур хувцас болон гал гаргах хэрэгсэл гэх мэт зүйлс хийсэн байлаа. Түүнчлэн Эврийн эргэн тойронд түүнээс дутуугүй үнэ цэнэтэй зүйлс тараан хаялжээ. Жишээлбэл надаас ердөө хоёр алхамын зайд хааш хаашаа гурван футын хэмжээтэй аадар борооноос хоргодоход ашиглаж болох ус нэвтэрдэггүй хулдаас байлаа. Бас эврийн аманд ямар ч цаг агаараас хамгаалах хуйлаастай майхан харагдана. Гэхдээ үүний төлөө бусад хорин гурван оролцогчтой тэмцэх хэрэгтэй. Үүнийг надад Хеймитч хориглосон.
Бид нар задгай талбайд байсан бөгөөд баруун талд нуур байлаа. Зүүн талд болон арын хэсгээр тарчигхан нарсан ой үргэлжилнэ. Хеймитч намайг ийшээ л орохыг хүссэн. Даруйхан. <<Бусдаас аль болох хол байж усны эх үүсвэр ол>> гэсэн Хеймитчийн заавар толгойд цуурайтав.
Гэвч урд овоолоотой байгаа зүйлд сэтгэл татагдахгүй байхын аргагүй ажээ. Тэднийг би авахгүй бол өөр хэн нэгэн авах болно. Олзны ихэнхийг ихэвчлэн мэргэжлийнхэн хоорондоо хувааж авдаг байв. Гэнэтхэн миний харцанд нэг зүйл өртөв. Эврийн дэргэд хэвтэж буй бусад эд зүйлийн дунд мөнгөн саадагтай нум сум байлаа! Тэр минийх. Тэр надад оногдох ёстой!
Би хурдан гүйдэг. Сургууль дээр ойрын зайд бүх охидыг түрүүлдэг байсан ч холын зайд хоёр гуравт ордог байлаа. Гэвч энэ бол ердөө дөчин ярдын зайд болохоор амжих болно. Хэрвээ би түрүүлж хүрээд нумыг авч амжвал... тэндээс яаж хурдан холдох вэ гэдэг асуудал болж байлаа. Намайг зэвсгээ авах хооронд бусад нь хүрээд ирнэ. Нэг хоёрыг нь харваж болох ч үүнээс олуулаа байвал яана. Хэдийн дэргэд ирээд жадаар сүлбэх юмуу бороохойгоор дэлсэх биз. Эсвэл аймшигт нударгаараа балбана.
Гэхдээ эхний ээлжинд илүү хүчирхэг оролцогчдоо дуусгасан нь дээр байдаг болохоор зөвхөн бүгд над руу дайрахгүй байх.
Хеймитч хэзээ ч миний гүйж байхыг хараагүй. Тэгсэн бол магадгүй үүнийгээ ашиглан зэвсэг олж авахыг зөвлөх байсан биз. Зэвсэг миний ганц аврал байлаа. Овоолттой зүйл дундаас би зөвхөн нум сумыг харж байв! Нэг минутын хугацаа дуусахад зэвсгийн зүг гүйхээр шийдээд хөлөө бэлдтэл гэнэтхэн баруун талд таван оролцогчын
цаана зогсож байсан Пит над руу хараад толгой сэгсрэв. Эсвэл нарны гэрэлд нүд гялбаад тэгж санагдсан юм болов уу. Харанга дуугарлаа.
Ингээд би хоцорч боломжоо алдлаа! Би хэдэн секунтын турш хаашаа гүйхээ мэдэхгүй хөшсөнөө дараа нь урдаа байгаа хулдаас болон талхыг аваад Питийн саатуулсан явдалд уурласаар цааш ахин хорин ярдын цаанаа байгаа юу нь мэдэгдэхгүй шаргал үүргэвчтэй зүйлийг авахаар гүйлээ. Эндээс хоосон гартай явахгүй шүү! Есдүгээр бүсийн хүү надтай зэрэгцэн үүргэвч рүү хүрч очоод булаацалдсанаа гэнэт ханиалган нүүр лүү цусаар тургиллаа. Би зэвүүцэн ухартал залуу газар унахад нуруунд нь хутга зоогдсон байв. Эвэрт хүрч амжсан бусад оролцогчид дайралтанд оржээ. Гартаа зургаан хутга барьсан хоёрдугаар бүсийн охин над руу ухасхийв. Би түүнийг яаж шидэхийг бэлтгэл дээр харсан. Тэр хэзээ ч алдаж байгаагүй. Би түүний дараагийн бай.
Би энэхүү араатан шиг охины өмнө айдаст автан зогссоноо үүргэвчийг мөрөндөө үүрээд модны зүг хар хурдаараа зугтав. Араас хутга исгэрэх чимээ гарахад зөнгөөрөө толгойгоо хамгаалан нугдайтал үүргэвчин дээр зоогдов. Хоёр дахь оосрыг мөрөндөө углаад цааш гүйлээ. Охин намайг цааш хөөсөнгүй эвэр лүү бусад үнэт зүйлсээ алдахаас өмнө буцлаа. Миний уруул дээр инээмсэглэл тодров. Хутга өгсөнд баярлалаа.
Би модны захад хүрсэн хойноо талбай дээрх тулалдааныг харав. Ойролцоогоор арваад оролцогчид эвэр дээр бие бие рүүгээ дайрч байлаа. Газар үхсэн хэд нь хэвтэнэ. Зарим нь хэдийн ойд орох юмуу эсрэг талын нуга руу гүйж байв. Би модон дундуур бусад оролцогчоос нуугдан гүйснээ цааш нэгэн жигд амьсгалан гүйлээ. Хоёр цагийн дараа би алхах шогшихын завсар бусад өрсөлдөгчдөөсөө холдсон байв. Есдүгээр бүсийн залуутай зодолдох үед талхаа унагасан ч хулдаас ханцуйд үлдсэнийг нямбайлан хуйлж халаасандаа хийв. Дараа нь хутгаа сугалан үзэхэд урт хурц иртэй бариул дээрээ юм хөрөөдөж болмоор арзгар бүхий сайн хутга байсныг бүсэндээ зүүлээ. Цааш явах хэрэгтэй байсан тул үүргэвчинд юу байгааг үзсэнгүй. Би цааш явангаа зөвхөн араас мөрдөж байгаа эсэхийг сонсохын тулд зогсож байлаа. Би ойд анх явж байгаа хэрэг биш тул удаан явж чадна. Гэвч усгүй бол бүтэхгүй. Ус ол гэсэн Хеймитчийн хоёр дахь заавар. Би эхнийхийг нь биелүүлээгүй тул эргэн тойрноо харав. Юу ч байсангүй.
Ой аажмаар өөрчлөгдөн нарсан дунд миний мэдэх болон харж байгаагүй модод үзэгдэж эхлэв. Шурхийх чимээ гарахад би хамгаалахад бэлэн хутгаа өргөсөн ч ердөө туулай байсан хэрэг байж. <<Харагдсанд баярлалаа>> гэж би шивнэв. Хэрвээ нэг байгаа бол бусдыг нь урхиар барьж болно гэсэн үг.
Газрын байдал хэвгий болж эхэлсэн нь надад таалагдсангүй. Дайснаа хараандаа байлгахын тулд өндөрлөгт гарах хэрэгтэй. Жишээлбэл арван хоёрдугаар бүсийн толгод шиг. Гэвч өөр сонголт байсангүй тул цааш явлаа.
Хачирхалтай нь би огт ядарсангүй. Шөнө бага унтсан ч эрч хүчээр дүүрэн байв. Ой намайг шинэ хүчээр сэлбэжээ. Ганцаар байх нь аятайхан байсан ч одоо намайг дэлгэцэн дээр үзүүлж байгаа учир энэ нь ердөө хуурмаг үзэгдэл байв. Үргэлж биш үе үе гаргана. Анхны өдөр олон хүн үхдэг учир ойд тайван явж байгаа нь олон хүний анхаарал татах болохоор амьд гэмтэлгүй явж байгаа гэдгийг нь үзүүлнэ.
Үдээс хойш би их бууны дуу сонслоо. Үхсэн оролцогч бүрийн тоогоор нэг буудна. Эвэр дээрх тэмцэл дуусч тэд алуурчдыг холдсоны дараа хохирогчдын биеийг цуглуулж авсан байх нь. Нээлтийн өдөр хэн нь амь үрэгдсэнийг мэдэхэд хэцүү байдаг учир тулааны үеэр их буу буудахгүй. Би амьсгаадан зогсоод буудалтыг тооллоо. Нэг... хоёр... гурав... дөрөв... ахиад цаашаа... арван нэг. Арван нэг алагдаж тоглоомд арван гурван хүн үлджээ. Би
есдүгээр бүсийн хүүгийн царайд хатаж наалдсан цусыг маажин арилгав. Тэр гарцаагүй үхсэн. Харин Пит? Тэр амьд байгаа болов уу? Хэдхэн цагийн дараа амь үрэгдсэн хүмүүсийн зургийг тэнгэрт гарган үзүүлэх болно.
Гэнэтхэн надад Пит байхгүй болж цусанд будагдсан цайвар биеийг нь арван хоёрдугаар бүс рүү модон хайрцагт хийн илгээхийн тулд Капитолд аваачиж байна гэсэн түгшүүртэй бодол төрлөө. Тэр энд байхгүй гэр лүүгээ явсан юм болов уу? Бүх бүх хүчээ гарган юу болсныг санахыг хичээсэн ч зөвхөн түүний толгойгоо сэгсэрснийг л саналаа. Пит үхсэн бол дээр байж магадгүй. Түүнд ялах итгэл байхгүй байсан. Надад ч гэсэн түүнийг алах таагүй даалгавар биелүүлэх хэрэггүй болно. Магадгүй энэ нь ч дээр байх.
Би ядарсандаа газар суугаад үүргэвчээ тайлав. Харанхуй болохоос өмнө дотор нь юу байгааг үзсэн нь дээр. Надад юу оногдсоныг харцгаая. Үүргэвч дажгүй ч харамсалтай нь шаргал өнгөтэй байлаа. Харанхуйд ийм өнгө нэвт харагдах тул маргааш өглөө өнгийг нь хувиргах арга бодож олохоос. Би үүргэвчний амыг нээлээ. Энэ агшинд юунаас илүү ус хүсч байсан юм. Хеймитч даруйхан ус эрж олохыг тушаасан. Түүнгүй бол удаан тэсэхгүй. Би цангалттайгаа хоёр өдөр тэмцэж болох ч дараа нь суларч доройтон үхэх болно. Үүргэвчээ болгоомжтой үзэхэд биеийн дулаан хадгалах зориултай нимгэн унтлагын хар хөнжил, ууттай жигнэмэг, хатаасан үхрийн мах, шилтэй йод, хайрцаг шүдэнз, жижигхэн ороомогтой төмөр утас, нарны шил байлаа. Бас хагас литрийн багтаамжтай тагтай хуванцар сав байсан нь хоосон байв. Ус байсангүй. Лонхыг дүүргэхэд тийм хэцүү байлаа гэж үү? Ам хатан хоолой хуурайшжээ. Би өдөржингөө явсан болохоор халууцаж их хөлс алдсан. Гэртээ ойд байсан бол ямар нэг гол горхины ус юмуу эсвэл цас хайлуулан уух байлаа. Эд зүйлсээ буцаан хийх үед намайг аймшигтай бодол эзэмдэв. Нуур! Харанганы чимээ цохихын өмнө би нуур харсан! Тэр энэ бүсийн цорын ганц усны эх сурвалж байвал яана? Биднийг нэг дор цуглуулах арга юм болов уу? Одоо миний сууж байгаа газраас нуур хүртэл бүтэн өдрийн зайтай ч уух юмгүй бол хүндхэн аялал болно. Тэгээд ч нуурыг мэргэжлийн оролцогчид хамгаалж байгаа гэдэгт итгэлтэй байна. Би цочирдсоноо өнөөдөр харсан туулайн тухай саналаа! Тэр мэдээж ус ууж таарна! Би зөвхөн хайх л хэрэгтэй.
Бүрэнхий болоход би сэтгэлээр уналаа. Модод дээр нь гарч нуугдахад хэтэрхий нарийхан байв. Нарсны шилмүүс хөлийн чимээг дарж байсан ч ус руу явсан нэг ч амьтны мөр харагдсангүй. Гэсэн ч би эцэс төгсгөлгүй мэт санагдах хэвгий рүү улам уруудан явсаар байлаа.
Дээрээс нь гэдэс өлсөхөд үнэт нөөц болох жигнэмэг, үхрийн махандаа хүрч зүрхэлсэнгүй. Үүнийхээ оронд нарс руу очиж хутгаар гаднах холтсыг нь хуулан зөөлөн голыг нь аваад удаанаар зажлан цааш явлаа. Долоо хоногийн дараа ертөнц дээр үүнээс дээр хоол олдохгүй ч хоолойгоор давахад хүндхэн байв. Гэсэн ч би амьдралдаа олон нарс идэж байсан болохоор түргэн дасах болно. Цагийн дараа харанхуйлах учир хоноглох газар олох шаардлагатай байлаа. Шөнийн махчин амьтад хэвтрээсээ анд гарч, ууль гууглана. Туулайны араас зөвхөн би гөрөөлдөггүй болохоор өөрөө олз болчихгүй бол сайн хэрэг. Магагүй энэ агшинд миний араас бүтэн сүрэг дагаж байх ч юм билүү!
Гэсэн ч өрсөлдөгчид минь эн тэргүүнд аюултай хэвээр байв. Тэдний олонхи нь шөнө ангаа үргэлжлүүлэх болно. Эвэр дээр болсон тулаанд амьд үлдсэн хүмүүст хоол хүнс, нуураас авсан ус, бамбар, гар чийдэн, зэвсэг бий. Би зөвхөн тэднээс холдож чадсан гэж найдаж байлаа.
Би төмөр утсаа ашиглан бутанд хоёр занга тавилаа. Энэ араас мөрдөж байгаа үед аюултай хэдий ч хоол хүнс юуны түрүүнд хэрэгтэй байв. Тэгээд ч өдрөөр зугтаж байх үедээ занга тавьж чадахгүй. Дараа нь жаахан алхаад хоноглох газраа олов.
Би нуугдах модоо анхааралтай сонголоо. Бусад уднуудыгаа бодвол тийм ч өндөр биш өтгөн шигүү мөчирт нь хялбархан нуугдаж болохоор аятайхан мод байлаа. Би дээшээ авираад их биенд ойрхон унтаж болохоор бүдүүн салаа мөчир дээр гарав. Хэдийгээр амаргүй байсан ч унтлагын хөнжилөө аятайхан байрлуулан доошоо гулгаж унахаас сэргийлэн хөлдөө үүргэвчээ тавиад бүсээрээ мөчиртэй гогцоолдон бүслэв. Одоо би санамсаргүй нойрондоо хөрвөөсөн ч газар унахааргүй боллоо. Бие минь жижигхэн болохоор хөнжил хангалттай хүрэлцсэн ч юүдэнгээ өмсөв. Шөнө түргэн хүйтэрдэг. Би үүргэвчийг авсан нь сайн хэрэг болжээ. Түүний дээр биеийн дулааныг хадгалах унтлагын хөнжлийг үнэлж барахын аргагүй. Бусад оролцогчид шөнийг яаж өнгөрүүлэх вэ гэдэгт санаа зовж байхад би тайван унтаж байх болно. Хэрвээ цангалт зовоогоогүй байсан бол ч... Шөнө болмогц сүүлд дуулал явахад би мөчрийн завсар тэнгэрт хөөрөх Капитолийн сүлдийг харлаа.
Дэлгэцийг тэнгэрт үл үзэгдэх онгоцнууд татан үзүүлнэ. Сүлд дуулал дуусмагц шууд харанхуйлдаг. Бүсийн зурагтаар аллагыг тодорхой үзүүлдэгч ч харин энд бол оролцогчдод шударга бус давуу тал олгоно гэж үздэг. Жишээлбэл би нум сумаар хэн нэгнийг харвасан бол зэвсгийн нууц бүгдэд илчлэгдэх болно. Тиймээс бэлтгэл дээр авсан оноог үзүүлж байгаатай адил зураг нь гарах хэдий ч зөвхөн онооны оронд бүсийн дугаар байх аж. Би санаа алдаад тоолоход бэлтгэн хуруугаа бэлдэв.
Дэлгэцэн дээр эхлээд гуравдугаар бүсийн охин гарч ирэв. Тэгэхээр нэг хоёрдугаар бүсийн мэргэжлийн оролцогчид амьд үлдсэн байх нь. Гайхах явдалгүй. Дараа нь дөрөвдүгээр бүсийн залуу. Мэргэжлийнхэн эхний өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ үлддэг учир энэ нь хачирхалтай хэрэг байлаа. Тавдугаар бүсийн хүү... үнэг шиг царайтай охин амьд үлдсэн байх нь. Зургаа болон долдугаар бүсийн оролцогчид. Наймдугаар бүсийн хүү. Есдүгээр бүсийнх хоёулаа. Тиймээ энэ бол миний үргэвч булаацалдсан залуу байна. Тоолж дуусахад зөвхөн ганц оролцогч үлдлээ. Пит юм болов уу? Үгүй ээ, аравдугаар бүсийн охин байна. Төгсгөл. Ёслолын хөгжим яваад Капитолын сүлд гарлаа. Дараа нь харанхуй болж ой шуугив.
Миний зүрх үсчин цохилов. Пит амьд байна. Би өөрийгөө алагдахад хүрвэл түүний ялалт ээж Примд ашигтай байх болно гэж хэлсэн ч дурын агшинд тулж болоход айдас хүрэв.
Арван нэгэн хүн үхсэн ч арван хоёрдугаар бүсээс биш. Би хэн үлдсэнийг тоолохыг хичээв. Мэргэжлийн таван оролцогч, үнэг, Бутлагч ба Рут. Рут... тэр мэдээж эхний өдөр тэсэх байсан! Би үүнд баяртай байлаа. Бидэнтэй арав болно... үлдсэн гурвыг нь маргааш санахаас. Одоо харанхуй болоод би хол газар аялж өндөр модон дээр байгаа учир амрах хэрэгтэй. Би сүүлчийн хоёр шөнө бараг унтаагүй хэр нь өдөржингөө гүйсэн билээ. Булчин аажмаар сулран нүдний зовхи анилдав. Хурхирдаггүй минь сайн хэрэг дээ..
Тас няс! Мөчир хугарах чимээ намайг сэрээлээ. Би хэр удаан унтсан бол? Дөрвөн цаг уу? Тав юм болов уу? Хамрын үзүүр мөс шиг хүйтэн болжээ. Тас! Тас! Энэ юу болоод байна? Хэн нэгэн явж байгаа юм болов уу? Үгүй ээ, тийм биш. Мод хугалж байгаа бололтой. Баруун талд зуугаас холгүй ярдын зайд байна. Би удаанаар чимээгүйхэн толгойгоо эргүүлэв. Хэсэг зуур юу ч харагдахгүй байснаа дараа нь оч дүрсхийн багахан түүдэг асаад хоёр гараа
дөлөн дээр дулаацуулахаас өөр юу ч харагдсангүй. Би хэнийг нь мэдэхгүй гал түлсэн оролцогчыг хараахгүйн тулд хэлээ хазан тэслээ. Тэр юуны тухай бодож байгаа бол? Шөнийн харанхуйд түүдэг асаах нэг хэрэг. Эвэр дээр үзэлцэж байсан хүмүүс холоос галыг харахгүй ч одоо тэд нэг бус цагийн турш олзоо эрэн гүйлдэж байгаа тул энэ нь далбаагаар даллаад <<Нааш ир, намайг ал!>> гэж хашгирч байгаагаас өөрцгүй байлаа. Тэгтэл миний дэргэд тоглоомын хамгийн тэнэг амьтан сууж байдаг! Гэсэн ч алуурчинтай нүүр тулгарах боломжтой болохоор модноосоо бууж зүрхэлсэнгүй. Мэдээж хүн бүрд унтлагын хөнжил оногдоогүй учир шөнө хүйтэн байгаа нь ойлгомжтой.
Би хөнжилдөө дараагийн хэдэн цагийн турш уурсан хэвтлээ. Модноос бугаад тайван бус хөршөө дуусгачихдаг юм билүү? Гэвч миний төлөвлөгөө зугтах болохоос биш дайрах биш. Тэр зэвсэгтэй байсан ч надад сайн хутга байгаа. Тэнгэр харанхуйлсан хэвээр үүр цайхын эхний тэмдэг мэдэгдэж эхлэв. Би түүнийг ажиглагдахгүй өнгөрч гэж бодтол хэдэн хүн гүйж ирэх нь сонсогдлоо. Түүдгийн дэргэдэх оролцогч зүүрмэглэсэн бололтой зугтаж амжсангүй. Тэгтэл охины гуйсан зовж шаналсан хашгиралт сонсогдоод араас нь инээлдэн баяр хүргэх дуу гарав. Хэн нэгэн <<Арван хоёр бэлэн, арван нэг урд байна!>> гэж хашгирахад баясан инээлдэв. Тэдний бүлгээрээ нэгдсэн явдал намайг гайхуулсангүй. Тоглоомын эхэнд холбоо байгуулагдах нь ховор бус үзэгдэл байв. Хүчтэйнүүд нь нэгдэн сул доройгоо ангуучилж дуусаад эцэстээ нэг нэгнийхээ эсрэг босно. Холбоонд нэг ширээнд хоол идэж байсан нэг, хоёр, дөрөвдүгээр бүсийн мэргэжлийнхэн нэгджээ. Хоёр хүү, гурван охин.
Би хормын дараа тэдний охины нөөцийг шалгахыг сонсов. Ярианаас нь үзэхэд олигтой зүйл олдоогүй бололтой. Би гэнэтхэн Рут байвал яана гэж бодсон ч энэ бодлоо түргэн няцаав. Үгүй тэр гал асаахад хэтэрхий ухаантай. - Явцгаая. Тэд өмхийрөхөөс нь өмнө биеийг нь аваад явна биз.
Би үүнийг хоёрдугаар бүсийн хэрцгий залуугийн хоолой гэдэгт бараг итгэлтэй байлаа. Бусад нь зөвшөөрөн дүнгэнэлдээд миний зүг ирэхийг айдаст автан сонслоо. Тэд намайг энд байгаа гэдгийг мэдэхгүй. Хаанаас мэднэ гэж? Тэгээд ч би өтгөн мөчир дунд харагдахгүй байгаа... дээрээс нь нар мандаагүй байдаг. Мэргэжлийнхэн миний модноос арван ярдын зайд зогсов. Тэдний гарт гар чийдэн, бамбар байлаа. Мөчрийн завсраар хэн нэгний гутал, гар харагдав. Би амьсгал авахаас айн чулуу шиг хөшлөө. Намайг ажигласан юм болов уу? Үгүй, бололтой. Тэдний бодлыг өөр зүйл эзэлж байж.
- Тэд их буугаар буудах болов уу? - Би тийм гэж хэлсэн биз дээ.
- Хэрвээ тэр үхээгүй бол яана.
- Үгүй. Би түүнийг өөрийн гараар дуусгасан. - Тэгвэл яагаад их буу буудахгүй байгаа юм?
- Хэн нэгэн яваад шалгасан нь дээр байх.
- Тийм шүү түүнийг хоёр дахиа мөрдөхийг хүсэхгүй байна.
- Би түүнийг үхсэн хэлсэн биз дээ! Маргаан улам хүчтэй болоход чимээгүй байсан нэг оролцогч бусдыгаа тайвшируулав.
- Бид цаг алдаад байна! Би явж түүнийг дуусгаад цааш явцгаая!
Би золтой л модноосоо унасангүй. Энэ Питийн хоолой байлаа! XI Бурханы авралаар тэлээгээрээ өөрийгөө баглаж! Би салаа мөчир дээр доошоо харан өлгөгдөөд тэлээнээсээ зуурав. - Тэгвэл яв л даа дурлалт залуу минь. Явж шалга гэж хоёрдугаар бүсийн залуу хэлэв. Би Питийг бамбарын гэрэлд зэрвэс хийн түүдгийн дэргэдэх охин руу буцахыг харлаа. Царай нь хавдаж хөхрөн, гарын боолт нь цусанд нэвчээд явахдаа доголж байлаа. Энэ юу гэсэн үг вэ! Намайг тэмцэлд оролцолгүй яв гэж толгой сэгсэрсэн хэр нь өөрөө Хеймитчийн үгийг үл хайхран тулаанд оржээ. За яахав үүнийг ойлгож болно. Урдаа байгаа зүйлийг хараад татагдаа биз. Гэхдээ мэргэжлийн сүрэг чонотой нэгдэн биднийг агнахаар хөөж байна гэдэг өөр хэрэг. Манай арван хоёрдугаар бүсийн хэнийх нь ч толгойд тэгж орохгүй! Мэргэжлийн оролцогчид харгис хэрцгий, дээрэнгүй, Капитолийн бууны ноход болохоор тарган цатгалан явдаг! Иймээс тэдний өөрсийн бүсээс бусад нь нийтээрээ үзэн ядна! Би одоо л түүний гэрийнхээ тухай юу ярьж байсныг ойлголоо! Тэр миний өмнө ээжийгээ өндөрсгөн ярьжээ. Мэдээж талархал төрөм хүү нь дээвэр дээр надтай бас нэг тоглоом хийж байж. Гэхдээ энэ түүний сүүлчийнх нь байх болно. Хэрвээ би түүнийг өөрөө алдаггүй юм бол шөнийн тэнгэрт зургийг нь харахыг тэсэн ядан хүлээх болно. Мэргэжлийн оролцогчид түүний холдохыг хүлээснээ хоорондоо нам дуугаар ярилцав. - Бид яагаад түүнийг одоо дуусгачихаж болдоггүй юм бэ? Чирж явах ямар хэрэгтэй гэж? - Өөрийгөө л авч яв. Муу нь юу байна? Хэрэг болох ч юм билүү. Хутга яаж хэрэглэхийг нь харсан биз дээ? Хутга гэнэ үү? Энэ ч шинэ мэдээ байна даа! Би сайн найз Питийнхээ тухай хичнээн бага зүйл мэддэг юм бэ! - Тэгээд ч түүнтэй байвал бид охиныг түргэн олох болно. Тэднийг миний тухай ярьж байна гэдгийг би шууд ойлгосонгүй. - Яагаад? Чи түүнийг хайрын тухай үгэнд нь итгэсэн гэж бодож байна уу? - Магадгүй л юм. Минийхээр бол ердийн усан тэнэг шиг санагдсан. Түүний даашинзтайгаа яаж эргэлдэж байсныг санахаас л дотор муухайраад байна. - Ингэхэд тэр яаж арван нэгэн оноо авсан юм бол?
- Дурлалт залуугаас нь асуу. Тэр мэднэ. Питийг буцаж ирэхэд тэд чимээгүй болов. - Яасан тэр үхэж үү? гэж хоёрдугаар бүсийн залуу асуув. - Амьд байна. Гэхдээ одоо бол үхсэн. За явцгаах уу? гэж Пит хэлэхэд их буу буудах дуу гарлаа. Мэргэжлийнхнийг явмагц шууд гэгээ орж эхлээд агаарт шувуудын жиргээ сонсогдов. Би эвгүй байдалд удаан байснаас болж булчин хөшин чичирч байсан тул мөчир лүү буцаж гарав. Доошоо буугаад цааш явах хэрэгтэй байсан ч хэвтээд сонссон зүйлээ бодлоо. Пит мэргэжлийнхэнтэй зүгээр нэг нэгдээгүй. Тэр намайг эрж олоход тусалж байна. Учир нь тэнэг охин нум сум эзэмшиж чаддаг учир арван нэгэн оноо авсан. Пит үүнийг сайн мэднэ. Гэхдээ тэдэнд хэлээгүй байх нь. Цаг сунгаж байгаагын цорын ганц шатгаан бол үүний улмаас өөрийг нь алаагүй гэдгийг мэдэж байгаа байх нь. Эсвэл үзэгчдийн өмнө надад хайртай дүр эсгэсэн хэвээр байгаа юм болов уу? Түүний толгойд ер нь юу орсон юм бол? Гэнэтхэн шувуудын жиргээ нам гүм боллоо. Дараа нь нэг шувуу улаан үстэй охиныг барьж авсан үеийнх шиг түгшүүртэй хашгирахад унтарч буй түүдгийн дээр онгоц гарч ирснээ дотроос нь том төмөр шүд гараад удаан бөгөөд болгоомжтойгоор үхсэн охины биеийг хөлөгт оруулав. Онгоц алга болоход шувууд ахин жиргэж эхлэв. - Явах цаг боллоо гэж би өөртөө шивнээд унтлагын хөнжлөө хурааж үүргэвчинд хийн гүнзгий амьсгал авлаа. Би харанхуйд модны мөчир дээр унтлагын хөнжилд байхдаа дуранд сайн харагдахгүй байсан байж болох ч одоо буув уу үгүй юу мөрдөж эхлэнэ. Хормын дараа газар буух үед надад нэг санаа төрлөө. Үзэгчид миний модон дээрээс мэргэжлийнхний яриаг чагнан Питийг тэдэнтэй явсныг мэдсэнийг ойлгож байгаа. Би тэгэхээр ямар ч тохиолдолд үйл явдлын эзэн байж сандарч тэвдэн айж мэгдээгүй гэдгээ үзүүлэх хэрэгтэй. Тоглоомын алхам бүрээ урьдчилан харах хэрэгтэй болох нь. Би энэ бодолтойгоо үүрийн гэгээнд навчин дороос гулган гараад дуранд сайн харуулах боломж өгөхийн тулд зогсон толгойгоо бөхийлгөн учиртай инээмсэглэв. Боллоо. Тэд энэ юу болохыг ойлгосон байх! Би цааш явахаар юмаа цуглуулсан хойно тавьсан урхиа саналаа. Одоо л шалгахгүй бол бусад оролцогчид ойрхон байгаа үед авах боломж байхгүй. Олон жилийн ангийн зөн минь намайг хуурсангүй. Эрсдэл гаргасных хүчинд урхинд тарган туулай оржээ. Цаг байхгүй байсан ч би туулайг агшин зуур өвчин, толгой, хөл, сүүл арьс болон гэдэс дотрыг нь навчин дор булав. Түүдэг асааж болохгүй нь харамсалтай. Түүхий туулайны мах идэх таагүй байсан тул үхсэн охиныг санаад байр луу нь яарлаа. Аанхан! Түүдэг галын нурам халуунаараа байв. Би махаа түргэн жижиглээд мөчирт шорлоод нурам дээр барив. Би одоо л дуранд баярлаж байлаа. Ивээн тэтгэгчид намайг агнаж чаддагыг харсан болохоор бусад шигээ өлсөж үхэхгүй гэдгийг харж байгаа. Хоол бэлэн болох зуур би түлэгдсэн мөчир авч хөөгөөр нь шаргал үүргэвчээ хувиргах ажилд оров. Сайн боллоо. Хэрвээ шавраар ахин бүрвэл. Гэвч энэ усгүйгээр бүтэхгүй...
Би эд зүйлсээ үүрээд нурмыг дэвслэн унтрааж мэргэжлийнхний эсрэг талын зүг рүү явлаа. Туулайны хагасыг шууд идээд үлдсэнийг нь дараа идэхээр үүргэвчиндээ хийв. Мах гэдэс хүржигнэхийг зосгоосон ч амны цангааг багасгасангүй. Ус одоо надад юуны түрүүнд хэрэгтэй байв. Би цааш алхах зуураа Капитолын дэлгэцэнд гарч байгаа гэдэгтээ итгэлтэй байсан учир сэтгэл хөдлөлөө нуухыг хичээв. Клавдий Темплсмитад үзэгчиддээ Питийн гаргасан авир болон миний үйлдлийн тухай тайлбарлах сайхан цаг ирлээ. Одоо яах вэ? Питийн үнэн дүр төрхийг үзүүлэх үү? Энэ нь мөрийцсөн хүмүүст хэрхэн тусах бол? Ивээн тэтгэгчдээ алдах уу? Бидэнд ер нь ивээн тэтгэгч байгаа болов уу? Тиймээ байгаа гэдэгт итгэлтэй байна.
Бидний золгүй дурлал гарцаагүй төгсгөл болжээ. Эсвэл үгүй юм болов уу? Магадгүй тэр надтай ярилцаагүй ч бидэнд ашигтай зүйл хийж байгаа юм болов уу. Хэрвээ би сэтгэл хангалуун харагдах юм бол хүмүүс биднийг тохиролцсон гэж бодож болох юм.
Тэнгэрт нар хөөрөн мандахад модон дундуур явахад халуун байлаа. Би туулайны махны тосонд будагдсан уруулаараа жигдхэн амьсгалахыг хичээсэн ч бүтсэнгүй. Усгүй болсны шинж тэмдэг хүчтэй мэдэгдэж эхлэхэд ус эрэх бүх аргыг санахыг хичээлээ. Горхи толгодын уруу байдаг болохоор доошоо үргэлжлүүлэн явж байгаа нь зөв. Би амьтны мөр олох юмуу өтгөн ургасан бут олох хэрэгтэй. Гэвч эргэн тойрны газар өөрчлөгдсөнгүй уруудсан хэвээр шувууд модод нь ч ижил байлаа.
Өдөр дунд болоход надад асуудал тулгарлаа. Толгой ангалзан өвдөж хэл бүхэлдээ хуурайшжээ. Хурц гар нүд гялбуулахад нарны шилээ гарган зүүсэн ч эргэн тойрны газар хачирхалтай өнгөөр үзэгдээд үүргэвчиндээ буцааж хийлээ.
Үдшийн бүрий болох үед урд жимстэй бут тааралдахад аврагдлаа гэж бодов. Би яаран хэдэн жимс таслаад амтат шүүсийг нь сорохоор уруулдаа хүргэсэн хойноо анхааралтай харав. Жимс нэрстэй төстэй байсан ч гадна төрх нь арай ондоо байсанд нэгийг бяцлахад дотроос нь улаан шүүс гарав. Би хэзээ ч ийм зүйлтэй тааралдаж байсангүй. Магадгүй иддэг жимс байж болох ч зохион байгуулагчдын бодож олсон занга байж болох юм. Тэгээд ч сургалтын төвийн ургамлын зааварлагч биднийг хоргүй гэдэгт нь зуун хувь итгэлтэй болох хүртэл ямар ч жимс идэж болохгүй гэж анхааруулсан. Энэ ч хэлүүлтгүй ойлгомжтой. Цангалт хүчтэй байсан ч би зааварлагчын үгийг санаад жимсийг хүчээр орхин явлаа.
Биеийг ердийн ядралттай адилгүй сульдал эзэмдэв. Би зогсож амрах ёстой байсан ч цорын ганц аврагдах зам бол үргэлжлүүлэн эрэх ёстой байв. Би аргаа өөрчлөн чичирсэн гар хөлөөрөө мод руу авиран гараад эргэн тойрноо харсан ч өрөвдөх сэтгэлгүй ой хүрээлж байлаа.
Хөл гуйвлан аялалаа үргэлжлүүлсээр сүүлчийн хүчээ шавхан модонд авирч бүсээрээ баглав. Хоол идэх дур байхгүй байсан ч амандаа ямар нэг юм хийхийн тулд туулайн ясыг шимлээ. Шөнө болоход сүлд дуулал эгшиглэн тэнгэрт наймдугаар бүсийн охины зургийг үзүүлэв. Питийн дуусгахаар явсан охин. Мэргэжлийнхнээс айх айдас цангалттай зүйрлэхийн аргагүй их байлаа. Тэд надаас өөр зүг рүү явсан тул одоо амрах хэрэгтэй байв. Гэвч тэд усаа дуусаад нуур луу эргэх ч юм билүү.
Эргэлзээгүй энэ миний цорын ганц зам.
Өглөө бүх зүйл дордлоо. Толгой хатгуулан өвдөж, зүрх хүчтэй дэлсэн, өчүүхэн хөдлөх төдийд үе мөч янгинаж байлаа. Би модноосоо үсрэх гээд унахад дээрээс үүргэвч унаж ирлээ. Дотор нэг л зүйл биш болжээ. Болгоомжтой түргэн хөдлөх хэрэгтэй байсан ч ухаан балартаж нүд бүрэлзэнэ. Нуруугаараа мод налан хатаж хуурайшаад зүлгүүр шиг болсон хэлэндээ хуруугаа болгомжтой хүргэж үзээд урьд нь ямар байсныг төсөөлөхийг оролдов. Ус хаанаас олох вэ?
Нуур луу буцах уу? Ашиггүй. Хүрэхгүй. Бороо орох болов уу? Гэсэн ч тэнгэрт ямар ч үүлгүй байлаа.
Цаашаа эрэх хэрэгтэй. Энэ бол цорын ганц боломж. Гэнэт намайг дүрэлзсэн уур хилэн эзэмдэв.
Хеймитч! Тэр надад ус илгээж чадна! Ердөө ганц товчлуур дарахад мөнгөлөг шүхэр дорхноо буугаад ирнэ. Миний ивээн тэтгэгчдийн нэг юмуу хоёр нь савтай ус өгч чадна гэдэгт итгэлтэй байна. Энэ хэдийгээр их үнэтэй ч ивээн тэтгэгчид бол ядуу хүмүүс биш. Тэд үүний л төлөө мөрийцсөн биз дээ. Магадгүй Хеймитч миний байдлыг ойлгоогүй юм болов уу? - Ус! гэж би аль болох чанга хэлээд одоохон шүхэр буугаад ирэх юм шиг хүлээлээ. Гэвч юу ч бууж ирсэнгүй.
Яагаад тэгсэнгүй вэ. Би ивээн тэтгэгчдийн талаар төөрөлдсөн юм болов уу? Эсвэл Питийн гаргасан авираас болоод тэд бүх зүйлээ буцаан татав уу? Үгүй, итгэхгүй байна. Тэр олон хүний дунд надад ус өгөхөд бэлэн хүн байгаа ч зөвхөн Хеймитч түүнийг илгээхээс татгалзаад байгаа хэрэг. Миний зааварлагч ивээн тэтгэгчдийн бэлгийг хянах чадвартай. Харин тэр намайг үзэн яддагаа хэзээ ч нууж байгаагүй. Гэхдээ цангасандаа үхтэл нь үзэн ядна гэж үү? Гэвч тэр тэгж шийдсэн бол яана? Тэгвэл оролцогчоо ад үзсэний төлөө үзэгчид болон, арван хоёрдугаар бүсийн өмнө хариулах хэрэг гарна. Хеймитч тийм эрсдэлд орно гэж үү? Тэгвэл намайг үхүүлсний дараа миний танил зээлийн худалдаачдад юу гэж хэлэх билээ. Тэгээд ч уух юмаа хаанаас авах болж байна? Тэгвэл яасан байж болох вэ? Намайг түүнд хүндэтгэлгүй хандсан гэж зовоохыг хүсч байгаа юм болов уу? Эсвэл бүх ивээн тэтгэгчдийг Питийн зүг хандуулж байна уу? Магадгүй юу болоод байгааг ойлгохын аргагүй согтуу байж болох. Гэхдээ яагаад ч юм би түүнийг намайг алахыг оролдсонд итгэлгүй байлаа. Тэгвэл юу болоод байна?
Би гараараа нүүрээ дарсан ч нулимс гаргах хүчгүй болжээ. Хеймитч юу хийгээд байгаа юм бол? Тэгтэл уур хилэн, үзэн ядалт, сэжиглэлийг үл харгалзан толгойд хариулт сонсогдлоо.
Магадгүй тэр үүгээрээ ямар нэг юм хэлэхийг хүссэн байх. Энэ бол зурвас. Юу хэлсэн байж болох вэ? Тэгтэл хариу нь олдлоо. Хеймитч нэг л шалтгаанаар надад ус өгөөгүй. Учир нь би түүний дэргэд байна.
Би шүдээ зуун хөл дээрээ гуйвлан босоход үүргэвч өмнөхөөсөө гурав дахин хүнд болжээ. Би хугарсан мөчир тулан цааш явлаа. Нар хоёр өдрийн өмнөхөөс хүчтэй шарна. Арьс хатаж хуурайшаад хагар тусах шиг болж алхам бүрдээ хүч гаргаж байсан ч зогссонгүй. Сууж амарч болохгүй. Хэрвээ суувал ахин өндийх нь байтугай яах гэж боссоноо ч санахгүй. Би одоо ямар хялбархан олз вэ! Дурын ямар ч оролцогч тэр ч байтугай жижигхэн Рут хүртэл намайг дор нь эрхэндээ оруулан түлхэх төдий унагаад хутгаар дүрж болно. Надад эсэргүүцэн тэмцэх хүч байхгүй. Гэхдээ мянган милийн зайд нэг ч амьд амьтан байхгүй юм шиг мэдрэмж төрөв.
Ганцаараа ч гэж болохгүй нь. Намайг дуран дагаж байгаа! Би хичнээн удаа оролцогчдын хөлдөж, цус алдаж, өлсөж, цангаж үхэхийг зурагтаар харж байсан билээ! Хаа нэгтээ цуст тэмцэл явагдаж байж болох ч би одоо зурагтын од байлаа.
Миний бодол Прим рүү шилжлээ. Тэр одоо сургууль дээр миний үхэхийг зурагтаар харж байгаа байх. Бурханы авралаар би түүний цөхөрлийг харахгүй нь. Үдээс хойш би төгсгөл ирснийг мэдэв. Хөл гуйвлан зүрх галзуурсан мэт цохилно. Би хэсэг зуур хаана байгаа болон
юу хийж байгаагаа мартлаа. Хэдэн удаа өвдөглөн унаад ахин шидээр өндийсөн ч эцэст нь өндийх хүчгүй болоод нүдээ анив. Би Хеймитчийг буруу үнэлжээ. Түүнд надад туслах бодол байхгүй байж.
Бүх зүйл хэвийн. Энд тийм ч муу байсангүй. Агаар сэрүүсч үдшийн бүрий болох тэмдэг оржээ. Тэгтэл удвал цэцгийг санагдуулам анхилуун үнэр ханхлав. Би хуруугаараа гөлгөр газар самардлаа. Үхэхэд сайхан газар байна. Хурууны үзүүрт сэрүүн шаварлаг хөрс тэмтрэгдэв. Би шаварт хайртай. Хичнээн ч удаа олзоо энэ зөөлөн хөрсний тусламжтай мөшгөж байсан билээ. Зөгийний хазалтанд ч тусалдаг юм. Шавар, шавар, шавар! Нүд агшин зуур нээгдэж хуруугаа газарт шигтгэв. Энэ бол шавар! Толгойгоо өргөж харахад тэнд үнэхээр удвал байлаа. Цөөрмийн удвал цэцэг!
Би шавар дээгүүр үнэрийн зүг мөлхөхөд таван ярдын зайд өтгөн ургамалтай цөөрөм байлаа. Дээр нь шаргал өнгийн удвал цэцэгс хөвнө.
Би нүүрээ ус рүү дүрэн залгилахгүйн тулд арай ядан тэслээ. Ямар ч гэсэн үүнийг тэсэх ухаан үлджээ. Чичирсэн гараар дашмагаа усаар дүүргээд цэвэршүүлэхийн тулд хэдэн дусал иод хийн хангалттай байх гэж найдав. Хагас цаг тамлалт шиг өнгөрөв. Юутай ч гэсэн хагас цаг болох шиг санагдахад цаашид тэсч чадахаа болив. Удаанаар балга балгаар уу гэж би өөртөө хэлэв. Ганц балгаад хүлээх ёстой. Тэгээд дараагийнх нь. Дараагийн хоёр цагийн турш би хагас литрийн савтай усаа хоосолсон байлаа. Тэгээд хоёр дахаа. Гурав дахийг нь бэлдэх зуураа модон доор суугаад яаралгүйхэн усаа уунгаа туулайны мах идэн, үнэт жигнэмэгээсээ нэгийг хазав. Сүлд дууллын цаг болоход бараг л хэвийн байдалдаа орлоо. Өнөөдөр нэг ч оролцогч үхээгүй болохоор хэний ч нүүрийг үзүүлсэнгүй. Маргааш нь өдрийг энд өнгөрүүлэнгээ амарч үүргэвчээ шавраар будан, удвал цэцгийн үндэс идэхэд сайхан амттай байлаа. Би унтлагын хөнжилдөө тухлан хэвтээд дотор нь амьдрал байгаа дашмагаа гараасаа салгасангүй.
Хэдэн цагийн дараа зугтсан амьтадын хөлд газар чичирэхэд сэрлээ. Түгшин ийш тийшээ харахад гэгээ ороогүй ч сайн харагдав.
Над руу галт хана дүрэлзэн ирж байлаа. Би модноос буухыг оролдсон ч тэлээгээр бэхлэгдсэн байв. Яаран хуруугаараа тэмтчиж горхийг тайлан унтлагын хөнжилтэйгээ доош унав. Боож баглах цаг байсангүй тул бөөгнүүлэн үүргэвчиндээ чихлээ. Аз болоход устай лонх хэдийн үүргэвчинд байв. Би бүсээ бүслэн, үүргэвчээ үүрээд гүйлээ.
Ертөнц галт утаа болон өөрчлөгджээ. Шатаж байгаа модны мөчрүүд тас нясхийн оч цацруулан хөл дор унаж байлаа. Миний хийж чадах зүйл гэвэл туулай, буга зэрэг амьтдыг даган гүйх байсан бөгөөд тэр ч байтугай зэрлэг нохдын сүрэг хүртэл байлаа. Амьтны зөн совин хүнийхээс хурц. Гэвч тэд надаас хурдан байсан тул хажуугаар шурхийгээд өнгөрөхөд унасан модны үндэс гишүүнд тээглээд аргагүй хоцорлоо.
Аймшигтай халуу төөнөж амьсгал авахын аргагүй өтгөн утаа баагина. Хөлсөнд норж нэвтэрсэн цамцныхаа захыг дээшлүүлэн хамартаа наахад амсгалахад арай дээр болов. Би хахаж цацлан гүйхэд үүргэвч нуруу луу балбаж саарал манан дундаас гэнэт гарч ирэх мөчирт нүүр амаа шалбалж урав.
Энэ бол тохиолдлын хэрэг биш хэн нэг оролцогч гал алдсанаас болсон зүйл ч биш. Зөвхөн зохион байгуулагчид л машины тусламжтай ийм өндөр дүрэлзсэн гал гаргаж чадна. Өнөөдрийн өдөр хэтэрхий тайван өнгөрч хэн ч үхээгүй болохоор магадгүй тэмцэл явагдаагүй байх. Капитолийн үзэгчид уйдсан учир зохион байгуулагчид нэгэн хэвийн нөхцөлийг эвдэх арга хэмжээ авсан нь энэ. Ийм нөхцлийг зохион байгуулагчид зөвшөөрөхгүй.
Тэдний бодлыг таахад амархан байлаа. Мэргэжлийн оролцогчид болон бусад амьд үлдсэн хүмүүс бүсийн энэ хэсэг рүү зугтаж байгаа. Галыг биднийг нэг дор цуглуулах зорилгоор тавьсан. Энэ нь хэдийгээр орчин үеийн арга биш хэдий ч маш үр дүнтэй.
Би шатаж байгаа модон дээгүүр харайхад хүрэмний хормойд гал авалцан шатсанд зогсоод хуу татан авч уугьж харласан хэвээр нь унтлагын хөнжилдөө чихэхдээ битүү агаарт унтрана байх гэж найдав.
Цаашаа байдал улам дордож хоолой, хамар халуу шатан уушги жигнэгдэж байгаа юм шиг мэдрэмж төрөн амьсгал авах болгонд цээжээр хатгуулан өвдөнө. Би чулуун доогуур шургалав уу үгүй юу огиулж эхлээд дөрвөн хөллөн өрөвдөлтэй оройн хоолныхоо үлдэгдлийг бөөлжин гаргалаа.
Цааш гүйх хэрэгтэй байсан ч агаар дутагдан бүх бие татвалзана. Балга ус залгин амаа зайлаад дараа нь хэд балгалаа. Нэг минутын амралт. Би үүнийг ашиглан унтлагын хөнжлөө гаргаж үүргэвчин дэх юм хумаа цэгцлэв. Нэг минут өнгөрлөө. Цаашаа явах хэрэгтэйгээ мэдэж байсан ч өтгөн утаан дунд хаашаа явахаа мэдсэнгүй. Зүг чиг зааж байсан хурдан хөлтэй амьтадаас ард хоцорчээ. Би үхэр чулуу бүхий ойн энэ хэсэгт урьд нь ирж байгаагүй. Намайг хааш нь хөөж байгаа бол? Нуур луу юу? Эсвэл аюулаар дүүрэн шинэ газар луу юу? Хэрвээ ирсэн замаараа буцвал ус руу хүрэв болов уу? Галт хана хаа нэгтээ дуусах л болно. Хэрвээ галт шугамыг эргээд нэвтэрч чадах юм бол мэргэжлийнхэнтэй тааралдахаас зайлсхийх боломжтой. Нэгээр тогтохгүй миль явсан ч хамаагүй эхлээд энэ тамаас зайлсхийгээд дараа нь тойрог замаар буцахыг оролдоод үзэж болох юм. Намайг дөнгөж шийдвэр гаргатал галт бөмбөгний эхний дэлбэрэлт толгой дээгүүр шунгинан өнгөрөөд ойролцоох хаданд дэлбэрлээ. Тоглоомын өдөөн хатгалт. Гал түймрийг зөвхөн биднийг хөдөлгөхийн тулд бодож олсон бол одоо үзэгчдийг жинхэнэ хөгжөөх цаг болж! Ахин исгэрэлт гарахад би эргэж харахын зуургүй газар атийн хэвттэл галт бөмбөлөг зүүн талын модыг онож дөл авалцан шатав. Байрандаа үлдэх нь амиа алдана гэсэн үг. Намайг байрнаасаа хөдлөв үү үгүй юу гурав дахь бөмбөг дөнгөж сая хэвтэж байсан газар дэлбэрэв. Цаг хугацаа хөшсөн мэт болж би дайралтаас бултан зугтахыг хичээв. Хаанаас буудаж байгааг нь хараагүй ч гэлээ лав нисдэг тэрэгнээс биш байлаа. Магадгүй ойн хэсэгт мод чулуун дунд гранат шидэгчийг байрлуулаад хаа нэгтээ сэрүүн гял цал өрөөнд хэн нэгэн миний амьдралыг төсгөл болох товчлуурыг дарж байгаа байх.
Цөөрөм рүү очихоор төлөвлөж байсан нь толгойноос хийсэн арилж би галт бөмбөгөнд оногдохгүйн тулд тахирлан гүйлээ. Бөмбөлөг алимын хэмжээтэй байсан ч хүч нь зүйрлэшгүй их байсан тул миний бүхий л бодол санаа амьд үлдэх гэсэн ганцхан зүйлд төвлөрлөө. Исгэрэлт гарахад л үхэх болно. Би ухаангүй урагш гүйв. Би Үхлийн тоглоомыг хүүхэд байхаасаа үзсэн болохоор бүсийн тодорхой хэсэгт тоглогчид янз бүрийн аюулд ордог болохыг мэднэ. Хэрвээ энэ газраас холдвол гранат шидэгч надад хүрэхгүй байх боломжтой. Тэгтэл би хортой нүх рүү нурж унасан ч үүнд санаа зовохтой манатай байв.
Хичнээн удсаныг хэлэхэд хэцүү ч дайралт алгуур суларч би огиулж эхлэв. Хоолой, хамар хүчиллэг бодист хоолой түлэгджээ. Хамаг бие чичирсээр дайралтын үеэр нуугдсан хортой нүхнээс гараад исгэрэх чимээг хүлээсэн ч гарсангүй. Хүчтэй огиулахад нүднээс нулимс асгаран хатгуулан өвдөж хувцас хөлсөнд норж нэвтрэн, бөөлжсөнд
заваарч, үсний үзүүр хуйхлагджээ. Би галт бөмбөлөгт шатаж харласан үсээ барьж үзтэл гэнэтхэн исгэрэх чимээ гарлаа.
Булчин чангаран ухасхийсэн ч амжсангүй баруун шилбэний хажууд дэлбэрлээ. Би шатаж байгаа өмдөө хараад бараг ухаангүй болон атиралдан хашгирч гараараа цохин унтраахыг хичээв. Эцэст нь сэхээ орж газар өнхрөн галыг унтраагаад нүцгэн гараараа шатсан даавууг хуулан хаяв. Би бөмбөгний дэлбэрсэн газраас ердөө хэдэн ярдын зайд сууж байв. Шилбэ тэсгэлгүй хорсон өвдөж гар бүхэлдээ улаан гувруу болжээ. Бие хүчтэй чичирч байсан тул байрнаасаа хөдлөх хүч байсангүй. Хэрвээ зохион байгуулагчид намайг дуусгахыг хүссэн бол одоо л тохиромжтой мөч ирлээ.
Нүдний өмнө Циннагын үнэт чулуу гялалзсан даашинз үзэгдээд <<Галт Китнисс>> гэх нь сонсогдов. Тоглоомын зохион байгуулагчид элгээ хөштөл инээлдсэн биз. Магадгүй Циннагын гоёмсог даашинзны төлөө намайг ийм аргаар тамласан байх. Хэрвээ тэр намайг үүнээс болж зовохыг мэдсэн бол өөр зүйл хийх байсан нь ойлгомжтой. Магадгүй тэргэн дээр нүцгэн гарсан бол аюулгүй байх ч байсан юм билүү.
Дайралт дуусчээ. Зохион байгуулагчид миний үхлийг хүссэнгүй. Ямар ч гэсэн одоохондоо. Харанга цохих чимээ хүртэл тэд бүгдийг секунтын дотор устгаж чадах байсан. Үхлийн тоглоом бол оролцогчид нэг нэгийгээ алдаг спортын төрөл ч заримдаа тэд өөрсдийгөө сануулахын тулд оролцогчдыг алдаг. Гэвч нэг нэгэнтэй нь нүүр тулгаруулсан нь хамаагүй дээр. Намайг буудахаа больсон нь өөр оролцогч дэргэд байгаа гэсэн үг. Би модон авиран нуугдаж болох байсан ч гашуун утаанд амьсгал авахын аргагүй байлаа. Иймээс босоод галт ханаас догонцон холдоход утаан хар үүл баагьсаар байв. Алгуурхан өглөөний гэгээ оров. Нарны туяанд өтгөн утаа хуйлран эргэлдэнэ. Миний үзэгдэх орчин хөөрхийлөлтэй болж арван таван ярдын зайнаас цааш юу ч үзэгдэхгүй байсан тул дурын оролцогч ажиглагдахгүй ойртон ирж болох байв. Би хутгаа гаргаж барьсан ч удаан барьж чадсангүй. Гар аймшигтай өвдөж, шилбэ хорсон хатгуулна. Түлэгдэхийг үзэн ядаж байна. Үргэлж үзэн ядах болно тэр ч байтугай зуухны хайруулын тавганд өчүүхэн төдий хайрагдахыг ч. Би амьдралдаа хэзээ ч үүнээс дор өвдөлт үзэж байсангүй. Зүдэрсэндээ нэг мэдэхэд шагайгаар татсан усанд зогсож байлаа. Чулууны завсраар бургилах сэрүүн усанд түлэгдсэн гараа дүрэхэд өвдөлт агшин зуур намдав. Ээж үргэлж түлэгдэлтийн анхан шатны тусламж бол хүйтэн ус гэдэгсэн. Гар халуу оргих нь намдав. Ээж магадгүй багахан түлэгдэлтийн тухай хэлсэн байх. Тэгвэл шилбэ минь яах болж байна? Надад тийшээ харах зүрх байсангүй. Хэсэг зуур би усны эрэг дээр доош харан гараа дүрж хэвтэнгээ дөлний хээ угалз ховхорсон хумсаа ажиглав. Сайн байна. Миний хувьд үлдсэн амьдралын туршид гал хангалттай.
Би нүүрнийхээ цус, хөө тортогыг угаан арилгаад түлэгдэлтийн тухай юу мэдэх болохоо санахыг хичээв. Атираанд хоол хийхдээ түлэгдэх юмуу зуухны нүүрсэнд түлэгдэхээс өөр явдал нэг их тохиолдоод байдаггүй. Дээрээс нь бас уурхайн осол... Нэг удаа бидэн дээр залуухан ухаангүй болсон хүнийг гэр бүлийнхэн нь авчраад ээжээс туслахыг гуйсан. Уурхайн эмч түүнийг эмчилэхээс татгалзаж гэрт нь үхүүлсэн нь дээр гэж хэлсэн ч төрөл төрөгсөд нь үүнтэй эвлэрэхийг хүссэнгүй. Залуу гал зуухны ширээн дээр яг л хүүр шиг хэвтэж байлаа. Би түүний ташаан дээрх ясандаа хүртэл түлэгдэж онгойсон шархыг харав уу үгүй юу гэрээсээ гүйн гарч билээ. Тэгээд аймшигтай гэмтсэн хөл болон эцгийн үхлийн тухай дурсамжаас зугтахыг хичээн өдөржингөө ойд гөрөөлсөн. Хачирхалтай нь сүүдрээсээ хүртэл
айдаг Прим туслахаар үлдсэн юм. Ээж чадах бүхнээ хийсэн ч эмчийн хэлснээр залуу үхсэн билээ. Хөлөө яаралтай эмчлэх хэрэгтэй байсан ч би шархаа харж чадсангүй. Гэнтхэн тэр залуу шиг ясаа олж харвал яана. Хэдийгээр ээж гүн түлэгдэлтэнд мэдрэл хүчилсэндээ өвдөлтийг мэдрэхгүй гэдэг байсан ч. Энэ бодолдоо би зоригжин суугаад хөлөө татлаа.
Тэгтэл арьсан дээрх битүү гялалзсан улаан цэврүүг хараад арай л ухаан алдаж унасангүй. Би гүнзгий амьсгал аваад удаанаар гаргахдаа дуран нүүр лүү чиглэснийг мэдэж байлаа. Шархандаа эмзэглэн сул дорой байдал үзүүлж болохгүй. Тусламж хүлээхийн ч хэрэггүй. Өрөвдөлтэй байдал юугаар ч туслахгүй. Харин шийдэмгий байдал бахдлыг төрүүлдэг билээ.
Би хутгаараа өмдөө ураад шархаа анхааралтай харлаа. Гарын алганы хэмжээтэй түлэгдсэн ч арьс нь харласангүй. Ус гай болохгүй нь мэдээж. Хөлөө болгоомжтой хөлөө ус руу дүрээд чулуун дээр гишгэхэд гутал шалба норсонгүйд санаа амарлаа. Хэдийгээр эмчилгээний зориулттай өвс ургамал байх ёстой ч би санаж чадсангүй. Зөвхөн ус миний цорын ганц эм байлаа.
Цаашаа явах хэрэгтэй юу? Утаа алгуур сарнисан ч дотор нь аюул занал агуулагдсан хэвээр байлаа. Хэрвээ би галаас үргэлжлүүлэн зугтвал шүдээ хүртэл зэвсэглэсэн мэргэжлийнхэнтэй тулгарахгүй гэдгийн баталгаа алга. Хөлөө уснаас сугалан авах болгонд хорсон өвдөж айсан учир дор нь буцаан хийж байв. Гарны хувьд гайгүй байсан тул уснаас гаргаад удаанаар эд зүйлээ янзлан дашмагаа усаар дүүргэж йод дусаагаад хагас цаг байлгасны эцэст уулаа. Дараа нь албадан байж хэдэн жигнэмэг идээд унтлагын хөнжлөө дэлгэхэд хэдэн газраа цоорсныг эс тооцвол бүтэн байлаа. Хүрэмний хувьд өөр хэрэг. Түлэгдэж харлаад авахын аргагүй болжээ. Би хэрэггүй болсон хэсгийг нь тайран хаяхад хавирганаас дээгүүр хэсэг үлдэв. Гэсэн ч юүдэн нь бүтэн байлаа.
Өвдөлтөө үл харгалзан нойр хүрч эхлэв. Модон дээр гарч унтвал дээр байсан ч амаргүй байлаа. Түүний дээрээс уснаас холдож чадсангүй. Би юмаа нямбайлан хураагаад үүргэвчээ үүрсэн ч явахгүй байхаар шийдэв. Тиймээс усны иддэг ургамал, үндэс түүгээд туулайн махны үлдсэн хэсэгтэй зажлангаа балга ус ууж нар тэнгэрийн хаяанд яаралгүй өгсөхийг харж суулаа. Эндээс хаашаа явбал аюулгүй байх бол? Би үүргэвчээ налангаа бие суларч зүүрмэглэв. <<Мэргэжлийнхэн намайг хайвал хайж байг>> гэж гүн нойронд автахын өмнө бодов.
Тэгтэл үнэхээр хайж байлаа. Гэсэн ч би аз болоход тэдний ирэхээс хормын урд хөлийн чимээг нь сонслоо. Бүрэнхий болжээ. Би сэрэнгүүтээ цөөрөм дундуур туучин гүйв. Хөл минь хурдан хөдөлж чадаагүй ч тэд ч бас галаас болоод багагүй зүдэрчээ. Би тэдний ханиалгах болон нэг нэгнээ сөөнгөтөн дуудах хоолойг сонслоо.
Тэд зэрлэг ноход адил сүрэглэн улам ойртон ирэхэд би урдаа байгаа өндөр мод руу авирлаа. Гүйхэд хөл тэсэхийн аргагүй өвдөж байсан ч холтсонд гараа уран байж түргэн авирсан учир тэднийг модны дор ирэхэд хэдийн хорин фунтын өндөрт гараад байлаа. Хормын дараа бид зогсон бие биенээ харлаа. Зүрхний цохилт минь сонсогдоогүй гэж найдаж байна.
Төгсгөл ирлээ. Надад тэдний эсрэг ямар ч боломж байсангүй. Таван мэргэжлийнхэн Питийг оролцуулаад зургуулаа байсан бөгөөд миний цорын ганц тайвширал бол тэд ч бас зүдэрсэн харагдаж байв. Гэсэн ч зэвсэгтэй байсан бөгөөд над руу харж хялбархан олз гэдэгт итгэн хөхрөлдөнө. Тэдний зөв. Би занганд байлаа. Гэсэн ч энд нэг давуу тал байсан нь тэд нүсэр том биетэй хүнд байхад би хөнгөхөн байлаа. Хэдийгээр би толгой эргэм өндөрт авиран жимс түүх юмуу шувууны үүр хоосолдог Гейл шиг биш ч хамгийн жижгээс нь гэхэд жаран фунтээр хөнгөн байв. Иймээс би инээмсэглэн,
- Юу байна даа? гэж хөгжилтэй хашгирав.
Тэдний мэгдсэн нь үзэгчдэд таалагдсанаас гарцаагүй.
- Зүгээр дээ. харин чи? гэж хоёрдугаар бүсийн залуу асуув. - Миний хувьд жаахан халууцаад байна. Энд агаар нь сэрүүхэн юм. Дээшээ гараад ирэхгүй юм уу? гээд би бараг Капитолийнхний инээдийг сонслоо.
- Тэгэлгүй яахав.
- Като үүнийг ав гээд нэгдүгээр бүсийн охин мөнгөн саадагтай нум сум сунгав. Миний нум! Миний сум! Би доор урвагч Питийг хараад харц тулгарахыг оролдсон ч харц буруулаад хутганыхаа ирийг цамцандаа зүлгэв.
- Хэрэггүй. Хутгаар хамаагүй дээр гээд Като нумыг түлхээд бүсэндээ жижигхэн хүнд хутга зүүлээ. Би Катог авирахыг хүлээж байгаад дээшээ өгсөв. Гейл үргэлж намайг нарийхан мөчир дээгүүр явахыг хараад хэрэмтэй төстэй хэлдэг юм. Учир явдал жиндээ биш зөвхөн хаанаас барьж хөлөө тавихаа мэдэж байхад болно. Энэ талаар надад томоохон туршлага бий. Би ахин гучин фут авиртал тасхийх чимээ сонсогдон Като хугарсан мөчиртэй доош лүгхийн унав. Би түүнийг хүзүүгээ хугалсан болов уу гэж найдсан ч босож ирээд хараал урсгав.
Нум сумтай охин араас авирахад хэн нэгэн Гялбаа гэж дуудахыг сонслоо. Нэгдүгээр бүсийнхэн хүүхдүүдээ ийм тэнэг нэр өгдөг юм байх даа. Түүнийг дээшилж эхлэхэд хөл дор нь мөчир тасхийж цааш явахаа зогсоохоос өөр аргагүйд хүрэв. Би одоо наян футын өндөрт гарсан байлаа. Охин намайг харвахыг оролдсон ч нумтай сайн харьцаж чаддаггүй ажээ. Түүний харвасан сумны нэг ойролцоох мөчирт тогтсоныг би барьж аваад охиныг даажигнан даллахдаа үнэн хэрэгтээ ашиглах боломж олдоосой гэж хүсэв. Хэрвээ мөнгөн зэвсэг миний гарт орох юм бол тэднийг сэхээ орохын зуургүй бүгдийг нь харваж чадах байлаа. Мэргэжлийнхэн дор зогсоод хэлэлцэх зуур тэнэг байдалд орсондоо уурсан гүнгэнэх нь сонсогдов. Гэвч харанхуй болсон учир намайг дайрах боломж мухарджээ. Эцэст нь Пит огцом дуугаар,
- За яахав. Тэндээ сууж байсан нь дээр биз. Хаашаа холдвол гэж. Маргааш учрыг нь олъё гэв.
Түүний зөв байлаа. Би эндээс хаашаа ч холдохгүй. Хүйтэн усанд намдсан шархтай хөлний өвдөлт улам хүчтэй эргэн ирлээ. Би доош уруудан салаа мөчир дээр суугаад эв хавгүйхэн ороо засав. Дараа нь хүрмээ өмсөж унтлагын хөнжилдөө ороод бүсээр өөрийгөө тэлээлэхдээ дуу алдахгүй байхыг хичээв. Дулаахан аяны хөнжилд ороод миний хөл бүр дордоход даавууг нь зүсэн сэрүүн агаарт гаргаад шархаа усаар шавшив.
Би өвдсөндөө суларч доройтон зориг зүрх алга болоод өлссөндөө дотор харлаж байсан ч юм идэж чадсангүй. Хэрвээ энэ шөнө тэсдэг юмаа гэхэд маргааш яах болж байна? Навчин завсар тэдний намайг шатаахыг харж байх хэрэг үү. Шувууд үүрэндээ анагаахайгаа бүүвэйлэн жиргэнэ. Шөнийн махчин андаа гарч, ууль гууглав. Утаан
дундаас өмхий хүрний үнэр үл мэдэг ханхлана. Тэгтэл хөрш модноос над руу ямар нэг амьтан харж байх нь мэргэжлийнхний бамбарын гэрэлд гялалзав. Би тохой дээрээ огцом өндийлөө. Энэ бол амьтны нүд байсангүй. Бүдэг гэрэлд мөчрийн цаанаас Рут чимээгүйхэн ажиглаж байв.
Тэр энд хэр удсан бол? Бүр эхнээсээ байсан байх даа. Чимээгүй нам гүм суугаад үйл явдлын учир олдохыг хүлээж байж. Магадгүй мэргэжлийнхний ойртож ирэхийг сонсоод надаас урд мод руу гарсан биз. Бид хэсэг зуур бие биеэ нүд салгалгүй ширтэв. Дараа нь тэр навчинд хүрэлгүй жижигхэн гараа гаргаж ирээд толгой дээр байсан нэг зүйлийг заалаа.
Би түүний заасан зүг рүү дагуулан хартал эхэндээ навчнаас өөр юу ч үзэгдэхгүй байснаа арван тавын футын өндөрт толбо бүүдгэртэв. Юу юм бол? Амьтан юм болов уу? Хэмжээгээрээ илбэнхийг санагдуулах агаад мөчрийн дор үл мэдэг савлан үдшийн салхинд бөглүү дүнгэнэнэ. Тэгэхэд л би ойлголоо. Энэ бол зөгийн үүр байв.
Намайг айдас эзэмдсэн ч хашгирч зүрхэлсэнгүй. Эцсийн эцэст ямар төрлийн зөгий болохыг нь мэдэхгүй шүү дээ. Магадгүй <<чи бидэнд хүрэхгүй бол бид чамд хүрэхгүй>> гэсэн хамгийн ердийн зөгий байж болох юм. Гэсэн ч Үхлийн тоглоомд ердийн зүйл байдаггүй. Энэ бол Капитолийн бүтээсэн алуурчин зөгий байлаа. Үглээ ятга шаазгайтай төстэй лабораторийн нөхцөлд зохион бүтээгдсэн бөгөөд дайны үед бүсийн эргэн тойронд тэсрэх бөмбөгний оронд тараадаг байсан. Тэд ердийн зөгийнөөс том алтлаг хатуу биетэй бөгөөд хазуулсан газар чавганы хиртэй булдруу үүснэ. Ихэнхи хүмүүс дөрөв тав хазуулаад үхдэг. Зарим нь нэг. Хэрвээ амьд үлдвэл биенд хор нэвчин хий юм харагдуулж галзууруулна. Үүрнийх нь амгалан тайван байдлыг алдагдуулсан хэнийг ч алахаас нааш тайвширахгүй. Тэд алуурчин байлаа.
Дайны дараа Капитол хотынхоо эргэн тойронд байсан үүрийг устгасан ч ойролцоох бүсийн үүрнүүдэд хүрээгүй үлджээ. Ахин нэг бидний сул талыг сануулахаар. Үхлийн тоглоом шиг л. Арван хоёрдугаар бүсэд хашаа тойруулан татах болсон бас нэг шалтгаан энэ байлаа. Ойд Гейл бид хоёр тэдний үүртэй тааралдвал ум хумгүй эсрэг тал руу зугтдаг байв.
Тэгэхээр ийм зүйл миний толгой дээр өлгөөтэй байна гэж үү? Би тусламж эрэн Рут руу харсан ч навчин дунд уусан алга болжээ. Харанхуй түр амсхийх боломж олгож байгаа ч нар мандахтай зэрэг мэргэжлийнхэн надад хүрэх арга заавал олох болно. Тэгээд ч тэднийг ийм тэнэг байдалд оруулсны дараа өөр арга үгүй болсон. Иймээс үүр миний цорын ганц найдвар байлаа. Хэрвээ би түүнийг тэдэн рүү хаях юм бол зугтах боломж гарах ч юм билүү. Гэвч үүний төлөө амьдралаараа дэнчин тавих хэрэг гарна. Зөгийн үүрэнд хүрэх боломжгүй ч мөчрийг угаар нь огтолвол доош унагаж болно. Хутганы бариул хөрөөдөлтийг тэсч чадна. Харин миний гар тэсч чадах болов уу? Мөчрийн чичиргээнд сүрэг зөгий гараад ирэх байгаа юм биш байгаа даа? Эсвэл мэргэжлийнхэн миний юу хийж байгааг хараад байраа солих ч юм билүү. Тэгвэл бүх зүйл сүйрнэ гэсэн үг.
Үүнийг анхаарал татахгүй хийх хамгийн тохиромжтой цаг бол сүлд дуулал явах мөч байв. Тэгээд ч бараг цаг нь болоод байв. Би унтлагын хөнжлөөсөө гараад хутгаа бүсэнд хавчуулж дээшээ авирлаа. Мөчир намайг даахад хэтэрхий нарийхан байсан ч бууж өгсөнгүй. Би үүрийг тогтоож байгаа мөчирт хүрэхэд дүнгэнэх чимээ улам
тодорлоо. Гэсэн ч алуурчин зөгийнүүдэд ч бас сул тал байдаг. Тэд утаанд номхордог бөгөөд энэ тэдний эсрэг цорын ганц хамгаалалт байв.
Капитолын бэлэг тэмдэг тэнгэрт гялалзан сүлд дуулал эхэллээ. Одоо эсвэл хэзээ ч үгүй. Би цэврүүтсэн гараар хутга барин хөрөөдөхөд амаргүй байлаа. Ховил гарахтай зэрэг цааш явахад амархан болж багахан хүч шаардагдлаа. Би шүд зуун хөрөөдөнгөө тэнгэр лүү хяламхийхэд өнөөдөр хэн ч үхээгүй байв. Сайн байна. Үзэгчид намайг шархдуулан мод руу хөөн гаргаж харуулдаж байгаад сэтгэл хангалуун байгаа бололтой. Сүлд дуулал дуусаж тэнгэр харанхуйлах үед би модны дөнгөж дөрөвний гурвыг хөрөөдөж амжсан тул зогсохоос өөр аргагүй болов.
Одоо яах вэ? Хийсэн ажлаа дуусгах уу? Тийм ч ухаалаг бодол биш байлаа. Гэнэтхэн зөгийнүүд утаанд мансуураад гарч чадахгүй юмуу үүр мөчирт тээглэвэл яана. Үүр гэгээрэхийг хүлээж байгаад дайсныхаа толгой дээр унагасан нь дээр. Бамбарын сулхан гэрэлд салаа мөчир лүүгээ уруудан буцахад намайг гэнэтийн бэлэг хүлээж байлаа. Унтлагын хөнжил дээр жижигхэн мөнгөн шүхэртэй хуванцар сав байв. Ивээн тэтгэгчдийн анхны бэлэг! Хеймитч түүнийг сүлд дууллын үеэр унагасан байх нь. Сав алганд багтахаар жижигхэн аж. Түүгээр юу хийх юм бол? Хоол биш нь ойлгомжтой. Би тагыг нь эргэдэн онгойлгоход эмийн үнэр ханхалсанд болгоомжтойгоор тосны дээд хэсэгт хүрэхэд хурууны өвдөлт алга болов! - Хеймитч баярлалаа! гэж би шивнэлээ. Тэр намайг мартсангүй. Хувь заяаг минь гаргуунд нь хаясангүй. Тосонд асар их мөнгө орсон байж таарна. Магадгүй хэд хэдэн ивээн тэтгэгч нийлж байж энэ жижигхэн тосыг худалдан авч өгсөн байх. Энэ нь миний хувьд хосгүй үнэтэй эд байв.
Би хоёр хуруугаа саванд дүрээд болгоомжтойгоор шилбэндээ тос түрхэв. Үр дүн гайхамшигтай байлаа. Өвдөлт агшин зуур намдаж сэрүү оргив. Ээжийн гэртээ өвс хандалж хийдэгтэй зүйрлэх ч юм биш... Капитолд өндөр хөгжсөн гайхамшигтай лаборатори бий. Би хөл, гартаа тос түрхэж дуусаад тосоо шүхэрт хумин үүргэвчнийхээ ёроолд нуув. Өвдөлт намдахад унтахын өмнө үүргэвчээ янзлаад нойрслоо.
Үүр гэгээрэхэд толгой дээр хэдэн мөчрийн цаана сууж байсан шувуухай жиргэн шинэ өдөр болсныг зарлав. Эмийн нөлөөнд гарын арьсан дээрх улаан хүрэн толбонууд хүүхдийн арьс шиг зөөлөн ягаан болжээ. Хөлний түлэгдэлт гүн байсан учир халуу оргисон хэвээр байлаа. Би ахин тос түрхээд, зүсэм үхрийн мах, жигнэмэг идэн хэдэн балга ус уув.
Өчигдрийг бараг хоосон гэдэстэй өнгөрүүлсэн болохоор ходоод хонхолзоно!
Дор мэргэжлийнхэн болон Пит унтаж байлаа. Гялбаа мод налаад ядрангуй жижүүрлэнэ. Би дэргэдэх мод руу нүдээ онийлгон хартал юу ч харагдсангүй. Рут надад үүнийг зөвлөсөн болохоор анхааруулахгүй хийх нь шударга бус хэрэг байлаа. Хэрвээ би өнөөдөр үхвэл Рутыг л ялаасай гэж хүсч байна.
Би Рутыг аяархан дуудахад навчисны завсар хоёр том түгшсэн нүд цухуйв. Тэр ахиад үүр лүү заалаа. Би хутгаа бариад хөрөөдөж буй дүр үзүүлэв. Тэр толгой дохиод алга болсноо зэргэлдээх модон дээр шурхийх чимээ гарав. Дараа нь цаашлах чимээ дуулдахад би Рутыг дэргэдэх мод руугаа үсэрснийг ойлгоод инээхгүй байж арайхийн тэслээ. Тэр үүнийг зохион байгуулагчдад үзүүлсэн хэрэг үү? Түүний бэлтгэлийн танхимын эд зүйлийн хооронд нэг ч уналгүй яаж ниссэнийг төсөөлж байна аа. Үүгээрээ арван оноо ч авч болох байж.
Дорно зүгт үүрийн улбар туяа туслаа. Цааш хүлээж болохгүй. Өчигдөр шөнийн хэцүү авиралттай харьцуулахад өнөөдөр хамаагүй амархан байлаа. Би зөгийн үүртэй мөчирт хүрээд ажлаа дуусгахаар хутгаа гаргатал нүдний үзүүрт юм хөдлөн хөвсгөр саарал үүрний амсар дээр алтлаг өнгийн зөгий залхуутайгаар гарч ирэв. Түүнийг гадагш гармагц бусад нь араас нь гарч ирэх болно. Цэврүүтэй гарын алганд хөлс дааварлахад эмэндээ хүрэхгүйг хичээн цамцаараа арчив.
Хэрвээ би мөчрийг агшин зуур огтолж амжихгүй бол бүх сүрэг гадагш гарч ирээд над руу дайрах болно. Цаашаа сунгах хэрэг алга. Би гүнзгий амьсгал аваад хутганыхаа бариулыг атган хүчтэй хөрөөдлөө. Нэг хоёр, нэг хоёр! Зөгийнүүд дүнгэнэн үүрнээсээ гарлаа. Нэг хоёр, нэг хоёр! Би хутгаараа хөрөөдөж унагамагц мөчир дээр аль болох холдон суулаа. Үүр чимээ шуугиантай нисч доод талын мөчирт тээгэлснээ газар түсхийн унахад бут үсрэн задарч дотроос нь сүрэг ууртай зөгий дүнгэнэн гарч ирэв. Нэг л мэдэхэд миний хацар дээр хоёр, хүзүүн дээр нэг зөгий хазсан байлаа. Хор цусанд нэвчин толгой эргэхэд модноос нэг гараараа зуураад хатгуурыг биенээсээ авч хаяв. Аз болоход үүр унахаас өмнө намайг зөвхөн гурван зөгий харжээ. Бусад нь газар байгаа дайсан руугаа ухасхийв.
Үймээн самуун болов. Мэргэжлийнхнийг сэрж амжихаас урд сүрэг алуурчин зөгий дайралтанд орлоо. Пит болон бусад нь хар хурдаараа зугтахад <<Нуур луу! Нуур луу!>> гэж хашгирах чимээ сонсогдов. Нуур ойрхон байсан болохоор тэд зөгий гүйцэхээс өмнө усанд хүрч чадна гэж найдсан биз. Гялбаа болон дөрөвдүгээр бүсийн охинд аз таарсангүй тэд бусдаасаа салан үлдэхэд зөгийнүүд зай завсаргүй хатгав. Гялбаа өвдсөндөө ухаангүй орилж хашгиран нумаараа савчин хөөхийг оролдсон ч амжилтгүй болов. Тусламж дуудсан ч хэн ч эргэж ирсэнгүй. Дөрөвдүгээр бүсийн охин ганхсаар цааш явсан ч нуур хүрч чадахгүй нь илт байлаа. Гялбаа газар унаад татвалзаж байснаа чимээгүй болов. Үүрнээс хоосон хальс үлдэн сүрэг бусдыг нь хөөн алга болжээ. Би тэдний эргэн ирэхийг хүлээсэнгүй буугаад нуурын эсрэг зүг рүү гүйлээ. Хатгуулсан газар янгинан өвдөж хөл гуйвлахад жижиг цөөрөмдөө очоод араас нэхэн ирж магадгүй гэж усанд умбалаа. Таван хормын дараа гараад чулуун дээр суув. Алуурчин зөгийний хазалтын тухай хүмүүс хэтрүүлж хэлсэнгүй. Өвдгөн дээр чавганы хэмжээтэй булдруу гарч хатгуур сугалж авсан газраас өмхий ногоон шингэн олгойдон гоожив. Хавдалт. Өвдөлт. Шүүрэлт. Гялбаагын үхлийн өмнөх татвалзалт. Нар тэнгэрийн хаяанд мандахаас өмнө нэг дор хэтэрхий олон зүйл болжээ. Одоо Гялбаа юутай төстэй болж байгааг бодохоос аймшигтай байлаа. Бие нь хэлбэр дүрсгүй болж хөөсөн хуруугаараа нумнаас зуураад...
Нум! Ой ухааны минь нэгээхэн хэсэгт энэ бодол төрөхөд би хөл дээрээ босоод найгасаар охины хэвтэж байгаа зүг рүү буцаж гүйлээ. Нум сум. Би түүнийг олж авах ёстой. Их буу буудахгүй байхыг бодвол зүрх нь хортой тэмцсэн хэвээр шоконд орсон байх. Гэвч зогсмогц их буу үхлийг нь зарлан буудаж, онгоц биеийг нь нум сумны хамтаар авч явна. Үгүй, би түүнийг хоёр дахь удаагаа алдахгүй!
Намайг Гялбаад хүрэхтэй зэрэгцэн их бууны буудалт гарлаа. Зөгий алга болоод алтан даашинзтай ярилцлага өгч байсан үзэсгэлэнтэй охиныг танихын аргагүй болжээ. Нүүр нь хэлбэр дүрсээ алдан гар хөл нь гурав дахин хөөжээ. Хатгуулж овойсон газраас өмхий ногоон шингэн бургилна. Би эргүүлэхийг оролдон гараас нь чирсэн ч бие нь задарч уналаа.
Энэ бүхэн үнэхээр болсон гэж үү? Эсвэл миний нүдэнд хий юм үзэгдээд байна уу? Би нүдээ аниад дотор муухайран өглөөний цайгаа гаргахгүйн тулд тулд амаараа амьсгалав. Хоёр дахь их бууны буудалт гарлаа. Дөрөвдүгээр бүсийн охин үхсэн бололтой. Шувууд чимээгүй болоход нэг нь анхааруулан хашгирч дэргэд онгоц ирснийг мэдэгдлээ. Би Гялбаагын араас нисэж ирсэн байх гэж бодоод тэвдсэн ч дэлгэцээр нум сум авахыг оролдож буйг үзүүлж байгаа тул боломжгүй хэрэг байлаа. Хөл нугаран өвдөглөн унаад эргэн тойрны модод тойрон эргэлдэв. Тэнгэрт онгоц харагдав. Би Гялбаагийн биеийг хамгаалахаар ухасхийсэн ч дөрөвдүгээр бүсийн охиныг өргөөд алга болов. - Үүнийг хий! гэж би өөртөө тушаагаад шүд зуун гараа Гялбаагын биен доогуур шургуулж гэдсээр нь эргүүлэв. Би багтартал амьсгаадан энэхүү хар дарсан зүүд шиг явдал үнэхээр болж байгаа гэдэгт итгэж чадсангүй. Мөнгөн саадгыг гаргаж иртэл тээгэлдсэн учир бүх хүчээрээ угз татаад тэвэртэл миний зүг гүйлдэн ирэх хөлийн чимээ сонсогдов. Мэргэжлийнхэн! Тэд намайг зэвсэгт хүрэхээс өмнө дуусгахаар ирж байна. Зугтахад хэтэрхий оройтжээ. Би саадагнаас нэгийг гаргах гээд гурван сум сугалтал ногоон идээнд будагдсан тул хөвчилж чадсангүй. Би чадахгүй нь! Чадахгүй нь! Чадахгүй нь!
Эхний жадтай ангуучин бутан дундаас үсрэн гарч ирэхэд Питийн ойлгомжгүй царай миний гайхлыг төрүүлэв. Би цохилт хүлээсэн ч түүний гар суларлаа. - Чи энд юу хийж байгаа юм? гэж тэр шивнэхэд би түүний чихний дор хавдсан булдруу даган ус урсахыг харлаа. Түүний бие шүүдрийн усанд норсон юм шиг гялалзаж байв.
- Чи чинь галзуураа юу? гээд тэр намайг жадны бариулаар түлхэнгээ,
- Бос! Хөдөл! гээд үргэлжлүүлэн түлхэв. Энэ чинь юу гэсэн үг вэ? Юу болоод байна?
Тэгтэл тэр намайг өвдтөл нудраад,
- Зугт! Гүйгээрэй! гэж хашгирахад бургасны араас Като гарч ирэв. Тэр бас норж гялалзан нэг нүдний дор аймшигтай хавджээ. Би нарны гэрэлд хутга гялсхийхийг хараад нум сумаа чанга атган зугттал урдаа тааралдсан модонд бүдэрч унав. Цөөрөм ард хоцорч үл таних ой үргэлжилнэ. Ертөнц уруугаа харан хөмөрч, эрвээхэй байшингийн хэмжээтэй томроод мянга мянган одод болон хагарав. Модод цусан улаан өнгөөр тунаран гутал руу урсана. Шоргоолж түлэгдэж цэврүүтсэн гар өөд авирахад сэгсэрч чадсангүй. Тэр улам дээшлэн хүзүү рүү авирлаа. Удаан цангинасан хашгиралт сонсогдоход өөрийнхөө хашгиралт болохыг бүдэг бадаг ойлгов. Миний унасан жижигхэн нүх зөгийний үүр шиг жижигхэн шаргал бөмбөлөгөөр дүүрэхэд өвдгөө эрүүндээ хүргээд үхэхийг хүлээлээ.
Өвдөлт шаналал дунд бүүдгэрхэн нэг бодол төрөв.
Пит Мелларк ахиад л чиний амьдралыг аварлаа! Тэгтэл нүдэн дээр байсан шоргоолж уйдаад явлаа.
12 Би төгсгөлгүй аймшигт зүүдэнд автав. Хамгийн аймшигтай нь миний айдаг бүхэн хурц тодоор үзэгдэн бодит бус гэдэгт итгэхийн аргагүй байлаа. Зүүд дуусах болгондоо өөр илүү аймшигтай зүүд эхэлж байв. Хичнээн ч удаа Примийг үхүүлэн, эцгийнхээ нас барах мөчид дэргэд нь байж, бие минь дэлбэрэлтэнд хэдэн хэсэг болж хуваагдаж байлаа. Би ухаан оронгуутаа хэсэг зуур хөдлөлгүй хэвтэн шинэ үзэгдэл эхлэхийг хүлээв. Гэвч эцэстээ хор биенээс гадагшилан үлбэгэр дорой болжээ. Би атиралдсан хэвээр хажуу тийш хэвтэж байв. Хөшсөн хөл гараа тэнийлгэх гэтэл шархиран өвдөж маш хүч шаардагдав. Удаан маш удаанаар өндийн суухад хий юм үзэгдэх үеэр харагдсан шаргал бөмбөлөг биш хатсан навчтай нүхэнд сууж байлаа. Хувцас цөөрмийн ус, шүүдэр, бороо хөлсний аль нэгэнд норжээ. Би балга ус удаанаар залгилангаа далан хальсийн бутан дээр цох авирахыг харав. Би хэр удаан ухаангүй байсан бол? Ухаан алдах үед өглөө байсан ч одоо үдэш болжээ. Хөл гар чилж бадайрсныг үзэхэд хоёроос доошгүй өдөр өнгөрсөн бололтой. Зөгийн дайралтаас мэргэжлийнхэн амьд үлдсэн эсэхийг мэдээгүй өнгөрчээ. Гялбаа болон дөрөвдүгээр бүсийн охин байхгүй болоод нэгдүгээр бүсийн залуу, хоёрдугаар бүсийн хоёр оролцогч болон Пит үлдсэн. Тэд хазалтын дараа амьд гарсан болов уу? Хэрвээ тэгсэн бол эдгээр өдрүүдэд над шиг аймшигтай байсан байх. Ингэхэд Рут яасан бол? Жижигхэн биетэй болохоор нэг хазалт хангалттай. Гэхдээ тэр үйл явдал эхлэхээс өмнө явсан болохоор зөгий хүрээгүй ч байж болох юм. Ус уусны дараа амнаас эхүүн үнэр ханхлав. Би далийн бутны цэцгийг тасдаад болгоомжтойгоор дохиурыг ойртуулан хэлэн дээрээ хэдэн дусал бал дусаахад чихэрлэг амт нь зуны дулаахан өдөр Гейлийн дэргэд байсныг санагдуулав. Яагаад ч юм бидний сүүлчийн өглөө хийсэн яриа санагдав.
- Бид чадах болов уу юу гэж бодож байна? - Юуг тэр вэ?
- Бүсээс явах тухай. Зугтаж ойд амьдаръя. Бид хоёр чадна гэж бодож байна.
Тэгтэл би гэнэтхэн Гейлийн тухай биш Питийн тухай бодож байгаа болохоо ойлгов. Пит! Тэр миний амьдралыг аварсан. Бидний сүүлд уулзах үед зөгийн хоронд мансуурсан болохоор үйл явдал бодит болсон эсэхийг хэлж чадахгүй нь. Гэхдээ... тэр намайг үнэхээр аварсан юм бол яах гэж? Ахиад ярилцлага өгч байсан үеийн дурлалт залууд тоглохын тулд гэж үү? Эсвэл үнэхээр намайг хамгаалахыг хүссэн юм болов уу? Тэгвэл мэргэжлийнхэнтэй эхнээсээ юу хийж байсан юм бол? Нэг л авцалдаагүй байлаа.
Бүсэд болсон цорын ганц сайн зүйл гэвэл миний ийшээ ирсэн явдал болжээ. Нум сумтай болсон! Хэрвээ модон дээрээс авсныг тооцох юм бол нийт арван хоёр сумтай. Гялбаагийн биед хүрэхэд наалдсан жигшүүртэй ногоон идээ алга болж хатсан цус үлджээ. Дараа л арилгахаас. Би зэвсгээ туршихыг тэсгэлгүй яарч байсан учир ойролцоох мод руу хэдэн сум харвалаа. Яг л бэлтгэлийн төвд байсан нумтай адил байв. Миний өөрийн хийсэнтэй адилгүй. Гэсэн чүүнд дасах л болно.
Зэвсэг надад тоглоомын шинэ хэтийн төлөв нээж өглөө. Өрсөлдөгчид хүчтэй ч би одоо зөвхөн амиа аврахын тулд зугтаж нуугдан, зөгийн үүр чулуудаж байдаг олз биш болжээ. Хэрвээ Като одоо модны араас гарч ирдэг юмаа гэхэд би шууд харвах болно.
Гэвч эхлээд жаахан тэнхрэх хэрэгтэй байдаг. Би ахиад л шингэн их алдсаны улмаас цангаж, усны нөөц дууссан байлаа. Капитолд байсан үеэс хэдэн фунтээр турж хавирганы яс тоолж болохоор болжээ. Эцгээ үхсэнээс хойшхи саруудад ч би тийм туранхай байгаагүй. Түүний дээр эрүүл газар үгүй болж түлэгдэж, зүсэгдэн, мод мөргөн хөхөрч, зөгийнд хазуулсан газар гурван булдруу овойн хавджээ. Би түлэгдэлтэндээ тос түрхэнгээ хазуулсан газар түрхэж үзсэн ч нөлөөлсөнгүй. Ээж навчаар хор гадагшлуулдагыг мэддэг ч ховорхон ашигладаг болохоор ямар ургамал болохыг нь санасангүй. Би одоо агнаж чадах болсон тул хамгийн гол нь ус байв. Явсан газрын мөрөөр навч мөчир хугарсан болохоор хаанаас ирснээ тодруулахад хэцүү байсангүй. Одоо эсрэг тал руу нь явах хэрэгтэй. Миний дайснууд зөгийний хоронд хий юм харан хэвтэж байгаа гэж найдахаас.
Хөл гуйвлан захирагдахгүй байсанд би удаан бөгөөд алгуурхан олз мөрддөг үеийнх шигээ гишгэв. Хоёр хормын дараа туулай харахад шинэ зэвсгээрээ агнасан анхны олз боллоо. Энэ миний гаршсан зөвхөн нүд рүү онодог харвалт болоогүй ч эхэндээ дажгүй. Ойролцоогоор цагийн дараа өргөн боловч гүехэн горхи дайралдав. Надад энэ л хэрэгтэй. Нар халуунаар төөнөхөд би дашмагтай ус цэвэршихийг хүлээх зуураа хувцсаа тайлаад хөлөөс толгой хүртэл биеэ угааж түлэгдсэн арьсан дээрх хөө тортог, цусаа арилгав. Дараа нь горхинд хувцсаа угаагаад бутанд хатаахаар өлгөж, эрэг дээр суун үснийхээ орооцолдоог хуруугаараа гаргав. Хоол идэх дур хүрэхэд үхрийн махтай, жигнэмэгтэй идлээ. Мөнгөн саадгаа хөвдөөр зүлгэн цусны мөрийг арилгав. Хоол идэн тэнхэрч аваад түлэгдэлтээ ахин эмчилж, үсээ ардаа сүлжин нойтон хувцсаа өмсөхөд наранд түргэн хатлаа. Би горхи дагуу өгсөхөөр шийдэв. Ус байгаа газар үргэлж ан байдаг. Тэгтэл ч үнэхээр зэрлэг цацагт хяруултай төстэй хачирхалтай шувуу агналаа. Ямар ч гэсэн идэж болохоор харагдсанд багахан түүдэг асааж бүрэнхийд утаа нь ажиглагдахгүй гэж найдав. Би олзны шувуугаа цэвэрлэж сайтар ажиглахад сэжигтэй зүйл харагдсангүй. Өдийг нь зумласан тахианаас томгүй биетэй махлаг хатуу ажээ. Эхний махаа шорломогц ард гэнэтхэн мөчир тасхийх чимээ гарав.
Би чимээ гарсан зүг рүү огцом эргэхтэй зэрэгцэн саадагнаас сум сугалав. Хэн ч байсангүй. Тэгтэл модны цаана хүүхдийн гутал харагдахад тайвширч инээмсэглэв. Тэр модны дундуур сүүдэр шиг л гулган явах юм. Ингэхэд хэр удаан намайг дагасан бол? - Тэгэхээр зөвхөн мэргэжлийн холбоо байгуулдаггүйг чи мэдэх үү гэж би хэлэв. Хормын турш чимээгүй байснаа дараа нь модны араас Рутын болгоомжтой нүд цухуйв.
- Чи үнэхээр надтай холбоо байгуулахыг хүсч байна уу?
- Яагаад үгүй гэж. Чи надад зөгийн үзүүрийг үзүүлсэн биз дээ. Хэрвээ тэгээгүй бол би амьд үлдэхгүй байлаа. Ер нь би чамд хэзээ ч эргэлзэж байгаагүй гэхэд Рут нүдээ анивчив.
- Өлсөж байна уу?
Түүний харц махан дээр туссанаа шүлсээ залгилаа. - Хүрээд ир. Би өнөөдөр олзтой байгаа гэхэд Рут итгэлгүйхэн гарч ирснээ,
- Би зөгийн хазсан булдрууг эмчилж чадна гэв. - Үнэн үү? Юугаар?
Тэр хүүдийнээсээ ээжийн ашигладаг байсантай төстэй атга дүүрэн навч гаргаж ирлээ.
- Чи түүнийг хаанаас олоо вэ? - Холгүй газраас. Бид үүнийг жимсний цэцэрлэгт ажиллаж байх үедээ үргэлж биедээ авч явдаг юм. Тэнд зөгийн үүр дүүрэн байдаг. Энд ч гэсэн.
Яг тийм. Арван нэгдүгээр бүс хөдөө аж ахуй, жимсний цэцэрлэгтэй. - Тиймээс л чи мододын хооронд далавчтай юм шиг нисч сурсан хэрэг үү гэхэд Рут бардмаар инээмсэглэв.
- Тэгвэл алив. Намайг эмчилээч.
Би түүдгийн дэргэд суугаад өмдөө шуун өвдгөн дээрх булдруугаа үзүүлэв. Тэгтэл гайхлыг минь төрүүлэн Рут амандаа навч хийн зажлав. Ээж өөр аргаар хийдэг ч сонголт байсангүй. Тэр хормын турш сайтар зажлаад няцлгай ногоон зуурмаг өвдөг дээр тавив.
- Ө-ө-ө! гэж би дуу алдахад навч тэр дороо өвдөлтийг намдааж эхлэх шиг санагдав.
Рут хөхөрснөө, - Аз болоход чи хатгуурыг сугалчихаж. Тэгээгүй бол бүр дор зүйл болох байсан юм гэв.
- Одоо хацар дээр. Хацрыг минь гэж би бараг гуйлаа.
Рут амандаа ахин навч хийхэд би санаа амарсандаа инээхийг хүссэн ч түүний бугуйн дээр урт түлэгдсэн ором байхыг харлаа.. - Надад энд нэг юм байна гээд би нумаа хажуу тийш тавиад гарт нь тос түрхэж өглөө.
- Чиний аз таарахад ивээн тэтгэгчид олдож гэж тэр атаархангуй хэлэв.
- Чамд юу ч илгээгээгүй юу? гэхэд Рут толгой сэгсэрлээ. – Зүгээр дээ, ирэх л болно. Тоглоомын төгсгөлийн үеэр хүмүүс чиний ямар ухаантай гэдгийг ойлгоно гээд би махаа эргүүлэв.
- Чи надтай холбоо байгуулна гэж хэлэхдээ тоглоогүй биз?
- Мэдээж үгүй. Би бараг Хеймитчийн дуу алдахыг сонслоо. Жижиг хүүхэдтэй холбоо тогтоох нь дутаад байж гэнэ! Гэхдээ энэ хамаагүй байв. Рут дайчин бууж өгдөггүй хамгийн гол нь би түүнд итгэж байв. Яагаад үүнийгээ хүлээн зөвшөөрч
болохгүй гэж. Тэгээд ч надад Примыг санагдуулдаг. - За яахав. Би зөвшөөрч байна гээд Рут гараа сунгасанд би атгалаа.
Мэдээж энд түр зуурын ямар ч холбоо байж болох ч бидний хэн ч энэ тухай дурссангүй.
Рут оройн хоолонд хувь болгон цардуултай үндэс нэмэрлэв. Түүдэг дээр шарсан махнаас сайхан үнэр ханхална. Тэр шувууг ч бас таньж байсан бөгөөд тэдний бүсэд грузлинг гэж дуудаг байлаа. Жимсний цэцэрлэгт грузлинг сүргээрээ байх бөгөөд хоолонд хэрэглэж болох аж. Биднийг гэдсээ дүүргэж эхлэх үед яриа хөөрөө замхрав. Грузлингийн мах их амттай байсан бөгөөд хазахад ам дүүрэн шүүс асгарна.
- Хөөх, би хэзээ ч бүтэн хөл идэж байгаагүй гэж Рут дуу алдахад мах тэр бүр олдоод байдаггүй нь ажиглагдам байлаа. - Өөрийг ав л даа.
- Болох юм уу?
- Хүссэнээрээ авч болно. Нум сумтай байхад бид өлсөхгүй. Бас занга байна. Би түүнийг яаж тавьдгыг чамд үзүүлнэ ээ гэхэд Рут хөл рүү тээнэгэлзэн харсанд, - Ав ав! Бидэнд бас хоёр өдөр хүрэлцэхээр бүтэн шувуу, туулайны мах байгаа гээд хөлийг гарт нь бариулав.
Рут гартаа барьсан махаа тэсч чадалгүй амтархан том хазлав.
- Арван нэгдүгээр бүсэд биднээс илүү их хоол бий гэж боддог байсан юмсан. Та нар өөрснөө тарьж ургуулдаг биз дээ гэхэд Рутын нүд томорсноо,
- Яалаа гэж ургацаас юу ч авч болохгүй гэв.
- Тэгвэл яадаг гэж? Шоронд суулгах уу? - Бүгдийн нүдэн дээр ташуурддаг юм. Манай хотын дарга маш ширүүн. Түүний царайны хувирлаас үзэхэд энэ нь хэвийн зүйл гэдэг илт байв. Арван хоёдугаар бүсэд хүмүүсийг ховорхон ташуурддаг. Ширүүнээр хэлэхэд Гейл бид хоёрыг өдөр бүр ойд хулгайгаар агнасны төлөө ташуурдаж болох байв. Гэсэн ч албаны хүмүүс өөрсдөө биднээс мах худалдаж авдаг. Зөвхөн Мажын эцэг хотын дарга тийм зүйлд дургүй билээ.
- Харин та нар хүссэнээрээ нүүрс авч болох уу?
- Үгүй. Худалдаж авдаг. Зөвхөн шаахайгаар үнэгүй авч болно. - Заримдаа биднийг ургац хураалтын үеэр удаан ажиллуулахын тулд нэмэлт хоол өгдөг.
- Та нар сургуульдаа явдаггүй юм уу?
- Ургацын үеэр явдаггүй. Бүх хүн ажиллах ёстой.
Надад түүний амьдралыг сонсох нь таалагдаж байлаа. Бид өөр бүсийн хүнтэй хэзээ ч ярилцаж байгаагүй. Зохион байгуулагчид хүмүүсийг бусдынхаа тухай мэдээсэй гэж хүсдэггүй тул бидний яриаг зурагтаар гаргахгүй нь мэдээж. Рутын саначилгаар бид хоол хүнсний нөөцөө дэлгэв. Тэр миний ихэнхи зүйлийг харсан байсан тул сүүлчийн хоёр жигнэмэг, үхрийн мах нэмэрлэв. Харин түүнд үндэс, самар, ногоо болон жаахан жимс байв.
Би үл таних жимсийг хуруун дээрээ эргэлдүүлэв.
- Чи үүнийг аюулгүй гэдэгт итгэлтэй байна уу? - Тиймээ, манай гэрт ийм жимс ургадаг. Би хэдэн өдрийн турш идсэн гээд Рут амандаа атга дүүрэн хийлээ.
Би жимснээс нэгийг аваад болоомжтой хазаж үзэхэд бөөрөлзгөнөөс дутуугүй сайхан амттай байв. Бид гэнэт салахад хүрвэл гэж тооцон хоол хүнсний нөөцөө хуваан авлаа. Идэх юмнаас гадна Рутад жижигхэн усны сав, өөрөө хийсэн чавх, хос оймс, хутганы оронд ашигладаг хурц ирмэгтэй чулуу байлаа. - Миний юм бага л даа. Гэхдээ би Эврээс аль болохоор түргэн зугтаахыг хичээсэн юм гэж тэр ичингүйрэн хэлэв.
- Тэгсэн ч сайн болж гээд би бас өөрийнхийгөө дэлгэхэд тэр нарны шилийг хараад гайхширан,
- Чи үүнийг хаанаас аваа вэ? гэлээ. - Үүргэвчинд байсан ч хэрэг болоогүй. Нарнаас хамгаалахгүй хачин харагдаад байсан гээд би мөрөө хавчлаа.
- Энэ нарны биш шөнийн харааны шил байна! Заримдаа биднийг шөнө ажиллах үед бамбарын гэрэл хүрэхгүй гэрэл хүрэхгүй өндөр модон дээр гарахад иймийг өгдөг байсан. Нэг удаа Мартин гэдэг хүү өөрийнхийгөө эргүүлж өгөөгүй өмдөндөө нуусан. Түүнийг газар дээр нь алсан. - Үүнээс болж хүнийг аллаа гэж үү?
- Тиймээ бүгд түүний гэм хоргүйг мэддэг байсан ч гэсэн. Мартин ухаан муутай болохоор биеэ яг гурван настай хүүхэд шиг авч явдаг байсан. Зүгээр л шилээр тоглохыг хүссэн байх. Рутын ярианы дараа арван хоёрдугаар бүс арай аюул багатай санагдаж эхлэв. Мэдээж хүмүүс өлсгөлөнгөөс болж үхдэг ч би журам сахиулагчид ухаан муутай хүүхдийг алж байна гэж төсөөлж чадсангүй. Тослог Сэйд бас ухаан муутай ач охин байсан бөгөөд зээлээр тэнүүчлэн явдаг байлаа. Бүгд түүнд хайртай болохоор хоол унд элдэв янзын зүйл өгнө.
- Тэгэхээр шил ийм зориулттай байсан юм уу? гээд би Рутээс шилээ авлаа. - Түүгээр тас харанхуйд ч харж болно. Өнөө орой нар жаргахаар оролдож үзье.
Би Рутэд жаахан шүдэнз өгч тэр зөгийд хазуулсан газар тавьдаг навч өгөв. Дараа нь бид түүдгээ унтраан горхи өгсөн явахад харанхуйлж эхлэв.
- Чи хаана унтаж байсан бэ? Модон дээр үү? Зөвхөн хүрэмтэйгээ юу? гэхэд Рут толгой дохиод нөөц оймсоо үзүүлэн, - Үүнийг гартаа угладаг байсан юм.
Тэр яаж үүнийг тэвчдэг байна? Шөнө хүйтэн шүү дээ.
- Хэрвээ хүсвэл нэг хөнжилд хамт унтъя. Бид хоёулаа хялбархан багтана гэхэд түүний царай гийснээс үзвэл тийм зүйлийг мөрөөдөж ч байгаагүй бололтой. Бид өндөр мод руу очин хоноглох мөчрөө сонгож авахад сүлд дуулал явж эхлэв. Өнөөдөр хэн ч үхсэнгүй.
- Рут би өнөөдөр л ухаан орсон. Сүүлд уулзсанаас хойш хэдэн өдөр өнгөрсөн бэ?
Сүлд дуулалд үг сонсогдохгүй байсан ч би шивнэсэн хэвээр байлаа. Тэгээд ч Питийн тухай үзэгчдэд сонсгохыг хүсээгүй юм. Рут намайг ойлгосон бололтой мөн тийм маягаар хариулав.
- Нэг болон дөрөвдүгээр бүсийн охин үхсэнээс хойш хоёр өдөр өнгөрсөн. Бид одоо арвуулаа байгаа.
- Ямар нэг хачихалтай зүйл болох шиг болсон. Эсвэл би тэгж бодсон ч байж магадгүй. Магадгүй зөгийн хорноос болоод хий юм харсан байх. Манай бүсийн залууг мэдэх үү? Питийг? Тэр мэргэжлийнхэнтэй хамт явж байсан хэрнээ намайг аврах шиг санагдсан. - Тэр одоо тэдэнтэй байхгүй байгаа. Би тэднийг нуурын дэргэдэх буудал хүртэл дагасан. Тэгэхэд Пит байгаагүй. Магадгүй чамайг аврангуутаа зугтсан байх.
Би чимээгүй байлаа. Үнэхээр Пит намайг аварсан бол ахиад л өртэй болоо юу? Би энэ өрийг төлж чадахгүй нь. - Хэрвээ тэгсэн бол төлөвлөгөөнийх нь нэг хэсэг гэж бодож байна. Үзэгчдэд надад хайртай гэж итгүүлэхийн тулд.
- Тийм гэж үү? Харин би үнэнээсээ гэж бодсон хэмээн Рут бодлогоширон хэллээ.
- Тэгэлгүй яахав. Зөвлөгчийнхээ хамт бодож олсон юм. Сүлд дуулал дуусаж тэнгэр харанхуйлав.
- Алив шилээ туршиж үзье гээд би гарган зүүлээ. Рут тоглосонгүй. Эргэн тойрны модны навч мөчир, тавин футын зайд байгаа бут гээд бүх зүйл тод харагдаж байв. Хэрвээ хүсвэл би түүнийг ер нь хэнийг ч алж чадах нь.
- Өөр хэнд ийм зүйл байгаа бол? - Мэргэжлийнхэнд хоёр хос байгаа. Бас бүх зүйл байгаа болохоор хүчтэй.
- Бид ч гэсэн хүчтэй. Гэхдээ өөр аргаар.
- Чи бол тийм л байх. Чи харваж чадна. Харин би юу чадна гэж?
- Чи өөрийгөө хооллож чадна. Харин тэд чадна гэж үү? - Тэгэх хэрэг байхгүй. Тэдэнд хоол хүнсний бүх нөөц байгаа.
- Тэднийг чадахгүй гэж төсөөлөөд үз дээ. Хэрвээ хоол хүнсний нөөц нь байхгүй болчихвол хэр удаан тэсэх бол? Энэ чинь Үхлийн тоглоом биз дээ?
- Китнисс тэд цатгалан байгаа гэж Рут эсэргүүцэв. - Тиймээ. Энэ л асуудал болж байна гэж би зөвшөөрөв. Тэгтэл толгойд анх удаагаа төлөвлөгөөний санаа төрөв. Өрсөлдөгчөөсөө холдож зугтах биш харин жинхэнэ дайралтын төлөвлөгөө.
- Рут би үүнийг яаж хийхийг мэдэж байна. 13
Рут надад чин сэтгэлээсээ итгэжээ. Сүлд дуулал дуусмагц тэр надад наалдаад унтав. Би түүнээс болгоомжлоогүй болохоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсангүй. Хэрвээ тэр миний үхлийг хүссэн бол зөгийн үүрийг үзүүлэлгүй байхад л болох байсан биз. Сэтгэлийн угт бид хоёулаа тоглоомд ялж чадахгүй гэсэн бодол зовоосон хэвээр байсан ч одоохондоо амь өрсөх шаардлага гараагүй тул би энэ бодлоо үл тоомсорлов. Би бодлоо мэргэжлийнхэн болон тэдний хүнсний нөөцөн дээр төвлөрүүлэв. Рут бид хоёр тэдний бүх хүнсний нөөцийг устгах ёстой. Өөрсдийгөө хооллох нь мэргэжлийнхний хувьд амаргүй гэдэгт итгэлтэй байна. Уламжлал ёсоор мэргэжлийн оролцогчид бүх хоол хүнсийг гартаа оруулмагц баатар болдог юм. Гэхдээ үүнийгээ сайн хамгаалдаггүй учир алдах тохиолдол байлаа. Жишээлбэл нэг удаа сүрэг гүрвэл хоол хүнсийг устган, бас нэг жил зохион байгуулагчдын бүтээсэн үер урсан одоход өөр бүсийн хүмүүс ялагч болсон. Мэргэжлийнхний давуу тал гэвэл хангалтгай хоол хүнс. Тэд хүүхэд байхаасаа цатгалан байж дассан тул өлсөж чадахгүй. Рут бид хоёр биш л дээ.
Гэвч одоо нарийвчилсан төлөвлөгөө зохиоход хэтэрхий ядарсан байлаа. Шархны өвдөлт намдаж, зөгийн хоронд толгой хөнгөхөн эргэн, хажуу талд халуу төөнүүлэн мөрөнд толгойгоо наан унтаж байгаа Рут аюулгүй мэдрэмж төрүүлэхэд бүсэд ирсэн цагаас анх удаагаа дэргэд хүн байх ямар аятайхан болохыг ойлгов. Би зүүрмэглэнгээ маргааш мэргэжлийнхэнтэй хүчээ үзэхээр шийдэв.
Их бууны буудалтанд би давхийн сэрлээ. Тэнгэрт гэгээ орж шувууд жиргэнэ. Рут эсрэг талын мөчир дээр суугаад гартаа нэг зүйл барьж байв. Бид ахин буудахыг хүлээсэн ч чимээгүй байлаа.
- Үүнийг хэн байсан гэж бодож байна? гээд би Питийн тухай түгшин бодлоо. - Мэдэхгүй. Бидний хэн ч байж болно биз дээ. Орой л мэдэх байх.
- Хэн хэн үлдсэн билээ?
- Нэгдүгээр бүсийн залуу. Хоёрдугаар бүсийн хоёр оролцогч. Гуравдугаар бүсийн хүү. Бутлагч ба би. Пит та хоёр гэж Рут тоолсноо,
- Найм болж байна. Өөр бас аравдугаар бүсийн хөл муутай хүү. Түүнтэй есүүлээ гэв. Өөр хэн байсныг Рут бид хоёр санаж чадсангүй.
- Тэр яаж үхсэн юм бол гэж Рут шивнэлээ.
- Мэдэх юм алга. Гэхдээ бидний хувьд сайн хэрэг боллоо. Үхэл олон нийтийг тайвшируулсан ч зохион байгуулагчид тоглоомыг хурдасгах арга хэмжээ авахаас өмнө хөдлөх хэрэгтэй байна. Ингэхэд чиний гарт юу байгаа юм бэ?
- Өглөөний хоол гээд Рут алгаа тэнийлгэхэд хоёр том өндөг байлаа.
- Хөөх! Ямар шувууных юм? - Хэлж мэдэхгүй нь. Намгаас авсан юм. Ямар нэг усны шувууны байх. Өндөгийг чанавал муугүй байсан ч бид гал асааж зүрхэлсэнгүй. Өнөөдөрийн оролцогч мэргэжлийнхний гарт өртөн үхсэн бол тэд андаа гарсан байх. Бид өндөгийг түүхийгээр нь сороод, туулайн мах жаахан жимс идэв. Өглөөний цай аятайхан боллоо. - За чи бэлэн үү? гээд би үүргэвчээ үүрэв.
- Юунд бэлэн гэж? гээд Рут юу ч санал болгосон хийхэд бэлэн үсрэн бослоо.
- Өнөөдөр бид мэргэжлийнхний хоолыг хулгайлна гэж би энгийнээр тайлбарлав. - Үнэн үү? Яаж? гээд Рутын нүдэнд баярын оч гялалзлаа. Тэр Примээс ялгаатай нь адал явдал хүнд сорилтонд үргэлж бэлхэн байх аж.
- Мэдэх юм алга. Явж агнах зуураа төлөвлөгөө бодож олцгооё.
Би Рутын мэргэжлийнхний тухай ярианд төвлөрөөд ан төдийлөн бүтсэнгүй. Рут тэднийг удаан дагаагүй ч олон зүйлийг мэдэж авчээ. Тэд нуурын хажууд лагераа байгуулсан бөгөөд хүнсний хангамжаа гучин ярдын хадгалсан байв. Түүнийг өдрөөр гуравдугаар бүсийн хүү манан үлддэг байв.
- Гуравдугаар бүсийн хүү юу даа? Тэр тэдэнтэй байгаа юм уу? гэж би гайхширлаа.
- Тиймээ, өдөржингөө лагерт байдаг. Тэр бас зөгийнд хазуулсан ч мэргэжлийнхэн нуур луу чирж авчирсан. Тэд түүнийг харуул болгох гээд алаагүй байх гэж бодож байна. Гэхдээ том биетэй биш л дээ.
- Тэр зэвсэгтэй юу? - Тийм ч сайн чаддаггүй. Жадтай. Магадгүй хоёр хүнийг алж болох ч Бутлагч түүнийг амархан дуусгана.
- Хоол газар дээр зүгээр хэвтэж байдаг хэрэг үү? Энд ямар нэг зүйл биш байна даа? гэхэд Рут толгой дохиод,
- Надад ч гэсэн. Гэхдээ тодорхой хэлж чадахгүй нь. Китнисс ингэхэд чи хоолонд хүрэх юм бол яаж устгах гэж байна? гэв.
- Шатаана. Нуур луу живүүлнэ гээд би Рутын гэдэс рүү Примийг тэгдэг шигээ тоглон хатгаад,
- Бас иднэ! гэхэд тэр хөхөрлөө. - Санаа зовох хэрэггүй дээ. Би ямар нэг зүйл бодож олох л болно. Юмыг хийхээс устгах нь амархан.
Бид хэсэг зуур үндэс малтан, жимс, ногоо цуглуулж мэргэжлийнхнийг ялах төлөвлөгөөгөө чимээгүйхэн хэлэлцлээ. Бас өөрсдийнхөө тухай ярилцав. Рут зургаан хүүхэдтэй айлын хамгийн том нь бөгөөд тэднийг харж хандан хооллохын тулд нуга руу явдаг ч тэндхийн журам сахиулагчид манайхаас илүү ширүүн ажээ. Түүнийг юунд дуртайг асуухад огт бодолгүй <<хөгжим>> гэлээ. - Хөгжим гэнээ? Чамд хөгжим тоглох цаг байдаг юм уу? гэж би гайхлаа.
- Бид гэртээ дуулдаг. Ажил дээрээ ч гэсэн. Ийм учраас надад чиний зүү таалагдсан гээд Рут миний хэдийн мартсан алтан ятга шаазгайг заалаа. - Танай бүсэд ятга шаазгай байдаг юм уу?
- Байлгүй яахав. Заримтай нь би найзалдаг. Бид бие биенийхээ дууг дуулдаг. Би тэднээр үг дамжуулдаг юм.
- Яаж тэр вэ? - Би ихэнхидээ өндөр модон дээр гардаг болохоор ажлын өдөр дууссаны дохио болох тугыг түрүүлж хардаг. Тэгээд богино уянгын дуу дуулна ингээд гээд Рут амаа нээж аяархан тод хоолойгоор дуулснаа,
- Харин ятга шаазгай түүнийг цэцэрлэгийн бусад хэсэгт дамжуулан бүгд ажлын өдөр дууссаныг мэддэг юм. Тэд үүрэнд нь хэтэрхий ойртоход аюултай ч үүнийг буруутгах аргагүй л дээ. - Май үүнийг ав. Тэр чамд надаас илүү хэрэгтэй гээд би зүүг Рутэд сунгалаа.
- Үгүй үгүй гээд Рут миний хурууг буцаан түлхэж,
- Тэр чамд байгаасай гэж хүсч байна. Би энэ шувууг хараад чамд итгэхээр шийдсэн юм. Харин надад аз авчирдаг сахиус байгаа гээд захан дороосоо ургамлын дүрстэй зүүлт гаргалаа. Түүнээс бүдүүлэг хийцийн сийлбэртэй модон од өлгөжээ. Эсвэл цэцэг ч юм уу.
- Тэгвэл байж байг гээд би шаазгайгаа цамцандаа буцаан хийлээ. Үд дунд бидний төлөвлөгөө бэлэн болоход бэлтгэл ажлаа эхэллээ. Би Рутэд хоёр түүдэг асаах модны мөчир түүхэд туслав. Харин гуравдахыг нь намайг явсан хойно цуглуулах ёстой байв. Би өчигдөрийн хоол идсэн газартаа уулзахаар тохиролцлоо. Горхи дагаад явахад амархан олох болно. Би явахынхаа өмнө Рутэд хангалттай хоол, шүдэнз байгаа эсэхийг магадлаад үдэш уулзахгүй байх ч юм билүү хэмээн унтлагын хөнжлөө үлдээлээ. - Чи өөрөө яах болж байна? Даарна биз дээ?
- Зүгээр дээ нуурын дэргэдээс өөр хөнжил авна. Энд хулгайг хориглоогүй гээд би инээлээ.
Сүүлчийн мөчид Рут надад ажил дууссаны тэмдэг болох ятга шаазгайгаар дамжуулах дохиогоо сургав. - Энд ажиллахгүй ч байж магадгүй. Гэхдээ чи ятга шаазгайны дуулахыг сонсох юм бол ирж чадахгүй ч бүх зүйл хэвийн гэж бодоорой.
- Тэнд ятга шаазгай олон байсан уу?
- Чи тэднийг хараагүй юу? Хаа сайгүй үүрээ зассан байсан. - За, тэгвэл баяртай. Хэрвээ бүх зүйл төлөвлөгөө ёсоор бүтвэл үдэш уулзъя.
Рут гэнэтхэн намайг тэвэрсэнд би хормын зуур тээнэгэлзсэнээ хариу тэврэв.
- Болгоомжтой байгаарай гэж тэр гуйв. - Чи ч гэсэн.
Би эргээд сэтгэл түгшсээр горхи руу буцлаа. Рутын төлөө түүнийг алагдахаас айна. Хэн ч биднийг алахгүй байлаа гэхэд тоглоомын төгсгөлд хоёулаа бие биенийхээ эсрэг тулахаас айна. Примийг ганцаар орхихоос айна. Гэхдээ Примд ээж, Гейл, талхчин гээд өлсгөхгүйн тулд санаа тавихаар амалсан хүмүүс байсан бол Рутэд зөвхөн би байлаа.
Горхи хүрээд эргийн дагуу уруудсаар өчигдөр зөгийн дайралтын дараа ухаан орсон газраа хүрэв. Толгойд Питтэй холбоотой янз бүрийн асуулт эргэлдэх хэдий ч хариулт олдсонгүй. Өглөөний буудлага түүний үхлийг зараагүй байгаа дээ? Хэрвээ тэгсэн бол яасан юм бол? Намайг амьд үлдээлээ гэж мэргэжлийнхний хэн нэг алсан юм болов уу? Гялбаагийн бие хаана байсныг санахыг хичээтэл Пит бутны цаанаас үсрэн гарч ирэхдээ баярласан нь санагдав. Энэ л намайг дараа нь болсон бодит байдалд эргэлзэхэд хүргэсэн юм.
Би үдэш яст мэлхий шиг удаан явж байсан учраас хоёр цагийн дараа танил усны цөөрмөө харлаа. Тэнд усаа сэлбэн дүүргэж үүргэвчээ шавраар будав. Үүнийг хичнээн хийсэн ч хамаагүй шаргал өнгө үргэлж тодрох аж.
Мэргэжлийнхний буудалласан газар ойртоход бүх мэдрэмж хурцдан түгших нь улам нэмэгдлээ. Би өчүүхэн чимээ бүрийг анирдан нумаа бэлхэн барьж байлаа. Оролцогчдын хэн ч надтай тааралдсангүй. Би одоо л Рутын ярьсан
олон зүйлийг анзаарлаа. Амтат жимс, зөгийн хатгалтыг эмчилдэг бутны навч, мэргэжлийнхнээс аврагдсан модноос холгүй олон тооны зөгийн үүр, өндөр модны мөчир дунд хаа сайгүй гялсхийн үзэгдэх шооч ятга шаазгай гээд л.
Би сүйтгэгдсэн үүртэй мод хүрээд зүрхээ чангалахын тулд зогслоо. Рут эндээс нуурыг ажиглах хамгийн тохиромжтой газар гэж тайлбарласан. <<Чи анчин тэд олз гэдгийг бүү март>> гэж би өөртөө хэлээд нумаа чанга барин замаа үргэлжлүүлэв. Би Рутын хэлсэн модонд авираад түүний ухаантайг бишрэв. Энэ нь ойн зах болохоор өтгөн ургасан навчин дундаас нь буудлыг илрүүлэгдэхгүй ажиглах боломжтой ажээ. Бидний дунд тоглоом эхэлсэн уудам талбай байлаа.
Тэд дөрвүүлээ байв. Нэгдүгээр бүсийн залуу, Като болон хоёрдугаар бүсийн охин бас гуравдугаар бүсийн туранхай залуу. Биднийг Капитолд байх үед түүний ямар байсан нь ер анзаарагдсангүй. Ямар хувцас өмссөн, бэлтгэл дээр хичнээн оноо авсан болон ярилцлага өгсөн гээд юу ч санагдахгүй байлаа. Тэрбээр том биетэй найзуудынхаа дунд бараг ажиглагдахгүй суугаад хуванцар хайрцагтай зүйл оролдоно. Тэдэнд ямар нэг ашигтай учир амьд орхисон байх. Юу юм болоо? Энэ таавар миний түгшүүрийг улам нэмэгдүүлэв.
Дөрвөн оролцогч зөгийний дайралтаас бүрэн эдгэрээгүй бололтой эндээс хүртэл биен дээрх булдруунууд нь харагдаж байлаа. Магадгүй тэд хатгуурыг сугалж авч хаяагүй юмуу анагаагч навчны тухай юу ч мэдээгүй бололтой. Эвэр дээрээс олсон эм туслаагүй байж таарна. Эвэр урьдын адил байсан ч доторх зүйл нь хоосорч хайрцаг, шуудай сав, хуванцар савтай зүйлсийг буудлаас хол зайд пирамид хэлбэртэй нямбайлан овоолжээ. Гадуур нь хэдэн зүйлс тойруулан тавьсан харагдана.
Шувуу айлгахаар пирамидыг тороор битүү хучжээ. Эндээс гуравдугаар бүсийн хүү байхад нөөцийг устгах нь амаргүй гэдэг нь харагдаж байв. Энд гарцаагүй ямар нэг заль мэх байлаа. Би юу болохыг нь тааварлахаар байрандаа үлдэв. Юунаас урьд пирамидын дэргэд нэгээр тогтохгүй занга бий. Дээр нь гишгэхээр цөмөрч унаад жаданд сүлбэгддэг гүнзгий нүх ч юм уу хичнээн ч занга байж болох юм.
Намайг бодлогоширч байх зуур Катогын хашгиралт сонсогдов. Тэр миний хойно алсад ойн зүг зааж байснаас үзэхэд Рут эхний түүдгээ асаажээ. Бид өтгөн утаа тавихын тулд ихээхэн нойтон мөчир цуглуулсан юм. Мэргэжлийнхэн зэвсэглэж эхлэв.
Гуравдугаар бүсийн хүүг авч явах уу үлдээх үү гэсэн маргаан гарав. Чанга хаширч байсан учир би бараг бүгдийг нь сонслоо. - Тэр бидэнтэй хамт явна. Энд хийгээд байх зүйлгүй болсон учир ойд л хэрэгтэй. Нөөцөд хэн ч хүрэхгүй гэж Като хэлэв.
- Дурлалт залууг яах болж байна? гэж нэгдүгээр бүсийн хүү эсэргүүцэв.
- Түүний тухай март гэж хэлээ биз дээ. Би гайгүй хүнд шархдуулсан болохоор одоо хүртэл цус алдаж үхээгүй нь гайхалтай. Одоо бидэнтэй манатай байгаа.
Тэгэхээр Пит ойн хаа нэгтээ хүнд шархдаад хэвтэж байх нь. Би одоо хүртэл түүний мэргэжлийнхнээс яагаад урвасныг ойлгосонгүй.
- Явцгаая.
Като гуравдугаар бүсийн хүүгийн гарнаас жад аваад түүдгийн зүг чиглэн хөдлөв. Тэднийг модонд орохоос урьтаж миний сонссон сүүлчийн үг гэвэл Като, - Би түүнийг олох үед өөрийн гараар ална. Хэн ч хүрч болохгүй шүү гэв.
Түүнийг Рутын тухай хэлсэн гэж бодохгүй байна. Тэр алуурчин зөгийн үүр унагаагүй билээ.
Би ахин хагас цагийн турш яахаа мэдэхгүй байрандаа зогсов. Цорын ганц давуу тал бол алсаас нум сум тавьж болох байлаа. Жишээлбэл галтай сумаар пирамидыг харваж болох ч шатна гэх баталгаа байсангүй. Сум унтарчихвал яах болж байна? Сумаа алдаад зогсохгүй мэргэжлийнхэнд өөрийнхөө тухай хэтэрхий их мэдээлэл өгчих юм биш байгаа даа. Энд байгаа болон нум сум сайн эзэмшдэг, хамтрагчтай гэх мэт.
Өөр сонголт байсангүй. Ямар хамгаалалттайг мэдэхийн тулд ойроос магадлах хэрэгтэй. Би бараг л ил гарсан хойно нүдний үзүүрт юм хөдлөн баруун талд хэдэн зуун ярдын зайд ойгоос хэн нэгэн гарч ирлээ. Би эхлээд Рут гэж бодсон ч бидний хэн нь ч өглөө санах гээд чадаагүй үнэг болохыг нь танилаа. Охин болгоомжтой талбай руу гэтэн очоод хэн ч байхгүй гэдгийг мэдмэгц пирамид руу ухасхийн гүйснээ тойруулан тавьсан эд зүйлст хүрмэгц зогсож хөл тавих газраа анхааралтай харав. Тэр цаашаа хачирхалтай цовхчин дүүлснээ заримдаа нэг хөл дээрээ найган тогтох буюу хэдэн алхам гүйж байлаа. Нэг удаагын харайлтаар багахан торхны хажууд эрчиндээ өлмий дээрээ газардаад тэнцвэр алдан уналаа. Түүний гар газар хүрэхэд би часхийсэн хашгиралт сонссон ч юу болсонгүй. Хормын дараа тэр өндийгөөд цааш ойлгомжгүй хөдөлгөө үргэлжлүүлэн овоолоостой эд зүйлсд хүрлээ.
Миний бодсоноор занга байсан ч үнэндээ хамаагүй хэцүү байв. Охины тухайд ч би алдсангүй. Хүнсэнд хүрэх замыг илрүүлэн тогтоож авсан нь хичнээн зальжин овсгоотой болохыг нь харуулна. Тэр үүргэвчиндээ жигнэмэг хийж хуванцар савны хажууд олсоор өлгөөтэй хүүдийнээс хэдэн алим авлаа. Хоол алга болсныг мэдэгдэхгүйн тулд тус бүрээс жаахан авах аж. Дараа нь гайхамшигтай бүжгээр аюултай тойргоос бүжин гараад ой руугаа бүтэн аюулгүй буцлаа.
Би уурандаа шүдээ зуув. Үнэг миний сэжиглэл зөв болохыг баталлаа. Гэхдээ ямар төрлийн занга юм бол? Тийм олон гэж үү? Яагаад үнэг гараа газарт хүргэх үед хашгирсан юм бол? Магадгүй тэр... газар хүрэхэд дэлбэрэнэ гэж бодсон байх. - Тэсрэх бөмбөг гэж би шивнэлээ.
Энэ бүгдийг тайлбарлаад өглөө. Мэргэжлийнхэн яагаад хоол хүнсний нөөцөө харуулгүй үлдээн, үнэг гараа газар хүрмэгц айсан, гуравдугаар бүсийн хүү энд юу хийж байсан гээд л. Гуравдугаар бүсэд зурагт, машин, тэсрэх бодис хийдэг үйлдвэр байдаг. Гэхдээ тэсрэх бөмбөг хаанаас авсан юм бол? Магадгүй Эвэр дээр байсан юм болов уу. Зохион байгуулагчид биднийг алалцуулахын тулд тийм зэвсэг ерийн нэг тарааж өгөөд байдаггүй. Би бутны араас болгоомжтой гараад талбай дээр гарч ирсэн дугуй төмөр тавагны нэг рүү гүйлээ. Тэсрэх бөмбөг бидний газар дээр гарч ирснээс хойш жаран секунт дараа идэвхгүй болсон ч гуравдугаар бүсиийн хүү ахин идэвхжүүлсэн
бололтой. Би тоглоомд хэзээ ч ийм зүйл харж байсангүй. Зохион байгуулагчдад хүртэл гэнэтийн бэлэг болсон гэдэгт итгэлтэй байна.
Одоо тэгэхээр яах ёстой вэ? Гуравдугаар бүсийн хүүд баяр хүргэх үү. Мэдээж чөтгөрийн тойрогт хөл тавьмагц агаарт дэлбэрэн хийсэх болно гэдэг нь илт. Галт сумын хувьд нэмэргүй. Тэсрэх бөмбөг даралтаар ажилладаг. Нэг удаа охин сахиус болох жижигхэн модон бөмбөлөгөө тавган дээр унагахад түүний биеэс юу ч үлдээгүй. Чулуу шидээд үзэх үү? Тэгвэл юунд хүрнэ гэж. Ганцхан бөмбөг дэлбэрнэ биз. Магадгүй гинжин холбоосоор бусад нь дэлбэрэх юм болов уу? Хэрвээ үгүй бол яах вэ? Гуравдугаар бүсийн ухаантай хүү тэсрэх бөмбөгийг нэг нь нөгөөдөө нөлөөлөхгүй тавьсан бол яана? Тэгвэл хулгайч үхэн нөөц хамгаалагдан үлдэнэ. Ер нь би юугаа бодсон хэрэг вэ? Торыг пирамидыг аюулгүй байлгахын тулд тавьсан. Хэрвээ би нэгэн зэрэг гучин чулуу шидвэл томоохон гинжин холбоос бүхий дэлбэрэлт үүснэ. Би ойн зүг хяламхийгээд Рутын хоёр дахь түүдгийн утаа тэнгэрт хөөрч байхыг харлаа. Удахгүй мэргэжлийнхэн заль мэх байгааг сэжиглэж эхлэнэ. Яарах хэрэгтэй.
Үүнд ямар нэг гарц байх ёстой тул би анхаарлаа төвлөрүүлэв. Пирамидыг анхааралтай харсан ч хуванцар сав, хайрцаг гээд суманд оногдоход хэтэрхий хүнд зүйлс байлаа. Магадгүй аль нэг саванд галтай сум оноход дэлбэрэх тос байж болох ч хэрэгтэй саваа олох хүртэл бүх арван хоёр сумаа гарздах хэрэг гарна. Би үнэгний хийсэн алхамыг давтаж үздэг юмуу гэж бодтол гэнэтхэн олсноос өлгөсөн хүүдийтэй алим дээр харц тусав. Хэрвээ би олсыг сургалтын төвд байсан шигээ ганцхан сумаар тасалвал яах бол? Шуудай том болохоор нэг бөмбөг тэслэхэд хүрэлцээтэй ч хэрвээ бүх алимыг чөлөөлвөл...
Эцэст нь би юу хийх хэрэгтэйгээ мэдлээ. Ойртож байраа эзлээд гурван сум хангалттай гэж үзэн анхаарлаа төвлөрүүлэн бүх ертөнцийг мартлаа. Эхний сумыг шуудайны дээд хэсгийг урах зорилгоор тавилаа. Хоёр дахаар нь нүхээ томсгоход эхний алим бөнжигнөн унахад бэлэн болов. Гурав дахь сумаараа шуудайны сэртгэрийг урахаар тавилаа.
Агшин зуур юу ч болохгүй байснаа дараа нь алимнууд газар пирхийн унаад би хүчирхэг дэлбэрэлтийн долгионд хойш шидэгдэв. 14 Би цохилтын хүчинд газар саван унахад нуруундаа үүргэвчтэй тулдаа гайгүй гарав. Аз болоход мөрөнд байсан саадаг бүтэн үлдэж гар дахь нум яагаа ч үгүй байлаа. Дэлбэрэлтийн хүчинд газар чичигнэж байсан ч юу ч сонсогдсонгүй. Алим хэд хэдэн тэсрэх бөмбөг дайрсан болохоор үлдсэнүүд нь ээлж дараагаар дэлбэрэв. Би унаж байгаа эд зүйлсийн галт борооноос хамгаалан нүүрээ гараараа дарлаа. Агаарт үнсэн саарал утаа дэгдэж амьсгал авахын аргагүй болжээ. Удалгүй чичирэлт намдахад хажуулдан өндийж харвал урд нь пирамид байсан зүйлсээс уугьсан хэмхэрхий үлдсэн байв. Мэргэжлийнхэн эндээс юу ч авч чадахгүй болжээ.
Тэднийг ирэхээс өмнө эндээс явах хэрэгтэй. Би зугтахаар өндийсөн ч толгой эргэн, чих дөжирч, ойролцоох модод тойрон эргэлдэв. Хэд алхав уу үгүй юу дөрвөн хөллөж унаад бүх зүйл хэвийн болно гэж найдсан ч бүтсэнгүй.
Би сандралд орлоо. Энд үлдэж болохгүй. Зугтах амь дүйсэн асуудал болоод байдаг. Гэсэн ч явах нь байтугай чих таг дүйрчээ. Алгаараа зүүн чихээ дарж үзэхэд цус гоожсон байв. Би дэлбэрэлтэнд дүлийрчихээгүй байгаа? Ямар аймшигтай юм бэ! Анчин хүнд чих харааны адил чухлын зэрэгцээ заримдаа бүр илүү байх нь бий. Гэхдээ намайг бүх Панемын дэлгэцээр үзүүлж байгаа тул айдсаа үзүүлж болохгүй.
<<Ямар ч цусны ул мөр үлдээж болохгүй!>> гэж би өөртөө тушаагаад юүдэнгээ өмсөж захирагдахаа больсон хуруугаараа арай ядан эрүүн доорх бүчийг зангидав. Явж чадахгүй ч мөлхөөд үзвэл яадаг бол? Болгоомжтой маш удаанаар мөлхлөө. Орчинд мод сийрэг байсан тул цорын ганц найдлага Рутын мод руу буцан очиж өтгөн навчин дунд нуугдах байв. Ил байж болохгүй. Намайг Като зүгээр нэг дуусгачихгүй үхлийг минь зовж шаналсан удаан байхын төлөө санаа тавих болно. Прим үүнийг харж байгаа гэсэн бодлоороо дэмжүүлэн сөөм сөөмөөр ахисаар байлаа. Ахин нэг дэлбэрэлт гарахад нүүрээ газарт наан хэвтлээ. Зайтай байсан тэсрэх бөмбөг аль нэг унасан хэлтэрхийд цохиулан ажилласан бололтой. Дэлбэрэлт хоёр удаа давтагдахад Прим бид хоёрын гэртээ гал дээр шардаг байсан эрдэнэ шишийн хөөсөнцөр шиг үсчих шиг санагдав.
Намайг сүүлчийн мөчид өтгөн бут руу шурган орохтой зэрэгцэн талбай дээр Като бүлэгтэйгээ гарч ирлээ. Түүний уур хилэн хязгааргүй байсан тул үсээ зулгаан, нударгаараа газар нүдэв. Хэрвээ энэ хэнд зориулагдсаныг мэдээгүй бол би инээх байсан ч дэргэд нь зугтаж биеэ хамгаалах ч чадваргүй байсан тул аймшигтай байлаа. Ашгүй зурагтын дурангаас бут халхалж байсан тул хумсныхаа үлдсэн будгыг мэрэв.
Гуравдугаар бүсийн хүү сүйрсэн хэмхэрхий рүү чулуу шидэн бүх бөмбөг дэлбэрсэн эсхэийг шалгахад мэргэжлийнхэн овоолоостой үлдэгдэл рүү ойртов. Катогын дүрэлзсэн уур хилэн намдаж утаа манарсан хайрцагыг өшиглөлөө. Бусад оролцогчид үлдсэн зүйлийг онгичин бүтэн үлдсэн зүйл хайсан ч олсонгүй. Гуравдугаар бүсийн залуу өөрийнхөө ажлыг хэтэрхий сайн мэддэг байжээ. Энэ нь харваас Катогын толгойд орсон бололтой хашгиран эргэхэд залуу ухасхийн зугтсан ч дор нь гүйцээд булчинлаг гараараа хүзүүг нь хуга мушгив.
Хоёр мэргэжлийнхэн Катог тайвшируулахаар ухасхийгээд ой руу орохоор зүтгэхэд тэнгэр лүү заан саатуулав. Мэдээж тэд буруутай хүн дэлбэрэлтэнд өртөж үхсэн гэдэгт итгэлтэй байлаа.
Тэд нум сумаар алимыг харвасныг мэдэхгүй учир хулгайчын өртсөн бөмбөгийг буруутгана. Дэлбэрэлт их бууны дууг дарж хулгайчаас үлдсэн биений хэсгийг онгоц зайлуулсан биз. Тэд нуурын нөгөө тал руу холдоод зохион байгуулагчид гуравдугаар бүсийн хүүгийн биеийг авч явахыг хүлээлээ. Их бууны дуу гарах шиг болоход онгоц ирээд хүүг авч явлаа. Нар тэнгэрийн хаяанд жарган шөнө болов. Тэнгэрт бэлэг тэмдэг гарч сүлд дуулах эгшиглэхэд гуравдугаар бүсийн хүү болон өглөө үхсэн аравдугаар бүсийн хүүг үзүүллээ. Ахиад сүлд гарав. Одоо тэд дайсан нь амьд байгааг мэдлээ. Би сүлдний гэрэлд Като хоёрдугаар бүсийн охин хоёр шөнийн харааны шилээ зүүхийг харлаа. Нэгдүгээр бүсийн хүү хуурай мөчирт бамбар асаахад тэдний хэрцгий царайг гийгүүлэв. Мэргэжлийнхэн ой руу андаа гарав. Миний толгой эргэх нь намдсан ч зүүн чих сонсголгүй таг дүлийрэн, харин баруун нь дүнгэнэхэд сайны тэмдэг гэж найдав. Нуугдсан газраасаа явж болохгүй. Гэмт хэргийн газартаа би бүсийн аль ч хэсгээс аюулгүй байх болно.
Мэргэжлийнхэн дэлбэлэгчийг хоёр гурван цагийн өмнө ойд зугтсан гэж бодож байгаа. Тэгж бодож л байг харин би эндээс хөдлөхгүй.
Би эхний ээлжинд шилээ зүүгээд ангийн нэг ч гэсэн мэдрэмж ажиллаж байгаад итгэлтэй болов. Жаахан ус балгаад цусны үнэрээр махчин амьтад ирэхээс сэрэмжлэн чихнийхээ цусыг угааж, Рутын хамт өглөө түүсэн жимс, ногоо, үндсээр хөнгөхөн хооллов. Миний жижигхэн холбоотон хаана байгаа бол? Болзсон газраа очсон болов уу? Надад санаа зовж байгаа байх даа? Юутай ч тэнгэрт өнөөдөр бидний царайг үзүүлээгүй.
Би хуруугаараа үлдсэн оролцогчдыг тоолов. Нэгдүгээр бүсийн залуу, хоёрдугаар бүсийн хоёр оролцогч, үнэг, арван нэг болон арван хоёрдугаар бүсийн хоёр оролцогчид. Бид ердөө наймуулаа үлджээ. Капитолд одоо хүн бүрийн төлөө мөрий тавьж байгаа биз. Телевизээр оролцогчдын найз нөхөд, хамаатан садангаас авсан ярилцлага үзүүлнэ. Арван хоёрдугаар бүсэд эртнээс хэн ч наймд үлдэхээ больсон. Харин одоо хоёулаа байна. Като Пит удахгүй үхнэ гэсэн ч түүнд итгэх явдалгүй байлаа. Тэр саяхан нөөцөө алдахгүй гэдэгт итгэлтэй байсан биз дээ?
<<Далан дөрөв дэх Үхлийн тоглоом эхэллээ, Като. Та нарын хувьд дөнгөж эхэлж байна>> гэж би бодов. Шөнийн хүйтэн салхи үлээж эхлэхэд би унтлагын хөнжлөө гаргах гэснээ Рутэд өгснөө санав. Өөр хөнжил олох ёстойгоо тэсрэх бөмбөгнөөс болоод мартжээ. Дотор жихүүцэн даарч эхлэв. Модон дээр хоноглох аюултай тул бутны ёроолд нүх хонхойлоод дээрээсээ навч, нарсны шилмүүсээр хучив. Гэсэн ч хүйтэн байлаа. Борооны хуванцар хаалтаа дороо дэвсээд салхинаас хамгаалан нуруундаа үүргэвч үүрсэнд арай дээр болов. Одоо л би наймдугаар бүсийн анхны шөнө гал түлсэн охиныг ойлгож байлаа. Өглөө хүртэл шүд зуун тэсч чадах болов уу? Дээрээсээ навч, шилмүүсээр хучин гараа хүрэмнийхээ халаасанд шургуулан атиралдан хэвтээд нэг мэдэхэд унтжээ. Нүдээ нээгээд ертөнц бүрэлзэхэд юу ч ойлгоогүй хэдий ч хормын дараа шөнийн харааны шил зүүснээ мэдлээ. Нар өндөрт хөөрөн манджээ. Би шилээ тайлан өндийн суухад нуурын дэргэдээс инээд сонсогдлоо. Чимээ гажуудан сонсогдож байлаа. Баруун чихний сонсгол сэргэн, зүүн чихнээс цус гоожих зогсчээ.
Мэргэжлийнхэнийг эргэж ирсэн юм болов уу хэмээн бутны цаанаас шагайн харахад ердөө үнэг сүйрсэн пирамидын дэргэд зогсоод инээж байлаа. Тэр мэргэжлийнхнээс ухаантай болохоор үнснээс ашиглаж болох төмөр сав, иртэй хутга олжээ. Түүний хөгжилтэй байдал намайг гайхуулсан ч мэргэжлийнхэн нөөцгүй үлдсэн болохоор түүнд ч гэсэн ялах боломж гарсан байх гэж тааварлав. Яг л бидэн шиг. Магадгүй түүнийг мэргэжлийнхний эсрэг тэмцэлд холбоотноор авч болох болов уу? Үгүй. Энэхүү зальжин инээмсэглэлээс үзэхэд нөхөрлөлийн дүр эсгэж байгаад ар нуруу руу хутга зооно гэдэгт итгэлтэй байна. Магадгүй энэ нь түүнийг харвах тохиромжтой мөч бишүү. Тэгтэл охин гэнэтхэн давхийн толгойгоо цааш эргүүлэн ямар нэг чимээ сонссоноо ойн зүг түргэн гүйлээ. Би хүлээсэн ч хүн гарч ирсэнгүй. Хэрвээ үнэг аюултай гэж бодсон бол би ч гэсэн явсан нь дээр. Рутэд пирамидыг яаж дэлбэлснээ хэлэх гэхээс тэсч ядаж байв.
Мэргэжлийнхэн хааш чиглэсэн нь тодорхойгүй байсан учир би горхи руу буцахаар шийдэв. Гартаа нумаа бариад танил замаар түргэн явахдаа грузлингийн хүйтэн мах идэв. Зуун жил юу ч идээгүй юм шиг санагдана. Өчигдөрийн үндэс, жимс юу ч болсонгүй. Мах л идмээр байлаа. Горхи хүрэх аялал тайван болж өнгөрлөө. Дамшагаа усаар дүүргээд өвчтэй чихээ болгоомжтой угаалаа. Дараа нь горхи өгсөн явлаа. Эргийн ойролцоох шавар дээр хөлийн мөр гарчээ. Мэргэжлийнхэн энд байсан бололтой чийгтэй шавар наранд дөнгөж эврээд байв. Би одоог хүртэл
мөр үлдээхэд санаа тавьж байгаагүй ч гутал оймсоо тайлаад нүцгэн хөлөөрөө гол туучив. Хүйтэн ус таатай сэрүүхэн байв. Би хоёр загас харваад нэгийг нь түүхийгээр идэж, хоёр дахийг нь Рутэд үлдээв.
Аз болоход баруун чих дүнгэнэх нь намджээ. Зүүн гараараа чихээ цэвэрлэх гэж оролдсон ч нэмэр болсонгүй. Энэ талаасаа хамгаалалтгүй болсон юм шиг санагдан дасал болж өгсөнгүй. Яг л сохорсон юм шиг. Би явах зуураа баруун чихээрээ үргэлж чимээ анирдан цаашлах тусам эдгэрэх найдлага улам багасч байлаа. Уулзахаар болзсон газраа хүрэхэд хэн ч байсангүйн дээр ойр хавьд Рутын ул мөр харагдсангүй. Энэ нь хачирхалтай хэрэг байлаа. Одоо өдөр дунд болж байхад тэр хэдийн эргэж ирсэн байх ёстой. Шөнө модон дээр хоносон байж таарна. Мэргэжлийнхэн ойд шөнийн шилтэй холхиж байхад өөр хаана нуугдаж болох билээ дээ? Гурав дахь түүдгийг би өчигдөр харахаа мартсан ч эндээс нилээн зайтай асаасан байх ёстой. Тэгэхээр болгоомжтой буцаж ирж байгаа байх. Би өдөржингөө энд саатахыг хүсээгүй болохоор түргэн ирээсэй гэж хүслээ. Үдээс хойш толгод өгсөх зуураа ан хийж болно байх. Одоо хүлээхээс ондоо зүйл алга.
Би хүрэм, үсэн дээр дуссан цусыг угааж цэвэрлээд, шархаа эмчлэв. Түлэгдэлт бараг эдгэсэн ч халдвараас сэргийлэхийн тулд эм түрхлээ. Дараа нь хоёр дахь загасаа идэв. Халуунд муудах байсны дээр Рутад өөрийг барьж өгөхөд болно. Одоо л ирэх ёстой доо. Би таг болсон сонсголтойгоо газар дээр аюулгүй байдал мэдрэхгүй байсан тул мод руу гарлаа. Мэргэжлийнхэн гарч ирвэл дээрээс харвахад тохиромжтой. Нар тэнгэрт удаанаар хөөрөхөд цаг нөгцөөхийн тулд навч зажлан зөгийнд хатгуулсан газраа тавилаа. Хавдар нь намдсан ч хөндүүр хэвээр байв. Хуруугаараа нойтон үсээ самнаад сүлжин, гутлаа үдэж, нумаа шалгаж үзэхэд есөн сум үлдсэн байв. Хэдэн удаа сонсгол дээрдэж байгаа эсэхийг шалган зүүн чихэн дээрээ мөчир хугалж үзсэн ч нэмэр болсонгүй. Грузлингийн мах, загас идсэнийг үл харгалзан гэдэс хүржигнэнэ. Арван хоёрдугаар бүсэд ийм өдрийг хоосон өдөр гэж нэрлэдэг байсан юм. Тийм өдөр гэдсээ хичнээн дүүргэсэн ч ялгаагүй хоосон байдаг билээ. Би эцэст нь хийх юмгүй суухаас залхаад юм идэхээр шийдэв. Тэгээд ч бүсэд биеийн жингээ алдсан болохоор нэмэлт илчлэг илүүдэхгүйн дээр нум сумтай байхад өлсөж үхэхгүй нь лавтай.
Би яаралгүйхэн атга дүүрэн самар, сүүлчийн жигнэмэг, грузлингийн мах идэв. Хүзүүний махыг удаанаар мөлжин далавчинд хүрэхэд юу ч үлдсэнгүй. Гэвч өнөөдөр хоосон өдөр болохоор хоолны тухай бодлоос ангижирч чадсангүй. Ялангуяа Капитолд идэж байсан зүржийн сүмсээр амталсан тахианы мах, амтат бялуу, цөцгийн тостой талх, ногооны хачиртай гоймон, хар чавгаар амталсан хурганы мах санагдана. Би хоосон мөрөөдлөө болихын тулд гаатай навч зажлав. Бид гэртээ үргэлж хоолны дараа гаатай цай уудаг байсан болохоор үүгээр гэдсээ хоолны цаг дууссан гэж хуурав. Би бүсэд хэзээ ч ийм сайн байсангүй. Халуун наранд төөнүүлэн модон дээр цатгалан суугаад, гартаа нум сум барин, ам дүүрэн гаатай навч зажилна. Рутыг ирмэгц явах хэрэгтэй. Сүүдэр уртсаж эхлэхэд сэтгэл түгших улам нэмэгдэж гурав дахь түүдэг ассан газар очиж ул мөрийг нь хайхаар шийдэв.
Би хуучин буудлаасаа явахын өмнө ойролцоох бутнаас хэдэн гаатай навч зулгаав. Бид хоорондоо тааралдахгүй байсан ч Рут намайг энд ирснийг ойлгох бөгөөд харин мэргэжлийнхэн юу ч мэдэхгүй. Цагийн дараа би Рутын гурав дахь түүдэг асаасан газар хүрэх үедээ ийм зүйл болоогүй гэдгийг шууд ойлгов.
Нямбайлан өрсөн мөчир овоолттой хэвээр гал түлээгүй байлаа. Рут бүгдийг бэлтгэсэн ч эргэж ирж чадсангүй. Дэлбэрэлт болохоос өмнө хоёр дахь түүдэг асаасан газар гай зовлонд өртжээ.
Тэр амьд байгаа! Эсвэл үгүй юм болов уу? Хэрвээ их бууны буудалт өглөө эрт гарсан бол баруун чих хэвийн болоогүй байсан тул сонсож чадахааргүй байсан. Өнөө шөнө түүнийг тэнгэрт үзүүлвэл яах вэ? Үгүй, энэ тухай бодохыг хүсэхгүй байна. Өөр тайлбар олдож л таарна. Тэр магадгүй төөрөөд махчин амьтан юмуу аль нэг оролцогчоос нуугдах хэрэг гарсан байх. Жишээлбэл Бутлагч байж болно шүү дээ. Юутай ч би Рутыг хоёр дахь түүдэг асаасан газар байгаа гэдэгт итгэлтэй байв. Түүнийг ямар нэг зүйл модон дээрээс буулгахгүй бариад байна.
Очиж чөлөөлөх хэрэгтэй.
Өдөржингөө дэмий суусны эцэст хийх зүйлтэй болсон нь таатай байлаа. Мододын сүүдэрт халхлагдан чимээгүй гэтэхэд ямар нэг тэмцлийн ул мөр харагдсангүй. Тэгтэл гэнэтхэн чимээ гарахад толгойгоо эргүүлэн хий санагдсан юм болов уу гэж гайхав. Чимээ ахин сонсогдлоо. Рутын богино дууг шооч ятга шаазгай дамжуулав. Миний хамтрагчын бүх зүйл хэвийн байгаа бололтой. Би инээмсэглээд тэр зүг явахад Рут саяхан дуулсан бололтой шаазгай дууг нэг нэгэндээ дамжуулж байв. Би мододын оройг анхааралтай харан аяархан дуулаад түүнийг гарч ирэн нэгдэнэ байх гэж найдав. Ятга шаазгай миний дууг дамжуулав. Тэгтэл хашгиралт гарлаа. Хүүхдийн жижигхэн охины хашгиралт байсан бөгөөд бүсэд Рутээс өөр ингэж хашгирах хүн байхгүй. Би ухасхийн гүйхдээ мэргэжлийнхний тавьсан занганд орж болохоо ойлгож байлаа. Гэсэн ч өөр арга байсангүй. Ахиад л цөхөрсөн хашгиралт гарлаа.
- Китнисс! Китнисс! - Рут! гэж би ойртсоноо мэдэгдэхийн тулд хашгирав.
Тэд ч гэсэн бэлтгэл дээр арван нэгэн оноо авч, зөгийн үүр шидсэн охин ойртсоныг ойлгоод түүнийг тоохгүй орхих ч юм билүү.
- Рут! Би энд байна! Би хашгираад ойн цоорхой руу гүйн гарахдаа газраас дээш өргөгдсөн торонд санжигнаж байхыг нь харлаа. Тэр гараа торны завсраар цухуйлган намайг дуудтал биед нь жад зоогдлоо.
15 Нэгдүгээр бүсийн оролцогч жадаа өргөж амжихаас өмнө миний сум хүзүүнд нь зоогдов. Тэр цус асгаруулан өвдөг дээрээ унаад сумыг сугалахыг хичээсэн ч би хоёр дахь сумаа тавиад Рутын зүг эргэн,
- Тэр ганцаараа байсан уу? Ганцаараа юу? гэж хашгирлаа.
Рут <<тийм>> гэж хэдэн удаа хэлснийг би сонсохоосоо өмнө ойлгов. Тэр биед зоолттой жадтайгаа атиралдан эргэхэд би залуугийн биеийг орхиод хутгаар торыг огтлов. Шарх руу ганц харахад юу ч хийж чадахгүй нь ойлгомжтой байлаа. Жадны хурц үзүүр гэдсэнд нь гүн шигджээ. Би Рутын дэргэд явган суугаад үхлийн зэвсэг рүү
найдваргүй ширтэв. Бүх зүйл хэвийн гэж тайвшируулах ч хэрэг байсангүй. Рут тэнэг биш. Тэр надад гараа сунгахад би эцсийн найдвар аятай шүүрэн авлаа. Яг л Рут биш би үхэж байгаа юм шиг.
- Чи хоолыг дэлбэлсэн үү? гэж тэр шивнэв.
- Сүүлчийн үртсийг нь хүртэл. - Чи ялах ёстой.
- Би үүнийг хийнэ. Өөрсдийнхөө төлөө гэж би амлахад их буу нүргэлэн нэгдүгээр бүсийн залуу үхлийг зарлав. Би дээшээ харлаа.
- Битгий яваарай гээд Рут миний гараас чанга зуурав. - Би явахгүй. Би чамтай хамт байна гээд ойртоод толгойг нь өвдгөн дээрээ тавиад үсийг нь илбэв.
- Дуулаач гэж тэр сонсогдох төдий шивнэв.
Дуулах гэнээ? Юуны тухай тэр вэ? Би ердөө хэдхэн дуу мэддэг байв. Манай гэрт бас хөгжим байсан. Эцэг минь гайхамшигтай хоолойтой байсан болохоор намайг дуулахад сургасан ч түүний үхлээс хойш бараг дуулаагүй. Зөвхөн Примийг хүнд өвдөхөд дуртай дууг нь аялж өгсөн юм.
Одоо дуулах хэрэг үү? Нүднээс нулимс урсан хоолой утаанд сөөж гарахаа больжээ. Гэхдээ Примийн сүүлчийн гуйлтыг биелүүлэхгүй байж болохгүй... Рутын. Би оролдож үзэх ёстой. Арван хоёрдугаар бүсийн өлсгөлөн золгүй хүүхдүүдийг тайвшируулах гэж дуулдаг байсан бүүвэйн дуу санаанд оров. Түүнийг маш олон жилийн өмнө зохиосон. Хөгжмийн багш уулын уянга гэж нэрлэдэг байлаа. Үг нь энгийн тайвшируулсан аястай агаад маргааш илүү дээр болно гэсэн итгэл найдвар агуулсан байдаг юм.
Би хоолой засан ханиалгаад нулимсаа арчин дуулж эхлэв.
Мододын доогуур нуга үргэлжилнэ Ногоон навчин ортой, зөөлөн ногоон дэртэй Толгойгоо доош нь тавиад нойрмог нүдээ аниарай Нар мандахад ахин нээгдэх болно
Энд аюулгүй дулаахан Хонин нүдэн цэцэг чамайг хамгаалах болно Энд л чиний амтат мөрөөдөл биелэлээ олж Энэ л газар би чамд хайртай
Рутын зовхи чичигнэснээ хаагдсан ч цээж нь үл мэдэг оволзсон хэвээр байв. Хоолой цахиртан нулимс хацар даган урслаа. Гэвч дуугаа дуусгах хэрэгтэй.
Нугын гүн дэх нуугдсан алсад Сарны гэрэлд өтгөн навч цайрна
Зовлон зүдгүүрээ мартаад тайван нойрсдоо Маргааш өглөө бүгд угаагдан арилах болно
Энд аюулгүй дулаахан Хонин нүдэн цэцэг чамайг хамгаалах болно
Миний хоолой сонсогдохгүй шахам боллоо.
Энд чиний амтат мөрөөдөл биелэлээ олж Энэ л газар би чамд хайртай
Эргэн тойрон нам гүм болсноо ятга шаазгай миний дууг түрэхэд дотор хүйт оргив. Би хэсэг зуур хөдлөх хүчгүй суугаад Рутын царай дээр нулимс минь дусалж байв. Их бууны буудалт сонсогдлоо. Би тонгойн уруулаа Рутын зовхинд нь хүргэв. Дараа нь сэрэхээс айсан аятай удаанаар толгойг нь газар тавилаа.
Зохион байгуулагчид намайг явахаар биеийг авах гээд хүлээж байгаа. Би нэгдүгээр бүсийн залууг эргүүлээд үүргэвчийг нь тайлан сумаа сугалан авлаа. Бас Рутын үргэвчийг тайлахдаа түүний надад өгөх гэж хүсэх байсныг мэдэж байв. Жаданд хүрсэнгүй биений хамт орхилоо. Би жад ашигладаггүй болохоор бүсийг үүрд орхисон нь дээр биз.
Би улам ч жаахан болчихсон юм шиг санагдах Рутээс нүд салгаж чадсангүй. Үүрэндээ байгаа ангаахай шиг атиралдан хэвтэж байв. Түүнийг ийм байдалтай орхих нь байна. Гай зовлон заналхийлэхээ больсон ч өрөвдөлтэй хамгаалалтгүй санагдана. Нэгдүгээр бүсийн залууг үзэн ядаж Рутын хажууд зовлон шаналалгүй үхсэн шиг санагдав. Гэвч энэ бүхэнд тэр биш Капитол буруутай. Толгойд Гейлийн хоолой сонсогдов. Одоо л түүний Капитолийн эсрэг уур хилэн хоосон үг биш болох нь ойлгогдож байлаа. Рутын үхэл намайг шударга бус байдлыг биеэрээ мэдрэхэд хүргэхэд уур хилэн буцлав. Энд гэртээ байдгаас ч илүү сул дорой мэт санагдана. Капитолын эсрэг бослого гаргах зам байхгүй гэж үү?
Тэгтэл Питийн дээвэр дээр хэлсэн үг санагдав. <<Би зөвхөн Капитолд өргүй гэдгээ үзүүлэхийг хүсч байна. Тэдний тоглоомын хүүгээс илүү гэдгээ.>>
Би одоо тэднийг бидэнд ийм зүйл хүчээр хийлгэсэнд буруутгаж ичээн оролцогчдын хэн ч өргүйг гэдгийг үзүүлэхийг хүслээ. Рут тоглоомын хүгээс илүү байсан. Би ч гэсэн.
Ойн цоорхойд мододын доор зэрлэг цэцэгс ургажээ. Ягаан, шаргал, цагаан гээд жирийн үзэсгэлэнтэй цэцэгс байлаа. Би тэвэр дүүрэн цэгцэг түүгээд Рутын биеийг чимэглэв. Яаралгүйхэн нэг нэгээр нь тавилаа. Айшигтай шархыг нь таглаад, нүүрийг нь цэцгээр эмжиж, хамгийн тод өнгөтэйг үсэн дээр нь тавилаа.
Тэдэнд үүнийг үзүүлэх ёстой. Одоо тэд бүсийн өөр хэсгийг үзүүлж байж болох ч биеийг нь авах үед бүгд миний юу хийснийг харах болно. Би алхам ухраад сүүлчийн удаа харахад унтаж байгаа юм шиг санагдав. - Баяртай, Рут гэж би шивнээд зүүн гарынхаа гурван хурууг уруулдаа хүргэн түүний зүг сунгаад эргэж харалгүй явлаа.
Шувууд чимээгүй болсноо хаа нэгтээгээс ятга шаазгай онгоц ирэхийг анхааруулан хашгирав. Яаж гэдгийг нь мэдэхгүй ч шувууд хүмүүсийн сонсож чадахгүй зүйлийг сонсдог байх. Би урагш харсан хэвээр зогсон хүлээв. Удалгүй шувууд ахин дуулж эхлэхэд түүний энд байхгүй болсныг нь мэдлээ.
Өөр нэг жижигхэн ятга шаазгай миний урд талын мөчир дээр суугаад Рутэд зориулсан дууг дуулна. - Түүний бүх зүйл хэвийн. Санаа зовох зүйлгүй болсон. Тэр сайн байгаа гэж би мөчир доогуур өнгөрөхдөө хэллээ.
Би хаашаа явахаа мэдсэнгүй. Руттай өнгөрүүлсэн богинохон шөнө яг л гэртээ байгаа юм шиг санагдаж байсан. Одоо энэ бүхэн ард хоцорчээ. Би хаашаа явж байгаагаа тоолгүй нар жаргатал тэнэв. Айсан ч үгүй ийш тийшээ ч харсан ч үгүй тул бусад оролцогч намайг хялбархан алж болох байлаа. Хэрвээ замд тааралдсан эхний хүн тэгдэггүй юм бол би түүнийг ална. Өрөвдөх сэтгэл үгүй болж гар чичирэхээ больжээ. Капитолыг үзэн ядахынхаа зэрэгцээ өрсөлдөгчдөө үзэн ядах нь багассангүй. Ялангуяа мэргэжлийнхэнийг. Тэд Рутын үхлийг төлөх л болно.
Гэвч хэн ч тааралдсангүй. Бид цөөхүүлээ үлдээд бүс том байлаа. Удалгүй зохион байгуулагчид бүгдийг нэг дор хөөн цуглуулах шинэ арга сэдэх биз. Өнөөдрийн хувьд цус хангалттай болохоор шөнө бидэнд унтах боломж өгч болох юм. Би эд зүйлстэйгээ хоноглох модон дээр гарахаар зэхтэл урд мөнгөн шүхэр бууж ирэв. Ивээн тэтгэгчийн бэлэг. Гэхдээ яах гэж? Надад одоо хэрэгтэй бүх зүйл минь байлаа. Магадгүй Хеймитч миний цөхөрлийг хараад сэргээхээр шийдсэн юм болов уу? Эсвэл чихний эм явуулсан ч байж магад.
Шүхрийн дор жижигхэн талх байлаа. Капитолынх шиг хувхай цагаан биш хүнсний ногдолд өгдөг хагас саран хэлбэртэй хар талх. Би Питийн бэлтгэлийн төв дээр хоолны үеэр бүсүүдийн талх өөр хоорондоо ялгаатай талаар ярьсаныг санаад аль бүсээс ирснийг мэдэв. Би түүнийг болгоомжтой өргөхөд бүлээхэн байлаа. Арван нэгдүгээр бүсийн хагас өлсгөлөн оршин суугчид түүнийг ийш нь ирүүлэхийн тулд хичнээн их мөнгө төлсөн бол? Хэд нь хуруу хумсаа хугалах шахам олсон сүүлчийн зоосоо ганц талх авахад зориулсан бол? Талх Рутэд зориулсан байж таарна. Гэвч тэр бэлгийг авахаас өмнө үхсэн учир Хеймитч надад илгээжээ. Талархсан юм болов уу? Эсвэл над шиг өртэй үлдөх дургүй юм болов уу? Ямар ч байлаа гэсэн ийм тохиолдол анх удаа гарлаа. Өмнө нь хэзээ ч оролцогчид өөр бүсийн бэлэг авч байсангүй. Би жаргах нарны сүүлчийн туяанд царайгаа өргөөд,
- Арван нэгдүгээр бүсийн оршин суугчдад баярлалаа гэж чанга хэлэв.
Намайг талх хаанаас ирснийг ойлгосныг тэд мэдсэн байх. Би модонд аюулгүй байдлын тулд биш хараал идсэн цустай газраас зугтахын тулд өндөрт авирлаа. Унтлагын хөнжил Рутын үүргэвчинд нямбай хураалттай хэвтэж байв. Маргааш эд зүйлсийнхээ учрыг олон шинэ төлөвлөгөө зохиохоос. Өнөөдрийн хувьд хийж чадах зүйл гэвэл модноос өөрийгөө баглаад талх идэх явдал байв. Талх сайхан амттай байсан бөгөөд гэрийг минь санагдуулав. Удалгүй тэнгэрт сүлд гарч баруун чихэнд сүлд дуулал сонсогдов. Би нэгдүгээр бүсийн залуу, Рутын царайг харлаа. Өөр хэн ч гарсангүй. Бид зургуулаа үлджээ. Би талхыг гартаа барьсан хэвээр унтлаа.
Заримдаа эргэн тойрны бүх зүйл орвонгоороо эргэх үед надад жаргалтай зүүд зүүдлэгддэг юм. Бид эцэгтэйгээ ойд зугаалж байлаа. Прим нарны гэрэлд суугаад бялуу иднэ. Бас Рутыг зүүдлэв. Тэр модны өтгөн навчис дунд цэцгэнд хучаастай суугаад надад шооч ятга шаазгайны тухай ярьж байлаа. Ямар ч шарх, сорви цус байсангүй жаргалтай инээмсэглэнэ. Тэгээд урьд нь хэзээ ч сонсож байгаагүй уянгалаг хоолойгоор үл таних дуу дууллаа. Ар араас нь дуулж байв. Би зүүрмэглэх зуураа түүний навчин дунд нуугдан суух хоолойг нь сонслоо. Сэрсний дараа хэсэг зуур тайван дулаахан мэдрэмж төрөв. Дараа нь тэр үлдээх гэсэн бүх оролдлогыг үл харгалзан яваад намайг хэзээ ч байгаагүй гунигтай ганцаардмал үлдээлээ.
Гутрал бүх биеийн судсаар дамжин тархахад навчис руу нүд цавчилгүй ширтэн хэвтэв. Хэдэн цаг хөдөлгөөнгүй байлаа. Тэгтэл гэнэтхэн Прим зурагтын дэлгэцээр үхээнц байдлыг минь түгшин ширтэж байгаа гэсэн бодол орж ирэв. Би өөртөө хамгийн энгийн <<суу, ус уу, юм хумаа цуглуул>> гэсэн тушаал өглөө. Тэднийг машин шиг ямар ч мэдрэмжгүй биелүүлэв. Рутын үүргэвчинд миний унтлагын хөнжлөөс гадна бараг хоосорсон усны сав, үндэс, самар, зүсэм туулайн мах, хос оймс, чавх байлаа. Нэгдүгээр бүсийн залуугийн үүргэвчинд хэдэн хутга, хоёр жадны үзүүр, гар чийдэн, анхны тусламжтай жижигхэн арьсан хүүдий, дүүрэн устай лонх, хайрцаг хатаасан жимс байв. Хайрцаг хатаасан жимс! Тэр бүх овоолоостой зүйл дундаас үүнийг л авлаа гэж үү! Энэ нь намайг гайхуулав. Буудлаар нь дүүрэн хүнс байхад өөртөө хоол авч явах ямар хэрэгтэй гэж? Бусад мэргэжлийнхэнийг зугаалахдаа багахан хоол авч яваад одоо юу ч үгүй үлдсэн гэж найдахаас.
Хоолны тухайд гэснээс миний өөрийн ч хүнс дуусч байв. Би арван нэгдүгээр бүсийн талхыг сүүчийн зүсэм туулайн махтай идлээ. Одоо надад байгаа бүх зүйл гэвэл Рутын самар, үндэс, хатаасан жимс, ганц зүсэм үхрийн мах үлдлээ. Анд гар, Китнисс! Хэрэгтэй зүйлсээ үүргэвчиндээ хийгээд модноос бууж хүүгийн хутга болон жадны үзүүрийг чулуун дор өөр хүн олохгүй найдвартай булав. Өчигдөрийн хэсүүчлэлтийн дараа хаана байгаагаа мэдсэнгүй. Зөвхөн хоол олохын тулд горхи руу явах ёстой. Би алдсангүй. Энэ зам намайг Рутын асааж амжаагүй гурав дахь түүдэг рүү хүргэв. Модон дээр сууж байгаа сүрэг грузлингтэй тааралдаад нисэж амжихаас урд гурвыг агнав. Би дохионы түүдэг рүү буцаад утааг үл хайхран гал түлэв. <<Като чи хаана байна? Би чамайг хүлээж байна>> гэж шувуугаа шарах зуураа бодож байлаа.
Мэргэжлийнхнийг одоо хаана байгааг хэн мэдэх юм бэ? Эндээс алсад байгаа юмуу эсвэл бас л ямар нэг заль мэх гэж бодсон байх. Надаас айсан юм болов уу? Като намайг Гялбаагийн биенээс тайлж авсныг харсан болохоор нум сумтай байгааг мэдэж байгаа. Эсвэл тэд зөв дүгнэлт хийн намайг хоол хүнс дэлбэлэн, нэг нөхрийг нь алсныг мэдэж байгаа хэрэг үү? Бутлагчыг л гэж бодсон байх. Түүнд Рутын үхэлд дургүйцэх шалтгаан байсан. Хэдийгээр түүнд анхаарал хандуулж байгаагүй хэр нь ямартай ч нэг бүсээс ирсэн билээ.
Тэгвэл үнэгний тухайд яах болж байна? Тэр намайг пирамидыг дэлбэлэхийг харсан болов уу? Үгүй байж таарна. Маргааш өглөө үнсэн дээр зогсоод инээж байснаас үзэхэд гэнэтийн бэлэг байсан нь илт.
Өөрөөр Питийг дохионы түүдэг асаасан гэж бодож ч байж магадгүй юм. Като түүнийг хүнд шархдуулсан гэдэгтээ итгэлтэй байсан. Би Питийг эрж олон Рутын биеийг цэцгээр чимэглэсэн тухайгаа хэлэхийг хүслээ. Би одоо л түүний дээвэр дээр хэлсэн үгийг ойлгож байв. Магадгүй тэр ялвал намайг Капитолын дэлгэц дээр харах байх.
Тоглоомын төгсгөлд ялагчыг хүндэтгэн зохион байгуулсан арга хэмжээний үеэр хамгийн сэтгэгдэл төрүүлэм мөчүүдийг давтах бөгөөд ялагч хүндэтгэлийн тавцан дээр дэмждэг хүмүүсээрээ хүрээлүүлэн үздэг юм.
Гэхдээ би Рутэд ялагч болно гэж амласан. Бидний төлөө. Энэ амлалт миний Примд өгсөнөөс илүү чухал байлаа.
Би одоо л жинхэнээсээ ялах боломж байгаад итгэж эхлэв. Хэрэг явдал нум сум болон, мэргэжлийнхнийг хоёр удаа залилсанд биш байлаа. Рутын гарыг атгаад амьдрал хэрхэн орхин одож байгааг харах үед миний дотор нэг зүйл өөрчлөгджээ. Би түүнийг өшөөг аван дурсагдах зүйл хийхээр хатуу шийдсэн байв. Ялах нь биднийг санагдуулах цорын ганц арга байлаа.
Би хүн ирэхийг хүлээнгээ шувуугаа шарж амжив. Хэн ч үзэгдсэнгүй. Эсвэл бусад оролцогчид бие биетэйгээ тэмцээд завгүй байгаа юм болов уу? Тэгвэл ч муугүй хэрэг шүү. Би махаа үүргэвчиндээ цүнхлээд, усаа сэлбэн, ямар нэг иддэг ургамал олохын тулд гол руу явлаа. Дотор ахиад л өглөөний гутрал эзэмдэн авахад үдэш эрт байсан ч хоноглох модоо сонгон авирав. Толгойд өчигдрийн явдал эргэлдэнэ. Рутын гэдсэнд зоогдсон, залуугийн хүзүүнд туссан сум. Би яагаад түүний талаар бодоод байгаагаа өөрөө ч мэдсэнгүй.
Тэгтэл миний анхны хохирогч... гэдгийг ойлголоо. Капитолд оролцогч бүрийн алсан хүний тоогоор дүн мэдээ гарган мөрий тавьдаг. Миний жагсаалтанд Гялбаа болон дөрөвдүгээр бүсийн охин орсон байх. Гэвч нэгдүгээр бүсийн хүүгийн хувьд миний алсан анхны хүн. Миний гарт олны тооны амьтан нэг хүн өртлөө. Би Гейлийн <<Ямар ялгаатай юм бэ?>> гэж хэлж байгааг сонслоо.
Гайхалтай нь гүйцэтгэл адилхан байв. Нумаа татаад харвана. Харин уршгийн хувьд томоохон ялгаатай байсан бөгөөд би нэрийг нь ч мэдэхгүй залууг алсан. Хаа нэгтээ түүний төлөө уйлах гэр бүл бий. Эргэж ирнэ гэж хүлээж байсан охин ч байж магадгүй...
Дараа нь би Рутын биеийг санаад залуугийн тухай бодлыг үлдэн хөөв. Одоохондоо л.
Өнөөдрийн тэнгэр амгалан байж нэг ч хүн үхсэнгүй. Биднийг хамтад нь цуглуулахын тулд тэд хэр удаан хугацааны дараа ээлжит золгүй явдал зохион байгуулах бол? Одоо шөнө болохоор унтаж амрах хэрэгтэй. Би сүлд дуулал сонсохгүйн тулд эрүүл чихээ хөнжилд наан хэвтсэн ч бүрээн дуу тасхийхэд өндийн суулаа.
Дүрэм ёсоор оролцогчдод гаднаас цорын ганц мэдээлэл болох шөнийн тэнгэрт амь үрэгдсэн хүмүүсийг үзүүлдэг. Заримдаа чухал мэдэгдэл хийхийн тулд бүрээ үлээнэ. Үүнийг ихэвчлэн найранд дуудах гэж хэлдэг байв. Хоол хүнс хомсдоход зохион байгуулагчид оролцогчдыг бүгдийн мэдэх Эвэр лүү цайллаганд урьж хооронд нь тэмцэлдүүлнэ. Заримдаа амь өрссөний хариуд бүтэн талхнаас ондоо юу ч үгүй байх нь бий.
Толгой дээр Клавдия Темплсмитийн хоолой аянга шиг нүргэлэн амьд үлдсэн зургаан хүнд баяр хүргэв. Гэвч юунд ч урьсангүй бөгөөд тоглоомын дүрэм өөрчлөгдсөн тухай ойлгомжгүй үг хэлэв. Дүрэм өөрчлөгдөж! Бидэнд тойргоос жаран секунтын өмнө гарч болохгүй юмуу нэг нэгнээ идэж болохгүй гэснээс ондоо дүрэм үйлчилдэггүй байв. Харин одоо шинэ дүрмийн дагуу нэг бүсээс хоёр оролцогч амьд үлдвэл ялагчаар тодрох аж. Клавдия бидэнд сонссон зүйлээ ойлгох цаг өгөхийн тулд түр завсарласнаа ахин давтаж хэллээ.
Энэ жил хоёр хүн ялах боломжтой. Хэрвээ нэг бүсийнх бол хоёул амьд үлдэнэ. Бид хоёул амьд үлдэж болно. Би өөрийгөө зогсоож амжихын урьд <<Пи-и-ит!>> гэж хашгирлаа. ЯЛАГЧ ГУРАВДУГААР ХЭСЭГ
16
Би алгаараа амаа дарсан ч хожимдож хашгиралт хэдийн гарчээ. Тэнгэр харанхуйлан мэлхий хоороор гуаглана. <<Тэнэг амьтан! Ингэх нь дутаж гэнэ дээ!>> хэмээн өөрийгөө зэмлээд модон дундаас алуурчин гарч ирэхийг хүлээсэн ч бараг хэн ч үлдээгүйг саналаа.
Пит шархадсан ч одоо миний холбоотон байлаа. Түүний талаарх бүх эргэлзээ замхарч хэрвээ бид нэг нэгэндээ амьд үлдэхэд туслах юм бол арван хоёрдугаар бүс рүүгээ хамт харих болно. Үзэгчид оролцогчдын бие биеэ үзэн ядаж холбоотноо болохыг хүсэхгүй байгаа гэдгийг харж байгаа. Харин миний хувьд бол өөр хэрэг. Арван хоёрдугаар бүсийн золгүй дурлагсдын нэг болохоор хамтдаа байх ёстой. Өөрөөр бол ивээн тэтгэгчдийн тусламжыг мартах хэрэгтэй болно
Золгүй дурлагсад... Питийг нэг ч хором өөрийнхөө дүрийг мартаагүй байх нь. Иймээс зохион байгуулагчид урьд хожид сонсогдож байгаагүй дүрмийн өөрчлөлт хийн хоёр хүнд боломж олгохоор шийдсэн юм болов уу? Бидний хайр олны нүдэнд ил болж тоглоомд өөрчлөлт хийхээс аргагүй байдалд хүрчээ. Үүнд миний дуслын ч төдий гавъяа үгүй байлаа. Миний хийсэн ашигтай зүйл гэвэл Питийг золтой л дуусгаагүй явдал. Харин тэр энэ бүх хугацаанд надад санаа зовсон хэвээр байж. Эвэр дээр болсон тулаанаас холдуулахын тулд толгой сэгсэрч, намайг зугтаалгахын тулд Катотой тулалдан, хамгаалахын төлөө мэргэжлийнхэнтэй холбоо байгуулж байж. Пит хэзээ ч миний дайсан байсангүй.
Би энэ бодолдоо инээмсэглээд гараа нүүрнээсээ холдуулж сарны гэрэлд дээшээ харав. Тэр дэлгэцэн дээр сайн харагдаж байх ёстой. Би хэнээс айх юм бэ? Үнэг шиг царайтай охиноос уу? Тэдний бүсийн залуу үхсэн. Тэр ганцаараа. Түүний арга бултах болохоос дайрах биш. Тэр ч миний хоолойг сонссон ч өөр хэн нэгэн дуусгачихаасай гэж найдах байсан биз.
Дараа нь Бутлагч. Тэр эргэлзээгүй аюултай. Тоглоом эхэлснээс хойш би түүнийг нэг ч удаа хараагүй. Үнэг пирамидын үлдэгдлийн дэргэд зогсож байхдаа чимээ сонсоод айсныг санаж байна. Тэр ой луу биш эсрэг талын зүг рүү гүйсэн. Тэгэхээр бүсийн энэ хэсэг явж байгаагүй хэсэгт юу байдгыг нь төсөөлөх юм алга. Харваас үнэг Бутлагчид харъяалагдсан газраар гүйсэн бололтой.
Като болон хоёрдугаар бүсийн охин үлдлээ. Тэд шинэ дүрэмд баярлаж байгаа нь лавтай. Пит бид хоёроос гадна тэдэнд ялах боломж байлаа. Тэд миний хашгиралтыг сонссон байх. Одоо тэгэхээр зугтах уу хэрэг үү? Үгүй дээ. Хүрээд ирэг. Шөнийн харааны шилээ зүүгээд хүрээд ирэг.
Би тэднийг дээрээс харвахад илүү хялбар байх болно. Гэхдээ ирэхгүй гэдгийг нь би мэдэж байлаа. Өдрийн гэрэлд түүдэг дээр ирээгүй болохоор шөнө занганаас айх болно. Ирсэн ч би хаана байгаагаа мэдэгдэх боломж олгохгүй.
<<Китнисс хэвтээд унтахыг хичээ. Түүнийг маргааш олъё>> гэж би Питийг түргэн эрж олох юмсан гэсэн хүслээ тэвчин өөртөө тушаалаа.
Ингээд би унтлаа. Өглөө сэрэмжтэй байх шаардлага гарав. Мэргэжлийнхэн намайг модон дээр байхад дайрч зүрхлээгүй ч отоонд оруулж болох юм. Би модноос буухын өмнө анхааралтай бэлтгэн өглөөний хоолоо идээд, үүргэвчээ үүрч, зэвсгээ бэлтгэн буусан ч дор бүх зүйл чимээгүй тайван байлаа. Өнөөдөр сэрэмжтэй байх хэрэгтэй. Мэргэжлийнхэн намайг Питийг эрж байгааг мэдэж байгаа. Магадгүй түүнийг олохыг хүлээж байгаад дайрах ч юм билүү. Хэрвээ тэр Катогын хэлсэнчлэн хүнд шархадсан бол ганцаараа хоёр биенээ хамгаалах хэрэг гарна. Хэрвээ тэр амьд үлдэж чадахааргүй суларч доройтсон бол яана? Тэгээд ч түүнийг хаанаас эрж олох вэ? Би Питийг нуугдах газрынхаа тухай дурдсан байж магадгүй хэмээн санахыг оролдсон ч бүтсэнгүй. Тэр нарны гэрэлд оч цацруулан зогсоод намайг зугт гэж хашгирах мөчид Като хутгатай гарч ирсэн. Намайг явмагц Питийг шархдуулсан. Ингэхэд Пит яаж амьд зугатаж чадсан юм бол? Зөгийн хор түүнд Като шиг хүчтэй үйлчлээгүй юм болов уу?
Тэгсэн байх нь. Гэхдээ тэр ч бас хатгуулсан. Тэр яаж ийм хол хордсон бие хүнд шархтай зугтаж чадсан юм бол? Эдгээр өдрүүдэд яаж амьд үлдсэн хэрэг вэ? Яагаад одоо хүртэл шарх, хор, цангалтаас болж үхээгүй юм бол?
Үүнд л түүний хаа байгаа гогцоо байх нь. Пит усгүй тэсч чадахгүй. Би үүнийг анхны өдрөөс мэднэ. Тэгэхээр тэр устай ойролцоо газар нуугдаж байгаа байх. Нэгдүгээрт нуур байсан ч би мэргэжлийнхэнтэй ойр газар хайх дургүй байлаа. Дараа нь хэдэн цөөрөм. Тэдний нэгд нь би байсан. Энэ хэтэрхий аюултай. Гол үлдлээ. Рут бид хоёрын дэргэд нь буудаллаж байсан гол нуур луу урсан цугтгадаг. Тэр гол бараадан үргэлж устай ойр байрлалаа сольж байгаа байх. Голын ёроолоор явбал мөр үлдэхгүй. Бас загас барьж болно.
Ямар ч гэсэн голоос эрлээ эхлэх хэрэгтэй.
Би дайснаа төөрөгдүүлэхийн тулд нойтон мөчир цуглуулан түүдэг асаав. Мэргэжлийнхэн үүнийг заль гэж бодох ч хамгийн гол нь намайг ойрхон нуугдаж байгаа гэж бодох байлаа. Харин тэр үед би Питийг эрж байх болно. Нар хурцаар шарахад манан сарнин бүгчим халуун өдөр болох төлөвтэй байв. Нүцгэн хөлөөрөө гол уруудан явахад таатай байлаа. Питийг дуудан хашгирах гэснээ болилоо. Би түүнийг нүдээрээ хараачлангаа эрүүл чихээрээ чимээ анирдаж байв. Тэр намайг эрж байгаа гэж тааварлаагүй юм болов уу? Шинэ дүрмийг хайхралгүй ганцаараа үлдэнэ гэж бодсон юм уу? Хэн түүнийг мэдэх билээ. Пит үргэлж тааварлахын аргагүй нууцлаг байдаг. Би Питийн ямар ч ул мөр тааралдсангүй явдалд гайхсангүй. Зөгийн дайралтын дараа үүгээр гурван удаа явахад тэр ойр орчимд байсан бол ажиглах байсан. Гол тахирлан зүүн тийш эргээд миний өмнө очиж байгаагүй ойн хэсэгт хүрэв. Шаварлаг эрэгт усны ургамал битүү ургаад том том үхэр чулуу гулдайн хэвтэнэ. Хэрвээ над руу Бутлагч юмуу Като дайрсан бол голоос гарахад амаргүй байсан тул энэ нь занганд орсонтой адил байлаа. Ер нь хүнд шархадсан хүн эдгээр чулууны дундуур явж чадна гэж үү? Тэгтэл голын тахирласан хэсэгт нэг үхэр чулуун дээр цусны мөр байлаа. Хэдэн өдрийн өмнө дусаад хүрэнтэн хатаж хэн нэгэн түүнийг арилгахыг хичээсэн ч чадсангүй бололтой. Хэн нэг маш сул биетэй хүн.
Би чулуунаас зууран цусны толбо руу очин харлаа. Ахиад хэдэн дусал цусны мөр байсан ч амьдралын шинж тэмдэг байсангүй. Би тэссэнгүй бөглүү хоолойгоор <<Пит!, Пит!>> гэж дуудахад ойролцоо модон дээр байсан шооч ятга шаазгай давтав. Би чимээгүй болоод гол даган буцахдаа түүнийг цааш явсан байх гэж бодов.
Миний хөл усанд хүрэв үү үгүй юу хэн нэгэн,
- Намайг дуусгахаар ирэв үү, хонгор минь? гэв. Би огцом эргэлээ. Чимээ зүүн талд гарсан тул маш муу сөөнгө сонсогдов. Гэхдээ үүнийг Пит хэлсэн. Өөр хэн намайг энд хонгор гэж дуудах билээ? Би эргийг анхааралтай дагуулан харсан ч хэн ч харагдсангүй. Зөвхөн шавар, ургамал болон чулуу байх аж.
- Пит? Чи энд байна уу? гэж би шивнэлээ. Хариу гарсангүй. Эсвэл надад тэгж санагдсан юм болов уу? Ойрхон жинхэнэ юм шиг сонсогдсон доо.
- Пит! гээд би ахин эрэг дагуу явлаа.
- Хөөе, намайг бүү гишгэчих! Энэ удаад хоолой дор дуулдсан тул би арагш үсэрлээ. Гэвч хэн ч тэнд байсангүй. Гэнэт хүрэн шаварт ургасан ногоон навч дундаас хоёр цэнхэр нүд гялсхийв. Би гайхсандаа амаа ангайхад тэр инээд алдав.
Энэ бол дээд зэргийн өнгөлөн далдлах урлаг байлаа. Пит хувийн үзүүлбэр дээр зохион байгуулагчдад өөрийгөө мод, үхэр чулуу юмуу шаварлаг эрэгт ургасан ногоо болж хувиргасан бол дээр байсан юм. - Нүдээ ань гэж би тушаахад тэр үзэгдэхээ болов. Түүний биений ихэнхи хэсэг шавар ургамлаар хучаатай байсан бөгөөд нүүр, гараа шавраар буджээ. Би түүний дэргэд өвдөглөн суулаа.
- Чамайг энэ бүх хугацаанд бялуу чимэглэж байсныг чинь тааварлах ёстой байж.
- Тиймээ, бүрмэл бялуу. Үхлийн өмнө хэрэг болох ч юм билүү гээд Пит инээмсэглэв. - Чи үхэхгүй гэж би хатуу хэллээ.
- Хэн хэлж байгаа юм? гэж тэр сөөнгөтөв.
- Би хэлж байна. Бид одооноос нэг баг. Мэдээ сонссон уу? - Сонссон. Намайг олсонд чинь баярлалаа гэхэд би түүнд савтай ус уулгав.
- Като чамайг хутгаар дүрээ юу?
- Тиймээ. Зүүн гуянд гүн зүссэн. - Шархыг чинь үзэхийн тулд голын усанд угаах хэрэгтэй байна.
- Доошоо бөхий дөө. Чамд үг хэлэх гэсэн юм. Би бөхийгөөд эрүүл чихээ уруулд нь ойртуулахад амьсгалаараа гижигдэн,
- Бидний бие биедээ ухаангүй дурласан гэдгийг сана. Гэнэтхэн намайг үнсэхийг хүсвэл тээнэгэлзэх хэрэггүй шүү гэв. Би ууртайгаар толгойгоо холдуулаад,
- Баярлалаа санаж явъя гэж инээв.
Пит тоглоом хийж байгаагаас үзэхэд шарх нь тийм ч муугүй бололтой. Гэтэл түүнийг ус руу очиход туслах үед хөгжилтэй байдал замхран арилав. Ердөө хоёр алхамын зайд хэцүү зүйл юу байх билээ. Гэвч үнэхээр хэцүү байсан бөгөөд Пит өчүүхэн төдий ч хөдлөх чадваргүй байв. Тэр гарнаас нь татахад хашгирлаа. Нойтон шавар биеийг нь хав барин зуураад суга татахын тулд ихээхэн хүч гаргав. Тэр урьдын адил уснаас хоёр алхамын зайд хэвтээд өвдсөндөө шүдээ зуун шавартай царай дээгүүр нь нулимс зам татуулан урсав.
- Пит би чамайг гол руу өнхрүүлээд оруулчихъя. Маш гүехэн ойлгов уу? - Сайхан санаа байна.
Би түүний дэргэд явган суугаад юу ч болсон хамаагүй түлхээд оруулна гэж шийдлээ.
- Гурав хүртэл тоолъё. Нэг, хоёр гурав! гээд газраас хөндийрүүлтэл аймшигтай хашгирав. Тэр одоо л усны хөвөөнд хүрлээ. Магадгүй энэ нь ч дээр байх. - За яахав, төлөвлөгөө өөрчлөгдсөн. Би чамайг ус руу оруулахаа болилоо.
Тэгээд ч түүнийг уснаас гаргаж чадах эсэхдээ итгэлгүй байсан юм.
- Цаашаа өнхрүүлэхгүй юу? - Үгүй, хангалттай. Энд угаая. Чи ой руу харж байгаарай за юу?
Би яахаа мэдсэнгүй. Тэр цул шавар, өвс ургамалд хучигдаад хувцас нь ч харагдахгүй байв. Хэрвээ тэр хувцастай бол шүү дээ. Энэ бодол намайг тээнэгэлзэхэд хүргэсэн ч буцах зам үгүй шийдлээ. Нүцгэн бие бүсэд байдаг л зүйл шүү дээ. Надад Рутын усны саваас гадна хоёр лонх байлаа. Хоёрыг нь усаар дүүргэн чулуу түшүүлэн тавиад гуравдахаар нь Питийн биеийг угаалаа. Угаахад багагүй хугацаа өнгөрсний эцэст шавар дороос хувцас гарч ирэв. Би түүний хүрэмний цахилгааныг нээгээд цамцыг нь болгоомжтой тайлав. Дотуур цамц нь шарханд наалдсан болохоор хутгаар салгаад угаав. Бүх бие нь хөхөрч цээжин дээр нь түлэгдсэн урт ором байлаа. Зөгийнд хазуулсан дөрвөн булдруу байсны нэг нь чихэн дор нь байв. Гэсэн ч би үүнийг аргалж чадах болохоор санаа зовсонгүй тул шархтай хөлийг нь үзэхээс өмнө дээд биенд нь анхаарал тавихаар шийдэв.
Би түүнийг усаар угаасны дараа нялцгай бохир шавар дунд хэвтэж байлаа. Шарханд энэ нь муу тул үхэр чулуу налуулан суулгав. Пит ялархалгүй өндийн суугаад үс арьсанд наалдсан шаврыг нь угааж арилгав. Тэр цонхийн цайж урьдынх шигээ хүчирхэг булчинтай санагдахаа больжээ. Би булдруунаас хатгуурыг сугалан авахад ярвайснаа навч зажлан тавихад сэтгэл нь амарлаа. Түүнийг наранд ээн сууж байх хооронд би бохир цамц хүрмийг нь угааж үхэр чулуун дээр хатаахаар дэлгэв. Дараа нь цээжнийх нь түлэгдсэн хэсэгт тос түрхэхэд бие нь халуу шатаж байлаа. Тэр халуурч байв. Надад нэгдүгээр бүсийн залуугаас авсан эмийн сан байсан болохоор халуун намдаах эм хайв. Ээж заримдаа иймийг гэртээ хийдэг ч тус болдоггүй тул худалдаж авдаг. - Үүнийг уучих. Чи лав өлссөн байх гэж би Питэд тушаахад тэр эмийг дуулгавартай залгив.
- Үгүй хачирхалтай нь би хэдийн өдрийн турш юу ч идэхийг хүсээгүй.
Би түүнд грузлингийн мах санал болгосон хамраа үрчийлгээд цааш эргэлээ. Тэгэхэд л би бүх зүйл хүнд байгааг ойлголоо.
- Пит чи жаахан ч гэсэн юм идэх ёстой.
- Хэрэггүй. Дор нь буцаагаад гаргачихна. Гэсэн ч би түүнийг хатсан алим идүүлэхээр ятгаж дөнгөв.
- Баярлалаа. Миний бие дээрдэж байх шиг байна. Үнэн шүү. Китнисс, би одоо унтаж болох уу?
- Жаахан тэвч. Би эхлээд хөлийг чинь үзээдэхье. Би ихэд болгоомжтойгоор гутал, оймсыг нь сугалан удаанаар өмдийг нь тайлав. Катогын хутга зоогдсон газар өмд урагдсаныг харсан ч шархыг нь ийм хүнд гэж бодсонгүй. Шарх үрэвсэж улайгаад гүнзгий цус идээ цувж байлаа. Хавдсан хөлөөс нь муудсан идээ бээрийн үнэр ханхлана.
Үүнийг хармагц би золтой л үсрэн боссонгүй. Түлэгдсэн залууг гэрт авчирсан үеийнх шиг зугтаж модон дунд нуугдахыг хүслээ. Агнаж байх зуур өөр хүмүүс миний хийж зүрхлэхгүй зүйлийн учрыг олж билээ. Гэхдээ тэд энд алга. Би ээжийн хүнд өвчтөн үздэг үеийнх шиг тайвширахыг оролдов.
- Аймшигтай байна уу? гэж Пит миний байдлыг хараад хэлэв.
- Байдаг л нэг гээд би хайхрамжгүй мөрөө хавчаад, - Чи ээж дээр уурхайгаас авчирсан хүмүүсийг харсан ч болоосой гэв. Би гэртээ үүнээс аль болох хол зугтаадгаа хэлсэнгүй. Дургүй байгаагаа далдлан ханиалгаад,
- Эхлээд шархыг сайн угаах хэрэгтэй гэв.
Пит зөвхөн богино өмдтэйгээ үлдэхэд миний өмнө бараг нүцгэн хэвтэж байсан нь намайг ичээв. Ээж, Прим хоёрын хувьд өөр хэрэг. Нүцгэн биенээс ичдэггүй болохоор егөөдөж хэлэхэд миний жижигхэн дүү тоглоомд орсон бол Питэд надаас илүү ашигтай байлаа.
Би хуванцараа Питийн дор дэвсээд хөлний шархыг нь угаахад хэдэн лонх ус хийсний дараа шарх улам аймшигтай болов. Хөлөн дээр нь ердөө зөгийд хазуулсан нэг ором, хэдэн жижиг түлэгдэлт байсныг түргэн эмчлэв. Гэхдээ энэ аймшигтай шархыг чинь яадаг билээ? - Шархыг чинь эврэхийг жаахан хүлээе... Харин энэ зуур үүнийг идэж бай.
Би горхи руу үлдсэн хувцсыг нь угаахаар явахын өмнө атга дүүрэн хатаасан жимс өгөөд анхны тусламжын хүүдийг үзлээ. Боолт, халууны, тайвшируулах болон гэдэсний эм гээд Питэд туслах бараг юу ч байсангүй.
- Бидэнд туршилт хийх хэрэг гарах нь. Би зөгий хазалтанд тавьдаг навч халдвар гадагшлуулдагыг мэдэх болохоор тэднээс эхлэн сайтар зажлаад шархан дээр тавив. Хэдэн хормын дараа гуянаас идээ олгойдон гоожлоо. Би үүнийг сайны тэмдэг гэж өөрийгөө ятган өглөөний цайгаа гаргахгүйн тулд уруулаа хазлаа.
- Китнисс гэж Пит дуудахад би түүн рүү зэвхий царайлан харлаа. - Үнсэлтийн хувьд яах гэж байна?
Би бөөлжихгүйг арай ядан тэвчиж байсан учир түсхийтэл инээд алдахад,
- Юу нь инээдтэй байна? гэж тэр гэмгүй асуув. - Би... би үүнийг эмчилж чадахгүй нь. Ээж шигээ биш. Чиний идээг хараад яахаа ч мэдэхгүй байна гэж би тайлбарлаад,
- О-о! А-а! гэж хоёр дахь навчаа тавингаа дуу алдан ёолов. - Чи тэгээд яаж агнадаг хэрэг вэ?
- Надад итгэ. Амьтан алах нь үүнээс хамаагүй дээр. Чамайг ч гэсэн алах аргыг л мэднэ.
- Түргэхэн алж болох уу? - Үгүй. Амаа татаад лийр ид гээд би навчыг гурав дахь удаагаа шархан дээр тавьж хөхүүлэхэд бараг бүтэн хувин дүүрэн идээ гарч хавдалт буурлаа. Одоо ясанд хүртэл гүн зүсэгдсэн шарх тодхон харагдаж байв.
- Цаашаа яах гэж байна, доктор Эвердин?
- Түлэгдэлтийн тос түрхээд үздэг юм билүү. Халдвар орохгүй байхад туслах байх. Тэгээд бооно доо гээд хэлснээр хийлээ. Хөлийг цэвэрхэн боолтоор бооход тийм ч аймшигтай харагдахаа болив. Гэсэн ч дотуур өмд нь аймшигтай бохир байлаа. Лав дүүрэн нянтай байх. Би Рутын үүргэвчийг сунгаад,
- Үүгээр халхалж бай. Би дотуур өмдийг чинь угаагаадахъя гэв.
- Хэрвээ чи намайг нүцгэнээр харна гэвэл эсэргүүцэхгүй шүү.
- Чи яг л ээж, Прим хоёр шиг юм. Харин би эсрэгээрээ хүн ойлгож байна уу?
Би горхи руу эргээд хартал усанд дотуур өмд палхийн унав. Пит юм чулуудаж чадаж байгааг нь үзэхэд дээрдсэн байх. - Чи нэг сумаар алахын зэрэгцээ ичимхий хүн гэдгээ мэдэх үү гэж Пит намайг богино өмдийг хоёр чулууны хооронд үрэхэд хэлээд,
- Тийм учраас л би чамаар Хеймитчийг шүршүүрт оруулаагүй юм гэв. Би тэр тухай санаад хамар үрчийлгэн, - Тэр чамд юм явуулсан уу? гэв.
- Юу ч явуулаагүй гээд Пит бодлогоширсноо,
- Харин чамд юм явуулсан уу? гэлээ. - Түлэгдэлтийн эм. Бас талх гэж би гэмшингүй хэлэв.
- Түүнийг чамд дуртай гэдгийг мэдээд байсан юмаа.
- Больж үз тэр надтай нэг өрөөнд байж ч тэвчдэггүй юм. - Яагаад гэвэл та хоёр дэндүү төстэй гэж Пит аяархан хэлсэнд би Хеймитчийг хараахгүйн тулд хэлээ хазан тэслээ.
Тэгээд Питийг хувцсаа хатах хүртэл унтах боломж олгоод үдээс дунд болоход цааш хүлээсэнгүй мөрнөөс нь сэгсрэн, - Пит бид явах хэрэгтэй гэв.
- Явах гэнээ? Хаашаа тэр вэ? гэж тэр гайхлаа.
- Энд үлдэж болохгүй. Горхи даган яваад биеийг чинь тэнхрэх хүртэл нуугдах газар олох хэрэгтэй. Би түүнийг хувцаслахад туслан түшиж босгов. Өвчтэй хөл дээрэ гишгэмэгц царай нь хувхай цайлаа.
- Явъя. Чи үүнийг чадна.
Гэвч тэр чадсангүй. Бид горхи руу ойролцоогор тавин ярд уруудахад миний мөрөн дээр өлгөгдөн одоохон ухаан алдахад бэлэн байлаа. Би түүнийг эрэг дээр суулгаад нуруун дээр нь урамшуулан алгадаж эргэн тойрноо харлаа. Ийм нөхцөлд мод руу гарна гэж бодохын ч хэрэггүй. Үүнээс ч дор зүйл болж мэднэ. Зарим үхэр чулууны дунд агуйтай төстэй жижигхэн нүх байлаа. Миний нүд горхины дээд хэсэгт хорин ярдын зайд байгаа тийм нэг хонгилд
тусав. Питийг ахин босох чадвартай болмогц нүх рүү чирж гулдрахын хооронд авч явав. Би цааш үргэлжлүүлэн эрэхийг хүссэн ч миний хамтрагч хэтэрхий хүчгүй болжээ. Тэр цаас шиг цонхийн амьсгаадаж чичирнэ.
Би агуйн шалан дээр нарсны шилмүүс дэвсээд унтлагын хөнжлөө дэлгэн түүнийг оруулахад туслав. Түүнд хоёр үрлэн эм жаахан устай өгөхөд уусан ч жимснээс татгалзлаа. Дараа нь хэвтээд намайг ороонгоор үүд далдлахыг харж байв. Үр дүн тааруу болов. Амьтныг бол хуурч болох ч хүн гараар хийгдсэнийг дор нь мэдэх болно. Би уурласандаа бүгдийг нь буцааж тараалаа. - Китнисс, намайг олсонд чинь, баярлалаа гээд Пит миний нүд рүү унжсан үсийг хойшлуулан илэв.
- Чи ч гэсэн намайг олох байсан гээд би духыг нь дарж үзэхэд халуу шатаж байв. Эм үйлчилсэнгүй. Түүнийг гэнэтхэн үхчих болов уу гэхээс надад аймшигтай байлаа. - Сонсооч, хэрвээ би эргэж ирэхгүй бол... гэж тэр эхлэхэд би яриаг нь таслан,
- Тэгж бүү ярь. Би бүх идээг чинь шахсан болохоор яах ч үгүй гэв.
- Мэдэж байна. Хэрвээ гэнэтхэн... - Үгүй ээ, Пит ямар ч гэнэтхэн байхгүй. Энэ тухай ярилцмааргүй байна гээд би уруулыг нь дарлаа.
- Гэхдээ би...
Би гэнэтхэн Пит рүү бөхийгөөд дуугүй болгохын тулд үнсэв. Энэ нь хожимдсон байж болох ч түүний зөв бид чинь дурлалд шатсан хүмүүс шүү дээ. Би урьд нь хэзээ ч хүнтэй үнсэлдэж байгаагүй ч уруул нь халуун байхаас ондоо зүйл мэдэрсэнгүй. Тэгээд хөндийрөн хөнжлөөр хучаад,
- Чи үхэхгүй. Би үүнийг хориглож байна. Ойлгомжтой юу? гэв.
- Ойлгомжтой гэж тэр шивнэв. Би үдшийн сэрүүн агаарт гартал хөлд шүхэр бууж ирлээ. Питийн өвчнийг эмчлэх эм байж магадгүй гэж найдан түргэн шүүрч автал ердөө тунгалаг шөлтэй сав байв. Хеймитч нэг үнсэлтэнд халуун шөл өгөхөөс ондоо тодорхой зүйл илгээж чадсангүй. Би бараг л түүний <<Чи дурлалт шатсан, хонгор минь. Чиний залуу үхэж байна. Надад үүний төлөө ажиллах боломж өгөөдөх>> гэж хашгирахыг сонслоо. Түүний зөв байлаа. Хэрвээ би Питийг амьд үлдээхийг хүсвэл үзэгчдэд сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Золгүй дурлагсад гэртээ хамтдаа харихын тулд цөхрөн тэмцэлдэж байна! Хоёр зүрх нэг нэгнийхээ төлөө цохилно! Ямар уянгын юм бэ!
Би хэзээ ч жинхэнээсээ дурлаж байгаагүй тул даалгавар амаргүй байсанд эцэг эхийнхээ тухай бодов. Аав хэзээ ч ойгоос ээжид бэлэг авчрахгүй ирж байгаагүй. Түүний босго алхах чимээг сонсоод ээжийн царай гэрэлтдэг байв. Эцгийг нас барахад тэр бараг л амьдрахаа больсон.
- Пит! гэж би ээжийн зөвхөн аавтай ярьдаг хоолойны өнгийг дуурайхыг хичээн хэлэв. Тэр өөр хэнтэй ч тэгж ярьдаггүй юм.
Пит ахин зүүрмэглэж байсан учир сэрээхийн тулд үнслээ. Тэр эхэндээ гайхширснаа намайг бүхий л амьдралын туршид харж хэвтэхэд бэлнээр жаргалтайгаар инээмсэглэв.
Би түүнд савыг үзүүлээд, - Пит, Хеймитч чамд юу илгээснийг хараач гэв.
17
Би цагийн турш Питийг аргадан гуйж, сүрдүүлэн үнсэж байж шөлийг балга балгаар уулгасаар эцэст нь сав хоосорлоо. Хоолоо идээд унтмагц би өөртөө санаа тавин грузлингийн мах, үндэс ховдоглон идээд тэнгэрт үзүүлж байгаа мэдээг үзэв. Алагдсан хүн байсангүй. Пит бид хоёр үзэгчдийн сэтгэлийг өнөөдөр хангалттай хөдөлгөсөн болохоор зохион байгуулагчид шөнө түгшээхгүй гэж найдахаас.
Би сурсан зангаараа хоноглох мод эрэн хараад энэ бүхэн төгсгөл болсныг ойлгов. Юутай ч одоохондоо. Би Питийг хамгаалалтгүй ганцаар нь газар орхиж чадахгүй. Би түүний сүүлд нуугдаж байсан эргээс дөнгөж тавин ярд холдоод олигтой өнгөлөн далдлаагүй байна. Яаж түүн шиг өнгөлөн далдлах вэ? Би шөнийн харааны шилээ зүүж зэвсгээ дэргэдээ тавиад жижүүрт гарлаа.
Харанхуй түргэн нөмрөхөд би чөмгөндөө хүртэл даарав. Эцэст нь бууж өгөөд Питийн унтлагын хөнжил рүү орлоо. Дулаахан таатай байсан ч удалгүй тэвчихийн аргагүй халуу төөнөв. Тэр халуурч байлаа. Би духыг нь дарж үзээд халуу шатаж байсанд юу хийхээ мэдсэнгүй. Хөнжилд үлдээвэл халуун нь намдах болов уу?. Эсвэл унтлагын хөнжлөөс гаргах ёстой юм болов уу? Шөнийн хүйтэн агаар тус байж болно шүү дээ? Гэвч эцэст нь духан дээр нь боолт норгон тавилаа. Энэ нь сулхан арга хэмжээ байсан ч өөр зүйл юу хийхээ мэдсэнгүй.
Би шөнийг суугаа хэвтээ хоёрын хооронд өнгөрүүлэн боолтыг нь ахин дахин сольж байв. Ганцаараа байх нь илүү аюулгүй ч энэ тухай бодохыг хүссэнгүй. Одоо би газарт уягдаад унтаж амарч чадахгүй өвчтэй хүнийг сувилахад хүрч байна. Хэрвээ ирэхээсээ өмнө түүний өвдсөн гэдгийг мэдсэн бол. Гэсэн ч түүнийг хайх байсан. Ямар зөн хөтөлснийг нь мэдэхгүй ч ирсэн нь сайн хэрэг болжээ.
Үүрийн гэгээ тусахад Питийн уруул дээр хөлс дааварлан халуун нь намджээ. Өнгөрсөн шөнө би агуйн гарцыг Рутын жимстэй бутаар тагласан юм. Бутнаас хэдэн жимс түүж аваад бяцалж шөлний саванд хийн хүйтэн ус дүүргэв. Намайг агуйд орж ирэхийг Пит хараад босохыг хичээнгээ,
- Сэрсэн чинь чамайг байхгүй болохоор санаа зовлоо гээд инээмсэглэв.
- Надад санаа зовсон гэнээ? Харин чи сүүлийн үед өөрийгөө харсан уу? - Чамайг Като, Лиш хоёртой тааралдсан байх гэж бодлоо. Тэд үргэлж шөнөөр анд гардаг юм гэж Пит үргэлжлүүлэв.
- Лиш гэнээ? Энэ чинь юу юм?
- Хоёр дугаар бүсийн охин. Тэр амьд байгаа биз дээ?
- Тиймээ. Тэд болон бид хоёр, Бутлагч, үнэг үлдсэн. Үнэг гэж би тавдугаар бүсийн охиныг нэрлэдэг юм. Бие чинь хэр байна даа? - Өчигдөрийнхийг бодвол хамаагүй дээрдсэн. Шавар дунд байсантай харьцуулахын аргагүй. Цэвэр хувцас, унтлагын хөнжил, эм та бас... чи гээд л.
Тэгэлгүй яахав романтик байгаа биз. Тэр миний хацарт нь хүрсэн гарыг барьж аваад уруулдаа хүргэлээ. Аав үргэлж тэгдэг байсан юм. Харин Пит үүнийг хаанаас сурсан юм бол? Эцэг нь лав шуламтайгаа тэгдэггүй байж таарна.
- Өглөөний хоол идэхгүй бол ямар ч үнсэлт байхгүй гэж би ширүүн хэлэв.
Би түүнийг өндийлгөн агуйн хана түшин суулгахад нухсан жимсийг идсэн ч грузлингийн махнаас ахиад татгалзлаа. - Чи унтаагүй биз дээ.
- Энэ чухал биш гэж би ядрангуй хэлэв.
- Одоо унт. Би харуулдаж байя. Ямар нэг юм болвол чамайг сэрээнэ гэснээ намайг тээнэгэлзэхэд, - Китнисс чи үүрд унтахгүй байж чадахгүй шүү дээ гэлээ.
Түүний зөв эрт орой хэдий ч би унтах л болно. Иймээс одоо үүнийг Питийн дэргэд байхад хийсэн нь дээр.
- Сайн байна. Хоёр цагийн дараа намайг сэрээгээрэй. Унтлагын хөнжилд ороход гадаа хэт халуун байлаа. Би агуйн шалан дээрх хөнжлөө тэнийлгээд шаардлага гарвал харвахад бэлэн гартаа нумаа барилаа. Пит дэргэд хана налан суугаад үүд рүү харснаа,
- Унт даа гэж аяархан хэлээд духан дээр байсан үсийг илбэв. Үнсэлтээс ялгаатай нь энэ тайвшируулсан хөдөлгөөн агуулсан учир би түүнийг болиосой гэж хүссэнгүй. Тэр намайг унтах хүртэл илбэсээр байв.
Би удаан унтлаа. Бүр хэтэрхий удаан гэдгийг нүдээ нээнгүүт ойлгов. Үд дунд болжээ. Пит хана налан суусан хэвээр. Би сүүлийн өдрүүдийг бодвол хамаагүй дээр амарсан ч унтууцан өндийлөө. - Пит чи намайг хоёр цагийн дараа сэрээх ёстой байсан!
- Яах гэж? Юу ч болоогүй шүү дээ. Тэгээд ч чиний дэргэд суугаад унтахыг чинь харах надад таатай байсан. Чи зүүдэндээ хөмсөг зангиддаггүй. Баргар төрх чинь алга болдог.
Энэ үгийн дараа би үнэхээр барайсанд Пит инээлээ. Түүний уруул хатаж омголтжээ. Хацрыг нь барьж үзэхэд нүүрсний зуух шиг халуун байлаа. Намайг тайвшируулахын тулд юм уусан гэж байгаа ч лонхтой ус дүүрэн байв. Би ахин хэдэн эм өгөөд ус уулгав. Түлэгдэлт, зөгийнд хатгуулсан нь эдгэрэх янзандаа оржээ. Эцэст нь эр зоригоо хөвчлөн байж хөлийн боолтыг автал зүрх палхийв. Байдал санаснаас хамаагүй дорджээ. Идээ байхгүй болсон ч хавдалт улам ихсэн үрэвссэн арьс таталдаж улаан судал бий болжээ. Цусанд нь халдвар орсон байна! Эмчлэхгүй бол үхэх болно. Зажилсан навч, түлэнхийний тос тус болсонгүй. Капитолийн халдварын эсрэг хүчтэй үйлчилгээтэй эм хэрэгтэй. Тийм эм хичнээн үнэтэй болохыг би төсөөлж чадсангүй. Хеймитчийн олсон ивээн тэтгэгчдийн мөнгө хүрэх болов уу? Эргэлзэж байна. Тоглоом сунжрах тусам бэлэг улам үнэтэй болдог. Эхний өдөр бүтэн хоол худалдаж авч байсан бол арван хоёр дахь өдөр ганц жигнэмэг авах болно. Харин Питэд сайн чанарын эм хэрэгтэй. - Хавдар нь нэмэгдсэн ч идээ байхгүй болж гэж би чичирсэн хоолойгоор хэлэв.
- Китнисс, хэдийгээр манай ээж эмч биш ч гэлээ би цусанд бохир орсныг мэдэж байна.
- Чи бусдаас удаан амьдарна, Пит. Хэрвээ бид ялвал Капитол чамайг эмчилнэ. - Сайхан төлөвлөгөө байна гэж тэр сайшаав.
- Чи юм идэх хэрэгтэй. Хүчээ гамна. Би шөл хийгээдхэе.
- Гал битгий асаагаарай. - Харж л байя.
Би саваа аваад голын эрэг рүү явлаа. Халуун тэсэхийн аргагүй төөнөнө. Зохион байгуулагчид зориуд өдрийн цагаар температурыг нэмэгдүүлснээ шөнө огцом унагаж байв. Гол дээрх гар хүрэхийн аргагүй наранд халсан чулуу надад нэг санаа төрүүлэв. Магадгүй гал асаах хэрэг гарахгүй ч юм билүү. Би агуй гол хоёрын дундах том хавтгай үхэр чулуун дээр суугаад тогоотой усанд йод хийж цэвэршүүлэн наранд тавиад өндөгний хэмжээтэй хэдэн халуун чулуу дотор нь хийв. Хэдийгээр би сайн чаддаггүй ч гэлээ шөл хийхэд онцгой ухаан хэрэггүй. Усанд хэрэгтэй зүйлсээ хийгээд хүлээхэд болно. Би грузлингийн мах жижиглэн хэрчиж, Рутын үндэс нэмэрлэв. Аз болоход хоёулаа шарагдсан болохоор халаахад л болох байлаа. Наранд тавьсан ус бүлээсчээ. Би мах, үндсээ усанд хийн чулуугаа солиод шөлөнд хачирлах ногоо хайв. Нэг хадны ёроолд зэрлэг сонгино ургажээ. Энэ л надад хэрэгтэй. Жаахныг хэрчин тогоонд хийгээд тагыг нь тавьж хүлээв. Би хоёр ч удаа орчин тойронд ангийн ул мөр харсан ч Питийг ганцаар орхиж сэтгэл төвдөлгүй азанд найдан хэдэн урхи тавилаа. Сонирхолтой нь бусад оролцогч хоол хүнсний эх сурвалж байхгүй болсон хойно яаж байгаа бол? Түүнд Като, Лиш, Үнэг гурав багтана. Бутлагч лав биш. Тэр Рут шиг хоол хүнсээ өөрөө олж дадсан биз. Тэд өөр хоорондоо тэмцэж байгаа болов уу? Биднийг эрж байгаа юу? Магадгүй хэн нэгэн бидний нуугдсан газрыг олоод дайрах тохиромжтой мөч хүлээж байгаа биш байгаа даа? Би агуй руу түгшин буцлаа. Пит хадны сүүдэрт унтлагын хөнжил дээр хэвтэж байв. Намайг хараад баярласан ч бие нь муу гэдэг нь илт
байлаа. Би духан дээр нь хүйтэн жин тавихад дорхноо халуун болчихов. - Чамд хүсэх юм байна уу?
- Үгүй. Асуусанд баярлалаа. Хүлээгээрэй, байгаа юм байна. Надад ямар нэг түүх яриач.
- Ярих гэнээ? Юуны тухай? Би тийм ч олон түүх мэддэггүй. Яг л дуу шигээ. Заримдаа Прим намайг шалж яриулдаг юм.
- Ямар нэг хөгжилтэй. Хамгийн аз жаргалтай өдрийнхөө тухай яриач.
Би унтууцсандаа ёолох санаа алдахын хооронд дуу алдав. Аз жаргалтай өдөр гэнээ? Энэ ч шөл чанахаас их чармайлт шаардаж байсан шүү. Би тархиа онгичин сайхан дурсамж олохыг хичээсэн ч бараг бүгдээрээ Гейлтэй ан хийж байсантай холбоотой зүйл байв. Үүнийг Пит болон үзэгчдэд тохиромжтой сэдэв гэж бодохгүй байна. Тэгэхээр Прим үлдлээ.
- Би Примийн ямааг яаж олсон тухайгаа ярьж байсан уу? Пит толгой сэгсрээд горьдонгуй харахад би маш болгоомжтойгоор ярьж эхлэв. Учир нь миний үгийг бүх Панем даяар сонсож байсан бөгөөд хууль бус ан хийдгээ мэдэгдвэл Гейл, Тослог Сэй, махны худалдаачин, журам сахиулагчид болон худалдан авагчид нартаа гай учруулж болох юм.
Үнэн хэрэгтээ Примийн Хатагтай гэж дууддаг ямааны мөнгийг яаж олсон бэ гэвэл таван сарын сүүлчийн баасан гаригийн орой байлаа. Маргааш Прим арван нас хүрэх гэж байсан болохоор сургуулийн дараа Гейл бид хоёр шууд ой руу явлаа. Би Примд бэлэг худалдаж авахын тулд олз омог их олохыг хүсч байв. Магадгүй шинэ даашинз юмуу үсний сам авч болох юм. Ойгоор дүүрэн урхи занга тавьсан ч бусад баасан гаригаас олз тааруухан орлоо. Би сэтгэлээр унан буцахад маргааш илүү аз таарна гэж Гейл ятгав. Бид горхины дэргэд зогсож амрах үедээ залуухан эвэр нь дөнгөж цухуйсан буга тааралдлаа. Тэр зугтахад бэлэн үл таних хүмүүсийг харав. Үзэсгэлэнтэй сүрлэг амьтан байв. Гэвч хүзүү цээжинд нь хоёр сум зоогдсоны дараа гоо үзэсгэлэн алдагдлаа. Гейл бид хоёр зэрэг харвасан юм. Буга доголон зугтахад Гейл намайг сэхээ орохын зуургүй хоолойг нь огтлов. Тийм гэм зэмгүй үзэсгэлэнтэй амьтныг алсанд зүрх минь зогсох шиг болж билээ. Гэсэн ч дараагийн агшинд шинэхэн мах хараад гэдэс хонхолзов.
Бүтэн буга! Гейл бид хоёрын агнаж байх хугацаанд ердөө гурав тохиолдож ирсэн юм. Анхны удаагын согооны хөл доголон байсан тул бараг тооцохгүй байж болно. Бид агнаж байсан үеийн туршлагаараа махаа зээл дээр аваачсангүй. Хэрвээ худалдаж эхэлвэл хүн бүр зүсэм мах олж авахыг хичээн үймээн самуун болно. Бид харанхуй болтол ойд сууж байгаад махны худалдаачны арын хашааны нүхээр шурган орлоо. Бидний агнадагыг бүгд мэдэх хэдий ч хэрвээ зуун тавин фут буга авч явж байгаа бол нүдэнд өртөж болохгүй. Арын хаалгыг нь тогшиход Руб гэдэг намхан эмэгтэй гарч ирлээ. Руб наймаалцдаггүй үнээ шууд хэлдэг бөгөөд хэрвээ зөвшөөрөхгүй бол явж болно. Гэвч үнэ шударга байсан тул бид зөвшөөрч Руб махаа эвдэн бидэнд шарах
хоёр зүсэм өгөв. Гейл бид хоёр амьдралдаа хэзээ ч ийм их мөнгө байтугай хагасыг нь барьж байсангүй. Гэр бүлийнхэндээ гэнэтийн бэлэг барихыг тулд махны худалдаачнаас мөнгө авсан тухайгаа хэлэхгүй байхаар шийдэв.
Гэхдээ Питэд бол мөнгө хаанаас авсан тухайгаа ээжийн хуучин мөнгөн зүүлтийг зарсан гэж хэлсэн. Энэ хэнд ч хор болохгүй. Дараа нь Примийн төрсөн өдрийн тухай ярилаа.
Хоолны дараа Гейл бид хоёр зээлээр явж даашинз хийх материал үзэв. Би зузаан цэнхэр алтас имэрч үзэж байтал нүдэнд нэг зүйл өртөв. Атирааны нөгөө талд хэдэн ямаатай ганц хөгшин байдаг. Бүгд түүнийг ямаачин гэж дуудаг болохоос жинхэнэ нэрийг нь мэддэггүй байв. Уурхайд олон жил ажилласны улмаас үе мөч нь тахийн хавдаж бүгшүүлэн ханиалгадаг болжээ. Гэхдээ тэр азтай байлаа. Ямар нэг аргаар мөнгө хураан ямаа худалдан авсан тул өтөлсөн хойноо өлсөж үхэхгүй болсон байв. Өвгөн бохир ууртай ч ямаа нь цэвэрхэн сүү сайтай.
Тэргэн дээр хар судалтай цагаан ямаа хэвтэж байв. Ямар нэг амьтан зэрлэг нохой ч юмуу мөрнөөс нь ноцон шархдуулжээ. Ямаачин сүү сааж чадахгүй болохоор төхөөрөхөөр шийджээ. Харин би түүнийг эмчилж чадах хүнийг мэднэ.
- Гейл. Би Примд ямаа бэлэглэхийг хүсч байна гэж би шивнэв.
Арван хоёрдугаар бүсэд ямаатай байх нь амьдралд олон зүйл өөрчилнө. Амьтан хооллох зүйл байхгүй ч ямааны тэжээл болох өвс нугаар дүүрэн бий. Зөвхөн ганц ямаанаас өдөрт хагас хувин сүү гардаг байв. Ууж, бяслаг шахах юмуу зарж болно. Үүнд хуулийн эсрэг юм байхгүй.
- Тэр хүнд шархадсан байна. Ойртож харъя гэж Гейл хэлэв.
Бид хоёр аяга сүү худалдаж аваад ямаа руу сониучирхан харав. - Юугаа хараа вэ? гэж өвгөн асуув.
- Зүгээр л харж байна гэж Гейл хэллээ.
- Тэгвэл амьд байгаа дээр нь сайн харж ав. Би одоо махны худалдаачинд зарах гэж байна. Түүний сүүг хэн ч авахыг хүсэхгүй болохоор хагас үнээр нь зарж байгаа юм. - Худалдаачин хэдийг өгсөн бэ? гэж би асуухад хөгшин мөрөө хавчлаа.
- Хүлээж байгаад харахгүй юу.
Тэгтэл энэ агшинд талбайн нөгөө талаас Руб ирлээ. - Чи цагаа олж ирлээ. Охин чиний ямаанд нүд унагаад байна.
- За яахав. Худалдвал худалдана биз гэж би хайхрамжгүй хэлэв.
Руб над руу харснаа ямаа руу таагүйхэн хяламхийв. - Үгүй, би энэ ямааг авахгүй. Мөрийг нь хар. Биений хагас нь өмхийрсөн байж таарна хиам ч хийж болохгүй.
- Юу гэнээ? Бид тохиролцсон биз дээ гэж ямаачин уурсав.
- Энэ тухай тохиролцоогүй. Чи хоёрхон шүд орсон гэтэл үүнийг хар. Охинд худалдахгүй юу. Хэрвээ тэр дүүрчихсэн тэнэг биш бол худалдаж авахгүй байх гээд Руб явахдаа нүд ирмэв.
Ямаачин ихэд уурсчээ. Бидэнтэй хагас цагийн турш үнэ хэлэлцсэний эцэст зөвшөөрлөө. Дүүрэн хүн цуглаад тус бүр өөрсдийн бодлоо хэлэв. Нэг нь ямаа амьд үлдвэл сайн наймаа болно гэж байхад нөгөө нь хэрвээ үхвэл дээрэмдүүллээ гэсэн үг хэмээн сөрнө. Хүмүүсийг маргаж байх зуур би ямаагаа аван буцлаа.
Гейл надад авч явахад туслав. Түүнд ч гэсэн Примийн бэлгээ хараад яах нь сонирхолтой байв. Би баярласандаа гэртээ орохын өмнө ягаан тууз худалдаж аван ямааныхаа хүзүүнд уяв. Прим биднийг гэрт тийм бэлэгтэй ормогц хязгааргүй баярлан сэтгэл хөөрсөндөө уйлах инээх зэрэгцэв. Ээж шархыг нь үзээд Примийн хамт эмчлэн өвс ногоо нунтаглан хандалж боов.
- Яг л чиний намайг эмчилсэн шиг гэж Пит хэлэхэд би түүний байгааг бараг мартсан байлаа.
- Үгүй дээ, Пит. Тэд гайхамшигтай ажилласан. Тэгээд ч ямаа үхэх гээгүй байсан юм гээд би хэлээ хазлаа. Пит үүнийг сонсоод миний чадваргүй гарт үхнэ гэдгээ ойлгосон байх.
- Санаа зовох хэрэггүй дээ. Би оролдож үзэхгүй гэж Пит тоглоомоор хэлээд,
- Цаашаа яриач гэв. - Бараг л дууслаа. Тэр шөнө Прим Хатагтайтай галын урд нэг хөнжилд унтсаныг санаж байна. Унтахын өмнө ямаа түүний хацрыг сайхан нойрсохыг хүсэж байгаа юм шиг долоосон. Тэр Примийг шууд л хайрлаж эхэлсэн дээ.
- Тэр одоо хүртэл ягаан туузтай байгаа юу?
- Магадгүй л юм. Ямар ялгаа байна. - Зүгээр л үйл явдлыг төсөөлөхийг хүссэн юм. Яагаад энэ чиний хувьд жаргалтай өдөр байдгийг ойлгож байна гэж тэр бодлогоширонгуй хэлэв.
- Тиймээ би ямааг алтны уурхай гэдгийг нь мэдээд байсан юмаа. - Тэгэлгүй яахав би үүнийг чинь хэлээд байна. Чи дүүдээ хайртай болохоор ургацын өдөр өмнөөс нь гарсан биз дээ гэж Пит хөндий хэлэв.
- Ямаа худалдаж авсан үнээ төлсөн. Нэг бус удаа шүү гэж би шүүмжлэнгүй хэлэв.
- Мэдээж шүү дээ чи түүний амийг аварсан биз дээ. Би ч гэсэн төлөхийн тулд хичээнэ. - Үнэн үү? Юу төлөх гэж байгаагаа сануул даа?
- Учруулсан бүх төвгөө. Санаа зовох хэрэггүй. Би бүгдийг нь буцааж төлнө.
- Чи утгагүй юм яриад байна гээд би духыг нь илж үзэхэд халуу шатаж байсанд,
- Халуун нь жаахан намдсан байна гэж худал хэлэв. Бүрээн дуун тасхийхэд би давхийн цочсоноо юу зарлахыг нь алгасахгүйн тулд агуйн үүдээр ухасхийн гарлаа. Миний шинэ найз Клавдия Темплсмит бодож байснаар биднийг найранд урив. Үгүй дээ, баярлалаа бид өлсөөгүй байна. Би хайхрамжгүй гараа савчтал Клавдия үргэлжлүүлэн,
- Одоо хамгийн гол зүйлээ зарлая. Та нарын зарим чинь урилгаас татгалзах гэж байгаа байх. Гэхдээ энэ ер бусын найр байх болно. Хүн бүрт хэрэгтэй зүйл нь байгаа. Эдгээр зүйлсийг маргааш үүр хаяарахад Эвэр дээр бүсийн дугаартай үүргэвчинд хийн хаяна. Шийдвэр гаргахаасаа урд сайн бодохыг зөвлөж байна. Өөр боломж олдохгүй шүү гэв.
Тиймээ тэр байгаа онолоо. Надад Питэд өгөх эм л хэрэгтэй байгаа билээ. Зарлал дуусмагц үг агаарт хөвөн үлдэх шиг санагдав. Пит араас мөрөнд хүрэхэд би цочив. - Хэрэггүй. Чи миний төлөө эрсдэлд орох шаардлагагүй.
- Чи юуны тухай яриад байна? гэж би гайхав.
- Тэгэхээр чи явахгүй юм уу? - Мэдээж явахгүй. Эргэлзэх явдалгүй. Би Като, Лиш, Бутлагч нартай нүүр тулах хүртлээ галзуураагүй байна. Тэнэг байх хэрэггүй. Тэд л бие биеэ хэмлэж байг. Маргааш хэн үлдэхийг харж байгаад цааш юу хийхээ бодож олъё.
- Китнисс, чи хүн хуурч чаддаггүй юм байна. Одоо хүртэл яаж амьд үлдсэнийг чинь мэдэх юм алга гээд Пит намайг даажигнан, <<Тиймээ би ямааг алтны уурхай гэдгийг нь мэдээд байсан юмаа. Халуун нь жаахан намдсан байна. Мэдээж явахгүй>> гэнэ үү хэмээн толгой сэгсэрснээ, - Чи хэзээ ч мөрийтэй тоглох хэрэггүй. Хамаг мөнгөө алдах юм байна гэлээ.
Миний уур дүрсхийв.
- За яахав намайг явах юм бол чи яах юм! - Би чиний араас чадахаараа дагана. Эвэрт хүрэхгүй байж магадгүй ч хэн нэгэн ирээд намайг дуусгах хүртэл чиний нэрийг хашгирах болно.
- Чи ийм хөлтэй арав ч алхаж чадахгүй.
- Тэгвэл мөлхөнө. Чамайг явсан цагт би ч гэсэн явах болно. Пит зөрүүд болохоор модон дундуур араас дагаж магадгүй юм. Ямар нэг оролцогч түүнийг олдоггүй юмаа гэхэд
өөр махчин амьтан олвол яана. Тэр өөрийгөө хамгаалж чадахгүй. Одоо яах вэ агуйн үүдийг чулгуугаар таглах уу? Тэр зайлуулчихвал яана.
- Тэгээд би яах болж байна? Суугаад чиний үхэхийг харах хэрэг үү?
Пит ингэж болохгүйг ойлгож байлаа. Үзэгчид намайг үзэн ядна. Би ч гэсэн өөрийгөө үзэн ядах болно. - Би үхэхгүй. Амлаж байна.Харин чи явахгүй гэж амла.
Бид ацан шалаанд оржээ. Маргаад нэмэргүйг мэдэж байсан тул дургүйхэн зөвшөөрсөн дүр үзүүлээд,
- Тэгвэл миний хэлсэн бүхнийг хийнэ гэж амал. Ус ууж, хэлсэн цагт сэрээж, өгсөн бүх шөлийг уу! гэв. - Зөвшөөрч байна. Шөл бэлэн үү?
- Одоохон аваад ирье.
Нар өндөрт хөөрч байсан ч сэрүүн байлаа. Зохион байгуулагчид температур өөрчилсөн бололтой. Хэрвээ хэн нэгэн оролцогчид дулаан хөнжил хэрэгтэй гэвэл лав гайхахааргүй байна. Төмөр савтай шөл хөрөөгүй байв. Амт нь дажгүй болжээ.
Пит элдвийн гомдол тавихгүй хооллоод урам зоригтойгоор сүүлчийн өөдсийг хүртэл шавхав. Дараа нь удтал сайхан шөл хийснийг магтлаа. Хэрвээ түүнийг халуурсныг мэдээгүй бол би баярлах л байлаа. Гэсэн ч энэ нь согтуу Хеймитчийг сонсохоос ялгаагүй байсан юм. Халуун намдаах эм ахин нэг тунг өглөө. Би шилээ угаахаар гол руу явахад толгойд хэрвээ найранд явахгүй бол Пит үхнэ гэсэн ганцхан бодол эргэлдэж байв. Түүнийг ахин хоёр өдөр тэсгээж болох ч халдвар зүрх, уураг тархи, уушгинд нь хүрэх цагт төгсгөл болно. Тэгээд би ахин ганцаараа үлдэнэ.
Намайг гүнзгий бодолд автах зуур урд шүхэр буулаа. Ухасхийн гүйж усанд далд орохоос нь өмнө аваад даавууг урахад хуруу шил байв. Хеймитч чаджээ! Яаж олсныг нь мэдэхгүй байгаа ч эм явуулсан байна. Магадгүй ямар нэг сайхан сэтгэлтэй ивээн тэтгэгчийг ятган үнэт чулууг заруулсан биз.
Пит аврагдлаа! Шил жижигхэн байсан болохоор... эм хүчтэй байж таарна. Тэгтэл эргэлзээ төрсөнд тагыг онгойлгон үнэрлэж үзтэл баяр хөөр бөхлөө. Итгэлтэй байхын тулд хэлээ хүргэж үзэхэд гарцаагүй тайвшируулагч ханд байв. Арван хоёрдугаар бүсэд үүнийг түгээмэл ашигладаг. Хямдхан хорхой хүрэм амттай. Бараг хүн бүр үүнийг хэрэглэж үзсэн байх. Манай гэрт ч нэг лонх байдаг. Ээж түүнийг хүнд шархтай хүнийг оёх үед тайвшируулахаар өгдөг. Эм хүчтэй үйлчилгээтэй. Ганц жижигхэн лонх Питийг бүтэн өдөр унтуулж дөнгөнө. Би Хеймитчийн илгээмжинд уурсан чулуудах гэснээ болив. Бүтэн өдөр? Энэ л надад хэрэгтэй байлаа.
Би шилтэй эмийг нухсан жимстэй холиод амтыг нь мэдэгдүүлэхгүйн тулд гаатай навч нэмэрлэн агуй руу буцлаа. - Чамд амттан авчирлаа. Голоос хэдэн жимс олсон юм.
Пит юу ч сэжиглэлгүй ам руугаа жимс хийгээд залгиснаа хөмсөг зангидан, - Хэтэрхий нялуун юм гэв.
- Тэгэлгүй яахав. Чихэрлэг жимс. Ээж үүгээр чанамал хийдэг байсан. Чи урьд нь идэж байгаагүй юм уу? гээд би түүний аманд дараагийн халбагыг хийв. - Үгүй. Нэг л танил амт байх чинь. Чихэрлэг жимс гэнээ? гэж тэр бодлогоширон хэллээ.
- Зээл дээр дайралдаад байдаггүй зөвхөн ойд ургадаг жимс байгаа юм гээд би ахин нэг халбагыг аманд нь хийв.
- Чихэртэй ханд шиг амттай юм гэж тэр сүүлчийн халбагыг амандаа хийснээ юу болсныг ойлгон, - Ханд! гэж нүд нь томроход би залгиулахын тулд амыг нь хүчээр дарав. Тэр буцаан гаргахыг хичээсэн ч хожимдож хэдийн нүд нь анилдахад би харцнаас нь уучлашгүй зүйл хийснээ харлаа.
Би Пит рүү гунигтай санааширан хараад эрүүн дээр нь байсан жимсний үлдэгдэлийг арчив. - За хэн нь зальтай байна даа, Пит?
Тэр намайг сонссонгүй ч энэ чухал байсангүй. Гол нь Панем сонссон. 18
Тэр шөнө би чулуу зөөж агуйн үүдийг далдлав. Энэ ажилд ихээхэн хүч зарсан ч үр дүнд нь сэтгэл хангалуун байлаа. Агуйн үүд хажуу талаасаа овоолоостой чулуу хэвтэж байгаа мэт харагдана. Би гадна талаас Пит рүү мөлхөж орж болох жаахан нүх үлдээв. Гаднаасаа бол ер анзаарагдахгүй. Өнөө шөнө ахин Питтэй унтлагын хөнжил хуваалцах хэрэг гарах нь. Хэрвээ би найраас эргэж эргэж ирэхгүй бол тэр нүднээс далд байх хэдий ч эмгүй бол удаан тэсэхгүй. Хэрвээ би үхвэл арван хоёрдугаар бүс ялагчгүй үлдэнэ.
Горхиноос жижигхэн ясархаг загас барьж хоол бэлдээд, лонхоо усаар дүүргэж цэвэршүүлэн, зэвсгээ шалгав. Ердөө есөн сум үлджээ. Питэд хутгаа үлдээж болох ч хэрэглэх хүч хүрэхгүй байх. Өнгөлөн далдлалт бол түүний цорын ганц хамгаалалт. Хутга надад илүү хэрэг болно. Урд юу хүлээж байгааг хэн мэдэх билээ.
Като, Лиш, Бутлагч нар найранд хожимдохгүй нь эргэлзээгүй. Үнэгийн хувьд итгэлгүй байна. Шууд тулгаралт түүний арга барил биш. Тэр надаас жижигхэн биетэй саяхан олж авсан хутганаас өөр зэвсэггүй тул ойрхон нуугдаад тэмцлийн дараа юм олдох эсэхийг хүлээх биз. Харин бусдын хувьд... Тиймээ халуухан өдөр урд байна даа. Миний давуу тал болох зайны харвалт энэ удаад тус болохгүй. Үүргэвчинд хүрэхийн тулд тулааны гүнд орох хэрэгтэй.
Би шөнийн тэнгэр лүү хэн нэг өрсөлдөгч үхсэн байж магадгүй гэж найдан харсан ч өнөөдөр царай гарсангүй. Маргааш гарах болно. Найр цуст тэмцэлгүйгээр өндөрлөж байсан удаагүй. Би агуй руу шурган ороод шөнийн харааны шилээ зүүж Питийн дэргэд өвдгөө тэврэн суулаа. Аз болоход өдөр сайн унтаж амарчээ. Хэн нэгэн биднийг довтлохгүй ч үүр гэгээрэх мөчийг алдаж болох тул одоо унтаж болохгүй.
Аймшигтай хүйтэн дотор нэвт жиндэв. Зохион байгуулагчид бүсэд мөсөн цаг уур тогтоохоор шийдсэн бололтой. Питийн хөнжилд ороод наалдан хэвтсэн ч дороо дулаацсангүй. Хачирхалтай нь Питийн бие дэргэд байгаа ч огт байхгүй юм шиг мэдрэмж төрөх ажээ. Капитол юмуу арван хоёрдугаар бүс эсвэл сар түүнээс ч алсад байгаа юм шиг. Би тоглоом эхэлснээс хойш хэзээ ч ийм ганцаардмал байсангүй.
Амьдралын нэгэн таагүй шөнө гэдэгтэйгээ эвлэр гэж би өөртөө хэлэв. Ээж, Прим хоёрын тухай бодохгүй байхыг хичээсэн ч бүтсэнгүй. Тэд өнөөдөр унтаж чадах болов уу? Тоглоом төгсгөлийн үедээ ороход найр мэтийн цугларалт чухал зүйлд тооцогддог болохоор маргааш сургуулийн хичээл цуцлагдах нь лавтай. Ээж, Прим хоёр үүнийг хаана үзэх бол? Гэрийн жирэлзсэн хуучин зурагтаар юмуу эсвэл талбай руу очиж том өргөн дэлгэцээр үзэх болов уу? Гэрт дангаараа үздэг байхад талбай дээр сэтгэл санааны дэмжлэг ирнэ. Хүмүүс урмын үг хэлж, хоол хүнснээсээ илүүчилнэ. Ингэхэд талхчин тэдэнд тусалж байгаа болов уу? Ялангуяа одоо Пит бид хоёрыг холбоотон болсоны дараа Примд санаа тавина гэсэн амлалтаа биелүүлэх болов уу? Арван хоёрдугаар бүсийн хүмүүс сэтгэлийн хөөрөлд автсан байгаа. Тоглоомын төгсгөлд дэмжих хүн гардаггүй байтал харин одоо шууд хоёр хүн үлдсэн байдаг. Би нүдээ аниад тэдний хэрхэн хашгиран шуугилдаж бидэнд заавар зөвөлгөө өгч байгааг төсөөллөө. Тослог Сэй, Маж болон миний мах зардаг байсан журам сахиулагчид хүртэл. Бас Гейл. Тэр хашгирч гууглахгүй. Зүгээр л мөч бүрийг анхааралтай харж нэг ч зүйл хараанаасаа алдахгүй байх болно. Намайг эргэж ирэхийг хүсч байгаа. Питэд тийм зүйл хүсч буй эсэхийг нь мэдэхгүй юм... Гейл миний найз залуу биш ч... эсвэл хүссэн юм болов уу? Хамтдаа зугтахыг санал болгосноороо бүсээс холдоод амьд үлдэх боломжыг тооцсон хэрэг үү? Эсвэл үүнээс илүү зүйл байна уу?
Тэр бидний үнсэлтэнд яаж хандсан бол? Би чулууны завсраар тусах сарны гэрлээр хугацаа багцаалж байв. Ойролцоогоор гурван цагийн дараа үүр хаяарах болоход гарах бэлтгэлээ хийлээ. Питийн дэргэд эмийн сантай уут, устай тавив. Хэрвээ би эргэж ирэхгүй бол түүнд өөр зүйл шаардагдахгүй биз. Дараа нь жаахан тээнэгэлзсэнээ түүнийг хүрмийг тайлан хувцсан дээрээ давхарлан өмслөө. Одоо тэр унтлагын хөнжилд халуунтай байгаа болохоор өдөр зууханд жигнэж байгаа юм шиг шарагдах болно. Хүйтнээс хамгаалан Рутын хос оймсийг цоолсон нүхний завсар хуруугаа гарган өмсөв. Жаахан ч гэсэн нэмэртэй. Рутын жижигхэн үүргэвчинд жаахан хоол, лонхтой ус, боолт хийж, бүсэндээ хутга зүүгээд нум сумаа авлаа. Тэгтэл явахынхаа урд золгүй дурлагсад гэдгээ золтой мартсангүй тул Пит рүү бөхийн удаан маш удаан үнслээ. Капитолын үзэгчид одоо өрөвдсөндөө дуу алдан нулимс унагаж байгаа биз. Нулимсаа арчих дүр үзүүлээд нүхээр гадагш шурган гарав.
Амнаас хүйтэн уур савсав. Яг л арван нэгэн сарын хүйтэн шиг. Өглөө гэрээсээ гараад ой руу явахад Гейл байрандаа хүлээж байдаг байлаа. Дэргэд нь суугаад олзоо харуулдан төмөр савтай ургамлын цай ууна. Ай даа, Гейл! Хэрвээ чи миний хамтрагч байсан бол...
Түргэн явахыг хичээхийн зэрэгцээ аюул ослыг умартсангүй. Шил гайхамшигтай тодхон байсан ч дүлий чих саад болно. Дэлбэрэлтэнд хүнд гэмтсэн бололтой. Гэвч энэ чухал биш. Би гэртээ харьдаг юм бол ямар ч эмчилгээний мөнгө төлж чадах баян болно. Шөнийн ой нүдний шилэнд хачирхалтай үл таних үзэгдэнэ. Өдрийн мод, цэцэг, чулуу нойронд автаж оронд нь
сүрлэг аймшигтай дүр төрх босож ирсэн мэт. Би ул мөр үлдээхгүйн тулд ондоо газраар явлаа. Горхи даган өгсөж нуурын дэргэдээс Рутын мэргэжлийнхний буудлыг ажиглаж байсан нууц газар хүрэв. Эргэн тойрон оролцогчдын бараа сүүдэр байтугай мод бут салхины аясаар ганхахгүй аж. Бүгд цэвэр. Нэг бол би түрүүлж ирсэн эсвэл тэд шөнөөр байраа эзэлсэн байх. Үүр гэгээрэхэд хоёр цагийн зай байсан тул саглагар бутны ёроолд атиралдан хүлээлээ. Өглөөний хоол болгон гаатай навч зажлав. Юм идэхийг хүссэнгүй. Питийн хүрмийг өмсөөгүй бол дулаацахын тулд ийш тийш холхих хэрэг гарах байлаа. Тэнгэрт өглөөний саарал гэрэл бүүдийхэд оролцогчдын бараа сураг харагдаагүй хэвээр. Хүчтэй өрсөлдөгчид үлдсэн болохоор үүнд гайхах явдал үгүй байлаа. Ингэхэд тэд намайг Питгүй ирснийг таамаглаж байгаа болов уу? Үнэг, Бутлагч хоёр Питийн шархадсаныг мэдэхгүй болохоор намайг үүргэвч авахаар гүйх үед энэ нь халхавч болно гэж найдаж байна. Гэхдээ үүргэвч хаана байгаа юм бол? Эргэн тойрон хангалттай гэгээ ороход би шилээ тайллаа. Шувууд өглөө эртийг угтан жиргэнэ. Цаг нь болоогүй байгаа юм болов уу? Би буруу газар ирсэн юм биш биз дээ? Үгүй дээ, Клавидия Темплсмит Эвэр гэж цохон хэлснийг сайн санаж байна. Эвэр тэнд байна. Харин би энд. Миний идээ будаа хаа байна? Алтан Эвэр дээр нарны анхны цацраг тусахад талбай дээр ажиглагдам хөдөлгөөн гарлаа. Эвэрний амны урд газар гулган нээгдэж дотроос нь цасан цагаан бүтээлэгтэй дугуй ширээ гарч ирэв. Ширээн дээр дөрвөн үүргэвч байсны хоёр нь том бөгөөд хоёр, арван нэгдүгээр бүсийн дугаартай, тавын дугаартай ногоон арай багахан үүргэвч болон бугуйндаа зүүж болохоор бяцхан шаргал үүргэвч байлаа. Дугаар нь харагдсангүй.
Чагхийх чимээ гараад ширээ байрандаа тогтоход Эврийн амнаас дүрс сүүтэгнэн үсэрч ногоон үүргэвчийг аваад хар хурдаараа ой руу зугтаалаа. Үнэг! Хэний толгойд ийм зальжин эрсдэлтэй төлөвлөгөө орох билээ! Бид талбайн эргэн тойронд үйл явдлыг цэгнэн байхад тэр хэдийн ажилдаа орчихсон байж. Үлдсэн хүмүүс өөрсдийнх нь үүргэвч ширээн дээр хэвтэж байхад гар хөл нь тушаатай болохоор түүнийг хөөж зүрхлэхгүй. Үнэг бусдын үүргэвчинд хүрсэнгүй зөв зүйл хийлээ. Ингэх л ёстой байж! Би гайхаж, бахдах, уурсах, атаархахын зэрэгцээ модны захад шаргал үс гялсхийн харвах талбайгаас гарахыг харав. Үгүй ер! Би цаг үргэлж бусад өрсөлдөгчдөөс эмээж байсан хэр нь жинхэнэ өрсөлдөгч минь Үнэг байж.
Түүнээс болж хугацаа алдсан тул дараагийн хүн би байх нь ойлгомжтой. Миний үүргэвч жижигхэн болохоор хэн ч шүүрээд авч болно. Иймээс ширээ лүү ухасхийгээд аюул ойртсоныг хараагүй хэдий ч зөнгөөрөө мэдрэв. Азаар эхний хутга баруун талаас нисэж ирсэн тул исгэрэлтийг нь сонсоод нумаа савчин хаав. Би огцом эргээд нумаа хөвчлөн Лишийг харвалаа. Тэр зайлж амжаагүй бол сум зүрхэнд нь зоогдох байв. Гэсэн ч зүүн гарыг нь онолоо. Золгүй нь Лиш хутгаа баруун гараараа шиддэг ч зогсож сумаа сугалах зуур хэдэн секунт хожлоо.
Би цааш гүйх зуураа ангийн дадлаараа дараагийн сумаа сугалаад ширээнд хүрэн жижигхэн үүргэвчийг шүүрэн авч мөрөндөө үүрэхэд хэтэрхий багадах тул бугуйндаа шургуулан жижигхэн цүнх шиг зүүлээ. Сумаа татан эргэн хартал хоёр дахь хутга баруун талын хөмсөгний дээд талд онож нүднээс гал бутрах шиг болоод нүүр даган цус урсаж аманд төмрийн зэв амтагдав. Найган ухраад өрсөлдөгч рүүгээ сумаа тавсан ч оносонгүй. Дараагийн агшинд Лиш намайг газар чулуудаад мөрөн дээр өвдөглөн газарт шахлаа.
<<Төгсгөл ирлээ>> гэж би бодоод Примийн төлөө удаан зовохгүй байх гэж найдав. Лиш харваас энэ мөчид туйлын цэнгэж байгаа бололтой яарсангүй. Магадгүй Като, Бутлагч юмуу Питийг гарч ирэх байх хүлээж байсан байх.
- Чиний арван хоёрдугаар бүсийн найз хаана байна? - Тэр ойд Катог дуусгаж байгаа гэж би хэдэрлээд,
- Пи-и-ит! гэж чанга хашгирлаа.
Лиш нударгаараа хоолой руу цохин орилохыг тасалдуулаад эргэлзсэн байртай зүг бүр тийш харлаа. Пит гарч ирсэнгүйд над руу эргээд,
- Худалч. Дурлалт залуу чинь амь тавих гэж байгаа биз дээ. Като түүнийг хүнд шархдуулсан. Чи түүнийг модны оройд хүлчихээд аврахын төлөө гүйж байна уу? Үүргэвчинд чинь юу байгаа юм? Хайртдаа өгөх эм үү? Ямар харамсалтай юм бэ. Тэр түүнийг хүртэхгүй нь гэв. Лиш талбай дээр хүрмээ дэлгэн тавихад бүхэл бүтэн хутганы цуглуулга байв. Дотроос нь дунд зэргийн махир иртэй хутга сонгож авав.
- Би Катод чамайг барьдаг юм бол үзэгчдэд сайхан сэтгэгдэл төрүүлнэ гэж амалсан юм.
Би мултрахыг хичээн мурилзсан нүсэр биеэрээ бахь шиг хавчсан тул чадсангүй. - Арван хоёрдугаар бүсийн охин минь тонгочих хэрэггүй. Бид чамайг алах болно. Яг л чиний өрөвдөлтэй холбоотон шиг... түүнийг хэн гэдэг билээ? Рут билүү? Рутын араас чамайг илгээгээд хайртад чинь санаа тавих болно. Ямар сонсогдож байна даа? гэж Лиш элэглэснээ,
- За эхлэх үү? гэлээ. Тэр ханцуйгаараа миний нүүрний цусыг нямбайлан арилгаад ямар хээ угалз гарган хаанаас зүсэхээ бодож эхлэв. Би түүний гарыг хазахыг хичээсэн ч үснээс зуураад газар дарлаа.
- Тэгэхээр... амнаас чинь эхэлдэг юм билүү гэж Лиш гүнгэнээд хутганы ирийг уруулд хүргэв. Би шүдээ чанга зуусан ч нүдээ аньсангүй. Рутын тухай хэлсэн үг уурыг минь бадраав Энэ уур намайг эрэлхэгээр үхэхэд тус болно гэж найдаж байна. Би харж чадаж байгаа цагтаа нүд рүү нь ширтэх болно. Хашгирч орилж гуйхгүй.
- Тиймээ, уруул чинь цаашид хэрэг болохгүй байх. Дурлалт залуудаа сүүлчийн үнсэлт илгээхгүй юмуу? Би амандаа байсан цустай шүлсийг хураан нүүр лүү нь нулимахад Лиш галзууртлаа уурлав.
- За яахав тэгвэл эхэлцгээе.
Би бүх биеэ чангалан тамлалыг хүлээв. Хутганы үзүүр уруул зүсэв үү үгүй юу ер бусын хүч Лишийг хуу татахад өвдсөндөө орилов. Би гайхаж мэгдсэндээ юу болсныг ойлгосонгүй. Пит ямар нэг аргаар босоод туслахаар ирсэн юм болов уу? Эсвэл зохион байгуулагчид хөгжилдөхөөр аврага биет зэрлэг амьтан оруулсан хэрэг үү? Лишийг онгоц өргөнө гэж баймааргүй юмаа?
Гэвч хөшсөн гаран дээрээ өндийгөөд аль ч таамаглал оносонгүйг харлаа. Лишийг Бутлагч гартаа сарвалзуулан өлгөжээ. Түүний цамхаг адил сүндэрлэсэн үлэмж биеийг хараад би гайхсандаа ам ангайлаа. Лиш түүний гарт үнгэгдсэн хүүхэлдэй адил тийчигнэнэ. Бутлагч урьд нь тийм жижиг байгаагүй атал бүсэд илүү том хүчирхэг болсон мэт санагдав.
Тэр Лишийг газар чулуудаад, - Чи жижигхэн охиныг яасан гэнээ? Чи түүнийг алсан уу? гэж нүргэлүүлэн хашгирахад би давхийн цочлоо.
Лиш шавьж шиг дөрвөн хөллөн ухраад цочирдсондоо Катог дуудаж чадсангүй.
- Үгүй, үгүй! Би биш! - Чи сая түүний нэрийг хэлснийг би сонссон. Чи түүнийг алсан уу? гээд Бутлагч уурссандаа нүүр нь муруйн,
- Чи энэ охиныг эрэмдэглэх гэж байсан шигээ түүнийг хэдэн хэсэг болгон огтолсон уу? гэв.
- Үгүй! Үгүй, би биш... гээд Лиш Бутлагчын гарт багахан талхны хэмжээтэй чулуу байхыг хараад ухаан алдаж, - Като! Като! гэж бархирав.
- Лиш! гэж Като хашгирсан ч туслахад хэтэрхий хол байлаа.
Тэр тэнд юу хийж байсан юм бол? Үнэг, Пит хоёрыг хайж байсан юм болов уу? Эсвэл Бутлагчыг буруу газраа отов уу? Бутлагч чулуугаа Лишийн шанаанд буулгав. Цус гараагүй хэдий ч гавлын яс нь цөмрөн аврагдах найдлагагүй болжээ. Тэр арай ядан амьсгалж хэвтэхэд цээжнээс нь аяархан ёолох дуу гарав.
Бутлагч чулуугаа өргөөд миний зүг эргэхэд зугтаад ашиггүй байлаа. Сумаа татаж чадсангүй. Би Бутлагчын хүрэн нүд рүү хартал хачирхалтай алтан оч гялсхийхийв. - Тэр юу яриад байсан бэ? Чи Рутын холбоотон байсан юм уу?
- Би... би... бид баг байсан. Мэргэжлийнхний хоолыг дэлбэлсэн. Би түүнийг аврахыг хүссэн. Маш их хүссэн шүү. Гэхдээ тэр түүнийг надаас урьд олсон. Нэгдүгээр бүсийн залуу гээд би магадгүй Бутлагч Рутэд тусалж байсныг мэдэх юм бол зовж шаналгахгүй түргэн дуусгах байх гэж найдлаа. - Чи тэр залууг алаа юу? гэж тэр зандрав.
- Тиймээ би түүнийг алсан. Тэгээд Рутын биеийг цэцгээр чимсэн. Нойрсох хүртэл нь дуу дуулж өгсөн.
Миний нүдэнд нулимс цийлэгнэлээ. Сэтгэлээ барих гэсэн минь талаар болж толгойд зөвхөн өвдөлт, Бутлагчаас айх айдас, хоёр алхамын зайд үхэж буй охины гонгинох чимээ үлдэв.
- Нойрсох гэнээ? - Үхсэн. Би түүнийг үхэх хүртэл дуу дуулж өгсөн. Танай бүс чинь... надад талх илгээсэн гээд би хамраа арчаад,
- Бултагч үүнийг түргэн хийгээрэй, за юу? гэв.
Тэр харваас сэтгэл хөдлөлтэйгээ тэмцэж байгаа бололтой. Тэгснээ чулуугаа хаяад, - Энэ удаад би чамайг сул тавья. Жижигхэн охины төлөө. Бид тэнцүү болсон. Хэн хэндээ ч өргүй. Ойлгож байна уу? гэв.
Би ойлгосоны тэмдэг болгон толгой дохилоо. Хэрвээ тэр бүсдээ ялаад очих юм бол дүрмийг зөрчин надад талархсан явдалд хариу талархал хүртэнэ. Одоо Бутлагч миний толгойг чулуугаар хагалахгүй нь бололтой. - Лиш! гэж Като хашгирав. Тэр хэдийн ойртож ирээд газар хэвтэж байгаа охиныг харлаа.
- Чи яарсан нь дээр шүү, галт Китнисс гэж Бутлагч хэлэв.
Би хоёр удаа давтуулахыг хүлээсэнгүй. Хар хурдаараа талбайгаас зугтахад Бутлагч, Лиш, Катогын хоолой ард хоцорлоо. Ойн захад хүрсэн хойноо эргэж харав. Бутлагч хоёр том үүргэвчтэй зүйлийг авч талбайн зах руу гүйж байв. Като жад барин Лишийн хажууд өвдөглөөд орхихгүй байхыг гуйна. Тэр удахгүй түүнийг аврагдах найдлагагүйг ойлгох болно. Нүд рүү цус гоожин тагласан тул би шархадсан зэрлэг араатан шиг мод бут дайран гүйлээ. Хормын дараа их бууны буудалт гаран Лиш үхэв. Одоо Като Бутлагч бид хоёрын нэгийг мөрдөх болно. Би шархандаа сульдаж айсандаа бүх бие чичирч байв. Надад нум байгаа ч Като жадаа мөн адил холоос шиддэг. Зөвхөн ганц зүйл тайвшируулж байсан нь Бутлагч Катогын үүргэвчийг авсан явдал байлаа. Үүргэвчин дотор түүнд хэрэгцээтэй зүйл байгаа болохоор намайг биш Бутлагчыг мөрдөх нь лавтай. Би гол хүрээд алхаагаа удаашруулалгүй гутал хувцастайгаа туучин гүйлээ. Бээлийний оронд угласан Рутын оймсоор цусаа тогтоохыг хичээн дарсан ч шалба норлоо.
Агуйг олоод бушуухан дотогш шурган оров. Чулууны завсар тусах бүүдгэр гэгээнд гар дахь шаргал үүргэвчээ тайлаад газар сэгсрэхэд тариуртай урт нарийхан хайрцаг унасанд удаан бодолгүй зүүг Питийн гарт зоогоод бүлүүрийг нь удаанаар шахлаа.
Толгойноос цус урсан гар өвдөг дээр дуслана.
Миний хамгийн сүүлд санасан зүйл гэвэл мөнгөлөг ногоон өнгийн гайхалтай үзэсгэлэнтэй эрвээхэй бугуй дээр суусан явдал байлаа. 19
Нойрон дунд байшингийн дээвэр балбах борооны чимээ сонсогдов. Би дулаахан хөнжилд аюулгүй тухлан хэвтээд сэрэхийг хүссэнгүй. Толгой үл мэдэг хатгуулна. Намайг ийм удаан унтаж байхад сэрээхгүй байгаагын учир нь ханиад туссан байх нь. Ээжийн гар хацар илбэхэд дургүйцсэн ч түлхэж чадсангүй. Тэгтэл ээжийн биш өөр хүний хоолой гарахад дотор аймшигтай болов.
- Китнисс, Китнисс чи намайг сонсож байна уу? Би нүдээ нээмэгц дулаахан аятай байдал утаа шиг замхрав. Би гэртээ ээжтэйгээ байсангүй. Бүүдгэр хүйтэн агуйд хэвтээд хучлага дорх нүцгэн хөл хөлдөх шахаж агаарт цусны үнэр ханхална. Миний өмнө зүдэнги цонхигор залуугийн царай харагдахад эхэндээ айсан ч дараа нь хэн болохыг таниад тайвширлаа.
- Пит. - Сайн уу. Чиний нүдийг ахин харахад таатай байна.
- Би хэр удаан ухаангүй байсан бэ?
- Сайн мэдэхгүй байна. Намайг өчигдөр орой сэрэхэд чи дэргэд цусанд хутгалдаад хэвтэж байсан. Одоо цус чинь тогтсон ч би чиний оронд байсан бол босохгүй байсан даа.
Би толгойдоо болгоомжтой хүрч үзэхэд боолтой байлаа. Жаахан хөдлөв үү үгүй юу дотор муухайрав. Пит аманд лонхтой ус ойртуулахад цангасандаа хомхойрон залгилав.
- Чи дээрдсэн харагдаж байна. - Хамаагүй дээрдсэн шүү. Чиний надад авчирсан эм хэргээ гаргасан. Өнөө өглөө гуяны хавдар бараг буучихсан.
Тэр намайг нойрсуулагч эм өгч мэхлэн найр луу явсанд уурлаагүй бололтой. Эсвэл бие тэнхрэхийг хүлээж байгаад дараа нь зэмлэх гэж байгаа юм болов уу. Ямартай ч энэ агшинд эелдэг зөөлөн байв. - Чи юм идсэн үү?
- Намайг уучлаарай би грузлингийн мах бараг үлдээгүй гэдгийг мэдэлгүй гурван хэрчим идчихсэн. Гэхдээ санаа зовох хэрэггүй дээ цагаан хоолны дэглэмдээ эргэн орсон.
- Зүгээрээ, сайн байна.. Чи юм идэх хэрэгтэй. Би удахгүй анд явна. - Тийм хурдан биш биз дээ? Одоо миний чамд санаа тавих ээлж.
Надад сонголт үлдсэнгүй. Пит надад зүсэм грузлингийн мах үзэмтэй өгөөд ус уулгав. Дараа нь хөл үрэн дулаацуулж хүрмээрээ хучаад унтлагын хөнжлийн цахилгааныг эрүү хүртэл татлаа. - Чиний гутал оймс нойтон болохоор ийм цаг агаартай үед одоо хүртэл хатаагүй.
Гадаа аянга нижигнэн чулууны завсраар тэнгэрт цахилгаан цахилав. Адрын чулууны завсраар бороо дусална. Пит толгой дээр хуванцар татан уснаас хамгаалсан байлаа.
- Ийм бороог ер нь хэнд хэрэгтэй юм бэ? - Като, Бутлагч хоёрт. Үнэг хаа нэгтээ орогнож байгаа биз. Лиш... намайг... хутгаар зүсэх гээд... гээд би үг хэлж
чадсангүй таг болов. - Би Лишийн үхсэнийг мэднэ. Өчигдөр орой тэнгэрт харсан. Чи түүнийг алаа юу?
- Үгүй Бутлагч толгойг нь чулуугаар хага цохьчихсон.
- Чи түүнд өртөөгүй нь сайн хэрэг болж дээ. Би найрын тухай санамагц дотор муухайраад,
- Би түүнтэй тааралдсан ч намайг сул тавьсан гээд бүгдийг ярилаа.
Учир нь Пит асуулт тавихад хэтэрхий сульдсаны дээр би энэ бүхнийг ахин тэвчих хүч байсангүй. Дэлбэрэлт, чихний өвдөлт, Рутын үхэл, анхны аллага, арван нэгдүгээр бүсийн талх, найр дээр Бутлагч өрөө хэрхэн төлсөн гээд л.
- Тэр чамд өртэй үлдэхгүйн тулд сул тавьсан гэж үү? хэмээн Пит гайхав.
- Тиймээ. Чи юмаар дутаж үзээгүй болохоор үүнийг ойлгохгүй. Хэрвээ Атираанд амьдардаг байсан бол тайлбарлах хэрэг гарахгүйсэн.
- Оролдох хэрэггүй дээ. Надад ойлгоход хэтэрхий бүрхэг байна.
- Энэ яг л чиний талх шиг. Магадгүй би чамд үүрд өртэй байх. - Талх гэнээ? Ямар талх? Чи хүүхэд байхад болсон явдлын тухай ярьж байна уу? Түүний тухай одоо мартаж болно. Чи намайг сая үхлээс аварсан шүү дээ.
- Гэхдээ чи намайг мэддэггүй байсан. Бид хоорондоо хэзээ ч ярьж байгаагүй... Ер нь эхний бэлгийг буцаан төлөхөд үргэлж хэцүү байдаг юм. Чамайг надад тусалсаны чинь төлөө юу ч хийж чадаагүй. Чи яагаад тэгсэн юм бэ? - Яагаад гэнээ? Чи өөрөө мэдэж байгаа. Хеймитч чамайг итгүүлэхэд амаргүй гэж хэлсэн.
- Хеймитч гэнээ? Тэр энд ямар хамаатай юм?
- Зүгээр л... Тэгэхээр Като, Бутлагч хоёр хөөцөлдөж байгаа юм биз дээ? Тэднийг бие биенээ зэрэг дуусгана гэж найдаж болох уу?
Түүний наргиан намайг сэтгэлээр унагахад,
- Надад Бутлагч дажгүй залуу шиг санагдсан. Түүнийг арван хоёрдугаар бүсийн нөхөр гэж бодож байна гэв. - Тэгвэл биднийг хийгээгүй байгаа дээр Като түүнийг алсан нь дээр юм байна гэж Пит баргар хэлэв.
Би Като Бутлагчыг алаасай гэж хүссэнгүй. Өөр хэн ч үхэхийг хүссэнгүй. Энэ нь бүсийн ч ялагчын ч тухай яриа биш байлаа. Миний нүдэнд нулимс цийлэгнэв.
Пит над руу түгшин харав.
- Чи яагаа вэ? Өвдөөд байна уу? - Пит, би гэртээ харихыг хүсч байна гэж би хүүхэд шиг гонгинов.
- Чи гэртээ харина. Амалж байна гээд Пит бөхийн намайг үнслээ.
- Одоо л гэртээ харимаар байна. - Юу гэдгийг мэдэх үү. Хэрвээ чи одоо унтах юм бол гэрийнхээ тухай зүүдэлнэ. Дараа нь эргэж харж ч амжаагүй байхад тэнд үнэхээр байх болно. За юу?
- За. Намайг жижүүрлэх болохоор сэрээгээрэй.
- Санаа зовох хэрэггүй дээ би Хеймитч та хоёрын ачаар сайн амарч тэнхэрсэн. Энэ бүхэн хэр удахыг хэн мэдэх билээ?
Тэр юуны тухай яриад байгаа юм бол? Борооны тухай юу? Бидэнд өгсөн богино амралтын тухай юу? Эсвэл тоглоом юм уу? Би юу болохыг нь мэдсэнгүй ч гуниглаж ядарсандаа асуусангүй. Пит намайг үдэш сэрээлээ. Ширүүн бороо хувингаар цутгаж адраас ус дуслах биш гоожино. Пит дусаал тосож шил тавьсан байлаа. Миний бие дээрдэж толгой эргэхээ больсон ч өлсөж үхэх шахаж байв. Пит ч гэсэн. Тэр намайг сэрэв үү үгүй юу идэх юм нэхнэ гэж бодоогүй бололтой.
Хоол бага үлдэж ердөө хоёр зүсэм грузлингийн мах, жаахан үндэс, атга дүүрэн хатаасан жимс байлаа. - Маргааш юм үлдээх үү? гэж Пит асуув.
- Үгүй, бүгдийг нь идье. Грузлингийн мах удсан болохоор гэдэс өвтгөж магадгүй гээд би хоолыг хоёр хэсэг хуваалаа. Бид ихэд өлссөн тул удаан бөгөөд алгуур идэхийг хичээхэд гэдэс гомдолтой хүржигнэв. - Маргааш анд явахаас.
- Би урьд нь анд явж байгаагүй болохоор нэг их тусалж чадахгүй байх.
- Намайг агнахаар чи хоол бэлтгээрэй. Эсвэл жимс ногоо түүж болно. - Энд талхны бут ургадаг бол сайнсан.
- Арван нэгдүгээр бүсээс надад илгээсэн талх бүлээнээрээ байсан гээд би санаа алдан Питэд хоёр гаатай навч өгөөд амандаа хэдийг зажлав.
Борооны улмаас тэнгэрийн байдлыг ялган харахад бэрхтэй болсон ч өнөөдөр хэн ч үхээгүй нь ойлгомжтой байлаа. Като, Бутлагч хоёр тааралдсангүй.
- Бутлагч хаачсан юм бол? Ер нь бүсийн цаад хэсэгт юу байдаг юм бэ?
- Мөр хүртэл өндөр ургасан өвстэй талбай. Зарим төрлийн тариа байж магадгүй. Хэсэг бүр нь өөр өөр өнгөтэй. Гэхдээ тэнд ямар ч жим байхгүй.
- Тэнд тариа байгаа гэдэгт мөрийцсөн ч болох юм. Бутлагч тэднийг мэддэг байх. Та нар тийшээ явсан уу?
- Үгүй. Бутлагчын араас өвсөнд орохыг хэн ч хүсээгүй. Аймшигтай газар. Гэнэтхэн могой, галзуу амьтан гарч ирэх юмуу сордог элсэнд шигдвэл яана. Би хариу хэлээгүй ч энэ нь арван хоёрдугаар бүсийн эргэн тойрны талбайн тухай оршин суугчдыг айлгадаг байсан үгийг санагдуулсанд Гейлтэй харьцуулахгүй байж чадсангүй. Гейл талбайг аюул заналаас илүү хоол хүнсний эх сурвалжаар харах байсан. Бутлагч бас тэгсэн байж таарна. Пит бидний өдөр бүр хууль зөрчдөгийг юу гэж бодож байгаа бол? Бидний Панемын тухай болон Капитолын эсрэг яриаг сонссон бол цочирдох байсан болов уу? - Талбай дээр талхны бут ургадаг байх. Бутлагч тоглоом эхлэх үеийнхээс хамаагүй тарган цатгалан харагдаж байсан.
- Эсвэл магадгүй өгөөмөр ивээн тэтгэгчтэй биз. Хеймитчээс талх авахын тулд яах ёстойг мэдэх юм алга.
Би Питийг Хеймитчийн далд санаатай илгээсэн илгээмжийн тухай мэдээгүй явдалд гайхан хөмсгөө өргөлөө. Нэг үнсэлт нэг сав шөл. Энэ тухай чанга ярих юм бол бүтэхгүй. Үзэгчид биднийг жүжиглэж байсныг ойлгоод хоол хүнсгүй хоцорно. Үйл явдлыг алгуур хэрэгтэй зүг рүү нь залах хэрэгтэй. Би Питийн гараас бариад,
- Магадгүй тэр чамайг аврахад туслахын тулд хамаг нөөцөө барсан байх гэв.
- Дахин ахин ийм зүйл хийх гэж бодох ч хэрэггүй шүү гэж Пит миний гарыг атгалаа. - Тэгвэл яана гэж?
- Тэгвэл... тэгвэл гээд Пит юу хэлэхээ мэдсэнгүй. – Хүлээж байгаарай бодоодохъё гэв.
- Асуудал юунд байгаа юм? - Бидний хоёул амьд гэдэгт байна. Ийм учраас чамд зөв зүйл хийсэн юм шиг санагдаж байгаа.
- Би үнэхээр зөв зүйл хийсэн.
- Үгүй! Китнисс, тэгж ярих хэрэггүй! Миний төлөө үхэх хэрэггүй. Би үүнийг хүсэхгүй байна. Ойлгомжтой юу? гэж Пит уурсан хэлээд миний гарыг өвдтөл базав.
Түүний шаардангуй байдал намайг айлгасан ч өөрөөр хоол олох сайхан боломж бүрдсэнд алдахгүйг хичээн, - Пит, магадгүй би үүнийг өөрийнхөө төлөө хийсэн байж болох юм гэж чиний толгойд орсонгүй юу? Магадгүй чи үүнд ганцаараа... санаа зовж айж байгаа...... гэв.
Би тээнэгэлзэн Пит шиг тохиромжтой үг сонгож чадсангүй. Үнэндээ Питийг алдах болсон нь надад хичнээн хүнд цохилт болж түүний үхэхийг хүсэхгүй байгаагаа ойлгосон мөчийн тухай ярьж байлаа. Түүнээс ивээн тэтгэгчид юмуу гэртээ буцах тухай болон ганцаар үлдэхийг хүсээгүй тухай биш. Зөвхөн түүний тухай. Би талх бэлэглэсэн хүүгээ алдахыг хүсээгүй.
- Китнисс, юунаас айсан гэнээ? хэмээн тэр аяархан асуув.
Би болдогсон бол хоол хүнсээ алдах байсан ч хамаагүй халхавчны цаана бүх Панемын нүднээс нуугдахыг хүслээ. Би хэнд ч биш зөвхөн өөртөө хамаатай зүйлийн тухай ярьж байсан юм.
- Хеймитч намайг энэ сэдвээр ярихыг хориглосон гэж би булзан хэлэхдээ түүний тэгж хэлээгүйгээр үл барам одоо сүүлчийн үгээрээ хамаг юмыг гутаалаа гэж харааж байгааг ойлгож байв.
Гэвч Пит үүнээс өөр юм өлгөж авсан бололтой. - Тэгвэл би өөрөө таая гээд ойртов.
Бид хэн нь ч өвдөлтөнд шаналан ухаангүй хэвтээгүй болохоор анх удаагаа жинхэнээсээ үнсэлдэв. Бидний уруул халуу шатсан юмуу хүйтэнд хөрсөн байсангүй. Анх удаагаа үнсэлдэхэд цээжинд дулаахан таатай мэдрэмж төрлөө. Би араас нь өөр үнсэлт хүлээсэн ч тэр харцаа буруулав. - Чи ахиад л цус алдах нь байна. Явж хэвт. Унтах цаг болсон.
Би эвэрсэн оймсоо өмсөн, Питийн хүрмийг буцааж өглөө. Тэр нэвт жиндэх хүйтэнд хөлдөх шахсан байв. Би түрүүлж жижүүрлэхийг шаардсан ч ийм цаг агаартай байхад хэн ирэх билээ гээд Пит зөвшөөрсөнгүйд унтлагын хөнжилд дагжин шургалав. Хоёр шөнийн өмнө Пит олон сая бээрийн хол зайд байх шиг санагдаж байсан бол одоо хэтэрхий ойр байлаа. Бид хэвтэхэд Пит хамгаалж байгаа юм шиг толгой дор гараа дэрлүүлээд унтав. Эцгийг минь нас барснаас хойш удаан хугацааны туршид надад хэн ч надад ийм сэтгэгдэл төрүүлж байсангүй.
Би шөнийн шилээ зүүн хэвтээд борооны дусал агуйн шалан дээр дуслахыг харав. Нэгэн хэмээр тог тог хийн бүүвэйлнэ. Хэдэн ч удаа цочин сэрээд зүүрмэглэхдээ уурсав. Гурав юмуу дөрвөн цагийн турш ийм байдалтай тэсээд Питээс салав. Тэр эсэргүүцсэнгүй. - Маргааш бороо намдвал өндөр модон дээр тайван унтах боломжтой газар олно гэж би зүүдэндээ амлав.
Маргааш цаг агаар дээрдсэнгүй. Аадар бороо зогсолтгүй цутган зохион байгуулагчид биднийг живүүлж алахаар шийдсэн мэт ажээ. Аянгын нүргээнд газар чичирнэ. Пит хоол эрэхээр явах гэсэн ч би усан бороонд хамраа цухуйлгах нь нэвт норохоос ашиггүй гэж ятгав. Тэр үүнийг ойлгож байсан ч гэдэс тэсэхийн аргагүй хонхолзож байлаа.
Ахин нэг ийм байдалтай үдэш өнгөрөхөд цаг агаар өөрчлөгдөх шинж үзэгдсэнгүй. Хеймитч бидний ганц найдвар байсан ч мөнгө нь хүрээгүй юмуу бидний байдалд сэтгэл хангалуун бус байгаа бололтой юм илгээсэнгүй. Сүүлчийнх нь байж таарна. Биднээс гайхамшигтай зүйл юу ч харахгүй гэдэг нь илт байв. Өлсөж доройтон шархаа хөндөхгүйн тулд хөдлөхгүйг хичээн унтлагын хөнжилд ороон тэврэлдэн суусан нь хэн ч харсан хөлдөж үхэх гэж байгаа гэхээс биш халуун хайраасаа болсон гэхгүй нь лавтай.
Цаашид бидний дурлалын харьцаа яах бол? Өчигдөрийн үнсэлт муугүй болсон ч хоол авахын тулд ахин ажиллах хэрэгтэй. Атираанд байдаг зарим охид үүнийг учрыг амархан олох ч би хэзээ ч тийм зүйлээр хөөцөлдөж байсангүй. Зөвхөн үнсэлдээд хоол авахгүй гэдэг нь өнгөрсөн шөнө илт боллоо. Хеймитч олон нийтийн өмнө үзүүлэх өөр зүйл хүсч байв. Тэр намайг ярилцлагад бэлтгэхийг оролдож байхдаа юу хэлж байлаа. Би гутааж орхисон ч Пит бол үгүй. Магадгүй түүнтэй ахин ярилцахыг оролдож үздэг юм билүү?
- Пит чи ярилцлаган дээр үргэлж надад хайртай байсан гэж хэлсэн. Үргэлж гэдэг чинь хэзээнээс эхэлсэн юм бэ? - Э-э бодох хэрэгтэй. Сургуулийн анхны өдөр байх. Бид таван настай байсан. Чи улаан дөрвөлжин хээтэй даашинз өмсөөд үсээ одооных шигээ нэг биш хоёр салаа сүлжсэн байсан. Аав биднийг жагсахыг хүлээн зогсож байхдаа чамайг зааж үзүүлсэн юм.
- Аав чинь үзүүлсэн гэнээ? Яагаад? - Тэр охиныг харж байна уу? Би ээжтэй нь гэрлэхийг хүссэн ч уурхайчинтай зугтсан юмдаа гэсэн.
- Юу гэнээ? Чи зохиогоод байна уу! гэж би дуу алдав.
- Үгүй дээ, үнэн. Би тэгэхэд ааваас яагаад түүнийг уурхайчинтай зугтсаныг асуусан. Харин тэр надад яагаад гэвэл түүнийг дуулах үед шувууд хүртэл зогсон чагнадаг гэсэн.
- Энэ үнэн. Шувууд тэгдэг юм.
Би талхчины Питэд хэлсэн үгэнд мэл гайхлаа. Бодоод үзэхэд дуулах дургүй байдаг минь дэмий цаг үрсэн гэж боддогоос бус хөгжим аавыг минь санагдуулдаг байснаас болсон байх. - Дараа нь тэр өдөр хөгжмийн хичээл дээр багш <<Хөндийн дууг>> хэн мэдэх вэ гэхэд чи шууд гараа өргөсөн. Багш чамайг сандал дээр гаргаад дуулуулсан. Тэгэхэд цонхны цаадах бүх шувууд чимээгүй болсон гэж тангарагласан ч болж байна.
- Больж үз гээд би инээлээ. - Үгүй, тэгсэн. Чамайг дуулж дуусахад би амьдралын эцэст хүртэл хайрлахаа мэдсэн юм. Дараагийн арван нэгэн жилд чамтай ярилцахын тулд сэтгэл санаагаа бэлдэж байлаа.
- Тэгээд бүтэлгүй болж гэж би нэмэрлэв. - Тиймээ, бүтэлгүй болсон ч ургац дээр миний нэрийг сугалсан нь жинхэнэ азтай хэрэг болсон.
Дараагийн агшинд би тэнэгдүүхэн баярлахаа мэдрэв. Учир нь бид үүнийг хайранд шатсандаа биш дурлагсад болон тоглохын тулд хийж байгаа билээ. Гэхдээ Питийн түүхэнд үнэн зүйл байсан юм. Эцгийн минь тухай, шувуудын тухай харин сургуулийн анхны өдөр дуулснаа санасангүй... Надад үнэхээр дөрвөлжин хээтэй даашинз байсан бөгөөд дараа нь Примд өгч эцгийн нас барсны дараа муу сайн юмтай зарж билээ.
Үүнийг бас Пит яагаад тэр аймшигтай хоосон өдөр надад талх өгснөөр тайлбарлаж болно. Хэрвээ тийм олон юм таарч байгаа юм бол... үнэн юм болов уу? - Чи их... сайн ойтой юм гэж би түгдчив.
- Би чамтай холбоотой бүх зүйлийг санадаг гээд Пит миний сул унжсан үсийг чихний ардуур хийн,
- Харин чи надад ер анхаарал хандуулж байгаагүй гэв. - Одоо хандуулж байна. - Тэгвэл энд би тэмцэх хэрэггүй бололтой.
Би ахиад л бүгдээс халхавчны цаана нуугдахыг хүссэн ч чадсангүй. Чихэнд Хеймитчийн <<Түүнд хэл! Хэл!>> гэх шивнэлт сонсогдоход шүлсээ залгиад, - Чамд ахиад тэмцэх шаардлага гарахгүй гэв.
Энэ удаад би Пит руу түрүүлж наллаа. Бидний уруул дөнгөж шүргэлцтэл агуйн гадаа юм түсхийн айлгалаа. Би нумаа шүүрэн авсан ч өөр чимээ гарсангүй. Пит нүхний завсар шагайгаад баяртайгаар уулга алдав. Дараагийн агшинд тэр хэдийн бороонд гараад надад нэг зүйл сунгалаа. Мөнгөн шүхэртэй сагс! Дотор нь жинхэнэ найр болох шинэхэн талх, ямааны бяслаг, алим хамгийн гол нь том тавагтай будаан хачиртай хурганы жигнэсэн мах байлаа. Цезарь Фликерманд миний Капитолд сэтгэгдэл төрүүлэхийн тулд хэлсэн хоол.
Пит агуй руу буцан орж ирэхэд царай нь нар шиг гийж байв.
- Хеймитч лав биднийг өлсөж үхэх гэж байгааг хараад залхсан байх. - Магадгүй л юм гэж би зөвшөөрөв.
Гэсэн ч толгойд Хеймитчийн ядрангуй хоолой <<Тиймээ тийм надад энэ л хэрэгтэй, хонгор минь>> гэх нь сонсогдох шиг болов. 20
Би гараа тэсч ядан тавагтай хурганы мах руу явуултал Пит зогсоож,
- Үүнийг бага багаар идсэн нь дээр байх. Бидний галт тэргэнд явсан эхний шөнийг санаж байна уу? Би тэгэхэд өлсөөгүй хэр нь гэдсээ дүүртэл идээд дотор муухайрсан гэв. - Чиний зөв. Чаддаг юм бол бүхлээр нь залгичихмаар байна! гэж би харамсангуй хэлсэн ч тэгсэнгүй.
Бид ухаалаг загнан тус бүрдээ талх, тал алим, өндөгний хэмжээтэй хурганы мах будаатай авлаа. Би сагсны ёроолд дагалдан ирсэн жижигхэн халбагаар үмх бүрийг хаман идээд ахин таваг руу харлаа.
- Ахиад идмээр байна.
- Би ч гэсэн. Тэгэхээр ингэе. Цагийн дараа ахиад идье. - Тэгье л дээ. Гэхдээ цаг гэдэг чинь дэндүү урт байна.
- Тийм ч урт биш. Чи сая хоол ирэхийн урд юу яриад байлаа? Надад... тэмцэх хэрэг байхгүй гээд байсан... Чиний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйл гэсэн. - Сүүлчийн үгийг нь хэлснээ санахгүй байна гээд би агуйд харанхуй байсан болохоор үзэгчид улайхыг минь харахгүй гэж найдав.
- Аан тийм л дээ. Би бодож байснаа хэлчихэж... Түргэлээрэй би хөлдөж хөлдөх нь.
Би цааш зайчилан суухад Пит хөнжилд орж ирлээ. Бид агуйн хана налан суугаад тэр намайг тэвэрэхэд толгойгоо мөрөн дээр нь тавилаа. Хеймитч намайг үргэлжлүүл гэж нудраад авах шиг болов.
- Тэгэхээр чи таван настайгаасаа хойш бусад охидод анхаарал хандуулаагүй хэрэг үү?
- Үгүй дээ. Би бүх л охидыг анзаарч байдаг. Гэхдээ тэдний хэн нь ч чам шиг сэтгэгдэл төрүүлээгүй. - Атирааны охинд дурласныг эцэг эх чинь мэдвэл яаж баярлахыг төсөөлж байна. - Тэр хамаагүй. Тэгээд ч бид буцах юм бол чи Атирааны охин байхаа больж Ялагчын тосгоны охин болно.
Энэ үнэн байлаа. Хэрвээ бид ялаад буцаж очвол хотын Үхлийн тоглоомын ялагчдад зориулан барьсан хэсэгт амьдрах болно. Удаан хугацааны өмнө тоглоомын эхэн үед Капитол бүс болгонд арван хоёр үзэмжтэй сайхан байшин босгосон билээ. Арван хоёрдугаар бүсэд ганц л хүн үүнийг эзэлдэг учраас бусдад нь хэн ч амьдарч байсангүй.
Надад гэнэтхэн таагүй бодол төрлөө.
- Манай цорын ганц хөрш Хеймитч болох нь! - Энэ чинь сайхан шүү дээ гээд Пит мөрөөр чанга тэвэрч,
- Чи, би болон Хеймитч. Ёстой янзтай. Хамтдаа салхинд гарч, төрсөн өдөр тэмдэглэн, өвлийн урт шөнө зуухны өмнө суугаад Үхлийн тоглоомын тухай хуучлах болно гэв.
- Тэр намайг үзэн яддаг гэж хэлсэн биз дээ! гэж би унтууцсан ч Хеймитчийг найзаа болгон төсөөлөхөөс инээхгүй байж чадсангүй.
- Заримдаа л байх. Эрүүл ухаантай байх үедээ чиний тухай нэг ч муу үг хэлж байхыг нь сонсоогүй. - Хеймитч эрүүл ухаантай байдаггүй!
- Тийм л дээ. Тэгвэл хэний тухай ярих уу?... Яг тийм, Цинна. Тэр чамд дуртай шүү дээ. Магадгүй чиний хувцсанд гал асаахад зугтаагүйгээс болсон байх. Харин Хеймитчийн хувьд хол байсан нь дээр... Тэр чамайг үзэн яддаг. - Би чамайг түүнийг надад дуртай гэж хэлсэн гэж бодсон юмсан.
- Тэр намайг илүү үзэн яддаг юм. Ер нь ихэнхи хүмүүс түүний үзэмжид нийцдэгггүй байх.
Үзэгчид Хеймитчийг үнэлсэн үгэнд баяссан нь лавтай. Тэр тоглоомд эртнээс байгаа болохоор олон хуучин найзуудтай. Тэгээд ч ургацын өдөр толгойгоороо газар харуулдан унаснаар захын нохой хүртэл таних болсон. Одоо лав хяналтын өрөөнөөс чирж гаргаад бидний тухай ярилцлагаар булж байгаа даа. Тэр тэдэнд юу хэлсэн бол? Ер нь бол атаархахааргүй л байна. Ихэнхи зөвлөгч нар өөрсдийн хүнээ ялуулахын тулд хоорондоо өрсөлдөгчид байдаг. Хеймитч үргэлж ганцаараа ажиллаж ирсэн. Яг л над шиг ганцаардмал. Тэр бидний халамжилсан ярилцлагын дараа уух юмаар бухимдлаа тайлах байх даа.
Хөгжилтэй нь нь Хеймитч бид хоёр бие биенээ тэвчдэггүй байлаа. Магадгүй Питийн биднийг адилхан гэж хэлсэн нь зөв байх. Түүнээс би яаж дохиог нь тайлж бэлэг авах вэ дээ? Усанд ойрхон байсан болохоор надад илгээгээгүй явдал, Питийн өвчнийг намдаахын тулд тайвшируулагч эм өгөөгүйг мэдсэн болохоор харин одоо дурласан хүний дүрд тоглох ёстой байдаг. Хеймитч тийм аргаар Питтэй холбогдохыг оролдсонгүй. Тэр Пит савтай шөлийг зүгээр шөл гэж бодохыг нь мэдэж байгаа.
- Тэр яаж чадсан юм бол? Хачирхалтай нь энэ асуулт миний толгойд орж байсангүй. Магадгүй саяхнаас Хеймитчийг ойлгож эхэлснээс болсон юм болов уу.
- Хэн? Юу чадсан гэж? хэмээн Пит ойлгосонгүй. - Хеймитч. Тэр тоглоомд яаж ялж чадсан юм бол?
Пит хариулахын өмнө бодлогоширов. Хеймитч биеийн хувьд Като, Бутлагч хоёр шиг сүрлэг биш. Гадна төрхөөрөө ч царайлаг биш. Ийм учраас ивээн тэтгэгчид хөөрөн бэлгээр дараагүй нь лавтай. Түүнчлэн хэн нэгэнтэй баг болоход хэтэрхий уцаартай. Түүний ялагч болох боломжыг би Питийн хэлэхээс урьд түрүүлж тааварлав. - Хеймитч бусдаас илүү зальжин байх гэж Пит хэлэв.
Би чимээгүй толгой дохиод Хеймитчийн тухай үргэлжлүүлэн бодлогоширов. Магадгүй тэр Пит бид хоёрыг амьд үлдэх чадвартай гэж үзэх юм бол удтал уухгүй ч юм билүү? Магадгүй мөнхийн согтуу байхаа болиод оролцогчид туслахыг хичээдэг болох ч юм билүү? Гэхдээ тэсч чадахгүй бол яах вэ? Бүхий л сэтгэл зүрхээ зориулж байсан хоёр хүүхэд нь үхэхийг харах ямар аймшигтай болохыг төсөөлж байна. Жилээс жилд давтагдаад л. Хэрвээ би эндээс гардаг юм бол арван хоёрдугаар бүсийн охинд санаа тавих үүрэгтэй болно. Ер нь энэ тухай бодохгүй байсан нь дээр юм байна.
Ойролцоогоор хагас цагийн дараа би дахин идэхээр шийдэв. Пит бас өлсөж байсан учир маргасангүй. Намайг тавган дээрх хоёр жижигхэн хурганы махны нэгийг будаатай авах үед сүлд дуулал тоглож эхлэв. Пит нүхний завсраар тэнгэр лүү шагайн харлаа.
- Өнөөдөр тэнд хэн ч харагдахгүй гэж би тэнгэрээс илүү хоол сонирхон хэлээд, - Их буу буудаагүй юм чинь гэв.
- Китнисс гэж Пит аяархан хэллээ.
- Яасан? Талхаа ахиад хуваах уу? - Китнисс гэж тэр давтсан ч би тоосонгүй.
- Би нэгийг нь хуваалаа шүү. Бяслагаа маргааш идье гээд би Питийн ширтсэн харцыг харж,
- Юу болсон бэ? гэв. - Бутлагч үхчихэж.
- Байж боломгүй юм!
- Аянгын чимээнд их бууны дуу сонсогдоогүй байж таарна. - Чи итгэлтэй байна уу? Бороо хувингаар цутгаж байхад юу харагдана гэж гээд би Питийг түлхэн харанхуй усархаг бороотой тэнгэр лүү харахад Бутлагчын царай тэнгэрт хэдэн секунт гялалзсанаа үүрд үзэгдэхээ болив.
Би доошоо лагхийн суугаад хэсэг зуур юу хийж байснаа мартчихлаа. Бутлагч үхэж. Би үүнд баярлах ёстой юу? Бас нэг хүчирхэг өрсөлдөгчөөсөө саллаа гэж. Гэсэн ч баярлахын оронд Бутлагч намайг гэдсэндээ жад зоолгон үхсэн Рутын төлөө тавин зугтаалгасан тухай бодов. - Чи зүгээр үү? гэж Пит асуув.
Би тодорхойгүй мөрөө хавчаад сэтгэл хөдлөлөө үзүүлэхгүйн тулд даарсан дүр үзүүлэн элгээ тэвэрлээ. Хэн өрсөлдөгчийнхөө араас уйлдаг хүнд мөрий тавина гэж? Рутын тухайд өөр хэрэг. Тэр миний холбоотон байсан. Бас хичнээн жижигхэн билээ дээ. Хэн ч миний Бутлагчын араас гашуудаж байгааг ойлгохгүй. Аллага! Аз болоход чанга хэлсэнгүй. Тэгвэл бүсэд ялах боломж олдохгүй.
- Зүгээр л... хэрвээ бид ялахгүй бол... Бутлагчыг ялаасай гэж хүссэн юмсан. Тэр намайг Рутын төлөө явахыг зөвшөөрсөн.
- Тиймээ, ойлгож байна. Гэхдээ энэ чинь бид арван хоёрдугаар бүсэд нэг алхам ойртлоо гэсэн үг гээд Пит миний гарт байгаа тавгийг нударч,
- Хөрөөгүй байгаа дээр нь ид гэв. Би хайхрамжгүй царайлахыг хичээн хурганы махыг авсан ч цавуу шиг санагдан хүндхэн зажиллаа. - Өөр бас Като биднийг агнахаар хөөцөлдөж эхлэнэ гэсэн үг.
- Бас өөрийнхөө юмыг авсан байдаг гэж Пит нэмэрлэв. - Тэр шархадсан байх даа.
- Чи яагаад ийм итгэлтэй байгаа юм?
- Бутлагч зүгээр нэг үхэх хүн биш. Тэр биерхүү маш хүчтэй. Тэгээд ч өөрийн гэсэн газар нутагтай байсан. - Сайн байна. Като хүнд шархдах тусмаа дээр. Ингэхэд үнэг яаж байгаа бол?
- Өө, түүний бүх зүйл хэвийн гэж бодож байна гэж би одоо хүртэл түүний эвэр дээр нуугдсан явдалд уурласан хэвээр байсан тул унтууцан хэлээд,
- Катог бодоход хамаагүй амархан байх гэв. - Магадгүй тэд бие биенээ хөнөөх юм бол бид гэр лүүгээ явж болох юм. Анхааралтай жижүүрлэх хэрэгтэй болох нь. Би хоёр удаа зүүрмэглэсэн.
- Би ч гэсэн. Гэхдээ өнөө шөнө зүүрмэглэж болохгүй. Бид хоолоо дуусаад чимээгүй болоод түрүүлж жижүүр хийх үүргийг Пит өөртөө авлаа. Би дэргэд нь хөнжилд шургаж хэвтээд дурангаас зугтан нүүрээ юүдэнгээр халхлав. Надад сэтгэл хөдлөлтэйгээ тэмцэх хэдэн хором хэрэгтэй байв. Би Бутлагчтай чимээгүйхэн салах ёстой гүйцэтгэж амьд үлдээсэн явдалд талархан санаж явах бөгөөд тоглоомд ялвал түүний болон Рутын гэр бүлд туслахаар хичээхээ амлав. Дараа нь гэдэс цадаж Питийн биенд дулаацсан болохоор нойр хүрэв. Пит намайг сэрээх үед ямааны бяслаг ханхлав. Би нүдээ нээгээд урдаа зузаан цөцгийн тос түрхсэн хагас зүсэм талх, алимны өөдөстэй хамт байхыг харлаа.
- Битгий уурлаарай. Би түрүүлээд идчихсэн. Энэ чинийх гэж Пит хэлэв.
- Зүгээр дээ гээд би талхаа том хазлаа. Бяслаг Прмиийн хийдэг шиг сайхан үнэртэй сүү амтагдсан ажээ. - Бид талхны газар ямааны бяслагтай алимтай бялуу хийдэг байсан гэж Пит хэлэв.
- Үнэтэй байх даа.
- Манай гэр бүлийн хувьд идэхэд хэтэрхий үнэтэй. Зөвхөн хуучирсан хойно нь идэж болно. Ер нь шинэхэн талх ч ховор иддэг юм гээд тэр унтлагын хөнжилд орж хурхирлаа.
Хөөх! Мухлагын худалдаачдыг сайхан амьдардаг гэж бодсон юмсан. Гэхдээ үнэндээ Пит хоолоор дутаж байгаагүй нь үнэн билээ. Хатсан талхыг хэн ч авахыг хүсдэггүй болохоор зажлахаас өөр яахав. Харин бидний хувьд өдөр бүр идэх юм олж ирдэг болохоор шинэхэн байдаг байлаа.
Хэсэг хугацааны дараа миний жижүүрлэх ээлж дуусахад бороо алгуурхан биш тэр дороо намдав. Дусаал гоожих нь зогсож, мөчрөөс ус дуслаад, үерлэсэн гол эргээ халин шуугих сонсогдоно. Тэнгэрт дугариг үзэсгэлэнтэй сар мандахад жинхэнэ сар юмуу дэлгэцэн дээр үзүүлж байгаа эсэхийг нь мэдсэнгүй. Гэрээс явснаас хойш бүтэн сар өнгөрчээ. Гейл бид хоёр сүүлд агнах үедээ ийм сар харсан.
Би хичнээн удаан хугацаанд гэртээ байсангүй вэ? Капитолд бэлтгэл хийхийн тулд долоо хоног, бүсэд ойролцоогоор хоёр долоо хоног. Бараг л сар болсон байх. Би яагаад ч юм энэ сарыг арван хоёрдугаар бүсэд ойд харсан сар байгаасай гэж хүсч байлаа. Бүх зүйл нь эргэлзээтэй байдаг бүсэд нэг ч гэсэн бодит юм байсан нь дээр. Бид дөрвүүлээ үлдсэн.
Би анх удаагаа жинхэнээсээ ялан гэртээ харих боломжын тухай сайтар бодож үзлээ. Алдар нэр, эд баялаг, ялагчын байшин. Ээж, Прим хоёр надтай амьдрана. Өлсөхийн зовлонгүй, шинэ эрх чөлөө. Гэвч дараа нь яах билээ? Би өдөр тутам юу хийх болж байна? Ихэнхи цагаа хоол хүнс худалдаж авахад зориулах хэрэг үү? Би энэ бодолтойгоо эвлэрч чадсангүй. Ухаанд ахин Хеймитч болон түүний мөнгө санагдав. Түүний амьдрал юу болж хувирсан хэрэг вэ? Эхнэр хүүхэдгүй цор ганцаараа амьдарч унтаагүй үедээ үргэлж согтуу байдаг. Дайсандаа ч тийм төгсгөлийг хүсэх юм биш.
- Гэхдээ чи ганцаараа биш шүү дээ гэж би өөртөө шивнэв.
Надад ээж Прим хоёр байгаа. Цаг нь ирэхээр бодохоос биш одоо Примийн өсч том болоод, ээжийн үгүй болох тухай бодохыг хүсэхгүй байна. Би хүүхэдтэй болохгүйн тулд хэзээ ч нөхөрт гарахгүй гэж боддог байлаа. Тоглоомд ялах нь миний хүүхдүүдийг хамгаалахгүй. Тэдний нэр ургацын үеэр бусдын адил орох болно. Би ийм зүйл болохыг зөвшөөрөхгүй.
Нар мандахад чулууны завсар туяа тусан Питийн нүүрийг гийгүүлэв. Биднийг гэртээ буцвал тэр яах бол? Энэхүү нууцлаг сайхан сэтгэлтэй худал яриагаараа Панемыг итгүүлэх чадалтай хүү надад хайртай. Бид найз хэвээр үлдэнэ гэж найдаж байна. Бүсэд бие биенээ аварч байсан нь өөрчлөгдөхгүй. Тэр миний хувьд үргэлж талх бэлэглэсэн хүүгээр үлдэх болно. Сайн найзууд. Тэгтэл... Миний Питийг харж байгаа шиг олон бээрийн цаанаас ширтэх Гейлийн саарал нүдийг мэдэрлээ.
Дотор эвгүйцэхэд Пит рүү очин мөрөнд нь хүрэн сэрээв. Тэр нойрмог нүдээ нээмэгц намайг хараад татан удаанаар үнслээ. - Бид агнах цагаа хоосон алдаад байна гэж би Питээс хөндийрөөд хэлэв.
- Би лав үүнийг хоосон цаг алдах гэж нэрлэхгүй. Тэгэхээр анд гарах нь хоосон гэдэстэй явахаар тийм яаралтай юм уу? - Хооллоно. Агнахад хүчтэй байх хэрэгтэй.
- Намайг ч гэсэн тооцчихоорой гээд Пит миний тавган дээр хуваан тавьсан махыг харж гайхсан, - Бүгдийг нь идэж байгаа юмуу? гэлээ..
- Өнөөдөр буцаагаад олчихно гэж би амтархан зажилж хэллээ. Хоол хөрсөн ч амт нь хэвээр байв. Би тавган сэрээгээ тавиад сүмсийг нь хуруугаараа арчингаа, - Эффи үүнийг харсан бол яах байсан бол? гэв.
- Хөөе, Эффи үүнийг хараач! гэж Пит хашгираад сэрээгээ чулуудан тавгаа долоож тамшаалаад агаарын үнсэлт илгээн, - Бид чамайг санаж байна, Эффи! гэв.
Би инээд алдсанаа амыг нь дараад, - Больж үз! Като бидний агуйг олчихвол яана гэв.
Пит миний гарыг холдуулаад,
- Тэгвэл яана гэж? Чи намайг хамгаалж байгаа биз дээ гээд намайг өөр лүүгээ татлаа. - Хангалттай гээд би уурсаад Питийг үнсэж амжихаас өмнө тэврэлтээс нь мултарлаа.
Бид агуйгаас гармагцаа чухал төрхтэй болов. Усан бороо цутгасан сүүлчийн хэдэн өдөр амралтанд байгаа юм шиг байлаа. Биднийг хад хамгаалж байхад Като Бутлагчыг мөшгиж байсан. Одоо тэнгэр цэлмэж нар гараад тоглоомын ширүүн бодит байдал эргэн иржээ. Би хутгаа Питэд өгөхөд бүсэндээ зүүлээ. Таван сумаа алдсан болохоор саадаг хоосорч долоон сум үлджээ. Үлдсэн сумаа нүдний цөцгий шиг хайрлахаас. - Тэр одоо биднийг агнах болно. Като олз нь өөрөө ирэхийг хүлээж суудаггүй юм гэж Пит хэлэв.
- Гэхдээ тэр шархадсан бол…
- Тэр хамаагүй. Явж чадаж байвал ирэх л болно. Бид борооны усанд хальж үерлэсэн голын эргээр явж усаа сэлбээд хэдэн өдрийн өмнө тавьсан зангаа үзэхэд хоосон байлаа. Ийм цаг агаартай байхад өөр яах ч билээ. Ойр хавьд ан амьтны бараа харагдсангүй.
- Хоолтой болъё гэвэл миний өмнө агнаж байсан газар луу явсан нь дээр байх. - Шийдвэрийг чи гаргана шүү дээ. Зөвхөн юу хийхийг хэлэхэд болно.
- Эргэн тойрноо сайн хараарай. Мөр үлдээхгүйн тулд чулуун дээгүүр яв. Бас хоёр хүний өмнөөс сонсох хэрэгтэй шүү.
Дэлбэрэлтэнд миний зүүн чих дүлийрсэн нь тодорхой байлаа. Би ул мөр үлдээхгүйн тулд усан дундуур явахыг хүссэн ч Питийн хөл тийм урсгалд явж чадахааргүй байлаа. Эм
цусанд орсон халдварыг устгасан ч тэнхрээгүй сул дорой байв. Миний дух бас өвдсөн хэвээр цус гоожих нь намдсан ч толгойны боолтоо аваагүй байв.
Бид эрэг даган явсаар Питийг шавар дор нуугдаж байсан газар хүрлээ. Бороонд хальсан голын ус эргээ даван үерлэж тэнд байсан бүх ул мөрийг устгажээ. Тэгэхээр бид агуй руугаа буцаж ирж болох нь. Би Катог мөрдөн ирэхээс айж байсан юм. Үхэр чулууд аажмаар хайрга болон хувирч эцэст нь нарсны шилмүүс тааралдахад миний санаа амарлаа. Бид ойд байв. Тэгтэл шинэ асуудал тулгарч ирлээ. Чулуун дундуур явахад хөлөнд ядаргаатайгаас биш чимээ бага гаргадаг. Гэтэл Пит ойд хэтэрхий их чимээ шуугиан гаргаж байв. Шуугиан ч гэж хэлэхэд ч багтана. Сүрэг үхэр явж байгаа юм шиг. Би зогсоод харлаа.
- Яасан? - Аяархан явахыг хичээж болохгүй юу. Катогын тухай мартъя гэхэд ойр хавийн арван миль дэх бүх туулайг үргээх нь байна.
- Тийм гэж үү? Уучлаарай би мэдсэнгүй. Цаашаа явахад арай дээрдсэн ч би эрүүл чихэнд сонсогдох түүний алхаа болгонд цочиж байв.
- Гутлаа тайлж болох уу?
- Яаж дээ? Энд үү? гэж тэр тэр намайг улайссан нүүрсэн дундуур хөл нүцгэн алхахыг хүссэн юм шиг гайхширав. Мэдээж түүний хувьд арван хоёрдугаар бүсийн ой үргэлж аймшигтай хориотой газар байсан юм чинь. Би Гейлийн хичнээн аниргүй алхдаг тухай бодлоо. Олзоо үргээхгүйн тулд хатсан навчин дундуур ч чимээгүй гэтэж чадна. Тэр үүнийг хараад хөхөрч байгаа байх даа.
- Тиймээ. Би ч гэсэн тайлна. Тэгвэл чимээ хамаагүй бага гэж би мөн адил чимээ гаргасан юм шиг хэллээ. Бид гутал оймсоо тайлаад цааш хөдлөхөд сайжрал гарсан ч Пит замдаа тааралдсан мөчир болгоныг гишгэн хугалахаар шийдсэн мэт байв.
Хэдэн цагийн дараа Руттэй хоноглож байсан газраа хүрэхэд ан амьтан тааралдсангүй. Өөр үед загас барьж болох ч одоо ширүүн урсгалд боломжгүй байлаа. Би амарч ус уух зуураа цаашаа яахыг бодохыг хичээв. Питийг үндэс цуглуулахаар үлдээн өөрөө анд явж болох ч ганцхан хутгатай хүнийг Катогын хүчирхэг жадны эсрэг яаж үлдээх юм бэ. Эсвэл түүнийг найдвартай газар нууж үлдээгээд ангаа хөөсөн хойноо ирж авах уу. Бардам зан нь ийм зүйл зөвшөөрөхгүй гэдэгт айж байна.
- Китнисс би анг чинь үргээгээд байгаа бол хоёулаа хуваагдах уу.
- Хөл чинь өвдөж байгаад чи буруугүй гэж би энэ гол шалтгаан бишийг мэдэж байсан хэр нь өгөөмөр сэтгэлээр хэллээ.
- Буруугүй л дээ. Гэхдээ чи цааш надгүй явсан нь дээр. Надад иддэг ургамал заагаад өг. Бидэнд хоёуланд ашигтай.
- Хэрвээ Като чамайг алвал ашиггүй гэж би эелдэгээр хэлэхийг хичээсэн ч тааруухан болов.
Хачирхалтай нь тэр инээд алдав. - Катог яахыг минь хараарай. Түүнтэй ямар тулгарч сураагүй биш.
Энэ чинь юу гэсэн үг вэ. Шаварт золтой үхээгүй биз дээ. Би хорон үг хэлэх гэснээ хэлээ хазлаа. Пит миний амьдралыг Катогоос аварсан шүү дээ. Өөр арга хэрэглээд үзэхээс.
- Ер нь чи намайг агнаж байх зуур модон дээр яагаад тайван сууж болохгүй гэж? хэмээн би албархуу хэлэв. - Харин чи яагаад надад мах олохоор явахын өмнө идэшний ургамал загаад өгч болохгүй гэж? хэмээн Пит хоолойны өнгө дуурайн даажигнан хэллээ.
Би санаа алдаад Питэд үндэс хаанаас олох боломжтойг заав. Хоол бидэнд зайлшгүй хэрэгтэй. Ганц алим, хоёр зүсэм талх, зүсэм бяслаг хамарт ч үгүй аманд ч үгүй. Катог ирэхгүй гэж найдаад ойрхон л байхаас. Би явахын өмнө Питэд бүх зүйл хэвийн гэж мэдэгдэх дохионы дуу сургав. Аз болоход Пит исгэрэлтийг дор нь сурлаа. Би түүнд юм хумаа орхиод цааш явав.
Арван нэгэн настай байхад хашаанаас гарсан үеийн айдас ахин төрөхөд ойрхон хориос гучин ярдын зайд агнахаар шийдлээ. Питийн үгүйд ой амилах шиг болоод ан амьтан шурхийн гүйлдэнэ. Би Питийн тогтмол хугацаанд исгэрэхийг сонсоод тайвширч жаахан цаашилан хоёр туулай, тарган хэрэм агнаад хангалттай гэж үзэв. Урхи тавиад загас барихыг оролдож үздэг хэрэг. Питэд бас иддэг үндэс байгаа.
Би богино зайн аялал хийгээд буцахдаа гэнэтхэн Пит дохионы чимээ өгөхгүй удсаныг анзаарлаа. Би исгэрсэн ч хариу өгсөнгүйд гүйлээ. Үүргэвч дэргэд нь нямбайлан хураасан үндэс байна. Газар хуванцар дээр жимс дэлгэжээ. Пит хаана байна? - Пит! Пит! гэж би сандран хашгиртал бут шажигнасанд эргээд түүнийг золтой л сумаар сүлбэчихсэнгүй.
Аз болоход нумаа зайлуулж амжаад дэргэдэх царсанд нь зоогдлоо. Пит алхам ухрахад навчис дунд жимс нь асгарав. Миний айдас уур хилэн болон солигдов. - Чи яагаад явсан юм? Чиний үүрэг энд байх ёстой болохоос биш ойгоор тэнэх биш!
- Би горхийн тэнд жимс олсон гэж тэр миний уурласан явдалд мэгдэн хэлэв.
- Тэгвэл яагаад исгэрэхэд хариулахгүй байсан юм? - Би сонсоогүй. Гол үерлээд хүчтэй шуугиж байсан гээд тэр мөрөн дээр алгаа тавихад миний хамаг бие чичирч байв.
- Би Като чамайг алсан гэж бодлоо! гэж би бараг л хашгирлаа.
- Китнисс зүгээр дээ, би сайн гээд Пит намайг тэврэхэд эсэргүүцсэнгүй ч түлхээд хэвийн байдалд орохыг хичээв.
- Хоёулаа дохио өгөх болон хол явахгүй талаар тохиролцсон. Хэрвээ дохионд хариулахгүй бол гай зовлон тохиолдсон гэсэн үг. Энэ үнэхээр тийм ойлгомжгүй байна гэж үү? - Ойлгомжтой.
- Би ингэж яваад Рутын яаж үхэхийг харсан юм!
Би эргээд үүргэвчээ нээн лонхтой ус автал жаахан үлдсэн байв. Би Питийг амар уучилсангүй. Тэгтэл хамаг анхаарал хоолонд татагдав. Талх, алиманд хүрээгүй ч бүтэн бяслаг багасчээ.
- Чи намайг үгүйд юм идээ юу! гэж би сөргөлдөх шалтгаан өдлөө.
- Идсэн гэнээ? Үгүй дээ, юу ч идээгүй. - Тэгвэл бяслаг алим хаачсан болж байна.
- Бяслаг яасныг мэдэх юм алга гэж Пит биеэ барихыг хичээн удаанаар хэлээд,
- Би бяслаг идээгүй. Голоос жимс түүж байсан. Хар л даа гэв. Гэсэн ч би хурдан бууж өгөхийг хүсээгүй болохоор зогсоод жимс рүү ширтэв. Урьд нь хэзээ ч харж байгаагүй үл таних жимс байлаа. Үгүй би түүнийг хаа нэгтээ харсан. Бүсэд лав биш. Рутын жимстэй төстэй юм. Бэлтгэл дээр үүнийг бидэнд үзүүлж байсан. Би хэдэн жимс аваад хуруугаараа өнхрүүлж үзэв.
Тэгтэл аавын <<Үүнийг л биш шүү, Китнисс. Ямар ч тохиолдолд үүнээс идэж болохгүй. Энэ бол хортой жимс. Залгиж ч амжаагүй байхдаа үхнэ>> гэж захиж байсан нь санагдав. Их буу буудлаа. Би огцом эргэж Питийг газар унахыг хүлээсэн ч гайхширсан байртай хөмсгөө өргөв. Зуун ярдын зайд онгоц ирээд Үнэгийн эцэнхий биеийг авч явахад шаргал үс нь наранд гялсхийв.
Би бяслагыг харангуутаа тааварлах ёстой байж... Пит миний гараас бариад мод руу түлхэв.
- Түргэл. Би араас чинь авиръя. Дээрээс хамгаалахад амар.
Би түүнийг зогсоогоод тайвнаар, - Үгүй, Пит. Түүнийг Като биш чи алсан гэлээ.
- Юу? Би түүнийг эхний өдрөөс хойш хараагүй байж яаж алах болж байна? Би хариуд нь жимсийг үзүүлэв. 21
Пит юу болсныг шууд ойлгосонгүйд би Үнэг хэрхэн мэргэжлийнхний хоол хүнсийг дэлбэлэхээс өмнө хэнд ч ажиглагдахгүй хулгайлж байсан тухай тайлбарлаж өглөө. Харин одоо бидний түүсэн жимсийг идэхээр түүсэн аюулгүй гэдэгт итгээд хулгайлжээ.
- Тэр яаж биднийг олсон юм бол. Би хэтэрхий их чимээ шуугиан гаргасан болсон байх гэж Пит хэлэв.
Биднийг дагах нь сүрэг үхэр дагахаас ч амархан байсан ч би эелдэг байхыг хичээн, - Пит, тэр маш ухаантай. Чамайг түүнийг мэхлэх хүртэл их ухаантай байсан гэв.
- Би түүнийг хуураагүй. Хэдийгээр шударга биш ч гэлээ тэр жимсийг түрүүлж идээгүй болд бид үхэх байлаа гэснээ,
- Мэдээж идэхгүй байсан байх. Чи хортой жимс гэдгийг нь таньсан биз дээ? гэв. - Тийм гээд би толгой дохилоо.
- Китнисс, намайг уучлаарай. Би чиний л түүсэн жимс юм байх гэж бодлоо.
- Уучлал гуйх хэрэггүй дээ. Одоо гэртээ нэг алхам ойртсон биз тийм үү? - Би үлдсэнийг нь хаячихъя гээд Пит үлдсэн жимсийг хуванцар дээр цуглуулан бут руу явлаа.
- Хүлээгээрэй! гэж би хашгираад үүргэвчнээс нэгдүгээр бүсийн залуугийн хүүдийг гаргаж ирэн хоёр атга жимс хийгээд,
- Үнэгийг хуурч дөнгөсөн юм чинь Като дээр бүтэх ч юм билүү. Тэр бидний араас мөрдвөл санаандгүй юм шиг уутаа хаяад идэхийг нь харъя... гэв.
- Тэгвэл ч арван хоёрдугаар бүс сайн байна уу болно доо.
- Яг тийм гээд би уутыг бүсэндээ уялаа. - Тэр биднийг холгүй байгааг мэдсэн. Онгоц хараад үнэгийг алсан гэж мэдэх болохоор ирэх байх даа.
Питийн зөв. Като зөвхөн боломж хүлээж байгаа. Гэхдээ эндээс зугтсан ч хоол цайгаа бэлтгэх галаар хаана байгааг олоод ирэх болно.
- Тэгвэл энд түүдэг асаая гээд би мөчир цуглуулав. - Чи түүнтэй уулзахад бэлэн байгаа юм уу? гэж Пит гайхлаа.
- Би идэхэд бэлэн байна. Боломж олдсон дээр нь хоолоо бэлдээд авъя. Като биднийг энд байгааг мэдсэн ч Үнэгийг хоёулаа агнасныг мэдсэн болохоор яаж ч чадахгүй. Тэгээд ч чиний бие тэнхэрсэн. Бид түүдэг асааснаараа түүнээс айх биш ирэхийг урьж байгаа юм. Чи тийм тохиолдолд ирэх үү?
- Ерөөсөө ч үгүй. Пит нойтон мөчрөөр гал чадмаг асаах зуур би туулай, хэрмээ шарахад бэлдэн үндсээр хачирлан навчинд ороогоод халуун нурман дээр тавив. Түүнчлэн идэшний ногоо түүнгээ Като ирэх нь үү гэж анхааралтай харж байсан ч үзэгдсэнгүй.
Хоол бэлэн болоход би үүргэвчиндээ хийгээд замдаа идэхээр туулайн хөлийг үлдээв. Би шөнө хоноглох тохиромжтой мод эрэхийн тулд толгод руу өгсөхийг хүссэн ч Пит эсэргүүцэж,
- Китнисс, би модонд авирч чадахгүй. Тэгээд ч хөл өвчтэй байна. Яаж газраас тавин футын өндөрт унтах юм билээ гэв.
- Дор хоноглох аюултай. - Агуйдаа эргээд очих уу? Тэнд усны дэргэд хамгаалахад эвтэйхэн.
Би санаа алдлаа. Ой дундуур хэдэн цаг яван чулуунаас өөр юу ч байдаггүй ангүй газар луугаа буцах гэж үү? Питэд юу гэж хэлэх вэ? Тэр өдөржингөө миний зааврыг биелүүлсэн болохоор модон дээр хоноглохыг эсэргүүцэж байгаа байх. Би өнөөдөр Питтэй сайнгүй харьцан хэтэрхий их чимээ гаргалаа гэж яншиж, алга болсонд нь хашгичиж загнасан. Агуйн романтик байдал халуун наранд Като хэзээ гарч ирэх нь мэдэгдэхгүй заналхийлж байгаад оргүй алга болжээ. Хеймитч лав өөрийгөө мэдэхээ больсон байх. Харин үзэгчид...
Би Питийн хүзүүгээр тэврээд үнслээ.
- Тэгэлгүй яахав. Агуй руугаа буцацгаая. Пит санаа амарсан байртай,
- Би чамайг ийм хурдан зөвшөөрнө гэж бодсонгүй шүү гэв.
Би сумны зэвээ гэмтээхгүйг хичээн царснаас болгоомжтой сугалж авлаа. Сум хоол хүнс, аюулгүй байдал төдийгүй амьд үлдэхэд чухал хэрэгцээтэй байв.
Явахдаа түүдгээ асаалттай орхив. Ийм байдалтай хэдэн цаг уугих хэдий ч Като хууртагдана гэдэгт эргэлзэж байна. Горхийн ус намдаж урсгал нь алгуур болжээ. Би усаар явахыг санал болгоход Пит зөвшөөрлөө. Түүний дээр усанд газар дээрхээс чимээ багатай байсан болохоор давхар ашигтай байв. Агуй руу очих зуураа туулайгаа идэн хүч сэлбэсэн ч зам төгсгөлгүй санагдсан хэвээр. Бид хэт өлсөж доройтсон болохоор юм идэхийг тэсгэлгүй хүсч байлаа. Би Катог гэнэт гарч ирэхээс сэргийлэн бас загас тааралдвал харвахаар нумаа бэлхэн барьж явав. Голын усанд хачирхалтай хоосорчээ.
Эцэст нь нар тэнгэрийн хаяанд очих үед эрэг дээр гарлаа. Лонхоо усаар дүүргэн сэлбээд орогнох газраа очих жижигхэн налуу руу өгсөв. Энэхүү зэлүүд таагүй газарт байрлах агуй бараг л бидний гэр болжээ. Баруун зүгээс хүчтэй салхи салхилж эхлэхэд агуйд модон дээр байснаас дулаахан нөмөртэй байв. Би оройн хоолоо дэлгэх зуур Пит дохилзож эхлэв. Хэдэн өдрийн хөдөлгөөнгүй байдлын дараа өнөөдрийн аялал хүнд болсон гэдэг нь илт. Намайг унтлагын хөнжил дэлгэв үү үгүй юу хэвтээд өгөхөд хөнжлийн цахилгааныг эрүү хүртэл нь татаад үзэгчдэд биш өөртөө зориулан духан дээр нь үнслээ. Учир нь би түүнийг надтай байж үхээгүйд баярлаж байв. Бас Катотой ганцаар нүүр тулгарахгүй гэдэгт баяртай байсан юм.
Хэрцгий догшин Като хүний хүзүүг ганц мушгин хугалах чадвартай бөгөөд Бутлагчыг дийлж тоглоомын эхнээс надтай тулгарахыг мөрөөдсөн. Миний бэлтгэл дээр илүү оноо авсанд эгдүүцсэн байж болох юм. Өөр хүн байсан бол мөрөө хавчаад өнгөрөх байсан ч Като ухаангүй уурласан бололтой. Үүнд олон шалтгаан хэрэггүй байсан юм. Хоол хүнсийг нь дэлбэлсэнд уурласан! Бусад нь ч гэсэн нэг их баярлаагүй ч Като галзууртлаа уурласан. Ер нь түүний толгой хэвийн болов уу.
Тэнгэрт сүлд гялалзан үнэгийн царайг үзүүлээд үүрд алга боллоо. Пит юм хэлээгүй ч Үнэг түүний буруугаас болж үхсэнд эвгүй байсан байх. Түүний үхэлд харамсаж байна гэж хэлэхгүй ч биширч байгаагаа хэлэх ёстой. Бидэнд ямар нэг даалгавар өгсөн бол Үнэг ямар ч оролцогчоос зуун оноогоор түрүүлэх байсан. Тэгээд ч бид жимсийг зориуд хордуулахаар тавьсан бол сэжиглээд авахгүй байсан гэдэгт итгэлтэй байна. Питийн хайхарамжгүй зан түүнд гай болжээ. Өрсөлдөгчөө хэт үнэлэх нь доогуур үнэлэхээс илүү аюултай.
Миний бодол Като дээр эргэн ирлээ. Би Үнэгийн хүчтэй болон сул талыг ойлгож байх шиг санагдаж байсан ч Катогын тухайд юу билээ? Сайн бэлтгэгдсэн хүчирхэг. Гэвч хэр ухаантай бол? Мэдэх юм алга. Ямар ч гэсэн Үнэг шиг ухаантай биш. Бас биеэ барих чадваргүй түргэн ууртай. Үнэндээ бид үүгээрээ төстэй. Би зохион байгуулагчдыг тоохгүй байна гэж уурлан шарсан тоорой руу сум илгээн харвасан билээ! Магадгүй иймээс Катог сайн ойлгож байж магадгүй.
Би ядарснаа үл харгалзан зүүрмэглэлгүй Питэд ердийнхөөс удаан унтах боломж олгоод үүр гэгээрэх үеэр мөрнөөс нь татан сэрээлээ. Пит түгшин харлаа.
- Би шөнөжингөө унтсан байна. Китнисс энэ чинь шударга биш хэрэг шүү дээ. Чи намайг сэрээх ёстой байсан юм. Би хөнжил рүү шурган ороод,
- Одоо унтлаа. Ямар нэг сонирхолтой юм болвол сэрээгээрэй гэв. Юу ч болсонгүй бололтой намайг сэрэхэд үдээс хойшийн хурц нар чулууны завсраар ээж байв. - Манай найз үзэгдээгүй байна уу? гэж би асуухад Пит толгой сэгсрэв.
- Үгүй. Түүний энэ байдал намайг түгшээж байна шүү.
- Зохион байгуулагчид биднийг хэзээ нэг дор хөөн цуглуулах юм бол? - Үнэг нэг өдрийн үхсэн болохоор үзэгчид уйдаж эхэлсэн байх. Хэзээ ч байж магадгүй.
- Тийм шүү надад энэ өнөөдөр болно гэсэн мэдрэмж төрөөд байна. Тэднийг яаж хийхийг мэдэх юмсан гээд би гадагшаа шагайн харлаа.
Питэд сайнгүй бодол төрсөн бололтой юм хэлсэнгүй.
- Юу ч болоогүй байхад агнаж цаг үрмээргүй байна. Эхлээд тэнхээ орж авах хэрэгтэй. Гэнэтхэн замд юм тааралдах ч юм билүү. Пит юмаа баглахад би туулайн мах, үндэс, ногоо, сүүлчийн зүсэм бяслагтай арвин их хоол идэв. Нөөц болгон хэрэм, алимаа үлдээлээ.
Биднийг явахаар гарахад туулайн ясан овоо үүсчээ. Гар цул тос болсон нь эвгүй санагдана. Атираанд бид өдөр болгон усанд ороод байдаггүй ч цэвэрхэн байдаг билээ. Хөлнөөс бусад газар тэр чигээрээ бохир болсон байв. Бид агуйгаа үүрд орхив. Бүсэд ахин хононо гэж бодохгүй байна. Амьд үхсэний алин ч бай өнөөдөр эндээс гарах болно. Би хадтай салах ёс гүйцэтгээд горхи руу угаалга хийхээр уруудав. Толгойгоо угааж үсээ нойтноор нь сүлжихээс. Тэр ч байтугай хувцсаа хөнгөхөн угаагаад авч болох юм. Бид гол руу хүрлээ. Өөрөөр хэлбэл гол байсан газар луу. Голын шаварлаг хөрс наранд эвэрч хатсаныг би гараараа тэмтэрч үзэв. - Өчүүхэн чийг ч алга байна. Биднийг унтаж байх хооронд алга болсон байх.
Би усгүй цангаж байснаа санатал айдас төрөн хэл аргаж, бүх бие хөшөөд бодол санаа замбараагаа алдав. Лонх дашмаг дүүрэн хэдий ч ийм халуунд хоёр хүн дор нь хоослох болно.
- Нуур. Биднийг тийш нь аваачихаар төлөвлөж байгаа байх хэмээн Пит хэлэхэд, - Зарим нэг цөөрөм үлдсэн байж магадгүй гэж би найдангуй хэлэв.
- Замдаа шалгачихъя.
Би өөрөө өөрийгөө хуурч байгаагаа мэдэж байсан ч хөлөө дүрж байсан цөөрөм рүү явлаа. Хоосон тоостой хонхор үлджээ. Энэ нь бидний бодсон зүйл үнэн гэдгийн баталгаа боллоо.
- Чиний зөв. Тэд биднийг нуур луу хөөж байна гэж би хэлэв. Нуур ил газар болохоор үзэгчдэд цуст тулааныг харахад саад болох зүйлгүй. - Шууд явах уу эсвэл усаа дуусахыг хүлээх юм уу?
- Одоо бид цатгалан сайн амарсан байгаа болохоор шууд явсан нь дээр. Бүгдийг түргэн дуусгая. Би толгой дохилоо. Хачирхалтай нь тоглоом эхэлсэн анхны өдрийнх шиг мэдрэмж төрөв. Хорин нэгэн оролцогч үхсэн ч Като өмнөхийн адил амьд хэвээр байгаа. Тэр миний алах ёстой гол дайсан байсан гэж үү? Одоо бусад оролцогчид шийдвэрлэх тулааны өмнөх ялихгүй саад байсан санагдах аж. Като бид хоёрын дундах тулаан.
Гэсэн ч үгүй байлаа. Дэргэд зогсож байсан Пит мөрөн дээр гараа тавиад, - Хоёрын эсрэг нэг. Зүсэм бялуу л гэсэн үг гэв.
- Дараагийн удаад бид Капитолд хоол идэх болно.
- Чи үүнд мөрийцөж болно шүү.
Бид нарны гэрэлд тэврэлдэн зогсоод хөл дор өвс сэрчигнэхийг сонсов. Тэгээд нэг ч үг хэлэлгүй салаад нуур луу явлаа. Одоо намайг Питийн алхаанд мэрэгчид үргэн, шувуу дэрхийн нисэж байгаа нь зовоосонгүй. Бид удахгүй Катотой тулалдах гэж байна. Өөр сонголт байхгүй. Хэрвээ зохион байгуулагчид тулааныг нээлттэй газар явуулахыг хүсч байгаа бол нээлттэй газар болох л болно.
Бид миний мэргэжлийнхнээс зугтан авирсан модны дэргэд амрахаар зогсов. Дор зөгийн үүр хэвтсэн хэвээр бороонд хэлбэр дүрсгүй шалчийн хатжээ. Гутлын хоншоороор хүрч үзсэнд тоос болон салхинд дэгдэв. Би Рутын нуугдаж байсан газар луу харлаа. Алуурчин зөгий, Гялбаагын хөөж хавдсан бие, аймшигтай хий үзэгдэл...
- Явъя гэж би энэхүү баргар газраас хурдан явахын түүс болон хэлэхэд Пит эсэргүүцсэнгүй.
Өнөөдөр бид оройтож гарсан учир талбайд үдэш хүрлээ. Като хаа ч үзэгдсэнгүй. Зөвхөн жаргаж буй нарны гэрэлд алтан Эвэр гялалзах аж. Бид Катог Үнэгийн аргыг хэрэглэхээр шийдсэн эсэхийг шалгахаар тойрч үзэхэд хоосон байлаа. Дараа нь нуур луу очиж усаа сэлбэв.
- Түүнийг харанхуй болохоос өмнө ирнэ гэж найдаж байна. Бидэнд ганцхан нүдний шил байгаа гээд би нар луу хөмсөг зангидан харлаа. - Магадгүй тэд үүнийг л хүлээж байгаа юм билүү. Одоо юу хийх вэ? Агуй руу буцах уу? гээд Пит усанд йод дусаав.
- Хоноглох мод олсон нь дээр. Хагас цаг хүлээгээд ирэхгүй бол явцгаая.
Бид нуурын эрэг дээр ил суулаа. Нуугдах бодол байсангүй. Талбайн захад ургасан модон дээр шооч ятга шаазгай цухалзана. Би Рутын дөрвөн хөгтэй аяыг дуулахад шувууд сониучирхан чимээгүй болон сонсов. Нам гүм дунд би дуугаа ахин давтав. Эхлээд нэг ятга шаазгай дараа нь өөр нэг тэгээд ар араасаа миний дууг дамжуулахад ойгоор нэг цуурайтав.
- Чи яг л эцэг шигээ юм гэж Пит хэлэв.
Би энгэртээ байсан зүүгээ хуруугаараа тэмтэрч үзээд, - Энэ Рутын дуу байгаа юм. Тэднийг санаж байгаа гэж бодож байна гэв.
Уянгын дуу эгшилэхэд би ямар гайхамшигтай болохыг нь мэдэрлээ. Ая эгшиг нь хөглөгдөн сэтгэл татам дуурсана. Ийм чимээ Рутын ажиллаж байсан арван нэгдүгээр бүсийн жимсний цэцэрлэгт үдэш болгон эгшиглэдэг байсан. Одоо тэр үхсэн болохоор хэн түүний оронд дуулах билээ? Би нүдээ аниад уянгалаг хөгжмийг чагнав. Хөгжим эхэлсэн шигээ гэнэт зогсоод таагүй чимээ болон өөрчлөгдөв.
Шувууд дуулахаа болиод чих дөжрөм орилов. Бид хөл дээрээ үсрэн бослоо. Пит хутгаа гаргахад, би нумныхаа хөвчийг татлаа. Модны цаанаас Като гарч ирээд бидний зүг гүйв. Гарт нь жад байтугай ямар ч зэвсэг байсангүй. Миний сум цээжинд нь тустал хачирхалтайгаар ойлоо.
- Тэр хуягтай байна! гэж би Питэд хашгирав. Энэ агшинд Като дэргэд ирэхэд би бүх хүчээ хураан бэлтгэтэл... тэр хурдаа саалгүй хажуугаар нисэн өнгөрөв. Би агшин зуур түүний амьсгаадан минчийж улайсан хөлстэй нүүрийг харлаа. Тэр холоос гүйсэн бололтой. Бидэн рүү биш өөр зүйлээс аврагдахыг оролдож байна. Юунаас тэр юм бол?
Би ойн зах руу анхааралтай хартал нэг амьтан үсрэн гарч ирэв. Тэгээд эргэхийнхээ урьд өөр зургаан амьтан нэгдэхийг хараад Катогын араас зугтан аврагдахаас өөр зам үлдсэнгүй. 22
Мутантууд. Эргэлзээгүй. Би хэзээ ч ийм амьтан харж байсангүй. Аварга том чоныг санагдуулам хэдий ч чоно харайхдаа арын хөлөн дээрээ тэнцвэрээ хадгалан үлддэг билүү? Ямар чоно урд талын сарвуугаа гар шиг даллан бусдыгаа дууддаг юм бэ? Гэвч энэ миний алсаас харсан зүйл. Ойртож ирэхэд нь өөр ямар ч аймшигтай зүйл харагдах юм билээ.
Като Эвэр рүү гүйхэд би эргэлзээгүй араас нь дагалдав. Хэрвээ тэр тэнд аюулгүй гэж бодсон бол эргэлзэх хэрэг юу байна. Дэргэдээ байгаа мод руу авирч болох ч өвчтэй хөлтэй Питийг хоёр харайгаад гүйцнэ.
- Пит! Би Эврийн шовх үзүүртэй төмөр сүүлэнд хүрээд хамтрагчынхаа тухай саналаа. Тэр арван таван ярдын зайд бүх хүчээ гарган гүйж араас нь мутантууд түргэн ойртож байлаа. Би сум харвахад нэг нь унасан ч бусад нь хэтэрхий олуулаа байв. Пит Эврийн зүг гараа савчин,
- Китнисс, дээшээ! Түргэл! гэж хашгирлаа. Түүний зөв байлаа. Би газар өөрийгөө ч түүнийг ч хамгаалж чадахгүй. Би Эвэр лүү гар хөлөөрөө зууран авирлаа. Хэвтэж буй эврийг санагдуулам цэвэр алтан гадаргуу дээрх жижигхэн ховилноос барьж болохоор ажээ. Гэвч өдрийн наранд улайстал халсан төмөрт гар түлэгдэн цэврүүтэв.
Като Эврийн орой дээрх хорин футын өндөр дэх өргөн талбай дээр хэвтээд түргэн амьсгаадана. Одоо л түүнийг дуусгах тохиромжтой мөч ирлээ. Би эврийн дунд зогсоод сумаа хараалж амжаагүй байтал Питийн хашгиралт сонсогдоход огцом эргээд сүүлэнд дөнгөж хүрч ард нь амьтан өсгий даран мөшгиж байхыг харлаа.
- Авир! гэж би орилов.
Пит хүндхэн авирч эхлэхэд шархадсан хөл, хутга барьсан гар нь саад болов. Би төмрөнд сарвуугаа хүргэсэн эхний амьтаны хүзүүнд сумаа зооход хажуу тийш үхэдхийн унахдаа сүргийнхээ нэгийг маажин шархдуулав. Тэгэхэд л би сахлын хутга шиг урт хурц хумстай сарвуутай болохыг нь харлаа.
Пит эцэстээ надад хүрэхэд гарнаас бариад өөр лүүгээ татлаа. Катогын тухай санаад эргэтэл хахаж цацан атиралдан биднээс илүү мутантаас айж байгаа бололтой. Тэр ямар нэг юм орилсон ч амьтан хүрхрэх чимээн дунд би юу ч сонсож чадсангүй.
- Юу? гэж би ориллоо. - Тэднийг авирч чадах эсэхийг асууж байна хэмээн Пит хэлэхэд миний анхаарал эврийн ёроол руу буцаж татагдав.
Амьтад нэг дор цуглараад бие биенээ түшин арын хөл дээрээ босож хүнтэй төстэй эвгүйцэм аймаар болов. Тэд шулуун, гялгар, буржгар гээд янз бүрийн өтгөн сахлаг үстэй агаад өнгө нь хүртэл тас хар, цайвар гээд ондоо ажээ. Тэдэнд нэг л толгойтой үс босгомоор аймшигтай зүйл байсан ч би юу гэдгийг нь хэлж чадсангүй. Амьтад хошуу эвэрт хүргэн төмрийг шиншилж, сарвуугаараа маажин хоорондоо чих дөжрөм урхирч байв. Тэгснээ зөвлөлдсөн бололтой зай тавин ухрахад тэдний нэг болох том биетэй цайвар үстэй амьтан эвэр лүү давхиж ирэн харайгаад хүчирхэг арын сарвуугаараа биднээс арван футын зайд газардан шүдээ ярзайлган архирав. Араатан хормын турш байрандаа тогтоход би тайван байлгахгүй нь гэдгийг ойлгов. Ногоон асан дүрэлзсэн нүд нь чоно нохойны алинтай ч төстэй байсангүй. Тэдний нүд миний харж байсан нэг ч амьд амьтны нүдтэй төсгүй байлаа. Яагаад гэвэл энэ хүнийх байсан юм. Энэ бодол төрөх агшинд би нэг дугаартай үнэт чулуун шигтгээтэй хүзүүвчийг хараад айдаст автав. Цайвар үс, ногоон нүд дугаар... энэ Гялбаа байлаа!
Миний амнаас хашгиралт гарахад нумныхаа хөвчийг алдчихалгүй тэслээ. Сум бага үлдсэн учир харвахыг яарсангүй амьтан эвэр лүү авирч чадах эсэхийг хүлээхээр шийдэв. Тэгтэл амьтан гөлгөр төмөр дээр тогтож чадалгүй хумсаараа чахруулан зурж доош гулгахад хоолой руу нь харвалаа. Бие чичирснээ газар түсхийн унав. - Китнисс? гээд Пит миний гарнаас барилаа.
- Энэ тэр байна!
- Хэн? Би эргэн тойрондоо байгаа мутантуудыг хараад янз бүрийн өнгө хэмжээтэй болохыг нь харлаа. Жижигхэн шаргал үс хуван шар нүдтэй... Үнэг! Бас тэнд үнсэн саарал үс цайвар хүрэн нүдтэй... надтай үүргэвч булаацалдах үеэрээ алуулсан есдүгээр бүсийн залуу байна. Бүхнээс илүү дор зүйл гэвэл хагмийн жижигхэн мутант болох гялалзсан хар үс, том хүрэн нүдтэй арван нэгдүгээр бүсийн дугаар бүхий хүзүүвч бүхий хурц шүдээ ярзайлгасан. Рут...
- Юу болоо вэ, Китнисс? гээд Пит миний мөрнөөс сэгсэрлээ. - Энэ тэд байна. Бүгдээрээ. Рут, Үнэг болон бусад оролцогчид гэж би арай ядан хэллээ.
Пит дуу алдав.
- Тэднийг яачихаа вэ? Энэ чинь... үнэхээр тэдний нүд гэж үү? Нүд намайг бүхнээс илүү айлгаж байв. Тэдний толгойд юу байгаа бол? Оролцогчдын дурсамж байгаа болов уу?
Биднийг амьд үлдэхийн тулд өрөвдөх сэтгэлгүй хэрцгийгээр алсныг үзэн ядаж байгаа болов уу? Бид тэднийг үнэхээр алсан болохоор... өшөөгөө авах гэсэн юм болов уу?
Намайг үүнийг хэлэхээс урд мутантууд дайралтанд орлоо. Тэд эврийн хоёр талд хуваагдан хүчирхэг арын сарвуун дээрээ дэвхэрч бидэнд хүрэхийг хичээв. Хоёр ч ярзайсан шүдтэй эрүү миний гарнаас дюймийн зайд өнггөрөхөд Питийн хашгирах чимээг сонсоод эргэтэл нэг мутант доошоо зуун чирэхийг харлаа. Хэрвээ тэр миний гараас бариагүй бол хэдийн газар унах байв. Би бүх хүчээ гарган татахад үлдсэн оролцогчид ойртон ирлээ. - Пит, түүнийг ал! Ал! гэж би Питэд хашгирахад тэр амьтныг тавиулахын тулд хутгаар дүрэв.
Би эцэст нь түүнийг Эвэр дээр чирж гаргахад орой дээр ёрын хоёр амьтан хүлээж байв.
Като хөл дээрээ өндийгөөгүй байсан ч амьсгаа нь жигдэрч удахгүй биднийг эвэр дээрээс үхлийн савар луу авч хаяхаар хүчтэй болох нь. Би нумаа татан мутант руу сум тавилаа. Бутлагч. Өөр хэн тэгж өндөр үсэрч чадах билээ дээ? Би амьтан бидэнд хүрэхгүй болсонд санаа амран эргэтэл Питийг хажуунаас ямар нэг зүйл угз татлаа. Би сүрэг ямар нэг аргаар түүнд хүрч гэж бодохоос нүүр лүү цус үсрэх шиг болов.
Като эврийн ирмэг дээр зогсоод Питийн хүзүүгээр хүчтэй боомилжээ. Пит амьсгал нь давхцан Катогын гараас самардсан ч хэтэрхий сульдсаны дээр зүүн хөлийн шархнаас нь цус гоожино. Би үлдсэн хоёр сумны нэгийг Катогын толгой руу чиглүүлээд цайвар ягаан өнгийн бариу торон хувцас өмссөнийг харлаа. Капитол ямар хүчирхэг хуяг хийгээ вэ. Тэгэхээр найрын үеэр энэ үүргэвчинд нь байсан хэрэг үү? Миний сумны эсрэг бие хамгаалах хуяг? Тэд царайг нь хамгаалахад санаа тавиагүй нь сайн хэрэг дээ.
Като инээд алдав. - Харва л даа тэр надтай хамт унана шүү!
Түүний зөв байлаа. Хэрвээ Като амьтад руу унавал Пит ч гэсэн унана. Бид мухардалд орлоо. Би Питийг алахгүйн тулд Като руу харваж чадахгүй. Като тархиндаа сум зоолгохгүйн тулд Питийг алахгүй. Хөшөө шиг зогсоод цаашид яахаа бодов. Миний булчин шөрмөс хөвчирөн шүдээ зуулаа. Мутантууд нам гүм болоод баруун чихэнд цус шуугих сонсогдоно.
Питийн уруул хөхөрчээ. Хэрвээ би ямар нэг зүйл хийхгүй бол тэр бүтэж үхэн Като биеийг нь бамбай болгон ашиглах байх. Като ингэж бодсон бололтой уруул дээр нь ялгуусан инээмсэглэл тодорлоо. Пит сүүлчийн хүчээ гарган цусанд будагдсан алгаараа Катогын гараас зуурснаа хүзүүнээсээ холдуулахын оронд бугуйн дээр нь долоовор хуруугаараа хэрээс зурлаа. Като юу болсныг надаас секунтын хожуу ойлгоод инээмсэглэл нь алга болов. Энэ агшин л надад хангалттай байлаа. Сум түүний хуягны хамгаалалтгүй бугуйд зоогдов. Като хашгираад Питийг тавьж хөл дээрээ тогтож чадалгүй унав. Аймшигтай нэг хормын туршид тэд хоёул унах шиг санагдахад би ухасхийн Питийг зуурч, Като цусанд будагдсан төмөр дээгүүр гулгаад газар унав. Пидхийх чимээ гараад сөөнгө амьсгал сонсогдоход мутантууд түүн рүү дайрлаа. Пит бид хоёр бие биеэсээ зуураад тоглоом төгссөний тэмдэг болох их бууны дуу хүлээв. Буудалт гарсангүй. Үхлийн тоглоомын оргил үеийг үзэгчид цэнгэн үзэж байгаа бололтой.
Би доошоо хараагүй ч зэрлэг архиралт, хашгиралт ёолох дуу гарч Като сүрэгтэй тэмцэлдэж байлаа. Тэр яагаад одоо хүртэл амьд байгаа юм бол? Тэд яагаад түүнийг тасчиж хаяхгүй байгаа юм бол? Тэгэлгүй яахав дээ! Тэр шагайнаасаа хүзүүгээ хүртэл бүх биеэ өвч хамгаалсан хуягтай шүү дээ. Урт шөнө болох нь дээ. Като хувцсандаа хутга нуусан байсан бололтой үе үе амьтаны амь тавьж буй орилолт гараад хутга алтан эвэрт хавирна. Тэмцэл Эврийн дэргэд үргэлжилсээр түүний амиа аврах цорын ганц арга бол сүүл рүү авиран бидэнтэй нэгдэх явдал байв. Гэвч хичнээн гайхамшигтай хүчтэй байлаа гэсэн тэр эцэстээ дийлэгдэв. Хичнээн удсаныг нь мэдэхгүй ч ойролцоогоор цагийн дараа Като газар унахад амьтад эврийн доод тал руу чирж авчирах нь сонсогдов. Тэд одоо л түүнийг дуусгах байх. Гэвч их буу дуугарсангүй.
Шөнийн тэнгэрт сүлд дуулал тоглосон ч Катогын зургийг үзүүлсэнгүй. Төмөр дороос сулхан ёололт сонсогдон задгай талбайд хүйтэн салхи үлээж тоглоом дуусаагүй ялагч тодроогүй гэдгийг сануулна. Би Пит рүү харахад цусанд будагдсан хөл нь хүнд гэмтсэн байв. Үүргэвч нууран дээр үлдсэн болохоор амьтдын байхад гүйнэ гэж саналтгүй. Боолтгүй бол урсах цус тогтохгүй. Би хүйтэн салхинд дагжин цамцаа түргэн тайлаад хүрэмнийхээ цахилгааныг буцааж татмагц шүд тачигнаж эхлэв.
Сарын цайвар туяанд Питийн нүүр сааралтан харагдана. Би түүнийг хэвтүүлээд шархийг нь үзэхэд хурууны завсраар бүлээн цус урсав. Ердийн боолт тус болохгүй. Би хоёр ч удаа ээжийн цус тогтоох боолт хийж байхыг харж байсан. Цамцныхаа ханцуйг урж хоёр хуваагаад өвдөгний доогуур нь боож үзүүрийг нь зангидав. Савааны оронд сүүлчийн сумаа ашиглан гогцоонд оруулж чадахаараа чангалав. Ийм боолт эрсдэлтэй Пит хөлөө алдаж болно. Гэвч тэр амиа алдах гэж байхад би өөр юу хийж чадна гэж? Би цамцныхаа үлдсэн хэсгээр шархыг нь боогоод дэргэд нь хэвтэв. - Битгий унтаарай.
Яагаад гэдгийг мдээхгүй ч хэрвээ тэр унтах юм бол үүрд сэрэхгүй шиг санагдаж байв.
- Чи даарч байна уу? гэж Пит асуугаад хүрэмнийхээ энгэрийг яран намайг тэврээд ахин хучлаа. Шахцалдаж суухад дулаахан байсан ч шөнө дөнгөж эхэлж байв. Агаарын температур огцом буурлаа. Түрүүхэн авирахад халуу шатаж байсан Эвэр мөс шиг хүйтэн болжээ.
- Като ялж магадгүй гэдгийг мэдэх үү гэж би Питэд шивнэв.
- Тэгж бодох хэрэггүй гээд тэр толгойд юүдэн өмсгөхөд надаас илүү чичирч байв. Дараагийн хэдэн цаг миний амьдралд тохиолдсон хамгийн аймшигтай мөчүүд боллоо. Хүйтэн тамлах нь бага хэрэг Катогын ёолж, гуйж, аяархан гонгинохыг сонсох нь жинхэнэ хар дарсан зүүд байв. Төдөлгүй надад түүний хэн болоод юу хийсэн нь хамаагүй болж зөвхөн зовлон шаналалыг нь дуусгахыг хүслээ.
- Тэд яагаад түүнийг зүгээр л алахгүй байгаа юм бол? - Чи яагаад гэдгийг нь мэдэж байгаа гээд тэр намайг чанга тэвэрлээ.
Тэгээд ч би мэдэж байсан юм. Одоо нэг ч үзэгч зурагтын дэлгэцнээс хөндийрөхгүй байгаа болохоор зохион байгуулагчид үзүүлбэрийнхээ эцсийн үеийг дуусгахад яарсангүй.
Энэ бүхэн төгсгөлгүй үргэлжилсээр миний ухаанд дурсамж, маргаашийн найдвар үгүй болоод байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй юм байна гэж итгэж эхлэв. Хүйтэн, айдас, эврийн дор үхэж буй залуугийн зовж шаналсан ёололт. Пит үе үе зүүрмэглэхэд би цөхөрсөн хоолойгоор чанга хашгиран сэрээж байв. Учир нь тэр явах юм бол, хэрвээ миний нүдэн дээр үхэх юм бол би ухаан солиорох болно. Пит өөрөөсөө илүү миний төлөө тэмцэж байгаа ч ухаан алдахаас зайлсхийх аргагүйг нь ойлгож байв. Хэрвээ би түүнийг байгааг мартвал! Гэвч би чадсангүй. Зүрх минь галзуурсан мэт цохилон түүнийг явахыг зөвшөөрч чадсангүй. Яагаад ч чадахгүй.
Сарны байдлаас үзэхэд багагүй хугацаа өнгөрсөн бололтой. Пит өглөө удахгүй болно итгүүлэхэд дүрсхийн найдлага төрснөө бөхөж аймшигт шөнө ахин залгина.
Тэгтэл Пит <<нар мандаж байна>> гэж шивнэлээ. Би нүдээ нээгээд өглөөний бүүдгэр туяанд анивчих ододыг харав. Питийн нүүр цусгүй цайснаас үзэхэд амьдрах хугацаа бага үлдсэн бололтой. Би түүнийг Капитол руу аваачих ёстой! Их буу дуугарсангүй. Би чихээ төмөрт нааж үзэхэд сулхан ёололт сонсогдов.
- Тэр ойрхон байх ёстой доо. Чи харваж чадах уу? гэж Пит асуув.
Хэрвээ Като ирмэгийн ойролцоо хэвтэж байвал би чадна. Энэрэнгүй сэтгэлээс аваад үзэхэд ч үүнийг хийх ёстой байлаа. - Би сүүлчийн сумаараа цусыг чинь тогтоосон.
- Түүнийг ав.
Пит хүрмээ дэлгэхэд би босоод бээрсэн хуруугаараа чангарсан боолтыг тайлав. Алгаа дулаацуулахын тулд үрээд ирмэгийн амсар дээр хэвтэн дүүжлэгдэхэд Пит араас барилаа.
Удалгүй бүрэнхийд цусанд будагдан хэвтэж байгаа Като харагдав. Тэр нялцайж шүүрсэн түүхий махтай төстэй болсон байлаа. Ёолох дуугаар нь амыг нь баримжаалж олов. Тэр <<гуйж байна>> гэж хэлэхийг оролдож байгаа бололтой. Өс хонзон авахаас илүү өрөвдөх сэтгэлд хөтлөгдөн би сумаа тархинд нь зоолоо.
- Оносон уу? гэж Пит намайг буцааж гаргаад асуухад хариуд нь их буу буудав.
- Китнисс, бид яллаа гэж Пит өнгөгүй хоолойгоор хэлэв. - Тиймээ бид гэж би огтхон ч баяр хөөргүй хариуллаа.
Талбайд нүхний амсар нээгдэн үлдсэн амьтад тушаал авсан юм шиг дотогш харайн алга болов. Бид Катогын биеийг онгоц авахаар ирэн, ялалтын бүрээ үлээхийг хүлээсэн ч юу ч болсонгүй.
- Хөөе! Юу болоо вэ? гэж би тэнгэр лүү хашгирахад шувуудын жиргээнээс ондоо юм сонсогдсонгүй.
- Магадгүй Катогын биенээс болсон юм болов уу. Биднийг холдохоор авч явах гэж байгаа байх гэж Пит хэлэв. Би өнгөрсөн тоглоомын тухай санахыг хичээлээ. Ялагч сүүлчийн хохирогчоос явах ёстой билүү? Өөр саатах ямар шалтгаан байж болохыг бодтол толгой самуурч гүйцэв.
- Алив. Нуур луу очих уу? - Оролдоод үзье.
Бид эврийн сүүл рүү удаанаар гулган буугаад газар уналаа. Гар хөл хөшин захирагдахаа больж Питийнх ч гэсэн дээрдэх юмгүй бололтой. Би түрүүлж өндийгөөд хөл гараа савчин даллаж мэдээ оруулаад, Питэд босоход туслав. Бид нууранд хүрэхэд гараараа ус хутган Питэд өгөөд дараа нь өөрөө уулаа. Шооч ятга шаазгай удаанаар аяархан исгэрэн онгоц ирээд Катогын биеийг авч явахад нүдний нулимс дүүрлээ. Одоо бидэн рүү ирж одоохон гэртээ харих байх даа.
Ахин юу ч болсонгүй.
- Тэд юугаа хүлээгээд байгаа юм бол? гэж Пит сул дуугарав. Цус тогтоосон боолтоо тайлж нуур луу хүрэх гэж чармайсны үр дүнд шарх нь эргэн задарчээ.
- Мэдэхгүй.
Ямар ч шалтгаантай байлаа гэсэн би Питийг цус алдаж байхад зогсоод хүлээж байж чадсангүй. Би саваа хайхаар бостол Катогын хуяганд ойсон сум олдлоо. Боохоор бөхийж амжаагүй байтал талбайд Клавдия Темплсимтийн хүчирхэг хоолой цуурайтаж,
- Далан дөрөв дэх Үхлийн тоглоомын төгсгөлд үлдэгсдэд баяр хүргэе! Саяхан дүрэм өөрчлөгдсөнийг мэдэгдэх байна. Дүрмийг ахин судалж үзсэний үндсэн дээр ганцхан ялагч байх ёстой гэдгийг тогтоолоо. Тоглоом үргэлжилсээр! Амжилт үргэлж та нарын талд байхыг хүсэн ерөөе! гэв. Агшин зуур чимээ шуугиснаа нам гүм боллоо. Би чихэндээ итгэхгүй шахам Пит рүү мэлрэн харав. Тэд биднийг хоёуланг нь амьд үлдээхгүй нь. Зохион байгуулагчид бүгдийг урьдчилан бодож тоглоомын түүхэн дэх хамгийн жүжигчилсэн тоглолт явуулахын тулд биднийг ашиглажээ. Би түүнд итгэж байдаг ямар тэнэг юм бэ.
- Хэрвээ энэ тухай бодоод үзвэл гайхах зүйл ер алга гэж Пит тайван хэлэв. Тэр өвчиндөө эмзэглэн босож ирээд миний зүг алгуур явахдаа бүсэндээ байсан хутгаа сугалав.
Би юу хийж байгаагаа мэдэхээс урд нумаа хөвчлөн Питийн зүрхэнд сум ониллоо. Тэр гайхан хөмсгөө өргөхөд хутга хэдийн гарт нь байхгүй болоод нуурын усанд цүлхийн унав. Би зэвсгээ буулгаад ичсэндээ алхам ухрав.
- Үгүй үүнийг хий гээд Пит миний зүг доголон ирээд нумыг буцаан чиглүүлэв.
- Би чадахгүй. Тэгж чадахгүй. - Чи тэгэх ёстой. Үгүй бол тэд ахин мутантууд гаргах юмуу өөр нэг зүйл бодож олно. Би Като шиг үхмээргүй байна.
- Тэгвэл чи намайг харва. Харваад гэр лүүгээ амьд буц! гэж би уурсан хэлээд нумыг түлхлээ.
Ингээд одоохон үхсэн нь тийм амьдралаас дээр гэдгийг ойлгов. - Чи намайг чадахгүй гэдгийг мэдэж байгаа. Ямар ч гэсэн би чамаас өмнө үхнэ гээд Пит зэвсгийг хаяв.
Тэр хөлийнхөө боолт руу бөхийгөөд сүүлчийн цус тогтоож байсан даавууг суга татан хаялаа.
- Үгүй, өөрийгөө битгий ал! гэж би хашгираад өвдөглөн унаж шархыг боолтоор тогтоохыг ахин хичээв. - Китнисс, би үүнийг хүсч байна.
- Намайг битгий ганцаар орхиоч гэж би гуйхдаа хэрвээ Пит үхвэл хэзээ ч гэртээ жинхэнээсээ очихгүй гэдгийг мэдэж байлаа. Бүх үлдсэн амьдралаа энд бүсэд өнгөрүүлж ахин дахин бодолдоо түүнийг аврах боломж байсан эсэхийг бодох болно. - Сонсооч бид хоёул тэдэнд ганцхан ялагч хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа гээд тэр намайг хөлөөсөө түлхэн,
- Бидний нэг. Чамаас гуйя түүнийг хий. Миний төлөө гэв.
Тэр ахин надад хайртай, надгүй бол амьдрал нь яах байсан тухай ярихад би сонссонгүй толгойд өмнөх үг нь эргэлдэж байв.
Бид хоёул тэдэнд ганцхан ялагч хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа.
Тиймээ тэдэнд ялагч хэрэгтэй. Ялагчгүй бол зохион байгуулагчдын боловсруулсан зальжин төлөвлөгөө утгагүй болно. Капитол тэнэг хэвээрээ үлдэж буруутан нь зохион байгуулагчид болно. Магадгүй үүнийх нь төлөө зовж тарчилсан удаан үхлээр үхүүлэн орон даяар зурагтын сувгаар цацаж магадгүй. Пит бид хоёр хоёулаа үхэх ёстой эсвэл тэд биднийг...
Би хуруугаараа бүсэндээ зүүсэн арьсан хүүдийг тэмтэрлээ. Пит бугуйнаас барив.
- Би чамд зөвшөөрөхгүй. - Надад итгэ гэж би шивнэв.
Тэр миний нүд рүү удаанаар хараад гараа буулгалаа. Би хүүдийг нээж хоёр жимс аваад нэгийг нь Питийн алган дээр тавьж нөгөөг нь өөртөө үлдээв.
- Гурав хүртэл тоолох уу?
Пит над руу бөхийгөөд энхрийлэн үнсэв. - Гурав хүртэл тоолъё.
Бид нуруугаа нийлүүлэн зогсоод сул гараа чанга барилцлаа.
- Тэдэнд үзүүл. Бүгд хараг гэж Пит гуйв. Би алгаа дэлгэхэд хар жимс нарны гэрэлд гялалзлаа. Нөгөө гараараа Питтэй салах ёсны дохио болгон атгаад тоолж эхлэв,
- Нэг (Магадгүй миний буруу бол яана?). Хоёр (Тэдэнд бидний хоёул үхэх хамаагүй бол яана?) Гурав!
Буцах зам үгүй боллоо. Би гараа амандаа ойртуулаад сүүлчийн удаа нарт ертөнцийг ажиглан жимсийг хэлэндээ хүргэмэгц бүрээ хангинав. Тэгтэл бүрээний дууг даран Клавдия Темплсмитын цөхрөнгүй хоолой,
- Зогсоорой! Зогсоорой! Ноёд хатагтай нараа та нарт далан дөрөв дэх үхлийн тоглоомын ялагчдыг танилцуулахдаа баяртай байна. Китнисс Эвердин, Пит Мелларк! Арван хоёрдугаар бүсийн оролцогчид! гэв. 23
Би жимсийг амнаасаа буцааж гаргаад хүрэмнийхээ захаар хэлээ арчлаа. Пит намайг нуур луу аваачихад бид амаа усаар зайлж тэврэлдэн унав.
- Чи залгиж амжаагүй юу? гэхэд тэр толгой сэгсэрснээ, - Харин чи? гэв.
- Хэрвээ залгисан бол хэдийн үхэх байлаа.
Пит хариулах гэтэл Капитолын чанга яригчаар шуугиж байгаа үзэгчдийн чимээнд сонсогдсонгүй. Бидний дээр онгоц гарч ирээд хоёр шат буулгав. Би Питийг тавьж чадсангүй гараараа тэврэн өндийхөд туслаад хоёул шатны эхний гишгүүр дээр хөл тавилаа. Электрон гүйдэл биднийг хөдөлгөөнгүй болгоход Питийг өөрөө тэсч чадна гэдэгт итгэлгүй байсан тул баяртай байв. Би нүдээ гүйлгэн хөдөлгөөнгүй болсон булчингаа харахад Питийн өвдөгнөөс цус чөлөөтэй урсана. Хормын дараа бидний ард хаалга хаагдмагц гүйдэл зогсон Пит шалан дээр ухаангүй уналаа. Би хуруугаараа түүний хүрэмнээс чанга зуурсан байсан тул тэднийг цааш авч явахад гарт хар даавууны өөдөс
үлдэв. Цасан цагаан халаттай амны хаалт, бээлий зүүсэн эмч нар мэс засал хийхэд бэлэн зогсож байснаа ажилдаа орлоо. Пит цонхийн цайж мөнгөлөг ширээн дээр хөдөлгөөнгүй хэвтээд биед нь олон тооны гуурс залгалаа. Гэнэтхэн би тоглоом дууссаныг мартаад эмч нар мутантын сүрэг шиг Питийг алах гэж байгаа ээлжит аюул занал гэсэн бодол төрөв. Би айдаст автан түүн рүү ухасхийсэн ч ондоо өрөө рүү түлхүүлэн ороод биднийг зааглан тунгалаг хаалга хаагдав. Би гараараа шилийг нүдэн орилж хашгирсан ч хаа нэгтээгээс ард гарч ирээд уух юм өгсөн зарцаас өөр хэн ч надад анхаарал хандуулсангүй. Би шалан дээр лагхийн суугаад толгойгоороо хаалга түшин болор шилэн аягыг гөлрөн харав. Гуурстай мөс шиг хүйтэн зүржийн шүүс байлаа. Миний цусанд будагдсан бохир хумстай, сорвиор дүүрэн гарт ямар зохимжгүй харагдана вэ. Анхилам үнэрт шүлс асгарсан ч хэтэрхий цэвэрхэн үзэсгэлэнтэй юунд ч итгэхгүй байсан учир аягыг шалан дээр тавилаа.
Би шилний араас Питийг тойрон эргэлдэх эмч нар духаа атируулахыг харлаа. Гуурсаар шингэн дамжин гүйж, хананд багажны гэрэл анивчихыг харсан ч юу ч ойлгосонгүй. Итгэлгүй байсан хэдий ч Питийн зүрх хоёр удаа зогсох шиг санагдав.
Энэ бараг л гэрт минь уурхайн дэлбэрэлтэнд өртөн найдваргүй зэрэмдэгдсэн хүн юмуу төрөх гээд гурав дахь өдрөө өвдөж байгаа эмэгтэй, уушгины үрэвсэлд шаналж байгаа эцэнхий хүүхэд авчирахтай адил байсан юм. Тэгэхэд ээж, Прим хоёрын царайд эдгээр эмч нарынх шиг царайны хувирал гардаг билээ. Харин би ой руу зугтаад модон дунд нуугдан өдөржингөө тэнэж байгаад буцаж ирэхэд өвчтөн хэдийн үхээд Атирааны нөгөө захад авсыг нь хийж байдаг байв. Гэвч энд зугтах боломжгүй онгоцны ханаар тусгаарлагдан зогсоод ойр дотны хүнийхээ үхэхийг харах болно. Би тэдэн рүү манай гал зуухын ширээг тойрон зогссон юм шиг харахдаа <<Тэд яагаад явахгүй байгаа юм бол? Яах гэж үүнийг харуулж байгаа юм бол?>> гэж бодлоо. - Хөөх тэд бүх биенд чинь нөхөн сэргээлт хийж. Арьсанд чинь ямар ч өө сэв алга гэж Флавиус атаархангуй хэлэв. Би нүцгэн биеэ толинд хараад хичнээн их турснаа анзаарлаа. Бүсэд үүнээс дор байсан нь лавтай ч одоо хавиргаа тоолж болохоор болсон байв.
Тэд намайг халуун усанд оруулаад үс, хумс засаж, нүүр будалт хийх зуураа нэг ч хором чимээгүй байсангүй. Надад ярианд оролцох хэрэг байгаагүй нь сайн хэрэг боллоо. Хачирхалтай нь тэд тоглоомын тухай ярилцахаас илүү хаа байсан, юу хийсэн, бүсэд ямар нэг зүйл болоход юу мэдэрснээ ярьж байв. <<Би тэгэхэд босоо ч үгүй байсан! Би саяхан хөмсгөө будсан! Арай ухаан алдаж унаагүй гэдгээ тангараглая!>> Хамгийн гол нь тэд. Бүсэд амь үрэгдсэн хөвгүүд охид юу мэдэрсэн нь ямар ялгаа байна.
Арван хоёрдугаар бүсэд тоглоомыг таатай хүлээн авдаггүй. Бид тэднийг дууссан хойно ажил хэрэгтээ түргэн эргэн орохын тулд шүд зуун харж байдаг юм. Би бэлтгэл багийнхнаа үзэн ядахгүйн тулд тэдний ярианаас сатаарахыг хичээв. Цинна орж ирэхдээ гартаа энгийн шаргал даашинз барьжээ.
- Галт Китнисс төгсгөл болоо юу? гэж би асуув.
- Одоо харна аа гээд тэр надад намирсан даашинзыг өмсгөв. Би цээжин биений өлсгөлөнд алдсан хэсэг дээр нэмэлт доторлогоо хийснийг ажиглаад хөмсөг зангидав.
- Ойлгож байна. Гэхдээ зохион байгуулагчид чамд пластик мэс засал хийлгэхээр шаардсан. Хеймитч хамаг хүчээрээ ятгаж байж зохицсон шийдвэр гаргуулсан юм гэж Цинна намайг уурлахаас өмнө хэлээд намайг өөрийгөө харах боломж өгөлгүй,
- Хүлээж бай бас шаахай байгаа гэв. Вениа надад өсгийгүй арьсан шаахай өмсөхөд туслахад би толины өмнө эргэлээ.
Би Галт Китнисс хэвээрээ байв. Нимгэн тунгалаг даавуу зөөлнөөр туяаран өчүүхэн хөдлөх бүрий долгио мэт урсана. Үүнтэй харьцуулахад миний тэргэн дээр өмссөн хувцас хэтэрхий хурц, ярилцлагын үеэр өмссөн даашинз хэтэрхий гоёмсог байсан санагдав. Одоо би лааны сүүмэлзсэн дөл өмссөн мэт байлаа. - За юу хэлмээр байна? гэж Цинна асуулаа.
- Минийхээр бол хамгийн шилдэг нь болж гээд би эцэстээ гялалзсан даавуунаас хараа салгах үеэр багагүй цочирдмоор зүйл хүлээж байв.
Миний үсийг ард ердийн туузаар зангидсан байв. Нүүрний өнгө тодруулах хөнгөхөн будалт хийжээ. Хумсанд өнгөгүй будаг түрхэн, ханцуйгүй даашинз дөнгөж өвдөг шүргэнэ. Өсгийгүй гуталтай би жинхэнэ өндрөө харлаа. Би жирийн ердийн охин шиг байв. Залуухан арван дөрвөөс хэтрээгүй гэм хоргүй, номхон. Тиймээ энэ ч Үхлийн тоглоомын ялагчыг үзүүлэх хачирхалтай арга байна даа.
Бүгдийг урьдаас бодсон нь илт. Цинна хэзээ ч энгийн зүйл хийж байгаагүй. Би уруулаа хазлан түүний үйл хөдлөлийг таамаглахыг оролдов. - Минийхээр илүү... гоёмсог байсан бол.
- Питэд энэ нь илүү таалагдана гэж бодсон юмсан гэж Цинна болгоомжтой хэлэв.
Питэд гэнээ? Энд Пит ямар хамаатай юм бэ? Энэ Капитол, зохион байгуулагчид, олон нийтэд хамаатай зүйл. Ойлгоогүй хэдий ч ганц зүйл тодорхой байсан нь тоглоом дуусаагүй тайвширахад эрт байлаа. Цинна эелдэг булзсан хариултаараа надад аюулын тухай сануулав. Ийм үгийг бэлтгэл багийнхний урд хэлж болохгүй.
Бид цахилгаан шатаар бэлтгэлийн давхар руу буулаа. Уламжлал ёсоор ялагчыг ёслолын үеэр тайзан дор байрлуулсан өргүүрээр өргөн гарах бөгөөд эхлээд бэлтгэл багийнхан, дизайнер, зөвлөгч суудлаа эзэлсний эцэст ялагч нэгдэнэ. Энэ жил ялагч хоёр байхад зөвлөгч ганц байсан болохоор бүх зүйл үүний дагуу болсонгүй. Би муухан гэрэлтэй тайзан дор дээш нь өргөх зориулттай төмөр тавган дээр зогсов. Модны үртэс хөглөрч, шинэхэн будаг ханхлана. Цинна бэлтгэл багийнхантайгаа хувцсаа солиод байраа эзлэхээр яван намайг ганцаар үлдэв. Би хорин алхамын цаана байгаа хиймэл хананы цаана Пит байгаа байх даа гэж бодов.
Цугласан хүмүүс чанга шуугиж байсан болохоор Хеймитч ирээд мөрөнд хүрэхийг анзаарсангүй. Би талбайд байсан үеийнх шигээ айдас хүрч огло үсрэн холдов. - Тайвшир даа ердөө би байна. Алив чамайг хараадхая гээд намайг гараа өргөн эргэхэд,
- Муугүй юм байна гэв.
Энэ нь тийм ч өөдрөг сонсогдсонгүй.
- Яасан? гэж би асуулаа. Хеймитч эргэн тойрныг ширтэн шийдвэр гаргаж байгаа бололтой.
- Юу ч болоогүй. Алив аз хүсээд тэврэе.
Хеймитчийн зүгээс энэ нь хачирхалтай гуйлт байлаа. Бид хоёул ялагч болсон шүү дээ. Би түүний хүзүүнд гараа хүргэтэл тэр намайг гэнэт хүчтэй тэврээд тод бөгөөд тайвнаар чихэнд уруулаа хүргэн, - Анхааралтай сонс. Чамд асуудал үүсээд байна. Чи Капитолын уур хилэнг хөдөлгөсөн зүйл талбайд хийсэн. Тэдний ганц тэвчиж чаддаггүй зүйл бол бүх Панемын өмнө элэг доог болох явдал гэв.
Миний нуруугаар шоргоолж гүйх шиг болсон ч Хеймитч ямар нэг хөгжилтэй зүйл хэлсэн юм шиг инээд алдаад, - Тэгвэл яах болж байна? гэв.
- Чиний ганц аврагдах зам бол ухаангүй хайрандаа сохроод юу ч хийж байгаагаа мэдээгүй дүр үзүүлэх явдал гээд Хеймитч алхам ухарснаа миний үсний туузыг засч өглөө.
- Бүгдийг ойлгов уу, хонгор минь? - Ойлголоо. Та Питэд хэлсэн үү?
- Яах гэж. Түүнийг сургах хэрэг байхгүй.
- Харин намайг сургах хэрэгтэй юм биз дээ? гэж би уурсаад харваас Цинна зүүлгэсэн бололтой тод улаан өнгийн эрвээхэй зангиаг нь засав.
- Миний бодсон зүйл чиний санааг зовоож байна гэж үү? За, бид байраа эзэлсэн нь дээр байх гээд тэр намайг дугуй төмөр тавган дээр гаргаад духан дээр үнсэж,
- Энэ чиний шөнө, хонгор минь. Баярлаж хөөр гээд явлаа. Би даашинзны хормойгоо доошлуулан өвдлгөө халхлах гэсэн ч болсонгүй. Би намрын навч шиг л чичирч байв. Энэ бүхнийг сэтгэл хөөрлөөс болсон гэж найдахаас. Эцсийн эцэст миний баяр шүү дээ.
Агаарт нойтон чийг хөгцний үнэр ханхалж амьсгалахад бэрхтэй болов. Арьсанд хүйтэн хөлс дааварлахад тайз дээрээс минь нурж амьдаар оршуулчих вий гэж айлаа. Бид бүрээн дуунд бүсийг орхих үедээ үлдсэн амьдралын туршид юу ч заналхийлэхгүй гэж бодсон юмсан. Гэтэл Хеймитч үнэнийг хэллээ. Түүнд худал хэлэх ямар хэрэг байгаа гэж? Би амьдралдаа хэзээ ч ийм аюултай газар байсангүй.
Бүсэд хамаагүй дээр байсан юм. Тэнд намайг алснаар ажил хэрэг төгсгөл болох байлаа. Гэтэл би энд Хеймитчийн санал болгосон ухаангүй хайрандаа сохорсон охины дүрд тоглохгүй бол Прим, ээж, Гейл болон арван хоёр дугаар бүсийн надад үнэтэй бүхнийг шийтгэх болно.
Тэгсэн ч гэсэн надад боломж байна. Хачирхалтай нь би бүсэд зохион байгуулагчдыг мэхлэх гэж бодсоноос бус миний үйлдэл Капитолд яаж нөлөөлөх тухай бодсонгүй. Гэвч Үхлийн тоглоом бол тэдний зэвсэг болохоор хэн ч дүрмийг нь сөрж зогсож чадахгүй. Одоо Капитол бүх зүйл хяналтанд байгаа гэдгийг сануулж байна. Тэгэхээр би тэдэнтэй тоглох ёстой.
Бас Пит... Пит зовж шаналсан ч хэрэгтэй бүх зүйлийг хийнэ. Хеймитч түүнд анхааруулсан ч үгүй. <<Яах гэж. Түүнийг сургах хэрэггүй>> Тэр үүгээрээ юуны тухай хэлсэн юм бол? Пит бүхнийг өөрөө ойлгох ухаантай юм болов уу? Эсвэл... Пит хэдийн ухаангүй хайранд автсан юм болов уу? Мэдэхгүй юм даа. Би өөрийнхөө мэдрэмжийн учрыг олж чадсангүй. Бүх зүйл дэндүү төвөгтэй байлаа. Би тоглоомд оролцсоноороо юу хийв? Капитолын уур хилэнг төрүүлэв үү? Эсвэл гэрийнхээ тухай бодохоос айж байна уу? Өөрөөр байж болохгүй хэрэг үү? Эсвэл Пит үнэхээр миний хувьд үнэтэй юм болов уу?
Энэ бүх асуултын учрыг гэртээ нам гүм ойд очоод бодож үзье. Эндэх шиг хаа сайгүй нүд дагалдсан газар биш. Ганцаар байна гэдэг ямар сайхан хэрэг вэ! Би ахин ганцаар байхыг хэн мэдэх юм. Үхлийн тоглоомын хамгийн аюултай үе одоо л эхэлж байна. 24
Сүлд дуулал дуурсан Цезарь Фликерман үзэгчидтэй мэндлэв. Тэр хэлэх үг нь хичнээн чухлыг мэдэж байгаа болов уу? Тийм байж таарна. Тэр бидэнд туслахыг хүсч байгаа. Үзэгчид бэлтгэл багийнханыг угтан алга ташлаа. Би Флавиус, Вениа, Октавиа нар тайзан дээр хэрхэн инээдтэй тонголзож байгааг төсөөлөв. Санаа амар тэнэг хүмүүс. Тэд юу ч сэжиглэхгүй байгаа. Дараа нь Эффиг танилцуулав. Тэр энэ мөчийг хичнээн удаан хүлээсэн бол. Түүнийг хөөрөн догдолж байгаа гэж найдахаас. Эсвэл магадгүй сэтгэлийн гүндээ бидэнд асуудал тулгарсан гэдгийг тааварласан юм болов уу. Портиа, Цинна хоёрыг гарч ирэхэд алга нижигнүүлэн ташлаа. Мэдээж тэд тэмцээнд анх удаа оролцож байгаа ч гайхамшигтай байсан. Би одоо л Цинна яагаад энэ үдэш ийм даашинз сонгосныг ойлголоо. Би гэмгүй цагаахан харагдах тусмаа сайн. Дараа нь Хеймитч гарч ирэхэд үзэгчид дуу алдан нүргэлүүлж таван хормын турш зогсолтгүй алга ташив. Өөр яах ч билээ! Тэр өмнө нь нэг ч удаа оролцогч гаргаж байгаагүй атал харин одоо шууд хоёр оролцогч нь ялсан байдаг. Хэрвээ тэр надад анхааруулаагүй байсан бол яах байсан бол? Би биеэ авч явж чадах байсан болов уу? Жимсийг ашиглах арга бодож олсноороо хичнээн ухаантайгаа Капитолын нүүрэн дээр сайрхах байсан уу? Үгүй тэгж бодохгүй байна. Гэхдээ би одоо илүү итгэлтэй байхыг хичээх хэрэгтэй. Яг одоо. Төмөр таваг тайз руу дээш өргөгдлөө.
Гэрлэн тэнгисийн давалгаа гялалзаж цугласан олон дуу алдахад хөлийн дорх төмөр таржигнав. Надаас хэдхэн ярдын зайд Пит зогсож байлаа. Тэр эрүүл цэвэрхэн үзэсгэлэнтэй байсан учир би арай ядан танив. Гэвч инээмсэглэл нь огт өөрчлөгдсөнгүй Капитолд голын шаварт байсан үеийнх шигээ инээмсэглэж байна. Би түүн рүү хэд алхаад хүзүүнээс нь зүүгдлээ. Пит тэнцвэр алдан найгахад гартаа гялалзсан нарийхан төмөр таяг барьсан байлаа. Бид тэврэлдэн зогсоод үнсэлдэхэд үзэгчид галзуурсан мэт алга ташив. Би энэ агшинд <<Чи мэдэж байна уу? Бид ямар аюулд байгааг мэдэж байна уу?>> гэсэн бодлоосоо салж чадсангүй. Арван хормын дараа Цезарь Фликерман Питийн мөрөн дээр алгадан шоуг үргэлжлүүлэхийг хүсэхэд хайхралгүй хажуу тийш нь түлхэв. Олон нийт чих дөжрөм хашгирч тэр хүмүүстэй зөв тоглож байлаа.
Эцэст нь Хеймитч биднийг салгаж ялагчын сандал руу түлхэв. Ердийнхөөрөө гоёж чимэглэсэн ганц сандал дээр ялсан оролцогч суугаад тоглоомын хурц тод агшинуудыг үздэг юм. Гэвч энэ удаад бид хоёул болохоор зохион байгуулагчид улаан өнгийн тансар хилэн буйдан тавьжээ. Ээж түүн дээр зөвхөн хоёр хүн багтдаг байсан болохоор хайрын суудал гэж нэрлэдэг байв. Би Питийн өвдгийг түшин ойрхон суусан ч Хеймитч рүү ганц хараад энэ нь хангалтгүй гэдгийг ойлгов. Иймээс шаахайгаа тайлж хөлөө буйдан дээр гаргаад мөрийг нь толгойгоороо налан суухад тэр агуйд дулаацуулж байсан үеийнх шигээ нэг гараараа тэврэв. Пит миний даашинзтай адил шаргал өнгийн даавуугаар хатгамласан цамц, урт хар өнгийн өмд, гутал өмсчээ. Цинна намайг түүнтэй адил хувцаслаагүй нь харамсалтай. Би богинохон сиймгий даашинзтайгаа хэтэрхий эмзэг санагдаж байв.
Цезарь Фликерман хэдэн хошин үг хэлээд хөтөлбөрийн дагуу кино гаргах мөч болов. Энэ нь ойролцоогоор гурван цагийн турш гардаг бөгөөд бүх Панем даяараа үздэг юм. Гэрэл унтарч дэлгэцэн дээр сүлд гарахад би гэнэтхэн үүнд бэлэн биш байгаагаа ойлгов. Би хорин хоёр өрсөлдөгчийнхөө үхлийг үзэхийг хүсэхгүй байлаа. Би үүнийг хэтэрхий хангалттай харсан. Зүрх цээжинд галзуурсан мэт цохилон эндээс зугтахыг хүсэв. Өмнөх ялагчид ганцаараа яаж тэсвэрлэж байдаг байсан юм бол? Дэлгэцний булан дээр үе үе ялагчын кино үзэж байгаа байдлыг үзүүлнэ. Миний бодол өнгөрсөн үе лүү буцлаа... Ялагчын зарим нь хөөрөн гараа савчиж, нударгаараа цээжээ нүдэж байхад ихэнхи нь мэгдсэн байдалтай харагдаж байсан. Би Питийн хамт байгаадаа талархан гарыг нь чанга атгалаа. Өмнөх ялагчдад Капитолоос айх зүйл байгаагүй. Бүсэд маш олон дуран зэрэг ажиллах учир тоглоомын хэдэн долоо хоногийг хураангуйлан гурван цагт багтаах нь амаргүй ажил байв. Иймээс зурагтынхан ямар түүх өгүүлэхээ сонгож авах хэрэгтэй болно. Энэ жил анх удаагаа хайрын түүх үзүүлж байна. Пит бид хоёр ялагч болохоор киноны эхнээс бидэнд ихээхэн анхаарал тавьж байв. Энэ нь бидний ухаангүй хайрын түүхийг дэмжиж байгаараа Капитолын эсрэг хамгаалалт болж байгаад би баяртай байлаа. Эхний хагас цагийн турш тоглоомын эхэн үеийг үзүүлэв. Ургац, тэргэн дээрх тойрог, бэлтгэлийн оноо, ярилцлага гээд л. Цоглог хөгжим дор үзүүлж байсан ч дэлгэцэн дээр байгаа бүхэн удахгүй үхнэ гэдгээс хоёр дахин аймшигтай харагдаж байв.
Дараа нь бүсийг гарган Эвэр дээрх цуст тэмцлийн агшин бүрийг тодорхой үзүүлэв. Цааш Пит бид хоёр болон бусад оролцогчдын үйл хөдлөлийг үзүүлэхэд гол баатар нь Пит байлаа. Бидний хайрын түүх түүний бүрэн гавъяа байв. Би одоо л үзэгчийн байрнаас тэр мэргэжлийнхэнийг хэрхэн төөрөгдүүлж, зөгийн үүртэй модны дор шөнийг цурамхийлгүй өнгөрүүлэн, намайг зугтаалгахын тулд Катотой тулалдаж, шаварт шархтай хэвтэхдээ нэрийг минь дуудаж байгааг харлаа. Түүнтэй харьцуулахад би хэт хайхрамжгүй санагдав. Галт бөмбөлөгөөс бултаж, зөгийн үүр хаян, мэргэлжийнхний хоолыг дэлбэлж, Рут руу явж байгаа. Түүний биед жад зоогдохоос авхуулаад, нэгдүгээр бүсийн залуугийн хоолойд сум тусан, Рут сүүлчийн амьсгал авахдаа миний гараас барьж байсан тухай дэлгэрэнгүй үзүүлэв. Бас дуу. Эхнээс нь авхуулаад сүүлчийн хөгийг нь хүртэл гаргалаа. Би үүнийг сонсоод дотор нэг зүйл хоосорч хөл гар хөшөөд юу ч мэдэрсэнгүй. Тоглоомыг гадны хүн шиг харж суулаа. Рутын биеийг цэцгээр хучсан хэсгийг хасчээ.
Тэгэх ёстой. Учир нь эндээс бослого ханхалж байлаа.
Би өөрийгөө дэлгэц дээр нэг бүсээс хоёр хүн амьд үлдэх тоглоомын шинэ дүрмийг танилцуулах үеэр Питийн нэрийг хашгирснаа амаа дарахыг харав. Өмнө нь би түүнд хайхрамжгүй хандаж байх шиг санагдаж байсан бол одоо түүнийг халамжилж, эм олохын төлөө найр луу явж алхам бүрдээ үнсэж байлаа.
Мутантууд болон Катогын үхэл хар дарсан зүүд шиг явдал хэдий ч би тэнд байгаагүй юм шиг хайхрамжгүй өнгөрүүлэв.
Эцэст нь амиа хорлохоор жимс гаргаж байгаа мөч ирлээ. Үзэгчид юу ч алдахгүйн тулд өөр хоорондоо шивнэлдэв.
Би кино бүтээгчдэд бидний ялаагүйг зарласан мөч болон, онгоцонд шилэн хаалга нүдэн Питийн нэрийг хашгирсан явдлыг хассан явдалд талархаж байв.
Ахин сүлд дуулал тоглоход бид босож ерөнхийлөгч Сноу тайзан дээр титэмтэй дэр барьсан жижигхэн охины хамт гарч ирэв. Ганцхан титэм байсанд цугласан хүмүүс хэнд өгөх юм бол гэдэгт гайхширах нь сонсогдов. Гэвч ерөнхийлөгч титмийг аваад эргүүлснээ хоёр хэсэг болгон хувааж нэгийг нь Питийн толгойд инээмсэглэн углалаа. Дараа нь над руу инээмсэглэсэн хэвээр эргэн хоёр дахь хэсгийг өмсгөхдөө нүд нь өршөөлгүй могойн харцаар нэвт цоргилоо.
Биднийг жимс идэхэд хүрсэн явдалд би буруутай. Би бол өдөөн хатгагч. Тиймээс намайг шийтгэж байна.
Төгсгөлгүй мэхийн ёслолт алга ташилт. Би үзэгчидтэйгээ мэндчилээд гараа буулгасны дараа Цезарь Фликерман эцэстээ үзэгчидтэй салах ёс гүйцэтгээд маргааш ирж эцсийн шатны ярилцлага үзэхийг урилаа. Яг л тэдэнд сонголт байгаа юм шиг.
Пит бид хоёр ерөнхийлөгчийн ордонд болсон баярын цайллагад оролцоход юм идэж уух боломж бараг гарсангүй бөгөөд Капитолын өндөр албаны хүмүүс, ялангуяа өгөөмөр ивээн тэтгэгчид бидэнтэй зураг авахуулахын тулд тохойгоороо түлхэлцэн өрсөлдөж байв. Гэрэлтсэн царай хаа сайгүй гялсхийн бүгд ууж инээн хөгжилдөнө. Заримдаа Хеймитчтэй харц тулгарах үед урамшуулан толгой дохиж байв. Би ерөнхийлөгч рүү харахаас айж байсан ч хүмүүсийн баяр хүргэлтийг хүлээн авч хариу инээмсэглэн тоглоом хийнгээ энэ үдшийн турш Питийн гараас салсангүй.
Нар тэнгэрийн хаяанд жаргах үед бид бэлтгэлийн төвийн арван хоёрдугаар давхартаа буцан ирлээ. Би одоо л Питтэй ганцаар үлдэн үг солих боломж гарлаа гэж найдтал Хеймитч түүнийг Портиатай ярилцлаганд бэлдэхээр явуулаад намайг өрөөнд хүргэж өгөв. - Би яагаад түүнтэй ярилцаж болдоггүй юм бэ?
- Гэртээ очоод хүссэнээрээ яриарай. Явж унт хоёр цагийн дараа эфирт гарна шүү.
Гэсэн ч Хеймитчийн үгийг үл харгалзан би Питтэй уулзахыг хүслээ. Хоёр цаг орондоо хэвтээд хонгилоор явав. Эхлээд дээвэр лүү гарч үзэхэд хэн ч байсангүй. Дор гудамжинд баярын дараа хүнгүй болжээ. Би ор луугаа буцсанаа хэсэг хугацааны дараа түүний өрөө лүү очихоор шийдээд хаалганы бариул эргүүлтэл гаднаасаа түгжээтэй байв. Хеймитч! Тэр магадгүй намайг хянаж байгаа болохоор шийтгүүлэхгүйн тулд түгжсэн байх. Би тоглоомын эхнээс чөлөөтэй байгаагүй ч гэмт хэрэг хийсний төлөө баривчлагдаад байцаалтанд дуудагдахаа хүлээж байгаа мэт эвгүй сэтгэгдэл төрөв. Орондоо түргэхэн хэвтээд унтаж буй дүр үзүүлсэн ч Эффи Тринкет ахин нэг маш чухал өдөр хүлээж байгааг сануулахаар орж ирэв. Би бэлтгэл багийнхан руу уруудахаас урд таван хором халуун будаа идэв. Тэдэнд дөнгөж <<Үзэгчид та нарыг хараад хөөрч байсан!>> гэж хэлж амжаад дараагийн хоёр цагийн турш ам нээх боломж гарсангүй. Дараа нь
Цинна ирээд тэднийг хаалгаар гаргаж надад цагаан нимгэн сиймхий даашинз, ягаан шаахай өмсүүлэв. Дараа нь өөрийн биеэр зөөлөн ягаан өнгөөр нүүр будлаа. Бид элдэв дэмий зүйл ярилцаж байсан ч илүү чухал зүйл асуухаас айлаа. Хаалгатай холбоотой болсон явдлын дараа байнга хараанд байгаа гэж бодохоос чичирэхгүй байж чадсангүй.
Ярилцлага дэргэдэх танхимд болох байв. Тэнд зай чөлөөлөн буйдан тавьж ягаан, улаан сарнай бүхий ваартай цэцэг тойруулан тавьжээ. Эргэн тойронд хэдэн дуран байсан бөгөөд ямар ч үзэгч байсангүй. Цезарь Фликерман намайг халуун дотноор тэврээд,
- Баяр хүргэе, Китнисс. Хэр байна даа? гэлээ.
- Хэвийн. Ярилцлаганд жаахан санаа зовж байна. - Тэгэх хэрэггүй. Бид цагийг үлгэрийн юм шиг өнгөрүүлэх болно гээд хацар дээр зөөлөн алгадав.
- Би өөрийнхөө тухай ярьж чаддаггүй.
- Чи юу ч хэлсэн бүх зүйл сайхан байх болно. <<Өө, Цезарь энэ үнэн байсан болоосой! Магадгүй энэ агшинд ерөнхийлөгч Сноу надад золгүй явдал тохиолдуулахаар бэлтгэж байж болох юм>> гэж би бодлоо.
Тэгтэл Пит цайвар улаан өнгийн гоёмсог хүрэмтэй гарч ирээд намайг хажуу тийш аваачин, - Би чамайг бараг харсангүй. Хеймитч биднийг бие биетэй нь уулзуулахыг хүсэхгүй байна гэлээ.
Би үнэн хэрэгтээ түүний бидний амийг аврахыг хичээж байгааг ойлгож байсан ч хэтэрхий олон чих байсан тул,
- Тиймээ тэр сүүлийн үед хэт хариуцлагатай байгаа гэв. - Жаахан хүлээчихвэл гэртээ харина. Тэр тэнд биднийг үргэлж дагаад байж чадахгүй.
Би яагаад гэдгийг нь мэдэхгүй давхийсэн ч ярилцлага авахад бүх зүйл бэлэн болсон байлаа. Бид ёсын дагуу буйдан дээр суухад Цезарь,
- Зовох хэрэггүй дээ хэрвээ хүсч байвал ойртоод суу. Түрүүчийн удаа та нар маш аятайхан харагдаж байсан гэлээ. Би ахин хөлөө буйдан дээр гаргахад Пит намайг тэвэрлээ.
Хэн нэгэн <<10, 9, 8… 3, 2, 1>> гэж тоолоод бид бүх орон даяар цацагдах эфирт гарлаа. Цезарь Фликермен үргэлжид байдаг шигээ тоглоом наадам хийж байв. Пит тэр хоёр эхний ярилцлагын үеэр ойлголцсон болохоор хөнгөхөн ярилцах агаад би аль болох бага ярихыг хичээн инээмсэглэж суулаа. Гэвч Цезарь аажмаар бүрэн хариулт шаардсан ноцтой асуулт тавьж эхэллээ.
- Тэгэхээр Пит чи агуйд байхдаа Китниссд таван настайгаасаа дурласан гэж хэлсэн үү?
- Тиймээ, түүнийг харсан агшиндаа.
- Харин Китнисс чамд ямар хугацаа шаардсан биэ? Чи Питэд хайртай гэдгээ хэзээ ойлгосон бэ? - Э-э, хэлэхэд хэцүү байна... гэж би сулхан инээмсэглээд цөхрөн гар луугаа харлаа. Туслаач!
- Би харин үүнийг мэдэж байх шиг санагдаж байна. Чиний модон дээр сууж байхдаа түүний нэрийг хашгирсан үе гэж Цезарь хэлэв.
Баярлалаа, Цезарь! Би уухайн тас яриаг нь дэмжлээ. - Тиймээ тэгсэн гэж бодож байна. Үнэнийг хэлэхэд би тэр мөчийг хүртэл өөрийн мэдрэмжийн талаар бодохгүйг хичээж байсан юм. Хэрвээ өмнө нь ойлгосон бол бүх зүйл будлиантай хэцүү болох байсан. Тэгтэл модон дээр бүх зүйл өөрчлөгдсөн.
- Яагаад ингэсэн гэж бодож байна? - Магадгүй... яагаад гэвэл... надад анх удаагаа түүнийг алдахгүй байх найдлага төрсөн юм.
Зураглаачын ард зогсож байсан Хеймитч сэтгэл амарсан янзтай санаа алдахад би бүх зүйлийг зөв хийснээ ойлголоо. Цезарь сэтгэлээр унасан байртай халааснаасаа нусны алчуур гаргаж ирэв. Пит духаа миний шанаанд наагаад, - Одооноос эхлээд би үргэлж чамтай хамт байх болохоор чи юу хийх вэ? гэв.
- Чамайгаа бүрэн аюулгүй байлгах газар эрж олно гээд би түүний нүд рүү харлаа.
Ингээд тэр намайг үнсэхэд өрөөнд байсан хүмүүс шүүрс алдав. Эндээс яриа бүсийн аюултай газар луу хэлбийж галт бөмбөлөг, алуурчин зөгий, шархны тухай ярилаа. Тэгтэл Цезарь Питээс шинэ хөл нь хэр таалагдаж байгааг асуулаа.
- Шинэ хөл гэнээ? гэж би дурангын өмнө байгаагаа мартан хашгираад Питийн өмдийг сөхөж, - Өө үгүй ээ! гэв.
Түүний арьсны оронд төмөр хуванцар төхөөрөмж байлаа.
- Чамд хэлээгүй юм уу? гэж Цезкарь намуухан асуухад би толгой сэгсэрлээ. - Надад хэлэх боломж байсангүй гээд Пит мөрөө хавчив.
- Энэ бүхэнд би буруутай. Би цус тогтоох боолт хэрэглэсэн болохоор... - Тиймээ чи намайг амьд үлдсэнд буруутай.
- Түүний зөв. Хэрвээ чи байгаагүй бол тэр цус алдаж үхэх байсан гэж Цезарь хэлэв.
Тэгсэн ч сэтгэлээр унасандаа миний нүдэнд нулимс цийлэгнэхэд олны өмнө уйлахгүйн тулд Питийн цээжинд нүүрээ наалаа. Тэд намайг хоёр хормын турш аргадаад дурангын өмнө буцаан гаргахад Цезарь тайвширах хүртэл асуулт асуусангүй. Гэвч үнэндээ тэр надаас жимсний асуулт асуух гэж түр үлдээжээ. - Китнисс чамд хүнд байгааг ойлгож байгаа ч би асуух ёстой... Чи жимсийг гаргах агшинд... юу бодсон бэ?
Би шууд хариулсангүй бодол санаагаа цэгцлэхийг хичээв. Энэ Капитолын эсрэг зогссон явдлаа Питийг ухаангүй хайраасаа болж алдахыг хүсээгүй гэдэгт бүгдийг итгүүлэх шийдвэрлэх мөч байлаа. Мэдээж илүү итгэлтэй хэлэх ёстой байсан ч би дуулдах төдий,
- Мэдэхгүй байна... зүгээр л... түүнгүй яаж амьдрахаа төсөөлж чадаагүй юм гэв.
- Питгүй юу? Өөр нэмж хэлэх юм байна уу? - Үгүй. Бидэнд хоёуланд маань ийм бодол төрсөн гэж бодож байна.
Цезарь зурагтын үзэгчидтэй салах ёс гүйцэттгэн дуран унтрав. Инээд уйлах, баяр хүргэх чимээ сонсогдсон ч би бүх зүйл хэвийн өнгөрсөнд итгэж чадалгүй Хеймитч рүү очоод,
- Болсон уу ? гэж шивнэлээ. - Үүнээс сайн гэж юу байхав.
Би өрөө рүүгээ юмаа цэгцлэхээр буцахад Мажын бэлэглэсэн шооч ятга шаазгайтай зүүлтээс өөр юу ч байсангүй. Хэн нэгэн түүнийг тоглоомын дараа ийш нь авчирчээ. Биднийг Капитолын гудамжаар цонхондоо хар теньтэй машинаар авч явлаа. Буудал дээр галт тэрэг хүлээж байв. Бид Цинна, Портиа хоёртой хэдэн сарын дараа ялагчын тойрон аялал бүсүүдээр хийхээр ахин уулзах болохоор түргэхэн салах ёс гүйцэтгэв. Ингэж Капитол ард түмэнд Үхлийн тоглоом хэзээ ч жинхэнээсээ дуусахгүй гэдгийг үзүүлдэг юм. Бидэнд хэнд ч хэрэггүй хүндэтгэлийн тэмдэг гардуулан бүгд хайртай дүр эсгэнэ.
Галт тэрэг хөдлөхөд бид харанхуй хонгилд ороод дараа нь гэрэлд гарахад би ургацын үеэс хойш анх удаагаа эрх чөлөөг мэдэв. Эффи бидэнтэй буцахаар нэгдэж Хеймитч бас хамт явлаа. Бид цадтал хооллоод чимээгүйхэн зурагтаар ярилцлага давтахыг үзэв. Капитол агшин тутам алслан холдох тусам би гэрийнхээ тухай бодож эхлэв. Примийн тухай, ээж, Гейлийн тухай. Би өрөөндөө ороод даашинзаа энгийн өмд цамцаар сольж өмсөв. Нүүр будалтаа нямбайлан угааж арилгаад, үсээ сүлжин алгуур урьдын төрхөндөө орлоо. Китнисс Эвердин. Ойд агнасан олзоо зээл дээр худалддаг Атирааны охин. Би толины урд удтал зогсоод үнэн хэрэгтээ хэн болохоо санахыг хичээв. Эцэст нь бусадтайгаа нэгдэхээр гарах үед Питийн мөрөн дээр гар тавьсан дурсамж хол хөндий санагдав. Галт тэрэг шатахуун авахаар түр зогсоход биднийг цэвэр агаарт гарч зугаалахыг зөвшөөрөв. Хамгаалах хэрэг
байсангүй. Пит бид хоёр холгүй орших замаар гар гараасаа барилцан чимээгүйхэн явахад гадны хүнгүй үлдсэн хойно би юу ярихаа мэдсэнгүй. Пит зогсоод надад тэвэр дүүрэн цэцэг зулгааж өгөхөд чадлаараа баярлаж буй дүр эсгэсэн ч орой дээрээ зэрлэг сонгинотой энэхүү цайвар ягаан өнгийн цэцэг Гейл бид хоёр ойд түүж байсныг санагдуулав.
Гейл. Түүнтэй удахгүй уулзана гэж бодохоос хамаг бие хүйт даав. Яагаад юм болоо? Би энэ бодлынхоо учрыг олж чадаагүй ч надад итгэдэг хүнийг хуурсан мэт сэтгэгдэл төрөв. Эсвэл хоёр хүнийг хуурсан ч байж магадгүй. Гэсэн ч энэ миний санааг зовоосонгүй. Тоглоом дууссан. Гэрт тоглоом явагдахгүй.
- Юу болоо вэ? гэж Пит асуув.
- Зүгээрээ, юу ч биш. Бид галт тэрэгний буудлын төгсгөл хүртэл үргэлжлүүлэн явахад холгүй орших бутан дунд дуран байхгүй гэдэгт итгэлтэй байсан ч надад хэлэх үг олдсонгүй.
Хеймитч миний нуруун дээр алгадан цочоосноо нам дуугаар аяархан ярихыг хичээн,
- Та хоёр сайн ажиллаа. Бүсэд очоод дурангаас холдох хүртэл дүр эсгэхийг хичээгээрэй. Бүх зүйл сайхан болно гэв.
Би Питийн харцнаас зугатан түүний араас дагуулан харлаа.
- Тэр юуны тухай яриад байна? - Бидэнд асуудал тулгарсан. Капитолд бидний жимстэй үзүүлбэр таалагдаагүй.
- Юу гэнээ? Чи юуны тухай яриад байна?
- Хэтэрхий зоргоороо авирласан явдал гэж үзэж байгаа юм. Хеймитч намайг сүүлийн хоёр өдөр муу юманд орооцолдохгүйн тулд биеэ авч явахад сургасан. - Сургасан гэнээ? Яагаад зөвхөн чамд гэж?
- Тэр чамайг ухаантай болохоор бүгдийн учрыг олж чадна гэсэн.
- Би юуны учрыг олохоо ч мэдээгүй байна. Хеймитчийн сая хэлснээс үзэхэд... бүсэд ч бас тэгсэн үү. Та хоёр хоорондоо тохиролцоо юу.
- Үгүй, юу гэж дээ. Би Хеймитчтэй бүсэд ярилцаж чадахгүй байсан.
- Гэхдээ чи түүний юу хүсч байсныг мэдэж байсан тийм биз дээ? гээд Пит миний гарыг тавилаа. - Чиний бүсэд хийсэн бүхэн тоглоомын төлөө байсан. - Бүгд биш гээд би баглаа цэцгээ чанга атгалаа.
- Бүгд биш гэнээ? Тэгвэл хэд нь? За, мартаж үз дээ. Асуудал гэвэл биднийг гэртээ харих үед юу болох вэ гэдэгт байна.
- Мэдэхгүй. Арван хоёрдугаар бүс ойртох тусам бүх зүйл улам будлиантай болоод байна.
Пит намайг цааш ямар нэг зүйл хэлэхийг хүлээсэн ч дуу гарсангүй. - Тэгвэл учрыг нь олохоороо хэлээрэй гэж тэр шаналсан хоолойгоор хэлэв.
Миний эдгэрсэн чих галт тэрэгний хөдөлгүүрийн чимээг үл харгалзан Питийн алхам бүрийг сонсож байлаа. Би галт тэрэг рүү буцаж ороход Пит өрөөндөө орон алга болжээ. Маргааш өглөө нь би түүнийг харсангүй ч арван хоёрдугаар бүсэд хүрэхээс өмнө гарч ирээд хүйтнээр толгой дохив. Би түүнд энэ бүхэн шударга бус гэж хэлэхийг хүслээ. Надаас боломжгүй зүйл шаардаж болохгүй. Бид чинь хөндлөнгийн хүмүүс. Би бүсэд хоёр биенээ амьд үлдэхийн тулд хэрэгтэй бүхнээ хийсэн. Бас өөрөө ч сайн ойлгохгүй байгаа болохоор Гейлд юу болсныг тайлбарлаж чадахгүй. Яагаад надтай ингэж харьцаж байгаа юм. Би хэзээ ч нөхөрт гарахгүй болохоор Пит намайг үзэн ядаж байгаа эсэх нь хамаагүй. Би хэзээ ч гэр бүл хүүхэдтэй болохгүй болохоор түүний талаар юу мэдэрч байгаа нь хэнд хамаатай юм бэ. Харин тэр чадах болов уу? Энэ бүх болсон зүйлийн дараа?
Би түүнийг хэдийн санаж эхэлж байгаагаа хэлэхийг хүссэн ч чадсангүй. Энэ миний зүгээс шударга бус хэрэг байлаа.
Бид чимээгүй зогсоод жижигхэн дүнсгэр буудал гарч ирэхийг харлаа. Буудал дээр зурагтын дуран дүүрэн байв. Хүн бүр бидний буцаж ирэхийг харахыг тэсэн ядан хүлээж байлаа.
Нүднийхээ буланд Пит гараа сунгах нь үзэгдэхэд би итгэлгүйхэн атгалаа.
- Ахин нэг удаа? Үзэгчдийн өмнө хийх үү? Түүний хоолой хөндий байсан нь юунаас ч дор сонсогдов. Би талх бэлэглэсэн хүүгээ алджээ.
Би түүний гараас чанга атгаад хамтдаа дуран угтан гарлаа.
ТӨГСӨВ