Нэгдүгээр хэсэг ОД
I
Би хүйтэн агаарт дашмагтай цайгаа хөргөхгүйн тулд чанга атгалаа. Булчин шөрмөс хүйтэнд чивчрэн чангарчээ. Хэрвээ зэрлэг нохдын сүрэг энэ агшинд ирсэн бол довтлохоос нь урд модон дээр гарч чадах эсэхдээ итгэлгүй байлаа. Хөшсөн биеэ дулаацуулахын тулд босож холхих хэрэгтэй. Гэвч би хадан дор хөдөлгөөнгүй суусан хэвээр модны завсар үүр хаяарахыг харлаа. Нар алгуур мандан хэдэн сарын турш айсан өдрийг эргэлтгүйгээр авчрав.
Тэд үдийн хоолны дараа Ялагчын тосгоны шинэ гэрт хүрэлцэн ирнэ. Сурвалжлагч, зурагтын багийнхан, өмнө нь намайг арван хоёрдугаар бүсээс Капитол хүртэл дагалдаж байсан Эффи Тринкет болон (сонирхолтой нь тэр одоо хүртэл тэнэг хиймэл ягаан үсээ зүүж байгаа болов уу эсвэл ялагчын аялалд зориулан өөр өнгөтэйг сонгосон болов уу) төмөр замын удаан аялалд зориулан хэрэгтэй зүйлийг минь бэлдэх бусад хүмүүс. Бэлтгэл багийнхан намайг олон нийтийн өмнө гарахад гарахад бэлтгэж, миний анд дизайнер Цинна бас ирэх юм. Тэр Үхлийн тоглоомын үеэр гайхалтай хувцсаараа олны анхаарлыг анх удаагаа надад хандуулсан билээ.
Хэрвээ миний дураар болдог бол энэ тоглоомыг үүрд мартан хэзээ ч энэ тухай ярихыг хүсэхгүй байв. Хар дарсан зүүд байсан мэт дүр эсгэх байлаа. Гэвч Ялагчын аялал мартах боломж өгсөнгүй. Капитол үүнийг жил бүрийн тоглоомын хооронд хүмүүсийн айдсыг сарнихаас өмнө зохион байгуулна. Үүгээрээ бүсийн оршин суугчдад Капитолын төмөр нударга, эрх мэдлийг сануулаад зогсохгүй олон нийтийг баярлахыг албадна. Энэ жил би шоуны од байлаа. Намайг бүсээс бүс рүү дурамжхан баярлах хүмүүс рүү аваачихад нууцлаг үзэн ядалтыг нь мэдрэн байж үр хүүхдийг нь өөрийн гараар алсан хүмүүсийн нүд рүү тайзан дээрээс харах болно...
Нар удаанаар мандахад би өндийлөө. Хөдөлгөөнгүй суусны улмаас хамаг бие шархиран зүүн талын хөл хөшсөнийг хэдэн хором алхан мэдээ оруулах хэрэг гарав. Би ойд гурван цагийг өнгөрүүлэхдээ агнах гэж хичээсэнгүй тул ангийн олзны цүнх хоосон байв. Ээж жижигхэн дүү Примийн хувьд хотын махны мухлагаас дуртай цагтаа мах худалдан авч чадах болсон тул шинэхэн олзыг минь сонирхохгүй. Харин сайн найз Гейл болон түүний гэр бүлийнхэн өнөөдрийн олзыг бүрнээр нь хүртэх болно. Тэднийг орхиж болохгүй. Би буцах замдаа зүгээ өөрчлөн ахин хагас цагийн турш урхинд олз орсон эсэхийг шалгав. Сургуульд байхад бид үдээс хойш урхиа шалгаж хотын зээл дээр мөнгө болгож амждаг байлаа. Одоо Гейл нүүрсний уурхайд ажиллаж байгаа болохоор хийх ажилгүйгээрээ би энэ үүргийг өөртөө авсан юм.
Гейл энэ үед нүүрсний уурхайд цаг наргүй ажиллан дотор эвгүйрхэм цахилгаан шатаар гүн рүү бууж нүүрс гаргаж байгаа. Би доошоо буух дургүй ч тэнд юу болдогыг мэднэ. Жил бүр сургалтын хөтөлбөр ёсоор манай ангийхан уурхай руу аялал хийдэг байсан юм. Би жаахан байхаасаа л уурхайд дургүй байв. Харанхуй хонгилууд гүнээс айх айдсыг төрүүлж, эхүүн үнэртэй агаарт нь тайван амьсгалах боломж олдохгүй. Эцгийгээ дэлбэрэлтэнд өөр хэдэн уурхайчины хамт алдсаны дараа би цахилгаан шатанд өөрийгөө албадан ордог болсон бөгөөд жил бүрийн аялал тамлал болон хувирсан юм. Хоёр ч удаа уурхайд орохын урд бие муудахад ээж ханиад хүрсэн гэж бодоод гэрт үлдээсэн билээ.
Би Гейлийн тухай бодлоо. Тэр зөвхөн нарны гэрэлтэй цэвэр тунгалаг агаарт модон дотор өөрийгөө жинхэнээр мэдрэх байсан. Түүнийг яаж тэвчиж байгааг мэдэх юм алга... Үгүй мэдэх юм байна. Тэр энэ бүхнийг ээж болон эрэгтэй, эмэгтэй гурван дүүгээ тэжээхийн төлөө тэвчиж байгаа. Би одоо хоёр гэр бүлээ тэжээж хүрэлцэхээр хүүдий дүүрэн мөнгөтэй болсон хэдий ч тэр ганц ч зоос авалгүй харин махыг бол дуртай авч байлаа. Хэрвээ би тоглоомд үрэгдсэн бол тэр эргэлзээгүй ээж болон Примд туслах байсан. Иймээс би түүнд өдөржин хийх ажилгүй сууж солиорохгүйн тулд үүнийг хийж байна гэж хэлсэн юм. Ер нь бол түүнийг гэртээ байхгүй үед ангийн олзоо аваачихыг
хичээдэг байв. Гейл хоногийн арван хоёр цагт ажилладаг байсан болохоор энэ нь амархан хэрэг дээ. Бид зөвхөн ням гаригт ойд уулзаж хамтдаа гөрөөлнө. Энэ нь миний хувьд долоо хоногийн хамгийн сайхан өдөр байсан ч урьдын адил юу ч хамаагүй ярилцдагаа больсон. Тоглоом үүнд хүртэл нөлөөлжээ. Би урьдын байдалдаа орох болов уу гэж сэтгэлийн гүндээ сулхан найдаж байсан хэр нь ашиггүй гэдгийг ойлгож байв. Өнгөрсөн зүйл буцаж ирэхгүй. Өнөөдөр би арвин их олзтой байж урхинд найман туулай, хоёр хэрэм болон Гейлийн урласан торонд минж оржээ. Тэр урхи занга тавихдаа агуу байлаа. Үргэлж хаана ямар модонд дээр тавих махчин амьтан хүргэхгүйн тулд аль мөчирт өлгөх, загасыг алдаагүй хөмрөхийн тулд нарийхан мөчир тэнцвэрийг нь олж тулах гээд л бүгдийг мэддэг байв. Үүнд хичнээн жил орсныг мэдэхгүй ч би үүнийг давтаж чадахгүй. Энэ нь туршлагаасаа илүү төрөлхийн авъяас байлаа. Яг л миний харанхуйд ганц ч сум алдалгүй харвадаг шиг. Намайг арван хоёрдугаар бүсийг хүрээлсэн хашаанд хүрч очих үеэр нар тэнгэрт өндөр хөөрөн мандав. Би ердийнхөөрөө зогсон цахилгаан гүйдэл дамжин гүйх чимээг анирдахад юу ч сонсогдсонгүй. Хуучин гэртэйгээ ойрхон хашааны ёроолын нүхээр шурган орлоо. Албан ёсоор бол ээж дүү хоёр минь энд бүртгэлтэй учир бид түүнийг хадгалсан хэвээр байсан юм. Би ямар нэг тохиолдлоор үхлээ гэвэл тэд эргэн ирэх болно. Харин тэр хүртэл Ялагчын тосгон дахь шинэ гэртээ аятайхан төвхнөсөн ч би энд эргэн ирсээр байлаа. Энэ нь миний хувьд жинхэнэ гэр минь байв. Би хуучин гэртээ хувцсаа солихоор орлоо. Эцгийнхээ хуучин арьсан хүрмийг мөрөөрөө бариу ноосон пальтогоор сольж, хуучирч гандсан ангийн ширэн гутлаа ээжийнхээр миний байдалд илүү зохицох үнэтэй гутлаар сольж өмсөв. Нум сумаа ойд найдвартай нуусан. Гадагш гарахаас урд гал зууханд хэсэг суулаа. Галгүй ханан зуух, бүтээлэггүй ширээ эль хул оргино... Хуучин амьдралаа харах нь гунигтай байлаа. Бид эцсийн эцэст амьдрал гэж нэрлэж болох байр сууринд хүрэн өмнөхтэйгээ харьцуулахад баян, алдартай болсон ч Капитолийн эрх баригчдын үзэн ядалтыг төрүүлжээ.
Миний бодлыг арын хаалган дээр өрөвдөлтэй гийнах чимээ тасалдуулав. Очиж онгойлговол Примийн хөгшин сэгсгэр муур байлаа. Түүнд ч гэсэн миний адил шинэ байшин таалагдахгүй байсан болохоор Примийг сургуульдаа явах болгонд ийшээ ирдэг байсан юм. Би урьд нь хэзээ ч түүнийг илбэн эрхлүүлж байгаагүй ч одоо шинэ төрлийн хачирхалтай холбоос үүсчээ. Би муурыг оруулаад минжний өөх өгч чихний арыг нь маажингаа <<Чи ямар муухай амьтан гэдгээ мэдэх үү?>> гэхэд хошуугаараа гар луу явъя гэсэн шиг шөргөөв. Би муураа тэврээд нөгөө гартаа ангийн олзоо барин гадагш гарахад ганц харайгаад бутны цаагуур алга болов.
Хөл дор нүүрсний тортог чахран гутал хөл барина. Гудамжаар уруудаад айлын арын хашаагаар дамжин Гейлийн байшинд дороо хүрлээ. Цонхны дэргэд угаагуур руу бөхийж байсан Гейлийн ээж Хейзел намайг хараад гараа хормогчиндоо арчин хаалга онгойлгохоор алга болов. Надад Хейзел таалагддаг байлаа. Энэ эмэгтэйд хүндэтгэх зүйл бий. Миний эцэг дэлбэрэлтэнд амь үрэгдэх үеэр түүнийг нөхөр нь гурван хүү гэдсэнд байгаа хүүхдийн хамт орхисон. Харин тэр төрөөд долоо хоног ч өнгөрөөгүй байхад ажил хайж эхэлсэн билээ. Жижиг хүүхэдээ харах хэрэгтэй болохоор уурхайд ажил олдоогүй ч хотод нэг худалдаачныд угаагчаар ажилд орсон. Тэр үед арван дөрөвтэй байсан хүүхдүүдийн хамгийн ахмад Гейл гэр бүлийнхээ гол орлого нь болсон юм. Тэр хэдийн тессерад нэрээ бичүүлэн хомс хүнс болох будаа, тос авч байлаа. Хэрвээ Гейл урхи занга тавьдаггүй байсан бол Хейзел гарын ясаа цайтал угаагаад ч гэр бүлийн таван хүнээ тэжээж чадахааргүй байв. Өвөл гар нь улайж хагаран цус шүүрэхэд ээж эмчилгээний тос өгүүлсэн ч эдгэрээгүй. Гэвч тэд хамтдаа арван хоёр хүрсэн Рори, арван настай Вики, дөрвөн настай Пози нарын нэрийг хэзээ ч тессарад бичүүлэхгүй гэж шийдсэн билээ.
Хейзел ангийн олзыг харж инээмсэглээд минжний сүүлнээс өргөснөө,
- Хөөх хүнд байна шүү! Орой ногоотой сайхан жигнэж болно байх гэв.
Гейлээс ялгаатай тэр гадны тусламж авахаас ичдэггүй байлаа. - Арьс нь ч бас муугүй гэж би хэлэв. Надад Хейзелийнд байж ангийн гавъяагаа үнэлүүлэх нь таатай байлаа. Хейзел ургамлын цай аягалахад бээрсэн хуруугаараа талархан аваад оочлов.
- Миний юу бодсоныг мэдэх үү... Ялагчын аялалаас эргэж ирээд Рориг сургуулийнх нь дараа заримдаа өөртэйгээ авч явдаг юм билүү. Яаж харвадагыг заая. - Тэгвэл сайн л байна. Гейл чөлөөтэй байдаг ням гаригтаа зөвхөн чамтай явахыг эрхэмлэдэг болохоор гээд Хейзел толгой дохив.
Би үүнийг сонсоод тэсгэлгүй улайлаа. Тэнэг хэдий ч. Энэ дэлхий дээр намайг Хейзелээс өөр сайн ойлгох хүн байхгүй. Тэр Гейл бид хоёрын харьцааны талаарх бүгдийг мэднэ. Биднийг гэрлэхийг хүлээж байж болох ч Үхлийн тоглоом хүртэл надад энэ талаар ямар ч бодол байсангүй. Тэгэхэд миний хамтрагч Пит Мелларк надад ухаангүй дурласан гэдгээ бүгдэд зарласан. Бидний дурлалын роман бүсэд амьд үлдэх түлхүүр байсан юм. Харин Пит бүгдийг хүндээр хүлээн авч билээ. Харин миний хувьд ямар бол? Мэдэхгүй юм даа. Гейлийн хичнээн шаналж байсныг төсөөлж байна. Тэгтэл Ялагчын аялалын үеэр Питтэй хамт ахин дурлалт хосууд болж тоглохоо бодоод зүрх шимширлээ.
Би уруул шазлам халуун цай балгаад ширээнээс босож,
- Би явсан нь дээр байх. Дурангын өмнө гарахад бэлдэх хэрэгтэй гэхэд Хейзел намайг тэврээд, - Сайхан хооллоорой гэв.
- Баярлалаа.
Миний дараагийн очих газар бол ангийн олзоо худалдахаар очдог зээл байлаа. Олон жилийн өмнө нүүрсний агуулах байгаад хаягдсан газар хууль бус наймаа дэлгэрсээр эцэстээ жинхэнэ хар зах болжээ. Зээл дээр намайг оролцуулаад гэмт хэрэгтэн хүмүүс татна. Арван хоёрдугаар бүсийн ойд агнахыг хориглодог болохоор зөвхөн арваад хүмүүс амь өрсөн хууль зөрчиж зүрхэлдэг байв.
Энэ тухай хэн ч яриагүй хэдий ч би зээл дээрх хүмүүст өртэй байв. Гейл надад Тослог Сей гэдэг шөл зардаг хөгшин эмэгтэй Пит бид хоёрын төлөө тоглоомд хандив цуглуулсан гэж хэлсэн. Эхэндээ мөнгийг зөвхөн зээл дээр авч байсан ч олон хүмүүс энэ тухай сонсоод хураасан жаахан зүйлээ авчирч өгчээ. Хэд болсныг мэдэхгүй ч амьдрал үхлийн дэнсэн дээр байгаа жинг хөдөлгөх ямар ч бэлэг авч хүрэх байв.
Би одоо хүртэл зээл дээгүүр ангийн хоосон цүнхтэй, ташаандаа хүнд хэтэвчтэй явж дадаагүй байлаа. Би аль болох олон мухлагаар орж кофе, талх, өндөг, ээрмэл утас, тос гээд олон зүйл авахыг хичээнэ... Хамгийн сүүлд уурхайд осолд орон ганц гартай үлдсэн ч өөрийгөө тэжээхээр хангалттай ухаантай Риппер гэдэг эмэгтэйгээс гурван лонх нэрмэл худалдан авлаа.
Архийг гэр бүлдээ биш Үхлийн тоглоомын үеэр Пит бид хоёрын зөвлөх байсан Хеймитчэд зориулан авсан билээ. Баргар хэрцгий үргэлж согтуу байдаг тэрбээр тоглоомын тоглоомын түүхэнд анх удаагаа хоёр ялагч зэрэг авчирсан.
Тиймээс хэн болохыг нь үл харгалзан би Хеймитчийн өмнө үргэлж өртэй. Хоёр гурван долоо хоногийн өмнө түүний уух юмны нөөц дуусахад чичирч орилж хашгичин Примийг үхтэл нь айлгасан юм. Надад ч гэсэн түүнийг тийм байдалтай харах нь аягүй байсан тул тэр үеэс эхлэн ээлжит хүрэлцэхгүй явдал гарах вий гэхээс нөөц архи байлгаж дасал болсон.
Миний лонхыг хараад журам сахиулагч Крей хөмсөг зангидав. Тэр хүрэн улаан нүүртэй бөгөөд хэдхэн мөнгөлөг үсээ хажуу тийш нь нямбайлан самнасан байдаг юм. - Охин минь энэ чамд хэтэрхий чангадах юм биш үү.
- Ээж үүгээр эм хийдэг юм гээд би мөрөө хавчив.
- Тийм байж энэ зүйлээр хүнийг шууд алж болно гээд тэр шинэхэн зоосоор лонхтой архи худалдан авлаа. Би Тослог Сэйн мухлагт очоод лангуунд сандал дөхүүлэн шош буурцагны холимог шөл захиалав. Тэгтэл журам сахиулагч Дариус гэдэг залуу орж ирээд бас адил шөл захиаллаа. Тэр хуулийг сахиулах үүрэгтэй ч хамраа сөхдөггүй дандаа тоглоом хийж байдгаараа надад таалагддаг юм. Ойролцоогоор хориод настай бөгөөд надаас төдийлөн ахмад бус харагдана. Инээмсэглэхэд шаргал үс нь өрвийгөөд хүүхэдтэй адилхан болдог байв. - Чи галт тэрэг рүүгээ явах болоогүй байна уу?
- Оройн хоолны дараа явна.
Тэгтэл тэр чангаар, - Тэгвэл гоодож амжих уу? Үсэндээ тууз юмуу өөр ямар нэг зүйл зүүх ч юмуу? гэхэд би тэсч чадалгүй инээлээ.
Тэр миний гэзгийг илэх гэсэн ч би зайлсхийлээ.
- Санаа зовох хэрэггүй. Дизайнерууд өөрийн ажлаа сайн мэддэг юм. - Сайн байна гэж Дариус толгой дохилоод,
- Хатагтай Эвердин жижигхэн бүсийн бахархал болох уу? гэлээ.
Дараа нь Тослог Сэй рүү шоолонгуй толгой дохиод гудамжинд найзтайгаа уулзахаар гарлаа. - Аягаа буцааж авна шүү! гэж эзэгтэй араас нь хашгирснаа инээд алдаад,
- Гейл чамайг гаргаж өгөх үү? гэж асуулаа.
- Үгүй, тэр жагсаалтанд байхгүй. Би түүнийг ням гаригт л харсан. - Түүнийг жагсаалтанд орох ямар нэг зүйл бодож олно гэж бодож байна. Эцсийн эцэст чиний үеэл ах шүү дээ гэж Тослог Сэй зальжин өгүүлэв.
Капитолийнханд зориулан бодож олсон ахин нэг заль. Пит бид хоёрыг Үхлийн тоглоомоос эргэн ирэх үеэр
сурвалжлагчид хувийн амьдралын тухай сонирхохоор уралдан ирцгээсэн юм. Тэднийг миний ойрын найзын тухай асуухад бүсийн хэн ч Гейлийг хэлээд өгөх байлаа. Бидний бүсийн хайрын түүхийн дараа тэр гаднах төрхөөрөө ойрын найз гэхээргүй харагдана. Тэгээд ч дурангын өмнө инээмсэглэн биеэ авч явж чадахгүй. Иймээс түүнийг үеэл ах болгожээ. Бидний хооронд үнэхээр төстэй зүйл олон бий. Шулуун хар үс, хүрэн арьс, ногоон нүд гээд л... Би галт тэрэгний буудал дээр ирэх хүртэл юу ч мэдээгүй байсан ч ээж <<Чиний үеэл чинь харахаар тэсэн ядан хүлээж байна!>> гэхэд эргээд Гейл болон Хейзелийг хүүхдүүдтэй нь гайхан харсан билээ. Өөр яах ёстой байсан гэж? Үргэлжлүүлэн тоглох хэрэгтэй байлаа. Тослог Сэйд бид хамаатан биш гэдэг нь илт байсан ч эртний танил минь энэ тухай мартахаар шийджээ.
- Бүх зүйл ард хоцрохыг хүлээж чадахгүй нь гэж би шивнэв.
- Ойлгож байна. Нэгэнт эхэлсэн бол төгсгөлийг нь дуустал яв. Хоцрохгүй байвал дээр дээ. Намайг буцах замд цас орж эхлэв. Хотын төвийн талбай дундуур Ялагчын тосгон руу хагас миль хэртэй алхах нь хэтэрхий хол санагдав.
Энд гадаад ертөнцөөс тусгаарлагдсан арван хоёр үзэмжтэй байшинг тойруулаад хилэн ногоон зүлэг, цэцгийн бут тарьсан байдаг. Тэдний ес нь хоосон байлаа. Үлдсэн гуравт Хеймитч, Пит бид гурав амьдарч байв. Пит болон манай гэрээс амьдралын дулаан өнгө гэгээ цацруулна. Гэрэлтэй цонх гийж, яндангаар утаа савсаад, ургацын баяр ойртож байгаагын тэмдэг болгон үүдэндээ тариа өлгөжээ. Хэдийгээр Хеймитчийн байшинд цэцэрлэгч анхаарал тавьдаг ч зөндөө хаягдсан мэт харагдах аж. Би үүдний хаалгыг түлхэн ороод эхүүн үнэрт хамраа үрчийлгэв.
Хеймитч гэртээ хэнийг ч цэвэрлэгээ хийлгэдэггүйн дээр өөрөө ч энэ ажилд тааруу. Гэрт нь удаан жилийн архи дарс, бөөлжисны үнэр, чанасан байцаа, шарсан мах үнэртэж угаагаагүй бохир хувцас, хулганы баастай холилдон хөглөрнө. Би газар хаясан хагарсан шил, ясны үлдэгдэл дээгүүр алхан Хеймитчийг хайлаа. Тэр гал зуухны ширээнд суугаад гараа тавцан дээгүүр тэгнэн нүүрээ асгасан архинд дүрээд чанга хурхирч байв. Би түүний мөр лүү түлхээд чангаар,
- Босоорой! гэхэд хариуд нь хурхиралт чимээгүй болсноо улам чангарлаа. Би түүнийг хүчтэй түлхэв. - Хеймитч, босоорой! Өнөөдөр ялагчын аялал болно!
Би цонх хүчээр онгойлгоод гаднах цэвэр агаарт гүнзгий амьсгал авлаа. Хөлөөрөө хогийн үлдэгдлийг бөөгнүүлэн, кофены гүцийг дүүргэж, зуухны нурмыг төнхөн хэдэн унтраагүй цог олов. Кофены гүцтэй усаа зуухан дээр тавив. Хеймитч урьдын адил үхдэл шиг тэгнэн хэвтсэн хэвээр. Би сайн юм болохгүй гэдгийг мэдэж байсан ч түмпэнд хүйтэн ус дүүргээд толгой руу нь цутган үсрэн холдлоо. Гэрийн эзний толгойд ус хүрмэгц хоолойн гүнээс зэрлэг архиралт гарлаа. Тэр үсрэн босоод сандлаа хэмх өшиглөж гартаа атгасан хутга савчив. Түүний үргэлж зэвсэгтэй байдгыг мартаж орхиж. Эхлээд хутгаас нь салгахгүй бол өөр юманд санаа тавих хэрэг гарна.
Хеймитч хараал урсган хутгаа хэд савчсаны эцэст ухаан орлоо. Нүүрээ ханцуйгаараа арчиж зугтахад бэлэн тавцан дээр суусан миний зүг эргэв.
- Чи энд юу хийж байгаа юм?
- Өөрөө зурагтынхан ирэхээс өмнө сэрээ гэж хэлээ биз дээ. - Юу гэнээ?
- Яг тэгсэн гээд би бууж өгсөнгүй.
Тэр санасан бололтой. - Тэгвэл би яагаад нэвт норчихдог билээ? гэв.
- Өөрөөр сэрээх арга байсангүй. Хэрвээ чамд асрагч хэрэгтэйг мэдсэн бол дараагийн удаа Питийг гуйхаас...
- Намайг юунд гуйна гэнээ? Танил хоолой гарахад миний дотор айсан ичсэндээ хөрвөх шиг болов.
Пит нарны гэрэлтэй цонхны дэргэдүүр өнгөрөн ширээ рүү очиход цайвар үс нь гялалзав. Энэхүү эрүүл хүчирхэг чийрэг залуу миний талбайд харсан өлсгөлөн өвчтэй залуутай адилгүй байлаа. Тэр үл мэдэг доголонгоо ширээн дээр шинэхэн халуун талх тавиад Хеймитч руу гар сунгав. - Намайг уушгины өрөвсөл тусахааргүй сэрээж байхыг гуйя гээд Хеймитч хутгаа өгөнгөө бохир цамцаа тайлж түүнээс дутахгүй заваан майкаа ил гаргав.
Пит инээмсэглээд хутгаа шалан дээрээс олсон лонхтой дарсанд норгож ирийг нь цамцны хормойдоо арчаад талхаа зүсэв. Энэ бүх хугацаанд тэр бидэнд шинэхэн талх нямбайлан жигнэж байв. Намайг агнаж байхад тэр талх барьж, Хеймитч ууж байдаг байв. Бид Үхлийн тоглоомыг санахгүйн тулд тус бүрдээ хийх зүйл олсон юм. Эцэст нь Пит надад анхаарал хандуулав.
- Шинэхэн талх идэх үү?
- Үгүй дээ, би зээл дээр хооллочихсон. Санал болгосонд чинь баярлалаа. Миний хоолой өөрийнхтэйгээ адилгүй ёс төдий сонсогдов. Би Питтэй ярилцах болгонд дурангын өмнө бодит амьдралдаа эргэн ирээд ямар жаргалтай байгаагаа харуулснаар дуусдаг байлаа.
- Зүгээр дээ гэхэд Хеймитч цамцаа овоолоостой хог руу чулуудаад, - Бррр. Та хоёр шоуны өмнө арай найрсаг байж болохгүй юу гэв.
Түүний зөв байлаа. Олон нийт Үхлийн тоглоомд ялсан дурлалт хосыг харахыг хүсч байсан ч бид бие биенийхээ нүд рүү хүчлэлгүйгээр эгц харж чадсангүй. Би хариуд нь,
- Хеймитч, усанд ороорой гээд цонхноос үсрэн бууж зүлгэн дээгүүр гэр лүүгээ явлаа. Шинэхэн цасан дээр мөр чахран үлдэнэ. Би хаалганы өмнө саатан гутал дээр тогтсон цас гөвөөд дотогш орлоо. Ээж намайг дурангын өмнө аятайхан харагдуулахын тулд бүтэн өдөржингөө бэлдсэн учир гялалзсан шалан дээр мөр гаргаж болохгүй. Намайг үүдээр орохтой зэрэгцэн тэр гараас барин зогсоов.
- Санаа зовох хэрггүй дээ. Гутлаа энд тайлчихъя гээд би хивсэн дээр гутлаа тайлав.
Ээж ойлгомжгүй сөөнгөтөн инээд алдсанаа мөрөнд байсан ангийн цүнхийг авлаа.
- Энэ чинь ердөө цас шүү дээ. Сайхан зугаалав уу? - Зугаалсан гэнэ ээ?
Тэр миний ойд шөнийн хагасыг өнгөрүүлснийг мэдэж байгаа. Тэгтэл гал зуухны хаалган дээр зогсож байгаа хүн миний харцанд тусав. Ганц харахад сайн оёдолтой хүрэм, пластик мэс заслын өө сэвгүй төрх гээд Капитолоос ирсэн нь ойлгомжтой байлаа. Нэг л зүйл биш байна даа. - Тэшүүрээр гулгаж байгаа юм шиг байсан. Гадаа их хальтиргаатай байсан шүү.
- Чамтай уулзахаар хүн ирсэн гэж ээж хэлэв.
Түүний царай цонхийн цайж хоолойд нь түгшсэн өнгө сонсогдсоныг би анзаараагүй дүр эсгэлээ. - Би тэднийг үдээс хойш ирнэ гэж бодсон юмсан. Цинна түрүүлж ирээ юу?
- Үгүй, Китнисс энэ бол...
- Хатагтай Эвердин ийшээ орно уу гэж Капитолын хүн ээжийн яриаг таслаад хонгилын зүг заав. Өөрийн гэртээ зааварлуулах нь хачирхалтай байсан хэдий ч би дуугүй өнгөрсөн нь дээр гэж үзээд ээж рүү инээмсэглэн,
- Аялалын өмнөх заавар байх гэлээ.
Тэд намайг сүүлийн үед аялалын үед юу хийх зааварчилгаагаар дарж байсан юм. Би суралцахад бэлэн хаалга руу дөхтөл гэнэтхэн <<Тэнд хэн байгаа юм бол? Тэд юу хүссэн хэрэг вэ? Ээж яагаад тэгтлээ айсан юм бол?>> гэсэн бодол зурсхийв.
- Ороорой гэж араас дагасан Капитолын хүн хэлэв.
Би гялалзсан зэс бариулыг эргүүлээд дотогш ороход агаарт сарнай, цусны эхүүн үнэр холилдон ханхлав. Намхан цагаан үстэй хэн нэгнийг санагдуулам танил хүн чимээгүйхэн ном уншина. Тэр хуруугаа түр хүлээгээрэй гэсэн аятай өргөлөө. Дараа нь эргэхэд миний зүрх палхийв.
Миний өмнөөс ерөнхийлөгч Сноугийн могойн харц харж байлаа.
II Миний санаанд ерөнхийлөгч Сноу нүсэр том далбаа өлгөсөн гантиг баганы өмнө зогсч байгаагаар төсөөлөгдөх тул өрөөндөө эгэл жирийн зүйлсийн дунд зогсч байгааг харах нь туйлын хачирхалтай хэрэг байлаа. Энэ нь яг л савны таг онгойлгоход жигнэсэн мах хорт могой болон хувирсантай адил байсан юм.
Түүнд энд юу хэрэгтэй юм бол? Нүдний өмнүүр ондоо Ялагчын аялалын нээлтийн ажиллагааны дүр зураг жирэлзэн өнгөрөв. Ялагчын царай, зөвлөгчид, даизайнерууд болон өндөр албаны түшмэд цухасхийх удаа байдаг. Гэвч ерөнхийлөгч нэг удаа ч байсангүй. Тэр зөвхөн Капитолд болох баяр цэнгэлд ховорхон оролцдог билээ.
Иймээс түүний алс холын аялал хийсэнд ганц дүгнэлт байлаа. Надаар зогсохгүй гэр бүлийнхэнд минь ноцтой асуудал тулгарчээ. Ээж, Прим хоёр намайг үзэн ядаж байгаа энэ хүнд хичнээн ойрхон байгааг бодохоос хамаг бие агзасхийлээ. Үргэлж үзэн ядах болно. Учир нь би хэрцгий Үхлийн тоглоомыг зальдсанаараа Капитолыг бүгдийн нүдэн дээр элэг доог болгож нэр хүндийг нь унагахад хүргэсэн.
Тэгэхэд ердөө хоёр биенийхээ амийг аврахыг хүссэн нь тохиолдлоор эсэргүүцэл болон хувирчээ. Хэрвээ Капитол Үхлийн тоглоомын төгсгөлд ганцхан оролцогч үлдээхээр шийдсэн бол өөрийн бодлоо илэрхийлэх нь бослого гаргасан хэрэг. Цорын ганц аврагдах явдал бол Питэд ухаангүй хайртай дүр эсгэх байлаа. Ингэснээрээ хоёул амьд үлдэх боломж олдон ялагчын титмийг зүүсэн билээ. Гэртээ эргэж ирэхэд хүндэтгэлийн баяр зохион байгуулж эцэстээ дурангууд тайван орхисон юм. Өнөөдөрийг хүртэл.
Дасал болоогүй шинэ гэрт дурын агшинд намайг алахад бэлэн хүнийг хараад айдас төрөхөд ерөнхийлөгч гэртээ байгаа харин би уригдаагүй зочин мэт сэтгэгдэл төрөв. Би түүнд суухыг санал болгож чадсангүй. Ер нь юу ч хэлж чадсангүй урд хорт могой байгаа мэт аятай хөдөлж чадалгүй нүд салгалгүй зогсоод яаж зугтах тухай бодлоо. - Бид бие биендээ худал хэлэхгүй байхаар тохиролцсон нь дээр байх. Юу хэлмээр байна даа? гэж ерөнхийлөгч хэлэв.
Хэл хөшөөд дуугарч чадахгүй нь гэж бодсон ч тайван хоолойгоор дуугарсан явдалдаа би өөрөө ч гайхлаа.
- Тиймээ энэ нь цаг хэмнэнэ байх гэж бодож байна. Ерөнхийлөгч Сноу инээмсэглэхэд би амьдралдаа анх удаагаа уруулыг нь харлаа. Могой ямар уруултай байж болох вэ? Ямар ч биш. Арьс нь бөмбөрийн хэц чивчиртэл татсан жимбэгэр уруултай аж. Сэтгэл татам харагдуулахын тулд мэс заслын тусламжтай өөрчилсөн юм болов уу. Тэгсэн бол мөнгө цагаа дэмий салхинд хийсгэсэн хэрэг болж дээ.
- Миний зөвлөгчид таныг томоохон асуудалд орохоос айж байгаа юм. Мэдээж та асуудалд орохоор төлөвлөөгүй биз дээ?
- Тийм гээд би толгой дохилоо.
- Би тэдэнд тэгж хэлсэн. Ямар ч охин өндөр үнээр олж авсан амьдралаа хадгалахын тулд үүнийг хоёр гараараа түлхэнэ гэж. Тэгээд ч түүнд гэр бүл байгаа шүү дээ. Ээж, дүү бас... үеэл ах. Түүнийг сүүлчийн үгээ тодотгон хэлэхэд Гейл бид хоёрыг төрөл төрөгсөд биш гэж мэдсэн нь ойлгомжтой болов.
Ингээд бүгд илэрхий боллоо. Тэр нь ч дээр байх. Ойлгомжгүй аюул заналд байхыг хүсэхгүй байна. Мэдэж байх нь үргэлж дээр байдаг. - Алив сууцгаая гээд ерөнхийлөгч Сноу Примийн гэрийн даалгавараа хийж, ээжийн өрхийн орлого зарлагаа тооцдог зүлгэмэл гадаргуутай модон ширээний ард байраа эзлэв.
Түүний өөрийн гэрт байгаа мэт аяглах нь таагүй байсан ч суух нь зүйн хэрэг тул би ширээний эсрэг талд байгаа өндөр
түшлэгтэй сандалд суухад хөлийн хуруу шаланд дөнгөж хүрч байв. - Хатагтай Эвердин надад таагүй явдал тохиолдоод байна. Энэ нь таны бүсэд хортой жимс гаргаж ирсэн цагаас эхэлсэн.
Энэ нь Пит бид хоёр хоёулаа амиа хорловол тоглоомын зохион байгуулагчид ялагчгүй үлдэх байсан болохоор амьд үлдээсэн явдалтай холбоотой болохыг би тааварлалаа. - Хэрвээ Сенки Крейнд жаахан тархи байсан бол таныг газар дээр чинь хорхой шиг няцлах байсан юм. Золгүй нь манай ерөнхий зохион байгуулагч уяхан сэтгэлтэй тэнэг хүн. Тиймээс та энд байгаа юм. Харин түүнийг одоо хаана байгааг тааварлаж байна уу?
Сенки Крейнийг цаазалсан гэдэг нь тодорхой байсан учир би толгой дохилоо. Бидний дунд зөвхөн ширээ зааглаж байхад цус, сарнайн үнэр улам хүчтэй болов. Сарнай ерөнхийлөгчийн генетикийн аргаар сайжруулан энгэртээ шингээсэн цэцгийн сүрчигээс үнэртсэн байж болох. Жинхэнэ сарнай ийм хурц үнэртэй байдаггүй. Харин цусны хувьд гэвэл... мэдэхгүй юм даа...
- Үүний дараа надад ганц зүйл үлдсэн нь та нарыг жижигхэн үзүүлбэрээ тоглохыг зөвшөөрсөн явдал юм. Чи дурлалдаа шатсан сургуулийн сурагч охины дүрийг маш сайн бүтээсэн нь Капитолын хүмүүсийг итгүүлсэн. Харин бүсүүдийн хувьд харамсалтай нь бүгдийг мэхэлж чадаагүй гээд миний царайд илэрсэн гайхширсан төрхийг харсан бололтой,
- Мэдээж та энэ тухай сэжиглээгүй байж таарна. Бусад бүсүүдийн байдлын тухай мэдээлэлийг хаанаас мэдэх билээ дээ. Тэдний зарим нь та нарын жимстэй илбийг хайраасаа болсон гэж үзээгүй байна. Хэрвээ арван хоёрдугаар бүсийн охин Капитолын үгийг үл тоомсорлоод шийтгэлгүй үлдвэл тэдэнд бас тийм алхам хийхэд юу саад болно гэж? Жишээлбэл бослого зохион байгуулахад? гэв.
Түүний сүүлчийн үгээ хэлэх агшинд дотор палхийн хүнд зүйлээр цохиулсан аятай болов. - Тэд үнэхээр бослого гаргасан хэрэг үү? гээд би үүнд унтууцсан баярласан эсэхээ мэдсэнгүй.
- Одоохондоо үгүй. Гэвч нөхцөл байдлыг өөрчлөхгүй бол энэ нь зөвхөн цаг хугацааны асуудал болоод байна. Харин бослого хувьсгалд хүрэх нь тодорхой гээд ерөнхийлөгч намайг толгойны өвчин болсон аятай зүүн хөмсгөө үрчив.
- Та энэ юу болох талаар төсөөлж байна уу? Хичнээн хүн амь үрэгдэж болохыг? Амьд үлдсэн нь ямар нөхцөлд дэнжигнэн үлдэхийг? Капитолын хувьд ямар асуудал үүсэх вэ гэвэл бүсүүдийн хяналт суларснаар бүх систем нуран унах аюултай. Намайг энэхүү шулуун яриа гайхуулсан ч бодоод үзэхэд Сноу үнэн хэрэгтээ Панемын оршин суугчдын сайн сайхныг бүхнээс дээгүүр үнэлж байгаа нь утгагүй яриа шиг санагдсанд өөрийн мэдэлгүй,
- Атга жимс идсэний төлөө нуран унадаг ямар эмзэг систем бэ гээд хэлчихэв.
Тэр удтал намайг дуугүй намайг шинжин харлаа. - Тиймээ эмзэгхэн хэдий ч чиний бодож байгаа шиг биш.
Хаалга цохих чимээ гаран өрөөнд Капитолын хүний толгой цухуйв.
- Ээж нь цай уух эсэхийг асууж байна?
- Дуртайяа ууя гэж Сноу хэлэхэд хаалга нээгдэж ээж үүдэн дээр Атираанд ирэх үеэрээ авчирсан хятад цайны аяга бүхий тавиур барин зогсож байлаа.
- Ийшээ тавина уу гээд ерөнхийлөгч номоо холдуулан ширээний голд алгадав. Ээж тавиур дээрхээ хоослон шаазан гүцтэй цай, аяга, цөцгийн тос, чихэр болон дийзтэй жигнэмэг тавив. Жигнэмэг дээр цэцэг хээлэн дүрсэлснийг бодвол Питийн ажил бололтой.
- Ямар таатай юм бэ. Тийм ч олон хүний толгойд ерөнхийлөгч цай уухыг хүсч байгаа гэж орохгүй дээ гэж Сноу ялдамаар хэлэхэд ээж ялимгүй тайвширав. - Өөр зүйл хүсч байна уу? Хэрвээ та өлсөж байвал би...
- Үгүй, энэ хангалттай. Баярлалаа.
Тэр түүнийг хөөж байгаа нь ойлгомжтой байлаа. Ээж над руу түргэхэн хяламхийснээ гарав. Ерөнхийлөгч бидэнд цай аягалж өөртөө чихэр, цөцгийн тос нэмээд халбагаараа удтал хутгав. Тэр харваас хэлсэн зүйлдээ хариу хүлээж байгаа бололтой.
- Надад бослого эхлүүлэх ямар ч санаа байгаагүй.
- Үүнд чинь итгэж байгаа ч энэ чухал биш. Танай дизайнер хувцсаа мэргэн сонгосон. Галт Китнисс таны үсэргэсэн оч Панемыг устгаж болох тамын гал болон дүрэлзэж байна.
- Та яагаад намайг одоо шууд алж болдоггүй юм бэ? гэж би палхийтэл хэлэхэд,
- Хүмүүсийн дэргэд үү? Энэ зөвхөн галд тос нэмэхээс өөрцгүй гэж Сноу унтууцав. - Тэгвэл золгүй явдал зохион байгуул л даа.
- Хэнийг худалдан авах юм бэ? Та өөрөө худалдан авах юм уу?
- Тэгвэл юу хийх хэрэгтэйг минь хэлээдэх. Би бүгдийг хийнэ. - Хэрвээ бүх зүйл тийм хялбархан бүтвэл гээд ерөнхийлөгч жигнэмэгийн цэцгэн угалзыг шинжин харснаа,
- Аятайхан юм. Ээж чинь хийсэн үү? гэв.
- Пит гээд би анх удаагаа тэсгэлгүй харц буруулан аягатай цайгаа буцаан тавьтал жингэнэсэн тул ичсэнээ далдлахаар жигнэмэг авлаа. - Пит... Хайрт чинь уу?
- Тийм.
- Тэр таны хичнээн хайхрамжгүй хандаж байгааг мэдвэл яах бол? гээд Сноу жигнэмэгээ цайнд дүрлээ.
- Би хайхрамжгүй хандаагүй.
- Гэхдээ залуу хүү та хоёр бүх орныг итгүүлсэн шигээ биш нь ямар таагүй юм бэ. - Хэн хэлж байгаа юм?
- Би хэлж байна. Тэгээд ч эргэлзсэн ганц хүн байгаагүй бол энд байхгүй байсан. Ингэхэд дур булаам үеэл ах чинь хэр байна даа?
- Мэдэхгүй.. би... Миний хоолойд юм тээглэв. Ерөнхийлөгчтэй хайртай хүмүүсийнхээ тухай ярих нь ямар жигшүүртэй юм бэ.
- Хатагтай Эвердин үргэлжлүүл. Түүнийг дуусгах амархан болохоор зөвшөөрөл авахаар ирэх хэрэг ч гарахгүй. Та залуу хүнийг долоо хоног бүрийн ням гаригт модон дунд уулзсаны төлөө хувь заяаг нь тааруухан зүйлд хүргэж байна даа. Тэр энэ бүхнийг мэдэж байна гэж үү? Хаанаас мэдсэн юм бол? Олон хүмүүс Гейл бид хоёрын хамтдаа гөрөөлдөгийг хэлж чадна. Ням гариг болгон бид ангийн олз дүүрэн хүнд цүнхтэй буцаж ирдэг. Ийм маягтай олон жил өнгөрсөн. Асуудал гэвэл тэр арван хоёрдугаар бүсийн эргэн тойрны ойд юу болсныг мэдэж байна. Бинийг мөрдсөн байх ёсгүй дээ. Эсвэл мөрдсөн юм уу? Хэн нэг хүн дагасан байж болох уу? Үгүй боломжгүй. Дуран байсан хэрэг үү? гэсэн бодол зурсхийв. Ойд Капитолын гараас хол аюулгүй газар болохоор бид юу бодож хүсч байгаагаа чөлөөтэй ярилцдаг байлаа... Үхлийн тоглоомоос өмнөхөн. Хэрвээ мөрдөж байсан бол энэ хүмүүс юу харсан бол? Хоёр хүн агнах зуураа Капитолоос урван тэрсэлсэн зүйл ярьж байна. Сноугын хэлсэнчлэн хайртай хүмүүс биш. Тэгвэл бид цэвэр өнгөрнө. Зөвхөн... зөвхөн...
Энэ ганцхан удаа болсон. Яг л цэлмэг тэнгэрээс аянга буухтай адил гэнэтхэн болсон юм. Би тоглоомноос буцаж ирээд хэдэн долоо хоногийн турш Гейлтэй ганцаарчилан уулзах боломж байсангүй. Эхлээд янз бүрийн баяр ёслол саад болов. Ялагчын цайллага, өндөр албаны тушаалын ихэнхи хүмүүсийнд уригдах гээд л. Бүс даяар баяр ёслол болж Капитолоос хоол хүнс авчирав. Арван хоёдугаар бүсэд анх удаагаа илгээмжийн өдөр болж хүн бүхэнд хайрцагтай хоол хүнс хүргэсэн юм. Эргэн тойрон үргэлж өлсгөлөн байдаг Атирааны хүүхдүүд хэрхэн хөгжилдөж алимны нухаш, лаазалсан мах, чихэр савчин гүйхийг харахад таатай байлаа. Гэрт нь илүү том ууттай будаа, лаазтай тос хүлээж байгаа. Бүтэн жилийн турш сард нэг удаа илгээмж авч байх болно. Иймээс би Үхлийн тоглоомын ялагч болсондоо тэр агшинд баяртай байсан юм.
Цайллагаас цайллагын хооронд сурвалжлагчид алхам бүрийг дагалдан мөрдөж би Питийн хамт хүндэтгэлийн суудалд суугаад олон нийтийн өмнө үнсэлдэхдээ биднийг тайван орхино гэж найдахаа бараг болив. Гэвч хоёр долоо хоногийн дараагаар эцэстээ бүх зүйл намдаж зурагтынхан, сэтгүүлчид ачаа тээшээ баглаад ирсэн зүгтээ буцахад Пит бид хоёрын харилцаа ахин хүйтрэв. Манай гэр бүл Ялагчын тосгонд шилжин сууршлаа. Арван хоёрдугаар бүсэд өглөө уурхайчид ажилдаа, хүүхдүүд сургуульдаа явах нь дадал болсон байдаг. Би хүнд анзаарагдахгүй гэж найдан ням гаригийн өглөө үүр гэгээрэх үеэр хэнд ч хэлэлгүй ойд явлаа.
Цаг агаар дулаахан байсан учир хүрмийн хэрэг гарсангүй. Цүнхэндээ онцгой хоол болгож тахианы хүйтэн мах, бяслаг,
шинэхэн талх, жүрж хийгээд хуучин гэртээ очиж ангийн гутлаа сольж өмсөв. Ердийнхөөрөө торны цоорхойгоор шурган гарч нум сумаа аваад Гейл бид хоёрын ургацын өглөө хооллож байсан газар хүрэв.
Гейлийг хоёр цагийн турш хүлээсний эцэст тоглоомын дараагийн өнгөрсөн өдрүүдэд намайг ирэх найдвар алдсан байх гэж бодлоо. Эсвэл мартсан ч юмуу үзэн ядаж байж болох юм. Би хорвоо дээрх цорын ганц нууцаа хуваалцдаг хамгийн сайн найзаа алджээ. Үгүй энэ хэтэрхий аймшигтай байлаа. Агшин зуур нулимс цийлэгнэн хоолойнд юм торж сэтгэл шимшрэв. Тэгээд дээшээ хартал Гейл холгүйхэн арван алхамын зайд зогсоод анхааралтай ширтэж байв. Би үсэрч босоод тэврэн уйлах инээх зэрэгцэв. Гейл намайг удтал чанга тэврэн зогссоноо зогсиулахыг минь сонсоод хүйтэн ус уулган эмчлэв.
Тэр өдөр бид ердийнхөөрөө байсан. Хооллоод агнаж, загасчилан, жимс түүнгээ хотод болсон зүйлийн тухай ярилцлаа. Бүсэд байсан тухай болон түүний уурхайн шинэ амьдралын тухай биш өөр ондоо зүйлийн тухай ярилцацгаав. Биднийг зээлийн ойролцоох хашааны цоорхойд ойртох үед би бүх зүйл урьдын хэвээр гэдэгт итгэв. Бид урьдын адил амьдарч болох нь. Би гэрт хоол унд хангалттай болсон болохоор ангийн олзоо бүгдийг нь Гейлд өглөө. Зээл орохоор татгалзсан учраа ээж, Прим хоёр агнахаар явсныг минь мэдэхгүй учир харвал гайхана гэж тайлбарлав. Тэгээд өдөр бүр урхиа эргэж байхыг санал болготол тэр гэнэтхэн миний нүүрнээс бариад үнсэв.
Би үүнд ямар ч бэлтгэл байсангүй. Гейлтэй олон цагийг хамт өнгөрүүлэн ярих, инээх, гуниглах гээд бүгдийг уруулын хөдөлгөөнөөс нь харж дасал болжээ. Гэвч түүний уруул ямар дулаахан болохыг төсөөлж байсангүй. Эсвэл энэ гар олон төвөгтэй зальжин урхи тавьдаг шигээ намайг хялбархан олзлон авсан байх. Миний амьсгал давхцахад хуруугаа чанга атгаад цээжинд нь наалдав. Тэгтэл Гейл намайг холдуулаад,
- Би үүнийг хийх ёсгүй байсан юм гээд явсан билээ. Нар тэнгэрийн хаяанд гудайхад би гэрийнхнээ санаа зовж байгааг мэдэж байсан хэр нь модон дор суусан хэвээр үлдэв. Түүний үнсэлт таалагдсан эсвэл уурлуулсан эсэхийг ойлгохыг хичээсэн ч ой ухаанд зөвхөн уруулын шүргэлт, үл мэдэг ханхлах жүржийн үнэр санагдан үлдэв. Үүнийг Питтэй үнсэлдсэн маш олон үнсэлттэй харьцуулах нь утгагүй байлаа. Эцэст нь шийдвэрт хүрч чадалгүй гэртээ харьсан билээ.
Ингээд тэр долоо хоногийн турш урхиа эргэхээр явж олсон олзоо Хейзелд өгч байлаа. Гейлтэй ням гариг хүртэл уулзсангүй. Энэ хугацаанд би хэрхэн найз залуутай болохыг хүсэхгүй байгаа болон гэрлэхээр төлөвлөөгүй болохоо хэлэхээр бэлтгэж байсан ч хэрэг болсонгүй. Гейл биеэ юу ч болоогүй мэт авч явж байлаа.
Магадгүй намайг түрүүлж ярихыг хүлээж байсан биз. Эсвэл үнсэх ч юмуу.
Би ч гэсэн юу ч болоогүй дүр үзүүлж байлаа. Гэвч үнэн хэрэгтээ болсон юм. Гейл миний хуучин нөхөрлөлөө сэргээхээр найдаж байсан үл үзэгдэх саадыг хэмх цохьжээ. Хичнээн ч дүр эсгэсэн би түүний уруул руу тайван харж чадсангүй.
Энэ бүх бодол саяхан Гейлийг алахаар заналхийлж байсан ерөнхийлөгчийн цавчилгүй ширтэх харцан дор зурсхийн орж ирлээ. Капитол биднийг Үхлийн тоглоомын дараа мартана гэж бодсон минь ямар тэнэг хэрэг вэ! Надад бослогын талаар мэдэх боломж байгаагүй. Тэд үүнээс болж надад уурсаж байна. Болгоомжтой байхын оронд би юу хийчхээ вэ? Энэ нь ерөнхийлөгчийн нүдэнд яаж үзэгдсэн бол. Ялагч бүгдийн дээр Питийн тухай мартаад эртний найзаа эрхэмлэн үзэж байна. Капитолыг илэрхий шоолон даажигнаж байгаа хэрэг. Миний хөнгөмсөг явдал Гейл, түүний гэр бүлийнхэн болон Пит, төрөл төрөгсөддөө аюул учруулахад хүргэжээ.
- Танаас гуйя Гейлд бүү хүрээч. Тэр миний ердийн найз. Бид олон жилийн өмнөөс үерхэж байгаа юм. Тиймээс бүгд биднийг хамаатан гэж боддог хэмээн би шивнэн гуйлаа.
- Намайг зөвхөн Пит та хоёрын харилцаа бүсүүдийн сэтгэл санаанд яаж нөлөөлөх вэ гэдэг бодол эзэлж байна.
- Би аялалын үеэр бүгдийг засна. Өмнөх шигээ түүнийг ухаангүй хайрлана. - Одооных шигээ гэж Сноу засав.
- Яг л одооных шигээ гэж би баталлаа.
- Бослого дэгдээхгүйн тулд ихээхэн чармайх хэрэгтэй шүү. Аялал үүнийг эргүүлэх цорын ганц боломж чинь - Миний хувьд бүтнэ. Би бүх бүсүүдэд Капитолын эсэргүүцэх гэсэндээ биш ухаангүй хайраасаа болж тийм үйлдэл гаргасан гэдгээ нотолно.
Ерөнхийлөгч Сноу босоод уруулаа амны цаасаар арчаад,
- Өндөрт онилоорой гэв. - Энэ чинь юу гэж байгаа юм? Би яаж өндөрт онилох юм? гээд би ойлгосонгүй.
- Намайг итгүүл.
Ерөнхийлөгч амны цаасаа тавиад номоо авч хаалга зүглэв. Би түүн рүү хараагүй ч чихэнд тодхон, - Би үнсэлтийн тухай мэднэ гэсэн үг сонсогдоход цочлоо.
Хаалга хаагдав.
III Цус... Энэ түүний амьсгалаас үнэртэж байж.
<<Яагаад юм болоо? Магадгүй уудаг юм болов уу?>> гэж би бодоод түүнийг хэрхэн хүрэн улаан шингэнтэй аяганд жигнэмэг дүрж байгааг төсөөлөв. Цонхны цаана машин муур хүржигнэх мэт аяархан хүнгэнэснээ алслан одов. Капитолийнхон ирсэн шигээ үл ажиглагдам явлаа.
Нүдний өмнө өрөө бүрэлзэн эргэлдэхэд унахгүйн тулд бөхийн ширээний ирмэгээс зуураад гартаа атгасан Питийн жигнэмэг үйрмэг болон бутрахыг тоолгүй бүх амьдрал хяналтаас гарч байгаа тухай бодлоо. Энд саяхан ерөнхийлөгч Сноу байсан. Бүсүүд бослого гаргахын ирмэг дээр байна. Түүгээр ч зогсохгүй Гейл болон хайрладаг бүх хүмүүст минь үхлийн аюул заналхийлж байна. Хэрвээ аялалын үеэр бүгдийг эргүүлэхгүй бол өөр хэн миний үйлдлийн хариуг төлөхийг хэн мэдэх юм бэ? Ерөнхийлөгчийн дурамжхан байдлыг тайвшируулах хэрэгтэй. Гэхдээ яаж тэр вэ? Бүх орны өмнө ямар ч эргэлзээгүй Пит Мелларкад хайртайгаа батлах гэж үү.
<<Бүтэхгүй дээ. Би тийм ч сайн жүжиглэж чаддаггүй>> гэсэн бодол толгойд зурсхийв. Питийн хувьд нүдэнд дулаахан болохоор хамаагүй дээр байлаа. Тэр хүмүүсийг юунд ч итгүүлж чадна. Гэтэл Пит биш би хайраа батлах ёстой.
Хонгилд ээжийн хөнгөн хөлийн чимээ сонсогдов. Түүнд нэг ч үг хэлж болохгүй. Би тавиур луу гараа сунган түргэхэн алгандаа наалдсан жигнэмэгийн үйрмэгийг сэгсрээд аягатай цай авч том балгав. - Китнисс бүх зүйл хэвийн үү? гэж ээж сонирхов.
- Тиймээ. Зурагтаар үүнийг үзүүлдэггүй ч ерөнхийлөгч ялагч бүртэй аялалын өмнө амжилт хүсэхээр уулздаг юм гээд би баяртай инээмсэглэв.
Түүний царай гэрэлтсэнээ санаа амрав. - Тийм үү. Би ямар нэг муу зүйл болсон юм байх гэж айлаа.
- Үгүй дээ. Бэлтгэл багийнхан миний хөмсөг яасныг харах үед жинхэнэ таагүй юм эхлэнэ дээ.
Ээж инээд алдахад би арван нэгэн настайгаасаа хойш гэр бүлдээ санаа тавих үүрэг авснаа санав. Би үлдсэн амьдралын туршдаа түүнийг хамгаалах болно.
- Онгоцонд халуун ус дүүргэх үү?
- Гайхамшигтай бодол байна гэж би зөвшөөрөөд түүний үнэн сэтгэлээсээ баярлахыг харлаа. Үхлийн тоглоомоос эргэж ирснээс хойш би ээжтэй харьцаагаа сайжруулахыг хичээж байсан юм. Өөрийгөө түүнээс юм гуйхад сургаж, тусламж санал болгоход нь энэ бүх жилүүдэд байсан шигээ ууртайгаар татгалзахгүйг хичээнэ. Тэвчиж чаддаггүй ч хариу тэврэн, ялагчын мөнгөө түүнд зарцуулахаар өгсөн билээ. Бүсэд би ээжийгээ цаашид шийтгэж болохгүй гэдгийг ойлгосон бөгөөд эцгийн үхлийн дараа сэтгэлийн хүнд дарамтанд орсон явдалд тэр буруугүй билээ. Хүмүүс тийм зүйл тохиолдод бэлэн бус байдаг юм. Жишээлбэл яг миний одооны байдал шиг.
Түүнээс гадна намайг бүсэд эргэн ирэх үед ээж нэг ухаалаг алхам хийсэн юм. Пит бид хоёр гэр бүл галт тэрэгний буудал дээр гэр бүлийнхэнтэйгээ тэврэлдэн уулзсаны дараа сурвалжлагчид асуулт тавьж эхэлсэн. Хэн нэгэн миний шинэ найз залуугын тухай ээжийн бодлыг сонирхоход Питийг энэ дүрд тохирох хэдий ч намайг залуутай харьцаа тогтооход хэтэрхий жаахан байна гэсэн. Тэгээд Пит рүү учиртай харсан юм. Хүмүүс <<Хэн нэгэнд асуудал үүсчээ>> гэсэн байртай хөхрөлдөхөд Пит миний гарыг тавиад алхам холдов. Энэ бүх агшнаас эхлэн бүх зүйл эсрэгээрээ болж бид Капитолд байснаасаа хөндий болов. Магадгүй үүнээс болоод би зурагтынханыг явсны дараа Питтэй ховорхон уулзсан юм билүү.
Намайг дээшээ гарахад онгоц дүүрэн халуун ус уур савсуулан хүлээж байлаа. Ээж сайхан үнэртэй болгохын тулд усанд хатсан цэцэг нэмэрлэжээ. Бидний хэн ч цоргоноос гоождог халуун устай тухтай байдалд дасаагүй байлаа. Атираанд мөс шиг хүйтэн усыг гал дээр халаах хэрэг гардаг байсан. Хувцсаа тайлаад ээжийн тос дусаасан усанд оронгоо цаашид яахаа бодлогоширов.
Эхний асуудал гэвэл энэ тухай хэнд хэлэх вэ? гэдэгт байлаа. Ээж, Прим хоёрын хувьд гэвэл зөвхөн санаа зовоохоос
өөрцгүй. Гейлийн хувьд ч гэсэн тэр. Хэрвээ боломж гараад ярилцвал тэр яах бол? Би түүнийг ой руу зугтахад нь тусалж болох юм. Гэвч тэр ганцаараа биш. Гэр бүлийнхнээ орхиод зугтаж чадахгүй. Миний хувьд мөн адил. Аялалын дараа уулзаж ямар нэг аргаар тайлбарлан ням гаригийн уулзалтаа зогсоохоос. Гейл Капитолд эртнээс уурлан хорсдог болохоор бослого зохион байгуулахаас буцахгүй. Үгүй бүсийн нэг ч хүнд ярьж болохгүй.
Өөр итгэж болох гурван хүн үлдсэний нэг нь дизайнер Цинна байлаа. Гэхдээ түүнийг надтай ойр дотно байснаас болж эрсдэлд ороосой гэж хүсэхгүй байна. Цаашаа миний хамтрагч Пит үлдлээ. Түүнтэй яриагаа яаж эхлэнэ гэж? <<Хөөе, сайн уу, Пит! Миний чамд хуурамчаар хайртай дүр эсгэсэнийг санаж байна уу? Тэгвэл үүнийгээ мартаж үз, би ахин хайртай дүр эсгэн тоглохгүй бол ерөнхийлөгч Гейлийг алах гээд байна>> гэх үү. Үгүй, чадахгүй. Тэгээд ч Пит дүрмийн дагуу биеэ сайн авч явдаг. Өөр хэн үлдсэн гэж? Түмпэнтэй хүйтэн усаар цацуулсан согтуу ааш муутай Хеймитч. Тоглоомын зөвлөгчийн үүрэг бол намайг амьд байлгах явдал болохоор түүнийг сонирхоно гэж найдахаас.
Би халуун усны ёроолд умбан орж эргэн тойрны чимээнээс таслагдав. Хэрвээ угаалгын онгоц том байсан бол зуны халуун өдөр эцэгтэйгээ ойд байсан шиг сэлэхсэн! Сайхан өдөр байсан. Бид өглөө эрт гэрээсээ гарч модны гүнд алслан яваад аавын агнахдаа олсон жижигхэн нуур луу очиж билээ. Түүнийг надад хэзээ сэлж сургасныг санахгүй байгаагаас үзэхэд маш эрт байх. Зөвхөн усанд эргэлдэн шумбаж байснаа санаж байна. Шаварлаг ёроолд нь хөлийн хуруу хүрээд, усны ургамлын анхилам үнэр ханхлана. Би яг одооных шигээ нуруугаараа дээшээ харан хэвтээд тэнгэр лүү ширтэхэд усны чимээ чихэнд дүнгэнэж байлаа. Аав эрэг дээрээс зэрлэг усны шувуу агнахад, би ногоон дээрээс өндөгийг нь цуглуулаад, хамтдаа китниссийн үндэс малтав. Үдэш гэр лүүгээ буцахад ээж цэвэрхэн болсон охиноо таниагүй дүр үзүүлэн шарсан нугас, китниссийн шүүс бүхий гайхалтай сайхан оройн зоог бэлтгэж билээ. Би хэзээ ч Гейлтэй нууранд орж байсангүй. Чадах байсан уу. Хүрэхэд ойргүй ч очсон хойноо усны шувуу агнан алдсан цагаа хялбархан нөхөх боломжтой. Гэвч энэ газрыг хэнтэй ч хуваалцалгүй аав бид хоёрын дурсгалд үлдээхийг хүссэн юм. Үхлийн тоглоомын дараа хийх юмгүй уйдахдаа хэдэн удаа тийшээ ганцаар очсон. Сэлэхэд сайхан байсан ч уйтгар гунигт нэрвэгддэг байлаа. Таван жилийн дотор нуур хэвээрээ байхад би бараг танигдахын аргагүй өөрчлөгджээ. Усан дор шуугиан сонсогдов. Машин бөглүү хүнгэнэн, мэнд мэдэлцэн хаалга тасхийн хаагдлаа. Миний хамтрагчид хүрэлцэн иржээ. Биеэ нүүр гарын алчуураар хуурай болтол арчаад халатаа нөмрөх агшинд угаалгын өрөөнд бэлтгэл багийнхан орж ирэв. Миний биений хувьд энэ гуравт нууц газар үлдээгүй болохоор зовох зүйл байсангүй.
- Китнисс, хөмсөг чинь яагаа вэ! гэж Вениа үүдэн дээрээс хашгирахад би толгой дээр хар үүл хуралдахыг мэдсэн ч инээмсэглэлээ. Түүний цайвар цэнхэр өнгөтэй үс зүг бүр тийш арзайж хөмсгөн дээр болон нүдэн дороо алтан шивээс нь хэвээрээ байлаа.
- За боль доо. Хөмсөг засахад ямар ч хугацаа орохгүй гэж ясархаг найзтайгаа харьцуулахад махлаг биетэй Октавиа нуруун дээр нь алгадаад, - Харин би энэ хумснуудыг яах болж байна? гэв.
Тэр миний алгыг Капитолийн сүүлийн үеийн тэнэг моод бололтой ногоон гараараа барьж авснаа,
- Китнисс арай ч дээ би одоо юун дээр ажиллах болж байна? гээд уйлах шахлаа. Энэ нь үнэн байлаа. Би хумсаа сүүлийн хоёр сарын дотор юу ч үгүй мэрчихсэн юм.
- Уучлаарай гэж би бувтнасан ч энэ нь бэлтгэл багийнхний үйл ажиллагаанд яаж нөлөөлөх бол гэдэгт төдийлөн санаа зовсонгүй.
Флавиус ширэлдсэн нойтон үсийг минь өргөөд буржгар шаргал үстэй толгойгоо дурамжхан сэгсрээд ширүүнээр,
- Ингэхэд бидэнтэй сүүлд уулзсанаас хойш үсэндээ хэн нэгнийг хүргээгүй биз? Чамаас үсэндээ хүрэхгүй байхыг гуйсныг минь санаж байна уу гэв.
- Тийм шүү! Хэлснийг чинь санаж байсан болохоор хэнийг ч үсэндээ хүргээгүй. Энэ нь тэднийг тайвшируулсан бололтой намайг үнсээд унтлагын өрөөний буйдан дээр суулгаж сурсан зангаараа уралдан ярьж эхлэв. Вениа миний хөмсгийг засч янзлан, Октавиа хиймэл хумс залгаж, Флавиа үсэнд тос түрхэн иллэг хийх зуур би Капитолын тухай бүгдийг олж сонслоо. Тоглоом дууссанаас хойш бүгд уйдаж үхэх гэж байгаа болохоор Пит бид хоёрыг ялагчын аялалынхаа төгсгөлд очихыг тэсэн ядан хүлээж байгаа юм байх. - Чиний гарцаагүй догдолж байгаа байх даа?
- Ёстой азтай юм!
- Ялагч болсон анхны жилдээ удирдлагын байранд зөвлөгч хийнэ гэдэг чинь! хэмээн гурвуул шагширахад, - Тэгэлгүй яахав гэж би хайхрамжгүй хэллээ.
Өөр яах ёстой байсан гэж? Ердийн цагт зөвлөгчийн байр суурийг дайсандаа ч хүсэх юм биш. Сургуулийн дэргэдүүр өнгөрөхдөө өөр хэний хүүхдийг дасгалжуулах бол гэхээс хирдхийхгүй байхын аргагүй. Далан тав дахь тоглоомд удирдлагын байранд оролцоно гэхээс долоон дор зүйл алга байлаа. - Одоо Хеймитч ахиад бүгдийн анхааралд орсон! гэж Октавиа уулга алдав.
Хеймитч хэзээ ч бүсэд амсаж туулсан зүйлийнхээ тухай ярьж байгаагүй бөгөөд бид ч түүнээс асууж байсангүй. Тэгээд ч түүнийг Үхлийн тоглоомд оролцох үед би хэтэрхий жаахан байсан болохоор юу ч санахгүй байлаа. Харин Капитол түүнийг эдгээр жилүүдэд мартсангүй. Дараа нь тэд оролцогчдыг бэлтгэдэг багийнхний уйтгартай амьдралын тухай урт яриа хөврүүлэн миний танихгүй хүмүүсийн тухай хов жив ярилцаж, шинэ гутлаараа гайхуулан, Октавиа төрсөн өдрийн зочдоо өдөн хувцастай ирэхийг урьснаараа ямар алдаа гаргаснаа ярилаа.
Төдхөн миний хөмсөг жирэвгэр, үс торгомсог зөөлхөн болж хумс залгаж дуусав. Биеийн бусад хэсэг өвлийн хувцсанд далдлагдах учир гурвуул харваас нүүр гартай ажиллах заавар авсан бололтой. Флавия дуртай улаан хүрэн өнгөөрөө будахыг хүсч байсан ч тэд нүүр хумсыг минь ягаан өнгөөр будаж эхлэв. Цинна намайг дур булаам биш гэмгүй охин шиг харагдуулахаар шийджээ.
Сайн хэрэг. Ядаж л гадаад байдлаараа өдөөн хатгасан байдал төрүүлэхгүй нь. Хеймитч намайг анх ярилцлаганд бэлтгэж байх үедээ үүнийг сайн ойлгуулсан билээ. Ээж өрөөнд орж ирээд Цинна миний үсийг Ургацын өдрийнх шиг сүлж гэснийг ичингүйрэн хэллээ. Гурвуулаа хөөрсөндөө харайх нь холгүй амьсгал даран ээжийн үсийг минь нямбайлан сүлжихийг харахад толинд тэдний оролдож үзэхэд бэлэн тэсч ядсан харц тусав. Эдгээр хүмүүс ээжид хүндэтгэлтэй хандаж байсан тул би өмнө яаж харьцсанаа бодохоос ичингүйрэхэд хүрэв. Хэрвээ би Капитолд өсөж өндийсөн бол юу ярих байсныг хэн мэдэх билээ?
Магадгүй төрсөн өдрийн үдэшлэгт ирсэн зочид минь өдөн хувцастай ирэх байсан биз. Үс янзалж дуусахад би зочны өрөө рүү Цинна руу уруудангаа түүнийг хараад найдлага төрөв. Дизайнер өөрчлөгдсөнгүй үргэлжид байдаг шигээ жирийн хувцаслаж нүднийхээ дор алтан тень тавьсан байлаа. Бид тэврэлдэхэд ерөнхийлөгч Сноугын талаарх түүхийг хэлчихэлгүй арай ядан тэслээ. Үгүй эхлээд Хеймитчэд ярих ёстой. Тэр иймэрхүү зүйлийг яахаа сайн мэднэ. Гэсэн ч саяхныг хүртэл шинэ гэртээ тавиулсан телефон утсаар удтал ярилцаж байсан болохоор Циннатай ярилцах нь амар байлаа. Пит рүү мэдээж залгаагүй бөгөөд Хеймитчийн хувьд утасны аппаратыг олон жилийн өмнө хананаасаа суга татан хаясан юм. Хотын даргын охин Маж руу ярьж болох байсан ч оронд нь уулзсан нь дээр. Эхлээд утсыг бараг ашиглаагүй ч дараа нь Цинна миний авъяасыг нээхээр оролдож эхлэв. Ялагч болгонд авъяас бий бөгөөд үүний тухай ярилцлага өгдөг юм. Питийн хувьд зураг зурах авъяастай нь илрэв. Тэр хүүхэд байхаасаа гэр бүлийн талхныхаа газар ажиллан жигнэмэг болон бялуун дээр зураг хээлж байлаа. Харин одоо баян болсон болохоор зотон даавуун дээр жинхэнэ зураг зурдаг болсон юм. Харин надад хууль бус ангаас ондоо ямар ч авъяас байсангүй. Дуулж болох ч Капитолын өмнө тийм зүйл хийхийг хүсэхгүй байна. Ээж Эффи Тринкетийн илгээсэн зохимжтой зүйлсийн урт жагсаалтнаас миний сонирхдог зүйлийг олохоор оролдож байв. Хоол хийх, цэцэг тарих, лимбэ тоглох гээд л. Миний хувьд юу ч бүтээгүй ч харин Прим гурвууланг нь чадаж байлаа. Эцэст нь Цинна энэ үүргийг өөртөө авч намайг хувцасны загвар гаргаж сурахад туслахаар амлав.
Тэр зочны өрөөнд хувцасны загвар, даавуу материал, зургийн цомгоо гаргаж ирэв. Би нэг зургийг нь авч үзээд <<Цинна би аль болох итгэл төрүүлэхээр харагдах хэрэгтэй байна>> гэхэд, - За алив ээ хувцасла гээд тэр бөөн хувцас над руу түлхлээ.
Би хувцасны загварыг нь сонирхоогүй ч Циннагын надад зориулан хийсэн хувцас таалагдав. Зузаан дулаахан материалаар хийсэн өмд, биед эвтэйхэн цагаан ноосон цамц, ногоон, цэнхэр, саарал өнгийн муурын ноолуураар хийсэн дотуур цамц, хөл хавчдаггүй үдээстэй ширэн гутал. - Би үүнийг зохиосон юм уу?
- Үгүй гэхдээ чи гоёлын хувцас зохион бүтээж намайг өөрийнхөө шүтэн бишрэгч болгохыг мөрөөддөг гээд Цинна надад жижигхэн цаас өгөөд, - Зураг авах үеэр үүнийг уншаарай. Аль болох аятайхан сонсогдохыг хичээнэ шүү гэлээ.
Тэгтэл Эффи Тринкет шаргал өнгийн хулууг санагдуулам хиймэл үстэй орж ирээд чангаар,
- Алив ээ, хуваарийн дагуу ажиллацгаая! гэв. Тэр миний хоёр хацар дээр ээлжлэн үнсээд зураг авах багийнхнийг занган хаана зогсох ёстойг минь заав. Хэрвээ Эффи байгаагүй бол бид Капитолд хаашаа ч амжихгүй байсан тул би түүнийг чадахаараа хүндэтгэж байлаа. Би гартаа байгаа хувцсаа утсан хүүхэлдэй шиг сэгсрээд,
- За яасан таалагдаж байна уу? гэв. Зураглаачид миний өөдрөг уншиж буй хоолойг хальсанд бичиж авсны дараа Циннагын зургийг авахад саад болохгүйн тулд гаргав.
Өнөөдөр Прим сургуулиасаа эрт ирлээ. Түүнээс ч бас гал зууханд ярилцлага авахаар тэнгэрийн өнгөтэй даашинз
өмсүүлэн цайвар үсийг нь мөн адил өнгийн туузаар боов. Дүү минь гялалзсан цагаан өнгийн шаахайныхаа өлмий дээр гүйн нисэх мэт байлаа...
Түн! Цээжинд цохилт ирэх шиг болов. Үгүй ээ, цохьсонгүй. Гэсэн ч янгинан өвдөхөд алхам ухраад өмнөө Прим биш талбайд цуг байсан Рут байгааг харахгүйн тулд нүдээ чанга анив. Энэхүү арван нэгдүгээр бүсийн охин мододын хооронд шувуу шиг нисч дүүлэн хамгийн нарийхан мөчир дээрээс ч тогтож чаддаг... Би түүнийг аварч чадаагүй. Нүдний өмнө түүний гэдсэндээ жад зоолгон газар хэвтэж байгаа дүр зураг тодров... Би ирээдүйд Капитолын өс хонзонгоос болж өөр хэнийг аварч чадахгүй алдах ёстой юм бэ? Ерөнхийлөгч Сноугын санаанд нийцүүлэхгүй бол өөр хэн үхэх болж байна?
Цинна надад үстэй дээл өмсгөхөөр завдахад гараа өргөөд дотор гаднагүй үстэйг нь мэдрэв. Амьдралдаа ийм амьтан харж байсангүй. - Үенгийн арьс гэж дизайнер намайг цагаан ханцуйг нь илж үзэхийг хараад хэллээ.
Арьсан бээлий, хурц тод улаан өнгийн ороолт өмсгөөд... Толгойд зөөлхөн зүйл углав.
- Чи арьсан чихэвч зүүдэг загвар дагаж байна. Чихэвч надад таалагдсангүй түүнтэй муухан сонсогдож байсны дээр хэрвээ бүсэд дэлбэрэлтэнд чих минь өртөн дүлийрээгүй байсан бол үүнд улам дургүйцэх байлаа. Тоглоомд ялсны дараагаар Капитолын эмч нар чихийг минь эдгээсэн ч таагүй сэтгэгдэл арилаагүй.
Тэгтэл ээж гартаа юм барин яаран ирээд, - Аз авчирч магадгүй гэв.
Энэ нь Мажын өгсөн нисэж буй шооч ятга шаазгай дүрсэлсэн жижигхэн алтан зүүлт байлаа. Би зүүг Рутэд өгөх гэсэн ч аваагүй. Намайг энэ зүүлттэйгээ итгэл төрүүлэм харагдаж байна гэж хэлсэн. Цинна зүүг ороолтны зангилаан дээр зүүлээ. Дэргэд Эффи Тринкет гарч ирээд алгаа ташин,
- Бүгд анхаараарай! Гудамжинд гарах эхний зургийг авах болно. Бид ялагчдын гайхамшигтай аялалын өмнө бие биетэйгээ уулзах эхний зургийг авах гэж байна. Алив Китнисс нүүр дүүрэн инээмсэглээрэй чи догдолж байгаа биз дээ? гэв. Тэр намайг хаалга руу түлхлээ.
Би эхэндээ гялбаад цаснаас ондоо юу ч харсангүй. Тэгтэл үүдний хаалгаараа гарч ирж байгаа Пит ялгаран үзэгдэв. Толгойд ерөнхийлөгчийн <<Намайг итгүүл>> гэсэн үг сонсогдоход инээмсэглээд Питийн зүг хэд алхаснаа тэсч ядсан байртай гүйлээ. Пит намайг тэвэрч эргэлдсэнээ хиймэл хөл дээрээ тогтож чадалгүй цасан хунгар луу унахад бид хэдэн сарын туршид анх удаагаа үнсэлдэв. Үнсэлтэнд дээлийн ширүүн үс, цасан ширхэг саад болж байсан ч Питийн үргэлж байдаг тайван итгэлтэй байдал мэдрэгдэхэд ганцаараа биш гэдгээ ойлголоо. Пит сэтгэл нь өвдсөнөө үл харгалзан намайг дурангын өмнө орхисонгүй. Тэр ч байтугай хуурамч үнсэлтийг минь зэмлэсэнгүй. Тэр урьдын адил бүсэд байсан шигээ надад анхаарал тавьж байв. Ингэж бодохоос уйлмаар санагдлаа. Би Питийг татан босгоод
бээлийгээрээ хувцсаа гөвж хамтдаа явлаа. Өдөр түргэн өнгөрч галт тэрэгний буудал дээр бүгдтэй салах ёс гүйцэтгэн хөдөлсний эцэст Пит, Эффи, Хеймитч, Цинна, Портиа гээд хуучин бүрэлдэхүүнээрээ үлдээд амттай хоол зооглов. Эцэст нь би овор ихтэй хүрмээ хилэн халатаар сольж гял цал өрөөндөө суунгаа бусдыгаа унтахыг хүлээв. Хеймитч гадаа харанхуй болоогүй байхад унтах дургүй болохоор сэрүүн байгаа. Эргэн тойрон аниргүй нам гүм болоход зөөлөн шаахай углаад өрөө лүү нь чимээгүй очив. Хэдэн удаа цохиулсны эцэст Хеймитч намайг муу мэдээ авчирсан аятай баргар царайлан үүдээ нээж,
- Юу хэрэгтэй вэ? гэхэд урдаас дарсны эхүүн үнэр утав.
- Ярилцах хэрэгтэй байна гэж би шивнээд, - Яг одоо юу гэхэд нь толгой дохилоо.
- Цагаа олж дээ.
Түүнийг хэсэг зуур хүлээхэд Капитолын галт тэргэнд бидний үг бүрийг бичиж авч байгаа нь ойлгомжтой байлаа. - Тэгээд? гэж Хеймитч зандрав.
Галт тэрэг гэнэтхэн тооромслолоо. Ерөнхийлөгч Сноу гарцаагүй намайг мөрдөж байгаад байгаад зөвлөгчтэйгээ ярилцах нь таалагдаагүй учир салгахаар шийдсэн байх нь. Гэвч үгүй байлаа. Галт тэрэгний жолооч шатахуун авахаар зогсчээ. - Галт тэргэнд дэндүү бөгчим юм гэж би хайхрамжгүй хэлэхэд Хеймитч ойлгосон байртай,
- Би чамд юу хэрэгтэйг мэднэ гэв.
Тэр намайг холдуулан түлхээд хонгилоор дагуулан явж гадна хаалга нээхийг оролдоход урдаас цасан шамарга бударлаа.
Капитолын үйлчлэгч туслахаар ухасхийсэн ч Хеймитч хайхрамжгүй зангаад,.
- Ганцхан хором. Цэвэр агаар амьсгалаадахъя гэв. - Уучлаарай тэр уучихаж. Би түүнийг харж байя гэж би уучлал эрсэн хоолойгоор хэлэв.
Би гишгүүр дээрээс харайхад зөөлөн цасан дээр шаахайны мөр үлдлээ. Зөвлөгч намайг галт тэрэгний төгсгөлд аваачаад хэн ч сонсохгүй гэдэгт итгэлтэй болсон хойно эргэв.
- Юу болоо вэ? Би ерөнхийлөгчийн ирснээс авахуулаад, Гейлийн тухай ярьсаныг нь болон хэрвээ бүтэлгүйтвэл бид бүхэн үхнэ гээд бүгдийг ярилаа.
Галт тэрэгний дохионо хүрэн улаан гэрэл Хеймитчийн царайд тусав. - Тэгэхээр бүтэх ёстой.
- Надад энэ аялалын төгсгөл хүртэл явахад туслах уу...
- Үгүй, Китнисс энэ аялал бол төгсгөл биш. - Энэ чинь юу гэж байгаа юм?
- Энэ бүхэн дууссан хойно хоёрхон сарын дараа Капитол шинэ тоглоом зохиохоор биднийг аваачих болно. Одооноос эхлээд Пит та хоёр зөвлөгч хийх бөгөөд жил бүр тэд та нарын хувийн амьдралд нэвтрэн орж бүх орны өмнө хайрын түүхийг чинь дэлгэх болно. Чамд энэ залуутай амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл удаан жаргалтай амьдрахаас өөр зам үлдээгүй.
Түүний үг надад хүнд цохилт боллоо. Би хүсч байсан ч Гейлтэй хэзээ ч амьдрал зохиож бүтэхгүй нь байна. Бас хэзээ ч ганцаараа амьдрахгүй. Питэд үүрд хайртай байх болно. Ганц гарц бол хайр ба авс гэж Капитол шийджээ. Тэгээд ч би арван зургаан настай болохоор ээж Прим хоёроос салах хүртэл ердөө хоёрхон жил үлдсэн байдаг. Харин дараа нь... дараа нь... - Чи намайг ойлгов уу? гээд Хемитч салсангүй.
Би толгой дохилоо. Хэрвээ ойр дотны хүмүүсээ амьд үлдээхийг хүсч байвал надад Питтэй гэрлэх ганц л ирээдүй байлаа.
IV
Бид чимээгүйхэн галт тэрэг рүүгээ буцлаа. Хеймитч намайг өрөөнд хүргэж өгөөд мөрөн дээр алгадан,
- Үүнээс ч дор байж болох байсныг мэдэж байгаа биз дээ гээд дарсны исгэлэн үнэр ханхлуулан өрөө рүүгээ явлаа. Би өрөөндөө ороод нойтон шаахай, халатаа тайлж хаяад хөнжилдөө шургалж харанхуй руу ширтэн Хемитчтэй ярьсан зүйлээ саналаа. Түүний Капитол ирээдүйд намайг Питтэй хамт байхыг хүлээж байгаа тухай хэлсэн бүхэн үнэн. Үүнээс ч дор байж болох байсан юм. Арван хоёрдугаар бүсийн оршин суугчид эрх чөлөөгүй хэдий ч амьдралаа хэнтэй холбохоо чөлөөтэй сонгон авдаг байсан билээ. Надад ийм эрх ч байхгүй. Хэрвээ ерөнхийлөгч Сноу биднийг хүүхэдтэй болохыг хүсвэл яах бол? Тэгвэл тэдэнд жил бүр Ургацын өдөр аюул заналхийлж байх болно. Ялагчын хүүхдүүд (хоёрын хоёр шүү) үзэгчдийн өмнө амттайхан хэрчим болно. Өмнө нь ийм зүйл тохиолдож байсан. Гейл Капитолыг ийм үр дүнд хүрэхийн тулд санаатайгаар зохион байгуулдаг гэдэгт эргэлзээгүй. Эргэн тойрондоо хичээн чимээ шуугиан дэгдээх тусам манай ирээдүйн хүүхэд бүс рүү явах зам шулуудна.
Толгойд Хеймитчийн тухай бодол орж ирэв. Эхнэр хүүхэд, гэр бүлгүй үргэлжийн мөнхөд согтуу. Тэр бүсээс дуртай эмэгтэйгээ сонгон авах байсан ч ганцаар амьдрахыг сонгосон. Ганцаар гэхэд хэтэрхий энгийн үг байна. Яг л ганц хүний камерт байгаа юм шиг. Магадгүй бүсэд байхдаа ингэсэн нь дээрийг ойлгосон юм билүү. Ургацын өдөр Примийн нэрийг дуудан тавцан руу үхлийг угтан өгсөхөд нь надад сонголт байсан. Ээжид тийм боломж байгаагүй болохоор би дүүгийнхээ байрыг эзэлсэн юм.
Бодолдоо цөхрөн гарц хайлаа. Би ерөнхийлөгч Сноуд ийм зүйлд хутгалдуулах боломж өгөхгүй. Хананд шахаад
өөртэйгээ дуусгах болно. Эсвэл зугтахыг оролдох уу? Хэрвээ би гэнэт алга болчихвол тэд яах бол? Ойд ул мөргүй уусан хэзээ ч гарч ирэхгүй бол яах вэ? Ойр дотны хүмүүсээ хамтдаа ойн гүнд нуугдан шинэ амьдрал эхлэхийг ятгадаг юм билүү. Багахан хэдий ч найдлагатай юм.
Би бодлоо цэгцлэхийн тулд толгойгоо сэгсэрлээ. Одоо ухаангүй төлөвлөгөө бодож байх цаг биш. Ялагчын аялалд төвлөрөх хэрэгтэй. Хичнээн сайн жүжиглэхээс олон хүний амьдрал хамаарна. Би үүр гэгээрэхийн өмнөхөн зүүрмэглэтэл Эффи хаалга цохив. Босож хувцаслаад түүнтэй вагон ресторан руу явлаа. Түүний аялалын өдөр яагаад эрт сэрээснийг ойлгосонгүй. Цинна багтайгаа галт тэрэгний буудал дээр буухын өмнө бэлдэх ёстой шүү дээ.
- Энэ бүхэн чинь хэнд хэрэгтэй юм? Гудамжинд хүйтэн болохоор ороолтон дороос хамраа цухуйлгах ч үгүй гэж би унтууцахад, - Арван нэгдүгээр бүсэд дулаахан байгаа гэж Эффи тайлбарлав.
Арван нэгдүгээр бүс. Бидний эхний зогсоол Рутын төрсөн гэр. Үнэндээ би эндээс эхлэхийг хүсэхгүй байлаа. Гэвч аялалын хуваарь үргэлж нэгэн хэвийн байдаг бөгөөд галт тэрэг биднийг арван хоёроос авхуулаад бүх бүсээр аялуулан Капитолд хүргэх болно. Ялагчын бүс хамгийн сүүлд үлддэг. Ердийнхөөрөө баяр ёслолын байдалтайгаар оролцогчдод оройн зоог барьж, төвийн талбайд цуглаан зохион байгуулах хэдий ч олон нийт үүнд нэг их баярладаггүй болохоор галт тэрэг саатаад байдаггүй. Энэ жил анх удаагаа Хеймитчийн ялалтаар аялал арван хоёрдугаар бүсэд дуусах болохоор болохоор Капитол өргөн хэмжээний баяр зохион байгуулахаар шийджээ.
Би Хейзелийн хэлснээр хоолонд анхаарлаа төвлөрүүлэхийг оролдов. Гал зуухынхан намайг баярлуулахаар шийдсэн бололтой хамгийн дуртай хоол болох хар чавгаар хачирласан хурганы мах бэлтгэжээ. Ширээн дээр зүржийн шүүс, уур савссан аяга халуун аяга шоколад тавиастай байлаа. Би хоолоо амтыг нь мэдэрсэн юмгүй амандаа чихээд зөвхөн Эффи бид хоёр боссон явдалд уурссаар байлаа.
- Бусад нь хаачаа вэ?
- Хеймитчийн хаана байгааг мэдэх юм алга. Тэр дөнгөж сая орондоо шургалсан байх ёстой учир би түүнийг харна гэж хүлээгээгүй юм.
- Цинна өчигдөр шөнөжингөө гоёл чимэглэлийн хувцсыг чинь бэлтгэсэн. Зуугаас доошгүй янз бүрийн хувцас байгаа байх. Харин Пит босоогүй байгаа. - Түүнд бэлтгэх шаардлага байхгүй юм уу?
- Чам шиг ийм их биш.
Энэ чинь юу гэсэн үг юм? Питийг тайван унтаж байх хооронд би өглөөжин биенийхээ үсийг зулгаалган өнгөрүүлэх нь. Би энэ тухай бодохгүй байхыг хичээсэн ч бүсэд охидын биенд үс байхгүй байхад зарим хөвгүүдэд байсан. Би үүнийг Питийг горхийн усаар угаахдаа харсан билээ. Нарны гэрэлд цонхийн цайсан тэрбээр цус шаварт хутгалдан хэвтэхэд цайвар үстэй толгой нь гялалзаад л. Зөвхөн царай нь цэвэрхэн байлаа. Бүсэд олонхи хөвгүүд насанд хүрсэн ч сахал ургуулдаггүй юм. Сонирхолтой нь яагаад юм болоо?
Би зүдэрсэндээ бэлтгэл багийнханаа ширтэв. Гурвуул кофе уунгаа тод өнгийн жижигхэн үрэл солилцоно. Өнөөдөр хэн ч ердийнхөөрөө хоосон яриа дэлгэсэнгүй эвшээлгэх зуураа наалтуураар үсийг минь хуу татаж байлаа. Намайг эвгүй үнэр ханхалсан өтгөн усанд оруулж, нүүр гаранд тос түрхээд нүцгэн биен дээр иллэг хийлээ.
Флавия миний эрүүнээс өргөөд, - Цинна юу ч өөрчилж болохгүй гэж хэлсэн нь харамсалтай гэхэд,
- Тэгсэн бол бид хэдийн онцгой зүйл хийхгүй юу гэж Октавиа хэлэв. Тэр тэдэнд юу зөвшөөрөөгүй юм бол? Миний уруулыг ерөнхийлөгч Сноугынх шиг болгох гээ юу? Цээжин дээр шивээс хий гэсэн юм болов уу? Эсвэл арьсыг минь үнэт чулуу шиг улаан өнгөөр будах гэсэн хэрэг үү? Нүүрэнд угалз хээ гарган зүсэж хумсыг махчин шувууных шиг махир болгох гээ юу? Эсвэл муур шиг сахалтай ч юмуу? Би энэ мэтчилэн олон зүйлсийг Капитолд харсан. Эдгээр хүмүүс бидэнд ямар этгээд харагддагаа мэдэхгүй байх даа?
Тэгэхээр би Капитолын бас нэг золиос болон бүх бие хорсон өвдөж нойр хүрч байхад, ерөнхийлөгч Сноу шаардлагыг нь хангахгүй бол ойр дотны хүмүүсийг минь алахаар сүрдүүлж байна. Эффи, Цинна, Портиа, Хеймитч, Пит нар хэдийн үдийн хоолоо идэхээр суусныг хараад би уцаарласандаа хэнтэй ч ярьж чадсангүй. Тэд амтат хоол унд идэн хангалттай сайн унтаж амарсан байв. Хеймитчээс бусад бүх хүн аялалд догдолжээ. Тэр шартсандаа зовиурлан жижигхэн талх химлэнэ. Миний хувьд нэг их өлсөөгүйн дээр өглөө эрт боссондоо уур хүрээд шөлөө хутгангаа хоёрхон халбагадав. Ирээдүйн нөхөр Пит минь үүнд буруугүй хэдий унтууцсандаа харж чадсангүй.
Ширээний хөршүүд миний сэтгэл санааны байдлыг ажигласан бололтой ч яриандаа оролцуулах гэсэн ч үгүйсгэлээ. Галт тэрэг зогсоход үйлчлэгч ирээд жижиг гэмтэл гарсаны улмаас түр саатах болсныг тайлбарлав. Энэ нь Эффид таалагдсангүй хуваариа гаргаж ирээд энэхүү гэнэтийн саад бидний цаашдын амьдралд хэр чухал нөлөөтэй талаар урсгаж эхлэв. Би эцэстээ сонсож тэвчихээ болиод,
- Эффи ер нь хэнд хамаатай юм бэ! гэж зандарлаа.
Ширээнд байсан бүх хүн түүний дотор Хеймитч хүртэл над руу харахад, - Үнэхээр хамаагүй! гэж давтаад хоолны өрөөнөөс гарлаа.
Галт тэрэг огцом тооромсолсон болохоор дотор муухайрна. Би вагоны үүдийг хэмхлэх шахам онгойлгоод анивчин дохио өгөхийг нь тоолгүй газар үсрэн буув. Ингэхэд цас хаачаа вэ? Дулаахан агаар пүнхийж, мододын навч ногоорно. Бид өмнө зүг рүү ийм хол явсан гэж үү. Би зам дагуу нарны гэрэлд нүдээ онийлгон алхахдаа Эффид хэлсэн үгэндээ харамсах сэтгэл төрөв. Тэр надад тулгарсан асуудалд ямар хамаатай гэж? Эргэж очоод уучлал гуйх хэрэгтэй. Дүрсхийн уурлах нь түүний бүх зүйлд чухалчлан ханддагаас ч илүү муу авир. Би нэг хөлөө урагш тавьсан ч нөгөө хөл ард хоцорлоо. Буудал дээр цагаас доошгүй хугацаанд зогсоно. Хорин хором галт тэрэгний сүүл рүү яваад дараа нь эргэж ирж болох юм. Гэсэн ч би цааш явахын оронд ногоон дээр суугаад алсыг ширтэв. Хэрвээ нум сум минь байсан бол цаашаа явах байсан болов уу?
Хэсэг хугацааны дараа ард хөлийн чимээ сонсогдов. Хеймитч намайг сургахаар ирж байх нь. Надад үүнийг сонсох хүсэл байсангүй тул,
- Надад сургаал сонсож байх зав алга гэхэд,
- Товчхон хэлэхийг хичээе гээд Пит дэргэд суулаа. - Би чамайг Хеймитч байх гэж бодлоо.
- Үгүй ээ тэр талхаа дуусаагүй байгаа гээд Пит хиймэл хөлөө болгоомжтой тавьж суунгаа,
- Таагүй өдөр байсан уу? гэв. - Тиймээ.
Тэр гүнзгий амьсгал авснаа,
- Сонсооч Китнисс, би чамтай галт тэргээр гэр лүүгээ буцах үед гаргасан авирынхаа тухай ярилцах гэсэн юм. Би Гейл та хоёрын дунд юм байдгыг мэднэ. Иймээс чамтай хос болохын өмнө түүнд атаархдаг байлаа. Миний буруу байж. Үхлийн тоглоом дууссан болохор чи надад ямар ч өргүй. Уучлаарай гэв.
Түүний уучлал гуйлт цэлмэг тэнгэрээс аянга цахихтай адил намайг гайхуулав. Мэдээж тоглоомын үеэр хайртай болон дүр эсгэснээ хэлсэн цагаас эхлэн Пит бидний дунд хана босгосон. Гэхдээ би түүнийг буруутгасан гэж үү? Бүсэд дурлалдаа шатсан хүний дүрд тоглохдоо хэсэг зуур Питийн тухайд юу мэдэрч байгаагаа ойлгоогүй. Одоо хүртэл ойлгоогүй л байна.
- Чи ч гэсэн намайг уучлаарай гэж би итгэлгүйхэн хэлэв.
- Чамд уучлал гуйх ямар хэрэг байгаа гэж? Чи бидний амийг аварсан. Гэхдээ бид бодит амьдрал дээр бие биенийгээ үл тоомсорлох юмуу дурангын өмнө цасан дээр унаж байхыг хүсэхгүй байна. Тэгэхээр ийм байдлаа болиод жирийн найзууд байж болох уу?
Би бүх найзууд минь үхлийн аюулд орсон төдийгүй Пит ч түүнээс аврагдахгүйг мэдэж байсан хэр нь,
- Тэгье л дээ гэв. Түүний үг миний сэтгэлийг дээрдүүлэв. Ямар ч гэсэн хоёр нүүртэн болж тоглох нь багасах нь. Энэ залуу ерөнхийлөгч Сноугын төлөвлөгөөг мэдэхээс өмнө ирсэн бол дээр байсан юм. Одоо жирийн найзууд болж бүтэхгүй болжээ. Гэсэн ч би түүнийг ахин ярьж эхэлсэн явдалд талархаж байлаа.
- Ямар нэг зүйл болоо юу? Би хэлж чадсангүй хуруугаараа өвс чимхлэв.
- За яахав арай энгийн зүйлээс эхлье. Чи бүсэд эрсдэлд орон миний амийг аварсан байхад байхад... би одоо хүртэл чиний дуртай өнгө юу гэдгийг мэдээгүй байна.
Миний уруулд инээмсэглэл тодров. - Ногоон. Харин чинийх?
- Шаргал.
- Тийм үү? Эффигийн хиймэл үс шиг үү? - Үгүй, илүү зөөлөн. Жаргаж байгаа нар шиг.
Жаргаж буй нар. Нүдний өмнө жаргаж буй нарны туяанд тэнгэрийн хаяа улайран шаргалтах дүр зураг тодрон гарч ирлээ. Дараа нь жигнэмэгний цэцгийг санаад ерөнхийлөгчийн ирсэн тухай ярих шахлаа. Хеймитч үүнийг дэмжихгүй нь лавтай. Энгийн яриагаа үргэлжлүүлсэн нь дээр биз. - Хүмүүс чиний зурагны тухай тасралтгүй ярьж байхад би одоо хүртэл хараагүй л байна.
- Надад бүтэн вагон дүүрэн зураг байгаа гээд Пит гараа өгч,
- Алив явцгаая гэлээ. Бидний хуруу дурангын өмнө биш жинхэнэ нөхөрлөлийн ёсоор ахин атгалцахад таатай байлаа. Бид галт тэрэг рүү буцахад би гэнэтхэн,
- Эхлээд Эффигээс уучлал гуйх хэрэгтэй байх гэв. - Санаа зовох хэрэггүй дээ очиж л таарна.
Хоолны өрөөнд буцаж ороход үлдсэн хүмүүс суусан хэвээр байв. Намайг уучлал гуйхад Эффи өгөөмөр сэтгэлээр хүлээн авч ямар дарамтанд байгааг минь ойлгож байгааг хэлээд ахин үйл явдал хуваарийн дагуу явах нь ямар чухал болохыг таван хормын турш урсгахад би хөнгөхнөөр хүлээн авлаа. Эффиг яриагаа дуусгасны дараа Пит надад зургаа үзүүлэхээр өөр вагон руу дагуулж явав. Би ямар зураг болохыг нь мэдсэнгүй. Магадгүй том цэцэгтэй жигнэмэг байх даа. Гэвч энэ нь шал өөр зүйл байсан бөгөөд Пит Үхлийн тоглоомыг дүрсэлжээ.
Зарим нь төдийлөн ойлгомжгүй зөвхөн бүсэд байсан хүн ойлгохоор болжээ. Агуйн адраас дуслах ус, хатаж хуурайшсан горхи, түүний зулгаасан хэдэн үндэс гээд л. Гэвч үлдсэн нь ойлгогдохоор байлаа. Алтан бүрээ гэж нэрлэдэг Эвэр, Лишийн хүрмийн дотор ярайсан хутга, цайвар ногоон өнгийн нүдтэй Гялбаатай төстэй мутант шүдээ ярзайлган дайрч байгаа нь тэгээд хаа сайгүй би байлаа. Би өндөр модонд авирч, горхийн чулуунд зүлгэн цамц угааж, цусаа гоожуулан ухаангүй хэвтэж байгаа болон нүдийг минь санагдуулам саарал манан дүрсэлжээ.
- За ямаршуу болж? гэж Пит асуув. - Харахаас ч үзэн ядаж байна гээд надад мутантын амьсгалаас ханхлах цус үнэртэх шиг боллоо.
- Би энэ бүх хугацаанд болсон зүйлийг мартахыг хичээж байхад чи эргүүлж авчирч байх гэж. Чи яаж ийм тодорхой санаж чаддаг байна?
- Би тэднийг шөнө болгон хардаг. Ойлгомжтой. Хар дарсан зүүд. Би тоглоомоос өмнө хар дарсан зүүднээс ангид байгаагүй ч одоо бүр салахгүй болжээ. Гэвч эцгийн минь уурхайд хэдэн хэсэг болон дэлбэрч байгаа нь ховорхон зүүдлэгддэг болсон юм. Оронд нь бүсэд болсон үйл явдал ахин дахин амилж Рутыг аврахыг хичээн, Питийн цус авралгүй гоожиж байгааг харж,
Гялбаагийн хөөсөн бие гарын дор задарч, мутантын шүдэнд өртсөн Катогын аймшигт хашгиралтыг сонсоно. - Би ч гэсэн зүүдэлдэг. Тэгээд зураг үүнээс салахад тусалж байна уу?
- Мэдэхгүй. Шөнө унтахаас айх нь жаахан ч гэсэн багасдаг юм. Гэхдээ тэд хаашаа ч алга болдоггүй л дээ.
- Магадгүй Хеймитч шиг салахгүй байх. Тэр энэ тухай хэлээгүй ч би үүнээс болж харанхуйд унтах дургүй гэдэгт нь итгэлтэй байлаа.
- Үгүй дээ. Гартаа хутгатай унтсанаас зураг зурсан нь дээр. Чи тэгээд үнэхээр үзэн ядаж байна гэж үү?
- Тиймээ. Гэхдээ тэд гайхамшигтай юм. Үнэн шүү гээд би ахин зургийн зүг харж чадсангүй. - Харин чи миний авъяасыг сонирхохгүй юм уу? Цинна үүний төлөө маш их хөдөлмөрлөсөн.
- Дараа болъё гээд Пит инээд алдсанаа галт тэрэг чичигнэхэд цонхны цаагуур нуга жирэлзэн өнгөрлөө. - Алив ээ арван нэгдүгээр бүсэд ирчихлээ. Явж харъя. Бид галт тэрэгний сүүл рүү явав. Энд сандал буйдан тавилж цонх адрын шилээр гадна байгалийг үзэх нь цэвэр агаарт байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Нүдний өмнө дасал болоогүй өргөн нуга, залхуутай бэлчих сүрэг үхэр харагдлаа. Манай бүсэд ийм өтгөн ой байдаггүй.
Галт тэрэг удааширахад би ахин зогсох нь гэж бодсон ч урд гучин таван фунт өндөр орой хэсгээрээ өргөст тор гүйлгэсэн хашаа гарч ирэв. Түүнтэй харьцуулахад манай бүсийн төмөр хашаа хүүхдийн тоглоом гэсэн үг. Оргож зугтах юмуу агнахаар шургаж болох нүх сүв харагдсангүй. Хашаанд харуулын цамхаг босгож зэвсэглэсэн харуул холхин ойр хавьд нь өнгө өнгийн цэцэг алаглаж байлаа.
- Эндхийн газар өөр юмаа гэж Пит хэлэв.
Би Руттэй хийсэн ярианаас хэрцгий дэглэмийн нь тухай бүдэг төсөөлөлтэй болсон ч хэзээ ч ийм гэж бодсонгүй. Одоо ургац хураалтын цаг болохоор талбайд сүрлэн малгайтай эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхдүүд ажиллаж байснаа цэхлэн зогсоод биднийг дагуулан харав. Алсад жимсний цэцэрлэг ногоорно. Тэдний нэгд Рут ажиллан нарийхан мөчир дамжин жимс түүдэг байсан байх даа. Атирааны байшинтай харьцуулахад овоохой гэмээр зүйлүүд ёрдойж эргэн тойронд нь хүн үзэгдсэнгүй. Бүгд ургац хураалтанд оролцож байгаа бололтой. Ийм байдалтай төгсгөлгүй үргэлжлэв. Арван нэгдүгээр бүс итгэмээргүй том ажээ. - Энд хэдэн хүн амьдардаг юм бол? гэж Пит асуухад би мэдсэнгүй тул толгой сэгсэрлээ.
Сургуульд зөвхөн эндхийн газар нутаг том тухай ярьдаг байснаас хүн амынх нь тухай дурсаж байсангүй. Хачирхалтай нь жил бүр ургацын үеэр оршин суугчдын өчүүхэн хэсэг нь дэлгэцээр гардаг байсан. Үүнийг яаж хийсэн юм бол? Урьдчилан төлөвлөсөн юм болов уу? Ямар ч байсан Рутыг тавцан руу гарахад салхинаас ондоо түүний байрыг эзлэх хүн байгаагүй.
Би эндхийн эцэс төгсгөлгүй уудам байдалд цуцаж эхэлсэн тул Эффи биднийг хувцасла гэж дуудахад эсэргүүцсэнгүй.
Өрөөндөө очиход бэлтгэл багийнхан нүүр будан, үс янзлав. Цинна намрын шарласан навчны хээ угалзтай даашинз бэлтгэсэн нь Питэд их таалагдлаа.
Эффи бидэнд сүүлийн удаа хуваарийг давтаж өгөв. Ялагч хөөрсөн олны дундуур хот дундуур явах ёстой ч арван нэгдүгээр бүс шиг уужим газар ургацын үеэр олон хүний ажлыг алдуулахгүйн тулд тулд шууд хотийн төвийн талбай дээрх шүүхийн байшингийн өмнө цуглуулахаар шийджээ. Энэ нь гадна өнгөндөө үзэмжгүй харагддаг том гантиг барилга байлаа. Зурагтаар хүртэл байшингуудын дээвэр нь хотойж нүүрэн тал нь нурсан нь ялгагдан үзэгдэнэ. Талбайг тойрсон дэлгүүрийн лангуунуудын ихэнхи хоосон байснаас үзэхэд арван нэгдүгээр бүсэд амьдрал тийм ч сайнгүй бололтой.
Бид сэрүүн тагт гэж нэрлэсэн дээврээс урагш түрэн гарсан баганатай асар руу гарах ёстой байв. Пит бид хоёрыг хотын дарга олон нийтэд танилцуулан гавъяа зүтгэлийг хүндэтгэлтэйгээр уншихад Капитолд хариу талархал илэрхийлэх ёстой. Түүнчлэн амь үрэгдсэн холбоотноо дурсаж хэдэн дулаахан үг нэмэрлэж болно. Би Рут болон Бутлагчын тухай хэлэх үгээ гэртээ олон удаа цаасан дээр бичих гэж оролдсон ч хоосон цаас руу ширтэн сууснаар төгсөж байв. Тэднийг санах нь хуучин шарх задрах мэт аймшигтай байсан юм. Аз болоход Пит хоёр биенийхээ өмнөөс хэдэн үг олсон. Ёслолын ажиллагаа дуусахад бидэнд дурсгалын самбар гардуулж, шүүхийн байшин дахь баярын зоогонд оролцоно.
Галт тэрэг арван нэгдүгээр бүсийн буудал руу ойртоход Цинна гадна төрхийг минь шүүмжлэнгүй хараад шаргал өнгийн туузыг алтлаг өнгөөр сольж энгэрт ятга шаазгайтай дугуй зүү хатгалаа. Галт тэргийг цэцэг барин угтсангүй. Найман хууль сахиулагч биднийг яаран хуягласан бүхээгтэй машинд оруулав. Хаалга тасхийн хаагдахад Эффи сэжигтэйгээр тургилан,
- Бидэнтэй гэмт хэрэгтэн шиг харьцаж байх шив гэлээ. <<Бидэнтэй биш зөвхөн надтай>> гэсэн бодол толгойд зурсхийв. Битүү машин биднийг шүүхийн байшинд аваачихад эргэн тойрныг харах боломж өгөлгүй дотор оруулав. Байшинд хоолны сайхан үнэр ханхлахын зэрэгцээ хөгц чийг хүчтэй үнэртэнэ. Биднийг үүдний хаалга руу явахад гадаа талбайд сүлд дуулал тоглож эхлэв. Хэн нэгэн даашинзанд микрофон зүүв. Пит миний гараас хөтлөн хотын даргатай танилцаж нүсэр хаалга чахран нээгдлээ.
- Нүүр дүүрэн инээмсэглэ! гэж Эффи Пит бид хоёрыг урагш түлхэн тушаахад хөл өөрийн мэдэлгүй урагш алхав. Энд байх нь. Энд л би бүгдийг Питийн төлөө хийсэн гэдэгтээ хүмүүсийг итгүүлэх хэрэгтэй. Гэвч ёслолын ажиллагаа шахуу төлөвлөгдсөн болохоор яаж хийхээ мэдсэнгүй. Үнсэлдэх цаг хүртэл байхгүй.
Чанга алга ташилт сонсогдоод Капитолоос ялгаатай нь эндхийн олон нийт шүгэлдэж хашгирсангүй. Бид сэрүүн тагтны сүүдэр доогуур яван том гантиг шатаар өгсөхөд нарны гэрэл нүд гялбуулав. Гэрэлд жаахан дассан хойно байшин барилгын зөндөө хаягдсан байдлыг нуухаар дээр нь туг далбаа өлгөснийг харлаа. Талбай дээр ахиад л энд амьдардаг хүмүүсийн багахан хэсэг цуглажээ.
Ердийнхөөрөө тавцангийн ёроолд амь үрэгдсэн оролцогчдын гэр бүлийн хүмүүсийг зогсоожээ. Бутлагчын талд биерхүү хөгшин эмгэн болон, эгч нь байхаас зайлахгүй булчинлаг охин байв. Харин Рутын талд... Би гэр бүлийг нь харахад бэлэн байсангүй. Гашуудлын ул мөр царайнаас нь арилж амжаагүй эцэг эх нь амь үрэгдсэн холбоотонтой минь төстэй таван ширхэг жижигхэн хүүхдийн хамт зогсож байв. Туранхай жижигхэн бие гялалзсан хүрэн нүдтэй тэд сүрэг хар шувуу шиг гайхалтай адилхан ажээ.
Алга ташилт намдахад хотын дарга хүндэтгэлийн үг хэлэн хоёр жижигхэн охин биедээ томдсон баглаа цэцэг барин
гарч ирэв. Пит хариу үг хэллээ. Тэрбээр халаасандаа байсан хэлэх үгтэй цаасаа гаргахын оронд энгийн хүндэтгэлийн байдалтай Рут, Бутлагч хоёр сүүлийн наймд хэрхэн үлдсэн тухай болон намайг аварснаар өөрийнх нь амийг аварч бид нөхөж баршгүй өртэй үлдсэн тухай хэлэв. Тэгснээ гэнэтхэн тээнэгэлзэж цаасан дээр байхгүй зүйл нэмэрлэн,
- Та бүхний уй гашууг юугаар нөхөх аргагүйг ойлгож байгаа болохоор бид гэр бүлд нь сар бүрийн хувьнаасаа илгээж байхаар шийдлээ гэв.
Хүмүүс дуу алдав. Урьд нь хэн ч тийм зүйл хийж байсангүй болохоор хууль бус эсэхийг нь хүртэл мэдэхгүй байлаа. Пит ч бас энэ тухай мэдэхгүй бололтой чимээгүй боллоо. Рут, Бутлагчын гэр бүлийнхэн биднийг нүдээ дүгэрэглүүлэн ширтэв. Ойр дотны хүмүүсээ алдсан гэр бүл үргэлж тарчиг амьдардаг болохоор энэхүү бэлэг олон зүйлийг өөрчилөх болно. Хожлын тийм мөнгөөр гэр бүл нь бүтэн жил цатгалан байж болох бөгөөд биднийг амьд байх хугацаанд тэд өлсөхгүй.
Би Пит рүү харахад гашуудангуй инээмсэглэв. Толгойд Хеймитчийн бүх зүйл үүнээс ч дор байж болох байсан юм гэсэн үг сонсогдоход Питийг үнсэхээр өлмийгөө өргөлөө.
Хотын дарга урагш алхан бидэнд том дурсгалын самбар гардуулахад баяртайгаар цэцэгнээсээ саллаа. Ёслолын ажиллагаа төгсгөлдөө орох үед би Рутын дүүгийн нэг дүрлийтэл ширтэж байгааг ажиглав. Есөн настай гэмээр жижигхэн Рутын яг хуулбар нь байлаа. Сайн мэдээнд нүд нь жаргалтай гялалзсангүй эсрэгээрээ зэмлэнгүй ширтэж байв. Намайг Рутыг авраагүйд дургүйцсэн юм болов уу? Үгүй. Учир нь би түүнд талархал илэрхийлээгүй байна.
Намайг ичингүйрлийн давалгаа нөмрөн авлаа. Охины зөв. Би яаж хэлгүй мэт чимээгүй зогсоод ганцхан Питийг яриулахад хүргэж байна. Хэрвээ Рут ялсан бол хэзээ ч миний тухай дуугүй өнгөрөхгүй байсан. Би бүсэд түүнийг мартагдуулахгүйн тулд цэцгээр хучсанаа санасан ч одоо сэтгэгдэл илэрхийлэхгүй юм бол энэ нь юу ч илтгэхгүй юм.
- Хүлээгээрэй! гээд би дурсгалын самбараа цээжиндээ наан урагш алхлаа. Миний ярих цаг өнгөрсөн ч заавал үг хэлэх ёстой. Би түүнд өртэй болохоор өнөөдөр ялсан мөнгөө өгнө гэж амалсан ч чимээгүй өнгөрснийг уучлах аргагүй юм. – Хүлээгээрэй. Би юунаас эхлэхээ мэдэхгүй байсан ч удаан хугацааны турш сэтгэлийн гүнд байсан үг урсан гарч ирэхэд,
- Арван нэгдүгээр бүсийн оролцогчдод талархыг хүсч байна гэж Бутлагчын талд зогсч байгаа хоёр эмэгтэйд хандан хэлээд, - Бутлагч бид хоёр ердөө ганц удаа ярьж байсан ч энэ нь миний амийг аврахад хангалттай байсан. Бид танил биш хэдий ч түүнийг үргэлж хүндэлж явах болно. Хүчийг нь, тоглоомын дүрмийг сөрж зүрхэлснийг нь. Мэргэжлийнхэн анхнаасаа Бутлагчыг авах гэсэн ч татгалзсан. Иймээс би түүнийг хүндэлж байна гэв.
Бутлагчын эмээтэй төстэй хөгшин анх удаагаа нүдээ өргөн инээмсэглэв. Хүмүүс амьсгал даран нам гүм болов.
Би нөгөө тал руу нь эргээд,
- Рутын тухайд бол өөр хэрэг. Би түүний амьдралыг үргэлж хамт байсан юм шиг сайн мэднэ. Түүнийг санагдуулах сайхан зүйл болох гэрийнх нь ойролцоо байдаг шар цэцэг болон модон дээр дуулдаг ятга шаазгайг мэднэ. Гэвч юунаас түрүүнд тэр миний дүү Примтэй адилхан санагддаг гээд хоолой ээдрэхэд, - Танай хүүхдэд баярлалаа гээд цугласан олны зүг толгойгоо хандуулан,
- Талх өгсөн явдалд бүгдэнд чинь баярлалаа гэв. Мянга мянган харц миний зүг чиглэхэд удтал чимээгүй байсны эцэст олны дундаас хэн нэгэн Рутын уянгын дууг дуулав. Энэ нь жимсний цэцэрлэгт ажлын өдөр дууссаныг мэдэгддэг дохио хэдий ч бүсэд бол аюулгүйн дохио байсан. Төгсгөлийн аяыг гандсан улаан цамцтай үрчлээтэй хөгшин эрэгтэй тасхийтэл исгэрэхэд бидний харц тулгарав.
Дараа нь урьдчилан тааварлахын аргагүй зүйл болж цугласан олон нэгэн зэрэг зүүн гарын гурван хуруугаа уруулдаа хүргээд миний зүг сунгав. Миний Руттэй салах ёс гүйцэтгэх үедээ өргөсөн арван хоёр дугаар бүсийн хүндэтгэлийн тэмдэг.
Хэрвээ ерөнхийлөгчтэй уулзаагүй байсан бол би сэтгэл хөдөлсөндөө нулимс унагах байлаа. Гэвч бүсүүдийг номхотгох тухай сүүлчийн тушаал чихэнд сонсогдоход би айдаст автав. Сноу энэхүү Капитолын эсэргүүцсэн охиныг хүндэтгэн мэндчилж буй яаж хүлээж авах бол? Би юу хийчих вэ! Санаандгүй талархал илэрхийлэхийг хүссэнээс биш ийм зүйл болно гэж бодсонгүй. Арван нэгдүгээр бүсийн оршин суугчдыг өдөөн турхирах гээгүй. Гэвч энэ нь яг тэгсэн юм шиг боллоо.
Би ямар нэг үгүйсгэх зүйл хэлэх гэсэн ч аяархан чагхийгээд микрофон унтарч хотын дарга яриагаа үргэлжлүүлэв. Харин бид салах ёс гүйцэтгэн гар даллаад алга ташилтан дунд эргэхэд Пит намайг хаалга руу дагуулан явахдаа бүх зүйл буруугаараа эргэснийг тааварласангүй.
Нүдний өмнүүр хурц оч гялсхийгээд би замдаа хөшчихлөө.
- Чи зүгээр үү? гэж Пит асуув. - Зүгээр дээ. Хэтэрхий хурц наранд толгой эргээд. Бас цэцгээ мартчихаж.
- Одоохон аваад ирье.
- Би өөрөө авчихъя. Хэрвээ би цэцгээ авах гэж зогсоогүй бол бид шүүхийн аюулгүй байшинд орох байлаа. Үүнийхээ оронд тагтны гүн сүүдэр дороос бүгдийг өөрсдийн нүдээр харав.
Хоёр хууль сахиулагч Рутын дууг шүгэлдсэн настай хүнийг шатны өөд чирэн гаргаж ирээд цугласан олны өмнө сөгдүүлэн суулгаж толгойд нь сум зоов. Эрэгтэй газар унахтай зэрэгцэн бидний өмнө журам сахиулагчдын дүрэмт хувцасны цагаан хана бий болов. Автомат буутай хэдэн цэргүүд биднийг буцааж түлхлээ.
- Явлаа явлаа! гэж Пит намайг түлхэж буй цэрэгт хэлээд,
- Китнисс алив хөдлөөрэй гэлээ.
Тэр намайг шүүхийн байшинд буцаан оруулахад хаалга тасхийн хаагдахтай зэрэгцэн цэргийн гутлын чанга дуу хүмүүсийн зүг буцлаа.
Хеймитч, Эффи, Портиа, Цинна нар сэтгэл зовсон байртай электрон дэлгэцийн өмнө зогсоод биднийг хүлээж байв. - Юу болоо вэ? гэж Эффи угтан гүйж ирээд,
- Китниссийн хэлсэн сайхан үгний дараа яагаад ч юм чимээгүй болтол Хеймитч бууны дуу сонссон гэж хэлсэн. Би түүнд дэмий зүйл гэж хэлсэн өөрөө бодож олсныг хэн мэдэхэв дээ. Галзуу хүмүүс хаа сайгүй дүүрэн бий гэв. - Эффи, юу ч болоогүй. Хуучин машин дэлбэрсэн юм гэж Пит хэлэв.
Ахиад хоёр буудах дуу хаалганы цаана гарав. Хэнийг юм бол? Бутлагчын эмээг үү? Рутын дүү нарын нэгийг үү?
- Та хоёр надтай яв гэж Хеймитч тушаав. Пит бид хоёр түүнийг даган явахад бусад нь байрандаа үлдэв. Одоо журам сахиулагчид шүүхийн байшингийн гадна талыг хамгаалж байсан тул бидний дотор хааш явахыг тоосонгүй. Сийлбэртэй гантиг шатаар өгсөөд хивс дэвссэн урт хонгилоор явахад биднийг орохыг урьж байгаа мэт эхний өрөөний хаалга нээлттэй байв. Өрөө хорин футын өндөр адартай бөгөөд хаа сайгүй жимс цэцэг сийлбэрлэн булан бүрдээ далавчтай сахиусан тэнгэрийн хөшөөтэй ажээ. Ваартай цэцэгний таагүй үнэр нүд ирвэгнүүлнэ. Хананд бидний үдшийн гоёл өлгөөстэй харагдана. Өрөөг бидэнд зориулан бэлтгэсэн болохоор удаан хугацаанд чирж явсан бэлгээ орхив. Хеймитч бидний микрофонийг суга татан аваад буйдангын дэрэн доогуур хийж хойноосоо дагахыг зангав.
Тэр олон жилийн өмнө ялагчын аялалынхаа үеэр энд байсан нь илэрхий. Түүний гайхамшигтай ой тогтоц алдаагүй ажиллаж зөвлөгч итгэлтэйгээр төөрдөг байшин аятай толгой эргэм эргүүлгэн шатаар дагуулан явав. Эцэст нь зогсоод хаалга түлхэн нээхэд удаан хугацаанд онгойгоогүй нугас чахран онгойв. Бид шүүхийн байшингийн бөмбөгөр шилэн оройтой дээврийн хөндий рүү гардаг шатанд хүрэлцэн иржээ. Аварга том өрөөнд дүүрэн эвдэрсэн тавилга, ном, тайлан болон зэвэрсэн зэвсэг овоолттой байв. Эргэн тойрны бүх зүйл зузаан тоосонд дарагдсанаас үзэхэд олон жилийн турш хэн ч хүрээгүй бололтой. Нарны гэрэл дөрвөн бохир цонхийг нь арай ядан нэвтлэнэ. Хеймитч үүдийг өшиглөн хаагаад бидэн рүү эргэв.
- Юу болоо вэ? Пит түүнд талбай дээр юу болсон тухай бүгдийг ярилаа. Дууны үеэр хэрхэн исгэрсэн үзэгчдийн чимээгүй мэндчилэлт, биднийг тагтан дор зогсож байхад настай хүнийг алсан гээд л.
- Хеймитч энд юу болоод байгаа юм бэ? гэж тэр залгуулан асуув.
- Чи хэлсэн нь дээр байх гээд Хеймитч над руу эргэв. Зөвшөөрөхгүй байх нь зуу дахин дор хэрэг байсан тул би аль болох тайвнаар ерөнхийлөгч Сноугийн ирэлт болон, бүсүүдэд самуун гарсан тухай, тэр ч байтугай Гейлтэй үнсэлдсэнээ хүртэл ярилаа. Миний жимс гаргаснаас болж бүх орон даяар ноцтой байдал үүссэн болохоор бид аюулд орсно гэдгийг тайлбарлав.
- Би аялалын үеэр бүгдийг засах ёстой байсан. Эргэлзэж байгаа хүмүүст хайраасаа болсон гэж итгүүлэн үймээнийг намдаах ёстой байсан ч үүний оронд өөр зүйл болчихлоо. Гурван хүн алагдсан дээрээс нь талбай дээр байсан бүх хүмүүс шийтгэгдэх болно гээд дотор эвгүйрхэхэд пүрш нь ёрдойсон навсархай буйдан дээр суулаа.
- Би мөнгө өгнө гэж хэлснээрээ байдлыг улам дордуулжээ гээд Пит гэнэтхэн цаасан хайрцган дээр байсан ширээний чийдэнг авч чулуудахад шалан дээр унан хэдэн хэсэг болон бутрав. - Энэ тоглоомоо одоохон боль! Та хоёр намайг итгэл хүлээх гавъяагүй мунхаг сул дорой амьтан шиг хоорондоо нууцаар зөвлөлдсөн байна. - Тийм бишээ, Пит... гэж би дуу алдав.
- Тийм л байгаа биз дээ! Китнисс надад бас санаа тавих хүн байгаа! Арван хоёрдугаар бүсэд байгаа найз нөхөд хамаатан садан минь үлдсэн. Тэдэнд хүрэхгүй гэж бодож байна уу? Эсвэл биднийг бүсээс ирсэн цагаас хойш би ердийн үнэнийг хүртэл сонсох эрхгүй болоо юу? - Пит чи үргэлж найдвартай сайн байж ирсэн. Чи дурангын өмнө биеэ ухаалаг авч явдаг. Би үүнийг чинь болиулахыг хүсээгүй гэж Хеймитч эсэргүүцэв.
- Тэгвэл чи намайг хэтрүүлэн үнэлжээ. Өнөөдөр би бүгдийг гутаасан. Одоо Рут болон Бутлагчын гэр бүлийнхэнд юу тохиолдох болж байна? Тэд бидний ялагчын хувийг авна гэж бодож байна уу? Би эдгээр хүмүүст гэрэлт ирээдүй бэлэглэсэн гэж үү? Тэдний аз таарвал үдэш хүртэл амьд байх биз!
Пит ахин баримал авч чулуудав. Түүний тийм байхыг би хэзээ ч харж байсангүй.
- Хеймитч түүний зөв. Бидний Капитолд байхдаа хүртэл түүнд хэлээгүй нь буруу. - Та хоёр тэгвэл бүсэд байхаасаа эхлэн зөвшилцсөн хэрэг үү? гэж Пит арай тайван хэллээ
- Үгүй. Албан ёсоор бол үгүй. Би зүгээр л түүний юу хүсч байгааг илгээсэн болон илгээгээгүй бэлгээр нь тааварласан юм.
- Юу надад тийм боломж байгаагүй. Чамайг ирэх хүртэл надад нэг ч бэлэг ирээгүй гэж Пит унтууцав. Энэ тухай миний толгойд орсонгүй. Тэр цус алдан үхдэгийн даваан дээр нэг ч илгээмж аваагүй хэвтэж байхдаа намайг талх түлэгдэлтийн тос, талхтай ирэхэд юу гэж бодсон бол. Хеймитч намайг аварч түүнийг тооцооноос хассан гэж бодсон биз.
- Сонсооч залуу минь... гэж Хеймитч эхлэв. - Санаа зовох хэрэггүй дээ, Хемитч. Чамд бидний нэгийг сонгох хэрэг гарсныг мэдэж байна. Би өөрөө ч түүнийг байхыг хүсэх байсан. Харин одоо бол өөр хэрэг. Гудамжинд хүмүүс үрэгдэн өөр хэн биднээс болоод үхэхийг мэдэх юм алга. Дурангын өмнө миний Китниссээс илүү болохыг та нар мэднэ. Надад зөвлөгч хэрэггүй. Гэхдээ би хаашаа явж байгаагаа мэдэх ёстой! - Одооноос эхлэн чамд бүгдийг мэдэгдэж байх болно гэж Хеймитч амлав.
- Найдаж л байя гээд Пит над руу харалгүй гарлаа.
Агаарт бужигнах тоос миний үс, сормуусанд хучигджээ. - Хеймитч, чи намайг үнэхээр сонгоо юу?
- Аанхан.
- Яагаад? Тэр чамд илүү таалагддаг биз дээ. - Таалагддаг л даа. Гэхдээ дүрмийн өөрчлөлт хийгдэх үед би та хоёрын зөвхөн нэгийг л гаргана гэж найдаж байлаа. Пит чамайг хамгаалж байсан болохоор... миний ухаанд хэрвээ гурван хүн ганц хүнийг аврахын төлөө ийм их чармайлт гаргаж байгаа бол түүнийг гэрт нь буцаах л болно гэж орж ирсэн юм.
- Аан гээд би өөр үг хэлж чадсангүй. - Чи ямар сонголт хийснээ мэдэж байгаа. Хэрвээ үүнийг давчихвал чи нэг ч гэсэн зүйлд суралцах болно.
Тиймээ би өнөөдөр нэг зүйл сурлаа. Эндхийн газар миний төрөлх бүсийн томруулсан хувилбар биш. Манай хашаа хамгаалалтгүй ховорхон хяналтанд байдаг. Журам сахиулагчид таагүй ч бас хэрцгий биш. Бидний хөдөлмөр уур хилэнгээсээ илүү эцэж цуцсан байдаг. Харин арван нэгдүгээр бүсийн оршин суугчид зовлон шаналалд зүдэрч байна. Ерөнхийлөгч Сноугын зөв. Оч үсэргэхэд л дөл авалцана.
Бүх зүйл ухаарахаас өмнө түргэн болжээ. Анхааруулга буудлага би санамсаргүй зүүрмэглэж байгаа аварга биетийг сэрээсэн бололтой. Одоо хүртэл болсон явдалд итгэж чадахгүй нь. Бурхан минь... өөр хичнээн гай авчрах бол?
- Явцгаая. Бид оройн хоолонд орох ёстой гэж Хеймитч хэлэв. Би бэлтгэл багийнхнаа ирэхээс урьд шүршүүрт удтал зогслоо. Тэдэнд өнөөдрийн болсон явдал огтоос хамаа байсангүй зөвхөн үдэшлэгийн талаар хөөрөлдөнө. Бүсэд тэд чухал хүмүүс хэдий ч Капитолд буцахтай зэрэг ийм хүндтэй үдэшлэгт тэр бүр уригдаад байхгүй. Гурвуул хоолны цэсний талаар дуржигнуулах зуур миний нүдэнд толгой руугаа буудуулан унасан хижээл хүн харагдсаар байлаа. Би толины өмнө зогсоод хийсэн ажлыг нь зэрвэс ажиглав. Шал шүргэсэн цайвар ягаан өнгийн даашинз өмсөж үсийг минь ар дээр хавчин тогтоожээ. Цинна араас дөхөж ирээд гялалзсан мөнгөлөг алчуур мөрөн дээр тохож толинд туссан нүдний минь харцтай тулгарав.
- Таалагдаж байна уу?
- Үргэлжид байдаг шигээ маш сайхан юм. - Тэгвэл инээмсэглэхэд хэр харагдахыг нь шалгацгаая гэж тэр зөөлөн хэлэхэд би хормын дараа зурагтын дурангын ярсхийсэн гэрэл хүлээж байгааг санаад ярвайлаа.
- За алив явцгаая.
Бид хамтдаа хонгилд гарахад Эффи янзгүй төрхтэй харагдана. Хеймитч түүнд талбай дээр болсон зүйлийг хэлээгүй баймаар юм. Гэсэн ч юу болсныг удаан тааварлахад хүрсэнгүй. Тэрбээр үдшийн хөтөлбөрөө гүйлгэн харснаа ууртайгаар,
- Бид удахгүй галт тэргэнд суугаад явах нь ямар их аз жаргал вэ! гэв.
- Юу болоо вэ, Эффи? гэж Цинна асуув.
- Бидэнтэй ингэж харьцах нь таалагдахгүй байна. Буудал дээр ирэв үү үгүй юу битүү машинд чихсэн... Би цагийн өмнөхөн шүүхийн байшингийн эргэн тойронд зугаалж орчноо харахыг хүссэн юм. Барилгын бүтэц муугүй мэддэг болохыг минь та нар мэднэ дээ... гэхэд, - Тиймээ тийм бид үүнийг чинь сонссон гэж Портиа удаан хөврүүлэхээс нь өмнө яриаг нь таслав. - Энэ жил бүсүүдэд нурсан байшин моодонд орж байгаа болохоор намайг явж үзэхийн завдалгүй хоёр ууртай журам сахиулагчид гарч ирээд байшиндаа ор гэж хөөсөн. Нэг нь бүр нуруу руу буугаараа чичсэн гээд бод доо!
Аанхан Хеймитч Пит гурвыг алга болсны дараа байх нь. Зөвлөгч тоостой дээврийн хонгилд бидний яриаг сонсохгүй гэж бодсон нь зөв болжээ. Би одоо л үүнийг анзаарлаа. Эффи ихэд сэтгэлээр унасан байсан тул би түүнийг тэврээд,
- Ямар аймшигтай юм бэ, Эффи. Тэднийг уучлалт гуйх хүртэл оройн зоогонд орохоо болих уу? гэв.
Би түүний зөвшөөрөхгүйг мэдэж байсан хэр нь санал болгосон явдал гомдоллолтонд шударга сонсогдлоо. Эффигийн нүд гялалзав.
- Зүгээр дээ, би тэвчиж чадна. Бидний ажил угаасаа нисэлт, уналтаас бүрддэг хойно. Тэгээд ч та хоёр оройн зоогийг алгасч болохгүй. Ямар ч гэсэн баярлалаа, Китнисс.
Эффи танхим руу орох цувааг зохион байгуулав. Эхлээд бэлтгэл багийнхан дараа нь өөрөө болон, дизайнер, Хеймитч оров. Пит бид хоёр урьдын адил ард хоцорлоо.
Дор хөгжим тоглож эхлэхэд бид шат руу ойртон гараасаа хөтлөлцөв.
- Хеймитч намайг чам руу хашгирах ёсгүй байсан гэж хэлсэн. Чи зүгээр л түүний зааврыг биелүүлж байсан биз дээ. Би чамаас хэзээ ч юу ч нууж байгаагүй болохоор. Би Питийн бүх Панемын урд хайртай гэж хэлэхийг сонсоод хичнээн цочирдсоноо саналаа. Хеймитч үүнийг мэдэж байсан ч надад хэлээгүй.
- Ярилцлагын дараа тэгэхэд би ч гэсэн юм хэмхэлсэн. - Зүгээр л домбо байсан шүү дээ.
- Бас чиний гарыг гэмтээсэн. Цаашид бие биенээсээ юм нуухгүй биз дээ?
- Юу ч нуухгүй гэж Пит зөвшөөрөөд шатны оройд зогсож Хеймитчийн арван таван алхам холдоохыг хүлээлээ. - Ингэхэд чи жинхэнээсээ Гейлтэй саяхан үнсэлдсэн хэрэг үү?
Би үүнд гайхширсан хэдий ч,
- Тэгэлгүй яахав гэлээ. Өнөөдөр болсон бүх зүйлийн дараа түүнийг ердөө ийм асуулт зовоож байсан гэж үү?
- Арван тав. Гарах цаг боллоо гэж Пит хэлэв.
Биднийг хурц гэрлийн давалгаа угтахад би нүд гялбам инээмсэглэв. Бид цаашдаа нэгэн хэвийн оройн зоог, ёслолын ажиллагаанд оролцон галт тэрэгний аялалаа үргэлжлүүлж байлаа. Өдөр бүр нэг л зүйл давтагдан сэрж хувцаслаад, хөөрсөн олны өмнө гарч алдар гавъяагаа сонсон урьдчилан бэлтгэсэн үгийн дагуу хариу талархал илэрхийлж байлаа. Заримдаа хотын дундуур богино аялах хийх бөгөөд нүдний буланд нуур цайвалзан өнгөрч, өөр нэгд нь өтгөн шигүү ой сүндэрлэн, тариан талбай, яндангаас нь утаа баагих үйлдвэр харагдана. Үдшийн гоёлоо өмсөөд оройн зоогонд уруудан ахин галт тэргэнд сууж байлаа. Ёслолын үеэр бид ялгуусан хүндэтгэлтэй төрх тодруулан гараасаа тасралтгүй хөтлөлцөж, оройн зоонд дурлалт хосын ёсоор бүжиглэж үнсэлдэнгээ дурангаас зайлсхийхг хичээж галт тэргэнд орсон хойно бүх зүйл сайн болсон эсэхийг шаналан шивнэлдэнэ.
Цаашид бид ямар ч аюул осолтой тулгараагүй ч (арван нэгдүгээр бүсэд болсон зүйлсийг зурагтаар хасан нэвтрүүлжээ) агаарт дэлбэрэхэд бэлэн уурын тогоо шуугих мэт санагдана. Бидний манай бүсэд ялагчыг угтдаг байсан шиг зүдэрсэн царайтай хүмүүс угтаж найм, дөрөв, гурав дугаар бүсийн хүмүүсийн царайд догдлолоосоо илүү хорсол хилэн нуугдсан байлаа. Тэд миний нэрийг хонзогнон хашгиралдахад журам сахиулагчид үймэрсэн олныг тайвшируулахыг хичээсэн ч шахагдан ухарлаа. Эндээс би юу ч өөрчилж чадахгүй нь ойлгомжтой болов. Хичнээн итгэлтэй үзүүлбэр ч түрлэгийг эргүүлж чадахгүй. Хэрвээ би алган дээрх жимс галзуурлын тэмдэг байсан гэсэн бол оршин суугчид солиороход бэлэн байлаа. Цинна хувцасыг минь бүсэлхийгээр нь багасгаж эхлэв. Бэлтгэл багийнхан нүдэн дор гарсан цагаригт санаа зовниж, Эффи нойрны эм өгсөн ч үйлчилсэнгүй. Би ер унтаж амарч чадахгүй байлаа. Зүүрмэглэв үү үгүй юу хар дарсан зүүдэнд автан урьдынхаасаа улам хурц тод болж байв. Пит нэг удаа шөнө галт тэргэнд хэсүүчлэн яваад миний зүүдэндээ зовж шаналан хашгирахыг сонсчээ. Тэр намайг сэрээж тайвшируулаад хөнжилд орж тэврэн хэвтэхэд бид хамтдаа нойрслоо. Би үүнээс эхлэн Эффигийн нойрны эмийг буцааж өгөөд шөнө болгон Питтэй бүсэд бие биенийгээ аюулаас хамгаалж байсан шигээ тэврэлдэн унтдаг болов. Бидний хооронд юу ч болоогүй хэдий ч энэ нь галт тэргэн дотор түргэн хов живний сэдэв болон тарлаа.
Эффигийн зэмлэсний хариуд би <<Сайн байна. Ерөнхийлөгч Сноуд ч хов жив хүрэх байх>> гэж бодлоо.
Аялал үргэлжилсээр нэг болон хоёрдугаар бүсэд ойртоход аймшигтай болов. Хоёрдугаар бүсийн оролцогчид болох Като, Лиш хоёр биднийг ялаагүй байсан бол эсэн мэнд эргэж ирэх байсан билээ. Гялбаа болон нэгдүгээр бүсийн залуу миний гарт үрэгдсэн. Би төрөл төрөгсдийнх нь харцнаас зугтахыг хичээж байхдаа залууг Марвел гэж дууддаг байсныг мэдэв. Би яагаад урьд нь мэдээгүй юм бол? Магадгүй тоглоом эхлэхээс өмнө анхаарал хандуулаагүй байгаад хожим мэдэхийг ч хүсээгүй биз.
Капитолд буцаж очихдоо бид гүнзгий цөхрөлд автсан байлаа. Тэнд эцэс төгсгөлгүй шүтэн биширсэн хүмүүсийн давалгаа угтав. Тэд хэзээ ч тессеранд нэрээ бичиж оруулан үр хүүхэд нь өмнөх үеийнхээ үйлдсэн гэмт хэргийн төлөө үхэх хэрэг байхгүй. Бидэнд Капитолын өмнө хайртайгаа итгүүлэх шаардлага гарсангүй ч бүсүүдийг итгүүлсэн гэх найдлага сулхан байлаа. Хийсэн зүйл маань хэтэрхий өчүүхэн оройтсон мэт санагдана.
Бэлтгэлийн төв дэх хуучин байрандаа буцаж очоод би Питэд олон нийтийн өмнө гэрлэх санал тавихыг санал болгов. Түүнийг зөвшөөрөөд өрөөндөө орж удтал алга болоход Хеймитч тайван орхихыг зөвлөв.
- Түүнийг өөрөө хүссэн гэж бодсон юмсан! гэж би гайхширахад,
- Үүнийг биш. Тэр бүхнийг жинхэнээсээ болоосой гэж мөрөөддөг юм гэв. Би өрөөндөө ороод хөнжилдөө шурган хэвтэхдээ Гейлийн тухай бодохгүй байхыг хичээв.
Тэр үдшээ бэлтгэлийн төвийн өмнөх тавцан руу гарч янз бүрийн асуултанд хариуллаа. Цезарь Фликерман шөнийн тэнгэрт гялалзах одод адил хүрэм өмсөж үс, зовхи уруулаа цайвар цэнхэр өнгөөр будсан нь гайхамшигтай харагдаж байлаа. Тэр биднээс ирээдүйн тухай асуухад Пит өмнө сөгдөн эхнэрээ болохыг гуйсан явдалд би зөвшөөрлөө. Цезарь баяртайгаар уулга алдахад Капитолын үзэгчид орилон шуугилдаж бүх орон даяар үүнийг үзүүлэв. Ёслолд ерөнхийлөгч Сноу баяр хүргэхээр ирлээ. Тэр нөхөрсгөөр сүйт залуугийн мөрөн дээр алгадаад, намайг тэвэрч хацар дээр үнсэхэд ахиад л цус сарнайн үнэр ханхлав. Түүнийг инээмсэглэн тавихдаа хумсаа гаранд шигтгэхэд би зоригоо хөвчлөн хөмсгөө өргөлөө. Би уруулаа анзаарагдамгүй хөдөлгөж <<Би таны хүссэн бүхнийг хийж дүрмээр чинь тоглон Питтэй гэрлэхийг амалсан. Би чадсан биз дээ? Та сэтгэл хангалуун байна уу?>> гэж асуулаа. Тэр хариуд нь толгойгоо үл мэдэг сэгсэрлээ. 6
Сноугын энэхүү сулхан хөдөлгөөн миний найдлагыг бөхөөж үнэт бүхнийг минь багтаасан ертөнцийг нураан сүйдлэв. Ямар шийтгэл ирэхийг нь төсөөлөхийн аргагүй ч торны ам хумхигдмагц юу ч үлдэхгүй нь тодорхой. Гайхалтай нь би уй гашууд автахын оронд эсрэгээрээ сэтгэл минь амарлаа. Энэ төгсгөл юм бол тоглоомоос гарч болно. Цөхөрсөн хугацаа цөхөрсөн үйлдлийг шаарддаг байхад одоо энэ бүхэн надад хангалттай байна.
Гэхдээ одоо энд газар нь ч цаг нь биш. Хамгийн гол нь арван хоёрдугаар бүсдээ эргэж очоод ээж, Прим, Гейл болон төрөл төрөгсдийнх нь хамтаар зугтах төлөвлөгөө сүвэгчлэх хэрэгтэй. Питийн хувьд зөвшөөрвөл хамт зугтаж болох юм. Хеймитчийг ч гэсэн энэ жагсаалтандаа багтаав. Бид хамтдаа ойд нуугдах болно. Харин дүн өвлийн хүйтэнд хэрцгий мөрдөн хөөлтөөс зугтах тухайд яаж итгүүлэхээ мэдэх юм алга. Гэвч хийх л ёстой. Би цурхиран уйлахын оронд мөрөө цэхлээд олон хоногийн туршид анх удаагаа итгэлтэй инээмсэглэв. Ерөнхийлөгч олон нийтэд хандан чимээгүй болгоод,
- Тэдний хуримыг Капитолд хийх тухайд юу бодож байна? гэхэд би хязгааргүй баярласан дүр эсгэв. Цезарь Фликерман ерөнхийлөгчөөс өдөр судар товлох эсэхийг нь асуулаа.
- Өдрөө товлохын урд Китниссийн ээжтэй ярилцах хэрэгтэй гээд Сноу үзэгчдийн хөхрөлдөөн дунд миний мөрөөр тэврэнгээ,
- Магадгүй бүх орон даяар та нарыг гучин нас хүрэхээс өмнө гэрлэхийг хүсч байгаа байх гэв. - Тэгвэл хуулиа өөрчлөх хэрэг гарах нь дээ гэж би хөхөрлөө.
- Шаардлагатай бол өөрчлөх л болно гээд тэр нүд ирмэв.
Ямар ухаан солиормоор хөгжилтэй юм бэ.
Урд өмнө болж байсан бүх цайллага үдэшлэг ерөнхийлөгчийн ордонд болсонтой харьцуулахын аргагүй байлаа. Дөчин футын өндөр адарт манай бүсийн тэнгэрт харагддаг шиг шөнийн тэнгэрийн ододыг дүрсэлжээ. Капитолд шөнө үргэлж гял цал гэрэлтэй байдаг тул ододыг харахын аргагүй. Шал адрын дунд хөгжимчид хөвөн цагаан үүлэн дээр зогссон мэт хөвөх хэдий ч юугаар тогтоож буй нь харагдсангүй. Уламжлалт хоолны ширээнүүдийг олон тооны буйдан сандлаар сольж заримыг нь ханан зуухны өмнө, заримыг нь этгээд загас хөвөх цэцэрлэгийн цөөрмийн дэргэд ургасан анхилам үнэрт цэцэгсийн дэргэд тавьж хүмүүс идэж уун цэнгэж байлаа. Өрөөний голд хавтангаар бүжгийн талбай засаж жүжигчид эрээн мяраан хувцасласан зочидтой хутгалдана.
Гэхдээ энэ үдшийн оргил нь зоогийн хоол байлаа. Хана дагуу өрсөн ширээн дээр юу эс байсан гээч. Бүхий л мөрөөдлийн болон мөрөөдөж ч зүрхлэхгүй амтат хоол унд өржээ. Бүхлээр нь шорлосон үхэр, гахай, ямаааны мах шоронд шаргалтан эргэлдэж том царан дээр дээр жимс, самраар хачирласан шувууны мах овоолжээ. Халуун ногоогоор амталсан тэнгисийн амьтад, тоолж барамгүй талх, бяслаг, ногоо, амттан болон дарс ус шиг сөгнөсөн нь галын гэрэлд гялалзана.
Сүүлийн хэдэн долоо хоногийн турш сэтгэлийн зовнилд алга болсон хоолны дур эргэн ирж гэдэс хонхолзоход, - Би энэ өрөөнд байгаа бүх зүйлийг амтлахыг хүсч байна гэж Питэд мэдэгдэв.
Тэр миний хувирлыг ойлгохыг хичээн гайхан харлаа. Пит ерөнхийлөгчийн бодлыг мэдэхгүй болохоор бүх зүйл амжилттай гэж бодох шиг болов. Эсвэл намайг сүй тавьсанд баяртай байна гэж бодсон ч байж магадгүй. Түүний царайд гайхсан шинж хоромхон зуур илэрснээ дуран бидний зүг чиглэхэд, - Тэгвэл яарсан чинь дээр дээ гэв.
- Тэгэлгүй яахав хоол болгоноос амталж үзэхэд хангалттай гэж би шийдлээ.
Би шийдвэр ёсоор эхний ширээ рүү очиход хориод төрлийн шөл байснаас нунтаг самар, жижигхэн хар буудай цацсан цөцгийтэй хулууны шөл авлаа. - Шөнөжингөө байсан ч хамаагүй иднэ! гэж би дуу алдсан ч бүтсэнгүй.
Хоёр дахь удаагаа би хаврыг санагдуулам тунгалаг ногоон шөл ууж гурав дахид нь бөөрөлзгөнөтэй хөөсөрсөн ягаан шөл авлаа. Урд байгаа хүмүүсийн нэр царай өөрчлөгдөн хацар дээр минь үнсэж байв. Миний шооч ятга шаазгайтай зүүлт сүүлийн үеийн шуугиан тарьсан моодны нэг болоод хэдэн хүмүүс хувцсан дээрээ хатгажээ. Түүнчлэн шувууг бүсний горхин дээр сийлж, торгон захан дээр хатгамлан тэр ч байтугай биендээ шивсэн байлаа. Бүгд ялагчын шүтээн гэж бодож байх аж. Би үүнд ерөнхийлөгч Сноу хэрхэн уурлаж байгааг төсөөлсөн ч тэр юу хийж чадна гэж. Энэ нь Үхлийн тоглоомд хайртыгаа аврахын тулд жимс гаргаж ирсэн цөхөрсөн охины бэлэг тэмдэг шүү дээ.. Пит бид хоёр шинэ танил эрсэнгүй ч тэд биднийг ангуучилж байв. Бидэнгүй үдэшлэг бол үдэшлэг биш. Би эндхийн оршин суугчдыг тоолгүй хөөрсөн төрх гаргахыг хичээж хоол руу анхаарал хандуулав.
Ширээ болгоны хоол маш сайхан амттай агаад зөвхөн амтлах төдийд гэдэс дүүрч эхлэв. Жижигхэн шарсан шувуу
хазахад аманд зүржийн сүмс дүүрэв. Сайхан амттай юм гээч. Хөөрхий Пит намайг дагалдан хазаж эхлээ ч үгүй байж дараагийнхийг нь авч байв. Ойролцоогоор арваад ширээ дамжсаны дараа энд байсан хоолноос багахан хэсгийг нь амсаж үзсэн байлаа.
Тэгтэл бэлтгэл багийнхантай тааралдав. Гурвуул уусан дарсандаа халан гайхамшигтай үдэшлэгт хязгааргүй сэтгэл хөөрчээ. - Та хоёр яагаад идэхгүй байгаа юм бэ? гэж Октавиа асуув.
- Зөндөө идлээ цаашаа чадахгүй нь гэхэд тэд утгагүй зүйл сонссон аятай хөхрөлдөв.
- Дэмий үг! гэж Флавиус уулга алдаад биднийг тунгалаг шингэн бүхий шилэн аягатай ширээ рүү аваачиж, - Үүнийг уу! гэв.
Пит нэгийг уухаар завдан өргөсөн ч,
- Энд бишээ! гэж Октавиа дуу алдав - Тэнд уусан нь дээр гэж Вениа зөвлөөд жорлонгын зүг зааж, - Тэгэхгүй бол идсэн хоолоо шалаар нэг гаргачихна! гэлээ.
Пит хундганд юу байгааг сая л төсөөлсөн бололтой,
- Үүнийг бөөлжүүлдэг унд гэх гээд байна уу? гэхэд тэд хөхрөлдлөө. - Өөр яана гэж тэгээгүй бол аль эрт идэхээ болих байсан юм. Жишээ нь би гэхэд хоёр удаа гэдсээ цэвэрлэсэн. Бүгд ингэдэгүйсэн бол яаж найранд хөгжилдөж болох билээ хэмээн Октавиа инээд алдангаа тайлбарлав.
Би гоёмсог хундагатай шингэнийг дуугүй гөлөрлөө. Пит аягатайгаа ширээн дээр байранд нь тавихдаа уурандаа золтой хагалсангүй. - Китнисс, алив бүжиглэцгээе.
Тэр уянгын аянд намайг хөтлөн бэлтгэл багийнхнаас холдуулав. Арван хоёрдугаар бүсэд гэртээ хийл, лимбэний аялгуунд бүжиглэхэд тийм ч их зай хэрэггүй. Гэвч Эффи биднийг Капитолд сүүлийн үед дэлгэрээд буй бүжигт сургасан юм. Хөгжим алгуурхнаар удаашран зүүдэнд байгаа аятай болоход Пит намайг тэврээд эргэлдэв. Тэрбээр чимээгүй байснаа хүчилсэн хоолойгоор,
- Чи тэднийг магадгүй тийм ч муугүй гэж бодож байгаа байх... гээд үгээ тасаллаа.
Нүдний өмнө гал зуухны ширээн дээр хэвтэж буй хүүхдийн эцэнхий бие үзэгдэхэд ээж эцэг эхийнх нь хүчрэхгүй зүйлийг зөвлөж байгаа нь харагдах шиг болов. Одоо бид баян болсон болохоор тэдэнд хоол унднаасаа илүүчилдэг болсон. Гэвч үргэлжид хоол ундгүй байсны улмаас эцэж турсан хүүхдийг аврахад оройтсон байх нь бий. Тэгэхэд Капитолд хүмүүс сэтгэлийн цэнгэл эдлэхийн тулд бөөлжин гэдсээ ахин дахин дүүргэж байна. Өвдсөндөө ч биш хоолны таарууд ч биш зүгээр л бүгд ингэж хийдэг бөгөөд үүнгүйгээр баяр утгагүй болно.
Би нэг удаа Хейзэлд ангийн олзоо өгөхөөр очиход жижигхэн Вик гэртээ аймшигтай ханиалган хэвтэж байв. Бүсийн бусад хэсгийг бодоход Гейлийн гэр бүл сайн хооллодог хэдий ч хүү надад арван таван хормын турш Илгээмжийн өдөр эрдэнэ шишийн шүүстэй савыг онгойлгон тус бүрдээ халбагыг авч талхан дээр түрхээд дараа хэрэглэхээр цааш тавьсаныг ярилаа. Ээж нь түүний ханиалгыг намдаахаар жаахан шүүс цайнд дусааж өгье гэсэн ч Вик бусаддаа оногдохгүй байх гэхээс зөвшөөрөөгүй ажээ. Хэрвээ Гейлийн гэрт тийм байгаа бол бусад гэрт ямар байж таарах вэ?
- Пит тэд биднийг үхлийн эсрэг тэмцэн зугаацуулсан учир авчирсан. Үүнтэй харьцуулахад бүх зүйл... - Ойлгож байна. Тэгэлгүй яахав. Зүгээр л заримдаа тэвчиж чадахгүй юм шиг санагдах юм. Юу хийж байгаагаа ч мэдэх юм алга гээд тэр чимээгүй болсноо аяархнаар,
- Китнисс магадгүй бидний буруу байх гэв. - Яасан гэж?
- Бүсүүдийг номхруулах гэж оролддог нь.
Би эргэн тойрноо түргэхэн ажиглахад хэн ч сонссонгүй бололтой. Зураг авалтын багийнхан хясаатай ширээний дэргэд найрлаж, хоёр нь биднийг тойрон эргэлдэж согтсондоо хэн нэгэнд анхаарал хандуулахтай манатай байлаа. - Уучлаарай.
Мэдээж уучлал гуйх хэрэгтэй. Энэ бол тийм үг дэлгэхэд төдийлөн зохимжтой газар биш билээ.
- Гэртээ очоод ярилцъя. Тэгтэл Портиа ирээд бүдэгхэн танил санагдах том биетэй хүн рүү аваачив. Энэ бол Үхлийн тоглоомын шинэ ерөнхий зохион байгуулагч Плутарч Хевенсби байлаа. Тэр надтай нэг бүжиг эргэж болохыг асуухад Пит дурангын өмнө жүжиглэхэд бэлэн зөвхөн ганц шүү гэж эелдэгээр зөвшөөрөв.
Би Плутарч Хевенсбитэй бүжиглэхийг хүссэнгүй. Тэр баруун гараараа миний гарыг барьж зүүнийгээ ташаан дээр тавихад Пит болон гэр бүлийнхнээ эс тооцвол хэнийг ч хүргэж байгаагүй болохоор арьсанд нялцгай биет хүрэх шиг эвгүй санагдав. Тэр миний байдлыг ажигласан бололтой сунгасан гарын хэмжээнд зай барин бүжиглэв.
Бид элэгсэгээр үдэшлэг, зугаа цэнгэл, хоол ундны талаар хөөрөлдөж дараа нь тэр миний ганцаарчилсан үзүүлбэр санаанд нийцээгүй талаар ойлгомжгүй тоглоом хийв. Тэгэхэд л би зохион байгуулагчдын зүг сум харвахад тавган дээр суусан эрэгтэй болохыг нь саналаа. Яг ч тэдэн рүү биш л дээ. Би ширээн дээрх шарсан тооройн аманд байсан алим руу харвасан. Гэсэн ч бүгд ихэд цочирдсон билээ.
- Аан энэ та юу... гэж би тавган дээр суун хагалсныг нь санаад инээд алдав.
- Тиймээ. Инээж болно шүү одоо хүртэл миний дотор дагжаад байна. Хэзээ ч зүгээр болохгүй байх. Би түүнд хорин хоёр оролцогч тоглоомонд амь үрэгдэн хэзээ ч эргэж ирэхгүй болсныг сануулах гэснээ инээмсэглээд,
- Сайн байна. Тэгэхээр энэ жил та ерөнхий зохион байгуулагч болоо юу? Ямар их хүндэтгэл вэ гэв.
- Бидний хооронд хэлэхэд тэд энэ ажлаас олон зүйл хүсч байгаа. Тоглоомын эргэлтэнд хариуцлагатай хандан... Аан тийм л дээ өмнөх хүн нь цаазаар авахуулсан юм чинь. Тэр мэдээж Сенекийн тухайд мэдээгүй өнгөрсөн байж таарахгүй.
- Шинэ тоглоомд бэлтгэж байна уу? - Тийм тийм. Ер нь түүнийг олон жилийн өмнө бэлтгэж ирсэн. Бүсэд барилгыг нэг өдөр босгочихдоггүй. Тоглоомын амт яг одоо мэдрэгддэг дээрээ байна. Итгэх эсэхээ өөрөө мэд тоглоомын төлөвлөгөөг өнөө шөнө хэлэлцэнэ гээд тэр алхам ухарснаа хантаазныхаа халааснаас гинжтэй алтан цаг гарган хараад,
- Явах цаг боллоо. Зөвөлгөөн шөнө дунд эхлэнэ гэлээ. - Хэтэрхий орой.... гээд би өөр зүйлд сатаарсандаа чимээгүй боллоо. Плутарч цагаа над руу эргүүлээд болор нүүрэн дээгүүр нь эрхий хуруугаа гүйлгэхэд лааны гэрэлд зураг гялсхийн үзэгдэв. Бас нэг ятга шаазгай. Яг миний энгэрийн зүүлтэн дээрх шиг. Зураг алга болохтой зэрэгцэн Хевесби тагийг нь тасхийлгэн хаав.
- Ямар аятайхан эд вэ. - Аятайхан ч биш хосгүй үнэт эд... Хэрвээ намайг хүн асуувал гэр лүүгээ унтахаар явсан гээрэй. Зөвлөгөөн нууцаар явагдах хэдий ч таньд бол итгэж болох шиг санагдаж байна.
- Тэгэлгүй яахав. Таны нууцыг аюулгүй хадгалах болно.
Тэр салах ёс гүйцэтгэн гар бариад Капитолынхны заншлаар толгойгоо үл мэдэг бөхийв. - Китнисс ирэх зун тоглоомон дээр уулзацгаая. Сүй тавьсанд чинь баяр хүргээд таньд болон ээжид чинь амжилт хүсье.
- Тийм л дээ амжилтгүйгээр бүтэхгүй. Плутарх алга болоход би хүмүүсийн дунд Питийг эрлээ. Замд үл таних хүмүүс надад тоглоомонд ялсан болсон сүй тавьсанд баяр хүргэж байсан ч тоолгүй толгойд зөвхөн Хевенсби яагаад цагаараа гайхуулсан юм бол гэдэг бодол эргэлдэнэ. Үүнд ямар нэг хачирхалтай нууцлаг юм байсан. Юу байж болох вэ. Магадгүй тоглоомын ерөнхий зохион байгуулагч хэн нэгэн түүний нүүрэн дээрээ алга болдог шувуутай гайхамшигтай санааг хулгайлахаас айсан юм болов уу. Тэгсэн байх нь үгүй бол маргааш зээлээр нэг хямдхан хуурамч хувилбар дүүрнэ. Би Питийг гоёмсог бялуутай ширээний дэргэдээс оллоо. Тэр эндхийн тогооч нартай танилцаж амжаад нууцыг нь хуваалцаж байв. Тогооч нар бие биенээсээ өрсөн бүрмэл хийх тухай яаран хариулна. Түүнчлэн олон янзын жижиг бялуутай хайрцаг өгч гэртээ харьсан хойноо тайван судлаарай гэлээ.
- Эффи цагийн дараа галт тэргэнд суусан байх хэрэгтэй гэсэн. Ингэхэд цаг хэд болоод байна? гээд Пит эргэн тойрноо харлаа. - Бараг шөнө дунд болж байна гээд би бялуу авч шоколадан цэцгийг нь хазтал Эффи хаа нэгтээгээс гарч ирээд,
- Салах ёс гүйцэтгэх цаг боллоо! хэмээн хавирга руу нударлаа. Ховорхон тохиолдоор энэ агшинд би түүний нягт нямбай шаардлагатай занд талархав. Бид цаад талын ширээнээс Цинна, Портиа нарыг цуглуулан авч чухал албаны
хүмүүстэй салах ёс гүйцэтгээд үүд рүү дөхлөө. - Бид ерөнхийлөгчтэй салах ёс гүйцэтгэхгүй юм уу? Энэ чинь түүний ордон биз дээ гэж Пит асуув.
- Түүнд үдэшлэгтэй үдэшлэггүй хийх ажил хангалттай их байгаа. Маргааш түүнд талархалын үгтэй ил захидал илгээхэд би хэдийн санаа тавьсан... гэснээ Эффи, - Ингэхэд та чинь хаа байгаа вэ? гэж Капитолын хоёр үйлчлэгчийн мөрөн дээр тохогдсон согтуу Хемитч руу хашгирлаа. Биднийг Капитолийн гудамжинд гараад бараан шилтэй машинд суухад ард талын машинд бэлтгэл багийнхан суулаа. Баярлаж хөөрсөн хүмүүсийн дундуур гарах амаргүй байсан ч Эффи бүгдийг амжуулж сурсан болохор цагийн дараа гэхэд бид гэртээ буцах галт тэрэгний буудалд хүрсэн байлаа.
Хеймитчийг өрөөнд нь оруулаад Цинна бүгдэд цай захиалж ширээ тойрон суухад Эффи хуваарь бүхий цаасаа шажигнуулан ялагчын аялал дуусаагүй байгааг сануулаад,
- Урд арван хоёрдугаар бүсийн ургацын баяр байна. Цайгаа уугаад бүгд орондоо орцгоо гэхэд хэн ч эсэргүүцсэнгүй.
Би нүдээ нээхэд үд дунд дөхсөн байлаа. Толгой дор Питийн гар дэрлээстэй байв. Түүнийг өнгөрсөн шөнө хэзээ ирсэнийг санасангүй. Сэрээхгүйн тулд болгоомжтой эргэсэн ч унтаагүй сэрүүн байлаа. - Ганц ч хар дарсан зүүд зүүдэлсэнгүй.
- Юу? гэж би гайхлаа.
- Чи шөнөжингөө хар даралгүй унтлаа. Түүний зөв. Би удаан хугацааны туршид анх удаагаа бөх унтжээ.
- Би ятга шаазгайны араас дагаж байна гэж зүүдэлтэл шувуу үнэн хэрэгтээ Рут байсан. Тэр түүний хоолойгоор дуулахад би араас нь ойд удтал дагаж явсан. - Тэр чамайг хааш нь аваачаа вэ? гээд Пит духан дээр өрвийсөн үсийг минь илэв.
- Мэдэхгүй. Бид зорьсон газраа хүрээгүй. Гэхдээ надад сайхан байсан.
- Тийм шүү чи унтаж байхдаа жаргалтай харагдаж байсан. - Сонсооч Пит ингэхэд би чамайг хар дарсан зүүд зүүдэлснийг чинь яагаад мэддэггүй юм бол?
- Хэлэхэд хэцүү юм. Би орилж хашгичихын оронд айдасдаа хүлэгдээд хөшчихдөг юм.
- Чи намайг сэрээх ёстой байсан юм гээд би түүнийг шөнө хоёр гурван ч удаа сэрээснээ саналаа. Тэр намайг тайвшируулахын тулд хичнээн хугацаа зарцуулсан бол. - Яах гэж? Би хар дарсан зүүдэндээ голцуу чамайг алдаж байгаагаа хардаг. Харин нүдээ нээхэд чи дэргэд амьд байдаг.
Үгүй ер. Түүний санаандгүй хэлсэн үг гэдсэнд хутга зоох шиг болов. Залуу миний асуултанд үнэн сэтгэлээсээ хариуллаа. Тэр хайраа илчилснийхээ надаас юу ч нэхээгүй. Тэгтэл дотор түүнийг ашиглаад ч байгаа юм шиг эвгүй сэтгэгдэл төрөв. Тэгсэн гэж үү? Мэдэхгүй юм даа. Надад анх удаагаа түүнтэй оронд хэвтэж байгаа нь ёсонд нийцэхгүй юм шиг санагдав. Гэвч бид албан ёсоор сүй тавьсан тул энэ нь инээдтэй хэрэг байлаа.
- Гэртээ харихаараа ганцаараа яаж унтахаа мэдэх юм алга гээд Пит санаа алдлаа. Түүний зөв бид бараг гэртээ иржээ.
Өнөө орой хотын дарга Андерсийнд оройн зоог бариад маргааш ургацын баярын нэг хэсэг болох талбай дээрх үйл явдалд оролцох ёстой. Манай бүсэд үргэлж ялагчын аялалын сүүлчийн өдөр болох энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж заншсан бөгөөд боломжтой нэг нь найз нөхдөө урина. Энэ жил олон нийт Капитолын хөрөнгөөр баярлаж байгаа болохоор бүгд гэдэс цатгалан байлаа. Гадаа хүйтэн үстэй дээл өмсөх болохоор бэлтгэх шаардлага гарсангүй. Буудал дээр товчхон инээмсэглэж гар даллаад машинд суун хотын даргынх руу явлаа. Төрөл төрөгсөдтэйгээ оройноос нааш уулзахгүй.
Би эцгийн үрэгдсэн талаар болон ургацын дараа гэр бүлийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэсэн шүүхийн байшинд биш хотын даргынд цайллага болсон явдалд баяртай байлаа. Шүүхийн байшин миний хувьд олон гашуун дурсамжыг хадгалж байдаг юм.
Охинтой нь найзууд болохоор ч тэр үү надад Андерсийн гэр таалагддаг байлаа. Тэрбээр намайг намайг тоглоомд явахаас өмнө салах ёс гүйцэтгэхээр ирэхдээ аз хүсэн ятга шаазгайтай зүүлт бэлэглэсэн билээ. Харин дараа нь би гэртээ харьсаны дараа Мажтай ихэнхи цагаа өнгөрүүлж байв. Хотын даргын охинд ч бас удаан өдрийн туршид хийх зүйл байхгүй. Эхэндээ амаргүй байсан ч би түүнтэй үе тэнгийнхээ хөвгүүд, охид хувцас хунарын тухай ярилцахад Маж бид хоёр хов жив хөөцөлддөггүй болохоор хувцасны тухай ярилцах нь уйтгартай байлаа. Тэр ой руу явахаас айдаг хэдий ч би хэдэн удаагийн амжилтгүй оролдлогын дараа модонд дагуулан явж яаж харвадгаа үзүүлэв. Маж надад төгөлдөр хуур заахыг хичээсэн ч сонсох нь илүү аятай байв. Заримдаа нэг нэгнийхээ гэрт хоол иднэ. Маж надад улам таалагдаж байлаа. Түүний эцэг эх аятайхан хүмүүс хэдий ч охинтойгоо ховорхон уулзана. Эцэг нь арван хоёрдугаар бүсийн ажлыг зохицуулан завгүй байхад ээж нь толгойн өвчин шаналан заримдаа долоо хоногоор ч босохгүй хэвтэх нь бий. - Магадгүй чи түүнийг Капитолд аваачсан нь дээр байх. Тэднийг нүд ирмэхийн зуур эмчилж чадна гэдэгт мөрийцсөн ч болох юм гэж би хоёр хаалганы цаанаас золгүй эмэгтэй ёолох дуу гарахад хэллээ.
- Тэгэх л байх. Гэхдээ Капитолд тусгай урилгагүй бол очиж чадахгүй гэж Маж гунигтай хэлэв. Тэгэхээр хотын даргын хувьд бүх зүйл бүтдэггүй байх нь.
Тэднийг гэрт очоод би Мажыг тэвэрч амжив уу үгүй юу Эффи хажуунаас ёврон гурван давхар луу бэлтгэхээр авч явлаа. Үс зүсээ янзлан мөнгөлөг урд даашинз өмсөөд цаг бас ч гэж болоогүй тул би түүнийг хайхаар гарлаа.
Мажын өрөө хоёр давхарт эцгийнхээ блон зочдын өрөөтэй зэрэгцэн байрлана. Би хотын даргын өрөө рүү мэнд мэдэхээр шагайсан ч хоосон байлаа. Зурагтаар Пит бид хоёрын Капитолд өнгөрсөн үдэш байсан баярыг үзүүлж байв. Идэж ууж, бүжиглэж үнсэлдээд. Одоо үүнийг орон даяар үзүүлж байгаа байх даа. Үзэгчид арван хоёрдугаар бүсийн дурлагсдыг хараад дотор нь муухайрахгүй байгаа юм болов уу. Миний хувьд хэдийн муухайраад эхэлсэн.
Би өрөөнөөс гарахаар эргэтэл дүнгэнэх чимээ анхаарал татав. Эргээд зурагтын дэлгэц рүү хартал <<Наймдугаар бүсийн тухай сүүлийн үеийн мэдээ>> гэсэн үг гялсхийн гарав. Энэ нь хотын даргад зориулсан хувийн мэдээлэл байлаа. Эндээс түргэн гарах хэрэгтэй. Гэвч би үлдээд зурагт руу ойртон алхав.
Дэлгэцэн дээр урьд өмнө харж байгаагүй буурал үстэй хөтлөгч эмэгтэй гарч ирээд сөөнгө захирангуй хоолойгоор наймдугаар бүсийн нөхцөл түгшүүрийн гуравдугаар түвшинд хүндэрснийг мэдэгдэв. Бүс рүү нэмэлт хүч илгээсэн бөгөөд бөс даавууны худалдаа бүрэн зогссон аж. Чаг! Дэлгэцэн дээр төв талбайн зургийг үзүүлэхэд би тэнд ердөө долоо хоногийн өмнө байсан болохоор дор нь танилаа. Миний зурагтай туг далбаа байшингийн дээвэр дээр намирсан хэвээр дор нь уурсаж хилэгнэсэн хүмүүс гараар хийсэн нүүр далдлах баг өмсөөд чулуу тоосго чулуудаж байв. Байшин барилга шатаж журам сахиулагчид цугласан олон руу замбараагүй гал нээн хэнийг ч хамаагүй алж байлаа. Би амьдралдаа хэзээ ч ийм аймшигтай зүйл харж байсангүй. Үүнийг л ерөнхийлөгч Сноу бослого гэж нэрлээд байж. 7
Би арьсан цүнхэнд идэх юм, дашмагтай халуун цай хийгээд Циннагын үстэй бээлийг хамт орхив. Нүцгэн модноос гурван мөчир хугалан цасан дээр аль зүг рүү явснаа заалаа. Өнөөдөр ургацын баяраас хойшхи анхны ням гариг болохоор Гейл ердийн газартаа уулзахаар ирээд бүгдийг ойлгох болно. Би хүйтэн манантай ой дундуур удтал тэнэв. Гейл энэ замыг мэдэхгүй ч хөл минь нуур луу өөрийн эрхгүй хөтлөөд ирж. Бидний хуучин уулздаг байсан газар итгэлгүй болсон болохоор Гейлтэй өөр газар уулзах хэрэгтэй байлаа. Ингэхэд тэр ирэх болов уу? Хэрвээ ирэхгүй бол шөнө гэр лүү нь очихоос өөр аргагүй. Тэр үүнийг мэдэж... надад учрыг нь олоход туслах ёстой. Андерсийн гэрт зурагтаар харсан зүйлийн дараа би хотын даргыг шатаар гарч ирэхийн өмнө хонгилд гарч дөнгөж амжлаа. Би барааг нь хармагц гар даллахад,
- Мажыг эрж байна уу? гэж тэр нөхөрсөг асуув.
- Тиймээ. Даашинзаа үзүүлэх гэсэн юм. - Тэгвэл чи түүнийг хаанаас олохоо мэднэ...
Тэгтэл хажуу өрөөнөөс сулхан ёолох дуу гарахтай зэрэгцэн хотын даргын царай барайлаа.
- Өршөөгөөрэй гээд хаалга хаан өрөөнд далд оров. Би тайвширахын тулд хэсэг зогссоноо хэвийн байхыг хичээн Маж руу явав. Найз охин минь гоёлын ширээний ард суугаад долгиотсон цайвар үсээ самнаж байв. Тэр ургацын өдөр өмссөнтэйгээ ижил цагаан даашинз өмсчээ. Толинд миний тусгалыг хараад Маж инээмсэглэв.
- Хөөх чи яг л Капитолын жинхэнэ хатагтай шиг байна. Би ойртоод энгэртээ байсан ятга шаазгайнд хуруугаа хүргэлээ.
- Тиймээ зүү нь хүртэл. Ятга шаазгайг Капитолын сүүлийн үеийн тэнэг моод болгосон явдалд чамд баярлалаа.
Үүнийгээ буцааж авмаар байна уу? - Тэнэг юм бүү ярь бэлгийг буцаадаггүй юм гээд Маж үсээ гоёмсог алтан туузаар боолоо.
- Ингэхэд чи зүүг хаанаас аваа вэ?
- Нагац эгчээс минь уламжлагдаж ирсэн. Тэдний гэр бүлд эртнээс байсан эд байгаа юм. - Яагаад заавал ятга шаазгай гэж? Бослогын үеэр үглээ ятга шаазгай Капитолынхонд асуудал үүсгэсэн биз дээ.
Үглээ ятга шаазгай бол генетикийн аргаар өөрчилсөн мутант амьтан бөгөөд Капитолоос бослого гаргасан бүсүүдийг тагнахад хэрэглэж байсан билээ. Энэхүү амьтан хүний урт яриаг тогтоох чадвартай бөгөөд дараа нь үг бүрээ Капитолын лаборторид давтдаг байлаа. Босогчид түүний нууцыг мэдсэн даруй Капитолыг хуурамч мэдээлэлээр тэжээн мунхруулсан. Шувууд ашиггүй болсныхоо дараа алга болон үхэж үрэгдсэн хэдий ч хэдэн жилийн дараа эмэгчин ятга шаазгайтай эвцэлдэн шинэ төрөл үүсгэсэн юм.
- Шооч ятга шаазгай бол зэвсэг биш. Ердөө л дуулдаг шувуу ойлгов уу? гэж Маж эсэргүүцэв.
- Тийм л байх гэж би хэдийгээр зөвшөөрөхгүй байсан ч хэллээ. Магадгүй ятга шаазгай бол ердөө дуулдаг шувуу байж болох ч Капитолын хүслийг сөрж гарсан. Хэн ч түүнийг зэрлэг төрөлтэйгээ эвцэлдэн шинэ төрөл үүсгэнэ гэж бодоогүй билээ.
Би гүнзгий цасан дээгүүр чахруулан явах зуураа ятга шаазгай хэрхэн мөчир дамжин дэвхэрч бусдынхаа уянгын дууг давтангаа өөр ая болгон хувиргаж байгааг сонслоо. Энэ нь надад үргэлж Рутыг санагдуулдаг байв. Би өнгөрсөн шөнө зүүдэндээ түүний араас ойн гүн руу явсан. Хаана очихоо мэдээгүй сэрсэн нь харамсалтай.
Би алсад орших нуурын зүг явсаар байлаа. Хэрвээ Гейл миний араас ирэхээр шийдсэн бол ан агнах цагаа алдах болно. Хотын даргын оройн зоогонд гэр бүлийнхэн нь бүгдээрээ байсан ч тэр үзэгдээгүй. Хейзел өвдсөн гэж хэлсэн ч мэдээж худал байлаа. Түүнчлэн ургацын баяр дээр ч харагдаагүй. Вик түүнийг агнаж байгаа гэсэн. Энэ нь үнэнд дөхөж очих байх. Хоёр цагийн дараа нуурын эрэг дээрх хуучин байшинд хүрлээ. Байшин гэхээсээ илүү ганц өрөөтэй жижигхэн оромж ажээ. Аав урд нь хүмүүс энд загасчилахаар ирэхэд олон байшин байсан гэсэн ч одоо зөвхөн суурь нь үлджээ. Энэ байшингийн хувьд цементээр цутгасан болохоор шал, дээвэр, адар нь бүтэн үлдсэн байв. Дөрвөн шилэн цонхноос зөвхөн ганц бүтэн үлдэж он цагийн туршид жааз нь зэвэрчээ. Усны хоолой, цахилгаан чийдэнгүй ч зууханд гал түлж болохоор буланд эцгийн минь олон жилийн өмнө түүсэн түлээ хураалттай харагдана. Би гал түлээд утаа нь өтгөн мананд ажиглагдахгүй байх гэж найдав. Гал дүрэлзэн асаж эхлэхэд нээлттэй цонхны дор хуралдсан цасыг найман настай байхдаа тоглодог байсан мөчрөөр ишилсэн шүүрээр хамав. Дараа нь пийшингийн булан дээр суугаад Гейлийг хүлээлээ.
Тэр санаснаас түргэн ирэв. Мөрөндөө нум сум өлгөж замдаа агнасан бололтой зэрлэг цацагт хяруул бүсэндээ өлгөжээ. Зочин маань босгон дээр удаашран орох эсэхээ шийдэж буй нь илт. Гартаа онгойлгоогүй арьсан цүнхтэй хоол, дашмаг, Циннагын бээлийг барьжээ. Тэр надад уурласандаа бэлгийг минь хүлээн зөвшөөрсөнгүй. Би түүний юу мэдэрч байгааг мэдэрч байв. Иймээс ээж шигээ зүйл хийлээ.
Би түүний нүд рүү ширтэхэд сүй тавьсан урвалтанд минь шаналсан өвдөлт гомдол харагдав. Энэ уулзалт миний
түүнийг алдахгүй байх сүүлчийн боломж. Иймээс би шууд өөрийгөө цагаатгахаас эхлэв. - Ерөнхийлөгч Сноу чамайг алахаар заналхийлсэн гэхэд тэр айж гайхсан шинжгүй хөмсгөө өргөлөө.
- Өөр хэнийг гэж?
- Надад үзүүлээгүй ч бидний хамаатан садангуудыг оруулаад бүтэн хуудас дүүрэн жагсаалт бий гэж бодож байна. Энэ нь нөлөөлсөн бололтой Гейл зууханд ойртож дулаацахаар явган суулаа.
- Тэгвэл юу хийж болох вэ?
- Юу ч хийх боломжгүй. Тодорхой тайлбарлах хэрэгтэй байсан ч би юунаас эхлэхээ мэдсэнгүй тул суугаад баргар царайлан гал ширтэв.
Хормын дараа Гейл нам гүмийг эвдэн,
- Урьдчилж анхааруулсан явдалд баярлалаа гэв. Би уцаарлангуй эргэтэл түүний нүд гялалзахыг ажиглав.
- Миний юу бодсоныг мэдэх үү.
- Тийм гэж үү? Цочирдом байх даа гээд Гейл бээлийг миний өвдөг рүү чулуудаж, - Май. Надад чиний сүйт хархүүгийн хуучин бээлий хэрэггүй гэв.
- Пит миний сүйт хархүү биш. Энэ бол тоглоомын нэг хэсэг. Тэгээд ч бээлий түүнийх биш Циннагийнх.
- Тэгвэл буцаагаад авъя гээд тэр бээлийг түргэн аваад толгой дохилж, - Ямар ч гэсэн ая тухтай үхэх юм байна гэв. - Өөдрөг л үзэл байна. Ингэхэд чи юу болсныг мэдэхгүй байна.
- Тэгвэл хэл л дээ. Ингээд би Хеймитч Пит бид хоёрыг ялагчын титмийг зүүх шөнө Капитолын уур хилэнг анхааруулсан мөчөөс эхлээд, ерөнхийлөгч Сноугын гэнэтийн айлчилал, арван нэгдүгээр бүсэд гарсан аллага, үзэгдчийн уур хилэн, эцсийн хүчээ шавхан сүй тавьсан ч ерөнхийлөгч хангалтгүй гэж үзсэн болохоор үүнийг гарцаагүй төлөх тухайгаа ярилаа.
Гейл миний яриаг тасалсангүй. Намайг ярих зуур тэрбээр бээлийгээ халаасалж амжаад цүнхнээс идэх юм гарган хоол бэлтгэв. Алимны хальс цэвэрлэж, талх бяслагтай шаран, гал дээр туулайн бөөр модны самар тавилаа. Би түүний гоолиг авхаалжтай хөдлөх хурууг харж байлаа. Капитолд арилгахаас өмнө миний арьсан дээр байсан шиг дүүрэн сорвитой уурхайд нүүрс олборлон, үл үзэгдэх урхи тавьдаг хүчтэй гар. Гарт нь итгэж болно. Галт тэрэг буцах замдаа орсон тухай ярихаас өмнө би завсарлан цай балгалаа.
- Та нар үнэхээр төвөгтэй зүйл хийжээ гэж Гейл хэлэхэд,
- Энэ ч бас бүгд биш...
- Хүлээгээрэй. Тэгвэл юу бодсон тухайгаа шууд яриач?
Би гүнзгий амьсгал аваад, - Хамтдаа зугтацгаая гэв.
- Юу? гээд тэр санаандгүй цайндаа хахаж цацлаа.
- Ой руу зугтая. Түүний царай ойлгомжгүй болов. Одоо миний тэнэгийг шоолон инээх байх даа.... Дотор өөрийн эрхгүй түгшихэд маргахад бэлдэн,
- Чи өөрөө бид үүнийг хийж чадна гэсэн! Ургацын өглөө хэлэхдээ... гэв.
Тэр урагш алхтал миний хөл гэнэтхэн газраас хөндийрөв. Өрөө эргэн тойрон эргэлдэхэд би унахгүйн тулд Гейлийн хүзүүгээр тэвэрлээ. Тэр жаргалтайгаар инээв.
- Хөөе! гэж би унтууцсан хэдий ч инээд алдав.
Гейл намайг буулгасан ч тавих гэж яарсангүй. - Сайн байна тэгвэл зугтацгаая.
- Үнэхээр үү? Чинийхээр бол би ухаан солиороогүй байх нь уу? Чи үнэхээр надтай хамт явах уу?
- Чи үнэхээр солиорсон ч гэсэн би чамтай явна. Бид үүнийг чадна. Чадна ч гэдгээ мэдэж байна. Эндээс үүрд яваад эргэж ирэхгүй! - Итгэлтэй байна уу? Жижигхэн хүүхдүүдтэй болохоор амаргүй байх болно. Таван милийн дотор газар...
- Тиймээ итгэлтэй байна. Зуун хувь итгэлтэй байна гээд Гейл толгойгоо бөхийлгөн миний духанд нааж өөр лүүгээ татлаа. Түүний царай төдийгүй бүхий л бие нь зуухны ойр байгаа мэт халуу шатахад би нүдээ аниад дулаанд ууслаа. Цасанд норсон хүрэмнээс нь өнгөрсөн жилийн өвлийнх шиг алим, утааны үнэр ханхална. Би тавиулах гэж оролдсонгүй. Яах гэж? Тэгтэл тэр нам дуугаар,
- Би чамд хайртай гэж шивнэлээ. Ингэх нь дутаад байж дээ. Тэгтэл уруулаас өөрийн мэдэлгүй тэнэг хариулт гаран,
- Би мэднэ гэлээ.
Энэ нь аймшигтай сонсогдов. Яг л юу ч өгөхгүй гэдгээ мэдэж байгаа хэр нь түүнийг надад дурлахгүй байж чадахгүй гэдгийг мэдэж байгаа юм шиг л.
Гейл холдох гэсэн ч би тавилгүй зуурлаа.
- Тиймээ, мэднэ! Чи ч гэсэн миний чамд яаж ханддагыг мэднэ. Гэсэн ч үйлчилсэнгүй тэр тэврэлтээ салгав.
- Гейл би одоо хэн нэг хүний тухай бодохтой манатай байна. Ургацын үеэр Примийн сонгосон мөчөөс эхлээд миний бүх бодол айдсаар дүүрсэн. Өөр зүйл багатаах зай алга. Магадгүй аюулгүй орчинд бүх зүйл өөр байж болох юм. Урьдчилж хэлэхэд хэцүү байна. - За яахав харцгаая гээд тэр урам хугарсан байртай гал дээр буцалж байгаа самар руу эргээд, - Ээжийг удаан ятгах хэрэг гарах байх гэв.
Би түүнийг дурын агшинд алдаж болохоо ойлгоод баяр хөөр алга болж танил шаналал буцан ирлээ.
- Манай ээжийг ч гэсэн. Түүнд бүгдийг тайлбарлах хэрэгтэй. Өөрөөр амьд үлдэхгүй гэж итгүүлсэн цагт л бүтэх байх. - Тэр ойлгоно оо. Бид түүнийг Үхлийн тоглоомын үеэр Примтэй хамт байхыг нь харсан. Ээж чинь чамайг үгүйсгэхгүй гэж Гейл итгэлтэй хэлэв.
- Найдаж л байна. Бас Хеймитч гэж хатуу самар байна гэтэл байшингийн хэм хорин градусаар хүйтрэх шиг болов. - Хеймитч гэнээ? Тэр бидэнтэй явах юм уу?
- Өөр яана гэж. Би Пит тэр хоёрыг хаяж чадахгүй гэтэл Гейл муухай харсанд яриагаа таслаад, – Яасан бэ? гэв.
- Уучлаарай. Би ийм шуугиантай хүмүүстэй хамт зугтана гэж мэдсэнгүй! - Тэднийг орхивол намайг хаана байгааг мэдэхийн тулд үхтэл нь тамлах болно.
- Тэгвэл Питийн гэр бүлийнхнийг яах болж байна? Тэд зугтахгүй нь мэдээж. Залууд үүнийг ойлгох хангалттай ухаан байгаа гэж найдаж байна. Ингэхэд тэр үлдэхийг хүсвэл яах болж байна? гэхэд би аль болох хайхрамжгүй хариулахыг хичээсэн ч цахиртсан хоолойгоор, - Тэгвэл тэр үлдэх л болно гэв.
- Чи түүнгүй явахад бэлэн байна уу? гээд Гейл бууж өгсөнгүй.
- Прим, ээж хоёрыг аврахын тулд бол тийм. Үгүй дээ! Би түүнийг хамт явахаар ятгаж чадах байх. - Тэгвэл чи намайг орхиж чадах уу? Жишээлбэл би ээжийг гурван жижигхэн хүүхэдтэй дүн өвлийн хүйтэнд ойд нуугдахыг ятгаж чадахгүй байвал гээд түүний царай хүйтэрлээ.
- Хейзел ойлгоно тэр ухаантай.
- Тэгсэн ч гэсэн. Тэгвэл яах вэ, Китнисс?
- Тэгвэл түүнийг хүчээр аваад яв, Гейл. Чинийхээр бол би бүгдийг бодож олох ёстой байх нь уу? гэж би уцаарлалаа.
- Үгүй л дээ. Ер нь бол мэдэхгүй байна. Сноу чамайг сүрдүүлсэн ч байж болох юм. Тэр өөрийн биеэр хуримийг чинь хийхийг хүссэн. Чи үүнд Капитолийнхон яаж хөөрч байгааг хараа биз дээ? Тэгээд ч Пит та хоёрыг зүгээр нэг ална гэж бодохгүй байна. Энэ бүхний учрыг олоход амаргүй.
- Наймдугаар бүсэд бослого гараад ерөнхийлөгч хуримын бялуутай манатай байгаа! гэж би хашгирснаа ухааран хэлээ хазав. Гейлийн хацар улайж саарал нүд нь гялалзаад,
- Наймдугаар бүсэд бослого гарсан гэнээ? хэмээн аяархан асуув. - Сайн мэдэхгүй байна. Бослого биш хэдий ч багахан үймээн гарсан. Хүмүүс нь гудамжинд гараад... гээд би үгээ буцаахыг оролдсон ч түүнийг тайвшируулах нь бүсүүдийг тайвшируулахаас хэцүү байлаа.
- Чи юу хараа вэ? гээд Гейл миний мөрнөөс атгав.
- Юу ч хараагүй. Зүгээр л хальт сонссон юм! Хотын даргын өрөөний зурагт асаалттай байсан. Тэгээд би санамсаргүй харахад... тэнд хүмүүс журам сахиулагчид руу чулуу нүүлгэхэд урдаас нь гал нээж байсан... гээд би уруулаа өвдтөл хазсанаа энэ бүх хугацаанд дотор зовоож байсан бүхнээ гаргаж, - Гейл, би энэ бүхэнд буруутай. Бүсэд байхдаа... хэрвээ би жимсийг гаргаж ирэн амиа хорлох гээгүй бол юу ч болохгүй байсан. Пит гэртээ эргэж ирээд бүгд урьдын адил аюулгүй амьдрах байсан гэлээ.
- Аюулгүй амьдрах гэнээ? хэмээн тэр арай зөөлрөн асуугаад, - Өлсөж үхэх үү? Боол шиг ажиллах уу уу? Хүүхдүүдээ ургацад илгээх үү? Чи хүмүүст зовлон шаналал биш эсрэгээрээ боломжыг бэлэглэсэн. Хамгийн гол нь тэдэнд үүнийг ухаарах зориг хангалттай байгаа. Уурхайд аль хэдийн энэ тухай ярилцаж эхэлсэн. Хүмүүс тэмцэхийг хүсч байна. Юу болохыг харж байна уу? Шинэ цаг ойртож байна! Хэрэв наймдугаар бүс бослого гаргасан бол яагаад энд гарч болохгүй гэж... Яагаад бусад бүсүүд тэмцэж чадахгүй гэж! Үүнийг л бид удаан хүлээсэн биз дээ... гэв. - Больж үз! Чи юу ярьж байгаагаа мэдэхгүй байна. Арван хоёрдугаар бүсээс гадуурх журам сахиулагчид Дарий болон Крей шиг биш! Бүсийн хүмүүсийн амь тэдний хувьд юу ч биш!
- Ийм учраас л бид тэмцэлд нэгдэх хэрэгтэй байгаа юм. - Үгүй! Бид өөр олон хүнийг алаагүй дээр нь эндээс зугтах хэрэгтэй! гэж би хашгирлаа. Тэр яах гэж ингэж байгаа юм бол? Яагаад илэрхий зүйлийг олж харахгүй байна вэ?
Гейл намайг бүдүүлгээр түлхээд,
- Тэгвэл зугт. Харин би мянган жил болсон ч явахгүй гэв. - Чи хоёр хормын өмнө надтай баяртайгаар зугтах гэж байсан. Наймдугаар бүсэд бослого гарснаас болоод яагаад үлдэх хэрэгтэйг чинь ойлгохгүй. Чи зүгээр л уурлаж... гээд би түүний нүүрэн дээр нь Питийн нэрийг хэлж чадсангүй. – Тэгээд чиний гэр бүл яах болж байна?
- Китнисс бусад гэр бүлүүд яах болж байна? Зугтаж чадахгүй хүмүүс яах болж байна? Чи ойлгохгүй байна уу? Энэ зөвхөн бидний аврагдах эсэх тухай биш. Бослого эхэлж байна! гээд тэр жигшсэн байртай толгой сэгсрээд Циннагийн бээлийг хөлд чулуудаж,
- Чамайг олон зүйл хийж чадах байсан гэж бодож байна. Би бодлоо өөрчиллөө. Капитолд хийсэн ямар ч зүйлийг авахыг хүсэхгүй байна! гэв. Гейл гараад явчихлаа.
Би бээлийг бодлогширон ширтэв. Капитолд хийсэн зүйл гэнэ ээ? Намайг бас тэгж бодоогүй гэж найдъя. Тэр намайг Капитолын бас нэг бүтээгдэхүүн болохоор гар хүрэхгүй гэж бодсон юм болов уу? Энэ бүх шударга бус явдал уурыг минь хүргэхэд түүнийг цаашид юу хийх бол гэхээс айдас төрөв. Би цөхөрсөндөө цаашдын үйл хөдлөлөө тунгаахаар зуухны дэргэд суулаа. Ойрын өдрүүдэд бослого гарахгүй нь лавтай. Гейл маргааш өглөө уурхай руу яваад өгөх болохоор ярилцах боломж гарахгүй. Хейзелтэй ярьж хүүгээ тайвшируулахыг гуйхаас. Гэвч одоо болохгүй. Эсвэл шөнө бүгдийг унтсан хойно... Хейзел үргэлж угаалгын газар шөнө хүртэл ажилладаг. Цонх руу нь очиж тогшоод Гейлийг тэнэг зүйл хийлгэхгүйн тулд болсон үйл явдлыг ярихаас.
Толгойд ерөнхийлөгч Сноутай хийсэн яриа орж ирлээ. - Миний зөвлөгчид таныг томоохон асуудалд орохоос айж байгаа юм. Мэдээж та асуудалд орохоор төлөвлөөгүй биз дээ?
- Би тэдэнд тэгж хэлсэн. Ямар ч охин өндөр үнээр олж авсан амьдралаа хадгалахын тулд үүнийг хоёр гараараа түлхэнэ гэж. Хейзел ч гэсэн ойр дотныхоо хүмүүсээ аврахын тулд хичээх болно. Түүнийг миний талд байна гэдэгт итгэлтэй байна. Эсвэл үгүй юм болов уу?
Өдөр богинохон болохоор үд дунд ойртлоо. Харанхуй болтол суух гээгүй юм бол ойд цааш байх нь утгагүй хэрэг. Би түлсэн галаа унтрааж, хоолныхоо үлдэгдлийг цэвэрлээд, Циннагийн бээлийг бүсэндээ зүүлээ. Модон дундуур явсаар хуучин гэртээ гэрэлтэй байхад хүрэв. Гейлтэй яриа бүтээгүй ч зугтах төлөвлөгөөнөөсөө няцсангүй. Питийг эрэх хэрэгтэй. Хачирхалтай нь тэр надтай аялалын туршид хамт байсан болохоор ярилцахад илүү амархан байлаа. Бид Ялагчын тосгоны үүдэн дээр тааралдав.
- Анд гараа юу? гээд тэр үүнийг сайнгүй гэж бодсон бололтой. - Яг ч тийм биш л дээ. Хот руу явж байна уу?
- Тийм. Гэр бүлийнхэнтэйгээ оройн хоол иднэ гээд амалчихсан.
- Тэгвэл би чамтай жаахан алхъя. Ялагчын тосгоноос талбай хүрэх зам аюулгүй бөгөөд ярилцахад тохиромжтой газар билээ. Тэгсэн ч Гейлтэй ярилцаад бүтээгүй болохоор амнаас үг гарсангүйд уруулаа хазлав. Талбай алхам тутам ойртсоор байлаа. Надад ахиад ийм боломж олдохгүй. Иймээс гүнзгий амьсгал аваад,
- Пит чи надтай хамт бүсээс зугтахыг зөвшөөрөх үү? гэв.
Тэр миний гарыг тавиад зогсов. Үнэнээсээ ярьж буй эсэхийг харахын тулд нүүр лүү минь харах хэрэг ч байсангүй.
- Яагаад ингэж хэлж байгаа юм? - Би ерөнхийлөгчийг итгүүлж чадаагүй. Наймдугаар бүс бослого гаргасан. Бид зугтах хэрэгтэй.
- Бид гэдэг чинь зөвхөн хоёулаа гэсэн үг үү? Эсвэл өөр хүн байна уу?
- Манай гэр бүл бас танайхыг ч гэсэн зөвшөөрвөл. Болж өгвөл Хеймитчийг ч гэсэн. - Гейлийг тэгээд яах болж байна?
- Мэдэхгүй. Түүнд өөр төлөвлөгөө байгаа байх.
Пит толгой сэгсрээд хөгжилтэй бус инээмсэглэв. - Түүнийг явна гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Тиймээ, Китнисс би явах болно.
- Үнэн үү? гээд миний дотор найдлагын оч дүрэлзэн аслаа.
- Тэгэлгүй яахав. Гэхдээ чамайг хормын дараа зугтана гэж бодохгүй л байна шүү гэхэд би ууртайгаар гараа савчаад, - Чи намайг муу л мэдэж байна даа. Би хэзээ ч зугтсан бэлэн гээд түрүүлж алхлаа.
- Китнисс.
Би хурдаа хассангүй. Хэрвээ Пит үүнийг муу санаа гэж бодож байгаа бол надад өөр санаа байхгүй байлаа. - Китнисс, зогсооч.
Би хөлдүү бохир цас бутартал өшиглөв. Нүүрний тоосонд эргэн тойрны бүх зүйлс бараантан хучигджээ.
- Хэрвээ чи үнэхээр хүсч байвал би зугтахад бэлэн байна. Гэвч байдлыг дордуулахгүй гэдэгт итгэлтэй байхын тулд эхлээд Хеймитчтэй зөвлөх хэрэгтэй гээд Пит гэнэтхэн түгшиж, - Тэнд юу болоод байна? гэлээ.
Би үйл явдалд хэтэрхий санаа зовсондоо болоод талбайн зүгээс дуулдах хачирхалтай чимээг сонссонгүй. Исгэрэлт, хүчтэй цохилт тэгээд айсан олны дуу. - Явцгаая гээд Питийн царай хатуурлаа.
Яагаад? Тэр үнэхээр надаас урд энэ чимээ юу болохыг тааварласан гэж үү? Тэнд гарцаагүй муу зүйл болжээ. Биднийг талбайд хүрэх үед цугласан олонд халхлагдаад юу болсон нь харагдсангүй. Пит амттаны дэлгүүрийн гадна хананд
хайрцаг түшүүлэн авираад над руу гараа сунган талбайг шинжин харлаа. Тэгснээ гэнэтхэн түлхэж, - Түргэн буугаарай. Эндээс холдох хэрэгтэй! хэмээн шаардангуй шивнэв..
- Яасан? гээд би хайрцаг руу авирахыг оролдлоо.
- Китнисс, гэр лүүгээ харь! Би хормын дараа очино, үнэн шүү! Энэ нь аймшигтай сонсогдсонд би гараа суга татаж аваад цугласан олны дундуур урагш зүтгэлэв. Хүмүүс намайг таниад айдаст автан буцаан түлхэж <<Охин минь чи эндээс холдсон нь дээр<<, <<Муу л юм болно доо>>, <<Чи түүнийг алуулахыг хүсээд байгаа юм уу?>> гэлээ.
Үүнийг сонсоод миний зүрх хүчтэй цохилон юу ч сонсогдохгүй болов. Ганц л зүйлийг ойлгож байсан нь талбайн дунд надтай холбоотой ямар нэг аймшигтай зүйл болж байна. Би эцэст нь олны дундуур зүтгэлэн гараад эндүүрээгүй болохоо харлаа. Питийн ч зөв, хүмүүсийн хэлсэн үг ч бас зөв байв.
Гейлийг модон баганаас бугуйгаар нь хүлжээ. Түүний өнөөдөр агнасан зэрлэг цацагт хяруулыг хадаасаар арай дээд талд нь зоосон байлаа. Хүрэм нь газар хэвтэж цамц нь хүүрэн урагджээ. Тэрбээр ухаангүй өвдөг нь нугарч олсноосоо торгогдох агаад нуруунаас нь цус улайран шүүрнэ. Дэргэд нь урьд өмнө харж байгаагүй дүрэмт хувцастай хүн зогсож байв. Энэ бол хөгшин Крей байсангүй. Мундираас нь үзэхэд журам сахиулагчидын тэргүүн бололтой. Өндөр булчинлаг биетэй тэрбээр өмдөө хуруу эсгэм индүүджээ.
Үйл явдлын зураглал бүрдэх үед би түүний гартаа ташуур өргөхийг харлаа. 8
- Үгүй! гэж би хашгираад урагш үсрэн гарлаа. Далайлтыг зогсоох хүч байсангүй тул Гейл руу ухасхийн биеэрээ халхалж цохилтын хүчийг өөр дээрээ авахад ташуур нүүрний зүүн хэсэг рүү ороолгов.
Агшин зуур нүдний өмнүүр гал манасхийн аймшигтай өвдөхөд өвдөглөн унаад хацраа алгаараа дарав. Нүүр хөөн хавдаж зүүн нүд юм харахаа болив. Баганы чулуу Гейлийн цусанд будагдаж агаарт цусны эхүүн үнэр ханхална. Тэгтэл цээжнээс, - Хэрэггүй! Та түүнийг алах нь байна! гэсэн хашгиралт гарав.
Зандалчины царай хальт үзэгдэв. Гүнзгий үрчлээтэй хэрцгий ам, халзан толгой, нэвт шувт ширсэн хар нүдтэй, урт шулуун хамар нь өвлийн хүйтэнд улайжээ. Хүчирхэг гараа ахин далайхад би мөрөө тэмтэрч үзсэн ч нум сумаа ойд орхисноо санаад шүд зуун хоёр дахь цохилтыг хүлээв. - Больж үз! гэх хоолой гараад Хеймитч гарч ирэхдээ газар хэвтэж байсан журам сахиулагчын биед бүдрэв. Энэ бол Дариус байлаа. Шаргал үстэй толгой дээр нь том булдруу үүсэж журам сахиулагч амьсгаатай төдий ухаангүй хэвтэнэ. Юу болсон юм бол? Тэр надаас урд Гейлд туслахыг оролдсон юм болов уу?
Хеймитч түүнд анхаарал хандуулалгүй намайг хөл дээр өндийлгөөд эрүүнээс өргөснөө,
- Гайхалтай. Долоо хоногийн дараа хуримын даашинзны зураг авхуулах гэж байхад би дизайнерт нь юу хэлэх болж байна? гэв.
Ташууртай хүний царайд таньсаны тэмдэг илрэв. Өвлийн хүйтэнд боож баглан, нүүрээ будаагүй, гэзгээ хүрмэн дороо хайхрамжгүй унжуулсан би Үхлийн тоглоомын ялагчтай төсгүй байлаа. Түүний дээр нүүрний хагас хөөн хавдсаныг ч хэлэх үү. Гэсэн ч Хеймитчийн царайг дэлгэцэн дээр олон жилийн өмнөөс үзүүлж байгаа болохоор мартахын аргагүй юм.
Журам сахиулагч ташуураа дургүйхэн буулгав.
- Тэр гэмт хэрэгтэнд олон нийтийн өмнө шийтгэл онооход саад болсон. Энэ хүний захирангуй хоолой хачирхалтай ярианы аялганд ойлгомжгүй аюул заналхийлэл дүрэлзэв. Тэр хаанаас ирээ вэ? Арван нэгдүгээр бүсээс үү? Эсвэл гурваас юм болов уу? Магадгүй капитолоос ирсэн байж болох юм?
- Шүүхийн байшинг дэлбэлж байсан ч надад хамаагүй хэрэг! Хацрыг нь хар! Долоо хоногийн дараа дурангын өмнө гарах гэж байхад ямар сорви үлдэнэ гэж бодож байна? хэмээн Хеймитч зандрав. - Надад ч гэсэн хамаагүй гэж үл таних хүн хүйтнээр хэлсэн ч хоолойд нь эргэлзсэн өнгө сонсогдлоо.
- Үгүй дээ найз минь хамаарагдах л болно доо. Би гэртээ буцаж очсон даруй Капитол руу утасдаж миний ялагчын хөөрхөн царайг гэмтээх зөвшөөрөл хэн өгснийг мэдэх болно! гэж Хеймитч сүрдүүлэв.
- Тэгвэл тэр яах гэж өөртөө хамаагүй юманд оролцсон юм? - Энэ бол түүний үеэл ах гээд дэргэд гарч ирсэн Пит миний гарыг зөөлөн илснээ,
- Харин би бол түүний сүйт залуу. Хэрвээ таньд түүнийг сургах гэж байгаа бол эхлээд бидэнтэй учраа олох хэрэгтэй болж дээ гэв. Энэ агшинд бид бүсэд эсэргүүцэн зогсоход бэлэн цорын ганц хүмүүс боллоо. Гэвч удаан үргэлжилэхгүй нь лавтай. Намайг одоо Гейлийг яаж амьд үлдээх вэ гэдэг ганцхан зүйл зовоож байлаа. Шинэ журам сахиулагчдын тэргүүн бусад руугаа хяламхийхэд би зээлийн хуучин танилуудаа олж хараад санаа амарлаа. Тэдний царайнаас үзвэл болж өнгөрсөн явдал нэг их баярлуулаагүй бололтой.
Тослог Сэйнд үргэлж хооллож байдаг Пурния гэдэг эмэгтэй урагш гарав. - Зүрхэлж хэлэхэд ноёнтоон гэмт хэрэгтэн анхны удаа хууль зөрчсөн явдалдаа хангалттай тоогоор ороолгуулсан. Харин алах тогтоолын хувьд бид нийтээрээ гүйцэтгэх болно.
- Энэ чинь нутгийн үндсэн тогтоол уу? гэж тэр тодотгов. - Яг тийм эрхэм ээ гэж Пурния хэлэхэд өөр бусад хүмүүс зөвшөөрөн толгой дохилоо.
Гэвч яг үнэндээ хэн ч мэдэхгүй байсан бөгөөд бидний хувьд зээл дээр зэрлэг цацагт хяруултай хүн ирвэл олзоо худалдах ганц л дүрэмтэй байлаа.
- Сайн байна, охин минь үеэл ахыгаа ав. Хэрвээ дараагийн удаа ахин Капитолын газар нутаг дээр хууль бус ан хийх юм бол би өөрийн биеэр буудаж алах болно шүү гээд тэр гартаа байсан ташуурынхаа цусыг ороолгон шавхраад гогцоо болгон хуйлж явж одлоо.
Журам сахиулагчид түүний араас дагалдахад зарим нь Дариусыг авахын тулд үлдлээ. Пурния бид хоёрын харц тулгарахад <<баярлалаа>> гэж уруулаа хөдөлгөн шивнэлээ. Пурния хариулаагүй ч бид бие биеэ ойлгосон юм. - Гейл гээд би түүн рүү ухасхийн хүлээсийг нь тайлахаар оролдов.
Хэн нэг нь хутга сунгахад Пит олсыг огтолж Гейл газар унав.
- Ээж рүү чинь аваачъя гэж Хеймитч тушаав. Ойр хавиас дамнуур олдсонгүй тул хувцас худалдаг мухлагын хөгшин лангуун дээр тавьдаг самбараа өгөөд,
- Хаанаас авснаа битгий хэлээрэй дээ гэж үлдсэн бараагаа хамах зуур хэлэв.
Айж түгшсэн олон алга болон талбай бараг хоосорчээ. Ийм зүйл болсоны дараа би хэнийг ч буруутгасангүй. Бид Гейлийн ухаангүй биеийг самбар дээр нүүрийг нь доош харуулан тавих үед Хеймитч, Пит болон Гейлийн найз хоёр уурхайчин үлдсэн байлаа.
Атираанд хэдхэн байшингийн цаана амьдардаг байсан Ливи нэртэй охин миний гараас бариад, - Тусламж хэрэгтэй юу? гэв.
Түүний саарал нүдэнд айсны зэрэгцээ шийдэмгий байлаа. Ээж урд нь түүний бага дүүг улаан бурханаар өвдөх үед аварч байсан юм.
- Хейзел рүү гүйгээд манай гэр лүү дуудаж чадах уу? - Аанхан гээд охин эргээд гүйлээ.
- Ливи! Хүүхдүүдийг нь битгий авчираарай гэж би араас нь хашгирахад,
- Үгүй дээ, би тэднийг өөрөө харна гэж тэр хариулав. - Баярлалаа! гээд би газраас Гейлийн хүрмийг аваад бусдыгаа яаран гүйцлээ.
- Шархаа цасаар үр гэж Хеймитч эргэж харалгүй зөвлөв.
Би гартаа цас аваад чимчигнэн өвдөж байгаа хацар дээрээ тавихад зүүн нүднээс нулимс тасралтгүй гоожин манан дунд байгаа мэт болж бусдыгаа алхааны чимээгээр даган явлаа.
Гейлийг аваачих замд Бристл, Тон хоёр юу болсныг ярив. Гейл ойгоос шууд урьд нь олон удаа цацагт хяруул худалдан авч байсан Крейгийн гэр лүү хүрч ирээд оронд нь Ромулус Тред нэртэй шинэ журам сахиулагчтэй
тааралджээ. Хэн ч Крей хаачсаныг мэдсэнгүй. Тэр өглөө байрлалаа орхин зээл дээрээс лонхтой шингэн худалж авч байснаа дараа нь гэнэтхэн ул мөргүй алга болжээ. Гейл гартаа шинэхэн олзтой баригдсан болохоор булзааруулж чадалгүй мухарджээ. Тред түүнийг талбай руу аваачаад гэмт хэргийн шийтгэл болгож олон нийтийн өмнө ташуураар залхаах шийдвэр гаргажээ. Намайг талбай дээр гүйн ирэхэд дөчин удаа ороолгоод байсан байна. Гуч дахь дээр нь Гейл ухаан алджээ. - Тэр ердөө ганц шувуутай байсан нь сайн хэрэг. Ердийнх шигээ цүнх дүүрэн олзтой байсан бол бүр ч муу юм тохиолдох байлаа гэж Бристл хэлэхэд, - Залуу цацагт хяруулыг Атирааны дотроос хараад хашаан доогуур шурган гарч саваагаар цохин алсан гэж хэлсэн. Энэ ч бас хууль бус хэрэг. Хэрвээ Тред Гейлийг ойд нумтай тэнэдэгийг мэдсэн бол газар дээр нь алах байлаа гэж Тон дэмжлээ.
- Дариус яасан юм бол? гэж Пит асуулаа. - Тэр хорь дахь цохилтон дээр урагш гараад болих хэрэгтэй гэж хэлсэн. Түүнийгээ Пурния шиг албан ёсоор илэрхийлээгүй л дээ. Тредийн гарнаас зуурахад цаадах нь ташуурынхаа бөгсөөр дух руу нь дэлсчихсэн. Лавтай сайн юманд өртөөгүй байх гэж Бристл хэлэхэд,
- Бидний хэнд ч сайн юм болохгүй юм шиг дуулдаж байна гэж Хеймитч дуугарлаа. Нойтон цас лавсан орж эргэн тойрныг харахад бэрхтэй болов. Би чимээгээр баримжаалан гэр лүүгээ явлаа. Хаалга нээгдэхэд хунгар цасан дээр гэрлийн алтлаг туяа тусав. Үүдэн дээр ээж зогсож байлаа. Тэр намайг өдөржингөө хүлээсэн болохоор болсон явдлын талаар юу ч мэдээгүй байв.
- Шинэ журам сахиулагч гэж Хеймитч хэлэхэд өөр тайлбарын хэрэг ч байсангүй. Ээж толлгой дохисноо нүдэн дээр аалз ч алж чаддаггүй эмэгтэйгээс аймшиггүй хүн болж хувирав. Гэрт үхэж байгаа юмуу хүнд өвчтэй хүн авчрах үед би үргэлж түүний ийм болохыг бахддаг билээ.... Хормын дараа гал зуухын урт ширээг цэвэрлэж ариутгасан цагаан даавуугаар бүтээгээд Гейлийг хэвтүүлэв. Ээж данхаар түмпэнд ус дүүргэж Примийг өрөө рүүгээ хатаасан эмийн ургамал, лонхтой ханданд явуулав. Түүний урт нарийхан хуруу халуун усанд атга эмийн ургамал хийгээд алчуур булхан норгож Примд ахин ус буцалгах заавар өгөв. Ээж над руу харав.
- Нүд чинь харахгүй байгаа юм уу?
- Үгүй, хавдчихсан. - Цасаар жин тавь гээд одоо Гейлийг анхаарах нь илүү чухал байлаа.
- Та түүнийг аварч чадах уу?
Ээж хариулсангүй алчуураа базаж мушгиад дэлгэхэд агаарт эмийн үнэр ханхийв. - Санаа зовох хэрэггүй дээ. Крейг ирэхээс өмнө олон хүнийг ташуурдаж шийтгэдэг байсан юм. Тэр ганцаараа тэднийг эмчилдэг хүн байлаа гэж Хеймитч хэллээ.
Би Крейг ирэхээс өмнө журам сахиулагчид ташуур хэрэглэдэг байсаныг санасангүй. Тэгээд ч ээж миний насан дээр эцэг эхтэйгээ хамт амьдран эмийн санд ажилладаг байсан. Магадгүй тэр үеэс л анагаагчын гартай байсан байх.
Түүнийг болгоомжтойгоор Гейлийн зэрэмдэглэгдсэн нурууны шархыг цэвэрлэж эхлэхэд би дотор эвгүйрхэн яаж ч чадахгүй зогсоод бээлийнээс цас хайлан шалан дээр дуслав. Пит намайг сандал дээр суулгаад хацар дээр цастай алчуур тавилаа. Хеймитч Бристл, Тон хоёрыг гаргаж өгөхдөө гар дээр нь зоос тавьж,
- Хамтрагчид чинь юу тохиолдохыг мэдэхгүй байна гэвэл уурхайчид толгой дохиод мөнгийг авлаа.
Улайж амьсгаадсан Хейзел битүү цас болсон үстэй орж ирээд нэг ч үг хэлэлгүй ширээний дэргэд сандал авч суун Гейлийн гарыг үнсэв. Ээж түүнд анхаарал хандуулсангүй. Тэр Примийн хамт онцгой нөхцөлд өвчтөнтэйгээ тусгаарлагджээ. Бусад нь хүлээхээс өөр зам үлдсэнгүй.
Ээжийн чадварлаг гар шархыг удаан цэвэрлэж, хатуу суранд хэгзэрсэн арьсыг засч тэнийлгээд хөнгөн боолт хийв. Одоо цус үгүй болсон болохоор ташуурын мөрийг тодхон харж болохоор байлаа. Би бодолдоо ороолгуулсан мөрийг дөч хүртэл тоолоод Гейлийг аль болох удаан ухаан орохгүй байгаасай гэж найдсан ч бүтсэнгүй. Эцсийн боолтыг хиймэгц Гейлийн уруулаас ёолох дуу гарав. Хейлзел хүүгийнхээ толгойг илэн юм шивнэхэд ээж, Прим хоёр өвчин намдаагчын зүдэгхэн нөөцөө гаргаж ирэв. Эм олдоход ховор үнэтэй тул ээж түүнийг хамгийн хүнд өвчин шаналалд хэрэглэдэг байв. Гэхдээ энэ хүнд тохиолдол гэж үү? Миний хувьд өвдөлт үргэлж өвдөлтөөрөө байдаг. Хүмүүсийг зовж шаналахыг харж чадахгүй учир бүх нөөцийг өдөртөө дуусгах байсан байх. Гэвч ээж түүнийг ихэвчилэн үхэж буй хүн ертөнцийг зовиургүй орхиход зориулан хадгалдаг.
Гейлийг ухаан орохтой зэрэгцэн өвсний ханд уулгахад, - Энэ чинь бага байна гэж би эсэргүүцэв.
Ээж, Прим хоёр гайхширан харлаа.
- Энэ чинь бага байна. Би түүний ямар их өвдөж байгааг мэдэж байна. Харин таны эм чинь толгойны өвчинг намдааж хүрэх байх.
- Китнисс ханданд үрэвсэлийг зогсоохын тулд тайвшируулагч нэмсэн болохоор сайн үйлчилнэ гэж ээж хэлэв.
- Чи түүнд жирийн эмээ өгсөн байна! Сайныгаа өгөөч! Түүний өвдөх эсэхийг шийддэг чи хэн юм бэ! гэж би хашгирав. Гейл миний хоолойг сонсоод болиулахаар гараа хөдөлгөсөн ч боолтноос нь шинэхэн цус нэвчиж уруулаас нь ёолох дуу гарлаа.
- Түүнийг гарга гэж ээж тушаав.
Хеймитч, Пит хоёр намайг өрөөнөөс чирэн гаргахад би ичгүүргүйгээр түүнийг хараан хашгирлаа. Зөвхөн тэднийг унтлагын өрөөний орон дээр тавьсан хойно тэмцэхээ болив.
Би аниастай нүдний завсраар нулимс гоожуулан хэвтэх зуур Пит хэрхэн нам дуугаар Хеймитчэд ерөнхийлөгч Сноугын тухай болон, наймдугаар бүсэд бослого гарсан тухай шивнэн ярихыг сонслоо. Тэр эцэст нь,
- Тэр хамтдаа зугтахыг санал болгосон гэв.
Хэсэг хугацааны дараа ээж ирээд миний нүүрийг үзэв. Дараа нь гар илээд Гейл яасан талаарх Хеймитчийн яриаг сонслоо.
- Тэгэхээр ахиад эхэлсэн хэрэг үү? Өмнөх шигээ? - Тэгсэн бололтой. Хөгшин Крейг хэзээ нэгэн цагт сайн үгээр дурсана гэж хэн бодох билээ? хэмээн Хеймитч толгой дохив.
Өмнөх ерөнхий журам сахиулагчыг дүрэмт хувцасных нь төлөө биш харин залуу охидыг мөнгөөр татан оронд оруулдаг явдалд бүгд үзэн яддаг байсан юм. Өлсгөлөн хүүхнүүд түүний хаалган дээр шөнө цуглан гэр бүлээ тэжээх хэдхэн зоос идэх юмны төлөө биеэ худалдахаар өрсөлддөг байсан нь хамгийн муу цаг байлаа. Эцэг минь нас барахад би тэдний дунд орж болох байсан ч үүнийхээ оронд агнаж сурсан билээ.
Би ээжийн <<ахиад эхэллээ>> гэснээрээ юу хэлэх гэснийг ойлгосонгүй ч эргэж асуухад хэтэрхий ууртай байлаа. Тэгтэл муу цаг ирснийг батлах мэт хаалганы хонх дуугарсанд огло харайн босов. Ийм шөнийн цагаар өөр хэн ирэх билээ. Журам сахиулагч л байж таарна. - Гейлийг тэдэнд өгөхгүй! гэж би дуу алдахад,
- Эсвэл чиний араас ирсэн байж болох юм гэж Хеймитч эсэргүүцлээ.
- Магадгүй чиний араас ч юмуу гэж би сөргөв. - Миний гэр биш шүү дээ. Гэсэн ч хаалга тайлахаас.
- Үгүй би өөрөө гэж ээж аяархан хэлэв.
Бид бүгдээрээ түүнийг даган үүдний өрөөнд ороход хонхны жингэнэх дуу намдсангүй. Үүд нээгдэхэд босгон дээр бүлэг журам сахиулагчдын оронд ганцхан цасанд хучигдсан дүрс зогсож байв. Маж. Тэр над руу жижигхэн норсон хайрцагтай зүйл сунгаад,
- Найзад чинь өгч байгаа юм гэж тайлбарлав. Би хайрцагны тагыг онгойлгоход дотор нь тунгалаг шингэнтэй зургаан хуруу шил байлаа.
- Ээжийнх байгаа юм. Тэр намайг өгөхийг зөвшөөрсөн. Гуйж байна түүнийг хэрэглээрэй гээд Маж биднийг сэхээ орохын завдалгүй алга болов.
- Ухаан солиормоор юм гэж Хеймитч гал зууханд эргэж орохдоо бувтналаа.
Гейлийн тухайд миний хэлсэн үг зөв байлаа. Тэр өвчиндөө шаналан шүдээ зуугаад арьсан дээр нь хөлсний дуслууд тодорчээ. Ээж тариура шилтэй шингэнээс соруулаад гар луу нь тарихад Гейл мэдэгдэм илт тайвширав. - Юу гээч эм бэ? хэмээн Пит сониучирхав.
- Капитолын өвчин намдаах эм. Морфлин гэдэг юм.
- Мажыг Гейлийг таньдаг гэж бодсонгүй шүү.
- Бид түүнд гүзээлзгэнэ худалддаг байсан юм гээд гэнэтхэн миний уур хүрлээ. Хачирхалтай нь яагаад юм бол? Түүнийг эм авчирсанд биш гэдэг нь тодорхой.
- Жимсэнд дуртай хүн байх нь гэж Хеймитч чанга хэлэв. Энэ нь миний уурыг улам хүргэв. Маж Гейл хоёрын дунд гарцаагүй ямар нэг зүйл байна даа. Тэнэг хов жив.
- Тэр миний найз байгаа юм.
Одоо Гейлийн өвчин намдсан болохоор бүгд тайвширчээ. Прим бидэнд жигнэсэн мах, талхтай өгөв. Хейзелийг үлдэж болно гэсэн ч гэрт нь хүүхдүүд хүлээж байлаа. Хеймитч, Пит хоёр манайд баяртайгаар хоноглох байсан ч ээж гэр лүү нь явуулав. Харин намайг хөөгөөд нэмэргүйг мэдэж байсан учир өвчтөнг харан үлдээгээд Примийг амрахаар явуулав.
Ингээд бид хоёул үлдэхэд би Хейзелийн сууж байсан сандал дээр гараас нь барин суулаа. Би нүүрэнд нь хуруугаараа болгоомжтой хүрэв. Биений энэ хэсэгт өмнө нь хүрч байсангүй. Өтгөн хар хөмсөг, хацар дээрх хонхорхой, шулуун хамар гээд л. Эрүүн дээгүүр нь гүйлгэн зөөлөн үл мэдэг хагарсан уруулд нь хүргэхэд халуун амьсгал урдаас төөнөв.
Сонирхолтой нь бүх хүмүүс унтаж байхдаа залуу харагддаг юм болов уу? Миний урд олон жилийн өмнө ойд урхиар агнасан олзыг нь хулгайлах гэж байна хэмээн буруутгаж байсан хүү байна. Хачирхалтай нь бид хоёул эцэггүй, айсан ч гэр бүлийнхнээ өлсөж үхүүлэхгүйн тулд хатуу шийдсэн байлаа. Цөхрөл биднийг бие биеэ олоход хүргэсэн. Түүнчлэн нэг удаа залхуу хүрэм үд дунд загасчилж байгаад би түүнд сэлэхийг заах үедээ хөлөө гэмтээхэд Гейл гар дээрээ өргөн аваачсан билээ. Бид хоёр биендээ итгэж найдвартай түшиж болохыг мэддэг байв.
Толгойд анх удаагаа ургацын үеэр болсон явдал эсрэгээрээ төсөөлөн бодогдов. Гейл ургацын үеэр Рориг аврахын тулд сайн дураар гарч, ямар нэг харь охинтой хайр сэтгэлтэй болон хамт буцан ирээд, хөрш зэргэлдээ амьдарч гэрлэхээр амалсан дүр зураг төсөөлөгдөв. Дотор үл таних охиныг үзэн ядах сэтгэл оволзоход амьсгаа давхцав. Гейл минийх харин би түүнийх. Өөрөөр байх боломжгүй. Яагаад би түүнийг үхлийн дээсэн дөрөөн дээр очсон хойно үүнийг ойлгох ёстой гэж?
Яагаад гэвэл би хувиа бодсон амьтан. Хулчгар. Хүмүүст ашигтай зүйл хийхийн оронд зугтаж хар амиа аврахыг хичээж байна. Өнөөдөр Гейл ойд ийм л охинтой уулзсан. Үхлийн тоглоомд ялсанд гайхаад байх ч хэрэг байхгүй. Хэвийн хүмүүс үүнийг хүртдэггүй юм.
Чи Питийг аварсан биз дээ гэж дотор эсэргүүцлийн хоолой сонсогдов.
Гэвч би үүний хариултыг мэдэж байлаа. Би түүнгүйгээр арван хоёрдугаар бүсэд ирсэн бол хэзээ ч амьдралдаа эргэн орж чадахгүй байсан юм. Өөрийгөө жигших сэтгэл төрөхөд духаа ширээний ирмэгт наав. Бүсэд үхсэн бол дээр байсан юм. Ерөнхийлөгч Сноугын хэлсэнчлэн Сенек Крей жимсийг минь хараад хэдэн хэсэг болгон дэлбэлвэл дээр байсан юм.
Тиймээ, жимс... тэгтэл атга дүүрэн хортой жимс гаргаж ирсний учир нь гэвэл. Хэрвээ Питийг зөвхөн айдсаасаа болж аврахыг оролдсон гэвэл би жигшүүртэй амьтан. Харин хайраасаа болсон гэвэл мөн л амиа бодсон явдал хэдий ч өршөөж болох талтай. Гэвч жимсийг Капитолын эсрэг босохын тулд гаргаж ирсэн гэвэл үүнийгөө төлөх болно. Гай нь тэр агшинд миний дотор яг ямар сэтгэгдэл төрснийг мэдэх аргагүй болжээ.
Бүсийн хүмүүс бослого гаргах нь зөв байж болох уу? Бослогыг би өөрийн мэдэлгүй өдөөн турхирсан байж болох уу? Сэтгэлийн гүнд минь өөрийгөө болон ойр дотныхноо аврахаар зугтаалгах нь хангалтгүй гэдэг нь тодорхой байлаа. Үүнийг хийлээ гээд юуг ч өөрчлөгдөхгүй. Хүмүүсийг урьдын адил талбай дээр Гейл шиг шийтгэж байх болно.
Арван хоёрдугаар бүсийн амьдрал бүсэд байхаас ялгагдах юм алга. Үхэлтэй нүүр тулгарахыг хүсвэл зугтахаа зогсож эргэж харах хэрэгтэй. Хулчгар хүний хувьд хэцүү ч Гейлийн хувьд бол өөр хэрэг. Тэр төрөлхийн босогч билээ. Би жигшүүртэй зугталтын тухай ахин төлөвлөв. - Намайг уучлаарай гээд би бөхийн Гейлийг үнсэхэд сормуус нь чичигнэснээ нүдээ нээв.
- Сайн ууу, Китнип.
- Сайн. - Чамайг явчихсан байх гэж бодож байлаа.
Миний сонголт энгийн байлаа. Ойн гүнд үргээгдсэн амьтан шиг үрэгдэх юмуу эсвэл Гейлийн дэргэд үхэх.
- Би хаашаа ч зугтахгүй. Биднийг юу ч хүлээж байлаа гэсэн энд үлдэх болно. - Би ч гэсэн.
Гейл хүчлэн инээмсэглээд эмийн үйлчилгээнд зүүрмэглэв. 9
Хэн нэгэн мөрнөөс сэгсрэхэд би сэрж өндийлөө. Ширээн дээр суусан хэвээрээ унтаад эрүүл хацар дээр бүтээлгийн ором үлджээ. Тредийн ороолгосон газар чимчигнэн өвдөнө. Гейл гараас бариад үхсэн юм шиг нам унтаж байлаа.
Би шинэхэн талхны үнэр аваад эргэж харвал Пит шаналангуй зогсож байв. Тэр биднийг хэсэг хугацаанд харж зогссон бололтой.
- Китнисс, явж орондоо ор. Би түүнийг харж байя. - Пит бидний өчигдөрийн ярианы хувьд гэвэл...
- Тайлбарлах зүйл юу ч байхгүй гэдгийг нь мэдэж байна.
Өглөөний бүүдгэр туяанд ширээн дээр бүтэн талх харагдав. Питийн нүдэн дор хөхөрснөөс үзвэл амарч чадаагүй бололтой. Өчигдөр энэ хүн юу ч бодолгүй надтай зугтахыг зөвшөөрч, Гейлийг хамгаалахаар дэргэд зогсон ямар ч хувь заяаг минь хуваалцахад бэлэн байлаа. Би юу ч хийсэн байлаа гэсэн хэн нэгэнд үргэлж хэцүү байх юм даа.
- Пит...
- Орондоо ор, за юу?
Би шатаар өгсөн хөнжилдөө орж тэр даруй унтлаа. Хэсэг зуур наймдугаар бүсийн охин Лишийг зүүдлэв. Тэр миний араас хөөн газар даран унагаад хутгаараа хацар гүн зүсэхэд том ангайлаа. Тэгснээ Лишийн нүүрэнд хоншоор урган сунаад, бие нь хар үсээр хучигдан, гарт нь урт махир хумс ургаж зөвхөн нүд нь байгаагаараа үлдлээ. Тэрбээр бүсийн сүүлчийн шөнө Пит бид хоёр луу дайрсан Капитолийн мутант хэмээх чонотой төстэй амьтан болон хувирчээ. Лиш толгойгоо дээш өргөөд уртаар аймшигтай улихад бусад сүрэг нь дэмжив. Дараа нь миний шархны цусыг долоож эхлэхэд хүрэх болгондоо тэсэхийн аргагүй өвтгөж байлаа. Би хүчлэн хашгираад хүйтэн хөлс асгаран сэрлээ. Алгаа хацартаа нааж үзээд Тред гэмтээсэн болохыг санав. Хэрвээ Пит дэргэд байсан бол ч... Хүлээгээрэй би түүнээс ийм юм хүсэх эрхгүй. Одоо би Гейлийг болон хувьсгалыг сонгосон. Питийн дэргэдэх амьдрал бол миний хувь заяа биш Капитолийн хүсэл. Зүүн нүдний хавдар яльгүй намдан онгойжээ. Цонхны хөшиг нээж үзэхэд гадаа хүчтэй цасан шуурга шуурч байлаа. Эргэн тойрон юу ч харахын аргагүй цасан ширхэг бужигнан хийсэж салхи мутантын хоолойтой адил улин исгэрнэ.
Би цасан шуурга болон хүчтэй салхи дэгдсэн явдалд баярлав. Энэ нь манай хаалгаар жинхэнэ чоно болох журам сахиулагч орохыг саатуулж болох юм. Бидэнд бодох хэдэн өдөр үлджээ. Төлөвлөгөө зохиох хэрэгтэй. Тэгээд ч Гейл, Пит, Хеймитч нар дэргэд байгаа болохоор цасан шуурга гэнэтийн бэлэг болжээ. Би доошоо буухаас урьтаж болсон явдлын тухай бодлоо. Ердөө ганцхан өдрийн өмнө хайртай хүмүүстэйгээ дүн өвлийн хүйтэнд ойд нуугдан мөнхөд мөшгөн хөөлтөөс зугтахад бэлэн байсан. Тогтворгүй эргэлзээтэй хэрэг. Гэвч одоо үүнээс ч илүү эрсдэлтэй зүйл хийн Капитолыг хариу арга хэмжээ авахаас өмнө бослого дэгдээх хэрэгтэй байв. Намайг дурын агшинд баривчилж болох юм. Өнгөрсөн шөнийх шиг бүлэг журам сахиулагчид ирээд хаалга цохин авч явна. Дараа нь тамлах юм уу мутант болгоно. Эсвэл талбай дээр олон нийтийн өмнө тархинд сум зоовол хамаагүй дээр зовохгүй үхэх болно. Капитолд хүмүүсийг алах тоо тоомшгүй арга бий. Энэ тухай бодохоос дотор хүйт даалаа. Гэсэн ч би үхлийн өөдөөс анх удаагаа нүүр тулж байгаа хэрэг биш юм. Би Үхлийн тоглоомын оролцогч байж, ерөнхийлөгчийн заналхийлэлийг сонсон, нүүрэндээ ташуураар оруулгуулж байсан. Намайг эртнээс бай болгожээ.
Цаашид хамгийн хүнд зүйл эхлэнэ. Цаг нь ирэхэд миний хувь заяаг найз нөхөд, гэр бүлийхэн минь хуваалцаж болох юм. Прим. Шийдсэн зүйлдээ тээнэглзвэл түүний тухай бодох хэрэгтэй. Миний үүрэг бол дүүгээ хамгаалах явдал! Хөнжлөө толгой дээгүүрээ нөмөртөл уурандаа амьсгаа давхцав. Би Капитолд Примийг зовоохыг зөвшөөрөхгүй.
Тэгтэл дотор палхийлээ. Тэд хэдийн Примийг зовоож эцгийг нь хараал идсэн уурхайд дэлбэлж алсан билээ. Тэд л түүнийг өлбөрч үхэхийн ирмэгт хүргэж, тоглогчоор сонгон эгчийгээ бүсэд амьдрал үхлийн төлөө тэмцэхийг харуулж байсан. Тэр намайг арван хоёртой байх үеийнхээс илүү зовж шаналсан. Гэхдээ түүний зовлон шаналал Рутын хувь заяатай харьцуулахын аргагүй юм. Би хөнжлөө хуу татаад цонхны завсар сийгэх хүйтэн агаарыг амьсгалав.
Прим... Рут... Тэд миний тэмцлийн жинхэнэ шалтгаан гэж үү? Тэдэнд шударга бус явдал тохиолдсон болохоор надад өөр сонголт үлдээгүй хэрэг үү? Тийм. Айдаст автах мөчдөө үүнийг санах хэрэгтэй юм байна. Ийм л учраас би үүнийг хийж тэсэж тэвчих хэрэгтэй байлаа. Рутэд туслахад хожимдсон ч арван нэгдүгээр бүсийн талбайд урдаас ширтэж байсан таван жижигхэн царайд туслахад хожимдоогүй байгаа. Рори, Вик, Рози нарт болон Примд туслахад хожимдоогүй.
Гейлийн зөв. Хүмүүст хангалттай зориг байгаа нь бидний боломж. Намайг эхлэлийг нь тавьсан болохоор олон зүйлийг хийж чадна гэдэг нь ч зөв. Хэдийгээр юу хийхээ төсөөлөөгүй ч гэсэн зугтах төлөвлөгөөнөөс татгалзах нь эхний чухал алхам болжээ.
Өнөө өглөө би удаан хугацааны туршид анх удаагаа ойд авч явах шаардлагатай зүйлсийн жагсаалт гаргалгүй наймдугаар бүсэд бослого яаж дэгдсэн тухай бодохыг хичээв. Олон хүмүүс нэгэн зэрэг Капитолыг эсэргүүцэн боссон. Тэд өөр хооронд тохиролцсон байв уу эсвэл энэ бүх жилүүдэд хуримтлагдсан үзэн ядалт, уур хилэн дэлбэрсэн хэрэг үү? Үүнийг бид энд яаж зохион байгуулах вэ?
Арван хоёрдугаар бүсийн хүмүүс тэмцэлд нэгдэн орох болов уу эсвэл хаалгаа урдаас хаах юм уу? Өчигдөр Гейлийг ташуурдсаны дараа талбай агшин зуур хоосорсон. Энэ нь бид хүч чадалгүйдээ биш харин юу хийхээ мэдэхгүйд байсан бол яах вэ? Өөр хэн нэгэн хүн чиглүүлэн зааж өгөх хэрэгтэйгээс бус би биш. Би зөвхөн бүсийн бослогыг өдөөн хатгаж чадах ч удирдагч бусдыгаа итгүүлэн дагуулах хэрэгтэй. Хэн нэгэн хатан зоригтой, ухаалаг, үг хэлэх чадвартай хүн болохоос над шиг хүн биш.
Үг. Энэ тухай бодол намайг Пит рүү хөтлөв. Хүмүүс түүний яриаг хэрхэн хүлээж авч байсан билээ. Тэр эргэлзээгүй олныг татаж чадна. Юу хэлэхээ ч мэднэ. Харамсалтай нь энэ санаа түүний толгойд ороогүй нь лавтай.
Намайг доошоо буух үед ээж, Прим хоёр Гейлийг асарч байв. Түүний царайнаас харахад эмний үйлчилгээ дуусчээ. Би эсэргүүцэн тэмцэх гэснээ больж тайван дуугаар,
- Түүнд ахиад өвчин намдаах эм тарихгүй юм уу? гэлээ.
- Шаардлагатай бол тарих л болно. Гэхдээ эхлээд цасаар жин тавих гэж байна гээд боолтыг тайлахад гэмтсэн нуруунаас нь уур савсав. Тэр нуруун дээр цэвэрхэн даавуу тавьсанаа Прим рүү толгой дохив. Дүү минь том савтай цас авчирлаа. Цас цайвар ногоон өнгө орж цэвэр агаар сэнгэнэнэ. Прим болгоомжтойгоор цасыг даавуун дээр тавьж эхлэхэд улайсан нуруунд хүрээд шажигнах шиг санагдав. Гейл гайхан нүдээ том нээснээ санаа амран дуу алдав.
- Аз болж цас байсан нь сайн хэрэг гэж ээж хэлэхэд би зуны дунд сард байсан бол гоожуурын бүлээн усаар жин тавих байж дээ гэж бодов.
- Хэрвээ дулаахан байсан бол та яах вэ?
Ээжийн хоёр хөмсөгний хооронд үрчлээ үүссэнээ, - Ялаа ойртуулахгүйг л хичээнэ дээ гэхэд дотор эвгүй болов.
Тэр надад шинэхэн цастай алчуур өгөхөд хацартаа наасанд өвчин дорхноо намжив. Энэ нь хүйтэн цаснаас болсон хэрэг биш мэдээ алдуулдаг ургамлын шүүс хольсноос болжээ. - Хөөх... гайхалтай. Та яагаад өчигдөр орой жин тавиагүй юм бэ? - Шархыг эврэхийг хүлээх хэрэгтэй байсан юм.
Би түүний юу хэлснийг ойлгоогүй ч үйлчилж л байвал ямар ялгаа байх вэ? Ээж юу хийх ёстойгоо сайн мэднэ. Тэгтэл өчигдөр орой Пит, Хеймитч хоёрт чирэгдэн гарахдаа хашгирсан аймшигт үгс намайг зовоож эхлэв.
- Өчигдөр тань руу хашгирсанд уучлаарай.
- Үүнээс ч дор байж болох байсан. Хүмүүс хайртай хүмүүс нь зовоход үргэлж биеэ тааруу авч явдаг юм.
<<Хэнд хайртай гэж>> хэмээн би дуу алдах гэсэн ч цастай жинд хэл мэдээ алджээ. Мэдээж би Гейлд хайртай. Гэхдээ ямар төрлийн хайр вэ? Энэ үгээрээ юу хэлэх гэсэн юм бол? Мэдэхгүй юм. Өчигдөр үдэш би түүнийг сэтгэлийн хөөрлөөр үнссэнийг Гейл лав санахгүй байгаа байх. Эсвэл... үгүй юм болов уу? Тийм гэж найдахаас. Хэрвээ санаж байгаа бол энэ нь байдлыг хүндрүүлэхээс цаашгүй. Одоо бослого дэгдээх тухай бодохоос биш үнсэлтийн талаар бодох цаг биш. Би бодлоо цэгцлэхийн тулд толгойгоо сэгсэрээд,
- Пит хаана байна? гэж асуулаа. - Чамайг сэрэхийг чинь сонсоод гэр лүүгээ явсан. Ийм цаг агаартай үед гэрээ эзэнгүй орхихыг хүсэхгүй байна гэсэн шүү.
- Тэр сайн харьсан болов уу?
Нүдгүй цасан шуурганд хэн ч төөрч болно шүү дээ. - Утасдаад асуугаад үзэхгүй юу.
Би ерөнхийлөгчийн ирснээс хойш ховорхон орсон зочны өрөө зүглэн утасны дугаарыг хийв. Пит хоёр дуудуулсаны дараа утсаа авлаа. - Сайн уу. Чамайг гэртээ сайн явж хүрсэн эсэхийг мэдэх гэсэн юм.
- Китнисс манай гэр танайхаас ердөө гурван алхамын зайтай шүү дээ.
- Мэднэ л дээ. Гэхдээ гадаа цасан шуургатай байгаа биз дээ.. - За яахав би сайн байна. Утасдсанд чинь баярлалаа гээд удтал чимээгүй байснаа, - Гейл хэр байна даа? гэлээ.
- Хамаагүй дээрдсэн. Ээж, Прим хоёр цастай жин тавьсан.
- Харин чиний царай зүгээр үү? - Минийх дээр ч гэсэн тавьсан. Өнөөдөр Хеймитчийг харав уу?
- Намайг гэр лүү нь ороход согтуу унтаж байсан. Би зуухыг нь галлаад шинэхэн талх орхисон.
- Надад та хоёртой ярилцах зүйл байна гээд би цааш өөр зүйл хэлж чадсангүй. Шугамыг гарцаагүй сонсож байгаа нь лавтай. - Тэгвэл шуурга намдахыг хүлээсэн нь дээр байх. Тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй.
- Тиймээ юу ч өөрчлөгдөхгүй гэж би зөвшөөрөв.
Хоёр өдрийн дараа шуурга намдахад цас толгойтой чацуу хунгарлажээ. Маргааш өдөр нь Ялагчын тосгоноос талбай хүртэл замыг цэвэрлэв. Би энэ зуур ээжид Гейлийг асрахад тусалж, хацар дээрээ хүйтэн цасаар жин тавин, бидэнд тус болох наймдугаар бүсэд бослого гарсантай холбоотой бүх зүйлийг санахыг хичээж байлаа. Хавдар намдахад сорви загатнан эдгэж, зүүн нүдийг тойроод хөхөрсөн толбо үүссэн ч би анхны боломжыг ашиглан Питийг хот руу хамт явъя гэж дуудлаа. Хеймитчийг дундаа чирэн дагуулав. Тэр үглэж цахлан эсэргүүцсэн ч төдхөн тайвширлаа. Бид бүгдээрээ яриа хийхэд тохиромжтой газар бол Ялагчын тосгоноос гарах явдал гэдгийг мэдэж байсан тул тосгоноос гарах хүртэл хэн ч ам нээсэнгүй. Би зам цэвэрлэн гаргасан арван футын өндөр хунгарласан ханыг хараад дээрээс нурах болов уу гэж айлаа.
Тэгтэл нам гүмийг Хеймитч эвдэн, - Тэгэхээр бид үл мэдэгдэх газар луу зугтах хэрэгтэй болох нь уу? гэв.
- Үгүй. Хэрэггүй болсон.
- Төлөвлөгөөнд чинь өө гараа юу, хонгор минь? Эсвэл шинэ төлөвлөгөө зохиогоо юу? - Бослого гаргах хэрэгтэй байна гэхэд тэр хөхөрлөө. Тэр миний үгийг чухлаар хүлээж авсангүй тул энэ нь инээдээсээ илүү уур хүрэм байлаа.
- Харин би даруйхан уух хэрэгтэй байна. Дараа бүх зүйл хэр болсныг яриарай, за юу?
- Чи үүгээрээ юу хэлэх гэсэн юм? - Миний ажил бол чиний хуримыг хийхэд бүх зүйлийг төгс төгөлдөр байгаа эсэхийг хянах явдал. Би утасдаж гэрэл зураг авхуулах өдрийг чинь товлох ёстой.
- Чамд утас байхгүй гэж би сануулав. - Аз болоход Эффи засуулчихсан. Тэр намайг сүйт бүсгүй хүргэж өгөх эцэг болохоор санал болгосныг мэдэж байна уу. Би түүнд түргэн тусмаа сайн гэж хэлсэн.
- Хеймитч! гэж би гонгиноход,
- Китнисс! гэж тэр миний хоолойг даажигнаад, - Чи эсэргүүцээд юу ч бүтэхгүй гэв.
Бид чимээгүй болоод дэргэдүүрээ хэсэг хүрзтэй хүмүүсийг өнгөрүүлэв. Магадгүй тэд тосгоны эргэн тойрон дахь цасан ханыг цэвэрлэж байгаа юм болов уу. Бид урагш явснаа хөшсөн юм шиг зогслоо. <<Шуурганы үеэр юу ч болохгүй>> гэж Питийн хэлснийг би зөвшөөрч байсан билээ. Гэвч бидний зөв байсангүй. Талбай танихын аргагүй өөрчлөгджээ. Шүүхийн байшингийн дээвэр дээр Панемийн сүлд тэмдэг бүхий том далбаа өлгөсөн байв. Цалин цагаан хувцастай журам сахиулагчид бул чулуун зам дээгүүр жагсана.
Тэдний олонхи нь дээвэр дээр байрлуулсан пулемётны ард суужээ. Хамгийн сэтгэл түгшээсэн зүйл гэвэл талбайн голд хэсэг газрыг хашаалан хүн ташуурддаг багана болон дүүжлүүр угсран босгожээ.
- Тред ч түргэн ажиллаж байна шүү гэж Хеймитч хэлэв.
Хэдэн гудамжны дараа тэнгэрт дөл дүрэлзэв. Бид нэг ч үг солилцоогүй ч ойлгомжтой байлаа. Зээл шатаж байна... Нүдний өмнө Риппер, тослог Сей болон зээл түшин амьдардаг бусад хүмүүсийн царай харагдав. - Тэнд хэн ч байгаагүй гэж найдахаас... гээд би үгээ дуусгаж чадсангүй.
- Юу гэж дээ тэдэнд үүнээс зайлах ухаан хангалттай бий. За би явж эмийн санд спиртийн нөөц байна уу үзэхээс.
Зөвлөгч ганхсаар талбай дундуур явж одоход би гайхширан Пит руу эргээд, - Тэр эмийн сан руу орж яах гэсэн юм бол? гэснээ гэнэт ойлголоо. - Бид түүнд спирт уулгаж болохгүй. Хеймитч өөрийгөө алах юмуу хамгийн багадаа сохорч болох юм. Манай гэрт хэдэн лонх цагаан архи байгаа.
- Надад ч гэсэн бий. Түүнийг тэсч байх зуур Риппер ажилдаа орох аргаа олно гэж найдахаас. За би гэрийнхнээрээ орлоо.
- Харин би Хейзел рүү явлаа. Үнэнийг хэлэхэд би түгшиж байв. Түүнийг замын цас цэвэрлэгдмэгц ирнэ гэж бодож байсан ч үзэгдээгүй билээ.
- Тэгвэл хүргээд өгье. Гэрээрээ буцах замдаа орохоос.
- Баярлалаа гээд тэнд юу хүлээж байгааг бодохоос гэнэтхэн дотор эвгүй болов. Өдрийн энэ цагаар уурхайчид ажилдаа хүүхдүүд сургуульдаа явж байдаг ч гудамж хоосорчээ. Гэвч өнөөдөр хэн ч байсангүй. Хэдэн байшингийн дэргэдүүр өнгөрөхөд хаалганы завсраар хүн шагайх нь харагдав.
<<Бослого гаргана>> гэж бодож байдаг би ямар тэнэг юм бэ. Гейл бид хоёрын төлөвлөгөөнд дутагдал байсныг анзаарсангүй. Бослого гаргах нь хууль зөрчин эрх мэдлийн эсрэг босохыг шаардана. Бид үүнийг гэр бүлийнхэнтэйгээ бүхий л амьдралынхаа туршид хийж байсан. Хууль бусаар ан хийн зээл дээр худалдаж Капитолийг модон дунд шоолон инээж байв. Гэвч арван хоёрдугаар бүсийн ихэнхи хүмүүсийн хувьд зээл дээр худалдаа хийж байсан. Тэгэхэд бид энэ хүмүүсийг талбай дээр тоосго бамбартай гаргаж чадна гэж үү? Харин тэд Пит бид хоёрын барааг харав уу үгүй юу хүүхдээ цонхноос холдуулан хөшгөө хааж байлаа.
Хейзел гэртээ өвчтэй Позийг харж байв. Хүүд улаан бурханы шинж тэмдэг илэрчээ. - Би Гейлийг найдвартай гарт байгааг мэдэж байсан болохоор түүнийг орхиж чадсангүй гэж Хейзел хэллээ.
- Мэдээж шүү дээ түүний бие дээрдсэн. Ээж хэлэхдээ түүнийг хоёр долоо хоногийн дараа ажилдаа эргэн орж болно гэсэн.
- Яарах хэрэггүй дээ. Цуу яриагаар бол онцгой шийдвэр гарах хүртэл уурхайг хааж байгаа юм байх гээд тэр угаалгын хоосон онгоц руу түгшсэн харц шидэхэд би тодотгон,
- Чи бас ажиллахаа болио юу? гэв.
- Яг ч биш л дээ. Зарим хүмүүс надаар юм угаалгахаас айдаг болсон гэхэд, - Цаснаас болсон байх гэж Пит хэллээ.
- Үгүй дээ, Рори өглөө хөршүүдээрээ түргэхэн гүйлгэхэд угаалгах юм юу ч өгөөгүй.
Рори ээжийгээ тэврээд, - Бүх юм сайхан болно гэв.
Би халааснаасаа атга зоос гарган ирж ширээн дээр тавилаа.
- Ээжийг ирж Позийг үзэж өгөөч гэж хэлэхээс. Гудамжинд харсан хойно би Пит рүү эргээд,
- Чи буц. Би зээлээр шагайгаадхая гэв.
- Хамтдаа явъя гэж тэр эсэргүүцлээ. - Үгүй. Чамд учруулсан гай минь багадаад байна уу?
- Хэрвээ би энэ жижигхэн зугаалгыг алгасвал бүхнийг засна гэж бодож байна уу? гээд Пит инээмсэглэн миний гарыг авлаа.
Бид хамтдаа Атирааны гудамжаар явж шатаж буй байшинд хүрэхэд галыг хэн ч унтраахгүйг нь мэдэж байсан болохоор журам сахиулагчид хүн үлдээж төвөг удсангүй.
Халуун галд цас хайлж хөлийн дор хар шавар зунгааралдана.
- Өнгөрсөн жилийн нүүрсний тоос байх гэж би хэлэв. Шалны банз хотойж ангайн урьдынх шигээ гайхамшигтай газар байхаа больжээ.
- Тослог Сэйгийнхээр орох уу.
- Китнисс, өнөөдөр л биш шүү. Бидний айлчилал хэнд ч сайн юм болохгүй. Бид талбай руу буцлаа. Би талхчнаас бялуу худалдан авч Питийн эцэгтэй цаг агаарын тухай ярилцав. Хэн ч талбай дээр хэдхэн ярдын зайд байгаа аймшигт тамлах хэрэгслийн тухай ярилцсангүй. Явахдаа би журам сахиулагчдын дунд танил царай үзэгдэхгүй байгааг ажиглав.
Өдөр ирэх тусам байдал улам дордлоо. Уурхай хаагдаад хоёр долоо хоног өнгөрсөн учир арван хоёрдугаар бүсийн тэн хагас өлсгөлөнд автав. Тессерад нэрээ бичүүлэх хүүхдийн тоо өссөн авч хуваарьт будааг нь тэр бүр явуулахгүй байлаа. Хоол хүнс хомсдож мөнгөтэй худалдан авагчид ч мухлагаас хоосон гартай гарч байлаа. Эцэст нь уурхай нээгдсэн ч цалин хөлс багасаж ажлын цаг уртсан, уурхайчдыг хамгийн аюултай газар луу илгээх болжээ. Бүгд илгээмжийн өдрийг тэсэн ядан хүлээж байсан ч идэх юмны оронд муудсан мэрэгчийн мах илгээсэн байв. Талбай дээр суурилуулсан төхөөрөмжид бидний он удаан жилийн туршид хууль бус гэдгийг нь мартсан зүйлсийн төлөө хангалттай тооны хүн дүүжлэв. Гейл гэр лүүгээ буцсанаас хойш бид бослогын тухай ярилцсангүй. Гэвч эргэн тойрон болж буй зүйл тэмцэх шийдвэрийг нь улам батжуулж байх шиг санагдана. Уурхайд хүний бус зовоож, талбай дээр тамлан, гэрт нь гэр бүлийнх нь өлсгөлөн царай хүлээж байлаа. Рори ургацад нэрээ бичүүлсэн ч хоол хүнсний үнэ өдөр тутам нэмэгдэн гэр бүлээ тэжээж хүрэлцэхгүй байв. Цорын ганц баяртай явдал гэвэл би Хейзелийг гэрийн ажилд туслуулахаар авахад Хеймитчийг ятгаж чадсан бөгөөд түүний амьдрах нөхцөлд үлэмж сайжрил гарав. Гэрт нь ороход дасал болоогүй цэвэр цэмцгэр, зуухан дээр амтат хоол өрөөстэй байна. Гэвч Хеймитч энэ үед өөр тэмцэл үргэлжлүүлж байсан учир үүнийг ажиглаагүй ч байж болох юм. Пит бид хоёр өөрсдөдөө байсан архины нөөцөө төдхөн шавхаж дууссан бөгөөд Риппер ахин архи нэрсэнгүй.
Би гудамжаар явахдаа шоовдорлогдсон хүн адил боллоо. Хүн бүр надаас дөлж зугтаж байв. Гал зууханд өвдөж шаналсан хүмүүс дүүрэн байхаа больж ээж эртнээс мөнгө тараахаа больжээ. Удалгүй түүний эмийн нөөц дуусаж цасаар эмчлэхээс өөр аргагүй болов.
Ой руу явах хориотой байдаг. Энэ тухай ярихын ч хэрэггүй. Гейл ч бас тийшээ зүглэж болохгүй. Гэхдээ ганц өглөө бол... Би дүрмийг эвдлээ. Гэр дүүрэн өвчтэй үхэж байгаа болон нуруундаа ташуурдуулсан хүмүүс, эцэнхий царайтай хүүхэд ирэхээ больж хаа сайгүй автсан зовлон шаналал намайг хашаан доогуур шургахад хүргэсэнгүй. Энэ нь Эффигийн ерөнхийлөгч Сноу дэмжиж буй гэсэн зурвастай ирүүлсэн цаасан хайрцагтай хуримын даашинзнаас болсон юм.
Хурим. Тэр үнэхээр үүнийг төлөвлөж байна гэж үү? Энэ нь юунд хүрнэ гэж бодсон хэрэг вэ? Эсвэл Капитолд тустай юм болов уу? Хурим хийхээр амлаад дараа нь бүсүүдэд сургамж болгон биднийг алах хэрэг үү? Мэдэхгүй юм даа. Би шөнөжин орондоо хөрвөөгөөд эцэст нь тэссэнгүй гарлаа. Эндээс хоёр цаг ч атугай холдох хэрэгтэй.
Хувцасны шүүгээгээ онгойлгоод Циннагын Ялагчын аялалын үеэр бэлэглэсэн зүйл болох усны гутал, өлмийнөөсөө толгой хүртлээ угладаг зузаан хүрмийг өмсөж дулаан бээлий өмслөө. Хуучин ангийн хувцас минь таалагддаг хэдий ч өнөөдрийн аялалын хувьд орчин үеийн хувцасгүй бол бүтэхгүй. Би өлмий дээрээ шатны уруу буугаад ангийн цүнхээ идэх юмаар дүүргэж байшингаас сэмхэн гарлаа. Арын хашааны Рубын махны мухлагын ойролцоо нүхээр гарав. Уурхайчид ээлжээ солилцохоор явахдаа миний гутлын мөрийг дарах болно. Тред хамгаалалтыг нэмэгдүүлэн хүчирхэгжүүлсэн ч хашааны тухай мартжээ. Магадгүй үүнээс дүн өвлийн хүйтэн болон зэрлэг амьтад хамгаална гэж бодсон бололтой. Ямар ч атугай хашааны доогуур шургалан гараад ой руу орлоо. Үүр дөнгөрч гэгээрч байсан тул би нум сумаа тавьсан газраас нь аваад цасан хунгар дундуур зүтгэлж эхлэв. Яагаад ч юм нуур луу явсан юм. Ахин ийшээ эргэн ирэхгүй болсон учир хуучны сайхан дурсамжтайгаа салах ёс гүйцэтгэх гэсэн юм уу өөрөөр чөлөөтэй амьсгаа авах гэсэн байж болох юм. Энд л ахин ирж байвал баригдсан ч хамаагүй байлаа.
Аялал ердийнхөөсөө хоёр дахин удаан үргэлжлэв. Циннагын хувцас биеийн дулааныг гайхалтай хадгалж байсан болохоор нүүр салхинд бээрч байвч дотор хөлс цутган халууцана. Өвлийн нарны туяа цасан дээгүүр тусан гунигт бодолд автан зүдэрсэн хэдий ч аюул ослын шинж тэмдэг мэдрэв. Байшингийн яндангаас нарийхан утаа суунаглан, шинэхэн цасан дээр хөлийн мөр гарч нарсны чанасан шилмүүсний үнэр агаарт ханхлана. Би цементэн байшингаас хэдхэн алхамын зайд зогсоход ард зэвсэг шархийлээ.
Зөнгөөрөө огцом эргээд нумны хөвчөө татсан ч аз таарсангүй журам сахиулагчын цагаан дүрэмт хувцас, шовх эрүү, цайвар хүрэн өнгийн нүд харагдав. Тэр гар буугаа цасан дээр унагаад зэвсэггүй болсон гартаа ямар нэг зүйл үзүүлэн,
- Битгий харваарай! гэж хашгирлаа.
Би юу болсныг ойлголгүй тээнэгэлзлээ. Магадгүй тэдэнд намайг тамлахын тулд амьдаар нь барихыг тушаасан байж болох юм. Хуруугаараа нумны хөвчийг султгангаа үл таних хүний бээлийтэй гарт байсан зүйлийг харж амжлаа. Энэ нь жижигхэн цагаан дугуй талх байв. Жигнэмэг ч юмуу. Саарал бөгөөд захаасаа норжээ. Дунд нь тодхон зураг үзэгдэв. ХОЁРДУГААР ХЭСЭГ THE QUELL
10 Ятга шаазгай.
Ойлгосонгүй. Ятга шаазгай талхан дээр байна гэнэ ээ? Капитолоос гадуур дэлгэрсэн баймааргүй юм.
- Юу? Энэ чинь юу гэж байгаа юм? гэж би харвахад бэлэн сөөнгөтөв. - Энэ нь бид чиний талд гэсэн үг гэх чичирсэн хоолой ард гарлаа.
Би хоёрдахь хүн байшингаас гарч ирсэнийг анзаарсангүй. Тэр зэвсгээ дуугаргах юм бол намайг нөхрийг нь ална гэж мэдсэн бололтой. Иймд байнаасаа харц буруулалгүй чангаар,
- Нүдэнд үзэгдэх газар гараад ир! гэж тушаав. - Тэр чадахгүй... гэж жигнэмэгтэй эмэгтэй ээрлээ.
- Одоохон гараад ир гэж байна шүү!
Миний ард хүндээр амьсгаадан өвчтэй хөлөө зөөх чимээ гарч ойролцоо насны охин гарч ирэв. Тэр томдсон журам сахиулагчын иж бүрэн хувцас, үстэй цагаан дээл өмсчээ. Зэвсэг харагдсангүй. Гартаа хугарсан мөчрөөр хийсэн таяг тулан баруун хөл нь цасан дээгүүр чирэгдэнэ.
Охины царай хүйтэнд улайж шүдээ зуусан бөгөөд шоколадан өнгөтэй нүднийхээ нэгэнд том мэнгэтэй аж. Үгүй энэ бол журам сахиулагч биш. Капитолын хүн ч биш. - Та нар хэн гээч вэ? гэж би ширүүлэхээ болиод болгоомжтой асуулаа.
- Намайг Твилл гэдэг гэж ойролцоогоор гучин тав орчим настай эмэгтэй хариулаад,
- Харин энэ бол Бонни. Бид наймдугаар бүсээс зугтаж ирсэн гэв. Наймдугаар бүс гэнээ! Бослого гарсан газраас уу!
- Дүрэмт хувцасыг хаанаас аваа вэ?
- Оёдлын үйлдвэрт ажиллаж байхдаа хулгайлсан юм. Замдаа хэн нэгэнтэй тааралдвал гэж бодоод хэмээн Бонни тайлбарлав.
- Харин гар бууг үхсэн журам сахиулагчаас авсан гээд Твилл намайг дагуулан харлаа.
- Жигнэмэгэн дээр байгаа шувуу чинь юу гэсэн үг вэ? - Китнисс чи мэддэггүй юм уу? гэж охин гайхан асуулаа.
Тэд намайг таньжээ. Мэдээж танилгүй яахав. Нүүрээ далдлаагүйн дээр арван хоёрдугаар бүсийн дэргэд гартаа нум сумтай зогсож байдаг. Өөр хэн байвал гэж.
- Яагаад мэдэхгүй байх билээ. Энэ миний бүсэд зүүж байсан зүүн дээр байдаг шувуу байна. - Тэр мэддэггүй юм байна. Энэ тухай юу ч сонсоогүй бололтой гэж Бонни аяархан хэлэв.
Тэгэхэд нь би магадлахыг хүсээд,
- Би танай бүсэд бослого гарсан гэж сонслоо гэв. - Тиймээс л бид тэндээс зугтаж гарсан юм гэж Твилл тодотгов.
- Их л хол явж дээ. Ингэхэд та нар хаачиж байгаа хэрэг вэ?
- Бид арван гуравдугаар бүс рүү явж байна. - Энэ чинь юу гэсэн үг юм? Арван гуравдугаар бүс гэж байхгүй. Тэр газрын хөрснөөс арчигдсан гэж намайг дуу алдахад,
- Далан таван жилийн өмнө гэж тэр сануулав. Бонни ярвайгаад суга таягаа зөөн тавилаа.
- Чиний хөл яагаа вэ?
- Таарахгүй гутал өмсөөд шагайгаа мулталчихсан юм. Би уруулаа хазлан бодлогоширов. Зөн совин минь тэдний үнэнийг хэлж байгааг баталж байв. Тэгээд ч үүний ард миний мэдэхийг хүссэн маш их зүйл байна. Би урагш алхан Твиллийн гар бууг аваад нумаа буулгав. Тэгснээ тэнгэрт хаа нэгтээгээс онгоц гарч ирэн Капитолын хоёр оргодлыг барьсан өдрийг санан тээнэгэлзэв. Залууг жад нэвт сүлбэж, харин улаан хүрэн үстэй охиныг хэлгүй зарц болон хувиргасан билээ.
- Та нарын араас хөөж байгаа юу?
- Үгүй байх. Минийхээр бол тэд биднийг үйлдвэрийн дэлбэрэлтэнд алагдсан гэж бодож байгаа. Золтой шидээр аврагдсан шүү гэж Твилл хэлэв.
- Сайн байна дотогш орцгооё гээд би цементен байшингийн зүг дохиж сүүлд нь орохдоо гар буугаа барилаа. Бонни яаран зуух руу ойртоод шалан дээр журам сахиулагчын дээлээ дэлгэн алгаа сулхан дөлд ээв. Тэр цонхийн цайсан тунгалаг арьстай байсан болохоор хурууны завсар дөл нэвт харагдаж байлаа. Твилл өөрийнхөө дээлээр чичирч байгаа охиныг хучив. Зууханд ирмэг нь өөтэй тайрсан төмөр сав нурманд шигтгэн тавьсаны дотор нарсны шилмүүс аяархан буцална. - Та нар цай чанаж байгаа юм уу? - Юу болохыг нь хэлэхэд хэцүү байна. Хэдэн жилийн өмнө Үхлийн тоглоомын нэг оролцогч ингэж хийж байхыг харсан ч шилмүүс байсан эсэхийг нь санахгүй байна гээд Твилл духаа үрчийлгэв.
Би арван хоёрдугаар бүсийн үйлдвэрийн утаанд будагдсан орон сууцыг санав. Нүдэнд торох нэг ч өвс ногоо байхгүй атал зэрлэг байгальд тэд одоо хүртэл яаж тэсч үлдсэн нь гайхалтай. - Хүнсээ дуусаа юу? гэж би асуухад Бонни толгой дохив.
- Бид замдаа чадах бүхнээ авсан ч хоол хүнс барагдчихсан.
Түүний чичирсэн хоолойг сонсоод миний болгоомжлол алга болов. Энэ бол ердөө Капитолоос зугтсан өлөн зэлмүүн шархадсан охин байлаа.
- Тэгвэл өнөөдөр та нарын азтай өдөр бололтой гээд би шалан дээр ангийн цүнхээ тавилаа.
Хэдийгээр бүхий л бүс даяараа өлсөж байсан ч манай гэрт хоол хүнс хангалттай байсан тул миний гол ажил бол Гейлийн гэр бүлийнхэн, Тослог Сэй болон, зээлийн хэдэн худалдаачныг эргэх явдал байв. Өглөө намайг цүнхээ идэх юмаар дүүргэхэд ээж хоосон тавиур хараад охин нь өлсгөлөн хүмүүст туслахаар явж гэдгийг ойлгох болно. Би түүний санааг зовоохыг хүсээгүй ч хол явах тул худалдан авч цаг алдахыг хүсээгүй юм. Орой бүгдийг буцааж тавихаар төлөвлөсөн ч энэ нь бүтэхгүй бололтой.
Би цүнхнээсээ бяслагтай жигнэсэн хоёр шинэ талх гаргалаа. Намайг үүнд дуртай болохоор Пит үргэлж ингэж бэлтгэдэг байв. Би эхний талхыг Твиллд өгөөд нөгөөдөхийг нь зуухны өмнө өвдөглөн суусан Боннид өгөхөд, - Хөөх. Бүгдийг нь надад өгч байгаа юм уу? гэж дуу алдав.
Дотор юм хөрвөх шиг болж Рутын хэлсэн үгийг саналаа. Би түүнд грузлингийн хөл өгөхөд <<хэзээ ч бүтэн хөл идэж үзээгүй юм байна>> гэж байсан. Энэ нь үргэлжийн өлсгөлөн байдаг хүний итгэлгүй үг байсан юм. - Тийм шүү, ид л дээ.
Бонни талхыг жинхэнэ гэдэгт итгэхгүй байгаа юм шиг ширтсэнээ хазаж ар араас нь зогсолтгүй идэж эхлэв.
- Зажилсан чинь дээр шүү гэхэд тэр толгой дохиод удаан идэхийг хичээсэн ч гэдэс нь хоосон тул амаргүй байгаа бололтой.
- Уух юм чинь бэлэн болж байх шиг байна гээд би зуухнаас лаазыг гаргахад Твилл үүргэвчнээс хоёр аяга гаргасанд дүүргэж шалан дээр хөргөхөөр тавилаа.
Шинэ танилууд маань хоорондоо ойртож суугаад юм идэж уур савссан халуун цай балгах зуур би гал өрдөхийг хичээлээ. Тэгээд хурууны үзүүрээ амтархан долооход нь,
- Танай тэнд юу болоо вэ? гэж асуув.
Ингээд тэд ярьж эхэллээ. Үхлийн тоглоом өнгөрсний дараа наймдугаар бүсийн дургүйцэл улам өсөн нэмэгджээ. Ер нь үргэлж тийм байдаг байсан ч хоосон ярианаас амьдралд жинхэнэ хийхийг хүсчээ. Панемийг даавуун эдлэлээр хангадаг оёдолын үйлдвэр тоног төхөөрөмжөөр дүүрэн болохоор нүргээн дунд найз руугаа бөхийн чихэнд нь уруулаа хүргээд хэдэн үг солиход хэн ч сонсохгүй учир бослого дэгдээх тухай нүд ирмэх зуур тарлаа. Твилл сургуульд багшилж, Бонни түүний сурагчийн нэг байсан бөгөөд сүүлчийн хонх дуугарсаны дараа журам сахиулагчын дүрэм хувцас оёдог үйлдвэрт дөрвөн цагаар ажилладаг байв. Бонни хэдэн сарын турш бэлэн болсон хувцсыг шалгах хэсэгт ажиллахдаа хоёр дүрэмт хувцас, гутал, бүс, өмд бэлтгэсэн бөгөөд бослого эхэлмэгц энэ тухай бусад бүсүүдэд мэдэгдэн хамтдаа босохоор төлөвлөж байсан байна.
Пит бид хоёрын Ялагчын аялалаар хотод ирдэг өдөр хүмүүст бэлтгэл хийх сайхан боломж олдсон байна. Хүмүүс баг болон хуваагдаж бослого эхэлмэгц ямар байшин руу дайрахаа сонгожээ. Төлөвлөгөө ёсоор эхний ээлжинд шүүхийн байшин, журам сахиулагчдын төв байр болон харилцаа холбооны хэсгийг гартаа оруулах ёстой байв. Дараа нь бусад байрлал болох төмөр зам, үр тарианы агуулах, цахилгаан станц, зэр зэвсгийн агуулахыг олзлох болно.
Бидний сүй тавьдаг шөнө Пит үүрдийн хайраа илэрхийлэн Капитолийн дурангын өмнө намайг өвдөг сөгдөн гуйж байхад наймдугаар бүсэд бослого дэгджээ. Үүнээс сайхан боломжыг олоход бэрх. Биднээс Цезарь Фликерман Ялагчын аялалын ярилцлага авах зуур наймдугаар бүсийн хүмүүс харанхуйд гудамжинд гаран төв талбайд дэлгэцийн өмнө цуглажээ. Ердийн үед энэ нь сэжигтэй байж болох ч одоо биш байв. Ингээд бүгд тогтсон цаг болох найман цагаас өөрсдийн гараар хийсэн багаа зүүн тамаас чөлөөлөгдөх ажилд оржээ.
Босогчид журам сахиулагчдыг тооны олноор гэнэдүүлэн дайрч холбоо харилцааны төв, үр тарианы агуулах, цахилгаан станц дараа нь зэр зэвсгийн агуулахыг эзэлжээ. Журам сахиулагчид тэдний эсрэг зэвсэг хэрэглэсэн байна. Тэдний бусад бүсүүдтэй холбоо тогтоон Капитолын эсрэг босгох гэсэн найдлага биелсэнгүй. Бүсэд залхаан цээрлүүлэхээр мянгаад тооны журам сахиулагч ирж, онгоц босогчдыг галт бөмбөгөөр бөмбөгдөн аймшигтай үймээн самуун болоход амьд үлдсэн хүмүүст гэр лүүгээ зугтахаас ондоо зам үлдсэнгүй. Тэд бослогыг дөчин найман цагийн турш дараад дараа нь долоо хоногийн турш үргэлжлүүлэн хорьжээ. Ямар ч хоол унд, нүүрс өгөлгүй бүгдийг гэрээсээ гарахыг хориглосон байв. Зурагтаар зөвхөн үймээнийг өдөөн хатгахад сэжиглэгдсэн хүмүүсийг талбай дээр дүүжилж байгааг гаргана. Бүхий л бүс даяараа өлсөж үхэхийн ирмэг дээр ирэхэд ажилдаа эргэж орох тушаал иржээ. Твилл, Бонни хоёр сургууль руугаа явжээ. Гудамжинд дэлбэрэлтэнд өртөн явахын аргагүй болсон учир үйлдвэрт ээлж солилцохоос хоцрон ердөө зуун ярдын зай үлдээд байтал хүчирхэг дэлбэрэлт үүсэн дотор байсан бүх хүн амь үрэгджээ.
- Хэн нэгэн Капитолд бослого үйлдвэрт эхэлсэн гэж хэлсэн байх гэж Твилл аяархан хэлэв. Дэлбэрэлт олон хүний амийг авсаны тоонд Твиллийн нөхөр болон Боннигийн гэр бүл оржээ. Тэд буцан Твиллийн бэлтгэсэн журам сахиулагчийн хувцасыг аваад, амь үрэгдсэн хөршүүдийнхээ гэрээс хүнс базаан төмөр замын буудал руу гүйжээ. Агуулахад журам сахиулагчын дүрэмт хувцас сольж өмсөн зүсээ хувиргаад дүүрэн бөс даавуутай зургадугаар бүс рүү хөдлөх гэж байсан ачааны вагонд суусан байна. Цаашаа галт тэрэг шатахуун сэлбэхээр зогсох үед үсэрч буугаад аялалаа явган үргэлжлүүлж модон дунд нуугдан яваад хоёр өдрийн өмнө манай хилд хүрэхэд Бонни шагайгаа булгалсан учир саатах хэрэг гарсан аж.
- Яагаад заавал арван гуравдугаар бүс рүү зугтаж байгааг чинь ойлгосонгүй. Та нар тэндээс юугаа олно гэж найдаа вэ? гэж би асуухад тэд түгшин харц солилцов.
- Бид ч бас мэдэхгүй байна гэж Твилл хэлэв. - Тэнд балгасаас өөр юу ч байхгүй. Бидэнд зурагтаар үзүүлэхдээ...
- Наадах чинь л байхгүй юу. Тэд ч бас наймдугаар бүсэд ийм дүр зураг үзүүлдэг.
- Үнэн үү? гээд би арван гуравдугаар бүсийн тухай зурагтаар юу харснаа санахыг хичээлээ. - Тэдний үргэлж шүүхийн байшинг үзүүлдэгийг мэднэ биз дээ? гэж Твилл хэлэхэд би бараг мянган удаа харсан болохоор толгой дохилоо.
- Хэрвээ анхааралтай харах юм бол баруун дээд талын өнцөгт байгаа зүйлийг ажиглаж болно. - Юу харж болно гэж?
Твилл ахиад надад жигнэмэгэн дээрх шувуугаа үзүүлэв.
- Нисэж байгаа шооч ятга шаазгай. Үргэлж нэг байдаг юм. - Манай бүсэд Капитол үнэн хэрэгтээ тэнд юу болсныг үзүүлэхийг хүсэхгүй байгаа тул хуучин хальсыг давтан үзүүлдэг гэдэгт итгэлтэй байгаа гэхэд би итгэлгүйхэн дуу алдлаа.
- Тэгвэл та нар ийм учраас арван гуравдугаар бүс рүү явж байгаа хэрэг үү? Зурагтаар хальт гарсан шувууны төлөө юу? Та нарынхаар бол тэнд дүүрэн чөлөөт хүнтэй шинэ хот сүндэрлэсэн байхад Капитол юу ч ажиглаагүй гэх нь үү? - Заавал тийм биш л дээ. Бид хотыг дэлбэлсний дараа оршин суугчид нь газар доогуур орсон гэж бодож байна. Тэгж л амьд үлдсэн байх. Харин Капитол тэднийг орхисон учир нь урьдын Харанхуй цагт арван гуравдугаар бүс цөмийн үйлдвэрийн үндсэн бүс нутаг байж...
- Үгүй дээ тэнд чинь бал чулууны уурхай байсан юм гээд би гэнэтхэн Капитолоос сонссон зүйлдээ эргэлзлээ - Хүн амынх нь хэмжээтэй харьцуулахын аргагүй хэдхэн жижигхэн уурхай. Иймээс л бид итгэлтэй байгаа юм гэж Твилл хэллээ.
Миний зүрх хүчтэй цохилов. Тэдний зөв байвал яана? Хэрвээ энэ үнэн бол яана? Хэрвээ бид зэрлэг ойн гүн рүү биш
найдвартай аюулгүй газар луу зугтвал яах вэ? Гэртээ суугаад үхлээ хүлээснээс арван гуравдугаар бүсэд хүрэх гээд үзсэн нь дээргүй юу? Тэгээд ч... арван гуравдугаар бүсийн хүмүүс хүчирхэг зэвсэгтэй...
- Тэгвэл тэд яагаад бидэнд туслахгүй байгаа хэрэг вэ? Яагаад биднийг өлсөж зовоон, цаазалж, хараал идсэн тоглоомд явуулж байхад тусалдаггүй юм бэ? гээд би тэдгээр арван гуравдугаар бүсийн газар доорх хотын хүмүүс бидний зовлонг тайван харж байгааг үзэн ядлаа. Тэд юугаараа Капитолоос дээрдэнэ гэж? - Үүнийг бид мэдэхгүй. Зөвхөн тэднийг байж магадгүй гэсэн найдлагад хөтлөгдөн явж байна гэж Бонни шивнэлээ.
Энэ нь намайг сэхээ ороход туслав. Энэ бүхэн чинь хий төөрөгдөл. Арван гуравдугаар бүс гэж байхгүй Капитол ч ийм боломж өгөхгүй. Харин хальсны хувьд алдаа гарсан байх. Ятга шаазгай хадтай газар ховорхон байдаг. Хэрвээ тэд бөмбөгдөлтийн дараа амьд үлдсэн бол. Бонни төрөл төрөгсөд нь үрэгдсэний дараа өөр бүс рүү зүглэхээс замгүй болсон байж таарна. Охиныг хөгжин цэцэглэж байгаа чөлөөт арван гуравдугаар бүсийн тухай бодол эзэмдсэнд гайхах юм алга. Надад түүний урмыг хугалах хэрэг байсангүй. Утаа шиг сарних хий хоосон зүйлдээ итгэж байсан нь дээр. Магадгүй Твилл тэр хоёр модон дунд хаа нэгтээ төвхнөж болох юм. Би үүнд эргэлзэж байсан ч тэд дэндүү хөөрхийлөлтэй харагдсан тул туслахаар шийдэв. Эхлээд цүнхэнд байсан будаа, хатаасан буурцаг голцуу хүнсээ өглөө. Хэрвээ ухаалаг ашиглах юм бол хэсэг зуур хангалттай хүрнэ. Дараа нь Твиллийг ой руу дагуулж яваад агнахад сургав. Түүний гар буу нарны энергийг үхлийн туяа болгон хувиргадаг болохоор сумгүй болохын зовлонгүй аж. Эхний олз болох хэрмийг буудахад хөөрхий амьтны гэдсэнд цохилт тусан нүүрс болгов. Би олзоо яаж өвчихийг заахад хэсэг дадлага хийсний эцэст гайгүй болов. Түүнчлэн Боннид шинэ таяг хийж өгөв. Байшинд буцсан хойно охинд хос оймс өгөөд өдрийн цагаар гартаа углаж шөнө хөлдөө өмсөж унтаж байгаарай гэлээ. Эцэст нь гал яаж асаавал дээр болохыг тайлбарлав. Оргодлууд арван хоёрдугаар бүсэд юу болсон тухай тодорхой мэдэхийг хүсч байсан тул би Тредийн хяналтан дор хэрхэн амьдарч байгаа тухайгаа ярьж өгөв. Би тэдний энэ мэдээлэл арван гуравдугаар бүсэд аваачих хэр чухал гэж тооцож байгааг харсан тул сүүлчийн найдлагыг нь бөхөөхийг хүссэнгүй. Үдэш ойртоход,
- Явах цаг боллоо гэж хэллээ. Тэд намайг тэвэрч талархал илэрхийлэн Боннигийн нүдэнд нулимс цийлэгнээд,
- Чамтай уулзсандаа итгэж ч чадахгүй нь. Чи яг л амьдрал дээр бусдын ярьдаг шиг... гэхэд,
- Мэднэ мэднэ. Жимс гаргадаг шигээ гэж би ядрангуй хэлэв. Би буцах замдаа нойтон цас хаялж эхэлснийг анзаарсангүй. Бослогын тухай бодолд автан арван гуравдугаар бүс байж болох тухай горьдлого төрөв.
Твилл, Бонни хоёрын ярианаас ганц л зүйл тодорхой байсан нь ерөнхийлөгч Сноу надтай хурууныхаа үзүүрээр тогложээ. Ямар ч үнсэлт хайр сэтгэл наймдугаар бүсэд хуримтлагдсан хүчийг зогсоохгүй. Магадгүй би жимс гаргаж ирснээрээ тэмцлийн очыг асаасан байж болох ч гал хяналтаас алдагджээ. Тэр үүнийг мэдэж байгаа. Тэгвэл яагаад манай гэр лүү ирж бүгдийн өмнө Питэд хайраа батал гэсэн юм бол?
Энэ нь намайг бүсэд өдөөн хатгасан үйлдэл хийхээс сатааруулсан нарийн арга байж. Мэдээж Капитолын олон
нийтийг зугаацуулна. Хуримыг ч гэсэн үүний төлөө бодож олсон. Хашаа ойртоход ойролцоох модны мөчир дээр суусан ятга шаазгай жиргэв. Би түүнийг хараад гэнэтхэн шувуу үзүүлсний учрыг ойлголоо.
<<Бид чиний талд байгаа>> гэсэн үг хэмээн Бонни хэлсэн. Тэгэхээр миний талд байгаа хүмүүс байх нь. Ямар тал гэж? Би үнэхээр удаан хүлээсэн бослоготой санамсаргүй нүүр тулгарлаа гэж үү? Харин миний энгэртээ зүүсэн шувуу тэмцэлийн бэлэг тэмдэг болсон байх нь уу? Хэрвээ тэгсэн бол миний талынханд сайнгүй хэрэг болж. Наймадугаар бүсэд юу болсныг санахад л хангалттай.
Би зэвсгээ хуучин гэрээсээ холгүйхэн өмхөрсөн модны хонгилд нуугаад хашаа руу явав. Өдрийн болсон зүйлд санааширан танил нүхний өмнө өвдөглөтөл хаа нэгтээ ууль хашгирах дуу гарч сэхээ орлоо. Үдшийн бүрэнхийд хашаа үргэлжид харагддаг шигээ гэмгүй харагдаж байсан ч уурласан зөгийн үүр дүнгэж байгаа юм шиг чимээ гарахад гараа буцаж татлаа. Хашаанд цахилгаан гүйдэл гүйлгэжээ. 11
Би өөрийн эрхгүй ой руу ухран зогсов. Амнаас цагаан уур савсуулахгүйн тулд бээлийгээрээ таглалаа. Цусанд адреналин цутгаж өөр бусад бодол сарнин алга болоод ухаан өмнө тулгарсан аюулд төвлөрлөө. Юу болоод байна? Тред бүсийн хамгаалалтыг хүчирхэгжүүлэх арга хэмжээ авсан гэж үү? Эсвэл намайг торон доогуур шурган гарсныг мэдчихээ юу? Өглөө болтол бүсний гадна саатуулаад баривчлах гэж байгаа юм биш биз дээ? Харин цаашдаа яах бол? Талбайн хашаа руу чирж оруулаад ташуурдах юмуу дүүжлэх болов уу?
Би тайвширахыг хичээлээ. Энэ бол бүсийн гадна байхад хашаанд цахилгаан гүйдэл гүйлгэсэн анхны тохиолдол биш. Өмнө нь ийм зүйл нэг бус удаа гарч байсан ч надтай Гейл байсан юм. Бид модонд авиран тухтай байр эзлээд тогны хүчдэл салгагдахыг хүлээсэн билээ. Намайг тэгж саатахад Прим хашаа руу гүйж ирээд цахилгааны гүйдэл залгасныг мэдэж ээжийг тайвшируулахаар явдаг байв.
Гэхдээ өнөөдөр хэний ч толгойд намайг энд байгаа гэж орохгүй. Би тэднийг төөрөгдүүлсэн алхам хийсэн. Хэрвээ намайг ирэхгүй бол санаа зовох болов уу. Тэгээд ч өдөр ойд болсон явдлын дараа үүнийг санаандгүй явдал гэж итгэхийн аргагүй байлаа. Хэн ч хараагүй байхад хашаан доогуур шурган гарсан даа... Эсвэл харсан юм болов уу? Араас тагнуул тавьсан байж болох. Хэн нэгэн ерөнхийлөгчөд намайг Гейлтэй энд үнсэлдсэнийг хэлсэн. Тэгэхэд өдөр дунд байсан хэдий ч миний толгойд болгоомжилох ухаан ороогүй. Ингэхэд тэр үед дурангаар мөрдөж байгаа эсэх тухай бодол орж ирсэн... Үнэхээр мөрдөж байгаа юм биш байгаа даа? Би хашаан доогуур үүрийн харанхуйд шурган гарахдаа ороолтоор нүүрээ тагласан байсан ч бүсийн оршин суугчдын дунд ойд хууль бусаар орох хүн хуруу дарам цөөхөн билээ. Би мөчрийн завсар өргөн нугыг хүрээлсэн хашаа руу харахад Атирааны захын байшингийн цонхны гэрэлд нойтон цас гялсхийх нь үзэгдэв. Журам сахиулагч болон намайг эрж буй тэмдэг үзэгдсэнгүй. Хэрвээ Тред миний бүсээс гарсан эсэхийг мэдэхгүй бол хашааны дотор түргэн ороод гараагүй дүр эсгэх хэрэгтэй.
Төмөр хашааны орой дахь өргөст торонд цахилгаан гүйдэл гүйлгэсэн учир хүрвэл тогонд цохиулж үхэх аюултай. Газар хөлдүү учир нүх малтаж болохгүй. Ганц л гарц үлдсэн нь дээгүүр нь давах байлаа.
Би ойролцоо орших модны захаар яван урт мөчиртэй өндөр мод хайлаа. Ойролцоогоор мил хэртэй явсны эцэст тохирох мод олов. Их бие нь өргөн холтсонд нь хяруу тогтсон доогуураа мөчиргүй хөгшин агч мод байлаа. Би
хажуугийн мод руу нь авираад агч руу дамжин харайхдаа гөлгөр гадаргууд нь хальтираад унах шахав. Удаанаар дээш ахисаар өргөст торон дээгүүр бөхийсөн мөчир луу хүрлээ.
Ганц харахад Гейл бид хоёр яагаад хараал идсэн хашааг давахын оронд ойд суухыг дээрд үзсэн нь ойлгомжтой болов. Тогонд цохиулалгүй дээгүүр нь гардаг юмаа гэхэд газар хорин футаас доргүй харагдана. Эсвэл хорин таван фут ч юмуу. Ийм эрсдэлтэй үсрэлтийг үргэлж модонд авирдаг хүн ч хийж зүрхлэхгүй нь мэдээж. Өөр арга эрэх гэсэн ч харанхуй болж лавсан орох цасанд юу ч харагдахаа болив. Дор цасан хунгар харлан үзэгдэнэ. Би хоосон цүнхээ хүзүүндээ зүүгээд гараараа зүүгдсэнээ зүрхлэн хуруугаа тавилаа.
Толгой эргэм өндрөөс аймшигтай газардахад ойн нуруугаараа саван унав. Хэсэг зуур хөдөлгөөнгүй хэвтэн хэр их гэмтсэнээ тодруулахыг хичээв. Зүүн хөлний өсгий болон ахар сүүл янгинахаас бусдаар зүгээр бололтой. Асуудал гэвэл хэр ноцтой вэ гэдэгт байлаа. Хөхөрсөн гэж найдахаас. Гэвч хөл дээрээ босох үед ямар нэг зүйл хугарсан бололтой хүчтэй өвдөхөд би доголохгүйг хичээн чадахаараа алхлаа. Ээж, Прим хоёр ойд байсныг минь мэдэх ёсгүй. Тэдэнд мэдэгдэхгүйн тулд ямар нэг арга бодож олохоос. Талбайн зарим мухлаг хаагдаагүй байв. Би тэдний нэг рүү ороод шарханд хэрэглэх боолт худалдаж авлаа. Гэр дэх нөөц бараг дуусч байсан юм. Өөр нэгээс нь дүүдээ хайрцагтай амттан худалдан авч амандаа гаатай чихэр хийгээд бүтэн өдрийн турш юу ч идээгүй болохоо санав. Нуурын дэргэд хоол хийсэн ч Твилл, Бонни хоёрыг тийм байдалтай байхад ам хүрч чадаагүй билээ. Байшиндаа хүрэхэд зүүн хөлийн тавхай хөндүүрлэн гишгэхийн аргагүй болов. Ээжид хуучин байшингийнхаа дээвэр дээрээс хальтирч унасан гэхээс. Би босгоор зуухны урд тэгнэж унахад бэлэн ортол гэнэтийн зүйл хүлээж байлаа.
Гал зуухны хаалганы дэргэд эрэгтэй эмэгтэй хоёр журам сахиулагч зогсож байв. Эмэгтэйгийн царай тоомсоргүй байсан ч хамтрагчынх нь царайд гайхсан өнгө тодров. Намайг ирнэ гэж хүлээгээгүй бололтой. Арван хоёрдугаар бүсийн ялагч өнөөдөр ойд занганд орсон байх ёстой.
- Сайн байна уу гэж би мэндлэв.
Араас нь ээж гарч ирсэнээ холдон зогсоод, - Аан чи ирээ юу. Бид оройн хоолоо саяхан идэж дууссан гэж баяртай хэлэв.
Үнэндээ би оройн хоолонд ихэд хожимдсон байлаа.
Гутлаа тайлах гэсэн ч шархандаа эмзэглэхээс эмээн юүдэнгээ тайлж үсэн дээрх цасаа гөвөөд, - Та нарт юугаар туслах вэ? гэв.
- Журам сахиулагчдын тэргүүн Тред биднийг таньд мэдээлэл дамжуулахаар явуулсан гэж эмэгтэй хэлэхэд,
- Тэд чамайг цагийн турш хүлээж байгаа юм гэж ээж хэлэв. Намайг эргэж ирэхгүй гэж тооцон алга болсон гэдэг нь батлагдах үед гэр бүлийнхнийг минь байцаахаар хүлээж байж.
- Их чухал мэдээлэл байх даа.
- Хатагтай Эвердин таны хаана байсныг асууж болох уу? гэж эмэгтэй хэлэв. - Намайг хаана байгаагүй гэж асуувал дээр байх.
Би гал зуухан дундуур доголохгүйг хичээн явж ширээнд хүрэхэд алхам бүр туйлын шаналгаатай байлаа. Цүнхээ тайлан шалан дээр тавиад чулуу шиг хөшин зогсож байсан Прим рүү эргэв. Пит, Хеймитч хоёр ганхдаг сандалд суун шатар тоглоно. Сонирхолтой нь тэд энд өөрсдийн дураар байгаа юм болов уу эсвэл албан ёсоор уригдсан хэрэг үү? Ямар ч гэсэн тэднийг харан явдалдаа би баяртай байлаа.
- Чи тэгээд хаа байгаагүй юм? гэж Хеймтич уйдсан янзтай асуув.
- Би Примийн ямаа ишиглэх гэж байгаа тухай ямаачингаас асуух гэж очсон ч хэн нэгэн надад буруу хаяг өгчээ гээд би дүү рүүгээ цохон харахад, - Худал. Би бүгдийг зөв хэлсэн гэж Прим унтууцав
- Тэгвэл яах гэж намайг уурхайн баруун хаалга руу оч гэж хэлсэн юм?
- Зүүн хаалга руу гэж дүү минь засав. - Үгүй, чи баруун гэж хэлсэн. Би овоолоостой нүүрсний хогийн дэргэд үү гэж асуусан биз дээ. Харин чи тийм гэж хариулсан.
- Овоолоостой нүүрсний хог зүүн хаалганы дэргэд байдаг гэж Прим тэвчээртэй хариулав. - Ерөөсөө ч тийм биш. Чи хэзээ тэгж хэлсэн юм? гэхэд,
- Өчигдөр орой гэж Хеймитч оролцов.
- Гарцаагүй зүүн хаалганы дэргэд гэж хэлсэн хэмээн Пит нэмэрлээд Хеймитч руу харан хөхрөлдөв. Би түүн рүү ууртайгаар хяламхийсэнд гэмшингүй анивчаад, - Намайг ингэж хэлсэнд уучлаарай. Гэхдээ чи хүний хэлсэн үгийг сонсож чаддаггүй юм байна гэв.
- Хүмүүс өнөөдөр ямаачинг тэнд амьдардаггүй гэж хэлсэн ч чи сонсохгүй очино гэж Хеймитч хэлэхэд,
- Амаа тат гээд би зөвшөөрсөн дүр үзүүлэв. Инээд хөөр ахин дэгдэхэд Прим инээд алдав.
- Гайхалтай. Одоо энэ ямаачины тухай тэнэг яриагаа орхиё гээд би тэднийг улам хөхрөлдөхөд сэтгэлийн гүндээ дэмжсэн явдалд нь баяртай байлаа. Журам сахиулагчид харц солилцоод эрэгтэй инээвхийлсэн ч эмэгтэй нь итгэлгүй хэвээр байлаа.
- Цүнхэнд чинь юу байгаа юм? гэж тэр огцом асуув.
Эндээс ангийн олз юмуу зэрлэг ургамал зэрэг намайг илрүүлж болох зүйл олно гэж найдсан бололтой. Би цүнхээ ширээ рүү сэгсрээд,
- Хар л даа гэлээ.
- Ашгүй дээ боолт дуусч байсан юм гээд ээж цагаан даавууг авлаа. Пит ширээ рүү очиж амттантай харцагыг нээгээд, - Хөөх, гаатай чихэр! гэж дуу алдан нэгийг амандаа үмхсэнээ, - Минийх гээд дээш өргөсөн ч Хеймитч чихэр базан аваад амандаа хийхэд Прим хөхрөв.
- Та нарын хэн ч үүнийг идэх эрхгүй гэж би сүрдүүлэв. - Яагаад? Бидний зөв болохоор тэр үү? гээд Пит намайг тэврэхдээ ахар сүүл хөндсөнд өвдсөндөө дуу алдсанаа уурандаа хашгирсан дүр эсгэв. Тэр харваас бүгдийг ойлгосон бололтой. - За яахав Прим баруун гэж хэлэхийг би сонссон. Та нар бүгдээрээ тэнэг амьтад. За сэтгэл хангалуун байна уу? гэхэд,
- Тэгсэн чинь дээр гээд би түүнийг үнслээ. Дараа нь журам сахиулагчдыг хараад яагаад энд байгаа болохыг нь санав. - Та нар надад юм дамжуулна гэл үү?
- Журам сахиулагчдын тэргүүн Тред өнөөдрөөс эхлэн арван хоёрдугаар бүсийг хүрээлсэн хашаа хорин дөрвөн цагийн турш цахилгаан гүйдэлтэй байх болно гэдгийг мэдэгдэхийг тушаасан.
- Тэгээд гүйлгэчихээ юу? гэж би гэмгүй царайлан асуув. - Тэр таныг үеэл ахдаа энэ мэдээллийг дамжуулна гэж бодож байгаа.
- Баярлалаа. Би түүнд хэлнэ ээ. Нутгийн хамгаалалт сулраагүй цагт улам тайван нойрсох байх гэж би цаашлуулав.
Эмэгтэй уурандаа шүдээ зуув. Бүх зүйл тэдний санаснаар болоогүй ч цаашдаа яах тухай заавар аваагүй бололтой. Иймээс захирангуй толгой дохиод хамтрагчаа дагуулан явлаа. Ээж хаалга түгжмэгц би ширээ түшихэд Пит туслахаар ухасхийв.
- Чи яагаа вэ?
- Зүүн хөлийн өсгийгөө гэмтээчихсэн. Ахар сүүл ч гэсэн хөндүүрлээд байна. Пит намайг сандал руу аваачихад зөөлөн дэрэн дээр нь уналаа. Ээж гутлыг минь тайлав. - Юу болоо вэ?
- Мөсөн дээр хальтираад уначихсан юм гэхэд дөрвөн хос нүд намайг үл итгэн ширтэв. Гэвч гэрийг тагнаж байж болзошгүй тул ярилцаж болсонгүй. Ээж оймсыг минь тайлан зүүн хөлийн ясыг болгоомжтойгоор тэмтэрч үзэхэд би өвдсөндөө хамраа үрчийлгэв.
- Цуурсан бололтой гээд баруун хөлийг минь шалгаснаа, - Харин энэ зүгээр байна гээд ахар сүүлийг минь үзэхэд
хөхөрсөн байлаа. Дүү минь гэрийн халатыг авчирч өгөв. Ээж шинэхэн цастай жин өсгийн дээр тавилаа. Бусад хүмүүс оройн холоо идсэн болохоор би гурван таваг жигнэсэн мах хагас талхны хамтаар идэв. Дараа нь болдогоширон гал руу хараад Бонни, Твилл хоёрын тухай бодлоо. Нойтон цас миний мөрийг дарсан байх.
Прим ирээд миний хөлд суун толгойгоо өвдөг дээр тавив. Бид гаатай чихэр идэх зуур би өтгөн цайвар үсийг нь илбээд,
- Хэр сурч байна даа? гэлээ.
- Сайн. Бид нар өнөөдөр чулуун нүүрсний тухай үзсэн гээд хэсэг зуур гал руу ширтсэнээ, - Хуримын даашинзаа үзэхийг хүсэхгүй байна уу? гэв.
- Өнөөдөр биш. Маргааш болъё.
- Тэгвэл намайг сургуулиас иртэл хүлээж байгаарай за юу? - Тэгэлгүй яахав гээд би дотроо хэрвээ түрүүлээд баривчлагдахгүй бол ч гэж бодов.
Ээж тайвшируулагч хандтай алтан товч цэцгийн цай авчирахад зовхи дороо анилдаж эхлэв. Миний хөлийг боосон хойно Пит ор луу хүргэж өгөхөд мөр лүү нь налаад шатаар авч явж байгаагаа бүүр түүрхэн ухаарлаа. Тэр намайг унтлагын өрөөнд оруулж орон дээр тавин хөнжлөөр хучаад салах ёс гүйцэтгэхэд гараас нь бариад үлдэхийг гуйв. Тайвшируулах ханд нөлөөлөө үзүүлж эхлэхэд өмнө байгаа дүрс сарниж эхлэв. Гэвч би Питийг алга болохыг хүссэнгүй. Дэргэдээ байлган хар дарсан зүүдийг хөөхийг хүслээ. Гэвч үүнийг гуйх нь байтугай хэлж чадсангүй.
- Намайг унттал битгий яваарай.
Пит орон дээр суугаад хоёр гараараа миний алгыг дулаацуулав. - Чамайг өнөөдөр оройн хоолонд хоцорч ирэхэд чинь бодлоо өөрчилсөн юм байх гэж бодлоо.
Толгойд манан сүүмэлзсэн ч юуны тухай ярьж байгааг нь тааварлав. Хашаанд тогны гүйдэл гүйлгэн, журам сахиулагчид гэрт сахиж байхад тэр гарцаагүй намайг Гейлтэй цуг зугтсан гэж бодсон байх.
- Үгүй гэж хэлсэн биз дээ гээд би гарыг нь өргөн хацартаа наахад өнөөдөр талхтай жигнэсэн бололтой шанцай, гоньдны сулхан үнэр ханхлав. Би түүнд Твилл, Бонни хоёр болон бослого арван гуравдугаар бүсийн тухай ярихыг хүссэн ч дэндүү аюултай байсан тул,
- Надтай үлдээч гэдэг ганц үгээр дуусгав.
Нойрсуулагч хандны нөлөө үйлчилж эхлэхэд би түүний үг хэлэхийг сонссон ч ойлгосонгүй. Ээж оройн хоолны үеэр сэрээж хөлийг минь үзээд долоо хоногийн турш оронд хэвтэх дэглэм тогтооход хамаг бие суларч ядарсан тул эсэргүүцсэнгүй. Өсгий, ахар сүүл төдийгүй бүх бие янгинан өвдөнө. Ээж өглөөний цай оронд авчирч өгөөд үстэй хөнжлөөр хучихад би удтал хэвтээд цонхоор өвлийн тэнгэрийг ширтэн энэ бүхэн юугаар дуусах
тухай бодлоо. Бонни, Твилл болон шатны дор хүлээж байгаа хуримын цагаан хувцас, Тред намайг яаж зальдан бүсэд орж ирснийг тааварлахыг хичээж байгаа тухай бодов. Хөгжилтэй нь тэр намайг өнгөрсөн гэмт хэргийн минь төлөө дурын агшинд баривчилж болох ч ялагчыг баривчилахын тулд илүү чухал шалтгаан хэрэгтэй байлаа. Тред, Сноу хоёрын дунд холбоо байгаа эсэх нь сонирхолтой. Би одоо улс үндэстэн даяарын асуудал болсон болохоор Тредэд яаж ажиллах зааврыг өгч байгаа болов уу? Эсвэл тэр сайн дураараа хийж байгаа хэрэг үү? Ямар ч тохиолдолд тэд хоёул намайг бүсийн хашаанд цахилгаанаар түгжээтэй байлгахыг хүсэж байгаа. Зугтахад хүрвэл мөчир лүү олсоор дамжин авирч болох ч гэр бүл найз нөхдөө авч явж чадахгүй. Тэгээд ч би Гейлд хамт үлдэн тэмцэх болно гэдгээ амалсан.
Би хэдэн өдрийн турш хаалга тогших болгонд суудал дээрээ өндөлзөж байсан ч журам сахиулагчид баривчлахаар ирсэнгүйд тайвширч эхлэв. Тэгтэл Пит хашааны зарим хэсэгт хамгаалалт гаргаж төмөр торыг газарт хүртэл бэхэлсэн гэж ярилаа. Үүнээс үзэхэд Тред намайг хашаан доогуур шургалсан гэж бодсон бололтой. Энэ ч тайвшируулж байна шүү. Журам сахиулагчид бүсийн хүмүүсийг зовоохгүй л бол хүссэнээ хийж байвал барав. Пит өдөр бүр ирэн бяслагтай талх авчирч өгөх бөгөөд хамтдаа гэр бүлийн номыг янзлахад тусалж байв. Энэ нь хуучин арьсан хавтастай ном бөгөөд олон жилийн өмнө ээжийн талын аль нэг эм зүйч бичжээ. Хуудас бүр дээр хар бэхээр эмийн ургамал зурж тодорхойлолтыг нь бичсэн байлаа. Аав иддэг ургамлын талаар бүтэн бүлэг нэмсний ачаар түүнийг амь үрэгдсэний дараа манай гэр бүл амьд үлдэн гол зогоож чадсан билээ. Би удаан хугацааны турш номонд Гейлээс суралцсан болон тоглоомын бэлтгэл хийх үеэрээ мэдэж авсан зүйлээ нэмэхийг хүсч байсан ч сайн зурдаггүй тул ургамлын нарийн бүтцийг гаргаж чадахгүй байв. Надад үүнд Пит хэрэг болов. Тэр зарим ургамлуудыг манай гэрт хатаасан байхыг харсан болохоор үлдсэнийг нь миний тодорхойлсноор дүрслэв. Тэрбээр цаасан дээр ургамлуудыг нямбайлан зурсан тул надад зөвхөн мэддэг бүхнээ дор нь бичих үлджээ.
Нам гүм төвлөрсөн орчин сэтгэлийн түгшүүрээс салахад сайн зүйл боллоо. Надад түүний хоосон цаасан цаасан дээр бэхэн зураас татан зурахыг харах нь таалагддаг байв. Энэ үедээ ердийн амгалан төрх нь оргүй арилж хүрээлэн буй орчноосоо тусгаарлагдсан шамдангуй өнгө тодроно. Би үүнийг урьд нь хэдэн удаа бүсэд байхдаа болон олон нийтийн өмнө үг хэлж байхад нь, арван нэгдүгээр бүсэд намайг автомат буутай журам сахиулагчдаас салган авахад харж байсан билээ. Иймээс би түүний цайвар сормуусанд цонхоор тусах нарны гэрэл сүлэлдэн алтлаг өнгөөр туяарахыг харах дуртай байв.
Пит нэг удаа ажлынхаа үеэр толгойгоо огцом өргөхөд би тагнаж байгаад баригдсан явдалдаа ичлээ. Гэвч тэр зөвхөн, - Бид анх удаагаа жирийн хүний ажил хийж хамтдаа байгааг мэдэх үү гэв.
- Аанхан сайхан өөрчлөлт байна гэж би зөвшөөрлөө. Бидний урьдын хамтын ажиллагаа зөвхөн тоглоомд хамаатай болохоос ердийн зүйл хийж байсангүй. Тэр үдэш болгон намайг зурагт үзүүлэхээр шатны уруу буулгадаг байв. Бид ердийнхөөрөө заавал үзэх хөтөлбөр болох Капитолын хүч чадлыг магтсан суртал нэвтрүүлэг болон далан тав дахь Үхлийн тоглоомны сурталчилгааг үзэх хэдий ч би онцгойлон Твилл, Бонни хоёрт найдлага төрүүлсэн шувууг хайж байлаа. Энэ бүхэн утгагүй зүйл болохыг мэдэж байсан ч өөрийн биеэр харж магадлахыг хүссэн юм. Тэгсэн цагт толгойноосоо арван гуравдугаар бүсийн тухай бодлыг арчин хаях болно. Харанхуй цагийг сануулсан мэдээний эхний хэсэг гарав. Дэлгэцэн дээр шүүхийн байшингийн утаа уугьсан үлдэгдэл гараад баруун дээд буланд нь нисч байгаа ятга шаазгайны хар цагаан дүрс гялсхийв. Гэвч энэ юу ч батлахгүй. Түүх эртний адил зураг ч бас хуучин байсан юм.
Ингээд хэдэн өдөр анхааралтай ажигласны эцэст өөр зүйл анхааралд өртлөө. Дэлгэцэн дээр хөтлөгч гуравдугаар бүсэд бал чулуу олдворлолт хангалтгүй байгаа тухай богино мэдээлэл уншив. Тэгтэл үүнийг таслан хамгаалалтын хувцастай эмэгтэй сурвалжлагч арван гуравдугаар бүсийн шүүхийн байшингийн урд зогсож байгаа дүрс гарав. Тэрбээр хамгаалалтынхаа дуулганы цаанаас харамсалтай нь арван гуравдугаар бүсэд одоо хүртэл хорны нөлөө арилаагүй байгаа тухай ярилаа. Гэвч дүрс солигдохын урд буланд ятга шаазгайн дүрс тод үзэгдэв.
Сурвалжлагч хуучин дүрсийг ашиглажээ. Тэр арван гуравдугаар бүс рүү явсангүй. Эндээс тэнд юу болсон бол гэдэг асуулт урган гарлаа. 12
Ийм зүйл харсны дараа орондоо тайван хэвтэхийн аргагүй байлаа. Би арван гуравдугаар бүсийг тодруулах юмуу бослогын бэлтгэл ажилд холбоотой зүйлд оролцохыг хүсч байсан ч энэ бүхнийхээ оронд баяслагтай талх хивэн Питийн зурахыг харж суулаа. Заримдаа бидэн дээр Хеймитч зочин хотын талаарх сонин дуулгасны ихэнхи нь муу мэдээ байлаа. Хүмүүсийн ихэнхи нь шийтгэгдэх юмуу өлсөж үхжээ.
Өвлийн сүүлээр миний хөл эдгэх эдгэх шатандаа орж ээж ойр зуур явах дасгал хийх боллоо. Нэг удаа маргааш нь хот руу явахаар шийдэж унтаад өглөө нь сэрэхдээ өмнөө Октавиус, Октавиа, Флавиус нарын гийсэн царай байхыг харлаа. - Гэнэтийн бэлэг! Бид түрүүлж ирэхээр шийдсэн юм! гэж тэд дуу алдав.
Талбай дээр ташуураар нүүрээ ороолгуулсны дараа Хеймитч шарх эдгэх хүртэл зураг авалтыг хэдэн сар хойшлуулсан учир би тэднийг гурван долоо хоногоос багагүй хугацааны дараа харна гэж хүлээж байв. Гэвч юутай ч хөөрсөн дүр үзүүлэх хэрэгтэй! Ээж миний овоолттой даашинзыг авчраад нэгийг ч өмсөж үзээгүй гэж үнэнийг хэллээ. Ердийнхөөрөө гадаад төрхийг минь харан хийрхсэн хашгиралтын дараа тэд ажилдаа ханцуй шамлан орлоо. Хамгийн хэцүү нь нүүр байсан бөгөөд ээж чадах бүхнээ хийсэн ч шанаан дээр хөндлөн огтолсон нарийхан ягаан зураас үлджээ. Ташуурдуулсан тухай мэдэх хүн цөөн тул би мөсөн дээр гулган унахдаа эсгэсэн гэж хэлж байв. Түүнчлэн энэ шалтгаанаар өндөр өсгийтэй гутал өмсөхийг татгалзсан ч тэд юу ч сэжиглэсэнгүй.
Хөлний үсэнд түрхлэг түрхэн хуссан тул өө сэвгүй арьстай болоход өдөр биш ердөө цагийн хугацаа шаардагдав. Арьс халуу шатан өвдөөгүй болохоор угаалгын онгоцонд орсонгүй. Бэлтгэл багийнхан ердийнхөөрөө сонин дуулган ам хуурайгүй ярих зуур Октавиа гэнэтхэн миний анхаарал татсан үг хэлэв. Энэ нь өнгөрсөн үдэшлэг дээр сам хорхой идэж чадаагүй тухай байлаа.
- Яагаад сам хорхой идэж чадаагүй гэж? Одоо улирал нь биш юм уу? - Өө, Китнисс минь дээ бид хэдэн долоо хоногийн турш тэнгисийн гаралтай бүтээгдэхүүн олж идсэнгүй. Дөрөвдүгээр бүсэд аймшигтай цаг агаартай байгаа гэж Октавиа гомдоллов.
Миний толгой дүнгэнэх шиг болж юу болсныг төсөөллөө. Дөрөвдүгээр бүсээс тэнгисийн гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэх тасалдсан байх нь. Хэдэн долоо хоногийн турш шүү дээ. Ялагчын аялалын үеэр нутгийн оршин суугчид уур хилэнгээ арай ядан барьж байсан. Тэгэхээр эргэлзээгүй боссон байх нь. Би санамсаргүй мэтээр энэ өвөл тохиолдсон бусад бэрхшээлийн тухай асуулаа. Эдгээр хүмүүс байнга бүх зүйл байдагт дассан болохоор өчүүхэн зүйл дугтагдах нь хүчтэй нөлөөлөх аж. Тэд намайг хувцаслах үеэрээ наймаалжны мах, хөгжмийн эд анги, тууз зэрэг бүтээгдэхүүний хүрэлцээгүйд гомдоллов. Тэнгисийн гаралтай бүтээгдэхүүн
дөрөвдүгээр бүсийнх бол цахилгаан хэрэгсэл гурав, хөвөн даавуу наймдугаар бүсээс гаралтай. Тэгтэл бослого өргөн цар хэмжээний бослого сэтгэлд дүрслэгдэн би эмээж догдолсондоо чичирлээ.
Ахин цаашаа асуух гэсэн ч Цинна ирэн намайг тэврээд нүүр будалт бэлэн болсон эсэхийг шалгаж хацар дээрх сорвийг хөнгөхөн энгэсгээр далдлав. Надад тэр мөсөн дээр хальтираад унасан түүхэнд итгээгүй юм шиг санагдсан ч илүү юм асуусангүй. Дор нэг давхарын зочны өрөөг зураг авалтанд зориулан цэвэрлэж хурц гэрэл асаажээ. Эффи бүгдийг байранд нь зогсоон хуваарийн дагуу хөдлөхөөр шавдуулна. Тус бүрдээ толгойн зүүлт, гутал, үнэт эдлэл, үс, засалт, нүүр будалт, гэрэлтүүлэг, арын фон бүхий зургаан ширхэг даашинз байсан болохоор ч тэр үү энэ нь сайн хэрэг болллоо. Цагаан торон даашинзанд ягаан өнгө, мушгиа үс. Харин зааны ясан өнгөтэй даашинзанд ногоовтор өнгө, алтан шивээс. Гялалзсан алмазан даашинзанд сарны гэрэл, үнэт чулуун гивлүүр. Газар шүргэм урт ханцуйтай хүнд цагаан даашинзанд, сувдан зүүлт оногджээ. Би ахин дахин хувцас өмсөж тайлсаар зүдэрч дууслаа. Арайхийн нэг гоёлыг өмсөж дуусмагц дараагийнх нь эхэлж байв. Завсарлагагүй зураг авахуулах зуур ээж амжиж жаахан хоол, аяга цай өгсөн ч зураг авалт дуусах үед хөл дээрээ тогтож чадахгүй шахам болтол өлсөж ядарсан байлаа. Циннатай ярилцахаар найдсан ч Эффи бүгдийг хөөн гаргасан тул утсаар ярина гэж амлав.
Гадаа гудамжинд үдэш болоод олон янзын гутал өмссөөр зүдэрсэн хөл минь янгинаж хот руу явах бодлоосоо татгалзлаа. Оронд нь шатаар өгсөж нүүр будалтыг угаан арилгаад, үсээ зууханд ээн хатаав. Прим сургуулиас ирээд харсан сүүлчийн хоёр даашинзны тухай ээжтэй хөөрөлдөнө. Хоёулаа зураг авалтанд сэтгэл хангалуун харагдаж байв. Би яагаад гэдгийг нь орондоо унтахаар хэвтсэн хойно ойлголоо. Энэ нь Капитол миний ташуурдан шийтгэх явдалд хөндлөнгөөс оролцсоныг нүдээ анин өнгөрүүлсэний баталгаа учраас сайны тэмдэг гэж үзжээ.
Би шөнийн хар дарсан зүүдэндээ урагдаж бохирдсон хуримын торгон даашинзтай ой дундуур зугтаж байв. Урт ханцуй нь навч мөчирт орооцолдон тээг болно. Намайг мутантуудын сүрэг араас хөөж байсан бөгөөд халуун амьсгал нуруунаас төөнөн, арзайсан соёоноос нь шүлс дуслах үед хашгиран сэрлээ.
Эргэж унтахыг хичээсэн ч үүр гэгээрэх ойртжээ. Өнөөдөр гарч хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй. Гейл уурхайд байгаа болохоор бүтэхгүй. Иймээс Пит, Хеймитч хоёрын аль нэгэнтэй нуур луу явах үеэр тохиолдсон явдлыг ярилцахаас. Оргодлууд, цахилгаан гүйдэлтэй хашаа, үл мэдэгдэх арван гуравдугаар бүс, Капитолын бараа таваарын хомсдол гээд бүгдийг... Ээж Прим хоёртой өглөөний цай уух зуур итгэлтэй хүн олох бодол толгойноос сарнин арилав. Хаврын урь орж дулаахан сэвшээ үлээнэ. Хавар бослого дэгдээхэд тохиромжтой. Өвөл хүмүүс илүү сул дорой болохоо мэдэрдэг юм. Пит гэртээ байсангүй хот руу явжээ. Хачирхалтай нь Хеймитч ийм эрт гал зуухандаа явж байх нь харагдсанд гэрт нь тогшилгүй орлоо. Эргэн тойрны шал нэг ч толбогүй цэмцийж Хейзел хоёр давхрыг цэвэрлэж байв. Хеймитч тэгтлээ согтоогүй ч үл мэдэг ганхана. Цуу яриагаар бол Риппер ажилдаа эргэн орсон бололтой. Би оронд нь аваачдаг юмуу гэж бодсон ч тэр хотоор хамт зугаалъя гэлээ.
Би дадсан ёсоороо хоёр хормын дотор бүх сонингоо дуулгаж амжихад харин тэр долдугаар бүсэд бослого гарсан тухай цуу үг сонссоноо дуулгав. Хэрвээ миний таавар зөв бол бүсүүдийн хагас нь Капитолын эсрэг босчээ.
- Энд юу ч болохгүй гэж бодсон хэвээр байна уу? гэж би асуув. - Одоохондоо биш. Бусад бүсүүд биднээс хамаагүй том. Хүмүүсийн хагас нь гэртээ хоцорсон ч бослого дэгдээх боломжтой. Харин манай арван хоёрдугаар бүсийн хувьд нэг бол бүгд эсвэл үгүй.
- Гэхдээ боломжтой биз дээ? гэж би чаргууцалдав.
- Магадгүй л юм. Гэвч бид хэт цөөхүүлээгийн дээр сул дорой болохоор цөмийн бөмбөг зохион бүтээж чадахгүй гэж тэр шоолонгуй хэлэв. Харваас арван гуравдугаар бүсийн тухай яриа сэтгэлийг нь хөөргөсөнгүй бололтой.
- Хеймитч чинийхээр бол бослого гаргасан бүсүүдийг яах бол?
- Чи наймдугаар бүсийн тухай сонсоо биз дээ. Тэгээд ч өдөөн хатгасан хатгаагүй тэдний энд хийсэн зүйлийг харж байгаа. Бүх зүйл хяналтаас гарахад хүрвэл Капитолынхон эргэлзээгүй арван гуравдугаар бүсийн адилаар өөр нэг бүсийг устгана. Бусдад нь сургамж болохоор ойлгож байна уу?
- Ингэхэд арван гурав дугаар бүс үнэхээр устгагдсан болов уу? Би Бонни, Твилл хоёрын ятга шаазгайны тухай ярьсан үнэн байсан гэх гэсэн юм л даа. - Энэ тэгээд юуг нотлоно гэж? Юу ч биш. Хуучин зургийг ашиглах хичнээн янзын шалтгаан байж болно шүү дээ. Магадгүй харахад сэтгэгдэл төрүүлэм юм ч билүү. Зургийн өрөөнд хоёр товч дараад л эвлүүлэхэд маш амархан. Тэгээд ч арван гурав дугаар бүс шидээр үлдсэн байлаа гэхэд Капитол үл тоомсорлоно гэж үү? Цөхөрсөн хүмүүсийн бодож олсон зүйл шиг сонсогдож байна гэж Хеймитч эсэргүүцэв.
- Би мэднэ л дээ. Зүгээр найдсан юм... - Зүйтэй. Яагаад гэвэл чи ч гэсэн цөхрөлд орсон.
Түүний зөв байсан учир би маргасангүй.
Прим хичээлийнхээ дараа хөөр баяр болсоор ирэв. Багш нар оройн нэвтрүүлгийг заавал үзэх хэрэгтэй гэж хэлжээ. - Гарцаагүй хуримын зурагны тухай байх.
- Юу гэж дээ, Прим. Тэд чинь дөнгөж өчигдөр авсан биз дээ!
- Хүмүүс тэгж ярьж байна лээ. Үүнийг худал гэж найдахаас. Би Гейлийг энэ тухай үзээсэй гэж хүссэнгүй. Олон нийтийн өмнө ташуурдуулсаны дараа тэр ээжид нуруугаа үзүүлэхээр нэг удаа ирсэн билээ. Одоо тэр долоо хоногийн бүх өдөр уурхайд ажиллах болсон. Би түүнтэй хот руу явах үедээ Тред бослого гарах бүхий л үндсийг нухчин дарсан тухай сонслоо. Намайг зугтахаа больсоныг тэр мэднэ. Бас бослого гараагүй цагт Питтэй хуримлах ёстойг ч мэднэ. Гэвч зурагтын дэлгэц дээр хуримын даашинзтай гарах нь... арай дэнднээ. Долоо хагаст бид зурагтаа асаах үед Примийн зөв байлаа. Мэдээж бидний өмнө өөр хэн ч биш Цезарь Фликерман бэлтгэлийн төвийн өмнөх талбай дээр шагшсан олноор хүрээлүүлэн удахгүй болох гэж буй хуримын тухай ярилаа. Дараа нь Циннаг тоглоомын үеэр оролцогчоо алдарт хүргэсэн гэж танилцуулаад хэсэг зуур хөөрөлдсөний эцэст бүгдийн анхаарлыг том дэлгэц рүү шилжүүлэв. Би одоо л тэдний зураг авалтыг бүтэн шоу болгосныг ойлголоо. Цинна эхэндээ арваад даашинз зохиосон юм шиг санагдсан ч гайхамшигт ур хийц гоёл чимэг гээд л бүхэл бүтэн сонголтыг үүсгэжээ. Ээлжит даашинз бүрд үзэгчид уулга алдан хашгирсаар сүүлчийн зургаан даашинз дээр сэтгэлийн хөөрөл оргилдоо хүрэв. Хүмүүс таалагдвал хашгирч санаанд нь нийцэхгүй бол дургүйцэн исгэрч байлаа. Хүмүүсийн сэтгэл хөдлөлөөр миний ямар гоёл өмсөхийг
тодруулах аж. Энэ нь хачирхалтай байлаа. Эцэст нь Цезарь маргааш үд дунд хүрэлцэн ирж эцсийн санал хураалтаа өгнө үү мэдэгдээд,
- Алив Китнисс Эвердинийг нөхөрт гарах хуримын хувцасыг нь сонгож өгцгөөе! гэж хашгирав. Би зурагт унтраахаар өндийсөн ч дэлгэцэн дээр энэ үдшийн өөр нэг том арга хэмжээг зарлав.
- Энэ жил Үхлийн тоглоом эхэлсний далан тав дахь жил болж байгааг тохиолдуулан номхотголыг нээх цаг болж! - Тэд юу бодож олсон юм бол? Хугацаа нь болоогүй байна шүү дээ гэж Прим түгшив.
Бид ямар нэг зүйл санахыг хичээх мэт бодлогоширон зогсож буй ээж рүү эргэхэд,
- Одоо дэлгэцэн дээр уншиж танилцуулна гэв. Сүлд дуулал тоглон тайзан дээр ерөнхийлөгч Сноу гарч ирэхэд жигшин зэвүүцэх сэтгэл төрөн хоолой бачуурав. Түүнийг жирийн модон хайрцаг барьсан залуухан цагаан хувцастай хүү дагалджээ. Хөгжим зогсоход ерөнхийлөгч бидэнд Үхлийн тоглоомын эхлэлийг тавьсан Харанхуй үеийн тухай ярилаа. Хуульд заасны дагуу зохион байгуулагчид хүмүүсийн ой ухаанаас бослогын тухай дурсамжыг арчихгүйн тулд хорин таван жил тутамд дүрмийг шинэчилж байхаар тогтжээ. Сүүлчийн үгийг би бүсүүдийн бослого гаргасантай холбогдуулан хэлсэн байх гэж таамаглав.
Тэгснээ ерөнхийлөгч бидэнд өнгөрсөн номхотголын тухай ярилаа.
- Хорин тав дахь жилийн ой дээр босогчдод сануулга өгөхийн тулд бүсүүдийн оролцогчдыг санал хураалтаар сонгосон билээ.
Би энэхүү үхлийн урдаас явуулах хүүхдийг сонгох нь ямар болохыг төсөөллөө. Тоглоомын бөмбөлөгөнд хөрш чинь нэрийг хийж болох учир аймшигтай хэрэг байв.
- Тавь дахь жилийн босгон дээр бослогын үеэр амь үрэгдсэн Капитолын иргэдийг сануулахын үүднээс бүсүүд хоёр дахин их оролцогч илгээсэн.
Нүдний өмнө хорин гурав биш дөчин долоон өрсөлдөгч тодрон гарч ирэв. Ялах өчүүхэн ч боломж байхгүй хаа сайгүй үхэл байна. Тэр жил Хеймитч ялсан юм.
- Би тэгэхэд найзыгаа алдсан. Мэйсили Доннер гэдэг юм. Эцэг эх нь амттаны дэлгүүртэй байлаа. Тэд дараа нь надад канар бялзуухайг нь өгч билээ гэж ээж хэлэв.
Прим бид хоёр бие биеэ харлаа. Мэйсили Доннерийн тухай анх удаагаа сонсож байгаа нь тэр. Магадгүй түүний яаж үхсэн тухай лавлаж асуухаас айгаад урьд нь яриагүй биз.
- Одоо гурав дахь номхотголыг гаргах цаг боллоо гэж ерөнхийлөгч хоолойгоо өндөрсгөхөд залуухан хүү ойртож хайрцагаа сунгалаа. Сноу тагийг онгойлгоход жигдхэн шаргал дугтай үзэгдэв. Анхны номхотголыг Үхлийн тоглоом эхэлсэн цагаас боловсруулжээ. Тэгтэл ерөнхийлөгч далан тав гэсэн дугаартай дугтуй дотроос жижигхэн цагаан цаас гаргаад уншсан нь,
- Далан тав дахь жилийн ой дээр бослого гаргагчдад Капитолын сүр хүчийг сөрөн эсэргүүцэхийн аргагүйг сануулах үүднээс ургацын үеэр сонголтыг ялагчдын дунд явуулах боллоо гэв.
Ээж сулхан хашгирахад, Прим нүүрээ даран би зурагтын өмнө байгаа бусад хүмүүсийн адил сэтгэл үймрэхээ мэдэрлээ. Энэ чинь юу гэсэн үг вэ? Ялагчдын дунд явуулна гэдэг чинь юу гэж байгаа юм?
Тэгснээ гэнэтхэн ойлголоо. Энэ нь надад хамаатай. Арван хоёрдугаар бүсэд ердөө гурван ялагч бий. Хоёр эрэгтэй болон нэг эмэгтэй... Би бүс рүү эргэж очих болжээ. 13
Бие тархинаас хурдтай ажиллан нэг л мэдэхэд хаалгаар гаран Ялагчын тосгоны зүлгэн дээгүүр харанхуйд гүйж байлаа. Нойтон газар оймс норгон, зэвэргэн салхи хацар шилбүүрдэх хэдий ч зогссонгүй. Хаашаа? Хаашаа явах вэ? Мэдээж ой руу. Хашаанд дөхөж ирсэн хойноо бөглүү дүнгэнэх чимээ сонсоод хавханд орсноо саналаа. Хүндээр амьсгаадан эргээд ахин гүйлээ.
Дараагийн агшинд Ялагчын тосгоны хоосон байшингуудын нэгнийх нь зооринд дөрвөн хөллөн сэхээ орлоо. Толгой дээрх жижигхэн цонхоор сарны бүдэг гэрэл тусна. Даарч нороод дотор давчдан гүйгээд ч дотор өгсөн нэмэгдэх айдсаас салж чадсангүй. Хэрвээ үүнээс чөлөөлөгдөхгүй бол бүхлээрээ залгигдах нь байна. Цамцныхаа захыг бөөгнүүлэн амандаа наагаад хашгирч эхлэв. Хэр удсаныг нь ч мэдэхгүй ч хоолой гарахаа болиход зогслоо.
Би хажуугаараа атиралдан хэвтээд шалан дээр туссан сарны гэрлийн толбо руу ширтэв. Ахиад л бүс рүү. Бүх шөнийн хар дарсан зүүдний эх сурвалж руу. Ийм л газар луу намайг илгээх нь. Нүдэнд өөр бусад аймшигтай зүйлс харагдав. Олон нийтийн өмнө доромжилж, тамлан, цаазаар аваачиж, ой руу зугтахад араас онгоцтой мөшгөн хөөж, Питтэй гэрлэхэд хүүхдүүдийг минь бүс рүү хүчээр авч явж байгаа дүр зураг үзэгдэв. Би хэзээ ч тоглоом руу буцах ёсгүй. Өмнө нь тийм тохиолдол гарч байгаагүй. Ялагч ургацаас үүрд чөлөөлөгддөг. Одоо хүртэл ийм байсаар ирсэн.
Шалан дээр тавилга хэрэгсэл хучдаг зотон даавуу хэвтэж байсанд авч нөмөрлөө. Алсад хэн нэгэн миний нэрийг дуудах сонсогдов. Гэвч энэ агшинд би өөр хүний тухай бодох манатай байв. Зөвхөн өөрийнхөө тухай болон урд хүлээж байгаа зүйлийн тухай бодлоо. Даавуу ширүүн ч бие дулаацахад булчин шөрмөс сулран зүрх удаанаар цохилж эхлэв. Нүдний өмнө модон хайрцагнаас ерөнхийлөгч Сноугын сугалсан шар дугтуй харагдлаа. Далан таван жилийн өмнө номхотголд үнэхээр ингэж бичлээ гэж үү. Итгэмээргүй юм. Капитолын өмнө тулгарсан асуудлыг шийдэхэд хэтэрхий төгс хариулт байна. Надаас салахын зэрэгцээ бүсүүдийг дэг журамд оруулан номхотгох.
Толгойд ерөнхийлөгч Сноугын <<Далан тав дахь жилийн ой дээр бослого гаргагчдад Капитолын сүр хүчийг сөрөн эсэргүүцэхийн аргагүйг сануулах үүднээс ургацын үеэр сонголтыг ялагчдын дунд явуулах боллоо>> гэсэн хоолой сонсогдов.
Тиймээ ялагчид хүчтэй. Бүсэд амьд үлдэн бусдынхаа хоолойд углагдсан дүүжлүүрийн олсноос мултарсан хүмүүс. Тэдэнд хэнд ч байхгүй итгэл найдвар бий. Гэвч одоо хурин гурван хүн хуурамч найдварын баталгаа болон алагдах болжээ. Өнгөрсөн жил ялсан нь сайн хэрэг болжээ. Өөрөөр бол бусад ялагчдын тоглоомд оролцохыг үзэхгүй байсан. Тэд Капитолд жил бүр зөвлөгч хийхээр ирдэг болохоор олонхи нь хоорондоо найзууд байж таарна.
Харин миний хувьд Пит, Хеймитч хоёрын хэнийг нь алуулах бол гэхээс зүрх түгшив. Пит эсвэл Хемитч. Пит эсвэл Хеймитч!
Би шалан дээр огцом өндийн суугаад хучлагаа авч хаялаа. Ийм зүйл яаж байж болох юм бэ. Би хэзээ ч тэдний урдаас гараа өргөхгүй. Гэвч тэдний нэг нь надтай бүсэд орно. Магадгүй хэн нь гэдгээ шийдсэн ч байж болох. Ургацын үеэр хэнийг ч сонголоо гэсэн нөгөөдөх нь сайн дураараа гарах боломжтой. Би энэ бүхэн яаж болохыг мэдэх билээ. Пит гарцаагүй Хеймитчээс бүсэд очихыг гуйна. Миний төлөө. Хамгаалахын төлөө. Би зооринд тэмтчин гарах гарц хайлаа. Ийшээ яаж орж ирсэн юм бол? Гал зуух руу өгссөн шат харцанд тусахад хаалганых нь шил хагарсан байлаа. Ийм учраас л миний гар цус болсон хэрэг байх нь. Би гараад Хеймичтийн гэр лүү яаран гүйлээ. Хеймитч гал зуухны ширээнд ганцаар суугаад нэг гартаа тал шингэн бүхий лонх, нөгөө гартаа хутга барьсан байлаа. Шал согтуу байв. - Аан хүрээд ирэв үү. За хонгор минь эцэст нь юу болохыг ойлгов уу? Ганцаараа буцахгүй гэдгээ мэдсэн биз дээ? Одоо чамд гуйлт байгаа байх... Юу юм дээ?
Би хариулсангүй цонх онгойлгон хүйтэн салхи оруулав.
- Залуугийн хувьд амархан гэдгийг мэдэж байна. Тэр намайг лонхны бөглөө ханзлахаас урд саяхан энд байсан. Чамтай хамт явахыг гуйсан. Харин чи юу хэлмээр байна даа? гээд тэр миний хоолойг даажигнан, - Хеймитч чи түүний байрыг эзлээч. Хэрвээ та хоёрын нэгийг сонгоход хүргэвэл Пит үрэгдсэнээс чи дээр биз дээ? гэв.
Би уруулаа хазлаа. Одоо түүний ингэж хэлсний дараа энэ бүхэн аймшигтай санагдаж үнэхээр хүсч байсан эсэхээ мэдэхээ болив. Питийг амьд үлдээхийн төлөө Хеймитчийг үхүүлэх болж байна уу. Үгүй тэгж чадахгүй. Хэдийгээр тэр тэвчихийн аргагүй ч төрсөн гэр бүлийн хүн шиг ойрхон байдаг. <<Би ийшээ яах гэж ирсэн юм бол? Эндээс яг юу хүссэн юм бол?>> гэсэн бодол зурсхийв. Тэгтэл уруулаас,
- Ахиад уух юм байна уу? гэсэн үг гарлаа.
Хеймитч хөхөрснөө лонхтой архиа урд тасхийтэл тавилаа. Би лонхны амсарыг ханцуйгаараа арчаад хоёр балгаснаа ханиалгаж эхлэв. Хэсэг хормын дараа зүгээр болсон ч нүднээс нулимс гоожсон хэвээр архи дотроос халуу шатаана. - Чи яагаад явж болохгүй гэж? Тэртээ тэргүй амьдралаас уйдсан биз дээ гэж би хайхрамжгүй хэлээд сандал авч суулаа.
- Энэ ч үнэн шүү. Өнгөрсөн удаад чамайг аврах гэж хичээсэн болохоор... энэ удаад хүүд санаа тавих ёстой юм шиг санагдаж байна. - Сайхан санаа байна гэж би дэмжээд хамраа арчсанаа лонхтой архинаас ахин балгав. - Харин Пит өнгөрсөн удаад би чамайг сонгосноороо өртэй болсон гэж хэлсэн. Чамайг бүсэд ахин хамгаалах боломж өгснөөрөө төлөх юм байх.
Мэдэж байсан юм. Пит үүнийг өлхөн хэлж чадна. Намайг зоорины шалан дээр өөрийгөө өрөвдөн өнхөрч байх зуур тэр энд байж зөвхөн миний төлөө санаа зовж байж. Дотор ичингүйрлийн давалгаа нөмрөхөд юу хэлэхээ мэдсэнгүй.
- Чи зуу дахин амьдарсан ч тийм залуу олдохгүй гэдгийг мэдэх үү гэж Хеймитч хэлэв.
- Мэднэ, мэднэ. Эргэлзээгүй бид гурвын дундаас тэр хамгийн шилдэг нь. Чи тэгээд яах гэж байна даа? - Мэдэхгүй. Хэрвээ бүтвэл бүсэд чамтай эргэж очих байх. Гэхдээ ургацын үеэр миний нэрийг сонговол Пит сайн дураараа гарах нь мэдээж.
Бид хэсэг зуур чимээгүй суулаа. - Чамд бүсэд байх амаргүй байх даа. Бүгдийг нь таних болохоор...
- Ямар ялгаа байна хаа ч байсан ялгаагүй дотор муухайрах болно гээд зөвлөгч лонхтой архи руу дохин,
- Буцааж авч болох уу? гэв. - Үгүй гээд би гараа зөрүүллээ.
Хеймтитч ширээн дороос ахин нэг лонх архи гаргаж ирээд бөглөөг нь мултлав. Тэгэхэд л би зөвхөн уух гэж ирээгүйгээ ойлголоо. Би энд Хеймичтээс юм гуйх гэж ирсэн билээ.
- За яахав юу гуйх ёстойгоо ойлголоо. Хэрвээ Пит бид хоёр бүсэд очвол энэ удаад хамтдаа түүнийг амьд үлдээхийг хичээнэ шүү.
Хеймитчийн цус хурсан нүдэнд шаналал гялсхийв.
- Таны хэлснээр ямар ч тохиолдолд аймшигтай байх болно. Тэгээд ч Пит өөрөө хүсч байгаа бол одоо түүнийг аврах ээлж. Бид хоёулаа түүний өмнө өртэй гээд би гуйсан хоолойгоор, - Миний хийсэн зүйлийн төлөө Капитол үзэн ядаж байгаа болохоор үхсэн нь дээр. Харин Питэд бол найдлага байгаа. Хеймитч, гуйж байна надад туслаач гэв.
Тэр миний үгийг цэгнэн лонхтой руу баргар царайлан харснаа, - За яахав гэв.
- Баярлалаа.
Би одоо Питтэй уулзахыг хүссэн ч тэгсэнгүй. Уусан архиндаа толгой эргэн дотор давчдаад хүнийг ятгаж чадахаар байна гэж үү? Үүний оронд гэр лүүгээ явж ээж, Прим хоёр дээр очсон нь дээр. Би үүдний шат руу түчигнүүлэн гартал хаалга нээгдэж Гейл урдаас тэвэрлээ.
- Уучлаарай миний буруу. Чамайг хэлэх үед чинь л зугтах ёстой байж гэж тэр шивнэв.
- Үгүй дээ гээд нүдний өмнө бүх зүйл бүрэлзэхэд лонхтой архиа Гейлийн хүрэм рүү асгасан ч анзаарсангүй. - Китнисс одоо ч оройтоогүй байна.
Түүний ард ээж Прим хоёр тэврэлдэн зогсоно. Хэрвээ бид зугтвал тэд үхэх болно. Тэгээд ч хэн Питийг бүсэд
хамгаалах юм бэ?. - Үгүй дээ, оройтсон гээд өвдөг нугларахад тэр амжиж барилаа. Шалан дээр лонх жингэнэн унаж хагарах чимээ сонсогдов. Ингээд эргэн тойрны бүх зүйл харанхуйлан ухаан балартав.
Би сэрээд жорлон руу гүйж уусан юмныхаа үлдэгдлийг бөөлжин гаргахад бүх бие хөлрөн чичирэв. Гэвч хор цусанд хангалттай үлджээ. Толгой эргэн, ам хатаж гэдсэнд муур тонгочих мэт болно. Шүршүүрт орон бүлээн ус гоожуулсан хойноо дотуур хувцсаа тайлаагүй болохоо анзаарав. Ээж өчигдөр орой гаднах бохир хувцсыг тайлаад намайг оронд оруулсан бололтой. Нойтон дотуур хувцсаа угаалтуурт хийгээд толгойгоо үсний шингэн савангаар угаав. Алга хатгуулан өвдөхөд зүсэгдсэн хэсэгт жижигхэн оёдол тавьсан байлаа. Өнгөрсөн шөнө хаалганы цонх хагалахдаа шилэнд зүссэн бололтой. Хөлөөс толгой хүртэл бүх биеэ сойздон угаагаад шүршүүрт зогсоход анхилуун үнэртэй хөөс хоолойгоор урсан алга болов. Эцэст нь халат нөмөрч ор луугаа буцаж явахдаа нойтон үснээс үс дуслахыг тоосонгүй. Хөнжилдөө шурган хэвтэхэд дотор хордсон хүн мэт халуу шатна. Тэгтэл шатны гишгүүр чахрах чимээ гарч өчигдрийн цочирдол буцан ирлээ. Би ээж, Прим хоёртой уулзах бэлтгэлтэй байсангүй. Сүүлийн удаа тоглоомд явсан үеийнх шигээ биеэ барьж хоёуланг нь тайван ятгах хэрэгтэй байсан тул өндийн босоод нойтон үсээ чихний ардуур хийн зоригоо хөвчлөв. Тэд үүдээр шарсан талх цай барьсаар гунигтай орж ирэхэд би тоглоом хийхээр завдан ам нээснээ гэнэтхэн цурхирч эхлэв. Ээж орны ирмэг дээр суухад Прим намайг түшээд уйлахаа болих хүртэл тайвшируулан шивнэж байлаа. Дараа нь тэр үсийг минь алчуураар арчин хатаагаад самнаж өгөхөд, ээж аргадангуй цай талхтай өгөөд дулаахан унтлагын хувцас өмсүүлж хөнжлөөр давхарлан хучихад нь унтлаа.
Би үдээс хойш болсон хойно сэрээд юу болсныг ахин саналаа. Орны хажуугийн ширээн дээр аягатай ус байсныг авч залгилав. Толгой ангалзан бие хүнд оргисоор хэдий ч өглөөнийхийг бодвол хамаагүй дээрджээ. Босож хувцаслаад үсээ сүлжив. Доошоо буухын урд шатны орой дээр хэсэг саатан сул дорой гаргасан зандаа ичингүйрэх сэтгэл төрөв. Ухаангүй зугталт, Хеймитчтэй уусан, өглөө уйлсан гээд л... Дэргэд зурагтын дуран байгаагүй нь яамай. Гал зууханд ээж, Прим хоёрын биеэ барьсан төрхийг хараад ахин дотор эвгүй болов. Тэд намайг зовоохгүйн тулд бүгдийг тэвчиж байгаа нь ойлгомжтой байлаа. Примийн царайг харахад есөн сарын өмнө ургацын өдөр үлдэж байсан жижигхэн эмзэгхэн охин гэж итгэмээргүй санагдана. Бүсэд эцэс төгсгөлгүй шархтай хмүүүсийг сувилан өөртөө санаа тавьсаар насандаа хамаагүй ахмад харагдахын зэрэгцээ надтай бараг чацуу болсон байлаа.
Ээж надад шөл аягалж өгөхөд хоёр дахь аягатайг Хеймитчэд өгөхөөр явлаа. Тэр саяхан сэрсэн бололтой аягатайг үг дуугүй авав. Бид тайван сууцгааж халуун шөл оочлон зочны өрөөний цонхоор нар жаргахыг харж суулаа. Тэгтэл дээд давхарт хөлийн чимээ гарахад Хейзел байх гэж бодсон ч Пит цаасан хайрцаг дүүрэн архины хоосон лонх барин бууж ирээд ширээн дээр тавингаа, - Болчихлоо гэж мэдэгдэв.
Хеймитч лонх рүү гөлрөн харах үед би,
- Юу болчихлоо гэж? хэмээн асуулаа. - Лонхонд байсан бүх архийг асгачихлаа.
Хеймитч ухасхийн хайрцаг доторхийг самардан үзсэнээ,
- Яасан гэнээ? хэмээн үл итгэн асуухад,
- Үлдсэнийг нь хагалсан гэж Пит хэлэв.
- Тэр ахиад л худалдаад авчихна гэж би тайвширууллаа. - Үгүй худалдаж авахгүй. Би өглөө Риппер луу очоод ахин нэг шил архи зарах л юм бол дээш нь мэдэгдэнэ гэж хэлсэн. Ямар ч байсан түүнийг мөнгө олохоосоо илүү журам сахиулагчид баригдахыг хүсэхгүй гэж бодож байна.
Хеймитч хутгаа гаргасан ч Пит хялбархан няцаав. Миний уур хүрч,
- Ингэхэд чамд ямар хамаатай юм бэ? гэлээ. - Бүрэн хамаатай. Бидний хоёр нь бүс рүү явахад гурав дахь нь зөвлөгч болно. Согтуу хүн багт тэсэхгүй. Ялангуяа чамд хэлж байна шүү, Китнисс.
- Юу гэнээ? Тиймээ би өчигдөр амьдралдаа анх удаагаа архи уусан гэж би уурсан хашгирлаа. - Тэгээд хэнтэй төстэй байгаагаа хар гэж тэр толгой дохив.
Бүс рүү явах мэдэгдлийн дараа би Питтэй уулзах үедээ юу хүлээж байснаа мэдэхгүй юм. Үнсэлт тэврэлт юмуу өчүүхэн ч атугай тайвширал хүсч байсан байх. Ямартай ч үүнийг лав биш. Би гэрийн эзэн рүү эргээд,
- Санаа зовох хэрэггүй дээ надад архи олдоно гэв. - Тэгвэл хоёуланг чинь эрүүлжүүлнэ.
- Энэ чинь юу гэсэн үг юм? гэж Хеймитч гайхав.
- Энэ бол бидний хоёр нь Капитолоос гэртээ эргэн ирнэ гэсэн үг. Нэг зөвлөгч нэг ялагч. Эффи надад амьд үлдсэн ялагчдын жагсаалтыг явуулсан. Бид тэдний бичлэгийг үзэж арга барилыг нь судлах ёстой. Бид хүчтэй мэргэжлийнхэн шиг байх ёстой. Та хоёрт таалагдсан эсэх нь хамаагүй тоглох л болно! гээд тэр биднийг цочтол өрөөнөөс хаалга саван гарлаа.
- Өөртөө итгэлтэй тэнэгийг тэвчиж чадахгүй нь гэж би бувтнав. - Ер нь хэнд таалагдах юм бэ? гэж Хеймитч дэмжээд хоосон шилийг онгичив.
- Бид хоёрт. Тэр биднийг эргэж ирэхийг хүсч байгаа.
- Мөрөөдөхөд гэмгүй л юм гэж тэр бувтнав. Гэвч хоёр өдрийн дараа бид мэргэжлийнхэн болохыг зөвшөөрсөн бөгөөд энэ нь тэмцэлд бэлтгэх хамгийн сайн арга байлаа. Бид үдэш болгон хуучин Үхлийн тоглоомын оролцогчдыг судалж дүгнэлт хийнэ. Би аялалынхаа үеэр тэдний хэнтэй ч тааралдсангүй. Хеймитч үүнийг ерөнхийлөгч Сноу биднийг ялангуяа намайг бүсүүдийг босгох чадалтай ялагч нартай уулзуулахгүйн төлөө санаа тавьсан байх гэж хэлэв. Ялагчид онцгой нөхцөлд байдаг болохоор
Капитолын эсрэг бослогыг дэмжвэл аюултай байдал үүсэх байлаа. Гэвч насны хувьд ихэнхи өрсөлдөгчид маань хижээл насанд хүрсэн нь гунигтайн зэрэгцээ тайвшируулж байв. Пит эцэс төгсгөлгүй тэмдэглэлийн дэвтэр сараачин Хеймичтийн өнгөрсөн жилийн аваргуудын тухай яриаг бичиж авах бөгөөд өрсөлдөгчидтэйгээ алгуур танилцаж байлаа.
Бид өглөө болгон биеийн тамираар хичээллэн чийрэгжүүлэх дасгал хийнэ. Гүйж булчин шөрмөсөө тэнийлгэн хүнд юм өргөнө. Дараа нь үдээс хойш тулааны бэлтгэл хийн хутга шидэж, гараар тулалдаж байв. Тэр ч байтугай би тэднийг модонд авчирч сургалаа. Албан ёсоор оролцогчид бэлтгэлд хамрагдах ёсгүй ч энэ нь биднийг зогсоосонгүй. Ердийн жилүүдэд нэг, хоёр, дөрөвдүгээр бүсийн оролцогчид бэлтгэл сургууль хийн сэлэм жад дээд зэргийн эзэмшсэн байдагтай харьцуулахын аргагүй юм.
Олон жил бие махбодьтойгоо буруу харьцсаны дараа Хеймитчийн бие сайжрал авахааргүй болжээ. Тэр биерхүү хүчтэй хэдий ч ойрын зайд гүйхэд амьсгаадаж, шөнө бүр хутгатай унтдаг хүн гэхэд чичирсэн гараараа хажуугийнхаа байшингийн хана руу шидэж дөнгөхгүй аж.
Пит бид хоёрт шинэ дэглэм үр дүнгээ өгөв. Энэ нь намайг хийх ажилтай болгосон юм. Ер нь бүгд гар хумхилгүй ажиллаж байв. Ээж бидэнд биеийн жин нэмэгдүүлэх тусгай хоол өгч, Прим сунасан шөрмөс эмчлэн, Маж аавынхаа Капитолын сонинг хулгайгаар авчирч өгөхөд сэтгүүлчид энэ жилийн аварга хэн болохыг тааварлахад тэдний тоонд бид орсон байлаа. Тэр ч байтугай Гейл хүртэл Хеймитч, Пит хоёрт ням гаригт бүгдийг урхи занга тавихад сургав. Гейл, Пит хоёрыг хамтдаа байхыг харах нь хачирхалтай байлаа.
Тэр үдэш Гейлтэй хамт хот руу буцан явахад,
- Яагаад энэ залууг үзэн ядахад тийм хэцүү байдаг юм бол? гэв. - Надад хэл дээ. Хэрвээ би түүнийг үзэн яддаг байсан бол яах вэ. Түүнийг үхэхэд би баяртайгаар ялагч болсон бол.
- Китнисс харин бид ямар байх байсан бол?
Би юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Хэрвээ Пит байгаагүй Гейл үеэл ахын дүр эсгэх шаардлагагүй байсан бол яах байсан бол? Түүнийг үнсэх үедээ би эрх чөлөөтэй байсан уу? Би түүнд хуурамч аюулгүй байдал мөнгө хоол хүнс өгч байсан. Дараа нь юу болох байсан гэж? Ургацын өмнөх айдас бидний хүүхдүүдийг нэрвэх болно.
- Ням гаригийнх шиг агнаж байсан байх.
Гейл өөр зүйл хүлээж байсан ч гэлээ энэ миний хэлж чадах хамгийн үнэн зүйл байлаа. Тэр миний өрсөлдөгчийг нь эрхэмлэсэн болохоор зугтахаас татгалзсаныг ойлгож байгаа. Тэгээд ч бүсэд Питийг дуусгасан байлаа гэсэн би нөхөрт гарахыг яарахгүй.
Би Гейлийг үүнээс болж ямар ч шийдэмгий зүйл хийлгэж магадгүй гэж айж байсан юм. Уурхайд бослого гаргах гэх мэт. Гэвч Хеймитч арван хоёрдугаар бүс үүнд бэлэн биш гэсэн. Тэгээд ч номхотголын мэдэгдлийн дараа маргааш өглөө нь бүтэн вагон дүүрэн журам сахиулагч ирсэнийг хэлэх үү. Би хоёр дахь удаагаа амьд гарна гэж найдахаа больсон учир Гейл намайг орхисон нь дээр байлаа. Ургацын дараа салах ёс гүйцэтгэх үедээ хэдэн үг хэлэх болно. Энэ бүх жилүүдэд миний хувьд хичнээн үнэтэй байсан болон түүнтэй танилцсанаар миний амьдралд хичнээн сайн зүйл авчирсаныг хэлнэ.
Гэвч надад боломж олдсонгүй. Ургацын өдөр бүгчим халуун байлаа. Арван хоёрдугаар бүсийн оршин суугчид автомат бууны хараан дор талбай дээр чимээгүйхэн зогсоод үр дүнг хүлээж байв. Бид гурав олсоор тусгаарлагдан зогсов. Энэ удаад сонголт ганцхан хормын турш үргэлжлэн Эффи зохиогүй гялалзсан алтлаг хиймэл үстэй гарч ирээд чичирсэн гараа охидын бөмбөлөг рүү сунгаж цорын миний нэртэй цаасыг авлаа. Араас нь Хеймичтийн нэр гарав. Түүнийг над руу гунигтай харж амжаагүй байхад Пит сайн дураараа гарлаа. Биднийг даруйхан шүүхийн байшинд хүргэсэн бөгөөд журам сахиулагчдын тэргүүн Тред,
- Журам өөрчлөгдсөн гэж инээвхийлэв.
Тэндээс арын хаалгаар гаргаж машинд суулгаад галт тэрэгний буудал руу явав. Галт тэрэгний буудал дээр зурагтын дуран цугласан хүмүүсийн алин ч байсангүй. Эффи, Хеймитч хоёр харгалзаан дор ирэхэд бүгдийг яаран галт тэрэг оруулж хаалга хаагаад хөдлөн арван хоёрдугаар бүс алсад хоцров.
Би цонхоор уруулаа хазлан ширтэхэд салах ёс гүйцэтгэлийн бүх үг аманд үлдлээ. 14 Модны цаана төрсөн газар маань халхлагдан үзэгдэхээ больсон ч би цонхны дэргэд үргэлжлүүлэн зогссоор байлаа. Энэ удаад буцаж ирэх найдлага байсангүй. Би өнгөрсөн жил Примийн төлөө бүгдийг хийж ялна гэж амласан бол харин одоо Питийг аврахаар өөртөө амлав. Тэгээд ч энэ аялалаас буцаж ирэхгүй байх болно.
Би хайртай хүмүүстээ хэлэх байсан салах ёсны үгийнхээ талаар бодохыг хичээлээ. Хаалга хааж тэднийгээ гашуудалтай хэдий ч аюулгүй орхихыг хүссэн. Капитол үүнийг хүртэл хулгайлжээ. - Китнисс захиа бич. Тэгсэн нь дээр. Хэрвээ бүтвэл... Хеймитч явуулж өгөх байх гэж Пит хэлэв.
Би толгой дохиод өрөөндөө орж орон дээрээ суув. Үгүй захиа хэрэггүй. Энэ нь яг л арван нэгдүгээр бүсийн Бутлагч, Рут хоёрын хүндэтгэлийн үгийг бичих гэж байгаатай адил байсан юм. Толгойд хэлэх үг тодхон байвч үзэг аваад цаасан дээр буулгах нь зовлон шаналал мэт санагдана. Үүний оронд Примийг тэвэрч үнсэн үсийг нь сөргүүлэн илж, Гейлийн нүүрэнд хүрч, Мажын гарыг атгах байсан билээ. Тэгээд ч миний хөшсөн цогцостой модон хайрцаг ирвэл яах болж байна?
Сэтгэл шимширэхэд орон дээрээ хэвтээд маргааш өглөө Капитолд очих хүртэл унтахыг хүслээ. Гэвч надад даалгавар байгаа. Зүгээр нэг даалгавараас ч илүү. Үхлийн өмнө Питийн амийг аврах хүсэл. Би Капитолын уур хилэнгийн өмнө толгойгоо өндөр байлгах ёстой. Гэртээ үлдээсэн ойр дотны хүмүүсийнхээ араас гашуудаад байвал юу ч бүтэхгүй. <<Тэднийг орхи. Салах ёс гүйцэтгээд март>> гэж би өөртөө тушаалаа. Сүүлчийн хүчээ цуглуулан бүгдийг ээлж дараалан төсөөлөөд бодолдоо цээжинд хоригдсон шувуу сул тавих мэт чөлөөлөн эргэж ирэхээргүй болтол хаалга хаав.
Эффи оройн хоолонд дуудахаар ирэхэд сэтгэл санаа минь хоосрон хөнгөрчээ. Оройн хоол дуу шуугүй өнгөрөв. Бид удтал чимээгүй сууж нам гүмийг тавагтай хоол сэлгэн тавих чимээ эвдэнэ. Ногооны хачиртай хүйтэн шөл, цөцгийтэй загасны бялуу, шаргал сүмстэй жижигхэн шувуу, замгаар хачирласан зэрлэг будаа, интоортой хайлмал шоколад.
Пит, Эффи хоёр яриа эхлүүлэх оролдлого хийсэн авч түргэн бөхлөө. - Эффи надад чиний шинэ үс таалагдаж байна гэж Пит хэлэв.
- Баярлалаа. Би Китниссийн зүүтэй адилхан өнгөтэй хиймэл үс сонгосон юм. Чамд шагайны алтан зүүлт, Хеймитчэд алтан бугуйвч сонговол бүгд нэг баг шиг харагдах байх. Эффи харваас миний ятга шаазгай наймдугаар бүсийн бослогын бэлэг тэмдэг болсоныг мэдээгүй бололтой. Харин Капитолд бол урьдын адил хийх ажилгүй хүмүүст Үхлийн тоглоомыг санагдуулах хөгжилтэй тэмдэг хэвээр байсан юм. Өөр яана гэж? Жинхэнэ босогч хэзээ ч нууц тэмдгээ үнэт чулуугаар хийн зүүхгүй нь мэдээж. Дор нь идэж болох жигнэмэг дээр дүрсэлсэн нь дээр.
- Сайхан санаа байна. Хеймитч юу хэлмээр байна даа? гэж Пит зөвшөөрөв. - Яасан ч хамаа алга.
Зөвлөгч уухыг ихэд хүсч байсан ч уусангүй. Эффи түүний зовиурыг ажиглаад өөрийнхөө дарсыг өгөх гэсэн ч бүтсэнгүй Хеймитч зовиуртай хэвээр үлдэв. Хэрвээ тэр оролцогч байсан бол үүргээс чөлөөлөгдөн хүссэнээрээ уух байсан ч харин одоо хуучин найзын хувьд Питийг бүсээс амьд гаргах үүрэгтэй болсон болохоор бүтэхгүй болжээ. - Эсвэл Хеймитчэд хиймэл үс авч өгөх үү? гэж би тоглоом хийхэд орхи цаашаа гэсэн янзтай унтууцан харсан тул хоолоо чимээгүй идлээ.
- Явж ургацын дүнг үзэх үү? гээд Эффи амаа цагаан алчуураар арчив. Пит явж амьд үлдсэн ялагчдын жагсаалт бүхий тэмдэглэлийн дэвтрээ авчираад бид бүсийн өрсөлдөгч нараа үзэхээр зурагт асаав. Байраа эзэлж амжив уу үгүй юу сүлд дуулал явж эхлэн ургацын үеэрх арван хоёр бүсийн сонголтыг үзүүлэв.
Тоглоомын түүхэнд нийт далан таван ялагч тодорсноос тавин ес нь амьд байлаа. Би тэдний олонхын царайг өмнөх тоглоомын хальснаас үзсэн болохоор таних болжээ. Зарим нь хөгширч, хар тамхинд донтон архи уух болсноор бие нь доройтжээ. Хүлээж байсан ёсоор нэг, хоёр, дөрөвдүгээр бүсийн мэргэжлийн оролцогчид хамгийн их байсан ч бусад бүсүүд яаж ийгээд хоёр оролцогч гаргаж дөнгөв.
Ургац түргэн болж өнгөрлөө. Пит сонгосон оролцогч бүрийн нэрийг хичээнгүйлэн дугуйлж, Хеймитч эртний анд нар нь нэг нэгээрээ тавцан руу өгсөхийг хайхрамжгүй ширтэнэ. Харин Эффи нам дуугаар <<Өө, Цецелия л биш шүү>> гэх юмуу <<Тийм дээ, Чапгүй тэмцэл юу байх билээ?>> хэмээн дуу алдаж байв. Энэ зуур өнгөрсөн жилийн адилаар зарим тоглогчид миний ой ухаанд хадгалагдан үлджээ. Намайг жаахан хүүхэд байхад жил дараалан ялсан нэгдүгээр бүсийн сонгодог төрхтэй үзэсгэлэнтэй ах дүү хоёр, бүс рүү очихыг тэсэн ядан хүлээж байгаа хоёрдугаар бүсийн сайн дурын дөчин настай Брут, арван жилийн өмнө арван дөрвөн настай байхдаа ялсан царайлаг хүрэл өнгийн үстэй дөрөвдүгээр бүсийн Финник, мөн харахад хийрхүү байрын хүрэн үстэй эмэгтэй мөн тэр бүсээс гарсан ч тавцан руу таяг тулан гарсан наян настэй сайн дурын эмээгээр солигдов. Дараа нь долдугаар бүсийн цорын ганц эмэгтэй оролцогч болох сүүлийн жилүүдэд бие нь муудсан Жонна Мэйсон болон Эффигийн Цецелия гэж дуудсан наймдугаар бүсийн гурван хүүхэд дагуулсан гучин настай эмэгтэй, арван нэгдүгээр бүсийн Хеймитчийн найз Чап гээд л.
Эцэст нь миний нэр дуудагдан, Хеймитчийн ээлж ирэхэд Пит сайн дураар гарсан бөгөөд хөтлөгчдийн нэг арван хоёрдугаар бүсийн золгүй дурлагсад хамтдаа байх боломжгүй явдалд нулимс асгаруулснаа биеэ барьж,
- Энэ хамгийн шилдэг тоглоом болох нь тодорхой! гэв.
Хеймитч өрөөнөөс чимээгүй гарахад Эффи оролцогчдын тухай хэдэн үг хэлээд хариу сонсолгүй бидэнд тавтай нойрсохыг хүсэв. Би суугаад Пит хэрхэн тэмдэглэлийн дэвтрээсээ сонгогдоогүй нэрсийг арилгахыг харж байлаа. - Унтахгүй юм уу? гэхэд <<би чамгүйгээр хар дарсан зүүд зүүдлэхгүй байж чадахгүй>> гэж бодлоо.
Энэ шөнө аймшигтай байна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ би түүнийг ахин хамт нойрсохоор урьж чадсангүй. Бид Гейлийн ташуурдуулдаг шөнө шиг хөндий зайтай байв.
- Юу хийх гэж байна даа? гэж би сонирхов. - Жагсаалтаа нягталж үзнэ. Бидэнтэй юу тулгарах гэж байгааг тодруулах хэрэгтэй байна. Өглөө чамд үзүүлье. Китнисс явж унт.
Би түүний зөвөлгөөг даган орондоо орсон ч хоёр цагийн турш дөрөвдүгээр бүсийн хөгшин эмгэн аварга том харх болон хувираад хурц шүдээрээ миний нүүрийг мэрж байна гэж зүүдэллээ. Хашгирсан ч Пит юмуу Капитолын хэн нэг үйлчлэгч ирсэнгүй. Би босоод тайвширахыг оролдон халатаа өмсөхөөд бүх бие зарсхийжээ. Өрөөндөө үлдэж чадахгүй байсан тул хэн нэгэнтэй цай юмуу аяга халуун шоколад уухаар гарав. Хеймичт унтаагүй байгаа байх. Гарцаагүй унтаагүй байж таарна.
Би тайвширахын тулд аяга халуун сүү үйлчлэгчид захиалаад зурагтын өрөөнд чимээ гарахад орсонд Пит байлаа. Түүний дэргэд Эффигийн явуулсан Үхлийн тоглоомын өмнөх үеийн хуурцагтай хайрцаг байв. Дэлгэцэн дээр Брутын ялагч болж буй үеийн хэсэг гарна.
Пит намайг хараад хуурцагаа унтраан,
- Унтаж чадсангүй юу? гэв. - Тийм ч удаан биш гээд би аварга том харх болсон хөгшинийг санан дотор арзайхад халатныхаа энгэрийг хумхив.
- Ярилцахыг хүсч байна уу?
Заримдаа энэ нь тусалдаг хэдий ч би толгой сэгсэрлээ. Пит зурагтаар номхотголыг зарласнаас хойш анх удаагаа гараа дэлгэсэнд очиж тэврүүлэв. Тэр маш хатуу шаардлагатай дасгалжуулагч байсан болохоор үргэлж Хеймитч бид хоёрыг түргэн гүйж их идэн, дайснаа таньж мэдэхийг шаардаж байв. Энд ямар ч хайр дурлал байсангүй. Тэр ч байтугай найзын дүр эсгэхээ больжээ. Би түүний хүзүүгээр чанга тэврээд түлхэх байх гэж бодсон ч оронд нь шахаж тэврээд нүүрээ үсэнд наан хүзүүн дээр үнсэхэд бүх бие халуу оргиж сайхан мэдрэмж төрөн тэврэлтээ сулруулахыг хүссэнгүй. Яагаад ингэж болохгүй гэж? Гейлтэй салах ёс гүйцэтгэсэний дээр хэзээ ч уулзахгүй нь лавтай. Тэгээд ч намайг дурангын өмнө жүжиглэж байгаа юм шиг байгааг мэдэхгүй. Мөрөн дээр байсан нэг ч гэсэн жин хөнгөрлөө..
Капитолын үйлчлэгч тавиур дээр сүүтэй домбо хоёр аяга авчирах үед бид хөндийрлөө.
- Би таньд нэмэлт аяга авчирлаа.
- Баярлалаа.
- Бас амт оруулахын тулд сүүнд жаахан бал нэмсэн гээд ямар нэг зүйл хэлэх гэсэн байртай биднийг харснаа толгой сэгсрээд гарлаа. - Тэр яасан юм бол? гэж би гайхширахад,
- Биднийг өрөвдсөн биз гэж Пит хэллээ.
- Тэгэлгүй дээ гээд би сүү хийж авав. - Үгүй дээ, үнэн. Капитолын хүмүүс бүгдээрээ биднийг буцаж ирсэн явдалд хөөрч байгаа гэж бодохгүй байна. Бас бусад ялагч нарыг ч гэсэн адил. Тэд аваргуудтай холбоотой байдаг юм.
- Харин би тэднийг цус хармагцаа үүнийгээ болино гэж бодож байна хэмээн би эсэргүүцлээ. Номхотголын дээр Капитолын үзэгчдэд санаа зовох нь дутаад байж гэнэ дээ. – Чи бүх хальснуудыг эргээд үзэж байгаа юм уу? - Яг ч тийм биш. Хүмүүсийн тулааны арга барилыг үзэхийн тулд гүйлгэн харж байна.
- Дараагийнх нь хэн юм? гэхэд,
- Өөрөө сонго л доо гээд тэр хайрцаг өглөө. Хуурцаг бүр дээр тоглоомын жил болон ялагчын нэрс байлаа. Намайг онгичиж байх зуур гэнэтхэн урьд өмнө үзээгүй хальс тааралдав. Тавь дахь жил. Хеймитч Эбернетигийн ялагч болсон хоёр дахь номхотголын үе.
- Бид үүнийг үзээгүй юм байна гэхэд Пит толгой сэгсрээд, - Хэрэггүй. Хеймитчэд таалагдахгүй байсныг мэдэж байна. Бид ч гэсэн өөрсдийнхөө тоглолтыг үзэхийг хүсдэггүй биз дээ. Тэгээд ч бид бүгдээрээ нэг баг болохоор утгагүй хэрэг гэв.
- Хорин тав дахь жилийн ялагч байгаа болов уу?
- Тэгж бодохгүй байна. Тэр үхсэн байх. Тэгээгүй бол Эффигийн явуулсан ялагчдын дунд бид үзэх байсан гээд гээд тэр бодлогоширон хуурцагыг гартаа эргүүлснээ,
- Чи үүнийг үзэж болно гэж бодож байна уу? гэв.
- Энэ бол номхотголын нэг хэсэг. Ямар нэг ашигтай зүйл олж харах юм билүү гээд Хеймитчийн хувийн зүйлд халдах гэж байгаа юм шиг санагдсанд дотор эвгүйрхлээ. Гэвч үүнийг бүх Панем даяар үзсэн тул тэсгэлгүй сонирхол татаж байлаа.
- Бид зүгээр л Хеймитчэд үзсэн гэдгээ хэлэх хэрэггүй байх.
- Тэгвэл ч яахав гэж Пит зөвшөөрөв. Тэр хуурцагыг тавихад би дэргэд нь суугаад балтай сүү ууж тавь дах тоглоомоос ондоо бүгдийг мартлаа. Сүлд дууллын дараа залуухан хэдий ч зэвүүцэм төрхтэй ерөнхийлөгч Сноу гарч ирээд хоёр дахь номхотголыг уншин энэ удаад бүсүүд хоёр дахин их тоглогч гаргах болсныг зарлалаа. Дараа нь дүрс солигдоход ургацын үеэр сонгогдсон хүүхдүүдийг төгсгөлгүй уншсанд гарцаагүй үхэл рүүгээ явж байгаа хүүхдүүдийг хараад толгой эргэлээ. Арван хоёрдугаар бүсийг үзүүлэхэд Эффигээс өөр эмэгтэй, - Эхлээд хатагтай нар! Мэйсили Доннер! гэхэд харваас Атирааны бололтой охин гарч ирэв.
- Яг тийм! Ээжийн багынх нь найз гээд би гэнэтхэн саналаа.
Дуран хоёр охины хамт зууралдан зогсож байгаа Мэйсилигийн зүг шилжив. Хоёул цайвар үстэй худалдаачдын охид гэдэг нь илт байлаа.
- Харин ээж чинь түүнийг тэвэрч байна гэж Пит хэлэв.
Түүний зөв байлаа. Доннер зоригтойгоор тэврэлтээс мултран тавцан руу гарахад би ээжийгээ харлаа. Миний насан дээр ээж хамаагүй хөөрхөн байж. Харин дэргэд нь зогсоод гараас нь барин цурхирч байгаа Мэйсилитэй төстэй хүн бол... царай нь ихэд их танил ажээ.
- Маж! гэж би гайхлаа.
- Ээж нь байна. Мэйсили тэр хоёрыг ихрүүд шиг адилхан гэж аав ярьсан гэж Пит хэлэв. Би Мажын ээж болох хотын дарга Андерсийн эхнэрийн тухай бодлоо. Амьдралынхаа тэн хагасыг өвчинд шаналан гадаад ертөнцөөс тусгаарлагдаж орон дээр өнгөрүүлсэн. Ээжтэй холбоотой эсэхийг мэдэхгүй юм. Зөвхөн Мажын цасан шуурган дундуур Гейлд хайрцагтай өвчин намдаах эм авчирч өгсөнийг санаж байна. Харин түүний надад бэлэглэсэн ятга шаазгай бүсэд амь үрэгдсэн Мажын нагац эгч Мэйсили Доннерийнх байж. Би одоо л ятга шаазгайгаа өөрөөр харах боллоо. Хеймитчийн нэрийг хамгийн сүүлд дуудав. Түүнийг харах нь ээжийг харахаас илүү цочирдом байлаа. Залуухан хүчтэй буржгар хар үс, Атирааны бусад хүмүүсийн адил хурц саарал нүд нь аюултай харагдуулна..
- Хөөх, Пит! Түүнийг Мэйсилийг алаагүй гэж найдъя хэмээн би дуу алдав.
- Минийхээр бол дөчин найман оролцогч байхад түүнтэй тулгарах боломж бага гээд Пит толгой сэгсэрлээ. Тэд морин тэргэн дээр тойроход манай бүсийн оролцогчид аймшигтай уурхайчины хувцас өмссөн бөгөөд ярилцлагын үеэр зурсхийн харагдав. Гэвч Хеймитч ялсан болохоор шөнийн тэнгэр шиг гялалзсан цэнхэр хүрэм өмссөн Цезарь Фликермантай хийсэн ярилцлага гарав. Тэрбээр хар ногоон өнгийн үс, зовхи уруулын будагтай байлаа.
- Тэгэхээр Хеймитч энэ удаад ердийнхөөс зуун хувь их өрсөлдөгчтэй байгаа тухай юу бодож байна? гэж Цезарь асуув. - Ямар ч ялгаа харахгүй байна. Тэд ердийнхөөс зуун хувь дахин тэнэг болохоор миний боломж ч гэсэн ийм байгаа.
Үзэгчид инээд алдахад Хеймитч ихэмсгээр хайхрамжгүй инээмсэглэв.
- Тэр ийм хол явж чадахгүй юм шиг харагдаж байгаа биз? гэж би хэллээ.
Тоглоомын өглөө эхлэхэд нэг оролцогч бүсэд өргөдөг хоолойгоор гарч ирснээ дуу алдав. Тоглогчдын царайд гайхаш тодорчээ. Хеймитч баяртайгаар хөмсгөө өргөснөө тэр даруйдаа буцаж зангидав.
Гайхамшигтай дүр зураг харагдав. Үзэсгэлэнт цэцгээр хучигдсан хилэн ногоон нугын дунд алтан Эвэр гялалзана. Цэлмэг хөх тэнгэрт хөвөн цагаан үүл хөвж, шувууд жиргэнэ. Зарим оролцогчид гайхамшигтай зүйл үнэрлэж буй мэт гүн амьсгаа авлаа. Алсад нуга олон милийн тэртээ үргэлжилж нэг талд ой үргэлжлэхийн зэрэгцээ нөгөө талд нь цастай уулс сүндэрлэнэ.
Хараа булаасан байгалийн үзэсгэлэнд мэлэрсэн хүмүүс бүрээн дууг сонсоод сэхээ оров. Гэвч Хеймитч тэгсэнгүй. Тэр Эврийн зүг гүйн хүрч зэвсэглээд хүнстэй үүргэвч үүрэн тоглогчдын ихэнхийг газар бууж амжаагүй байхад ойн зүг гүйлээ.
Эхний өдрийн цуст тэмцэлд арван найман тоглогч үхлээ. Өөр бусад хүмүүс аюул осол дүүрэн нутгийн үзэсгэлэнт байгальд анхилам жимс ургасан бут, тунгалаг горхийн усанд хордон үхсэн бөгөөд цэцгийн үнэр нь хүртэл дүүрэн хортой байлаа. Зөвхөн борооны ус болон Эврийн дэргэдээс олдсон хоол хүнс аюулгүй аж. Тэр үед ууланд хоол хүнс зэр зэвсгийн нөөц бүхий мэргэжлийнхнээс бүрдсэн арван хүн олзоо хайж байв. Хеймитч энэ үеэр ойд өөрийн асуудал болох махчин амьтан шиг сүрэглэн дайрах сахлаг алтан сүүлтэй хэрэм, үхүүлэхгүй ч тэсэхийн аргагүй өвдтөл хазах эрвээхэй зэрэг зүйлтэй тэмцэлдэж байв. Гэсэн ч тэр урагш үргэлжлүүлэн явж уулнаас зай барьж байлаа.
Мэйсили Доннер овсгоотойгоор Эвэр дээрээс зугтахдаа жижигхэн үүргэвч авчээ. Дотор нь сав, хатаасан үхрийн мах, хортой сумаар үлээн бууддаг буу байлаа.
Дөрвөн өдрийн дараа үзэсгэлэнт уулсад галт уул дэлбэрэн арван хоёр тоглогчын амийг авсаны тоонд таван мэргэжлийнхэн орлоо. Уулнаас галт хайлмаг оргилон нугад байж суухын газаргүй болоход Хеймитч, Мэйсили тэргүүтэй арван гурван оролцогчид ой руу зугтав. Хеймитч галт уулнаас холдохоор замнасан ч шигүү ургасан бутанд төөрөөд ойд буцаж ирэхдээ гурван мэргэжлийнхэнтэй таарчихлаа. Тэр хутгаа сугалан авч үлэмж биетэй өрсөлдөгчдийнхөө хоёрыг гялсхийн унагасан ч гурав дахь нь түүнийг зэвсэггүй болгон хоолойг нь хэрчихийг завдтал хортой үрлэн суманд оногдон газар унаад ойгоос Мэйсили Доннер гарч ирлээ.
- Бид хоёулаа бол илүү хүчтэй байх. - Чи үүнийгээ баталлаа. Хамтрагч уу? гээд Хеймитч хүзүүгээ илэв.
Мэйсили чимээгүй толгой дохиод тэдний дунд эрт орой хэдий ч бүс рүүгээ буцахыг хүсч байсан холбоо үүсэв.
Тэд яг л Пит бид хоёр шиг хамтдаа амарч, борооны ус цуглуулан, нуруу нуруугаа нийлүүлэн тэмцэж амь үрэгдсэн оролцогчдын хоол хүнсийг авч байлаа. Гэвч Хеймитч цааш явсаар.
- Яах гэж? гэж Мэйсили олон удаа сониучирхсан ч үл тоомсорлосон болохоор хариу хэлэхээс нааш цааш явахаас татгалзав.
- Хаа нэгтээ зах байх ёстой биз дээ? Бүс мөнхөд үргэлжлэхгүй.
- Чи тэндээс юугаа олно гэж найдсан юм?
- Мэдэхгүй. Магадгүй тэнд хэрэг болох зүйл байх ч юм билүү. Тэд эцэстээ даван туулахын аргагүй бургасан хашаанд хүрч амь үрэгдсэн мэргэжлийн оролцогчоос авсан галаар төөнөн гараад хатуу хуурай газар ангалд тулав. Алсад тэртээ дор хурц үзүүртэй хад сэрийлдэнэ.
- Хеймитч, боллоо. Буцацгаая гэж Мэйсили хэлэхэд,
- Үгүй би үлдэнэ гэж Хеймитч зөрүүдлэв. - За яахав. Бид тавуулаа үлдсэн. Ямар ч гэсэн салах ёс гүйцэтгэчихье.
- Сайн байна гэж Хеймитч гар барьсан ч үгүй түүн рүү харсан ч үгүй зөвшөөрөв.
Мэйсили чимээгүйхэн явлаа. Хеймитч удтал цохионы өвөр хормойг тэмтчин юм тодруулахыг хичээнэ. Хөлөөрөө хайрга этэн гаргаснаа ёроолгүй хавцал руу шидтэл үзэгдэхгүй алга болов. Тэгснээ хормын дараа Хеймитч амрахаар суухад чулуу эргэн ойгоод дэргэд нь уналаа. Тэр түүнийг тааварлангуй ширтэхэд царайд нь санааширсан өнгө тодроно. Дараа нь тэр нударганы хэмжээтэй чулуу аваад чулуудан хүлээснээ буцаж дэргэд нь унахад хөхөрлөө. Тэгтэл Мэйсили хашгирав. Холбоо цуцлагдсан хэдий ч Хеймитч ойн гүн рүү гүйж сүрэг урт нарийхан хошуутай ягаан шувуу охины хүзүүг нэвт сүлбэхэд ирэв. Мэйсили түүний гар дээр үхэхэд би Рутыг аврахад оройтсон байсан тухай өөрийн эрхгүй саналаа.
Тэр өдөр ахин нэг оролцогч тулаанд үхэхэд гурав дахь нь махчин хэрэмд бариулж титмийн төлөө Хемичт болон нэгдүгээр бүсийн охинтой үлдэв. Тэр том биетэй хурдан хэрцгий аймшигтай агаад өөр хоорондоо олон удаа хүнд шархдуулсаны эцэст Хеймитч зэвсгээ алдав. Тэр ганхсаар гэдсээ барин сүүлчийн хүчээ гарган ой дундуур зугтаахад өрсөлдөгч нь үхлийн цохилт өгөхөөр гартаа сүхтэй мөрдөн хөөв. Хеймитч ангалын ирмэг дээр ирэхэд сүх шидсэн ч газар бултан унаад ангал руу нисгэчихэв. Зэвсэггүй болсон охин байрандаа хөшин зогсоод хоосон нүднийхээ ухархайн цусыг гараараа тогтоохыг оролдон газар татвалзах Хеймитчийг харж зогсов. Гэвч юу болсныг ойлгохоос урьд сүх буцаж ирээд толгойд нь зоогдлоо. Их буу буудан охины цогцосыг зайлуулахад Хемитчийн ялалтыг тунхагласан бүрээ үлээв. Пит хальсыг унтраахад бид хэсэг зуур чимээгүй сууцгаав. Эцэст нь Пит,
- Хавцалын ёроолд байсан хүчний талбай бэлтгэлийн төвийн дээвэр дээр байсан. Амиа хорлохоор шийдсэн хэнийг ч буцаан хаях болно. Хеймитч үүнийг зэвсэг болгон хувиргажээ гэв. - Зөвхөн өрсөлдөгчийнхөө төдийгүй Капитолын эсрэг. Хэн ч тийм зүйл хүлээгээгүй. Энэ бол бүсийн нэг хэсэг биш болохоор хэн ч зэвсэг болгон ашиглах боломжгүй. Иймээс Капитолыг тэнэг болгон харагдуулсан байна. Тэгээд л энэ үеийг зурагтаар гаргаагүй байх нь. Хеймитч бидний жимс гаргасантай адил аюултай алхам хийжээ.
Би хэдэн сарын туршид анх удаагаа жинхэнээсээ хөхөрлөө. Пит гайхширан толгой сэгсрээд намайг ухаан солиорсон гэж бодов бололтой.
- Бараг л гэж хэлэх Хеймитчийн дуу ард сонсогдоход би зөвлөгчийнхөө ууртай царайг харахаас эмээн огцом эргэсэн ч инээвхийлээд лонхтойгоосоо балгалаа. Түүнийг ахин уусан явдалд би уурсахын оронд өөр мэдрэмж төрөв.
Би энэ хэдэн долоо хоногийн турш өрсөлдөгчдөө судалж өнгөрүүлсэн болохоос багийнхнийхаа тухай бодсонгүй. Одоо Хемитч эцэстээ хэн болохыг мэдсэн болохоор сэтгэлд найдлагын шинэ оч төрөв. Өөрийгөө ч хэн болохыг ойлгож эхэллээ. Тиймээс ч Капитолд өчнөөн их төвөг учруулсан хоёр хүн Питийг гэрт нь амьд авчирч чадна гэдэгт итгэлтэй байна. 15
Би олон удаа Флавиус, Вения, Октавиа нартай уулзаж байсан хэр нь нүд цавчиж амжаагүй байтал ахин уулзах шиг санагдав. Тэднийг ийм их догдлоно гэж хэн санах билээ. Бэлтгэл багийнхантай уулзав уу үгүй юу гурвуул тасралтгүй нулимс асгаруулж надад их дассан болохоор бүсэд буцах болсон явдалд туйлын сэтгэлээр унасан байлаа. Үүний дээр үдэшлэг цэнгээнд орох тасалбар болсон намайг алдаад зогсохгүй ялангуяа Пит бид хоёрын хурим бүтэхээ больсон нь байдлыг улам ч тэсэхийн аргагүй болгож байв. Би тэднийг тайвшируулахыг оролдсоор эцэст нь чухам хэнийг үхэл хүлээж байгааг санаад уур хүрлээ. Сонирхолтой нь Пит галт тэргэнд үйлчлэгч ялагчид тулаанд буцах болсон явдалд таагүй байгаа гэж хэлсэн. Капитолынхон ч үүнд хөөрсөнгүй. Гэвч би одоо хүртэл харангын эхний дуу сонсогдмогц үзэгчдийн нулимс түргэн хатах болохоор Капитолынхонд бидний юу мэдэрч байгаа нь хамаагүй гэж бодсон хэвээр байв. Тэд жил бүр хүүхдүүд яаж үхэж байгааг сэтгэлийн цэнгэл эдлэн харж суудаг. Гэвч ялагчдын хувьд бол өөр хэрэг. Үзэгчид тэднийг сайн мэдэх тул хуучин найзынхаа үхлийг харсантай адил байлаа. Циннаг ирэх үед би бэлтгэл багийнхныг тайвшируулахаар гэсээр ядарч цөхөрч гүйцэв. Ялангуяа тэдний нулимс гэрт болж байгаа зүйлийг санагдуулсныг хэлэх үү. Өрөөний голд нимгэн нөмрөгтэй зогсоод бүхий л сэтгэл зүрхээрээ ахин нэг өрөвдөлтэй харцыг тэсэхгүй гэдгээ мэдэж байсан тул түүнийг хаалгаар орж ирэх агшинд,
- Хэрвээ уйлах л юм бол газар дээр чинь дуусгана гэдгээ тангараглаж байна гэж ориллоо. - Нойтон өглөө байв уу? гээд Цинна инээмсэглэв.
- Намайг түмпэнд мушгисан ч болохоор байна.
Тэр миний мөрөөр тэврээд хоолонд орохоор явах замдаа, - Санаа зовох хэрэггүй дээ. Би үргэлж сэтгэлийн хөдөлгөөнөө хийсэн зүйлдээ гаргаж дассан болохоор өөрөөсөө өөр хэнийг ч гомдоодоггүй юм гэв.
- Ахиад ийм зүйл болохыг тэвчихгүй шүү гэж намайг анхааруулахад,
- Мэднэ. Би тэдэнд хэлье гэж Цинна амлав. Хоолны үеэр сэтгэл хамаагүй дээрдэв. Үнэт чулуу адил гялалзах цэлцэгнүүр бүхий гургуулын мах, хайлуулсан цөцгийтэй жижигрүүлсэн ногоо, яншуйтай нухсан төмс байлаа. Амттанд жимс, халуун шоколад өгөв. Намайг халбагаа долоож байх зуур Цинна хоёр дахь аягатайг захиалав.
- Тэгэхээр нээлтийн ёслол дээр бидэнд юу өмсгөх гэж байна даа? Толгойны оройд гэрэлтэй болох уу эсвэл гал уу? гэж би сонирхоод хоёр дахь тавагтайгаа авлаа.
Пит бид хоёрын тэргэн дээрх гоёл арван хоёрдугаар бүсийн нүүрсийг санагдуулахаар ямар нэг зүйл байх нь мэдээж.
- Тиймэрхүү төрлийн гэж Цинна нууцлаг өгүүлэв. Нээлтийн ёслолын хувцасаа өмсөх цаг болоход бэлтгэл багийнхан ирсэн ч Цинна тэдэнд өглөө хийсэн зүйлийнх нь төлөө хийх ажил үлдээгүй гэж хэлсэн тул гурвуул баяртайгаар намайг Циннагын гарт үлдээв. Тэр эхлээд үсийг минь ээжийн аргаар сүлжээд дараа нь нүүр будалтанд оров. Өнгөрсөн жил намайг бүсэд үзэгчдэд таниулахын тулд хөнгөхөн будалт хийж байсан бол одоо хурц гэрэлд бараан сүүдэр татуулан будав. Өндөр нуман хөмсөг, шовх шанаа, бараан ягаан өнгийн уруул, асан дүрэлзсэн нүд гээд л. Хөлөөс хүзүү хүртэл угласан хувцас энгийн санагдсан ч Цинна миний ялагч болохдоо хүртсэн хүнд тал титэмтэй төстэй хар металын өнгөтэй зүйл толгой дээр тавилаа. Тэгээд өрөөний гэрлийг бууруулан бүрэнхий болгоод бугуйны дотор байсан нууц товчлуурыг дарахад хувцас аажмаар зөөлөн алтлаг өнгөтэй болон асаж эхэлснээ хурц улаан шаргал өнгөтэй болон хувирав. Миний бүхий л бие цог... үгүй ээ зуухнаас дөнгөж гаргаж ирсэн улайдсан нурам адил болжээ. Өнгө аажмаар бууран солигдож улалзан асаж буй нүүрс адил боллоо. - Чи яаж чадав аа? гэж би бахдав.
- Портия бид хоёр удтал гал ширтэж суусан юм. Алив өөрийгөө хараач.
Тэр намайг толь руу эргүүлэхэд урдаас охин ч биш, эмэгтэй ч биш Хеймитчийн номхтотголын үед өчнөөн хүмүүсийг залгисан галт уулын гүнээс гарч ирсэн амьтантай адил зүйл ширтэж байлаа. Хар титэм дүрэлзэн асаж нүүрэн дээрх будалтанд хачирхалтай сүүдэр тусгана. Галт охин Китнисс өсөж том болоод галын дөл, үнэт чулуугаар чимэглэгдсэн даашинз, лааны дөлөө ардаа орхижээ. Өнөөдөр тэр үхлийн аюултай гал болсон байлаа.
- Минийхээр бол бусад тоглогчидтой уулзахын өмнө...
- Тиймээ ягаан уруулын будаг, нуруу луугаа унжуулсан туузаа орхих цаг болсон гээд Цинна толгой дохилоод бугуйны товчинд хүрч гэрлийг унтраалаа. – Хүчийг нь дэмий үрэх хэрэггүй байх. Сүйхэн дээр явахдаа гар даллаж инээмсэглэж болохгүй шүү. Урагшаа хараад бүхий л үзэгчид чиний хувьд юу ч биш юм шиг бай.
- Энэ чинь амархан л юм байна шүү дээ.
Цинна хэдэн зүйл амжуулахаар гарахад би нээлтийн ёслолд оролцохын урд тэрэг оролцогчид цугларсан нэг давхар руу буухаар шийдэн Хеймитч, Пит хоёрыг хайсан ч байсангүй. Өнгөрсөн жилээс ялгаатай нь оролцогчид тэрэгнийхээ хажууд шигдсэнгүй хэсэг хэсгээрээ бөөгнөрөн зогсоод хөөрөлдөнө. Надаас бусад нь бие биеэ сайн мэдэх хэдий ч би бусадтай гар барин танилцах хүн биш тул тэрэгнийхээ морийг илбэн сүүдэрт нь нуугдахыг завдсан ч бүтсэнгүй.
Зүүн чихний хажууд шархийх чимээ гарахад толгойгоо эргүүлтэл Финник Одэйрийн алдарт ногоон нүд хэдхэн инчийн зайнаас ширтэж байлаа. - Сайн уу, Китнисс гэж тэрбээр бүхий л амьдралынхаа туршид бие биеэ таньдаг байсан юм шиг хэлэв.
- Сайна уу, Финник гээд би түүний шүргэх шахам ойртсон явдалд эвгүйрхлээ.
- Ёотон идэх үү? гээд тэр гараа овоолоостой чихэр рүү сунгаж, - Морьдынх ч гэсэн хэнд хамаатай юм бэ? Морьд жил болгон амттай зүйл идэж байхад бид хоёр... амттай юм харагдвал түргэхэн авсан нь дээр гэв.
Финник Одэйр бол Панемийн амьд домог байв. Жаран тав дахь Үхлийн тоглоомд арван дөрөвтэй байхдаа оролцоод хамгийн залуу ялагч болсон бөгөөд дөрөвдүгээр бүсэд мэргэжлийнхний адил өсөн торниж хатуу бэлтгэл сургууль ер бусын үзэсгэлэнтэй төрхийг нь гутаасангүй. Өндөр булчинлаг бие, алтлаг арьс хүрэл өнгийн үс, итгэмээргүй нүдтэй ажээ. Бусад оролцогчид атга будаа, шүдэнз, бэлгийн төлөө тэмцэлдэж байхад Финникэд хэзээ ч хоол хүнс, эм тариа, зэр зэвсгийн төлөө ухасхийсэнгүй. Ойролцоогоор долоо хоногийн дараа өрсөлдөгчид нь түүнийг нэн түрүүнд алах ёстой байсныг ойлгосон ч оройтсон байлаа. Залуу Эврийн дэргэдээс авсан хутга, жадаар маш сайн тулалдаж мөнгөлөг шүхэртэй ирсэн сэрээ (тоглоомын түүхэнд хамгийн үнэтэй бэлэг) авсан юм. Дөрөвдүгээр бүсэд загасны аж ахуй байдаг тул Финник хүүхэд ахуйгаасаа завин дээр өсчээ. Тэрбээр сэрээг сайн эзэмшсэний зэрэгцээ гарт нь үхлийн зэвсэг болж байлаа. Түүнчлэн ороонгоор тор нэхэн өрсөлдөгчөө урхидаж сэрээгээр жадлан хэдхэн өдрийн дараа ялагчийн титэм түүнийх болсон билээ. Капитолын иргэд энэхүү хүү рүү шүлсээ үсчүүлэн улайрч байв.
Залууг эхэндээ нэг хоёр жил тайван орхиод арван зургаан нас хүрэнгүүт нь тоглоомд жил бүр ирүүлэх болсон бөгөөд шүтэн бишрэгчид нь өсгий даран мөрдөх болжээ. Тэрбээр жил бүр ирэхдээ тойрон хүрээлэгсдээ дөрөв таван удаа сольж хөгшин залуу, хөөрхөн жирийн, баян, ядуу хэн ч байсан гэсэн нөхөрлөх бөгөөд чамин тансаг бэлэг гардуулахад хэзээ ч буцааж байсангүй.
Тэрбээр энэ дэлхий дээрх гайхамшигтай сэтгэл татам хүмүүсийн нэг мөн хэдий ч миний сонирхлыг огт татсангүй. Хэтэрхий царайлаг, хэтэрхий амархан олдохынхоо зэрэгцээ амархан алдагдах байлаа.
- Үгүй, баярлалаа ёотон хэрэггүй. Харин чиний хувцасыг чинь дуртайяа сольж өмсөх байна. Финник цавины хэсгээр зангилсан алтан тор нөмөрсөн байсан бөгөөд нүцгэн гэж хэлж болохооргүй ч бүгдийн өмнө нээлттэй ажээ. Дизайнер нь Финникийг олонд сайтар харуулахаар шийдсэн бололтой.
- Харин чиний шинэ гоёл чинь намайг айлгаж байна шүү. Нөгөө даашинзтай хөөрхөн охин хаачаа вэ? гээд тэр хэлээрээ уруулаа долоолоо. Энэ зарим хүмүүсийг галзууруулдаг байж болох ч надад өлсгөлөн эмэгтэйг хараад шүлсээ гоожуулж буй хөгшин Крей санагдав.
- Би өсөж том болсон.
Финник миний захан дээгүүр хуруугаа гүйлгээд, - Энэ удаагийн номхотгол чамд аз авчирсангүй. Чи үнэт чулуу, мөнгө гээд хүсч байсан бүхнээ алдсан болохоор Капитолыг дээрэмчин гэж болно гэв.
- Би үнэт чулуунд дургүй бас хэрэгцээнээсээ илүү их мөнгөтэй. Харин чи өөрийнхийгөө яаж үрсэн бэ?
- Тийм өчүүхэн зүйлд эртнээс санаа зовохоо больсон. - Тэгвэл тэдгээр хүмүүс чамтай нөхөрлөснийхөө төлөө хэдийг төлдөг юм?
- Нууц гээд Финник уруулаа миний чихэнд шүргэх шахам ойртуулснаа нам дуугаар,
- Галт Китнисс юу хэлмээр байна даа? Чамд миний анхаарлыг татах нууц байна уу? гэв.
Яагаад ч юм би улайснаа биеэ барин,
- Үгүй, би нээлттэй ном гэсэн үг. Хүн бүр миний нууцыг надаас урьд мэддэг шиг байна лээ гэв. - Харамсалтай нь үүнийг үнэн гэж бодож байна гээд тэр инээмсэглэснээ хажуу тийш түргэн хяламхийж,
- Пит ирж байна. Тоглоомоос болж хурим чинь тасалдсан нь харамсалттай. Чамд хэр хэцүү байгааг төсөөлж байна гэв.
Финник амандаа ахин нэг ёотон хийгээд яаралгүйхэн явлаа. - Түүнд юу хэрэгтэй юм? гэж миний адил хувцас өмссөн Пит асуув.
Би түүн рүү эргэж Финникийг дуурайн уруулаа ойртуулаад,
- Тэр надад ёотон өгч бүх нууцыг минь мэдэхийг хүссэн юм гэв. - Боль доо гээд Пит инээлээ.
- Үгүй, үнэн. Дараа бүх бие арзайхаа болихоор тодорхой ярьж өгье.
- Чинийхээр бол хэрвээ бид нэг ялвал эдэн шиг этгээд болох уу? гээд Пит эргэн тойрноо харлаа - Мэдээж. Ялангуяа чи.
- Яахаараа би байдаг билээ? гээд тэр инээмсэглэв.
- Яагаад гэвэл чамд сайхан зүйлд татагдах сул тал байхад надад үгүй. Тэд чамайг Капитолд байлгахын төлөө урхидаад үүрд худалдаж авна.
- Сайхан зүйлийг мэдрэх нь сул тал биш. Жишээлбэл миний чамтай хандах хандлага гэтэл нүсэр том хаалга нээгдэж хөгжим эгшиглэн эхний тэрэг гарахтай зэрэгцэн үзэгчид шуугин орилов.
- Бэлэн үү? гээд Пит намайг тэргэн дээр гарахад туслахад, - Хүлээгээрэй гээд би титмийг нь засаж, - Чи хувцасныхаа гэрлийг харсан уу? Бид ахиад л бүгдийг гайхуулах нь байна гэв.
- Яг тийм. Портиа биднийг толгойгоо өндөр өргөж гар даллаж болохгүй гэсэн. Ингэхэд манай дизайнерууд хаачаа вэ? - Мэдэхгүй. Магадгүй урагш явахдаа гэрлээ асаасан нь дээр байх.
Бид тэгж хийлээ. Биднийг цогшин улайсах агшинд үзэгчид хуруугаараа заан шуугихад ахиад л нээлтийн ёслолын гол яриа болж байгаагаа ойлголоо. Үүд дөхөхөд эргэн тойрноо харсан ч өнгөрсөн жилийн адил Цинна, Портиа нар
дэргэд байсангүй. - Гараа барилцах хэрэгтэй юм болов уу?
- Үүнийг бидний мэдэлд үлдээсэн гэж бодож байна.
Би энэхүү нүүр будалт үхлийн аюултай болгож чадаагүй цэнхэр нүд рүү хараад ердөө жилийн өмнө түүнийг алахаар завдаж байснаа саналаа. Пит ч бас тэгж байсан гэж бодож байна. Одоо бүх зүйл өөрчлөгдөн түүнийг амьд үлдээхийн тулд амь өрсөн бүхнийг хийх болно. Гэвч миний нэгээхэн хэсэг дотроос энэ нь эр зоригтойдоо ч биш дэргэд Хеймитч биш Пит байгаад баяртай байгаа явдал гэж хэлээд байлаа. Бид ондоо зүйл ярилцалгүй гар барилцав. Хамтдаа үүнийг нэг бүхэл туулах болно.
Тэрэг бүрэнхийд гарахад цугласан олны шуугиан чих дөжрөм хашгиралт болон хувирсан ч бид тоосонгүй. Би үзэгчдийн дээгүүр алсад ширтэнгээ үе үе аварга том дэлгэц рүү хяламхийж байв. Бид зүгээр ч нэг гоо үзэсгэлэнтэй байгаад зогсохгүй хар хүч болон хувирчээ. Арван хоёрдугаар бүсийн золгүй дурлагсад өчнөөн их зовж зүдэрсэний эцэст шагнал хүртсэн ч баярлах зүйл бага байсан тул тул үзэгчдэд инээмсэглэн агаарын үнсэлт илгээсэнгүй. Бид өршөөлгүй хэрцгий байлаа.
Надад энэ таалагдав. Эцэстээ арайхийж дүр эсгэх хэрэггүй боллоо. Бид дугуй талбай тойрох үедээ хоёр ч дизайнер Цинна, Портиа хоёрын санааг хулгайлахыг хичээснийг харав. Цахим эдлэл үйлдвэрлэдэг гуравдугаар бүсийн оролцогчид асдаг товруу бүхий гэрэл өмссөн нь тааруухан үзэгдэнэ. Харин мал аж ахуй эрхэлдэг аравдугаар бүсийн оролцогчид үнээний арьсан хувцсан дээрээ гал дүрэлзсэн тэлээтэй байлаа. Шарагдаж байгаа юм болов уу? Хөөрхий амьтад. Харин Пит бид хоёрын улалзан асч буй нүүрсний өнгөтэй хувцас сүр жавхлантай харагдаж байсан тул оролцогчид хүртэл биднийг ширтэж байлаа. Ялангуяа зургадугаар бүсийн хар тамхины донтой хос нүд салгахгүй ширтэнэ. Хоёул яс арьс болсны дээр шаргалдуу арьс нь үрчлээтжээ. Том нүд нь биднээс харц салгалгүй ширтэж байснаа ерөнхийлөгч Сноу нээлтийн ёслолд баяр хүргэхээр тагтан дээр гарч ирэхэд хүртэл буруулсангүй. Сүлд дуулал явахад бид эцсийн тойргоо хийлээ. Магадгүй надад тэгж санагдсан уу Сноу нүд салгалгүй ширтэж байх шиг санагдав.
Бэлтгэлийн төвийн хаалга хаагдахад Пит бид хоёр тайвширлаа. Цинна, Портиа хоёр үзүүлбэр амжилттай болсон баяр хүргэв. Хеймитч арван нэгдүгээр бүсийн оролцогчидтой ярилцаж байснаа толгой дохиод танилцуулахаар авч ирэв.
Би Чапыг олон жилийн турш зурагтын дэлгэцнээ Хеймитчтэй лонх дамжуулж байсныг харсаны хувьд мэдэх юм байна. Тэрбээр хар арьстай ойролцоогоор зургаан фут өндөр бөгөөд гучин жилийн өмнө тоглоомд ялахдаа нэг гараа гэмтээсний улмаас мухар болжээ. Түүнд Пит шиг хөлийг нь тайран хиймэл хөл хийж өгөхийг санал болгосон ч татгалзсан гэдэгт итгэлтэй байна. Түүний хамтрагч болох хүрэн арьс, ов товхон буурал бүхий шулуун хар үстэй Сидер Атирааны оршин суугчидтай жигтэйхэн адил ажээ. Жаран настайгаа үл харгалзан биерхүү хүчирхэг харагдах нь энэ бүх жилүүдэд архи дарс, хар тамхи болон химийн гаралтай зүйл хэрэглэхээс татгалзаж байсаны тэмдэг байх. Биднийг үг хэлж амжихаас урд Сидер намайг энхрийлэн тэврэхэд Рут болон Бутлагчын төлөө болохыг нь мэдэж байсан тул, - Гэр бүл нь хэр байна даа? гэлээ.
- Амьд байгаа гээд тэр тэврэлтээ салгав.
Чап эрүүл гараараа намайг тэврээд уруул дээр үнсэхэд гайхан хойш болсон ч Хеймитчийн баясгалантай хөхрөх нь сонсогдов.
Энэ агшинд Капитолын үйлчлэгч ирээд биднийг шаардангуй цахилгаан шат руу чиглүүлэв. Тэднийг ялагчдын найрсаг харьцаа уурлуулж байгааг мэдэж байсан ч хамаагүй байлаа. Пит бид хоёр хөтлөлцөн цахилгаан шат руу явахад шажигнах чимээ гаран араас нэг эмэгтэй гүйцээд навч мөчрөөр хучигдсан толгойн чимгээ авч чулуудав. Жонна Мэйсон. Модоор цаас тавилга хийдэг долдугаар бүсээс ирсэн. Тэрбээр ялсны учир нь юу ч чадахгүй сул дорой дүр үзүүлэн хэний ч анхаарал татахгүй байгаад дараа нь өршөөлгүй алуурчин болж хувирсан билээ. Тэр үсээ өрвийлгөн илбээд том хүрэн нүдээ эргэлдүүлэн,
- Аймшигтай хувцас байгаа биз? Миний дизайнер Капитолын хамгийн тэнэг амьтан. Манай оролцогчид дөчин жилийн турш модны навч өмсөж байна. Циннатай ажиллах юмсан. Та хоёр гайхамшигтай харагдаж байна гэв. Тэрбээр дандаа хувцас хунар, үс, нүүр будалт гээд миний тааруухан мэддэг зүйлийн талаар ярилаа. Тэгэхэд нь би худал хэлэн,
- Тиймээ тэр надад хувцасныхаа загварыг гаргахад тусалсан. Чи Циннагын хилэнгээр юу хийж чаддагыг харсан биз дээ гэв. Хилэн миний санаанд орж ирсэн цорын ганц зүйл байв.
- Ялагчын аялалын чинь үеэр харсан. Хоёрдугаар бүсэд очихдоо гүн цэнхэр алмазтай үдээсгүй дугаар зүүсэн байсан биз дээ? Тийм гоё чимэглэлийг би зурагтын дэлгэц нэвт нуруунаас чинь ховхолж авахад бэлэн байлаа. <<Тэгсэн гэдэгт мөрийцсөн ч болох юм. Арьстай нь хуулан авахыг хүсээ биз дээ>> гэж би бодлоо.
Биднийг цахилгаан шат хүлээх зуур Жонна модны үлдсэн хэсгийг цахилгаантай нь тайлан хаяад зэвүүцэн цааш өшиглөхөд ногоон шаахайнаас ондоо хувцасгүй үлдэв.
- Түй ингэсэн нь дээр. Эцэст нь нэг бүхээгт ороод долоон давхар хүрэх замын турш Питтэй зургийн турш яриа өрнүүлэхэд гялалзсан хүрэмнийх нь гэрэл нүцгэн цээжин дээр нь тусч байлаа. Хөрш маань буухад би үл тоосон ч Пит инээвхийлэв. Араас нь Чап, Сидер нар гарч бид ганцаар үлдэв. Би гараа суга татан авахад Пит хөхөрлөө.
- Яасан? гэж би цахилгаан шатнаас гаран эргээд асуув. - Китнисс чамаас болсон юм. Харахгүй байна уу? гэж Пит инээд алдав.
- Юу хараагүй гэж?
- Яагаад бүгд тэгж биеэ авч явч явж байсныг. Финник ёотон өгч, Чап үнссэн нь энэ эмэгтэйг уурлахад хүргэж байна гээд царайгаа төв болгохыг хичээсэн ч бүтсэнгүйд,
- Тэдний чамтай тоглож байгаагын учир нь чи... Ойлгож байна уу? гэв.
- Үгүй, ойлгохгүй байна . Ингэхэд тэр ингэхэд юуны тухай яриад байгаа юм бол?
- Жишээлбэл чи намайг бүсэд үхлийн даваан дээр байхад нүцгэн бие рүү харж чадахгүй байсан. Чи нэг тиймэрхүү... цэвэр. - Худал! Би өнгөрсөн жил дурангын өмнө гарах болгондоо хувцсыг чинь арай л ураагүй!
- Тиймээ гэхдээ... Капитолын хувьд цэвэр гэх гэсэн юм гээд намайг тайвшируулахыг оролдон,
- Миний хувьд бүх зүйл хэвийн. Тэд зүгээр л чамаар даажигнаж байгаа юм гэв. - Үгүй, намайг шоолж байхад чи тэдэнтэй нэгдэж л байдаг!
- Тийм биш гээд Пит инээдээ арай ядан барьж толгой сэгсэрлээ. Би бүсэд түүний амийг аврах шийдвэртээ ноцтойгоор эргэлзэж эхлээд байтал цахилгаан шат нээгдэн Хеймитч, Эффи хоёр туйлын сэтгэл хангалуун гарч ирснээ зөвлөгчийн царай гэнэт хатуурлаа. <<Би ахиад яачихаа вэ?>> хэмээн би хэлэх шахсан ч Хеймитч гал зуух руу явах арын хонгилыг харж байв.
Түүний харцыг дагуулан хараад Эффи гайхан нүдээ анивчсанаа,
- Тэд энэ жил ижилхэн цуглуулага хийхээр шийдсэн бололтой гэлээ. Би эргээд өнгөрсөн жил тоглоомын эхэн үед танил болсон улаан хүрэн үстэй охиныг харав. Түүнтэй уулзах таатай байлаа. Дэргэд нь өөр нэг улаан хүрэн үстэй хэлгүй залуу зогсож байв. Эффи яагаад тэднийг ижилсүүлэх гэж нэрлэсэн нь ойлгомжтой болов.
Би гэнэтхэн тогонд цохиулах шиг боллоо. Яагаад гэвэл залуу хүнийг сайн мэдэх юм. Капитолд ирээгүй байхад нь зээл дээр яриа өрнүүлэн, Тослог Сэйн шөлийг шоолон инээж байсан. Би түүнийг сүүлчийн удаа Гейлийн дэргэд талбай дээр ухаангүй хэвтэж байхад нь харсан билээ.
Шинэ хэлгүй залуугийн нэрийг Дариус гэнэ. 16
Хеймитч бодлогогүй алхам хийхээс сэргийлэн бугуйнаас барьсан ч би Дариусаас дутуугүй барьц алдсан байлаа. Хеймитч нэг удаа Капитолд хэлгүй хүмүүс аймшигтай гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө хэзээ ч ахин ярихгүй болсон гэж ярьсан билээ. Чихэнд Дариусын зээл дээр намайг даажигнаж байсан хөгжилтэй хоолой сонсогдов. Хэрвээ Гейл үүнийг харсан бол... Би Дариусын зүг алхах юмуу таньсан шинж үзүүлвэл шийтгэгдэхийг нь мэдэж байсан тул зүгээр зогсоод бие биеэ харлаа. Тэр чимээгүй боол би золиосны хохирогч болжээ. Бид өөр хоорондоо юу хэлж чадна гэж? Надад их харамсалтай байна. Би чиний өвдөлтийг өөрийнх шигээ мэдэрч байна? Танил байсан минь сайн хэрэг боллоо? гэх хэрэг үү.
Дариусыг үүнд баярлана гэж бодохгүй байна. Хэрвээ тэр Гейлийг аврахаар оролдоогүй бол, Тредийг зогсоохыг оролдоогүй бол хэлгүй болохгүй байсан. Онцгойлон ерөнхийлөгч Сноу түүнийг миний хэлгүй зарц болгосон гэдэгт итгэлтэй байлаа.
Би Хеймитчийн атгалтыг угз татан тавиулаад унтлагын өрөөндөө орж хаалгаа түгжин орны ирмэгт толгойгоо тэврэн суулаа. Удтал харанхуйд гялалзах хувцсаа харж арван хоёрдугаар бүсийн хуучин гэр дэх галаа санагалзав. Гэрэл харанхуйд удаанаар бөхөн алга болов. Эффи оройн хоолонд дуудахаар хаалга цохиход босож гоёлын хувцсаа тайлаад ширээн дээр титмийн хамт нямбайлан эвхэж тавилаа. Угаалгын өрөөнд орж хар будгаасаа салав. Тэгээд жирийн өмд цамц өмсөн хоолны өрөө рүү явлаа.
Оройн хоол зүүдэнд байгаа аятай өнгөрөв. Дариус улаан хүрэн үстэй охин хоёр ширээнд үйлчилж байлаа. Эффи, Хеймитч, Цинна, Портиа, Пит нар нээлтийн ёслолын талаар ярилцана. Ой ухаанд зөвхөн ганц зүйл эргэлдэж байсан тул би зориуд шалан дээр тавагтай вандуйгаа унагаад хэн нэгэн зогсоохоос өмнө ширээн доогуур шургалав. Дариус мөн асгарсан вандуйг цэвэрлэхээр ухасхийн агшин зуур дэргэд ирээд бид гадны нүднээс далд хуруугаа атгалцав. Түүний ширүүн арьс тавагны цөцгийтэй сүмсэнд будагджээ. Бидний цөхөрсөн хуруу хэлээгүй бүх үгсийг минь орлож байлаа. - Китнисс энэ чиний ажил биш! гэж Эффи хашгирахад бид гараа тавилцлаа.
Бүгд нээлтийн ёсололын давталтыг үзэхээр явахад би Хеймитч, Цинна хоёрын дунд шигдэж суугаад Питэд ойртохыг хүссэнгүй. Дариуст тохиолдсон аймшигт явдал Гейл бид хоёр болон Хеймитчэд хамаатай байж болох ч Питэд биш. Тэр түүнтэй гудамжинд тааралдаж байсан байж болох ч хэзээ ч бидэн шиг зээлийн холбоотой байсангүй. Түүнээс гадна би түүнийг бусад ялагчдын хамт шоолон инээсэнд уурласан хэвээр байлаа. Үгүй би түүний амийг аврах бодлоо өөрчлөөгүй ч ямар ч зүйл хийж өгөх ёсгүй.
Дэлгэцэн дээр дугуй талбайг тойрсон цуваа гарахад ердийн жилүүдээс үзэмжгүй харагдаж байлаа. Хүүхдүүд хувцастайгаа тэнэг харагддаг хэдий ч насанд хүрсэн ялагчид өрөвдөлтэй үзэгдэж арай залуу Жонна, Финник мэт болон бие нь эвдэрч амжаагүй Брут, Сидер нарын хүмүүс харьцангүй дээр харагдах аж. Гэвч тэдний ихэнхи нь архинд орж, хар тамхинд донтон биеэ муутгасны улмаас үнээ, мод, талхыг дүрсэлсэн хувцастайгаа хачин жигтэй үзэгдэнэ. Өнгөрсөн жил бид оролцогч бүрийн тухай ярьж байсан бол одоо хэдхэн хүний тухай ярилаа. Үзэгчидэд Пит бид хоёр залуу хүчтэй үзэсгэлэнтэй жавхаалаг хувцастайгаа жинхэнэ оролцогч шиг харагдсанд гайхах юм алга.
Нээлтийн ёслол дуусахад би босож Цинна, Портиа хоёрын гайхамшигтай ажилд талархаад унтахаар явахад Эффи маргааш өглөөний цайн дээр бэлтгэлийн төлөвлөгөө ярилцах ёстойг сануулав. Гэвч түүний хоолой уйтгартай дуулдаж байлаа. Хөөрхий Эффи. Арайхийж эцэстээ тохиромжтой зүйл болсон ч одоо бүгд нурсан болохоор байж суух газраа олохгүй байлаа. Капитолын дүрмээр бол энэ нь жинхэнэ гамшиг юм.
Орондоо ороод удаагүй байхад хаалга аяархан цохьсон ч би тоосонгүй. Өнөөдөр Пит надад хэрэггүй. Ялангуяа Дариус ойрхон байгаа үед шүү. Энэ нь яг л Гейл байгаа юм шиг эвгүй санагдаж байв. Гейл... би яаж Дариусыг эргэн тойрон хөлхөж байхад түүний тухай бодлоос зугтах болж байна? Өнөөдрийн хар дарсан зүүд хэлтэй холбоотой байлаа. Би эхлээд хөшин зогсоод бээлийтэй гар Дариусын цустай хэлийг огтлохыг харлаа. Дараа нь хүн бүр багтай үдэшлэгт оролцоход хэн нэгэн нойтон хэлээ долоосонд Финник байх гэж бодоод зугтсанд намайг барьж аваад багаа тайлсанд ерөнхийлөгч Сноу булцгар уруулаасаа цустай шүлс савируулж байлаа. Эцэст нь би бүсэд ам хатаж арган хэл зүлгүүр шиг болоод цөөрмийн ус уухыг оролдох бүрийд
хүрэхийн аргагүй ширгэж байв. Би сэрээд жорлон орж цоргоны ус залгилаад нойтон хөлстэй унтлагын хувцсаа тайлж нүцгэн биеэрээ орондоо ойчин унтлаа.
Өглөө бэлтгэлийн төлөвлөгөө ярилцах хүсэл байсангүй тул аль болох өглөөний цайнд очилгүй цаг хожихыг хичээв. Юуны тухай ярилцана гэж? Оролцогч бүр бие биенийхээ юу чаддагыг сайн мэднэ. Эсвэл юу хийх чадвартайг нь. Пит бид хоёр золгүй дурлагсдын дүрээ үргэлжлүүлж тоглох болно. Яагаад ч юм би хэлгүй Дариусын дэргэд энэ тухай яримааргүй байв. Би шүршүүрт удаан зогсож Циннагын орхисон бэлтгэлийн хувцсыг өмсөөд өрөөндөө утсаар хоол захиалав. Хормын дараа зайдас, өндөг, талх, төмс, жимсний шүүс, халуун шоколад ирлээ. Бэлтгэлийн төв рүү уруудах арван цаг хүртэл гэдсээ тайвнаар дүүргэж байтал ес хагаст Хеймитч ууртайгаар хаалга балбаж одоохон хоолны өрөө руу явахыг тушаав. Гэсэн ч би шүдээ яаралгүй сойздож бас ч гэж таван минут хожлоо. Танхимд Пит, ууж бухимдсандаа улайсан Хеймитч хоёрыг эс тооцвол өөр хүн байсангүй. Тэр Эффид буулт хийсэн бололтой гартаа дөл дүрэлзсэн алтан бугуйвч зүүжээ. Маш сайхан эд байсан хэдий ч чимэглэл гэхээсээ дөнгө аятай золгүй байдалтай эргүүлж байв.
- Чи хоцорлоо! гэж тэр зандрав. - Өршөөгөөрэй. Шөнөжингөө хар дарсан зүүд зүүдлээд арайхийж бослоо гэж би аль болох дайсагнасан өнгөөр хэлэхийг хичээсэн ч бүтсэнгүй.
Хеймитч баргар царайлснаа зөөлрөв.
- За яахав март. Өнөөдөр бэлтгэлд орохын өмнө та хоёрт даалгах ажил байна. Нэгдүгээр ухаангүй дурлагсдын дүрээ үргэлжлүүлэн тоглох хэрэгтэй.
- Энэ ч тодорхой гэж би бувтнав.
- Хоёрдугаарт найз нөхөд эрж ол. - Үгүй. Би тэдний хэнд ч итгэхгүй байгаа болохоор хоёулхнаа байсан нь дээр.
- Би ч гэсэн тэгж хэлсэн. Гэхдээ... гэж Пит хэлэв.
- Гэхдээ энэ чинь хангалтгүй. Энэ удаад та нарт томоохон холбоотонгууд хэрэг болно гэхэд, - Яагаад? гэж би унтууцав.
- Яагаад гэвэл давуу тал. Та нарын өрсөлдөгчид бие биенээ олон жилийн өмнөөс мэднэ. Тэдний анхны бай хэн гэж бодож байна?
- Бид. Тэгсэн ч яагаад тэгэх ёстой гэж? - Учир нь та хоёр жинхэнэ дайчид олон нийтийн хайртай хүмүүс болохоор хүсэн хүлээсэн холбоотон болж чадна. Үүний тулд багтаа хэн нэгдэхийг мэдэх хэрэгтэй байна.
- Чи биднийг мэргэжлийнхэнтэй холбоо үүсгэ гээ юу? хэмээн би зэвүүцэн хэллээ. Уламжлал ёсоор нэг, хоёр, дөрөвдүгээр бүсийн оролцогчид тоглоомын эхнээс нэгдэн заримдаа нэмэлт хүмүүсийн хамтаар сул дорой өрсөлдөгчдөө гөрөөлдөг байлаа.
- Бид эхнээсээ ийм төлөвлөгөөтэй байсан биш үү? Мэргэжлийнхэн шиг бэлтгэгдэх? гэж Хеймитч хэлээд, - Мэргэжлийнхэн тоглоом эхлэхээс өмнө багаа зохион байгуулдаг. Өнгөрсөн удаад Пит шидээр тийшээ орсон гэв. Би түүнийг мэргэжлийнхэнтэй нэгдсэнийг мэдэх үедээ хичнээн их үзэн ядсанаа саналаа.
- Тэгээд чинийхээр бол бид Брут, Финник хоёртой нэгдэхээр оролдож үзэх хэрэг үү?
- Заавал тэгэх албагүй гээд Хеймитч мөрөө хавчиж, - Өөрөө сонго. Бүх ялагчид болно. Би хувьдаа Чап, Сидер хоёрыг зөвлөх байна. Финникийг ч гэсэн тооцооноос хасаж болохгүй. Ерөнхийдөө хэн нэг багт хэрэг болох хүн хайж ол. Та нарын урд айдаст автан чичирсэн хүүхэд биш байгаа гэдгийг санаарай. Эдгээр хүмүүс бол ямар төрхтэй байх нь хамаагүй туршлагатай алуурчид гэв.
Магадгүй түүний зөв байх. Гэхдээ би хэнд итгэнэ гэж? Сидерт рүү. Түүнийг дараа нь өөрийн гараар алахын тулд холбоотон болох хэрэг үү? Тэгж бодохгүй байна. Рут бид хоёр адил нөхцөлд байсан учир нэгдсэн. Би Хеймитчэд оролдож үзэхийг амалсан ч дотроо дургүй байлаа.
Эффи өнгөрсөн жил биднийг хоцорсон болохоор эрт сэрээжээ. Гэвч Хеймитч түүнийг бэлтгэлийн танхим руу хүргэж өгөхийг зөвшөөрсөнгүй. Бид жаахан хүүхэд шиг асрагчтай харагдах биш эсрэгээрээ өөртөө итгэлтэй болохоо бусдад үзүүлэх хэрэгтэй байлаа. Эффигийн хүргэлт цахилгаан шатаар хязгаарлагдан үсийг минь засаад доошоо явах товчлуур дарлаа.
Хэсэг зуурын богинохон явалтын дараа Пит гарнаас атгахад буцааж татсангүй. Өчигдөр шөнө түүнийг үл тоосон ч бэлтгэл дээр бол салж хагацашгүй харагдах ёстой байв.
Эффигийн хоцролтонд санаа зовсон нь илүүц хэрэг болж зөвхөн хоёрдугаар бүсийн Брут гэдэг эмэгтэй болон Энобариа хоёр ирсэн байв. Тэр харваас гучаад настай бололтой. Энобариа нэг удаа гардан тулааны үед өрсөлдөгчийнхөө хүзүүг тас хазаж алсан билээ. Тэр ялагч болсоныхоо дараа энэ үйлдлээрээ ихэд алдаршиж шүдээ алтдан үзүүрийг нь соёо шиг хурц болгосон юм. Үүндээ багагүй шүтэн бишрэгчидтэй болжээ.
Арван цагт оролцогчдын хагас нь ирлээ. Ерөнхий дасгалжуулагч Атала бэлтгэлийг нээхдээ тоглогчдын олонхи байхгүй явдалд анхаарал хандуулсангүй. Магадгүй ингэнэ ч гэж бодсон биз. Олон хүнтэй найзын дүр эсгэх хэрэггүй болсон тул би санаа амарлаа. Атала гардан тулаан болон амьд үлдэх урлагыг оролцуулан хэсгүүдийг уншаад бэлтгэлээ эхлэхийг тушаав.
Би Питэд аль болох олон хүнтэй танилцахын тулд хуваагдахыг санал болгоход Брутус, Чап хоёртой жад шидэхээр явлаа. Харин би хүмүүсийн нэг их очоод байдаггүй зангилааны хэсэгт очив. Надад зааварлагч нь таалагдан дулаахан сэтгэгдэл төрүүлсэн болохоор өнгөрсөн жил энд хангалттай хугацаа өнгөрүүлсэн билээ. Тэрбээр намайг дайснаа модноос хөлөөр нь дүүжлэх занга тавин үзүүлэхэд ихэд баярлав. Түүнчлэн миний бүсэд хэрхэн занги тавихыг харсан болохоор туршлагатай сурагч гэдгийг минь мэдэх ч бүх төрлийн зангилааг давтан үзүүлэхийг гуйсанд ердөө хоёрхон нь хэрэг болохооргүй байлаа. Би бүхий л өглөөг түүнтэй өнгөрүүлэхэд бэлэн байсан ч хагас цагийн дараа хэн нэгэн араас тэврээд чадахгүй байсан төвөгтэй зангилааг минь хялбархан зангидаж орхисонд Финник байлаа. Мэдээж энэ
залуу бүх насаа сэрээ эзэмшин, олсоор зангилаа зангидаж, тор нэхэн өнгөрүүлжээ. Хормын дараа дүүжлүүрийг санагдуулсан олс зангидаад намайг үүнд хөгжинө гэж бодсон бололтой.
Би нүдээ эргэлдүүлээд яаран хүнгүй газар болох гал асаахыг хэсгийг сонгон авлаа. Би гал маш сайн асаадаг ч зөвхөн шүдэнзээр тул зааварлагч ган хэт цахиур үнгэгдсэн хувцасны хамт өглөө. Энэ нь санаснаас хэцүү байсан хэдий ч шаргуу оролдсоор цагийн дараа түүдэг асаагаад ялгуусан инээмсэглэл тодруулан хамтрагчтай болсноо харлаа. Дэргэд гуравдугаар бүсийн хоёр оролцогч шүдэнзний тусламжтай гал асаахыг хичээж байв. Би явдаг юмуу гэж бодсон ч цахиураар ахин гал асаахыг тэсгэлгүй хүсч байсны дээр Хеймитч хэнтэй нөхөрлөхийг оролдсоныг асуувал энэ хоёр муугүй сонголт болох байв. Хоёул намхан нуруу, үнсэн саарал арьс, хар үстэй аж. Вайресс гэдэг ээжийн насны эмэгтэй намуухан ухаалаг яриатай агаад үгээ тал дээр нь тасалдаг зуршилтай аж. Түүний хөгшин хамтрагч болох Бити мөнхөд юм оролдох агаад агаад нүдний шилнийхээ доогуур ширтэнэ. Хачирхалтай хос байлаа. Түүний дээр гуравдугаар бүсээс ирсэнийг хэлэх үү. Магадгүй миний бослого гарсан гэдэг тааврыг баталж болох юм. Би эргэн тойрноо түргэхэн харлаа. Пит хутга шидэн сургуулилж, зургадугаар бүсийн хар тамхичид өнгөлөн далдлах хэсэгт бие биенийхээ нүүрэн дээр ягаан өнгийн угалз зурж байв. Тавдугаар бүсийн эрэгтэй оролцогч илдээр тулалдах талбайд өчигдөрийн уусан архиндаа бөөлжинө. Харин Финник хөгшин эмэгтэй хамтрагчтайгаа нум харваж байлаа. Жонна Мэйсон ахин нүцгэлээд арьсаа тослон бөх барилдаж байсанд байрандаа үлдэхээр шийдэв. Вайресс, Бити хоёр дажгүй хүмүүс шиг санагдав. Тэд нөхөрсөгийн зэрэгцээ хэтэрхий сониуч бус ажээ. Бид авъяасын тухай ярилцах үед миний огт сонирхдоггүй зүйл болох зохион бүтээгчид гэдэг нь тодорхой болов. Вайресс сүүлийн үед ямар нэг оёдолын машин дээр ажиллаж байсан юм байх.
- Үүгээр даавууны нягтад орох хүчний гээд тэр гартаа гуурстай төстэй зүйл барилаа - Утасны хүчийг хэмждэг юм. Автоматаар хүн шиг алдаа гаргахгүй гэж Бити тайлбарыг дуусгав.
Түүнчлэн хөгжмийн жижигхэн гялтганасан ялтас зохион бүтээсний ачаар бүтэн цаг дуу сонсож чаддаг болсныг ярихад би хуримын зураг авалтын үеэр Октавиа ийм зүйл дурсаж байсныг санав. Бослогын тухай ярих цаг болжээ.
- Аан тийм л дээ санаж байна. Хоёр сарын өмнө манай бэлтгэл багийнхэн түүнийг олж чадахгүйдээ ихэд сэтгэлээр унасан байсан. Би гуравдугаар бүс рүү хийсэн захиалга цуцлагдсан юм байх гэж бодлоо гэхэд Бити намайг нүдний шилнийхээ доогуур шинжин хараад,
- Тийм. Гэхдээ энэ жил та нарын нүүрс олборлолтын хувьд ижил зүйл болсон биз дээ? гэв.
- Үгүй. Бидэн дээр бидэн дээр шинэ журам сахиулагч ирэхэд хоёр долоо хоног саатсанаас ондоо зүйл болоогүй. Олборлолтын тухайд л даа. Хүмүүс гэртээ хоёр долоо хоног ажилгүй суугаад золтой өлсөж үхээгүй.
Тэд миний юу хэлэхийг хүссэнийг ойлголоо. Ямар ч бослого гараагүй гэдгийг.
- Өө, ямар харамсалтай юм бэ. Надад танай бүс хангалттай... гэж Вайресс урам хугарсан хоолойгоор хэлэхэд, - Сонирхолтой санагдсан гэж Бити яриаг нь дуусгав. – Бид хоёуланд тэгж санагддаг.
Надад тэдгээр хүмүүс манайхаас дор зовж зүдэрч байгаа нь эвгүй санагдсан тул бүсээ хамгаалахаар,
- Арван хоёрдугаар бүсэд тийм ч олон оршин суугч байхгүй. Тэгээд ч яагаад тийм их журам сахиулагч илгээснийг ойлгохгүй байна. Манайд өөрийн гэсэн сонирхол бий гэв.
Бид орогнох байрын хэсэг рүү хөдлөхөд Вайресс зогсоод гэнэтхэн тоглоомын зохион байгуулагчдын идэж ууж заримдаа бидний зүг рүү ширтэж буй хэсэг рүү харснаа,
- Хараач гээд толгойгоо үл мэдэг дохив. Би харцаа өргөөд арьсан захтай сайхан улаан нөмрөг бүхий ерөнхий зохион байгуулагч Плутарч Хевенсбиг харав. Тэр цацагт хяруулын хөл идэж байв.
- Тиймээ тэр энэ жил тоглоомын ерөнхий зохион байгуулагчаар дэвшсэн. - Үгүй ээ ширээний булан руу хар. Бараг л...
- Бараг л анзаарагдахгүй гэж Бити яриаг нь төгсгөөд шилнийхээ цаанаас онийв.
Би гайхан нүдээ цавчилаад олж харав. Ширээний булангын зургаан инчийн талбайн агаарт үл мэдэг чичирсэн давалгаа үүссэний улмаас модон ирмэг, цомтой дарс мурилзан харагдах ажээ. - Хүчний талбай. Зохион байгуулагчид яагаад биднээс тусгаарлаж байгаа юм бол? гэж Бити гайхширав. - Надаас болсон байх. Би өнгөрсөн жил хувийн үзүүлбэрийнхээ үеэр тэдэн рүү сум харвачихсан юм гэхэд хамтрагчид маань гайхан нүдээ анивчив.
- Би их уурласан байсан л даа. Тэгэхээр хүчний талбайг тэнд байрлуулсан хэрэг үү? - Завсар гэж Вайресс нууцлаг хэлэхэд,
- Тиймээ сул тал гэж Бити төгсгөөд, - Зохимжтой байрлуулсан талбай үзэгдэхгүй байх ёстой гэв.
Би үргэлжлүүлэн асуух гэсэн ч үдийн хоолонд дуудлаа. Пит арваад ялагчидтай явж харагдсан тул би гуравдугаар бүсийнхэнтэй хамт суухаар шийдэв. Магадгүй Сидер бидэнтэй нэгдэх ч юм билүү.
Гэвч Питийн нөхөд нэг санаа олсон бололтой. Жижигхэн ширээ чирж нийлүүлэн нэг том ширээ болгоод хамтдаа хооллохоор суулаа. Би сургуульд байхдаа нийтийн ширээнд хооллохыг тэвчдэггүй байсан тул яахаа мэдсэнгүй. Шулуухан хэлэхэд ганцаар хооллодог байв. Гейлтэй хооллож болох байсан ч тэр ахлах ангид сурдаг болохоор хоолны үеэр таарч байсангүй. Тавиур аваад тэргэнцэртэй хоолыг тойрч эхлэх үед Пит жигнэсэн махтай сав өгөв.
- За яаж өнгөрөв дөө?
- Маш сайн. Гайхалтай. Надад гуравдугаар бүсийн ялагчид болох Вайресс, Бити хоёр таалагдлаа. - Үнэхээр гэж үү? Тэднийг бүгд шоолж байгаа.
- Яагаад энэ намайг гайхуулахгүй байгаа юм бол? гээд би Пит сургуульд байхдаа үргэлж найз нөхдөөр хүрээлүүлдэг
байсныг нь санав. Энэ атаархмаар харагддаг байсан учир тэр надад яаж анхаарал хандуулсан нь ойлгомжгүй байлаа. - Жонна тэднийг Эрэг, Вольт хоёр гэж хочилж байна лээ.
- Тэгэлгүй яахав. Харин би тэнэг болохоороо тэднийг хэрэг болно гэж бодсон байна. Хэрвээ танай барилдахын өмнө цээжин дээрээ тос түрхдэг Жонна Мэйсон тэгж хэлж байгаа бол... - Ер нь бол тэдэнд олон жилийн өмнө өгсөн хоч гэж бодож байна. Би хэнийг ч доромжлох гээгүй. Зүгээр л авсан мэдээлэлээ хуваалцаж байна.
- Вайресс, Бити хоёр их ухаалаг юм билээ. Тэд зохион бүтээгчид. Тэд л зохион байгуулагчдын биднээс тусгаарласан хүчний талбайг харсан. Хэрвээ хувь заяа намайг холбоотонтой болговол энэ хоёрыг гэж хүсэж байна гээд би жигнэсэн махтай савыг тасхийтэл тавьтал сүмс цацагдан будчихлаа. - Чи яагаад уурлаад байгаа юм? Цахилгаан шатанд тоглоом хийсний төлөө юу? Уучлаарай. Би хамтдаа инээнэ гэж бодсон гээд Пит цамцныхаа энгэрт наалдсан сүмсийг арчлаа.
- Мартаж үз. Олон янзын шалтгаан байна гээд би толгой сэгсэрлээ. - Дариус гэж тэр толгой дохив.
- Дариус, тоглоом, Хеймитчийн хэн нэгэнтэй нөхөрлөх тэнэг тушаал гээд л...
- Зөвхөн бид хоёул байж болно шүү дээ. - Мэдэж байна. Гэхдээ Хеймитчийн зөв байх. Ер нь тоглоомд хамаатай бол үргэлж түүний зөв байдаг. Намайг ингэж хэлсэн гэж түүнд битгий хэлээрэй.
- Сүүлд холбоотонгуудын тухай хэлсэн үг чинь чамд үлдэг. Харин одоо Чап, Сидер хоёрт ойртох хэрэг байна.
- Надад Сидер таалагдаж байгаа ч Чап бол үгүй. Ер нь хамаагүй л дээ. - Явж тэдэнтэй хооллоё. Түүнд ахиж үнсэх боломж өгөхгүй гэж амалж байна.
Хоолны үеэр Чап тийм ч аймшигтай санагдсангүй. Тэрбээр өөрт тохиолдсон явдлын тухай чангаар бүдүүлэг тоглоом хийнэ. Иймэрхүү бараан бодолтой учир Хеймитчтэй яагаад нийцдэг нь илт болов. Гэсэн ч би түүнийг холбоотноор авах эсэхтээ итгэлгүй байлаа. Би зөвхөн Чап төдийгүй бүгдтэй нөхөрсөг байхыг хичээлээ. Үдийн хоолны дараа идэж болдог шавьжны хэсэгт гэртээ гурван хүүхдээ орхисон наймдугаар бүсийн оролцогч Цецелия чих хатуутай хөгшин Вуптэй байсан бөгөөд тэр хортой цохыг идвэл юу болохыг мэдэхгүй амандаа хийхээр зүтгэж байв. Би ойд Бонни, Твилл хоёртой уулзсанаа ярихыг хүссэн ч яаж эхлэхээ мэдсэнгүй. Нэгдүгээр бүсийн ах дүү Кашмир, Блеск хоёр намайг дүүжин орны хэсэгт урилаа. Би өнгөрсөн жил тэдний зөвлөх нь байсан Марвел, Гялбаа хоёрыг алсан тул хоёул эелдэг хэдий ч хүйтэн байв. Тэгээд ч дүүжин ор хийх үеэр яриа хөөрөө бүтэж өгсөнгүй. Дараа нь Энобарийтай илдээр сургуулилах зуураа хэдэн үг сольсон ч нэг баг байж бүтэхгүй нь ойлгомжтой болов. Загасны хэсэгт Финник над дээр ахин ирэхдээ төрөлх бүсийнхээ настай хөгшин Мэгзийг танилцуулав. Тэдний бүсийнхэн аймшигтай гажууд аялгаар ярих тул би дөрвөн үгнээс ердөө ганц үг ялгаж ойлголоо. Тэр өргөс, загасны яс, ээмэг юухнаар ч агшин зуур загасны дэгээ хийж чадах аж. Би жаахан хүлээгээд
зааварлагчаа сонсохоо больж Мэгзийн хийсэн зүйлийг давтахыг оролдон бүсний тээглүүр болон үсээрээ дажгүй дэгээ хийсэнд шүдгүй амаар инээмсэглэн шагнаж ойлгомжгүй хэдэн үг хэлснийг магтаал байх гэж ойлголоо. Би гэнэтхэн түүний хийрхүү залуу эмэгтэй оронд сайн дураараа гарсныг саналаа. Түүнд ялах ямар ч найдлага байгаагүй юм. Хөгшин миний Примийг аварсантай ижил золгүй эмэгтэйг аварсан. Түүнийг заавал өөрийн багтаа авах хэрэгтэй.
Сайн байна. Хеймитчэд очоод Эрэг, Вольт хоёр болон наян настай эмээг холбоотноороо сонгосноо хэлье. Тэр баярлах нь лавтай. Энэ зуур би найз нөхөдтэй болох оролдлогоо орхин харвах хэсэг рүү явахад олон янзын нум нум сумыг туршиж үзэх нь гайхамшигтай байлаа. Зааварлагч Такс миний хувьд хөдөлгөөнгүй бай юу ч бишийг үзээд хиймэл шувуу хөөргөн онуулж эхлэв. Энэ нь эхэндээ тэнэг санагдсан ч хөгжилтэй болон хувирлаа. Жинхэнэ ойд агнахтай адил байсан юм. Намайг байгаа онох тоолонд тэр агаарт зэрэг хөөргөх шувуудын тоог нэмэгдүүлж байв. Би бэлтгэлийн танхим, ялагчид болон амжилтгүй байдлаа мартаад харвалтандаа бүрэн төвлөрч нэг дор таван шувууг харвахад шалан дээр түсхийн унаад эргэн тойрон нам гүм болов. Эргэж харахад ялагчдын ихэнхи нь хийж буй зүйлээ орхиод амаа ангайн харж байв. Тэдний царайд атаархал, үзэн ядалт, гайхан бишрэлт тодхон үзэгдэнэ.
Бэлтгэлийн дараа Пит бид хоёр гарахад Эффи, Хеймитч хоёр оройн хоолонд хүлээж байлаа. Хоол идэх зуур Хеймитч даруйхан, - Тэгэхээр оролцогчдын хагас нь зөвлөгчдөө чамайг холбоотоноор авахыг хүсч байна гэж хэлсэн байна. Чи тэднийг сайн талаараа гайхуулсан гэж бүү хэлээрэй дээ гэв.
- Тэд яаж харвахыг нь харсан юм. Би ч гэсэн анх удаагаа жинхэнээсээ харлаа гээд Пит инээмсэглэв.
- Брут хүртэл чамайг хүсэхээр тийм сайн болсон хэрэг үү? гэхэд би мөрөө хавчаад, - Харин би түүнийг хүсэхгүй байна. Надад гуравдугаар бүсийн Мэгз хэрэгтэй гэв.
- Хэн үүнд эргэлзэх билээ. Бүгдэд чиний юу бодсоныг хэлэхээс гээд Хеймитч санаа алдсанаа дарс захиалав.
Амжилттай харвасан үзүүлбэрийн дараа намайг өмнөхийн адил даажигнаж байсан ч яагаад ч юм уур хүрсэнгүй. Эсрэгээрээ ялагчид шахан хүрээлсэн юм шиг санагдах болов. Дараагийн хоёр өдөр би бүсэд тэмцэлдэх бараг хүн бүртэй шахуу цагаа өнгөрүүлэв. Тэр ч байтугай хар тамхичид хүртэл Питийн тусламжтай намайг будан нугын шаргал цэцэг болгон хувиргалаа. Финник надад сэрээ шидэхийг зааж оронд нь нэг цаг нум сум харвах хичээл заалгав. Тэгээд ч ойртож нөхөрлөх тусам тэдгээр хүмүүс муугүй санагдсан учир үзэн ядахаа болив. Зарим нь бүр таалагдаж байлаа. Тэдний зарим нь өвчтэй хөгшин хамгаалалтанд авах шаардлагатай хэдий ч хэрвээ би Питийг хамгаалахад хүрвэл бүгд үхэх билээ. Бэлтгэлийн сүүлчийн өдөр хувийн үзүүлбэрийн цаг эхлэв. Хүн бүрт зохион байгуулагчдыг ур чадвараараа гайхуулахад арван таван минут оногдох бөгөөд би одоо хүртэл юу хийхээ шийдээгүй л байв. Оройн хоолон дээр энэ тухай олон удаа тоглоом хийлээ. Дуулж, бүжиглэж, тайчих урлаг үзүүлэх үү? Эсвэл онигоо ярих юмуу? Мэгз гараад зүүрмэглэхээр шийдсэн гээд л. Харин би яах вэ?. Хоёр сум тавих уу. Хеймитч тэднийг гайхуулахыг зарлигдсан ч ямар ч санаа төрсөнгүй. Арван хоёрдугаар бүсийн охины ёсоор би жагсаалтын хамгийн сүүлд гарах болно. Хоолны өрөөнд оролцогч цөөрөх тусам улам нам гүм болж байлаа. Хүмүүс нэг л үл ойшоосон ялагдашгүй төрх гаргах хэдий ч би тэднийг амьдрахад хэдхэн өдөр үлдсэн гэж бодохгүй байж чадсангүй.
Эцэст нь бид хоёул үлдэхэд Пит ширээн дээгүүр сунаад миний гарыг атгаж,
- Зохион байгуулагчдад юу үзүүлэхээ шийдсэн үү? гэхэд толгой сэгсэрлээ.
- Энэ жил хүчний талбай байгаа болохоор тэдэн рүү харваж болохгүй. Загасны дэгээ хийж үзүүлдэг юм билүү. Харин чи яах гэж байна даа? - Мэдэх юм алга. Хэрвээ бялуу хийхийг зөвшөөрдөг бол ч...
- Тэгвэл өнгөлөн далдлалтын зүйл хий гэж би санал болгов.
- Хар тамхичид надад ганц дусал будаг орхино гэж бодож байна уу? Тэдгээр залуус бэлтгэлийн эхний өдрөөс нүүр хувиргалтын хэсэгт наалдаастай юм шиг байсан гээд тэр нүд ирмэв.
Бид нам гүмд хэсэг суухад би өөрийн мэдэлгүй,
- Бид яаж эдгээр хүмүүсийг алах болж байна? гэлээ. - Мэдэхгүй гээд Пит барилцсан гарт духаа наав.
- Надад холбоотон хэрэггүй. Хеймитч яагаад тэдэнтэй танилцуулахыг хүсээд байгаа юм бэ? Энэ чинь байдлыг дордуулахаас ондоо зүйлгүй. Өнгөрсөн жил би Руттэй нөхөрлөсөн ч хэзээ ч алж чадахгүй байсан. Тэр Примтэй маш адилхан. Пит толгойгоо өргөөд хөмсгөө атируулан бодлогоширов.
- Түүний үхэл аймшигтай байсан уу?
- Тэдний хэн ч сайхан байсан гэж бодохгүй байна гээд би Гялбаа, Като хоёрыг хэрхэн дуусгаснаа саналаа. Питийг гармагц би ганцаар үлдэв. Арван таван хором өнгөрлөө. Дараа нь хагас цаг. Ойролцоогоор дөчин хормын дараа намайг дуудав.
Танхимд цэвэрлэгч бодисын хурц үнэр ханхалж матрасны нэгийг өрөөний голд чирэн байрлуулжээ. Зохион байгуулагчид өнгөрсөн жил согтуу идэж ууж байсантайгаа харьцуулахааргүй байв. Тэд өөр хоорондоо сэтгэл түгшсэн байртай шивнэлдэнэ. Ингэхэд Пит тэднийг яаж сэтгэлээр унагасан юм бол? Би сэтгэл үймрэхээ мэдэрлээ. Энэ бол муугийн дохио. Питийг ганцаараа зохион байгуулагчдын уур хилэнгийн бай болоосой гэж хүсэхгүй байна. Миний ажил бол галыг түүнээс холдуулан өөр дээрээ авах. Тэгвэл юу үзүүлэх хэрэг болж байна? Би энэ талаар олон зүйл хийж чадна. Биднийг алах хөгжилтэй арга бодож олдог хүмүүсийн царайнаас сэтгэл хангалуун инээмсэглэлийг нь арчиж хаях хэрэгтэй. Ийм аргаар тэдэнд Капитолын хэрцгий байдал хүрч чадна гэдгийг ойлгуулах юм. <<Та нар миний хичнээн үзэн ядаж байгааг мэдэж байна уу? Та нарт тоглоомын гялалзсан авъяас байна уу?>>
Би Плутарх Хевенсибтэй харц тулгарахыг оролдсон ч тэр бэлтгэлийн үеэр харцнаас минь зориуд зугтаж байв. Түүний
бүжигт урьж ятга шаазгайтай цагаа хэрхэн гайхуулсныг санав. Харин энд бол ямар ч нөхөрсөг байдал байхгүй. Би бол жирийн оролцогч байхад харин тэр тоглоомын ерөнхий зохион байгуулагч. Хүчирхэг хол аюулгүй...
Тэгэхэд би гэнэтхэн юу хийх ёстойгоо ойлголоо. Ийм аргаар Питийг уснаас гаргаж болох юм. Би зангилааны хэсэг рүү алхаад урт олс авав. Гартаа зангилж эхэлсэн ч урьд нь хийж байгаагүй болохоор амаргүй байлаа. Зөвхөн Финникийн шалмаг хуруунууд түргэн хөдлөхийг харж байсан юм. Ойролцоогоор арван хормын дараа дүүжлүүрийн олс бэлэн болоход танхимын голд хиймэл хүний нэгийг чирж аваачин өргөлтийн төмөрнөөс хүзүүгээр нь дүүжлэн гарыг нь ард хүлэв. Тэгээд өнгөлөн далдлалтын хэсэг рүү яарсан ч хар тамхичид жинхэнэ гай учруулж хамаг будаг алга болсон байв. Гэсэн ч би цусан улаан өнгийн жимсний шүүс бүхий хэрэгтэй саваа эрж олов. Хиймэл хүний арьсны ягаан өнгөтэй сайхан хослох болно. Биеэрээ халхлан хуруугаа будганд болгоомжтой дүрэн хоёр үг бичээд хиймэл хүн дээр бичсэн нэрийг уншаад зохион байгуулагчдын царай ямар болохыг харахаар түргэн холдов.
СЕНЕКА КРЕЙН.
17 Үр дүн хүлээж байсны дагуу болов. Зарим нэг нь хашгирч, өөр нэг нь дарстай хундгаа алдахад шалан дээр жингэнэн унаж хагарлаа. Хоёр нь ухаан алдаж унахын даваан дээр бүгд гайхан мэгджээ.
Одоо л Плутарх Хевенисби надад анхаарал хандуулан ширтэхэд гартаа базсан тоорын шүүстэй аяга бяц үсрэн хагарлаа. Ерөнхий зохион байгуулагч эцэст нь хоолой засан ханиалгаад, - Хатагтай Эвердин явж болно гэв.
Би хүндэтгэлтэй толгой дохиод эргэсэн ч гартаа барьсан жимсний шүүстэй аягаа мөрөн дээгүүрээ чулуудахгүй байж тэвчсэнгүй. Будаг хиймэл хүнийг цохин унаад хүрэн улаан шингэн будахад ахин хоёр дарстай хундага хагарлаа. Цахилгаан шатанд хүрэх замд танхим дахь зохион байгуулагчдын хөшсөн дүрсийг харж амжив. <<За яасан гайхацгаав уу?>> гэсэн бодол төрөв. Энэ бол бодлогогүй аюултай алхам байсан болохоор үүнийхээ хариуг арав дахин нугалж төлөх нь гарцаагүй. Гэвч сэтгэл хөөрөөд сайхан байлаа.
Хеймитчийг олж болсон явдлыг хэлэх гэсэн ч ойр хавьд хүн үзэгдсэнгүй тул оройн хоолонд бэлтгэж байгаа байх гэж бодоод шүршүүрт орж жимсний шүүсэнд будагдсан гараа угаав. Би халуун усанд ороод зөв алхам хийсэндээ эргэлзэж эхлэв. Үүнийг хийхээс урьд <<Энэ нь Питийг амьд үлдэхэд яаж тус болох вэ?>> гэж асуулт тавих ёстой байсан ч юугаар ч туслахгүй байлаа. Бэлтгэл дээр болсон зүйл маш нууц болон үлдэж хэн ч миний гэмт хэргийг мэдэхгүй. Тэр ч байтугай өнгөрсөн жил үүний төлөө шагнагдсан билээ. Гэвч энэ нь өөр хоорондоо ялгаатай хэргүүд байлаа. Хэрвээ зохион байгуулагчид надад уурлан бүсэд шийтгэхийг хүсвэл Пит дээр цохилт хамт ирэх болно. Хэтэрхий түргэдсэн зүйл болсон юм биш байгаа? Тэгсэн ч гэсэн... хийсэн зүйлдээ харамссан гэж хэлж чадахгүй нь дээ.
Бүгд оройн хоолон дээр цугларахад Питийн хуруу будагны толботой нойтон үс нь хатаж амжаагүй байлаа. Тэгэхээр тэр өнгөлөн далдлалтын зүйл хийсэн байх нь. Шөл өгч эхлэх үеэр Хеймитч бүгдийн ухаанд байгаа яриаг эхлүүлэн,
- За та нарын хувийн үзүүлбэр юу болсон билээ? гэв.
Пит бид хоёр харц солилцов.
- Чи эхэл гээд би гавъяагаа эхлэхийг яарсангүй. Хоолны танхимд нам гүм аниргүй болов. - Үүнд ямар нэг онцгой зүйл байсан байх аа. Би дөчин минут дуудлага хүлээсэн гэхэд,
Пит миний адил дурамжханаар,
- Би... чиний санал болгосноор өнгөлөн далдлалт хийсэн Китнисс. Үнэндээ зүгээр ч нэг өнгөлөн далдлалт биш. Будаг ашигласан юм... гээд түгдчив. - Яасан гэнээ? хэмээн Портиа асуув.
Надад бэлтгэлийн танхим руу ороход цэвэрлэгч бодисын хурц үнэр ханхалж зохион байгуулагчдын түгшсэн царай үзэгдсэн санагдав. Танхимын голд матрас байсан. Түүний дор цэвэрлэж чадаагүй юм нуусан юм болов уу? - Чи зураг зурсан уу?
- Харсан юм уу?
- Үгүй л дээ. Гэхдээ зохион байгуулагчид далдлахыг хичээсэн байсан. - Энэ чинь зүй ёсны шүү дээ. Оролцогч өмнөх хүнийхээ юу хийснийг мэдэх ёсгүй гэж Эффи үл тоон хэлээд,
- Пит чи юу зураа вэ? Китниссийн хөрөг үү? гээд нүдээ гялалзуулав.
Энэ нь миний уурыг хүргэхэд, - Эффи тэр намайг юуны төлөө зурна гэж? хэмээн уцаарлав.
- Жишээлбэл ямар ч үнээр хамаагүй чамайг хамгаалахад бэлэн байгаагаа харуулахын тулд ч юмуу. Капитолийн үзэгчид үүнээс өөр юу ч хүлээгээгүй. Тэр үүний тулд сайн дураар гарсан биз дээ?
- Ер нь бол би Рутын хөргийг зурсан юм. Китнисс түүний биеийг цэцгээр хучсан үеийнх шиг гэж Пит хэлэв. Хэсэг хугацаанд бүгд сонссон зүйлдээ цочирдон чимээгүй болсны эцэст Хеймитч,
- Чи үүгээрээ юу хүртэнэ гэж бодоо вэ? гэж уцаарлан асуулаа.
- Мэдэхгүй. Зүгээр л тэдэнд жижигхэн охиныг алсны төлөө хариуцлага тооцуулахыг хүссэн юм. - Аймшиг гэж Эффи уйлагнан дуу алдаад,
- Юу гээчийн бодол вэ... Пит энэ чинь хориотой! Ямар ч тохиолдолд чи өөртөө болон Китниссд гай авчирахаас өөрцгүй гэв. - Би Эффигийн үгийг зөвшөөрч байна гэж Хеймитч хэлэхэд Цинна, Портиа хоёр үг дуугараагүй ч царай нь ноцтой болсон байлаа. Тэдний зөв. Гэвч энэ нь миний санааг зовоохоос илүү гайхамшигтай санагдсан тул,
- Одоо би дүүжилсэн хиймэл хүн дээр Сенека Крейний нэрийг бичсэнээ хэлэхэд тийм ч тохиромжтой цаг биш байх л
даа гэхэд бүгд чихэндээ итгэлгүй шахам харсан тул дээрээс бүтэн тонн тоосго нурчих шиг болов. - Чи... Сенека Крейнийг... дүүжлээ... юу? гэж Цинна асуув.
- Тийм л дээ. Шинээр сурсан зангилааныхаа тусламжтай түүнийг дүүжлүүрт тогтоосон. - Өө, Китнисс минь дээ. Чи яаж энэ тухай мэдээ вэ? гэж Эффи аяархан уулга алдав. - Энэ нууц юм уу? Ерөнхийлөгч Сноу харин тэгж бодоогүй болохоор энэ тухай мэдэхдээ баяртай байх болно гэж бодож байна.
Эффи ширээнээс босоод нүүрээ алчуураар даран явлаа.
- За ингээд Эффи сэтгэлээр уначихлаа. Сайн охин шиг нум сумаар харвасан гэж худал хэлдэг байж. - Бид тохиролцсон гэж бодож болох уу хэмээн Пит инээмсэглэв.
- Үгүй юм уу? гэж Портиа дуу алдаад хурц гэрэлд гялбасан аятай хуруугаараа зовхио дарав.
- Үгүй. Бидний хэн ч хувийн үзүүлбэртээ гарах хүртэл юу хийхээ шийдээгүй байсан... гээд би Питийг үнэлэн харахад тэрбээр,
- Хеймитч юу гэдгийг нь мэдэх үү? Бид бүсэд холбоотонгүй байхаар шийдсэн гэв.
- Сайн байна. Хуучин найзууд маань та хоёрыг тэнэг явдлын чинь төлөө алах нь дутаад байж гэнэ дээ. - Бид тэгж л бодсон.
Бүгд оройн хоолоо чимээгүй дуусгаад босч зочны өрөөнд ороход Цинна мөрөөр минь тэвэрч,
- Явж үзүүлбэрийн чинь оноог харцгаая гэв. Биднийг зурагтаа тойрон суух үед улаан нүдэлсэн Эффи нэгдэв. Дэлгэцэн дээр бүс бүсийн оролцогчдын царай тодрон дор нь нэгээс арван хоёр хүртэлх оноо гарч байлаа. Урьдаас тааварласан ёсоор Кашмир, Блеск, Брут, Энобариа, Финник нар хамгийн өндөр оноо авлаа. Бусад нь дундаас доошоо хүртэл авцгаав.
- Тэд хэзээ ч тэг оноо өгч байгаагүй юу? гэж би сонирхоход, - Үгүй дээ тэгвэл анхны удаа болно гэж Цинна хэлэв.
Түүний зөв байлаа. Учир нь Пит бид хоёр Үхлийн тоглоомын түүхэнд хамгийн өндөр арван хоёр оноо авахад хэн ч баярласангүй.
- Тэд яагаад ингэж байгаа юм бол? гэж би гайхлаа. - Бусад оролцогчдод та нарыг дуусгахаас ондоо сонголт үлдээхгүйн тулд. Явж унт. Та хоёрыг хармааргүй байна гэж Хеймитч хэлэв.
Пит чимээгүйхэн өрөө рүү хүргэж өгөөд салах ёс гүйцэтгэхийн урд би хүзүүгээр нь тэврэн цээжинд нь толгойгоо наалаа. Тэр дулаахан алгаа нуруун дээгүүр гүйлгэснээ хацраа үсэнд наав.
- Бүгдийг гутаасанд уучлаарай гэж би хэллээ.
- Минийхээс дордох юм алга. Ингэхэд чи яагаад тэгсэн юм? - Мэдэхгүй. Магадгүй Капитолын гар дахь жирийн нэг шатрын хүү биш гэдгээ үзүүлэхийг хүссэн ч юм билүү.
Пит өнгөрсөн жил тоглоомын өмнөх орой хэлсэн үгээ санасан бололтой хөхрөв. Биднийг нойр хулжин дээвэр дээр байхад тэр энэ талаар дурсаж байсан ч юуны тухай хэлсэн болохыг нь би одоо л ойлголоо.
- Би ч гэсэн. Иймээс бууж өгөхийг хүсээгүй юм. Чамайг амьд үлдээхийн тулд бид ахиад л бүгдийг хийх болохоор би чин сэтгэлээсээ...
- Хэрвээ чи үүнийг чинь сэтгэлээсээ хэлсэн бол ерөнхийлөгч Сноу биднийг ялсан ч ямар нэг аргаар салах тушаал өгнө гэж бодохгүй байна уу.
- Тиймээ би энэ талаар бодсон л доо. Би ч гэсэн бодсон. Нэг бус удаа. Тэгээд ч бүсэд амьд үлдэхгүй гэдгээ мэдэж байсан ч Питийг амьд үлдэх найдлага алдаагүй байлаа. Эцсийн эцэст тэр золгүй жимсийг хэн гаргасан билээ дээ? Үзэгчид үүнийг зөвхөн хайраас болсон гэдэгт итгээгүй. Магадгүй ерөнхийлөгч Сноу түүнийг бусдад анхааруулга болгохын тулд хагацлын зүрхтэй амьд үлдээх ч юм билүү. - Гэхдээ ямартай ч биднийг тэмцэлгүйгээр бууж өгөхгүй гэдгийг бүгд ойлгосон байх гэж Пит хэлэхэд,
- Ойлгосон байх гээд би толгой дохилоо.
Номхотголыг зарласнаас хойш анх удаагаа сэтгэл гашуудалтай болоход арван нэгдүгээр бүсийн олны өмнө буудуулсан хүн болон Твилл, Бонни хоёр бослогын тухай цуу яриаг саналаа. Хамгийн гол нь бүсүүд намайг ерөнхийлөгч Сноугын хэрцгий явдлын жишээ болсон үхлийн хэлэлцээртэй яаж тэмцэхийг анхааралтай харж зовлон шаналал нь хоосон өнгөрөөгүйн тэмдэг хүлээж байгаа. Хэрвээ би Капитолыг эцсээ хүртэл тэмцсэн хэвээр байвал бие минь үрэгдсэн ч... сэтгэл зүрх минь амьд хэвээр үлдэнэ. Босогчдод ямар аргаар найдлага өгсөн нь дээр вэ?
Энэ бодлын нэг сайхан тал гэвэл Питийг амьд үлдээх шийдвэр хэвээрийн зэрэгцээ өөрийн амьдралаа эсэргүүцэн тэмцсээр алдах явдал байлаа. Бүсэд Үхлийн тоглоомын дүрмийг үл ойшоон тоглох. Хэрвээ Питийг аварч чадвал... хувьсгал гарах нь гарцаагүй. Учир нь би үнэ цэнэтэйгээр үхэх болно. Тэд намайг хичнээн зовж тарчилгасан ч нүүр минь алдрын дөлөнд хучигдаж хүмүүсийг хөдөлгөх болно. Тэгэхэд л Пит шархалсан зүрхтэй хэрэгтэй бүх зүйлийг хийн зовлон шаналгаагаа үг болгон хувиргаж бослого дэгдээх юм.
Хэрвээ тэр миний бодлыг мэдэх юм бол зайлсхийж болох учраас зөвхөн, - Бидэнд хэдхэн өдөр үлджээ. Юу хийх вэ? гэлээ.
- Би амьдралынхаа үлдсэн хэсгийг чамтай өнгөрөөх ганцхан зүйлийг хүсч байна.
- Тэгвэл ороод ир! гээд би түүнийг өрөө лүүгээ татлаа. Ахиад хамт унтах нь ямар сайхан юм бэ. Би энэ хүний ойр дотно байдлаар хичнээн дутагдаж байснаа мэдээгүй байж. Энэ мэдрэмж харанхуйд хүчтэй болов. Яах гэж өнгөрсөн шөнө түүнээс нүүр буруулав. Би хөнжлөөрөө хучаад нойронд автан нүдээ нээхэд цонхоор өдрийн гэгээ туссан байв.
- Ганц ч хар дарсан зүүд зүүдэлсэнгүй гэж Пит хэлэв. - Ганцыг ч гэж би батлаад,
- Харин чи? гэлээ.
- Би ч гэсэн. Шөнө унтах гэж юу байдгыг бүр мартаж орхиж. Бид үргэлжлүүлэн хэвтээд шинэ өдрийг угтан өндийхийг яарсангүй. Маргааш орой зурагтын ярилцлагатай болохоор өнөөдөр Эффи, Хеймитч хоёр биднийг бэлтгэх болно. <<Өндөр өсгийтэй гутал өмсөх тусмаа даажигнан инээмсэглэх юм шүү>> гэж би бодов. Тэгтэл улаан хүрэн үстэй хэлгүй охин Эффигийн зурвасыг авчрахад өнгөрсөн удаагийн аялалаас тулгуурлан Хеймитч тэр хоёр биднийг олон нийтийн өмнө бие гарах байх чадвартай гэж үзжээ. Ер нь бол сургуулилт цуцлагджээ. - Үнэхээр гэж үү? хэмээн Пит зурвасыг авч гүйлгэн уншаад,
- Энэ юу болохыг чи ойлгож байна уу? Бид бүтэн өдөр юу хүссэнээ хийж болно гэсэн үг гэхэд,
- Хаашаа ч явж болохгүй нь харамсалтай гэж би гунигтай хэлэв. - Хэн тэгж хэлж байгаа юм? Дээвэр лүү гаръя л даа.
Бид ихээхэн хоол захиад дулаан хөнжил авч дээвэр лүү явган аялал хийхээр гарлаа. Аялал өдрийн турш салхинд найган хонхны дуу мэт жингэнэх цэцгийн хүлэмж дунд үргэлжлэв. Бид идэж уун наранд ээн хэвтлээ. Би хэдэн усан үзмийн мөчир тасдан авч бэлтгэлийн үеэр сурсан шинэ тор зангидав. Пит намайг зурлаа. Дараа нь бид хүчний талбай руу нэг нь алим шидэхэд нөгөө нь барих шинэ тоглоом зохиолоо.
Хэн ч бидэнд саад болсонгүй. Үдээс хойш би Питийн өвдөг дээр толгойгоо тавиад залхуутай хэвтэн цэцгэн титэм сүлжиж байх зуур тэр үсийг минь илбэн зангилахыг оролдож байгаа бололтой. Гэнэтхэн түүний хуруу хөшлөө.
- Яасан? гэж би сонирхов. - Энэ өдөр хэзээ ч дуусахгүй үүрд үргэлжлээсэй гэж хүсч байна.
Түүний хоолой дахь няцаагдашгүй хайрын өнгийг сонсоод дотор гэмшил төрөн эвгүй болгов. Гэвч одоо надад дулаахан тайван байсан болохоор ирээдүйн төлөө санаа зовохыг хүсэлгүй <<тийм>> гэж хэллээ. - Зөвшөөрч байгаа юм уу? гээд Пит инээмсэглэв.
- Зөвшөөрч байна.
Түүний хуруу ахин миний үсийг оролдож эхлэхэд би зүүрмэглэсэн ч нар жаргахыг харуулахаар сэрээлээ. Капитолын тэнгэрийн хаяа улайран шаргалтана.
- Би чамайг үүнийг харахыг хүснэ гэж бодсон юм.
- Баярлалаа. Үлдсэн амьдралдаа тэнгэрийн хаяа харах боломж хуруу дарам цөөн болохоор үүнийг алдаж болохгүй байлаа.
Бид оройн хоол идэхээр буугаагүй ч хэн ч араас ирсэнгүй.
- Би ямар их баяртай байна гээч. Эргэн тойрондоо гунигтай царай харсаар ядарч гүйцлээ. Хийдэг зүйл нь уйлах юм. Хеймитчийн хувьд... гээд Пит чимээгүй болсон ч ойлгомжтой байлаа. Бид дээвэр дээр харанхуй болтол үлдээд чимээгүй буун өрөөндөө орох замдаа хэнтэй ч тааралдсангүй.
Өглөө намайг бэлтгэл багийнхан сэрээв. Бидний хамт унтсаныг хараад Октавиа тэссэнгүй нулимс асгаруулж гарахад,
- Цинна юу хэлснийг санаарай гэж Вениа ширүүн хэлэв. Тэр толгой дохисноо мэгшин өрөөнөөс гарлаа.
Питийг өөрийнх нь бэлтгэл баг хүлээж байсан болохоор би Флавиус, Вениа нартай үлдэв. Тэд ердийнх шигээ хөвөрсөн яриа дэлгэсэнгүй. Хэдхэн жижүүрийн үг хэлэхийн зэрэгцээ нүүр будахын тулд намайг эрүүгээ өргөхийг гуйв. Өдрийн хоолны цаг болоход мөрөн дээр юм дусалсанд эргэж харвал Флиавиус үс самнангаа чимээгүй уйлж байлаа. Вениа түүн рүү зэмлэнгүй харсанд үсний хайчаа ширээн дээр тавиад бас гарлаа.
Ингээд бид хоёул үлдэв. Вениа цонхийн цайж арьсан дээрх шивээс нь бараг алга болсон хэр нь тэсэж үс, хумс засаж нүүр будан нөхдийнхөө ажлыг гүйцээлээ. Энэ бүх хугацаанд тэр миний харцнаас зугатаж байв. Тэгтэл Цинна ирээд намайг орхихыг тушаахад гар атган нүд рүү ширтээд, - Манай багийнхан чамайг... зуу дахин илүү харагдахад туслахыг хүндэтгэл гэж үзэж байгааг мэдээсэй гэж хүсч байна гэв.
Тэрбээр өрөөнөөс яаран гарлаа. Бэлтгэл багийнхан. Миний тэнэгхэн өнгөц бодолтой өд сөдтэй үдэшлэгийн тухай бодол болж байдаг хайртай амьтад шиг тэдний салах ёсны үг зүрхийг минь урлаа. Вениагийн сүүлчийн үгнээс намайг эргэж ирэхгүй гэж үзэж байгаа нь ойлгомжтой байлаа. <<Бүхий л ертөнц энэ тухай мэдэх болов уу?>> гэж бодоод Цинна руу харахад бүгдийг ойлгосон нь илэрхий. Гэвч амалсан ёсоороо нулимс асгаруулсангүй.
- За би өнөөдөр юу өмсөх вэ? гээд би хувцастай цүнхийг нь шинжин харахад,
- Ерөнхийлөгч Сноугын онцгой захиалга гээд Цинна цүнхнээсээ гэрэл зураг авахуулахад өмссөн хуримын даашинзны нэгийг гаргаж ирлээ. Энэ нь хүнд цагаан торгоор хийсэн гүнзгий ухлаадас бүхий хоолойтой, бариу бүсэлхий шал шүргэм ханцуйтай даашинз байлаа. Бас сувдан зүүлт. Хоолой хүртэл титэм хэлбэртэй гивлүүр унжуулсан.
- Номхотголын шөнө хүмүүсээс дуртай даашинзаар санал хураасан бол энэ даашинз ялах байсан байх. Ерөнхийлөгч өнөө үдэш чамайг үүнийг өмсөж гаргахыг тушаасан. Бидний татгалзлыг хүлээж аваагүй.
Би торгыг хуруун завсраа гүйлгээд ерөнхийлөгч Сноу юу хүссэнийг ойлгохыг хичээв. Намайг гутаан доромжлох сайн арга бол хурц гэрлийн дор зовоон басамжлах явдал гэж бодсон нь тодорхой. Ерөнхийлөгч миний хуримын даашинзыг талийгаачийн цагаан өмсгөл болгохыг хүссэн балмад хэрцгий явдлаараа гэрт минь цохилт өгөхийн зэрэгцээ зүрхийг минь мохоо хутгаар чичихийг хүсчээ. - Ийм сайхан даашинзыг гутаах нь ямар шившигтэй юм бэ.
Цинна намайг даашинз өмсөхөд туслахад мөрөн дээр дараад аягүй байсан тул,
- Өмнө нь ийм хүнд байл уу? гэж гомдоллоод зарим даашинз бариу байсаныг санасан ч энэ нь тонны жинтэй юм шиг санагдав.
- Би гэрэлд гаргахын тулд зарим зүйлийг нь өөрчилсөн гэж Цинна хэлэхэд би толгой дохисон ч гадна өнгөндөө ямар ч ялгаа байсангүй. Тэр намайг түшин гоёлын шаахай өмсүүлж сувдан зүүлт зүүлгээд гивлүүр буулгав. Нүүр будалт сэргээгээд алхуулж үзэв. - Маш сайхан харагдаж байна. Тэгэхээр Китнисс цээживчийг чинь яг тааруулсан болохоор гараа толгой дээрээ өргөж болохгүй шүү. Бас цаг нь болтол бүү эргээрэй.
- Тэгвэл би ахиад эргэх болж байна уу? гээд би өнгөрсөн жил өмссөн даашинзныхаа тухай бодлоо.
- Цезарь энэ тухай гарцаагүй асууж таарна. Хэрвээ үгүй бол өөрөө санал болго. Шуудхан биш шүү. Эцсээ хүртэл хүлээгээрэй.
- Тэгвэл надад дохио өг л дөө гэж би гуйв.
- Тэгэлгүй яахав. Ингэхэд чи ярилцлаганд бэлтгэсэн үү? Хеймитч та хоёрыг өөрөө бэлтгэ гэсэн байх аа. - Гүйж гараад л болоо. Хөгжилтэй нь үүндээ огтхон ч санаа зовохгүй байна.
Үнэхээр ч тийм байлаа. Ерөнхийлөгч Сноу намайг хичнээн их үзэн ядлаа ч гэсэн Капитолын үзэгчид минийх байсан юм.
Бид Эффи, Хеймитч, Портиа, Пит нартай цахилгаан шатанд орох замдаа уулзав. Пит гоёмсог хослол цагаан бээлий өмссөн нь Капитолд хуримаа хийх гэж байгаа сүйт залуу шиг харагдаж байлаа.
Бидний гэрт бол бүх зүйл энгийн. Сүйт бүсгүй ихэвчилэн олон зуун удаа өмссөн хуримын цагаан даашинз түрээслэн авна. Сүйт залуу ямар нэг цэвэрхэн уурхайн биш хувцас өмсөнө. Хоёул шүүхийн байшин руу очоод бичиг баримтанд гарын үсэг зуран гэртээ буцаж ирээд гэр бүл найз нөхөдтэйгээ хооллож чадвал жаахан бялуу тавина. Чадахгүй байлаа ч уламжлал ёсоор дуу дуулж гэрийнхээ босгыг хоёр удаа хөндлөн гарна. Түүнчлэн бидэнд өөрийн гэсэн жижигхэн ёслол байсан нь хоёул анхны галаа асааж талх шаран хамтдаа идэх ёстой. Хуучин загварынх байж болох ч арван хоёрдугаар бүсэд талхгүй бол хурим биш байлаа.
Бусад оролцогчид тайзны арын хэсэгт цуглараад аяархан ярилцаж байснаа Пит бид хоёрыг хараад чимээгүй болон
цагаан даашинз руу ширтлээ. Сайханд нь атаархсан юм болов уу? Эсвэл олны өмнө сэтгэгдэл төрүүлэм хүчтэй байгаа юм болов уу?
Тэгтэл Финникийн хоолой гараад,
- Үүнийг Циннагын санаа гэж бүү хэлээрэй дээ гэлээ. - Түүнд сонголт байгаагүй. Ерөнхийлөгч ингэж шийдсэн юм хэмээн би дизайнераа өмгөөлөхийг хичээв. Хэнд ч миний агуу дизайнерыг шүүмжлэхийг зөшөөрөхгүй.
Кашмир цайвар үсээ арагш хаяад,
- Чи инээдтэй харагдаж байна! гээд дүүгийнхээ гараас татан тавцан руу гарах жагсаалын урд зогсоов. Бусад нь цуван зогслоо. Би тэдний унтууцсан явдалд тэвдсэн ч зарим нь мөрөн дээр өрөвчхөн алгадаж, Жонна Мэйсон сувдан гоёлыг минь засахаар зогсоод,
- Түүнд хариуг нь өгөөрэй, за юу? гэхэд би юун тухай болохыг ойлгоогүй ч толгой дохив.
Биднийг тавцангын хажууд суухад хөх ягаан өнгийн нүүр үсний засалттай Цезарь Фликерман нээлт эхэлснийг зарлаж оролцогчдоос ярилцлага авч эхлэв. Тэгтэл би анх удаагаа хууртагдсандаа бухимдах ялагчдын уур хилэнг мэдэрлээ. Гэвч тэдний олонхи нь ерөнхийлөгч Сноугын засаглалын хууль дүрмийг чичин гайхамшигтай ухаалгаар тоглож байлаа. Гэсэн ч бүгд тийм байсангүй. Брут, Энобариа мэтийн саяхан тоглоомд оролцсон хүмүүс нийтийн дайралтанд оролцохоос хулчийсан ч ихэнхи ялагчидад тэмцэлд оролцох зориг ухаан хангалттай байлаа.
Эхлээд Кашмирийн ээлж болоход Капитолын тоолж барамгүй шүтэн бишрэгчид нь биднийг алдсандаа хичнээн зовж шаналахыг мэдэх тул уйлахгүй байж чадахгүй тухай яриагаар эхлэв. Блеск эгчтэйгээ энд байхад нь үзүүлсэн сайхан сэтгэлийн тухай дурсав. Бити бухимдсан байртай номхотгол хууль ёсны эсэх тухай асуун мэргэжилтнүүд хожим шинжлэн үзэх биз гэлээ. Финник Капитолд учирсан цорын ганц үнэнч хайрынхаа тухай зохиосон шүлгээ уншихад зуугаад хүмүүс өөрсдийнх нь тухай хэлсэнд итгэлтэйгээр ухаан алдан уналаа. Жонна Мэйсоны ээлж ирэхэд хэн нэгэн байдлыг өөрчлөх зүйл хийж чадах тухай сонирхов. Мэдээж номхотголын зохион бүтээгчид хэзээ ч Капитолын олон нийт болон ялагчдын дундах холбоосыг тасчин хаяхаар хүний бус авир гаргахгүй нь мэдээж билээ. Сидер бодлогоширонгуй аяархан төрөлх арван нэгдүгээр бүсэд нь хүн бүр ерөнхийлөгч Сноуг бүхнээс хүчирхэг гэж боддог тухай ярилаа. Хэрвээ бүгдээс хүчирхэг бол номхотголыг өөрчлөх хүч байхгүй гэж үү? Дараа нь Чапын ээлж ирэхэд ерөнхийлөгч бүгдийн хувьд хичнээн чухлыг ойлгож байвал номхотголыг өөрчлөх ёстой гэлээ. Миний ээлж ирэхэд үзэгчидийн сэтгэл хөдлөл туйлдаа хүрчээ. Хүмүүс цурхиран уйлж, зарим нь шалан дээр ухаан алдаж унаад бусад нь дүрмээ өөрчилөхийг чангаар шаардаж байлаа. Миний хуримын цасан цагаан торгон даашинзтай дүр зураг танхимд золтой бослого дэгдээсэнгүй. Зөвхөн миний төгсгөл төдийгүй золгүй дурлагсад удаан жаргалтай амьдрах хувьгүй байж хуримлах завшаангүй ажээ. Цезарь мэргэжлийн ур чадвараа гаргаад ч олон нийтийг тайвшируулж дөнгөсөнгүй тул ярилцлагын гурван хором урсаад өнгөрөв.
Арайхийж нам гүм болоход Фликерман над руу эргээд,
- За Китнисс өнөөдөр бүгдийн сэтгэл догдолсон үдэш байна. Чамд бидэнд хэлэх үг байна уу? гэлээ. Тэгэхэд нь би чичирсэн хоолойгоор,
- Ганц л зүйл болох хурим болохгүй явдалд харамсаж байгаа ч... цагаан даашинз өмсөж амжсандаа баяртай байна.
Энэ... үнэхээр сайхан биш байна гэж үү? гэв. Ингээд би Циннагын нүд рүү харалгүй цаг нь болсон гэдгийг ойлгоод гараа толгой дээрээ өргөн алгуур эргэлээ.
Хүмүүс чих дөжрөм хашгирав. Яасан юм бол? Гайхан бахдсан юм болов уу? Сүр жавхлантай харагдсан хэрэг үү? Тэгтэл намайг тойрон саарал утаа суунагласнаа гал гарлаа. Өнгөрсөн жил тэргэн дээр явахад хөгжилтэй гялалзаж байсан очисын оронд жинхэнэ гал цагаан даашинзыг минь залгин авахад өтгөн утаан дунд цочирдолд орлоо. Агаарт хуйхлагдсан торгоны хэлтэрхий хийсэн тавцан дээр сувд будаа мэт цацагдав. Би зогсохоос айсан ч бие түлэгдсэнгүй Цинна ажлаа хэтэрхий сайн мэддэг ажээ. Иймээс би үргэлжлүүлэн эргэлдсээр байлаа. Агшин зуур этгээд галд бүхлээрээ хучигдан хахаж цацан амьсгаадсан ч даруйхан унтрахад удаанаар байрандаа зосов. Одоо би нүцгэрсэн болов уу? Цинна миний хуримын даашинзыг шатааж яах гэсэн бол?
Гэвч нүцгэн байсангүй. Хуримын даашинзтайгаа яг ижил нүүрсэн хар өнгийн өд сөд цухуйсан даашинз өмссөн байв. Би гайхан урт ханцуйгаа өргөх агшинд... гэнэтхэн өөрийгөө дэлгэцэн дээр харлаа. Урт хар ханцуй цагаан өнгийн толботой болжээ. Эсвэл далавч ч юмуу.
Цинна намайг ятга шаазгай болгон хувиргажээ.
18 Би бага зэрэг уугьсан хэвээр байсан учир Фликерман толгойн чимэг рүү сунгасан гараа буцааж татлаа. Цагаан өнгийн гивлүүр шатаж алга болоод гөлгөр хар өнгийн гивлүүр мөрөн дээр унажээ.
- Өд. Чи шувуутай төстэй болж гэж Цезарь хэлэхэд, - Тиймээ энэ бол шооч ятга шаазгай. Миний зүүн дээр байдаг сахиус байгаа юм гээд би далавчаа сэгсэрлээ.
Түүний царайд ятга шаазгайг зөвхөн сахиус биш гэж ойлгосны тэмдэг илрэв. Энэ нь үүнээс ч илүү бэлэг тэмдэг байлаа. Хэрвээ Капитолынхон зөвхөн гялалзсан хувцас солигдохыг харсан бол бүсүүдэд өөр янзын бодол санаа цуурайтсан юм. Гэвч тэр сайн тал руу нь эргүүлж, - Чиний дизайнерын өмнө малгай аван бөхийе. Бидний хэн ч ярилцлага дээр ийм сэтгэгдэл төрөм зүйл харж байсан гэж бодохгүй байна. Цинна чамд мэхийн ёсольё! гээд түүнийг занган босгож багахан бөхийн ёслов.
Тэгтэл гэнэтхэн дотор аймшигтай болов. Цинна чи юу хийчих вэ? Ямар нэг аймшигтай сөрөхийн аргагүй зүйл. Хувийн багахан бослого. Миний төлөө. Би түүний <<Санаа зовох хэрэггүй дээ. Би сэтгэл хөдлөлөө хийсэн ажилдаа гаргаж дассан болохоор өөрөөсөө өөр хэнийг ч өвтгөдөггүй юм>> гэж хэлснийг санав. Би түүний хийсэн зүйлдээ өөрийгөө өвтгөхөөс айсан ч буцаахад оройтжээ. Миний галт хувирал ерөнхийлөгч Сноугын анхааралд өртөхгүй гэж найдахын ч хэрэггүй.
Үзэгчид цочирдон нам гүм болсноо нижигнэтэл алга ташихад би ярилцлага дууссаны дохио арай ядан ялгаж сонслоо. Цезарь оролцсон явдалд талархаад би суудал руугаа буцахдаа даашинзаа хөнгөрснийг мэдэрлээ. Пит ярилцлага өгөхөөр миний дэргэдүүр өнгөрөхдөө харц тулгарсангүй. Суудалдаа болгоомжтой суугаад багахан утаа уугихыг эс тооцвол гэмтээгүй байсан тул Пит рүү эргэн анхаарал хандуулав.
Цезарь, Пит хоёр жилийн өмнө уулзсан шигээ халуун дотноор уулзав. Тэд хөнгөхөн учраа ололцож Питийн сэтгэл шимширүүлсэн хайрынхаа тухай тоглоом хийн ярилцсан нь үзэгчидэд томоохон амжилт оллоо. Тэд гал дээр өдийг нь зумлан шарсан шувууны тухай хэдэн тоглоом хийсэн ч Питийн санааширал ажиглагдам байсан тул Фликерман яриагаа шуудхан бүгдийн мэдэхийг хүсч буй зүйл рүү чиглүүлэв.
- Тэгэхээр Пит номхотголыг зурагтаар үзүүлсэний дараа бидэнд юу мэдэрсэн тухайгаа хэлээч? - Би гайхан мэгдсэн. Хормын өмнөхөн дэлгэцэн дээр Китниссийн гайхамшигтай хуримын даашинзтай гарахыг үзүүлж байснаа гэнэт... гээд Пит үгээ таслан чимээгүй боллоо.
- Чи хурим хэзээ ч болохгүй гэдгийг ойлгосон уу? гэж Цезарь эелдэгээр асуув.
Хамтрагч маань удтал чимээгүй байснаа үг хэлэхээр шийдсэн бололтой илбэдүүлсэн мэт ширтэх үзэгчид рүү харж шал ширтээд эцэст нь Цезарь руу харж,
- Цезарь чинийхээр бол энд нууц хадгалж чадах найз нөхөд цугласан гэж бодож байна уу? гэв.
Танхимд түгшсэн инээд сонсогдов. Энэ чинь юу гэж байгаа юм? Ямар нууц хадгалах гэж? Биднийг одоо бүх ертөнц харж байгаа шүү дээ. - Би үүнд бүрэн итгэлтэй байна гэж Фликерман тодотгоход,
- Бид хэдийн гэрлэсэн гэж Пит аяархан хэллээ. Үзэгчид гайхан мэлрэхэд би улайсан нүүрээ доошоо харан нуулаа. Бурхан минь түүнд хаанаас энэ санаа төрдөг байна? - Гэхдээ... яаж тэр вэ?
- Энэ бол албан ёсны бус гэрлэлт. Бид шүүхийн байшин руу явах юмуу өөр зүйл хийгээгүй. Бусад бүсүүдэд яадгыг мэдэхгүй ч манай арван хоёрдугаар бүсэд өөрийн хуримын ёслолын аргатай. Түүнийг бид гүйцэтгэсэн гээд Пит шарсан талхны тухай ярилаа. - Танай төрөл төрөгсөд оролцсон биз дээ?
- Үгүй бид хэнд ч хэлээгүй. Хеймитчэд гэсэн. Китниссийн ээж үүнийг дэмжихгүй байсан. Гэхдээ та ойлгож байна уу бид Капитолд гэрлэсэн бол шарсан талхны ёслол гүйцэтгэхгүй байсан. Дараа нь тэсэхийн аргагүй хүлээх байсан. Ийм учраас бид үүнийг хийсэн юм. Ингээд ямар ч бичиг цаас бялуугүй гэрлэсэн. - Тэгэхээр энэ бүхэн номхотголыг зарлахын өмнө болоо юу? гэж Фликерман сонирхлоо.
- Мэдээж номхотголоос өмнө. Тэгээгүй бол ийм алхам хийхгүй байлаа гээд Пит сэтгэлээр унасан байртай,
- Гэсэн ч ийм зүйл болно гэж хэн мэдэх юм бэ? Хэн ч мэдэхгүй. Бид тоглоомыг даван туулан ялж хүн бүр хамтдаа хөөрөн цас руу толгойгоороо унахыг минь харсан ч... Ийм зүйлийг яаж урьдчилан харж болох вэ? гэлээ.
- Мэдээж чадахгүй, Пит гээд Цезарь мөрөөр нь тэврээд,
- Чиний хэлсэн шиг хэн ч чадахгүй. Гэхдээ та хоёрыг сүүлийн хэдэн сар гэр бүлийн аз жаргалаар дүүрэн өнгөрөөсөнд туйлын баяртай байгаагаа хэлэх байна гэлээ.
Олон нийт чих дөжрөм алга ташлаа. Би үүнд урамшин нүүрээ өндийлгөөд үзэгчидэд талархсан инээмсэглэл бэлэглэв. Өднөөс утаа уугьсан хэвээр байсан тул нулимс цийлэгнэсэн нүд маань маш сайхан үзэгдэл болж өглөө.
- Харин би үгүй. Бүгдийг албан ёсоор шийдэгдэх хүртэл хүлээсэн нь дээр байж гэж бодож байна гэж Пит гэнэтхэн эсэргүүцэхэд Фликерман тэвдэж,
- Богинохон ч гэсэн жаргалтай байсан нь дээр биш үү? гэв.
- Өө, Цезарь хэрвээ хүүхэд байгаагүй бол би чиний үгийг зөвшөөрөх байлаа гэж Пит гашуудалтай хэлэв. Энэ л байхгүй юу. Тэр ахин үүнийг хийлээ. Түүний өмнөх оролцогч бүрийн хүчин чармайлт дэлбэрэлтэнд устгагдах шиг болов. Үгүй ч байж магадгүй. Магадгүй энэ удаад ялагчдын итгэл найдварын барилга дээр бөмбөг унагажээ. Хэн нэгэн үүний очийг асаана гэж найдаж байна. Магадгүй ийм учраас хүмүүс намайг хуримын даашинзтай гарч ирсэн гэж бодсон байх. Хэрвээ тэд миний дизайнертаа хичнээн найддагыг мэдсэн бол Питэд өөртөө найдах ухаан байв.
Бөмбөг дэлбэрэх адил Капитолын шударга бус хэрцгий явдлыг эсэргүүцсэн олон тооны хашгиралт зүг бүр гарав. Тэр ч байтугай хамгийн үнэнч, хамгийн шуналтай цусанд дуртай Капитолын үзэгч ч энэхүү хүний бус аймшигт зүйлийг эсэргүүцэхгүй байж чадахгүй байсан бизээ.
Би жирэмсэн.
Шинэ мэдээ үзэгчдэд шуудхан ухагдсангүй. Энэ нь аянгын цохилт шиг ой ухаанд нэвтрэн дэмжсэн бусад хоолойгоор батлагдахад гэнэтхэн олон нийт шархадсан сүрэг адгуус лугаа адил орилж хашгирч ёолон тусламж эрэн дуудав. Харин миний хувьд? Дуран нүүрийг минь ойртуулан бүтнээр авч байгааг мэдэж ч нуухыг оролдсонгүй. Учир нь энэ агшинд Питийн хэлсэн үгийн тухай бодож байв. Үүнээс болж хурим юунаас илүүтэй айлган ирээдүйн хүүхдээ тоглоомд алдахаас эмээж байсан биш үү. Хэрвээ хуурамч бол Пит өнөөдөр бүх үнэнийг эргүүлж чадна.
Цезарь ахиад л олныг тайвшируулж чадсангүй тул ярилцлага дууссаны дохио сонсогдов. Пит чимээгүй толгой дохиод байрандаа суулаа. Би Фликерманы уруулаа хөдөлгөхийг харагдсан ч орилж хашгичсан чимээн дунд юу ч сонсогдсонгүй. Тэгтэл сүлд дуулал дэлбэрэх лугаа адил маш чанга нүргэлэн хөтөлбөр дууссаныг сануулахад би агзасхийн цочсоноо өөрийн мэдэлгүй босож Питийн гарыг атгалаа. Түүний царайг даган нулимс зам татуулан урсаж байв. Жинхэнээсээ юм болов уу? Эсвэл удаан хугацаанд миний адил айдаст зовж шаналж байснаас болсон хэрэг үү? Яг л ялагч бүр шиг. Панемийн бүх гэр бүлийн адилаар. Би цугласан олон руу хартал нүдний урд Рутын эцэг эх үзэгдэв. Тэд үр хүүхдээ алдан уй гашуудалд автсан байсан. Би гэнэтхэн эргээд Чап руу гараа сунгахад хуруугаараа чанга атгалаа.
Тэгтэл энэ үйл явдал болж ялагчид эгнээ болон гар гараасаа атгалцаж эхлэв. Хар тамхичид болон Вайресс, Бити хоёр яаран нэгдсэн бол Брут, Энобариа тэргүүтэй хүмүүс итгэлгүйхэн шаардуулан байж өндийлөө. Сүлд дуулалын сүүлчийн ая явах агшинд бүх хорин дөрвөн хүн Харанхуй цагийн үед бүсүүдийн санал нэгдэж байсны адил үл тасрах гинж болов. Зурагтын дурангууд нэг нэгнийхээ араас унтарсан ч хожимджээ. Тэд үймж сандарсандаа цагийг нь олж тасалсангүй тул бүгд биднийг харлаа.
Тавцан дээр үймээн шуугиан болоход гэрэлтүүлэг түргэн унтарч бид бэлтгэлийн төв рүү буцлаа. Пит намайг
цахилгаан шат руу хүргэж өгөхөд Чаптай барьсан барьц алдуурав. Финник, Жонна хоёр хамт нэгдэхийг хүссэн ч журам сахиулагчид яаран гүйлдэж зам хаахад бид дээшээ ганцаар өгслөө.
Цахилгаан шатанд ормогц Пит мөрөөр тэврэв.
- Цаг бараг үлдээгүй учир намайг уучлах эсэхээ хэлээч? - Үгүй.
Энэ бол миний зөвшөөрөлгүй хийсэн ухаалаг бус алхам байсан ч Питийн хийсэн үйлдэлд Гейлийн өмнө буруутан болохгүйн тулд урьдчилж мэдээгүй явдалдаа баяртай байлаа. Одоо надад амсхийлтийн шинэ хүч дүүрэв. Хаа нэгтээ алс арван хоёрдугаар бүсэд ээж, дүү найзууд минь зурагтын дэлгэц гэнэт харанхуйлсын учрыг гайхаж байгаа байх даа. Ердөө онгоцны богинохон нислэгийн дараа Пит бид хоёр болон бусад оролцогчдыг бүсэд хаяхад шийтгэлтэйгээ нүүр тулах болно. Хэдийгээр бүгд аймшигтай үхлээр төгсдөг байлаа ч гэсэн өнөөдөр тавцан дээр болсон явдлыг хэн ч няцааж чадахгүй. Ялагчид хувийн бослого гаргасныг Капитол хаан дарагдуулж чадахгүй билээ. Бид бусдыгаа ирэхийг тэсч ядан хүлээсэн ч цахилгаан шатнаас зөвхөн Хеймитч гарч ирэв.
- Тэнд бөөн үймээн болж байна. Бүгдийг гэр лүү нь буцааж зурагтын ярилцлага давтахыг цуцалсан.
Пит бид хоёр цонх руу гүйж очоод дор гудамжинд болж байгаа үймээн шуугианыг тодруулахыг оролдов. - Хүмүүс хашгирч байгаа юм уу даа? Тэд ерөнхийлөгчөөс Үхлийн тоглоомыг зогсоохыг шаардаж байна гэж Пит хэлэхэд,
- Минийхээр бол тэд юу шаардаж байгаагаа өөрсдөө ч мэдэхгүй гэж Хеймитч татгалзаад,
- Ийм зүйл урьд өмнө болж байсангүй. Нутгийн иргэд шоунд оролцохыг эрхэмлэхээс бус эсэргүүцэж байгаагүй. Гэхдээ та нар ерөнхийлөгч Сноу ямар ч тохиолдолд тоглоомыг цуцлахгүйг ойлгож байгаа биз дээ? гэлээ.
Тиймээ түүний зөв. Тэр хэзээ ч хэлснээ буцаахгүй. Одоо түүнд ганц л зүйл үлдсэн нь аль болох хүчтэй хариу цохилт өгөх явдал юм.
- Үлдсэн хүмүүс бас буцсан уу? гэж би асуулаа. - Тиймээ тэдэнд тушаасан. Одоо үймсэн олны дундуур яаж гарахыг нь мэдэхгүй байна.
- Тэгэхээр бид Эффитэй ахиад хэзээ ч уулзахгүй нь гэж Пит өнгөрсөн тоглоомыг санаж хэлээд,
- Түүнд бидний өмнөөс талархаарай гэлээ. - Ердийн нэг талархалаас илүү. Ямар нэг онцгой зүйл хэлэх хэрэгтэй. Энэ чинь эцсийн эцэст Эффи шүү дээ. Түүнийг бид хичнээн өндөр үнэлж хамгийн шилдэг бараа бологч байсан гэж хэлээрэй... бас бидний хайртайг дамжуулаарай гэж би хэлэв.
Хэсэг зуур бид зайлшгүй тулгарсан нөхцөл байдалд чимээгүй зогсов. Дараа нь Хеймитч,
- Бид ч гэсэн салах ёс гүйцэтгэх цаг болсон гэж бодож байна гэв.
- Сүүлчийн удаа зөвлөх үг байна уу? гэж Пит асуув.
- Амьд үлдэхийг хичээ гэж зөвлөгч бүдүүлгээр хуучин тоглоомоо давтав. Дараа нь биднийг тус бүр түргэхэн тэврээд, - Явж унт. Та нарт амралт хэрэгтэй гэлээ.
Түүнд хэлэх мянган үг байсан ч хоолой зангираад гарч өгсөнгүйд Пит миний өмнөөс,
- Биеэ бодож байгаарай, за юу? гэлээ. Биднийг өрөө лүүгээ явахад араас Хеймитчийн хоолой зогсоон,
- Китнисс бүсэд очихоороо... гээд урам хугарсан аятай чимээгүй болсонд,
- Яасан? гэж би өөрийгөө өмгөөлөх санаатай асуулаа. - Дайсан чинь хэн гэдгийг санаарай. Ингээд боллоо. Одоо явцгаа. Эндээс холд гэв.
Бид хонгилоор явлаа. Пит өрөө рүүгээ орон шүршүүрт орж нүүр будалтаа арилгаад хэдэн хормын дараа уулзахыг хүссэн авч би зөвшөөрсөнгүй. Хэрвээ бидний дундах хаалга түгжигдвэл шөнийг түүнгүйгээр өнгөрүүлэх болно. Тэгээд ч миний өрөөнд шүршүүр байгаа тул гарыг нь тавьсангүй. Бид энэ шөнө унтаж чадах болов уу? Мэдэхгүй юм. Бид шөнөжингөө тэврэлдэн унтаа сэрүүний хооронд өнгөрүүлсэн ч хоорондоо ярилцсангүй. Хоёул айж нэг нэгнийхээ амрах үнэт хоромд садаа болохгүйг хичээнэ.
Үүрээр Цинна, Портиа хоёр ирэхэд Пит явах боллоо. Бүсэд оролцогчид ганцаар буух ёстой.
- Удахгүй уулзъя гээд тэр уруул дээр үнсэхэд, - Удахгүй уулзъя гэж би давтлаа.
Цинна намайг хувцаслахад туслаад дээвэр лүү хүргэж өгөв. Би онгоц руу орох шатан дээр гарсан хойноо Портиатай салах ёс гүйцэтгээгүйгээ саналаа. - Зүгээр дээ би дамжуулна гэж Цинна тайвшируулав.
Электрон урсгал намайг шатан дээр хөдөлгөөнгүй болгоход эмч ирээд зүүн бугуйны арьсан дор тариа хийв. Одоо намайг дурын агшинд бүсийн хаана ч олж чадахаар болжээ. Онгоц газраас хөөрөхөд би хөшгөөр хаагаагүй цонхоор харлаа. Дизайнер намайг хоол идэхийг шаардсан ч бүтсэнгүй. Өнгөрсөн жил золтой хатаж үхээгүй санаад хэдэн балга ус ууж Питийг амьд гаргахад хичнээн хүч хэрэгтэй талаар бодлоо. Биднийг эхлэлийн өрөөнд ороход би усанд орлоо. Цинна миний үсийг гэзэг болгон сүлжиж оролцогчын жирийн хувцас өмсөхөд туслав. Энэ жил оролцогчид маш нимгэн материалаар хийсэн урдаа цахилгаан товчтой хүрэм, зургаан инч өргөн гялалзсан хүрэн улаан хуванцар тэлээ, резинэн ултай хос нейлонон гутал өмсөх ажээ. Би
дизайнерт хувцасаа үзүүлэн, - За юу хэлмээр байна даа? гэж асуулаа.
Тэр хөмсөг зангидан хуруугаа нимгэн материал дээгүүр гүйлгэж,
- Мэдэхгүй байна. Хүйтнээс ч тэр уснаас ч хамгаалахгүй гэв. - Тэгвэл нарнаас? гээд би хоосон цөл дэх төөнөм хурц нар төсөөлөв.
- Болох л юм. Хэрвээ боловсруулсан бол ч... Өө золтой мартсангүй гээд халааснаасаа ятга шаазгайтай алтан зүүлт гаргаад хувцсанд зүүж өглөө. - Өнгөрсөн үдшийн даашинз гайхамшигтай байсан шүү.
Гайхамшигтай гэвч болчимгүй. Цинна үүнийг ойлгосон бололтой,
- Би чамд таалагдсан гэж бодсон юмсан гээд инээмсэглэв. Ингээд бид өнгөрсөн жилийнх шиг буухад бэлтгэ гэсэн хоолой гарах хүртэл гар гараасаа барилцан сууцгаав. Дизайнер намайг дугуй төмөр тавган дээр гаргаж цамцны цахилгаан хоолой хүртэл татаж өгөөд,
- Галт охин минь сана. Би чиний төлөө мөрийцсөн хэвээр шүү гэв.
Дараа нь бөхийгөөд духан дээр түргэн үнсэж холдоход дээрээс тунгалаг цилиндр бууж ирэв. - Баярлалаа гэж би сонсдох төдий хэлэв.
Дараа нь түүний үргэлж хэлдэг ёсоор эрүүгээ өргөн толгойгоо цэхлээд төмөр таваг өргөгдөхийг хүлээсэн ч өргөгдсөнгүй. Би хөмсгөө өргөн Цинна руу асуунгүй харав. Тэр надаас дутуугүй гайсан байртай толгой сэгсэрлээ. Энэ хачирхалтай сааталт ямар учиртай юм бол?
Гэнэтхэн өрөөний хаалга нээгдэж гурван журам сахиулагч орж ирэв. Хоёр нь Циннагын гарыг ард нь мушгиж гав зүүхэд гурав дахь нь шанаа руу нь хүчтэй дэлссэнд өвдөглөн уналаа. Гэвч тэд түүнийг төмөр товхтой бээлийгээрээ нүүр нүдгүй балбасанд арьс нь хэгзэрч цус урсав. Би хашгирч шилийг нүдсэн ч гарч чадсангүй. Эцэст нь журам сахиулагчид намайг үл тоомсорлон ухаангүй биеийг өрөөнөөс чирч гаргахад цасан дээр цусан мөр татуулан үлдэв.
Зовж шаналж айсан би таваг өргөгдөж эхлэхийг анзаараад шил налахад сэвшээ салхи үсийг минь хийсгэхэд нуруугаа цэхлэн зогсов. Учир нь шил чөлөөлөгдөх үеэр тулах юмгүй болно. Гэтэл ямар нэг зүйл миний хараанд өртөн эргэн тойрны газар хурц тодоор гялалзан долгиолов. Нүдээ онийлгоод хөл доорхи төмөр тавгаа харвал цэнхэр давалгаа хөөсрөн гутал долооно. Би удаанаар харцаа дээш өгсүүлэн харвал эргэн тойрон бүх зүгт ус хүрээлж байлаа. Энэ дунд ганцхан бодол тодорхой байлаа.
Галт охинд энд байр байхгүй.
ГУРАВДУГААР ХЭСЭГ ДАЙСАН
19
Чихэнд домогт зарлагч Клавдия Темплсмитийн, - Ноёд хатагтай нараа далан тав дахь Үхлийн тоглоом нээснийг мэдэгдэе гэх дуу нүргэлэв.
Надад биеэ барихад хормоос багагүй хугацаа шаардагдав. Дараа нь харангын дуу сонсогдож оролцогчид тавагнаасаа бууж болох боллоо. Гэвч хаашаа явах гэж?
Бодол санаа үймж гүйцжээ. Нүдний өмнө цусанд будагдан хэвтэж байгаа Циннагын дүрс харагдана. Тэр хаана байгаа бол? Түүнийг яасан бол? Алсан болов уу? Тамлаж байгаа юм уу? Хэлгүй болгон хувиргах уу? Ганц л зүйлийг хүсч байсан нь тавган дээрээсээ унахгүй юмсан. Би хүчтэй байх ёстой. Цинна хүчирхэг ерөнхийлөгчтэй сөргөлдөн хуримын даашинзыг өд сөд бүхий ятга шаазгай болгон хувиргасан болохоор би түүний жишгийг даган Капитолын эсрэг бослого дэгдээх өртэй билээ. Капитолын дүрмээр тоглохыг татгалзан шүд зуун тоглох ёстой.
Гэхдээ хаана байна гэдгээ ойлгож чадсангүй. <<Чи хаана байна вэ?>> гэж би өөрөөсөө хариулт шаардаад удаанаар эргэн тойрны ертөнцийг харлаа. Цэнхэр давалгаа, ягаан тэнгэр, хурцаар шарах нар, дөчин ярдын зайд гялалзах алтан Эвэр үзэгдэв. Эхлээд Эвэр дугуй арлаар хүрээлэгдсэн мэт санагдсан ч... анхааралтай шинжин харахад онгоцны жолооны хүрд мэт нарийхан зурвасаар хүрээлэгдсэн байлаа. Энэ нь арав юмуу арван хоёр байсан бөгөөд өөр хоорондоо адил хэмжээний зайд байрласан ажээ.
Ийм байж таарна. Арван хоёр зурвасын хооронд тус бүр хоёр оролцогч төмөр тавган дээрээ найган зогсоно. Миний баруун гар талд наймдугаар бүсийн Вуп харин зүүн талд нарийхан судалтай зурвас байлаа. Алсад давчуу эрэг дээр модод ногоорно. Би тойрог дахь бусад оролцогчдыг гүйлгэн харсан ч Пит Эврийн цаана халхлагдсан бололтой үзэгдсэнгүй.
Би гараараа ус хутган аваад үнэрлэж хэлнийхээ үзүүрийг хүргэж үзэхэд бодсон ёсоор давстай байв. Дөрөвдүгээр бүсэд Пит бид хоёр эрэг рүү богинохон аялал хийхэд тэндхийн ус бас ийм байсан. Юутай ч цэвэр ажээ. Энд дээр нь сууж болох завь, зуурч болох олс, усанд хөвж буй модны алин ч байсангүй. Ганц арга үлдсэн нь Эвэрт хүрэх явдал байлаа. Харанга цохихын өмнө би ус руу шумбаж орох явдалд эргэлзээгүй. Энэ нь миний гэртээ нуурт сэлдэгээс холгүй байсан тул усанд үсрэн ороход бие хачирхалтай хөнгөрсөн мэт санагдан давалгааг хялбархан сөрөн сэлэв. Магадгүй давснаас болсон байх. Би зурвасны ойролцоох эрэг лүү сэлэн гараад элсэн дээгүүр Эвэр лүү гүйлээ. Миний зүгээс бусад оролцогчид үзэгдэхгүй аварга том алтан Эвэр сүндэрлэн хаана. Одоо бусад өрсөлдөгч нарынхаа талаар бодож цаг алдалгүй мэргэжлийнхэн шиг зэвсгийг даруй гартаа оруулах хэрэгтэй байлаа.
Өнгөрсөн жилийн адил Эврийн эргэн тойронд юм хаялан үнэ цэнэтэй зүйлс хорин футын өндөр амны дэргэд овоолжээ. Нүдэнд алтан нум өртөхөд агшин зуур шүүрч авав.
Тэгтэл ардаа хүн байгааг мэдэрлээ. Элс зөөлөн шархийж зөөлөн салхи сэвэлзэхэд саадагнаас сум сугалан эргэлээ. Надаас хэдхэн ярдын зайд усан дусал гялалзуулсан Финник зогсоод сэрээгээ шидэхэд бэлхэн барьжээ. Нөгөө гарт нь тор санжигнана. Булчин нь чангарсан хэдий ч уруул дээр нь инээмсэглэл тодорлоо.
- Чи ч сэлж чаддаг юм байна. Арван хоёрдугаар бүсэд сурсан уу? - Манай гэрт том онгоц байгаа гэж би эсэргүүцэв.
- Үгүй ер. За бүс ямар байна даа?
- Тийм ч онц санагдсангүй. Харин чи их хөөрсөн байх даа. Яг л чиний захиалгаар чинь хийсэн юм шиг болж гэж би гашуунаар хэлэв.
Үнэхээр ч тийм байлаа. Эргэн тойрон усаар хүрээлэгдсэн байхад оролцогчдын ихэнхи нь сэлж чаддаггүй байв. Түүнчлэн бэлтгэлийн төвд усан сан байгаагүй тул нэг ч удаа туршиж үзээгүйг хэлэх үү. Гэвч нэгэнт ирсэн тул түргэн сурахаас өөр сонголтгүй болжээ. Эхний цуст тэмцэлд ойролцоогоор хорин ярд сэлж оролцох тул дөрөвдүгээр бүсийнхэнд томоохон давуу тал байв. Бид хормын турш хөдөлгөөнгүй бие биенээ цэгнэн зогсов. Тэгтэл Финник гэнэтхэн инээмсэглээд,
- Холбоотон болох уу? гэлээ.
Занга тавьж байж болзошгүй учир би сум харвахад бэлтгэхдээ сэрээнээс өрсөж зүрхэнд нь онохоор найдлаа. Гэвч түүнийг гараа хөдөлмөгц нарны гэрэлд нэг зүйл гялсхийсэн нь галын хээ угалзтай алтан бугуйвч байлаа. Яг л бэлтгэлийн эхний өдөр Хеймичтийн бугуйнд байсан шиг. Финник түүнийг хулгайлаад намайг төөрөлдүүлэх гэсэн юм болов уу. Гэсэн ч зөн совин минь энэ тохиолдлын явдал биш гэж хэлээд байлаа. Зөвлөгч бугуйвчыг дохио болгохоор өгчээ. Энэ нь Финникт итгэ гэсэн тушаал юм.
Бидэн рүү хүн ойртох чимээ гарахад шийдвэрлэх мөч ирсэн тул, - За яахав! гэж би зөвлөгчийнхөө холбоотон олж өгсөн явдалд уурсан хэлэв.
Гэхдээ тэр яагаад урд нь надад анхааруулсангүй вэ? Пит бид хоёр холбоотонтой болохоос татгалзсан шүү дээ. Харин Хеймитч хүн сонгосон байдаг. - Бөхий! гэж Финник ердийн ялдам өнгөнөөсөө тэс ондоо захирангуй хоолойгоор хашгирахад би бөхийлөө.
Жад миний толгой дээгүүр исгэрэн өнгөрөөд байндаа ширхийн зоогдоход тавдугаар бүсийн илдээр сургуулилах хэсэгт бөөлжиж байсан хүн өвдөглөн унаад Финник цээжнээс нь сэрээгээ салгаж авлаа. - Нэг болон хоёрдугаар бүсийнхэнд бүү итгээрэй. Асуулт тавьж байх цаг байсангүй тул би саадаг сумаа аваад,
- Эргэн тойрноо самнаж үзэх үү? гэв.
Түүнийг толгой дохиход би овоолоостой байсан зүйл рүү гүйлээ. Дөрвөн зурвасын цаана Энобариа, Блеск хоёр газарт хүрч байв. Тэд усан дор өөр аюул занал бий гэж бодсон бололтой удаан самарна. - Ямар нэг ашигтай зүйл байна уу? гэж Финник хашгирав.
Би түргэхэн дэргэдээ овоолоостой байсан зүйлийг шалгасанд бороохой, илд, нум сум, гурван шүдтэй сэрээ, хутга,
жад, сүх юу нь мэдэгдэхгүй төмөр зүйлээс... ондоо юм байсангүй. - Зэвсэг! Зэвсгээс өөр юу ч алга!
- Энд ч гэсэн. За яахав хүссэнээ аваад эндээс арилж үзье.
Би хэт ойртсон Энорбиа руу сум харвахад усанд буцаж шумбав. Харин Блеск шалмаг хөдөлж чадсангүй тул шилбэнд нь сум зоогдон усанд унав. Би мөрөн дээгүүрээ нэмэлт нум сум саадаг зүүгээд бүсэндээ хоёр урт хутга, шөвөг хавчуулж өмнө талын овоолго дээр байсан Финник рүү гүйлээ.
- Алив ээ ямар нэгэн зүйл хийгээч? гэж Финник хэлэхэд бидний зүг гүйж яваа Брут үзэгдэв.
Тэр өргөн бүсээ тайлан урдаа бамбай шиг барьжээ. Би түүний элгийг онилоход сум бүсэнд нэвт зоогдон улаан хүрэн шингэн нүүр лүү нь олгойдов. Намайг ахин сум онилох үед Брут газар унаад өнхөрснөө усанд далд оров. Ард унаж буй төмөр жингэнэх дуу гарлаа.
- Явцгаая цэвэр боллоо гэж би ухасхийв.
Биднийг холдмогц Блеск, Энобариа нар Эвэр дээрх эд зүйлст хүрэв. Брут харвалтаас холхон зай барьж Кашмир бас хаа нэгтээ ойр байлаа. Эргэлзээгүй энэ дөрвөн мэргэжлийнхэн урдаас холбоо байгуулахаар тохиролцжээ. Хэрвээ би аюулгүй байдлаа бодвол Финникийг тусламжтай тэдэн рүү довтолж болох байсан ч Питэд сэтгэл зовж байв. Би түүний тавган дээр зогсож байсан газар луу гүйхэд Финник юу хийх гэж байгааг мэдсэн аятай дагалдав. Би эрэгт хүрээд бүсэндээ хавчуулсан хутгыг тайлан Питийг авчрахаар сэлэхэд бэлтгэсэн ч Финник мөрөн дээр гараа тавиад,
- Би авчиръя гэв. Дотор хардах сэтгэл төрөн занга байвал яах вэ гэж бодлоо. Финник миний итгэлийг олж байгаад Питийг живүүлэх ч юм билүү.
- Би өөрөө чадна гэж хэлсэн ч Финник эрэг дээр зэвсгээ хаяснаа, - Ийм биетэй байж хүчээ гамна гээд бөхийн миний гэдсийг аяархан алгадав.
Аан тийм л дээ би жирэмсэн. Сонирхолтой нь жирэмсэн хүн биеэ яаж авч явдаг юм бол бөөлжих юмуу нэг тиймэрхүү зүйл хийдэг билүү... Финник усны захад зогсоод,
- Намайг халхлаарай гэж хашгирснаа шумбалаа. Би Эвэр дээрээс ирэх дайралтанд бэлтгэн нумаа өргөсөн ч хэн ч бидний араас ирсэнгүй.
Блеск, Кашмир, Брут, Энобариа нар цуглараад зэвсэглэсэн байж таарна. Бүсийн үлдсэн хэсэгт түргэн тархах хэрэгтэй байсан ч оролцогчдын ихэнхи нь тавган дээрээ занганд орон зогссон хэвээрээ байлаа. Үгүй хүлээгээрэй миний зурвасын зүүн буюу Питийн эсрэг талд хэн нэгэн зогсож байв. Энэ бол Мэгз байв. Тэр Эвэр рүү зүглэхийг яарсангүй оронд нь над руу ус үсчүүлэн сэлэхэд буурал үстэй толгой нь долгион дээгүүр шоволзоно. Хөгшин наян настай хэдий ч бүх насаараа дөрөвдүгээр бүсэд амьдарсан тул хөнгөхөн самрах ажээ.
Энэ үед Финник Питийн дэргэд хүрээд нэг гараараа цээжээр нь тэврэхэд эсэргүүцсэнгүй дагалдав. Сонирхолтой нь
Финник түүний итгэлийг олж авахын тулд юу хэлсэн юм бол? Бугуйвчаа үзүүлсэн юм болов уу эсвэл эрэг дээр зогсож буй намайг харуулсан юм уу?
Тэднийг дөхөж ирмэгц би Питийг чирэн хуурай газар гарахад туслав.
- Ахиад л сайн уу. Бид холбоотонтой болсон хэрэг үү гээд тэр намайг үнслээ. - Тиймээ. Хеймитч олсон юм.
- Тэгвэл бид өөр хэнийг санал болгосныг сануул даа?
- Зөвхөн Мэгз гээд би эрэг рүү сэлэн ирж буй хөгшин эмэгтэйн зүг заахад, - Мэгзгийг би орхихгүй шүү. Тэр надад үнэн сэтгэлээсээ хайртай цөөхөн хүмүүсийн нэг гэж Финник хэллээ.
- Би Мэгзийг дуртайяа авна. Ялангуяа ийм газар түүний дэгээ бидний тэжээх ганц боломж байх биз.
- Китнисс Мэгзийг эхнээсээ авахыг хүсч байсан гэж Пит хэлэв. - Гайхамшигтай бодол байна гэж Финник зөвшөөрөөд бөхийн нэг гараараа хөгшнийг давалгаанаас хүүхэлдэй адил өргөн гаргахад ямар нэг <<барих>> гэсэнтэй адилхан үг бувтнаж бүсээ алгадав.
- Хараач түүний зөв. Өөр хэн тааварласныг хараач гээд Финник усан дээр толгойгоо цухуйлган хөвөх Бити рүү заахад,
- Энэ чинь юу гэж байгаа юм? гээд би ойлгосонгүй. - Бүс. Энэ бол хөвөх зориулттай. Хэрвээ чи урагш самардаад байж чадвал живүүлэхгүй байж чадна.
Би Бити, Вайресс хоёрыг хүлээхийг гуйх гэсэн ч Бити алсад хэвээр найз нь харагдахгүй байв. Тэгээд ч Финник тэднийг тавдугаар бүсийн оролцогч шиг түргэн дуусгаж болох байсан учир цааш явахыг санал болгон Питэд нэмэлт хутга, нум сумтай саадгаа өглөө. Тэгтэл Мэгз ханцуйнаас угзран бувтнахад шөвгөө өгсөнд баяртайгаар шүдгүй буйландаа зуугаад Финник рүү гар луу сунгалаа. Тэр мөрөн дээр байсан тороо буулгаж Мэгзийг үүрээд нэг гартаа гурван шүдтэй сэрээгээ барихад бид Эврийг орхин явлаа.
Элс огцом дуусаж өтгөн шигүү ой эхлэв. Энэ бол зүгээр ч нэг ой биш ширэнгэн ой байлаа. Би энэ талаар бусад Үхлийн тоглоомын үеэр болон ааваасаа сонсож байсан. Бараг мөчиргүй толигор үл таних модод шигүү ургаж хөлийн дорх газар харлан бамбалзах агаад усан үзмийн ороонго битүү сүлжин тод өнгийн цэцэгс алаглана. Нар энэрэлгүй шарж агаар чийгтэй хүнд оргиод эндхийн газар хэзээ ч хатдаггүй юм шиг санагдах аж. Тэнгисийн усанд норсон цамц ууршин хатсан ч удалгүй биетэй хөлрөн наалдаж эхлэв.
Пит урд явж өтгөн ургамлыг хутгаараа цавчилан зам гаргана. Финник бид хоёр араас нь дагахад удаан явалгүй хэвгий өгсөж эхэлсэн тул амьсгаадаж эхлэв. Пит бид хоёр багагүй бэлтгэл сургууль хийсэн ч Финник гайхмаар хүчтэй агаад Мэгзийг мөрөн дээрээ үүрэн миль хэртэй явсны эцэст өөрөөсөө илүү түүнд санаа зовж амрахыг гуйлаа. Өтгөн ургасан навчис Эврийн хүрдийг далдалсан тул би орчны бараа харахаар модон дээр гараад бараг үүндээ харамслаа.
Эврийг тойрсон газар цусанд будагдаж усанд улаан хүрэн өнгийн толбо тунарна. Хэдэн бие газар хэвтэж зарим нь
долгион дээр хөвөх агаад бүгд ижилхэн хувцастай учир холоос хэн болох нь ялгагдсангүй. Зөвхөн хэдэн жижигхэн цэнхэр дүрс тулалдсан хэвээр байгааг харж болох байлаа. Би юугаа бодсон хэрэг вэ? Өчигдөрийн ялагчид гар барин нэгдсэний дараа бүсэд энхийн хэлэлцээр тогтооно гэж бодсон хэрэг үү? Үгүй ээ ингэж бодоогүй. Гэхдээ л хүмүүсийг арай даруухан алан хядлагад оролцохгүй байна гэж найдсан юм. <<Та нар бие биенийгээ мэднэ шүү дээ. Яг л найз нөхөд шиг>> гэж бодлоо.
Надад жинхэнэ найз ганц л байгаа. Харин дөрөвдүгээр бүсийнх биш. Чийгтэй сэрүүн салхи хацар илбэхэд би бугуйвчтай эсэхийг нь үл харгалзан Финникийг харваж зүйл дуусгахаар шийдэв. Холбоо удаан үргэлжлэхгүй болохоор залуутай ойр байх нь дэндүү осолтой хэрэг. Магадгүй энэхүү тодорхойгүй итгэлцэл түүнийг алах ганц боломж ч юм билүү. Явах зуураа араас нь харвачихъя. Энэ жигшүүртэй хэдий ч өөр яана гэж. Би түүнийг сайн мэдэх билүү? Өртэй билүү? Үгүй ээ одоо эсвэл хэзээ ч үгүй. Би улайран хүрэнтсэн газар тулалдаж байгаа дүрсүүд рүү эцсийн удаа хараад шийдэн доошоо буулаа. Гэвч намайг буухтай зэрэгцэн Финник миний бодлыг мэдсэн бололтой сэрээгээ хамгаалан өргөөд,
- Тэнд юу болж байна, Китнисс? Бүгд гар гараасаа барилцан хүч хэрэглэхээс татгалзаж байна уу? Эсвэл Капитолыг эсэргүүцэн зэвсгээ усанд чулуудаж байна уу? гэж асуулаа. - Үгүй.
- Үгүй гэнээ. Учир нь өнгөрсөн бол өнгөрсөн байдаг. Хэн ч бүсэд ялагч болох боломжыг алдахгүй гээд Пит рүү хяламхийснээ,
- Магадгүй Пит ч гэсэн гэв. Тэгэхээр Одэйр Хеймитч бид хоёрын адил Питийг биднээс дээр гэдгийг мэдэж байгаа байх нь. Финник тавдугаар бүсийн оролцогчыг нүд ирмэхийн зуур дуусгасан. Надад нумаа шүүрэх хугацаа байгаа болов уу? Пит эхнээсээ хэлэлцээ хийхийг оролдсон. Холбоотнуудыг эгнээг томсгох хэрэгтэй. Гэвч эцэстээ юу болно гэж? Финникийн зөв, миний ч зөв. Бүсэд өрөвдөх сэтгэлээр ялагч болохгүй. Би дайсныхаа нүд рүү ширтэн бидний хэн нь илүү хурдан бол гэж бодлоо. Түүний сэрээ биенд зоогдохоос урд миний сум сүлбэж амжих болов уу? Залуу дайралт хийхэд өчүүхэн шалтаг хүлээж байгаа нь илт. Тэгтэл Пит босож бидний дундуур ороод,
- Хичнээн хүн үхсэн байна? гэж асуув. <<Холдооч, тэнэг минь!>> гэж би бодолдоо хараасан ч шийдэмгий хаан зогссон хэвээр байсан тул,
- Мэдэхгүй. Ойролцоогоор зургаа байх. Бусад нь тулалдсан хэвээр байсан гэхэд,
- Явах цаг боллоо. Бидэнд ус хэрэгтэй гэж Пит хэлэв. Бидний замд нэг ч гол горхи, цөөрөм тааралдсангүй бөгөөд тэнгисийн давстай усыг уух боломжгүй байлаа. Би ахин өнгөрсөн Үхлийн тоглоомын үеэр цангаж үхэхийн ирмэг дээр ирснээ санав.
- Тэгвэл түргэн хайсан нь дээр байх. Шөнө биднийг агнаж эхлэх болохоор эндээс холдож нуугдсан нь дээр гэж
Финник дэмжив. Биднийг агнах гэнээ. Магадгүй би түүнийг алахаар хэт яарсан ч байж болох юм. Тэр одоо хүртэл тустай байна. Тэгээд ч түүнд Хеймитчийн тэмдэг байсан. Энэ шөнө юу болохыг хэн мэдэх вэ? Хэрвээ муу зүйл болох дээрээ хүрвэл залууг унтаж байхад нь алж болох байх. Иймээс би аятай боломжыг хүлээхээр шийдлээ. Финник ч гэсэн.
Ус байхгүй тул цангах нь улам хүчтэй болов. Би явах зуураа үргэлж ийш тийш хараачилж байсан ч тус болсонгүй. Ахин мил хиртэй явсны дараа мододын зах харагдан толгодын хяр дээр гарч ирлээ.
- Магадгүй бид нөгөө талд нь хайсан нь дээр байх. Ус байх ч юм бил үү.
Гэвч нөгөө талд юу ч байсангүй. Тэгтэл нүдэнд дөрвөлжин шил шиг хоосон зай хачирхалтай мурилзах нь харагдав. Би эхлээд хурц нарны гэрэлд газар гялалзаж байна гэж бодлоо. Гэвч энэхүү хоосон зай намайг хөдлөхөд өөрчлөгдсөнгүй. Толгойд бэлтгэлийн төвд Вайресс, Бити хоёр дөрвөлжингийн тухай юу ярьж байсан нь санагдахад өмнө юу хүлээж байгааг ойлгов. Намайг анхааруулан хашгирах агшинд Пит хутгаараа ороонго цавчлаа.
Хүчтэй мөргөлтийн чимээ гарав. Агшин зуур модод алга болоод хоосон зай газар хүртэл суналаа. Тэгтэл хүчний талбай Питийг хойш чулуудаад Финник, Мэгз хоёрыг мөргөж унав. Би ороонгыг хөдөлгөөнгүй болмогц түүн рүү гүйж очив.
- Пит?
Хамарт шатсан хярвас сулхан ханхлав. Би ахин түүнийг дуудаж сэгсэрсэн ч хариу дуугарсангүй. Хуруугаа уруулд нь хүргэхэд бүлээн амьсгаа мэдрэгдсэнгүй тул толгойгоо тавих болгонд хүчирхэг итгэлтэй зүрхний цохилт сонсогддог цээжинд нь чихээ нааж үзэв.
Гэвч зүрх цохилсонгүй нам гүм байлаа. 20
- Пит! гэж би хашгираад түүнийг хүчтэй сэгсрэв. Царай луу нь алгадаад ч нэмэр болсонгүй зүрх нь зогсчээ.
- Пит! Финник Мэгзийг мод түшүүлэн суулгаад намайг холдуулан түлхэж,
- Алив би гэв.
Тэр Питийн хүзүүнд хүрээд хуруугаа хавирга нуруун дээгүүр нь гүйлгэснээ гэнэт хамрынх нь үзүүрийг чимхлээ. - Үгүй ээ! гэж би хашгираад Питийг алах гэж байна гэдэгт итгэлтэйгээр салгаж авахаар ухасхийсэн ч Финникт цээж рүүгээ хүчтэй цохиулаад ойролцоох мод мөргөн унав.
Дотор харанхуйлан янгинан өвдөж амьсгаа авахыг хичээх зуур Финник ахин Питийн хамрыг чимхлээ. Би байрнаасаа босолгүй сумаа авч чиглүүлсэн ч Финник Питийг үнсэхэд гайхаж мэлэрсэндээ хөвчөө татахаа мартжээ. Үгүй ээ, зүгээр нэг үнсэлт байсангүй. Одэйр хэвтэж буй хүний хамрыг чимхсэн хэвээр амыг нь нээж уушгинд нь хүчээр амьсгал
үлээхэд Питийн цээж дээш доош түнхэлзэн хөдлөв. Дараа нь Финник цамцны цахилгааныг нь яраад зүрхэн дээр нь алгаараа хэд хүчтэй дарлаа. Би гайхширсаны эцэст юу болж байгааг ойлгож эхлэв.
Ээж бас иймэрхүү зүйл хийдэг байсан ч ховор байлаа. Манай бүсэд хүний зүрх зогсвол найдлага багатай тул гэр бүлийнхэн нь ээжид хүргэдэггүй байсан юм. Тиймээс манай гэрт зөвхөн түлэгдэж, шархдаж, өвдсөн хүмүүсийг авчирдаг байлаа. Бас эцэж турсан. Харин Финникийн хувьд өөр ертөнц байсан. Тэр хийж байгаа зүйлээ маш сайн мэддэг бололтой хөдөлгөөн нь хатуу итгэлтэй байв. Би цөхрөн сумаа буулгаад амжилттай болсны шинж тэмдэг эрэн харлаа. Зовж шаналсан мөчүүд алгуур өнгөрөх тусам найдлага улам багасаж Питийг аврахад оройтож хэзээ ч эргэж ирэхгүй гэдэгт бараг итгэлтэй болоод байтал сулхан ханиалгах чимээ гарч Одэйр холдов.
Би зэвсгээ шидээд Пит руу ухасхийв. - Пит? гэж аяархан шивнээд духан дээр байсан нойтон цайвар үсийг нь холдуулахад чамархайны судас ахин цохилж эхэлсэн байлаа.
Түүний сормуус чичигнэснээ нээгдэж надтай харц тулгаран, - Болгоомжтой. Урд хүчний талбай байна гэж шивнэлээ.
Би инээд алдахад нулимс хацар даган урслаа.
- Бэлтгэлийн төвийн дээвэр дээр байснаас хамаагүй хүчтэй. Гэхдээ зүгээр дээ. Би жаахан сэгсрэгдсэнээс өөр юмгүй. - Чи үхсэн байсан! Чиний зүрх зогссон байсан! гэж би юуны тухай ярьж байгаагаа ойлголгүй хэлээд цурхиран уйлах гэж байгаа юм шиг эвгүй чимээ гарахад амаа дарлаа.
- Гэвч одоо цохилж байна. Бүх зүйл хэвийн, Китнисс гэхэд би толгой дохисон ч чимээ намдсангүй.
- Китнисс? Одоо тэр миний төлөө санаа зовж байдаг ямар галзуурмаар юм бэ.
- Зүгээр дээ энэ түүний даавраас болж байгаа юм. Хүүхдийнх нь гэж хүч гаргасан явдалдаа халууцаж амьсгаа нь давхацсан Финник хэлэв. - Үгүй энэ... гэж би дуугарсан ч Финникийн хэлсэн үгийг батлах мэт мэгших чимээ гарахад нулимстай нүдээр уурсан харав.
Гэвч энэ бүх болж өнгөрсөн зүйлийн дараа Одэйрт уурлах нь тэнэг хэрэг байлаа. Би Питийн амийг аврахыг хүссэн ч чадаагүй байхад Финник тусалсан тул залууд талархах хэрэгтэй. Би бодолдоо түүнд талархлаа. Гэсэн ч түүнд өртэй байхыг хүсэлгүй уур хүрсэн хэвээр байв. Хэзээ ч өртэй байхыг хүсэхгүй байна. Тэгэхгүй бол яаж түүнийг унтаж байхад нь дуусгана гэж?
Би түүний царайд сэтгэл хангалуун инээмсэглэл тодрохыг хүлээсэн ч жигтэй шоолонгуй янзаар харав. Тэгснээ намайг болон Питийг харж ямар нэгэн зүйл багцаалахыг хичээснээ хэрэггүй зүйлээс ангижирахыг хүсэх мэт толгойгоо үл
мэдэг сэгсэрч, - Бие чинь ямар байна? Явж чадах уу? гэж Питээс асуулаа.
- Үгүй түүнд амралт хэрэгтэй гэж би даруйхан хэлэв.
Хамраас нус гоожиход арчих нусны алчуур байтугай даавууны өөдөс ч байсангүйд Мэгз мөчрөөс унжсан хөвд таслан өглөө. Би асуулт тавихын оронд нусаа чанга нийн нулимсаа арчив. Хөвд зөөлөн сайн шингээдэг ажээ.
Питийн цээжин дээр ямар нэг зүйл гялтагнасанд авч үзвэл миний ятга шаазгайг дүрсэлсэн алтан сийлбэр бүхий гинж байлаа.
- Энэ чиний сахиус юм уу? - Тиймээ. Чи ятга шаазгайг чинь ашигласанд дургүйцээгүй биз дээ? Бидэнд хоёуланд адил зүйл байхыг хүссэн юм.
- Мэдээж дургүйцэхгүй гээд би хүчлэн инээмсэглэв.
Пит бүсэд адисын зэрэгцээтэй хараалтай ятга шаазгай зүүжээ. Гэвч нөгөө талаас бол босогчдод шинэ хүч өгөх талтай. Ерөнхийлөгч Сноу ийм зүйлийг харалгүй өнгөрөөхгүй нь лавтай болохоор Питийг амьд үлдээх даалгавар улам хүндэрлээ.
- За юу гэж хэлмээр байна даа эндээ буудаллах уу? гэж Финник санал болгов. - Үгүй дээ, тэгж бодохгүй байна. Энд ус ч байхгүй хоргодох газар ч байхгүй. Миний бие сайн байна. Үнэн шүү. Зөвхөн арай удаан явах хэрэгтэй байна... гэж Пит хэлэв. - Тэгэлгүй яахав гээд Финник түүнийг босоход туслахад би хажуунаас нь өргөлөө.
Энэ өглөө боссоноос хойш хичнээн их зүйл болоо вэ. Цинна миний нүдэн дээр зодуулж, шинэ бүсэд газардан, Питийн үхэхийг харлаа. Финник жирэмсний талаар яриа сөхсөн нь сайн хэрэг. Би зэвсгээ шалгаад бүх зүйл хяналтанд байх шиг санагдсан тул,
- Би түрүүлээд явъя гэв.
Пит татгалзсан ч Одэйр яриаг нь таслан, - Үгүй тэр үүнийг хийсэн нь дээр гээд над руу духаа үрчийлгэн харж,
- Би чиний хашгирахыг сонссон. Чи урд хүчний талбай байгааг мэдсэн тийм үү? гэв.
Чимээгүй толгой дохилоо. - Яаж тэр вэ?
Бити, Вайресс хоёрын хүчний талбайн талаарх нууцыг дэлгэх осолтой байсан тул би юу хэлэхээ мэдэхгүй тээнэгэлзлэв. Тэгээд ч зохион байгуулагчид тэдний надад зааж өгснийг мэдээгүй. Энэ нь маш үнэ цэнэтэй мэдээлэл
байлаа. Хэрвээ тэд мэдвэл хүчний талбайг өөрчилөөд хэлбэлзлийг нь үзэгдэхгүй болгох байсан тул худал хэлэхээр шийдэв.
- Мэдэхгүй. Ямар нэг зүйл сонсогдох шиг болсон.
Бүгд чимээгүй болов. Эргэн тойрон хорхой шавьж гүйлдэж, шувуу жиргэн, салхинд навчис сэрчигнэж байлаа. - Би юу ч сонссонгүй гэж Пит дуугарав.
- Үгүй ээ тэгсэн. Яг л арван хоёрдугаар бүсийг хүрээлсэн хашаатай адил дүнгэнэдэг ч арай чимээгүй гэхэд бүгд ахин чих тавилаа. - Аанхан! Сая сонссон уу? Питийн цохилтонд өртсөн газрын баруун талд юм дуугарсан.
- Би юу ч сонссонгүй. Гэхдээ чамд тийм мэдрэмж төрсөн бол тэргүүлээд яв гэж Финник хэлэхэд би уухайн тас толгойгоо эргүүлэн,
- Хачин юм даа. Зөвхөн зүүн чихэнд сонсогдож байна гэлээ.
- Эмчлүүлсэн чих чинь үү? гэж Пит тодотгоход, - Аанхан гээд би мөрөө хавчлаа.
- Магадгүй эмчилгээний тусламжтай илүү сайн сонсдог болсон ч байж болох юм. Заримдаа надад ердийн бус авиа сонсогдох шиг болдог. Жишээлбэл эрвээхэйний далавч дэвэх цасан ширхэг газар унах гэх мэт.
Энэ төгс боллоо! Одоо бүгдийн анхаарал өнгөрсөн жил тоглоомын үеэр дүлийрэн мэс заслын тусламжтай эдгэсэн зүүн чих рүү хандан яагаад гэнэтхэн сарьсан багваахай шиг сонсголтой болсны учир тайлагдав.
- Алив гэж Мэгз намайг урагш түлхэхэд толгойлон явлаа.
Мэгз явган явахаар шийдсэн тул аялал яаралгүйхэн үргэлжилж Финник таяг хийж өгөөд ар талаа хамгаалахаар сүүлдэж явав. Би алхах зуураа хүчний талбай руу сүпер сонсголтой зүүн чихээ хандуулан явлаа. Гэсэн ч энэ хангалтгүй байсан тул ойролцоох модноос урдаа чулуудахаар самар цуглуулж авав. Энэ ч бүтэмжтэй болж агаарт чичиргээ харагдах үед самар чулуудахад утаа савсуулан нисэж хөлд унана.
Хэсэг зуур явсны дараа ард тамшаалах чимээ гарахад эргэж харвал Мэгз ам дүүрэн самар хагалан чихжээ. - Мэгз одоохон хая! Хортой байж магдагүй гэж би хашгирлаа.
Гэвч тэр миний орилохыг тоолгүй зажлаад амтархан уруулаа долоов. Би тусламж эрэн Финник рүү хартал хөхрөөд,
- Удахгүй тайлбарлая гэв. Цааш хөдөллөө. Одэйр ямар хачирхалтай юм бэ. Мэгзийг аварсан хэрнээ үл таних модны самар идэхийг зөвшөөрч байдаг. Бас Хеймитч түүнд итгэлийн тэмдэг өгч, Питийг үхлээс аварсан байдаг. Тэр яагаад өрсөлдөгчөө үхүүлсэнгүй вэ? Энэ талаар юу ч хэлээгүй. Би түүнийг ийм чадвартай гэж мэдсэнгүй. Тэр юуны төлөө Питэд тусалсан юм бол? Яах
гэж надтай баг болохыг хичээнэ вэ? Гэсэн ч тулаан эхлэхэд хүрвэл намайг нүд цавчилгүй алах болно. Түүнтэй тулалдах эсэхээ шийдэх үлджээ.
Би явах зуураа самар чулуудан үе үе хүчний талбай гялсхийхэд зүүн талаа баримтлан Эврээс алсад ус олохоор найдан явсан ч ойролцоогоор цагийн дараа ашиггүй болохыг нь ойлгов. Хүчний талбай тахирлан одсон учир бид зүүн тийш явсангүй. Би зогсоод эргэхэд Мэгз доголж, Питийн нүүрэнд хөлс бурзайжээ. - Энд амарцгаая. Би ахин дээшээ гарч харахаас.
Би авирахад тохиромжтой өндөр мод сонгон аваад туялзсан мөчир хугарахаас сэргийлэн их биед нь ойр байхыг хичээн авирлаа. Авирах зуур модны туяхан их бие чийглэг салхинд ганхан миний сэжиглэл батлагдав. Бид зүүн тал руу эргэж болохгүй аж. Эндээс хүрд шиг дугариг хэлбэртэй бүс бүтнээрээ харагдаж байв. Ширэнгэн ойг нэгэн жигд ягаан өнгийн тэнгэрээр бүтээсэн мэт санагдана. Тэгтэл би Вайресс, Бити хоёрын хуяг гэж нэрлэж байсан бүүдгэр чичигнэсэн хоёр дөрвөлжин дүрс харлаа. Итгэлтэй байхын тулд модны орой дээрх хоосон зай руу харватал гэрэл ойн цэнхэр тэнгэр гялсхийн үзэгдээд сум буцаж ой руу унав. Би муу мэдээ хэлэхээр доошоо буулаа.
- Биднийг тойроод хүчний талбай хүрээлжээ. Хичнээн өндөрийг нь мэдэхгүй ч дээгүүрээ бөмбөгөр хэлбэртэй. Эргэн тойронд Эвэр, тэнгис ширэнгээс ондоо юу ч алга. Тэгшхэн хэдий ч томгүй юм байна. - Ус харагдсангүй юу? гэж Финник асуув. - Зөвхөн тэнгисийн давстай ус л байна.
- Өөр эх сурвалж байх л ёстой. Үгүй бол бид хоёр өдрийн дотор үхэж дуусна гээд Пит хөмсөг зангидав.
- Эндхийн навч өтгөн шигүү болохоор гол горхи юмуу цөөрөм байж таарна гэж би тээнэгэлзэн хэлсэн ч Плутрах Хевенсиб биднийг түргэхэн дуусгахыг тушаасан бол яах ч аргагүй байлаа. - Ямар ч гэсэн толгодын захаар уух ус хайгаад хэрэггүй байх.
- Хүчний талбай хүрд хоёрын дунд уух ус байх л ёстой доо гэж Пит давтав.
Энэ юу болохыг бүгд ойлголоо. Мэргэжлийнхэн болон алан хядлага болсон газар луу буцах хэрэгтэй болжээ. Гэвч Мэгз арай ядан гэлдэрч байсан төдийгүй Пит тулалдахад сульдаж доройтсон байлаа.
Бид толгод уруудан хэдэн зуун ярд яваад тойрч эхлэв. Магадгүй уух ус байх ч юм бил үү? Би урьдын адил тэргүүлэн явж самар чулуудаж байсан ч хүчний талбайгаас холдсон бололтой юу ч оногдсонгүй. Хурц нарны гэрэлд агаарт ууршин нүд хуурна. Үдээс хойш Пит, Мэгз хоёр цааш явж чадахааргүй болов. Финник хүчний талбайгаас арван ярдын зайд буудлаллах газар сонгон аваад гэнэтийн дайралтаас хамгаалж магадгүй гэж тайлбарлав. Дараа нь Мэгзийн хамт өндөр ургасан ногоо зулгаан таван футын өндөрт овоолж эхлэв. Самар хөгшинд хор учруулаагүй болохоор Пит хэсгийг түүж хүчний талбай руу шидэн шарж хальснаас нь салган навчин дээр овоолов. Би энэ үед харуулд зогсож өдрийн болсон явдалд түгшиж дотор зовиурлана.
Үүнийг зэрэгцээ юм уухыг хүсч эцэст нь тэсч чадахаа болиод, - Финник харуулд зогсож байгаач. Би ойр тойронд явж ан харахын зэрэгцээ ус хайя гэхэд хэн ч миний ганцаар явах бодлыг дэмжсэнгүй. Гэвч нөгөө талаас цангалт аймшигтай зүйл байлаа.
- Санаа зовох хэрэггүй дээ би хол явахгүй гэж би Питэд амалсан ч, - Би ч гэсэн хамт явна гэв.
- Үгүй. Замдаа харвах ямар нэг ан тааралдаж магадгүй гээд... <<Харин чи хэтэрхий чанга явдаг>> гэж золтой нэмэрлэсэнгүй. Түүний хүнд алхаанд хамаг ан үргээд алга болох биз. - Тэгээд ч би удахгүй. Би модон дундуур мяраан явахдаа зөөлөн газар чимээ гарахгүйд баяртай байлаа. Өтгөн ногоон ургамал руу ташуулдан орж явчихлаа.
Гэнэтхэн их бууны дуу сонсогдон Эврийн дэргэдэх цуст тэмцэл дууссан бололтой. Алагдагсдыг тоолох цаг болж. Амь үрэгдсэн ялагч болгоны тоогоор буудалтыг тоолоход найм болов. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад тийм ч олон биш юм. Гэхдээ тэдний нэрсийг мэдэж байгаа юм шиг санагдав. Усгүй болж хатсан бие сулрахад амрахаар мод налав. Ам аргаж залгих шүлсгүй болоод сульдаж гүйцжээ. Би жирэмсэн эмэгтэйг өрөвдөж хэн нэг ивээн тэтгэгч Хеймитчэд усны мөнгө өгөх болов уу гэсэндээ гэдсээ илж үзэв. Гэвч аз таарсангүйд газар лагхийн суулаа.
Нам гүм тайван байдалд эргэн тойрон амьтан гүйлдэн гоёмсог өдтэй шувуу, цэнхэр хэлтэй гүрвэл болон хархтай төстэй амьтан модон дээгүүр гүйлдэнэ. Би тэдний нэгийг харваад ойртуулан харлаа.
Ямар муухай амьтан бэ. Шигүү бүрхсэн саарал үстэй доод талын уруулаас нь хоёр ёрдгор хурц шүд цухуйжээ. Би олзоо өвчиж эхлэхдээ амьтан нойтон хошуутай болохыг ажиглав. Горхиноос уусан юм болов уу? Босож модыг тойрч үзлээ. Хаа нэгтээ ойрхон л байх ёстой доо. Гэвч юу ч байсангүй бөгөөд ус олдсонгүй. Эцэст нь Пит түгшиж байгааг санаад буудалласан газар луугаа буцахдаа халуунд улам цуцаж ядарлаа.
Энэ үед үлдсэн хүмүүс байраа өнгөлөн далдалж амжсан байв. Мэгз, Финник хоёр өвсөн овоохой хийж нэг талд нь хаалга гаргажээ. Хөгшин навчаар хэдэн таваг сүлжсэнийг Пи шарсан самар дүүргэжээ. Бүгд намайг найдангуй харсан ч толгой сэгсэрээд, - Үгүй, алга. Юу ч олдсонгүй. Гэхдээ тэнд ус байсан. Амьтан харвуулахаасаа өмнө түүнийг уусан байсан гээд шинэхэн олзоо өргөн үзүүлээд,
- Модны эргэн тойронд гучин ярдын зайд самнаж үзээд ус олсонгүй гэв. - Махыг нь идэж болох болов уу? гэж Пит сонирхов.
- Хэлэхэд хэцүү ч хэрэмний махнаас ялгаагүй гэж бодож байна. Гал дээр шарж болох ч... гээд би түүдэг асааж болох эсэхэд эргэлзэн дуугүй боллоо. Асаасан ч бүсэд ойрхон болохоор утаанд бусад өрсөлдөгчдөөсөө нуугдах боломж гарахгүй. Гэвч Питийн толгойд нэг санаа ороход мэрэгчийн махыг жижиглэн хуваагаад савааны үзүүрт шорлож хүчний талбай руу хатгахад шархийн буцаж шидэгдлээ. Мах гадна талаасаа харлаж түлэгдсэн ч дотор нь болжээ. Бүгд хөөрч алгаа ташсанаа гэнэтхэн хаана байгаагаа санаад чимээгүй боллоо.
Цонхигор наран ягаавтар тэнгэрийн хаяанд очих үед бид өвсөн овоохойдоо орлоо. Би одоо хүртэл самар идэж болох эсэхэд эргэлзэж байсан ч Финник Мэгз тэднийг өнгөрсөн тоглоомын үеэр мэддэг болсон гэж тайлбарлав. Өнгөрсөн жил хоол олоход хялбар байсан тул бэлтгэлийн үеэр идэж болдог ургамлын хэсэгт маш бага хугацаа өнгөрүүлсэндээ харамслаа. Мэгз цагийн өмнө самар идсэн хэр нь сэргэлэн хэвээр байв. Би нэгийг авч хазаж үзэхэд зөөлхөн туулайн бөөрийг санагдуулам амттай ажээ. Мэрэгчийн мах хатуу ч гайхмаар шүүслэг байсан тул бүсэд өнгөрүүлсэн анхны үдэш оройн хоол муугүй боллоо. Финник бид хоёр мэрэгчийн тухай ярилцаад модны харх гэж нэрлэхээр шийдэв. Шөнө ойртоход би эмээхгүй байж чадсангүй. Шигүү ургасан ургамал далдалж болох ч дундуур нь гэтэж болох талтай. Удалгүй нар тэнгэрийн хаяанд далд ороход цайвар саран мандан орчин үзэгдэхүйц болов. Яриа хөөрөө намдахад бид овоохойн үүдэнд дугуйран суугаад Пит миний гарыг авлаа.
Тэнгэрт Капитолын сүлд гялалзан агаарт сүлд дуулал сонсогдов. Би <<Мэгз, Финник хоёрт бүгдээс илүү хэцүү байгаа байх>> гэж бодсон ч тэнгэрт амь үрэгдсэн найман оролцогчын зургийг үзүүлэхэд сэтгэл өөрийн эрхгүй шимшрэв.
Эхлээд Финникийн сэрээгээр шорлож алсан тавдугаар бүсийн эрэгтэй хүний зураг гарав. Тэгэхээр өмнөх бүсүүд болох дөрвөн мэргэжлийнхэн тэргүүтэй Вайресс, Бити, Мэгз, Финник нар бүтэн үлджээ. Тавдугаар бүсийн араас зургадугаар бүсийн хар тамхичин эрэгтэй, наймдугаар бүсийн Вуп, Цецелия хоёр, есдүгээр бүсийн хоёр оролцогч, аравдугаар бүсийн эмэгтэй, арван нэгдүгээр бүсийн Сидер нар үрэгджээ. Тэнгэрт Капиолын сүлд гараад төгсгөлийн ая явснаа харанхуйлав.
Бидний хэн ч үг хэлсэнгүй. Би гурван хүүхдээ орхисон Цецелиягийн тухай бодлоо. Сайхан сэтгэлтэй Сидер надтай уулзахдаа тэвэрч байсан. Тэр ч байтугай хөнхөр нүдтэй хар тамхичин миний царай дээр шаргал цэцэг зурж байсныг санаад сэтгэл өвдөхгүй байж чадсангүй. Энэ бүх хүмүүс үхсэн. Байхгүй болсон. Бид хэр удаан хөдөлгөөнгүй суусныг мэдэхгүй ч навчин дээр мөнгөлөг шүхэр газардахад хэн ч түүнийг авахаар гар сунгасангүй.
- Хэнд юм бол? гэж би эцэст нь дуугарлаа.
- Ямар ялгаа байна. Өнөөдөр үхэх шахсанаараа Пит авсан нь дээр байх гэж Финник хэлэв. Пит уяаг тайлахад шүхэр дотор жижигхэн төмөр ойлгомжгүй эдлэл байлаа.
- Энэ юу вэ? гэж би асуухад хэн ч мэдсэнгүй тул бэлгийг гар дамжуулан үзэж судлав. Энэ нь нэг талдаа урт нарийхан үзүүртэй хөндий төмөр хоолой байлаа. Нөгөө талын үзүүр нь бага зэрэг махийжээ. Ямар нэг бүдэг танил... дугуйны эд анги, хөшигний татуурга шиг. Пит хоолойг үлээж үзэхэд авиа гарсангүй тул Финник зэвсэг болгон хэрэглэж үзэхээр чигчий хуруугаа шургуулав. - Мэгз чи үүгээр загасчилж чадах уу? гэж би асуухад төрөл бүрийн зүйлийн тусламжтай загасчилдаг хөгшин үл тоомсорлон толгой сэгсэрлээ.
Би хоолойг гар дээгүүрээ эргүүлэн бодлогоширв. Хеймитч дөрөвдүгээр бүсийн зөвлөгчидтэй ярилцсан нь эргэлзээгүй. Тэр бэлэг сонгожээ. Тэгэхээр бидний амьдралыг аврах үнэ цэнэтэй эд байх ёстой. Өнгөрсөн жил намайг цангаж үхэх гэж байхад ус ойр байсан учир Хеймитч уух юм явуулаагүй. Түүний бэлэг болгон утга учиртай байдаг. Би бараг л түүний <<Наад тархиа ажилуул! Энэ юу вэ?>> гэж хашгирахыг сонслоо.
Би нүдэн дээгүүр урссан хөлсөө арчаад бэлгийг сарны гэрэлд харав. Эргүүлж тойруулан янз бүрийн өнцгөөс үзэж учрыг нь олохыг хичээсэн ч эцэст нь газарт шигтгээд урам хугаран бууж өглөө.
- Магадгүй бидэнтэй Бити, Вайресс хоёр байсан бол үүний учрыг олох байсан даа.
Би суниагаад хацраа овоохойн өвсөнд наан бэлгийг уурсан харлаа. Пит мөрний чилсэн хэсэгт иллэг хийхэд жаахан тайвширав. Хачирхалтай нь энд яагаад нар жаргасны дараа хүйтрэхгүй байгаа юм бол. Би гэрийнхээ тухай бодлоо. Прим, ээж, Гейл, Маж. Тэд намайг зурагтаар хэрхэн харж байгааг төсөөлөв. Гэртээ Тредэд баривчлагдаагүй байгаасай даа. Эсвэл Цинна шиг шийтгүүлсэн болов уу? Бас Дариус шиг... Надаас болоод бүгдээрээ.
Би тэднийг болон төрөлх бүсийнхээ ойг санан гунихарлаа. Хатуу шилмүүст мододтой ч хоол элбэг, амьтад нь ч хэрцгий биш гол горхи хоржигнон урсаад хүйтэн сэвшээ салхи илбэн байдаг. Бүгчим халууныг хөөх сэвшээ салхи. Би салхинд хацар сэрүү татаж байгааг төсөөлөөд тэмтэрч үзсэнээ харласан газар зоосон эдийн нэрийг саналаа.
- Гоожуулдаг хоолой! гэж гэнэтхэн хэлэхэд,
- Юу? гэж Финник асуулаа. Би газар хэвтэж байсан бэлгийн шороог цэвэрлээд гаран дээрээ тавьж тахир үзүүрийг нь ширтэн бодлогоширов. Яг тийм би үүнийг урьд нь харж байсан. Хүйтэн салхитай өдөр эцгийнхээ хамт ойд байхдаа агч модны өрөмдөж гаргасан нүхэнд шургуулж шүүсийг нь хувинд тосч байсан юм. Агч модны шүүс бидний амтгүй талхийг сайхан амттай болгодог байв. Эцгийн үхлээс хойш эдгээр хоолой яасныг санаагүй ч хаа нэгтээ ойд нуусан биз. Хэзээ ч олдохгүйгээр.
- Энэ бол гоожуур шиг хоолой. Модонд зоогоод шүүсийг нь гаргадаг юм... гээд ногоон мододыг харж, - Гагцхүү зөв модоо олох хэрэгтэй гэв.
- Шүүс гэнээ? хэмээн амьдралдаа тэнгисээс өөр зүйл харж байгаагүй Финник гайхав.
- Түүгээр чихэрлэг ханд хийдэг юм. Гэхдээ эндхийн модод өөр байх л даа гэж Пит тайлбарлав. Бүгд даруйхан үсэрч бослоо. Бид цангаж үхэхийн ирмэг дээр байсан тул пүрштэй юм шиг хөдөлж байв. Модны хархны хурц шүдтэй хоншоор норсон байсан. Тэд л гагцхүү модыг нүхэлж чадна. Финник яаран хоолойг бүдүүн модонд чулуугаар нүдэн зоох гэсэн ч би хориглож,
- Хүлээгээрэй тэгвэл хоолойг гэмтээж магадгүй. Эхлээд модонд нүх гаргая гэв. Өрөм байхгүй ч Мэгз шөвгөө өгөхөд Пит түүгээр холтсонд хоёр инч нүх гаргав. Дараа нь Финник тэр хоёр ээлжлэн нүхийг шөвөг болон хутгаар хоолой хийх хэрэгтэй хэмжээ хүртэл томруулав. Би болгоомжтой хоолойг модонд зоогоод ухран юу болохыг хүлээлээ.
Эхлээд юу ч болсонгүй. Дараа нь ус үзүүрийг даган дусалж эхлэхэд Мэгз алгаа тосон залгилснаа ахин сунгав. Хоолойг хөдөлгөн аятайхан байрлуулахад нарийхан шингэн гожигдон олгойдсонд Мэгз навчаар сүлжсэн ус даах чадвартай сагс тосов. Бүгд сагсыг дүүрсэн хойно дамжуулан хэд балгаад баяртайгаар нүүрээ угаалаа. Эндхийн бүх зүйлийн адил ус бүлээвтэр хэдий ч шилж сонгож байх цаг байсангүй.
Цангалт намдахад бид эцэж ядарснаа мэдрэн хоноглоход бэлтгэж эхлэв. Өнгөрсөн жил би үргэлж гэнэтийн тохиолдолд зугтахад бэлэн юм хумаа зэхдэг байв. Энэ удаад үүргэвчгүй ч зэвсгээ өөрцгүй гараасаа салгасангүй. Хоолойгоо модноос сугалан авч ороонгын мөчрөөр оосорлоод бүсэндээ алдуурхааргүй зүүв.
Финник түрүүлж харуулд гарахад ядрахаараа намайг сэрээхийг гуйгаад Питийн дэргэд хэвтэв. Хэдэн цагийн дараа нойрон дунд цохилох хонхны чимээгээр сэрлээ. Түн! Түн! Шүүхийн байшинд шинэ жилээр цохьдог хонхны дуутай яг адилхан аж. Пит, Мэгз хоёр унтсаар байсан ч Финник надаас дутуугүй түгшсэн байв. Хонхны дуу зогсов.
- Арван хоёр удаа цохиллоо гэж Финник шивнэхэд би толгой дохилоо.
Арван хоёр. Энэ ямар учиртай юм бол? Бүс бүрийн тоогоор цохьсон юм болов уу? Болох л юм. Гэхдээ яах гэж? - Энэ ямар учиртай гэж бодож байна?
- Мэдэх юм алга гэж Одэйр хэлэв.
Бид Клавдия Темплсмит ямар нэг заавар мэдэгдэл юмуу найрын урилга хэлэхийг хүлээв. Гэвч алсад цорын ганц ажиглагдсан зүйл аянга нижигнэж том модыг ниргээд шуурга эхлэв. Хеймитч шиг ухаалаг зөвлөгчгүй бусад хүнийг устай болгохын тулд аадар орсон байж болох.
- Финник явж унт. Миний харуулд гарах ээлж гэж би хэллээ.
Тэр тээнэгэлзсэнээ үргэлж сэрүүн байж чадахгүйгээ мэдэж байсан тул овоохойн үүдэнд хэвтэн нэг гартаа сэрээгээ тэврээд гүн нойронд автав. Би нумаа зэхэн сарны гэрэлд сүүн ногооноор цайвалзах ширэнгэ рүү харан суулаа. Ойролцоогоор цагийн дараа аянга дуусав. Бороо ойртож хэдэн зуун ярдын зайд навч мөчир дээр дуслан шаагьсан ч буудал руу ирсэнгүй.
Хаа нэгтээ их буу нүргэлэхэд би цочсон ч унтсан хүмүүс сэрсэнгүй. Тэднийг үүний төлөө сэрээх хэрэггүй л байх. Ахин нэг ялагч үхжээ. Энэ хэн байсан юм бол. Үл үзэгдэх аадар өнгөрсөн жил бүсэд байсан шиг гэнэт зогсоход хормын дараа борооны зүгээс чимээгүй манан суунаглав. <<Бороо орсны дараа мэдээж хэрэг>> гэж би бодсон ч манан шаргуу ойртов. Цайвар тэмтрүүл адил махир зүйл ард байгаа бусдыгаа татах мэт байлаа. Миний шилэн хүзүүний үс бослоо. Энэ мананд нэг л зүйл биш байв. Байгалийн гэхэд урд талын эгнээ нь хэтэрхий жигд юм. Хэрвээ байгалийн биш бол яах вэ? Хамарт дотор муухайрам нялуун үнэр ханхлахад би нөхдөө хашгиран сэрээв.
Тэднийг босгоход хэдхэн секунт орсон ч арьс түлэгдэн цэврүүтэж эхэлжээ. 21
Манангын дусал хүрсэн газар улайн шархлав. - Гүйгээрэй! Гүйгээрэй! гэж би бусаддаа орилов.
Финник дайсантайгаа үзэлцэхээр цахилгаан адил түргэн босож ирсэн ч манангын өтгөн шигүү ханыг хараад
нуруундаа унтаж байсан Мэгзийг үүрч ширэнгэ рүү гүйв. Пит түргэн боссон ч юу болсныг ухаарсангүйд би гараас нь бариад Одэйрийн араас гүйв.
- Юу вэ? Юу болоод байна? гэж Пит үл итгэн гайхширлаа.
- Хорт манан. Хийгээс бүтсэн бололтой. Түргэлээрэй, Пит! гэж би яаруулав. Тэр хүчний талбайд цохиулсны дараа бие нь хэвдээ ороогүй болохоор арай ядан хөл дээрээ тогтож ердийнхөөс удаан гүйж байв. Бас газар шигүү ургасан ороонгод алхам тутамдаа бүдчихэд би найгана.
Би эргэж манангын шигүү ханыг хараад айдаст автан Питийг хаяж зугтан амиа аврахыг завдав. Энэ нь амархан манангын түвшнээс өндөр ойролцоогоор дөчин футын модонд авирахад болох байв. Би өнгөрсөн жил мутантуудыг хараад бас ингэж бодсон билээ. Зугтах гэснээ Питийн тухай санаад Эврийн зүг гүйсэн. Энэ удаад айдсаа дарж түүнийг аль болох холдуулах хэрэгтэй. Миний амьд үлдэх нь гол биш. Хамгийн гол нь Пит амьд үлдэх ёстой. Зурагтын цэнхэр дэлгэцээр хичнээн нүд үүнийг ширтэж байгааг төсөөлж байна. Бүс бүсийн үзэгчид намайг Капитолын хүссэн шиг үхэх юмуу бууж өгөхгүй байхыг хүлээж байгаа.
Би хуруунаас нь чанга атгаад. - Миний араас гишгэсэн алхамыг дагаж яваарай гэв.
Энэ нь тусаллаа. Бид арай хурдан явж эхэлсэн бөгөөд цагаан манан өсгий даран хөвөрч байхад амрах завдал болсонгүй. Түлэгдсэн газар хорсон өвдөж химийн хор цаас шиг хүрэмний давхарга бүрийг цоолон идэв.
Финник нилээн холдсон хойноо бидэнд асуудал тулгарсныг ойлгоод зогсов. Гэвч юугаар тусалж болно гэж? Үүнтэй тэмцэлдэх аргагүй болохоор зугтахаас өөр аргагүй билээ. Тэр биднийг урамшуулахыг хичээн хашгирахад араас нь хоолойгоор нь даган хөдөллөө.
Пит мөлхөө ургамалд бүдэрч унахад би барьж амжив. Түүнийг өндийхөд туслах зуураа түлэгдсэн аймшигт цэврүүнүүд байхыг харлаа. Царайны зүүн тал нь суларч унжин зовхи нь нүдийг нь таглаад уруул нь хажуу тийш мурийжээ. - Пит.. гэж би хэлсэн ч гар татвалзлаа.
Тэгэхээр химийн хорт манан зөвхөн арьс түлээд зогсохгүй булчингийн мэдрэлд нөлөөлдөг байх нь. Би айдаст автан Питийг урагш чирэн гүйсэн ч ахин бүдэрлээ. Хөл дээр нь босгоход гар мэдээгүй татвалзаж эхлэв. Манангын урд тэмтрүүл бидэнд дөхөн ирээд их бие нь ярдын цаана цайрна. Пит урагш явахыг хичээсэн ч хөл нь утсан хүүхэлдэй адил чичигнээд захирагдаж өгсөнгүй.
Гэнэтхэн ямар нэг хүч угз татахад Финник Питийг авахаар эргэ иржээ. Би яаран мэдээтэй талын мөрөөрөө түшин туслахыг хичээсэн авч Одэйрийн алхаа хурдан байлаа. Ойролцоогоор манангаас арван ярдын зайд холдсоны дараа Финник зогсов.. - Ингээд бүтэхгүй нь. Би түүнийг авч явъя. Харин чи Мэгзийг авч явж чадах уу?
- Тэгье гээд би шийдэмгий хэлсэн ч зүрх палхийлээ.
Хөгшин далан футээс илүүгүй ч би аварга биет биш. Өмнө нь илүү хүнд зүйл авч явсныг хэлэх үү. Зөвхөн гарны мэдээгүй татвалзах зогсчээ. Намайг доошоо суухад Мэгз Финник дээр суусны адил нуруу луу авирлаа. Удаанаар дээш босож үзэхэд өвдөг чичирсэнгүй. Одэйр хэдийн Питийг нуруундаа үүрээд гүйж байсан тул ороонго дундуур гарсан замаар дагалдав.
Манан биднийг чимээгүй шигүү ханаар хөөж тэмтрүүлээрээ базан авлаа. Зөн совин минь эндээс шууд холдох хэрэгтэй гэж хашгирч байсан ч Финник толгод ташуу уруудан гүйв. Тэр хийнээс зайлсхийн Эврийг хүрээлсэн усанд хүрэхийг хичээж байгаа бололтой. <<Яг тийм ус!>> гэж толгойд харвахад хортой дусал арьсанд улам гүн шигдэв. Би одоо Одэйргүй бол Питийг гаргаж чадахгүй байсан тул түүнийг алаагүй явдалдаа баяртай байлаа. Хэн нэгэн чиний талд байх сайн хэдий ч энэ нь түр зуурын хэрэг билээ.
Мэгз буруугүй ч би унаж эхлэхэд тэр хөдөлгөөнд саад болохгүйг байдгаараа хичээсэн ч дийлж хүчрэхгүй болсон байлаа. Ялангуяа баруун хөл хөшин хатуурсаныг хэлэх үү. Эхний хоёр удаад нь унаад босож чадсан бол гурав дахь удаад нь хөлөө зөөж чадсангүй. Намайг босохоор тэмцэн зүтгэх зуур Мэгз газар өнхөрч унав. Би эргэн тойрон байгаа ороонго ургамлын тусламжтай босохыг оролдлоо.
Финник тэр агшинд Питийг үүрсээр ирэв.
- Бүтэхгүй нь. Тэднийг хоёуланг нь авч явж чадах уу? Түрүүлээд яв би араас чинь гүйцье. Эргэлзээтэй амлалт хэдий ч би аль болох итгэлтэй хэлэв.
Сарны гэрэлд Одэйрийн нүд ногоорон гялалзах нь тод үзэгдэв. Тэр муурынх адил хачирхалтай туяарах аж. Магадгүй нулимс цийлэгнэсэн биз. - Үгүй. Би хоёр хүн авч явж чадахгүй. Миний гар хөдлөхөө больсон гээд үзүүлэхэд хоёр тийшээ мэдээгүй татвалзаж байлаа. Сэрээгээ Питэд бариулжээ.
- Намайг уучлаарай, Мэгз. Би чадахгүй нь. Цаашид бүх зүйл ухаарахын завдалгүй түргэн болсон учир хориглож амжсангүй. Хөгшин огцом өндийн босоод Финникийн уруул дээр үнсэж хазганан манан руу гүйлээ. Тэгснээ бүх бие нь бүжиглэж бүжиглэж байгаа аятай аймшигтай татвалзан газар ойчив.
Хашгирах гэсэн ч хоолойд гал шатав. Манан руу алхам ойрттол их буу чанга нүргэлэв. Мэгз үүрд явж зүрх нь зогсчээ.
- Финник? гэж би сөөнгөтөн дуудсан ч тэр хэдийн аймшигт үзэгдлээс эргээд холдсон байсан тул хөлөө чирэн дагахаас ондоо зам үлдсэнгүй. Бодол санаа замбараагаа алдан манан нэвчих адил болж бүх зүйл бодит бус үзэгдэнэ. Гэвч ямар нэг хүсэл намайг нөхдийнхөө араас урагшлахад хүргэж байсан бөгөөд бараг үхлийн ирмэгт тулаад байв. Биений хагас минь мэдээгүй болон үхжээ. Бас Мэгз үхсэн. Үүнийг би зөвхөн бодсон ч байж магадгүй учир нь бүх зүйл утгагүй санагдав.
Одэйрийн хүрэл үсэн дээр сарны гэрэл тоглон наадаж мод болсон хөлөө чирэн дагахад түлэгдсэн газрын цэврүү тэсгэлгүй хорсоно. Тэгтэл Финник Питийн хамт уналаа. Би зогсож чадсангүй тул биенд нь тээглэн дарж ойчиход <<Хаа ч байсан ялгаагүй үхэх л юм чинь>> гэсэн зурсхийв. Бодол санаанд хий зүйл үзэгдэх нь өвдөлттэй харьцуулахад юу ч биш байлаа. Одэйр чанга ёолоход би арайхийн гулгаж буулаа. Би одоо л манангын сувдан цагаан ханыг тод харж байв. Магадгүй сарны гэрэлд нүд хуурснаас болсон уу манан хувирч эхлэв. Тэр өтгөрч тунгалаг шил
мэт тунарснаа анивчаад харахад тэмтрүүл байхгүй болсон байлаа. Урагш хөдлөх нь зогсчээ. Бүсэд харсан бусад аймшигтай зүйлийн адил хязгаарт нь ирсэн бололтой. Эсвэл зохион байгуулагчид биднийг алахаар шийдээгүй ч байж болох юм.
- Манан зогсож гэж би хэлэхийг завдсан ч хөөж хавдсан амнаас хоржигносон чимээ гарав. - Манан зогсож.
Хоёр дахь удаад арай ойлгомжтой болсон бололтой Финник, Пит хоёр эргэж харлаа. Манан алгуур тэнгэр рүү хөөрөн алга болоход өчүүхэн төдий ч уур үлдсэнгүй.
Пит Финникээс өнхрөн холдоод нуруугаараа хэвтэв. Бид хэсэг зуур хордсон биетэйгээ амьсгаадан татвалзаж хэвтлээ. Пит хуруугаараа дээш заан,
- Сар... чинн гэлээ. Дээшээ хараад хоёр дүрс харав... Тиймээ сармагчин байх. Манайд ойд байдаггүй болохоор урьд нь амьд сармагчин харж байсангүй. Гэхдээ өмнө тоглоомын үеэр харсан хачирхалтай амьтан санаанд ороход сармагчин байх гэж бодов. Шаргалдуу арьстай насанд хүрсэн хүний бүсэлхийн хэмжээтэй аж. Магадгүй энэ нь сайны тэмдэг байж болох юм. Учир нь тэд агаар хортой байсан бол ойртохгүй байсан. Бид хэсэг зуур бие биенээ ширтэв. Дараа нь Пит хүчлэн өндийгөөд толгод уруудан мөлхөв. Бид бүгд мөлхлөө. Эцэст нь ороонго дундуур гараад Эврийг хүрээлсэн бүлээхэн устай элсэрхэг эрэг дээр гарч ирэв. Би усанд хүрээд галд түлэгдсэн юм шиг угз татан авлаа.
Давсаар шархыг соруулах хэрэгтэй. Би анх удаагаа түлэгдсэн шарх давсанд хорсох гэж юу байдгыг үзэж золтой ухаан алдсангүй. Гэвч үүний зэрэгцээ өөр мэдрэмж төрөн хор гадагшлав. Болгоомжтойгоор усанд гараа дүрж үзэхэд өвдөлтийг тэвчиж болохоор байлаа. Цэнхэр усанд түлэгдсэн арьс сүүн цагаан өнгөөр үзэгдэнэ. Үүний зэрэгцээ өвдөлт намдав. Тэлээгээ суллан битүү цоорсон хүрмээ тайлав. Гайхалтай нь гутал дотуур хувцас яагаа ч үгүй үлджээ. Бага багаар хөл гараа усанд дүрэн хордсон шархаа угаав. Пит миний жишээг дагахад Финник усанд хүрсний дараахан холдоод нүүрээ элсэнд наан хөдлөх хүчгүй хэвтэж байв.
Эцэст нь бүх муу зүйл ард үлдэхэд би усанд нүдээ нээж харан хамраараа ус сорж тургилан гаргаад хоолойгоо зайлж Финникт туслаж чадахтай боллоо. Хөл мэдээ орсон ч гарын булчин татсан хэвээр байсан тул Финникийг ус руу авчирч чадсангүй. Гэвч эмчлэхгүй бол үхэх аюултай байсан тул чичирсэн гараараа ус хутган аваад зангидсан гар дээр нь асгахад хор биенээс нь гадагшилан утаа болон замхрав. Питийн бие яльгүй дээрдмэгц надад туслахаар яарав. Юуны түрүүнд хувцсыг нь уран хоёр хясаагаар ус зөөсөн нь гарнаас хамаагүй дээр байлаа. Бид эхлээд хамгийн их гэмтсэн хэсэг болох гарыг нь түрүүлж эмчилэхэд цагаан уур суунаглах хэдий ч Финник мэдсэнгүй. Тэр нүдээ анин хэвтээд үе үе ёолж байв.
Би гэнэтхэн эргэн тойрноо харж хичнээн аюултай байдалд байгаагаа ойлголоо. Сарны гэрэл хэтэрхий тод байсан болохоор дайснаасаа шөнийн харанхуйгаар халхлагдан нуугдах боломжгүй байв. Бидний аз болоход одоо хүртэл довтлоогүй ч Эврээс дөрвөн мэргэжлийнхэн довтлоход хүрвэл дийлдэх байлаа. Тэд үүнийг ажиглаагүй байж болох ч Финникийн ёолох дуу чанга сонсогдож байв.
- Түүнд илүү их ус хэрэгтэй гэж би шивнэв. Гэвч ийм байдалтай босгож чадахааргүй байсан тул Пит хөл рүү нь заав. Бид түүнийг нэг нэгээрээ өнхрүүлж давстай усанд ойртуулж эхлэв. Ердөө хэдхэн инчийн зай үлдэхэд эхлээд шагайг нь дүрж хоёр хором хүлээлээ. Дараа нь шилбийг нь дүрж хүлээгээд өвдөгийг нь дүрэв. Арьснаас үүл мэт цагаан манан суунаглахад Финник дуу алдав. Биеийг нь хорноос үргэлжлүүлэн цэвэрлэж бага багаар ахиулж байлаа. Би усанд удаан суух тусам хамаагүй дээрдэж
эхлэв. Зөвхөн арьс сэргэсэн төдийгүй тархи сайн ажиллаж булчингийн хөдөлгөөн сайжирлаа. Питийн нүүр буцаж хэвэндээ ороод зовхи нь нээгдэж унжсан нь уруул нь тэгширчээ.
Энэ зуур Финник сэхээ орж эхлэв. Нүдээ нээж биднийг харлаа. Би түүний толгойг өвдөг дээрээ тавиад ахиад арван хором хиртэй хүзүүнээс доош хэсгийг угаахад тэнгисийн усан дахь гараа хөдөлгөсөнд Пит бид хоёр баясан инээлдэв.
- За зөвхөн толгой чинь үлдлээ, Финник. Энэ бүгдээс хэцүү ч хэрвээ тэвчиж чадвал хамаагүй дээрдэнэ гэж Пит хэлэв. Бид түүнийг өндийн суухад туслахад гараас зууран нүд, ам, хамраа цэвэрлэв. Хоолой нь эдгэрээгүй болохоор ярьж чадахгүй хэвээр байлаа. - Би модноос ус гаргах гээд үзье гээд би бүсэндээ зүүсэн хоолойг тэмтчив.
- Эхлээд нүх гаргая. Харин чи түүнтэй үлд. Чи чинь бидний асрагч шүү дээ гэж Пит хэлэв. <<Тоглож байна уу>> гэж би бодсон ч дуугарсангүй Финникт үргэлжлүүлэн санаа тавилаа. Манан яагаад ч түүнд бүгдээс илүү нөлөөлжээ. Магадгүй бүгдээс илүү том хамгийн их чармайлт гаргасан болоод ч тэр үү. Хэрвээ Мэгзийг санах аваас... би одоо хүртэл юу болсныг ойлгохгүй байв. Залуу яагаад түүнийг Питийг гаргахын тулд орхисон юм бол. Яах гэж? Харин хөгшин эсэргүүцэлгүй үхлийг угтан гүйсэн. Тэр удаан амьдарсан болохоор тэгсэн юм болов уу? Эсвэл Финник бидэнтэй холбоотон болсны ачаар ялах боломжтой санагдсан юм болов уу? Гэвч Одэйрийн зовж зүдэрсэн нүүр лүү хараад асуулт тавьж зүрхэлсэнгүй.
Үүний оронд биеэ өөд нь татахыг хичээв. Түлэгдсэн хүрэмнээсээ авсан ятга шаазгайтай зүүлтийг цамцандаа хатгав. Хөвдөг бүс хүчилд тэсэн цоо шинэ юм шиг үлджээ. Түүнгүй сэлж болох ч Брут шиг сумнаас хамгаалж болох тул буцаж зүүв. Үсээ хуруугаараа самнаж үзэхэд мананд өртөн шингэрчээ. Буцаж сүлжээд өөр хийх зүйл үлдсэнгүй. Пит давчуу эрэг дээр арван ярдын зайд тохиромжтой мод олжээ. Дүрс нь сүүтэгнэхийн зэрэгцээ мод нүхлэх нь тод сонсогдож байв. Түүнд шөвөг байгаа юм болов уу? Мэгз манан руу гүйхээс урд унагаасан байж магадгүй.
Би усанд гүн орж нуруу цээжээрээ ээлжлэн хөвлөө. Тэнгисийн ус Пит бид хоёрыг эмчилсэн ч Финникт ондоо нөлөөлсөн бололтой. Тэр удаанаар үе мөчөө шалган хөдөлгөөд зугуухан сэлж эхэлсэн ч жигд байж чадахгүй байлаа. Тэгснээ тэнгисийн этгээд амьтан амь орж байгаа аятай амнаасаа ус тургилан асгаж хачин маягтай хөрвөн далд оров. Түүнийг усан дор удаад гарч ирэхгүй байхад живж гэж бодтол дэргэд нойтон толгой цухуйв.
- Ахиж битгий ингээрэй гэж би хирдхийн хэллээ.
- Яасан гэж? Шумбах уу эсвэл ил гарах юм уу? - Аль алин. Хэрвээ бие чинь сайжирсан бол явж Питэд туслъя.
Биднийг ширэнгэд ойртох үед байдал өөрчлөгдсөн нь мэдрэгдэв. Энэ бүх жилүүдийн ангийн туршлагаас болсон уу Капитолын мэс засалчдын ачаар сайн сонсголтой болсон чихнээс болсон уу толгой дээр том амьтад байгаа нь мэдрэгдэв. Тэдэнд чарлаж гангинах хэрэг байсангүй жигдхэн амьсгалах нь хангалттай байлаа. Би Финникийн гарт хүрээд дээшээ заалаа. Тэд яаж ийм чимээгүй ойртсоныг мэдэхгүй юм? Магадгүй тэгээгүй биз. Бид шархаа эмчлэх гээд завгүй байсан тул юу ч гарсан сонсохооргүй байлаа.
Энэ зуур тэд цугларлаа. Тав юмуу арваас олон сармагчин мөчирнөөс дүүжигнэн зүүгдэнэ. Хоёр нь бидний манангаас
зугтахад угталтын мэндчилгээ хийсэн. Харин энэ бол хэрцгий сүрэг байлаа.
Би нумандаа хоёр сум онилоход, Финник сэрээгээ зэхлээ. Ингээд аль болох тайван,
- Пит надад чиний тусламж хэрэгтэй байна гэв.
- Одоохон минутын дараа. Би бараг л дуусч байна гэх дуу модны араас гарснаа,
- За болчихлоо. Хоолойгоо авчирсан уу? гэв.
- Тиймээ. Гэхдээ чамайг үүнийг харсан нь дээр байх гэж бодож байна гэж би уурсан хэлээд, - Зөвхөн аяархан хөдөлж цочихгүй байхыг хичээгээрэй гэв.
Яагаад ч юм би түүний ирэхийг сармагчингуудад харуулахыг хүссэнгүй. Эдгээр амьтдын харцнаас заналхийлсэн өнгө илрэнэ. Пит ажлаа дуусгаад бидэн рүү эргэв. Миний хоолойны өнгө түгшүүлсэн бололтой,
- За яахав гэж хайхрамжгүй хэлэв.
Тэр бидний зүг чимээгүй ойртохыг хичээсэн авч түүн шиг хүнд хөлтэй хүнд амаргүй байгаа бололтой. Гэвч азаар
түүнийг ирэхэд сармагчингууд хөдөлсөнгүй. Бидэнд хүрэхэд таван ярдын зай үлдээд байхад тэр дээшээ ширтэхэд чарлах чимээ гаран бөмбөг дэлбэрэх шиг болж шар бие бүчин авлаа.
Би хэзээ ч ийм түргэн хөдөлдөг амьтан харж байсангүй. Тэд ороонго дамжин тостой юм шиг гулган бууж модноос модны хооронд үсрэн дүүлэлдэж хурц соёогоо ярзайлган архирахад эвхдэг хутга адил хумс арзайн нээгдэв. Би сармагчингийн тухай мэдэхгүй ч амьтад ингэж аягладаггүй болохыг мэднэ.
- Мутантууд! гэж би хашгираад Финникийн хамт ухасхийв.
Сумаа хямгадах хэрэгтэй байсан тул эвгүйцэм сарны гэрэлд сармагчнуудыг ар араас нь нүд, зүрх, хүзүү рүү нь онилоход харвуулсан болгон үхэж байлаа. Гэвч энэ нь Финникийн загас авалдаг сэрээ, Питийн хутгагүй бол хангалтгүй байв. Хөл болон нуруунд сарвуу зоогдоход азаар хэн нэгэн салгалаа. Агаарт няц гишгүүлсэн ургамал, цусны эхүүн үнэр сармагчингын өмхийтэй нийлэн ханхална. Бид гурвуул нэг нэгнээ халхлан нуруугаа нийлүүлэн зогслоо. Тэгтэл шинэ сум авах гээд хоосон саадаг тэмтрэгдэхэд дотор палхийлээ. Хүлээгээрэй Питэд хоёр дахь саадаг байгаа шүү дээ. Тэр хутгаар тулалдаж байгаа тул сум хэрэггүй. Би хутгаа гаргасан ч мутантууд пүрштэй шиг дэвхрэлдээд хүрэх боломж өгсөнгүй.
- Пит, сум! гэж би хашгирав. Түүнийг над руу эргэн саадаг мултлах агшинд аймшигтай зүйл болон ширэнгээс сармагчин ухасхийв. Сум дуусан тул харваж чадсангүй, Финник сэрээгээ ээлжит анд зоосон байлаа. Пит саадгаа гаргах гээд зуурах хооронд би хутгаа мутант руу шидсэн ч гогцоо эргэн бултаад дайралтаа үргэлжлүүлэв.
Зэвсэггүй хамгаалалтгүй болсон надад цорын ганц зүйл үлдсэн нь Питийг биеэрээ халхлах явдал байсан ч хожимджээ.
Харин тэр амжлаа. Хаа нэгтээ агаараас гарч ирсэн аятай агшин зуур гарч ирээд Питийн урд ганхан буулаа. Бие нь цусанд будагдсан бөгөөд амаа ангайн чих дөжрөм хашгирахад хүүхэн хараа нь хар нүх адил томров.
Зургадугаар бүсийн галзуу хар тамхичин эмэгтэй ясархаг гараа сармагчинг тэврэхийг хүсэх мэт сунгахад аймшигт соёо цээжинд нь зоогдов.
22
Пит саадгаа газар хаяад сармагчингийн эрүү тавигдах хүртэл хутгаа нуруунд нь зоосоор байлаа. Дараа нь мутантыг өшиглөөд шинэ дайралтанд бэлтгэв. Би түүний саадагтай сумыг аваад нумаа хөвчлөхөд Финник ард амьсгаадахыг сонсвол мундахгүй ажилтай байгаа бололтой.
- Алив! Холд! гэж би Питэд уурсан хашгирав.
Гэвч сармагчингуудад ямар нэг зүйл тохиолдсон бололтой үл үзэгдэх хоолой дуудсан аятай ухраад модонд буцаж авиран уусан алга болов. Зохион байгуулагчид өнөөдөр хангалттай гэж үзсэн биз. - Түүнийг аваарай. Бид чамайг халхалъя гэж би Питэд хэлэв.
Пит аврагчаа энхрийлэн өргөж эрэг рүү аваачихад Финник бид хоёр зэвсгээ бэлхэн барилаа. Гэвч газар хэвтэх шаргал хүүрүүдийг эс тооцвол бүх сармагчин алга болжээ. Пит хар тамхичинг элсэн дээр тавив. Би түүний цамцных нь энгэрийг урж үзэхэд гүнзгий шигдсэн дөрвөн шарх үзэгдэв. Цус алгуур гожигдон аминд халгүй мэт харагдана. Гэвч жинхэнэ гэмтэл дотор нь байсан бөгөөд цээжний амин чухал эрхтэн болох зүрх, уушигний нэг нь гэмтжээ.
Эмэгтэй уснаас гаргасан загас аятай эрэг дээр амаа ангалзуулав. Үрчгэр арьс нь ногоороод, нүд нь хоосон гөлийж, хавирга нь турж үхэх гэж байгаа хүүхэд шиг хэрзийнэ. Түүнд хоол хүнс дутаагүй ч Хеймитчийн уудагтай адил хар тамхичин болжээ. Би түүний татвалзсан гараас атгаад хорноос болсон мэдрэлийн хүчдэл үү, дайралтаас болж цочирдол эсэхийг мэдсэнгүй. Бидэнд үхэх хүртэл дэргэд нь байхаас өөр хийж чадах зүйл байсангүй. - Би мододыг харуулдъя гээд Финник явахаар босов.
Би түүний адил явахыг хүссэн ч хар тамхичин ясархаг хуруугаараа гараас тас зуурсан тул хүчлэн салгаж зүрхэлсэнгүй. Түүнд Рут шиг дуу дуулж өгдөг юм бил үү. Хэдийгээр нөгчиж буй хүний нэрийг мэдэхгүй ч дуунд дуртай байж таарна. Пит дэргэд дөрвөн хөллөн үсийг нь илбэнэ. Дараа нь намуухан дуугаар үл ойлгогдох үгс ярьж гарав.
- Манай гэрт ямар ч өнгө гаргаж болох будаг бий. Бяцхан хүүхдийн арьс шиг зөөлөн ягаан, гишүүн шиг хүрэн улаан,
хаврын нялх ногоо адил ногоон, хөлдсөн мөс шиг гялалзсан цэнхэр. Хар тамхичин түүнээс нүд салгалгүй ширтэн үг бүрийг нь сонсож байлаа.
- Би нэг удаа нарны гэрэл шиг цайвардуу өнгө гарган авахын тулд бүтэн гурван өдөр болж билээ. Ойлгож байна уу надад шаргалдуу санагдсан ч илүү хэцүү байлаа. Давхарга бүрдээ өөр өнгөтэй. Нэг нэгнийх нь араас гэж Пит үргэлжлүүлэв. Эмэгтэйн амьсгал тасалдан удааширч эхлэв. Тэр гараа цээжнийхээ цусанд дүрээд хайртай зургаа зурах мэт хөдөлгөөн хийв.
- Бас солонгын өнгийг одоо хүртэл гаргаж чадаагүй байна. Тэр түргэн гараад бөхдөг болохоор дүрслэх аргагүй. Харж ч амжихгүй. Ямар нэг цэнхэрдүү улаавтар... тэгээд л бөхнө. Агаарт алга болно. Хар тамхичин ховсдуулсан аятай Питийн үг бүрийг сонсож байснаа чичирсэн гараараа хацар дээр нь цэцэгтэй төстэй зүйл зурав.
- Баярлалаа. Энэ маш сайхан юм байна гэж Пит шивнэв. Түүний царайд инээмсэглэл тодорсноо хоолойноос нь сулхан хоржигносон авиа гарлаа. Дараа нь цустай алга цээжин дээр буцаж унан сүүлчийн удаа уртаар амьсгаа татах агшинд их буу буудлаа. Бугуйнаас барьж байсан гар нь сулрав.
Пит амь үрэгдсэн хүнийг ус руу аваачаад эргэж ирэн дэргэд суув. Хар тамхичингийн бие Эврийн зүг хөвөхөд онгоц ирээд дөрвөн шүдтэй төмөр эрүүгээрээ шөнийн тэнгэр өөд үүрд аван одлоо. Финник сармагчингийн цусанд будагдсан багц сум барин эргэж ирээд дэргэд асгаснаа,
- Чамд үүнийг хэрэг болно байх гэж бодлоо гэв.
- Баярлалаа. Явж биенд наалдсан цус болон зэвсгийнхээ хүрэн улаан толбыг угаан арилгаад ширэнгэ рүү хөвд авахаар очиход сармагчингуудын бие байхгүй болжээ.
- Тэд хаачаа вэ?
- Мэдэхгүй. Ороонго хөдөлснөө биенүүд алга болсон гэж Финник хэлэв. Ядарч зүдэрсэн бид ширэнгэ рүү харсаар байлаа. Нам гүм байсан агаад манангын дусал хүрсэн газар тав тогтжээ. Энэ нь өвдөхгүй хэдий ч загатнаж эхлэхэд биеэ барихыг хичээн сайны тэмдэг гэж бодлоо. Пит, Финник хоёр бас шархадсан нүүрээ маажиж байв. Бидний царай зүс өнөөдөр хангалттай гунджээ.
- Битгий маажаарай гэж би ээжийн зөвлөгөөг санан анхааруулсан ч тэсгэлгүй өөрөө маажихыг хүслээ. - Халдвар оруулахаас өөр зүйлгүй. Аюулгүй байгаа дээр нь ахиад ус авах гээд үзэх үү?
Бүгд Питийн модонд цоолж гаргасан нүх рүү буцав. Түүнийг хоолой зоож байх зуур Одэйр бид хоёр зэвсгээ бэлэн
барьсан ч аюул осол үзэгдсэнгүй. Пит сайн судал олсон болохоор ус төдөлгүй оргиллоо. Бид цангаагаа тайлаад бүлээхэн усаар биений үлдсэн хэсгээ шавшив.
Дараа нь хэдэн хясаанд ус дүүргээд эрэг рүү буцлаа.
Шөнө дуусаагүй ч үүр хаяарахад хэдхэн цаг үлджээ. Хэрвээ зохион байгуулагчид өөрчилөхгүй бол ч. - Та хоёр амар даа. Би харуулд гаръя.
- Үгүй, Китнисс би дээр гэж Одэйр эсэргүүцэв. Түүний царайг харвал цурхиран уйлахад бэлэн байгаа бололтой.
Мэгз... Хэрвээ тэр ганцаар гашуудахыг хүссэн бол саад хийхгүй байсан нь дээр биз. - Сайн байна, Финник баярлалаа.
Би эрэг дээр Питийн хажууд хэвтсэн ч удтал унтаж чадсангүй. Шөнийн харанхуй руу ширтэн өөрчлөгдсөн олон зүйлийн тухай бодлоо. Өчигдөр өглөө Одэйрийн нэр миний алах хүмүүсийн жагсаалтын тэргүүнд байсан бол өнөөдөр тэр зүүдийг минь манаж байна. Түүнийг яах гэж Мэгзийг гаргуунд нь гарган Питийг аварсныг ойлгосонгүй. Зөвхөн харьцуулахын аргагүй өртэй болсон гэдгээ мэдэж байна. Одоо хийж чадах зүйл бол түргэхэн унтаж түүнийг гашуудахад нь саад болохгүй байх явдал. Ингээд би тэгж хийлээ.
Өглөө оройтож сэрээд нүдээ нээлээ. Пит хажууд унтсан хэвээр толгой дээр сүлжилдсэн мөчир нарны гэрлээс хамгаалжээ. Босч суугаад эргэн тойрноо харав. Финник гар хумхин суусангүй бололтой. Хоёр таваг дүүрэн цэвэр ус гаргаж гурав дахид нь хясаа дүүргэжээ. Тэрбээр чулууны тусламжтай хясааны завсрыг нээх зуураа,
- Шинэхэнээр нь идвэл их амттай гээд махыг ховхлон амандаа хийлээ. Түүний нүд улайсан байсныг би ажиглаагүй дүр эсгэв.
Хоолны үнэрт гэдэс хүржигнэн нэгийг авахаар сунгасан ч нойрондоо маажсан бололтой хумсан дээр хатсан цусны толбо байв.
- Шархаа маажвал халдвар орно гэдгийг мэднэ биз дээ.
- Тэгж л сонссон юм гээд би давстай усаар угаахдаа өвдөж загатнахын алиныг илүү үзэн ядаж байгаагаа мэдсэнгүй. Эцэст нь хангалттай гэж үзээд босож дээшээ ширтэн,
- Хөөе Хеймитч хэрвээ чи согтуу биш байвал бидний арьсанд хэрэг болох зүйл явуулвал илүүдэхгүйсэн гэв. Шүхэр гайхмаар хурдан бууж ирэхэд савыг газраас авахдаа,
- Цагаа олж дээ гэж үглэхдээ инээмсэглэхгүй байж чадсангүй. Хеймитч... чамтай таван хором ярилцахын төлөө бүхнээ өгөхсөн.
Элсэн дээр Финникийн хажууд лагхийн суугаад савны тагийг эрэгдэв. Дотор нь хамар цоргим үнэртэй өтгөн хар тос
байлаа. Би хамраа үрчийлгэн эмийг алган дээрээ шахаад хөлөндөө түрхэнгээ загтналт даруй намдсанд санаа амран дуу алдлаа. Гэсэн ч арьс сааралдуу ногоон өнгөтэй хий үзэгдэл адил болжээ. Би тосыг хоёр дахь хөлөндөө түрхэнгээ итгэлгүйхэн ширтэж буй Финникт эмээ сарвайв.
- Чи яг л ялзарсан юм шиг харагдаж байна.
Гэвч загатналт тэсэхийн аргагүй байсан тул хормын дараа залуу тосыг арьсандаа түрхлээ. Түлэгдэлтийн тав, тос хоёр нийлээд түүнийг аймшигтай харагдуулахад би хөхрөхгүй байж чадсангүй.
- Хөөрхий Финник. Чи лав амьдралдаа анх удаа үзэсгэлэнтэй харагдахгүй байгаа байх даа?
- Магадгүй л юм. Дасал болоогүй мэдрэмж байна. Харин чи үүнийг яаж бүх амьдралдаа тэвчиж чаддаг байна? - Толиноос холхон байвал удахгүй мартана гэж би зөвлөв.
- Аанхан чи нүдний урд үргэлж эргэлдээд байвал тэгнэ.
Бид ээлжлэн нуруундаа тос түрхэв. Намайг Питийг сэрээхээр явахад Одэйр, - Хүлээгээрэй. Үүнийг хоёулаа хийсэн нь дээр юм байна. Царайгаа урдаас нь харуулъя гэв.
Сүүлийн үед миний амьдралд хөгжилтэй зүйл бага байсан болохоор зөвшөөрлөө. Бид хоёр талд нь суугаад хамраа тулгах шахам бөхийж сэгсрээд,
- Пит босоорой гэж аялгуулан дуудлаа. Түүний зовхи нээгдсэнээ хатгуулсан юм шиг үсрэн босов.
- А-а!
Финник бид хоёр элсэн элсэн дээгүүр өнхрөн үхтлээ инээв. Арайхийн болиод харвал жигшсэн байртай харж байсанд ахин хөхөрлөө. Тэгтэл надад Финникийн талаар алдсан байх гэсэн бодол төрөв. Тэр миний бодсон шиг хэтэрхий өөрийгөө бодсон ихэмсэг биш аж. Ямартай ч дажгүй юм... Намайг энэхүү дүгнэлт хийх зуур бидний урд шинэхэн талхтай шүхэр буулаа. Би өнгөрсөн жил Хеймитчийн явуулсан илгээмж бүр учиртай байсныг санаад <<Финниктэй ойрхон байвал өлсөж үхэхгүй>> гэж тайлав.
Залуу талхыг гадаргууг нь шинжих мэт гартаа эргүүлэв. Ингэх ямар ч хэрэггүй байсан юм. Тэнгисийн замгаар хийсэн ногоовтор талх дөрөвдүгээр бүсээс ирсэн байж таарна. Энэ чинийх гэдгийг бид мэднэ, Одэйр. Эсвэл магадгүй ахин хэзээ ч талх харахгүйгээ ойлгоод үнэ цэнийг нь цэгнэж байгаа юм болов уу. Эсвэл талхны зах Мэгзийн талаар санагдуулсан ч байж болох юм. Гэвч тэр эцэст нь,
- Замган талх амттай шүү гэлээ. Намайг Питэд эмчилгээний тос түрхэж байх зуур Финник хясааны мах цэвэрлэж байв. Бид тойрч суугаад хясааны шинэхэн махыг дөрөвдүгээр бүсийн давстай талхтай хольж идлээ.
Бидний төрх байдал аймшигтай байсан ч тосоор эмчилсний дараа тавны хальс ховхорсон тул баяртай байлаа. Тос
загатналтаас ангижруулаад зогсохгүй ягаавтар тэнгэрт цайртал төөнөх нарнаас хамгаалж байв. Нарны байдлаас багцаалахд ойролцоогоор өглөөний арван цаг болж байсан бөгөөд бүсэд ахин нэг өдөр өнгөрүүлжээ. Биднээс арван нэгэн хүн үрэгдсэнээс арван гурав нь амьд байгаа бөгөөд арав нь хаа нэгтээ ширэнгэд нуугдаж буй. Гурав юмуу дөрөв нь мэргэжлийнхэн. Өөр хэн үлдсэнийг санахыг хүссэнгүй.
Миний хувьд ширэнгэ аюултай занга бүхий хөнөөлтэй газар түргэн болж хувирав. Цаг нь болоход бид ширэнгийн гүнд орж агнах юмуу агнагдах байсан ч одоохондоо эрэг дээр аль болох удаан үлдэхийг хүслээ. Тэгээд ч өөр санал гарсангүй. Энэ зуур ширэнгэ аюул занал байхгүй юм шиг нарны гэрэлд ногоон навчис гялалзаад аяархан сэрчигнэнэ. Тэгтэл алсад чих дөжрөм хашгиралт гаран бидний зүг ширэнгийн захаар чичиргээ үүсч эхлэв. Толгодын дээр асар том давалгаа үүссэнээ мододын үзүүрийг ганхуулан толгодын уруу хүчтэй хүрхрэн буухад Эврийн эргэн тойрон ус шуугин буцалж бид өвдгөө хүртэл усанд автав. Бид сандран хэрэгцээтэй зүйлсээ шүүрэн авахад химийн хоронд идэгдсэн хувцас урсан одов. Хаа нэгтээ их буу буудав. Давалгаа нөмөрсөн газар онгоц гарч ирээд ээлжит биеийг авч явахад арван хоёр гэж би бодлоо.
Давалгаа алгуурхан намдаж эргэн тойрны ус татрахад бид нойтон элсэн дээр юм хумаа буцаж тавих үед би тэднийг олж харав. Хоёр нь холбоотой хачирхалтай гурван дүрс эрэг дээгүүр бүдчин ирж байв. - Тэрийг хараач гээд шинээр ирэгсдийн зүг дохиход Пит, Финник хоёр миний харцыг дагуулан хараад гурвуул ширэнгийн сүүдэрт орж нуугдлаа.
Гурвуулангых нь төрх байдал аймшигтай харагдав. Нэг нь нөгөөгөө түшиж чирэх агаад гурав дахь нь галзуу хүн шиг тойрон эргэлдэнэ. Бүгд тоосгон шиг өтгөн улаан өнгөтэй будгаар будагдсан нь хатсан ажээ. - Энэ хэн бэ? Мутантууд уу? гэж Пит асуув.
Би нумаа харвахад бэлэн хөвчилсөн ч чирэгдэж явсан хүн эрэг дээр унахаас ондоо зүйл болсонгүй. Түүний туслагч уурсан хөлөө дэвсээд дугуйран эргэлдэж буй галзуу хүнийг эрэг рүү түлхэв.
Финникийн царай гэрэлтэн, - Жонна! гэж хашгираад улаан арьстай хүмүүсийг угтан ухасхийв.
- Финник! гэж Жонна хариуд нь хашгирлаа.
Би Пит рүү хараад, - Одоо яах вэ? гэхэд,
- Бид Финникийг орхиж болохгүй гэв.
- Үгүй гэдгийг нь тааж байна. За яахав очьё л доо гэж би Жонна Мэйсоныг холбоотны жагсаалтанд оруулаагүйдээ дургүйцэн үглэв.
Биднийг эрэг лүү очих үед Финник хөгжилтэй хүмүүстэй уулзаад байлаа. Би ойртож очсон хойноо Жоннагын дагалдагчыг хараад золтой ухаан алдсангүй. Элсэн дээр өөр хэн ч биш Бити хэвтэж, дэргэд нь Вайресс дугуйран
эргэлдэж байв. - Хөөх тэр хэнийг авчирсаныг хараач.
- Эрэг, Вольт хоёр уу даа? гэж Пит надаас дутуугүй гайхширан асуугаад,
- Үүнийг яаж болсоныг мэдэх юмсан гэв. Биднийг хүрэлцэн очив уу үгүй юу Жонна ширэнгэ рүү занган болсон явдлыг дуржигнуулж эхлэв.
- Бид бороо гэж бодсон юм ойлгож байна уу? Аянга цахиж эхлэхэд ам аймшигтай цангаж байлаа. Уруудаж эхэлтэл цус байдаг байгаа. Өтгөн халуун цус. Нүдэнд юу ч харагдахгүй аманд цус дүүрээд ярьж болдоггүй. Бид тэр хавиар эргэлдэн гарах арга эрсэн. Тэгтэл Блайт хүчний талбайд цохиулсан. - Надад их харамсалтай байна гэж Финник хэлэв.
Би Блайт гэж хэн болох тухай бодлоо. Жоннагын хамтрагч долдугаар бүсийн оролцогч хэдий ч бид түүнтэй уулзаж байгаагүй. Бэлтгэл дээр юу үзүүлж байсныг ч санахгүй байна. - Тийм л дээ гэхдээ тэр гэр лүүгээ буцсан. Намайг энэ хоёртой ганцаар үлдээсэн гээд хөлдөө хагас ухаантай хэвтэж байгаа Битиг нудраад,
- Тэр Эвэр дээр нуруундаа хутга зоолгосон юм. Харин тэр... гэхэд бүгд цусанд будагдан тойрог эргэлдэж,
- Тик-так. Тик-так гэж үглэж байгаа Вайресс руу харав. - Тиймээ бид мэднэ. Тик-так, тик-так. Манай Боолт цочирдолд орсон гээд Жонна Вайресс найган ойртсонд эрэг лүү ширүүн түлхээд,
- Тайван хэвт, за юу! гэв.
- Түүнийг орхи! гэж би зандарлаа. Жонна хүрэн нүдээ үзэн ядан онийлголоо.
- Орхи гэнээ? хэмээн шивнээд урагш алхан намайг ойлгож амжихаас урд нүднээс оч бутартал хүчтэй алгадаж,
- Тэднийг чинийхээр бол цуст ширэнгэээс чиний төлөө хэн гаргасан байх нь вэ? Чи... гэв. Финник түүнийг мөрнөөс татан холдуулаад усан дунд дарахад намайг доромжилсон олон тооны хараал урсгасан ч тоосонгүй. Нэгдүгээрт тэр Одэйрийнх. Хоёрдугаарт миний төлөө гэдгээрээ юу хэлэх гэсэн юм бол?
- Тэр юу хэлсэн бэ? Би энд ямар хамаатай юм? гэж Питээс асуулаа. - Мэдэхгүй. Гэхдээ чи тэдэнтэй эхнээсээ холбоотон болохыг хүссэн биз дээ.
- Тийм л дээ хүссэн л дээ. Эхнээсээ гээд Битигийн хөдөлгөөнгүй бие рүү хараад,
- Тэдэнд санаа тавихгүй бол удаан амьд явахгүй нь гэв. Пит зохион бүтээгчийн гарнаас өргөн босгоход, би Вайрессийн гараас хөтөлж бяцхан буудал руугаа аваачаад гүехэн усанд угаахаар суулгахад хоёр гараа чанга атгаад <<Тик-так>> гэж үглэж байлаа. Би Битигийн бүсийг тайлахдаа хүнд төмөр бортого ороонгоор баглаастай байхыг ажиглав. Бити түүнийг авах ямар хэрэгтэй байсныг мэдсэнгүй тул элсэн дээр хаяв. Битигийн хувцас цусанд нэвчин арьсандаа наалдан хатсан учир Пит усанд хэвтүүлэв. Хэсэг хугацааны дараа хүрэм дэвтэн салахад дотуур хувцас нь цусанд шалба норжээ. Иймээс түүнийг угаахын тулд нүцгэлэхээс өөр зам үлдсэнгүй ч энэ нь надад ямар ч сэтгэгдэл төрүүлсэнгүй. Энэ жил манай гал зуухны ширээн дээр нүцгэн эрэгтэй хүмүүс дүүрэн байсан болохоор эцэстээ дасдаг юм байна.
Бид Битиг Финникийн сүлжсэн сийрс дээр доош нь харуулан хэвтүүлээд нурууг нь үзэв. Ойролцоогоор зургаан инчийн мөрнөөс нь хавирга хүртэл зүссэн урт шарх үүсчээ. Аз болоход гүн биш хэдий ч их цус алдсан болохоор цонхийн цайж шархнаас нь цус шүүрсэн хэвээр байлаа. Би сөгдөн сууж бодлогширов. Үүнийг яаж эмчлэх вэ? Тэнгисийн усаар уу? Би одоо л ээжийнхээ арга ядсан үедээ цасаар эмчилдэгийг ойлгов. Ширэнгэн ой руу хяламхийн харлаа. Хаа нэгтээ хэрэг болох байгалийн эмийн сан байх ёстой доо. Гэвч Мэгзийн нусаа ний гэж өгсөн хөвднөөс өөр зүйл санаанд орсоонгүй тул,
- Одоохон эргээд ирье гэж Питэд хэлээд гүйв. Аз болоход хөвд хаа сайгүй байсанд ойролцоох модноос тэвэр дүүрэн зулгаагаад яаран буцлаа. Битигийн шархан дээр хөвд зулан тавиад ороонгын тусламжтай уян тогтоогоод, ус балгуулан модны захад аваачиж сүүдэрт хэвтүүлэв.
- За чадах бүхнээ хийлээ. - Сайн байна. Чи гайхамшигтай эмч юмаа. Энэ чиний цусанд байдаг байх.
- Үгүй би эцгийгээ илүү дуурайсан гээд би толгой сэгсэрч,
- Явж Вайрессийн хэр байгааг үзье гэв. Вайрессийг усанд хэвтүүлээд алчуурын оронд хөвд хэрэглэв. Тэр намайг хувцсыг нь тайлаад биений цусыг үрэн арилгаж байхад эсэргүүцсэнгүй. Гэвч нүд нь айдаст автан томорсон хэвээр шаардангуй <<Тик-так>> гэж шивнэнэ. Тэр ямар нэг зүйл надад хэлэхийг хүссэн ч би ойлгосонгуй тул,
- Тиймээ тик-так, тик-так гэв. Миний үг түүнийг үл мэдэг тайвшируулсан бололтой.
Би хүрэмнийх нь цусыг угааж арилгаад буцаж өмсгөхөд биднийх шиг гэмтэлгүй бүтэн байлаа. Бүс нь хэвээр байсанд буцаан зүүлгэж дотуур хувцсыг нь Битигийнх шиг чулуун доор усанд хийж тавив.
Намайг Битигийн цамцыг угааж байтал гялалзсан цэвэрхэн Жонна, Финник хоёр бидэнтэй нэгдэв. Жонна ус ууж хясааны мах идэх зуур би Вайресст аргадан юм өгөхийг хичээв. Финник хорт манан болон сармагчингийн тухай чухал зүйлсийг ярихаас зайлсхийн хөндий байдалтай ярилаа.
Дараа нь хүн бүр бусдыгаа амраахын тулд харуулд гарахыг хүссэн ч Жонна бид хоёр үлдэв. Миний хувьд сайн
амарсан ч тэр унтахаас татгалзав. Биднийг эрэг дээр чимээгүйхэн суухад бусад маань унтахаар явлаа. Жонна Финникийн араас хяламхийж харснаа над руу эргэж,
- Мэгзийг яаж алдсан юм бэ? гэлээ.
- Мананд. Финник Питийг, би Мэгзийг авч явсан юм. Тэгээд өргөж дийлэхээ болиход Финник хоёуланг нь авч явж чадахгүй гэсэн. Хөгшин Финникийг үнсээд хортой манан руу явсан.
- Тэр түүний зөвлөгч байсныг мэдэх үү гэж Жонна зэмлэнгүй хэлэв.
- Би мэдээгүй. - Бараг л гэр бүлийн гишүүн нь байлаа гэж Жонна уурлахаа болиод хэлэв. Бид давалгаа чулуун дор дарсан хувцасыг хэрхэн долоолохыг харав.
- Чамд Эрэг, Вольт хоёрыг авчрах ямар хэрэгтэй байсан юм?
- Би зөвхөн чиний төлөө авчирсэн гэж хэлсэн биз дээ. Хеймитч тэднийг авчирах нь чиний холбоотон болох цорын ганц арга гэсэн. Чи түүнд ингэж хэлсэн хэрэг үү?
<<Үгүй>> гэж толгойд зурсхийсэн ч зөвшөөрөн толгой дохиод,
- Баярлалаа. Би үүнийг чинь үнэлэх болно гэв. - Найдаж байна гээд Жонна намайг амьдралд нь томоохон гай авчирсан аятай зэвүүцэн харахад үзэн яддаг дүү нь аятай мэдрэмж төрөв.
- Тик-так гэх дуу ард гарахад эргэж харвал Вайресс мөлхөж иржээ. Түүний нүд ширэнгийн зүг тусч байлаа.
- Бурхан минь ахиад л тэр. За би унтахаар явлаа. Эрэг та хоёр хамтдаа сайхан жижүүрлээрэй гээд Жонна явж Финникийн дэргэд хэвтэв.
- Тик-так гэж Вайресс шивнэхэд би түүнийг урдаа хэвтүүлээд тайвшируулахын тулд гарыг нь илэв. Эмэгтэй зүүрмэглэсэн ч хагас хором тутамд түгшин сэрж <<тик-так>> гэж байлаа.
- Тик-так. Орондоо орх цаг болоо. Тик-так. Унтдаа гэж би аяархан хэлэв. Нар бидний толгой дээр мандаж шарна. <<Үд дунд болж байна>> гэж би хайхрамжгүй бодлоо. Ямар ялгаа байна. Алсад усны баруун талд аварга том аянга нижигнэн мододыг ниргэж цахилгаан шуурга ахин эхлэв. Өнгөрсөн шөнийхтэй адилхан газар юм. Хэн нэгэн энэ хэсэгт орсон бол дайралтанд өртсөн байгаа. Би цахилгаан цахилахыг ширтэн Вайрессийг тайвшируулах зуураа усанд бүүвэйлэгдэж суулаа. Тэгтэл өнгөрсөн шөнө хонх цохисоны дараа цахилгаан цахиж эхэлснийг санав. Арван хоёр цохилт. - Тик-так гэж Вайресс хэлснээ дуугүй болов.
Шөнө дунд арван хоёр удаа цохьсоны дараа цахилгаан цахисан. Одоо нар толгой дээр байж үд дунд байхад ахин
аянга цахилаа. Би удаанаар босоод бүсийг тойруулан харлаа. Цахилгаан гялсхийнэ. Дараагийн хэсэгт Жонна, Вайресс, Бити нар цусан аадарт дайрагдсан. Бид үүний хажуугийн гурав дахь хэсэгт мананд өртсөн. Манан сарнимагц сармагчингууд дөрөв дэх хэсэгт гарч ирсэн. Тик-так. Би толгойгоо нөгөө тийш эргүүлэн харлаа. Хоёр цагийн өмнө арван цагийн орчимд давалгаа аянгын цохилт буусны хажуугийн зүүн хэсгийг нөмөрсөн. Үд дунд. Шөнө дунд. Үд дунд. - Тик-так гэж Вайресс нойрондоо шивнэв.
Баруун талд цахилгаан цахилах зогсож цусан аадар асгарч эхлэхэд надад түүний үг ойлгомжтой болов.
- Тиймээ тик-так гэж би дуу алдаад дугуй бүсийг гүйлгэн харж түүний зөв байсныг ойлгов. Тик-так, тик-так. Энэ бол цаг байлаа. 23
Цагнууд. Би бараг л бүсийн арван хоёр хэсгийг тойрон эргэлдэж байгаа зүүг харлаа. Ээлжит цаг болгонд аймшигт зүйлс эхлэн нэг нь нөгөөгөөрөө солигдож байв. Аянга, цусан аадар, хорт манан, сармагчин бол цагны эхний дөрвөн хэсэг. Арван цагт давалгаа нөмөрнө. Үлдсэн долоон хэсэгт юу болохыг мэдэхгүй ч Вайресс мэдэж байгаа. Одоо цусан аадарын цаг бөгөөд бид сармагчингын хэсгээс доохон талд минийхээр бол мананд хэт ойр байлаа. Ширэнгээс өөр дайралт ирэх болов уу? Тэгэхгүй байх. Давалгаа бараг л энэ хүртэл тулж ирсэн. Хэрвээ манан ширэнгэ нэвтлэх юмуу сармагчингууд эргээд ирвэл...
- Босоорой гээд би Пит, Финник, Жонна нарыг сэгсэрч, - Босоорой явах цаг боллоо гэлээ.
Тайлбарлах цаг хангалттай байсан тул Вайрессийн үхлийн аюултай хэсэг бүрийг заадаг үл үзэгдэх зүүний тухай онолоо ярьж өгөв. Миний үг гаргасан санал бүрийг минь эсэргүүцэхэд бэлэн Жоннагаас бусад эрүүл ухаантай хүнийг итгүүлсэн ч удалгүй тэр ч гэсэн зөвшөөрөв.
Бусад маань юм хумаа цуглуулж Битид хүрмийг нь өмсгөх зуур би Вайрессийг сэрээлээ. Тэр сэрэнгүүтээ аймшигтайгаар, - Тик-так! гэж хашгирав.
- Тиймээ тик-так бол бүсийн цаг. Вайресс энэ бол цаг гэдэг чиний зөв. Чиний зөв байсан.
Эмэгтэйн нүд санаа амарсан төрхтэй боллоо. Тэр эцэстээ анхны хонхны цохилтоор таасан зүйлийг нь ойлгосонд баяртай байгаа бололтой. - Шөнө дунд.
- Тиймээ шөнө дунд эхэлсэн гэж би толгой дохив.
Ой ухаанд шаргуу анхаарал татахыг шаардаж буй дүр зураг тодров. Нүдний өмнө Плутарх Хевенсбийн алган дээр байсан болор цаг дурайлаа. <<Шөнө дунд эхлэнэ>> гэж Плутарх хэлсэн. Дараа нь агшин зуур ятга шаазгай үзэгдээд алга болсон. Хэрвээ ерөнхий зохион байгуулагч надад бүсийн тухай санаа өгсөн бол яах вэ. Яах гэж тэр вэ? Намайг тоглоомын оролцогч болно гэж хэлээгүй. Магадгүй зөвлөгч хийхэд туслах гэж байсан юм болов уу? Эсвэл бүх зүйл урдаас төлөвлөгдсөн байсан хэрэг үү? Вайресс цусан аадрын зүг толгой дохиод,
- Нэг хагас гэв.
- Яг тийм. Нэг хагас. Харин хоёроос аймшигтай хортой манан эхэлдэг гээд би ширэнгэ рүү зааж, - Эндээс аюулгүй газар холдсон нь дээр байх гэхэд Вайресс хүлцэнгүй инээмсэглэн бослоо. – Юм уухыг хүсч байна уу? Би түүнд сүлжмэл тавагтай ус өгөхөд агшин зуур хоослоод Финникийн сунгасан сүүлчийн зүсэм талхыг авлаа. Одоо бидний хоорондох үл ойлголцоо байхгүй болсон болохоор тэвдсэн өнгө нь үгүй болжээ.
Би зэвсгээ шалгаж үзээд усны хоолойгоо шүхрээр ирсэн тосны хамт бүсэндээ оосорлон зүүв. Бити бас л дээрдээгүй байсан тул Пит түүнийг өндийлгөхийг оролдсон ч шийдэмгий татгалзан,
- Төмөр утас гэв.
- Тиймээ энд байна. Вайрессийн бүх зүйл хэвийн. Тэр бидэнтэй хамт байна гэхэд Бити зөрүүдлэсэн хэвээр, - Төмөр утас гэж шаардав.
- Өө, би түүнд юу хэрэгтэйг мэднэ гэж Жонна тэвчээргүйхэн хэлээд эрэг рүү гүйж бүснээс нь сугалж хаясан цустай бортогыг авчрав.
- Ашиггүй эд байгаа юм. Төмөр утасны төрлийн зүйл юм уу. Тэр Эвэр дээр үүний төлөө гүйж байгаад нуруундаа хутга зоолгосон. Зэвсэг болгон хэрэглэж болох эсэхийг нь мэдэхгүй байна. Хүн боож алах ч юмуу тэгж хэрэглэж болох юм. Гэхдээ үүгээр Бити хүн бооно гэж үү?
- Чинийхээр бол тэр яаж ялагч болсон хэрэг байх вэ? Төмөр утасны тусламжтай цахилгаан занга зохион байгуулсан юм. Утас түүний хувьд хамгийн шилдэг зэвсэг гэж Пит хэллээ. Жонна үнэнээсээ ингэж хэллээ гэж үү? Сэжигтэй юм.
- Чи үүнийг мэдэж байсан биз дээ. Чи л түүнийг Вольт гэж нэрлэж байсан гэхэд Жонна нүдээ заналхийлэн гялалзуулав.
- Яг тийм миний зүгээс маш тэнэг хэрэг болж тийм үү? Чиний жижигхэн найзуудыг аврахын төлөө гүйснийг минь уучлаарай. Харин чи... тэр үед хаа байлаа? Мэгзийг орноосоо үхүүлсэн биз дээ?
Би бүсэн дэх хутгаа атгалаа.
- Алив оролдоод үз л дээ. Надад чиний яах хамаагүй. Хэрвээ цохьдог л юм бол хоолойг чинь огтлоно шүү гэж Жонна өдөв.
Мэдээж би одоо түүнийг дуусгаж чадахгүй. Гэхдээ энэ бол ердөө цаг хугацааны асуудал. Удахгүй бидний нэг үхэх болно.
- Хаашаа явахаа шийдсэн нь дээр биш үү? гээд Финник намайг харснаа цагаригийг зохион бүтээгчид өгөөд, - Вольт энэ чиний төмөр утас. Болгоомжтой харьцаарай гэв.
Пит эсэргүүцэхээ больсон Битиг өргөөд,
- Хаачих вэ? гэхэд Финник, - Эвэр лүү очоод цагны тухайд Китниссийн зөв эсэхийг харцгаая гэв. Би эсэргүүцсэнгүй. Энэ нь овоолттой зэвсэг рүү очих тул сайн төлөвлөгөө шиг санагдав. Бид зургуулаа болжээ. Хэрвээ Вайресс, Бити хоёрыг эс тооцвол бид дөрвүүлээ муугүй дайчид байв. Энэ нь өнгөрсөн жил бүгдийг өөрөө хийж байснаас ондоо байлаа. Тиймээ хэрвээ тэднийг ална гэж бодохгүй бол холбоотонтой байх сайхан юм. Бити, Вайресс хоёр үхэх замаа өөрсдөө олно. Хэрвээ бид ямар нэг юмнаас зугтахад хүрвэл тэднийг хэдий хүртэл чирж явна гэж? Жоннаг Питийг хамгаалахын тулд нүд ирмэх зуур дуусгаж чадна. Эсвэл амыг нь хаахын тулд ч юмуу. Финникийн хувьд өөр хэн нэгэн зайлуулсан нь дээр. Түүний Питэд хийсэн зүйлийн дараа би гар өргөж дөнгөхгүй болжээ. Мэргэжлийнхний хэн нэг хүний эсрэг тавих хэрэгтэй юм. Хэрцгий гэдгийг ойлгож байна л даа. Гэхдээ надад сонголт байгаа гэж үү? Одоо бид бүгд цагны тухай мэдэх болсон болохор тэр тулаанд үхдэггүй юм бол ширэнгэд амь үрэгдэхгүй болсон. Энэ бүхний тухай бодол дотор зарсхийм байсан учир би өөр зүйлийн тухай бодлоо. Миний одоогийн байдалд ерөнхийлөгч Сноуг алах нь арван долоон настай охины хувьд сэрүүн зүүд хэдий ч бодохоос таатай байлаа.
Бид элсэрхэг судал даган явж мэргэжлийнхэн нуугдсан байхаас сэрэмжлэн Эвэрт болгоомжтой ойртлоо. Гэвч би хэдэн цагийн турш эрэг дээр байхдаа амьдралын шинж тэмдэг хараагүй болохоор үүнд эргэлзэж байв. Бодсончлон арал эзгүй байсан бөгөөд зөвхөн алтан Эвэр болон овоолттой зэвсэг хэвээр үлджээ.
Пит Битиг Эврийн сүүдэрт хэвтүүлэхэд Вайрессийг дуудаж ороолттой төмөр утсаа өгөөд,
- Цэвэрлэж чадах уу? гэв. Эмэгтэй чимээгүй толгой дохиод усны ирмэг дээр суун цагаригийг усанд дүрж хулгана гүйдэг цагны тухай хөгжилтэй дуу аялж эхлэв. Хэтэрхий хүүхдийн гэмээр ч аятайхан байгаа нь илт.
- Үгүй ээ ахиад л биш шүү! гэж Жонна дуу алдаад нүдээ эргэлдүүлж,
- Тэр үүнийгээ тик-такаа эхлэхээс өмнө хэдэн цагийн турш дуулсан гэв. Вайресс гэнэтхэн босож ширэнгийн зүг заагаад,
- Хоёр гэхэд би түүний хурууг дагуулан харсанд эрэг дээр хорт манангын цайвар тэмтрүүл цухуйж байлаа.
- Хараач түүний зөв. Хоёр цагаас манан эхэлж байна.
- Яг л цаг шиг тодорхой юм гэж Пит магтаад,
- Вайресс чи үүнийг ойлгодог ямар ухаантай юм бэ гэв. Тэр инээмсэглээд гүнгэнэн төмөр утсаа угаах ажлаа үргэлжлүүлэв.
- Зүгээр ч нэг ухаантай төдий биш. Юмыг урьдчилан тааварладаг зөн совинтой. Яг л уурхайд байдаг канар бялзуухайнууд шиг гэж Бити хэлэхэд бүгд гайхан эргэж харцгаав. Зохион бүтээгч амьдралд эргэн иржээ.
- Юуны тухай яриад байна? гэж Финник надаас асуулаа. - Уурхайд агаар хордсон эсэхийг мэдэхийн тулд канар бялзуухай байлгадаг юм гэж би тайлбарлахад,
- Яаж? Үхэж үү? гэж Жонна хэлэв.
- Эхлээд шувуу жиргэхээ болно. Энэ нь гарах болсны тэмдэг. Хэрвээ агаар хэтэрхий их хортой байвал тэр хүмүүсийн хамт үхнэ гээд би үхсэн дууч шувууны тухай ярихыг хүссэнгүй.
Энэ нь надад эцгийн минь үхэл болон, Рут, ээжид дууч шувуухайгаа орхисон Мэйсили Доннерийг санагдуулав. Зөвхөн үүгээр ч зогсоогүй уурхайн гүнд ажиллаж байгаа Гейлд учирч буй ерөнхийлөгч Сноугын аюул заналын тухай бодлоо. Ердөө жижигхэн золгүй явдал зохион байгуулан шувууг чимээгүй болгох юмуу оч өгөхөд хангалттай. Би ерөнхийлөгчийг алах мөрөөдөлдөө буцлаа.
Жонна Вайресст уурлаж байснаа үл харгалзан сэтгэл хангалуун харагдав. Би овоолгоос нөөц сум авахад тэр хос сүх авлаа. Надад түүний сонголт хачирхалтай санагдсан ч Жонна нэгийг нь нарны гэрэлд алтран гялалзах Эвэр лүү хүчтэй шидэн зоохыг харав. Аан тийм л дээ. Жонна Мэйсон модны аж ахуйтай долдугаар бүсээс ирсэн. Явж сураагүй байхдаа сүх барьж эхэлсэн гэж мөрийцсөн ч болох байна. Яг л Финникийн сэрээ шиг. Харин Бити жаахан байхаасаа төмөр утсаар тоглож өссөн. Рут ургамлын тухай мэднэ. Би бусад бүсүүд үүгээрээ ямар давуу талтай болохыг ойлгов. Бид арван найм хүртлээ уурхай руу ордоггүй байхад бусад оролцогчид өөрсдийн эрхэлдэг зүйлдээ хар багаасаа даджээ. Уурхайд ч гэсэн бүсэд хэрэг болох жоотуу эзэмшин, тэсрэх бодистой харилцах дадал байдаг ч үүнийг хэтэрхий орой эзэмшдэг нь харамсалтай.
Энэ зуур Пит явган суугаад ширэнгээс авчирсан толигор навчин дээр хутгаараа зураг зурж байв. Мөрөн дээгүүр нь өнгийн харахад бүсийн зураг байв. Голд нь дугуй элсэрхэг арал бүхий арван хоёр тийш салаалсан судалтай Эвэр арван хоёр тэнцүү хуваасан бялуу мэт харагдана. Түүний эргэн тойронд ширэнгэтэй хиллэсэн арай том дугуй байлаа..
- Эвэр яаж байрласныг хараач гэж Пит хэлэв. Би түүний хэлснийг ойлгохыг хичээн хараад,
- Нарийхан төгсгөл нь арван хоёр луу зааж байна гэв.
- Яг тийм. Энэ бол цагны дээд хэсэг гээд Пит тоог түргэн тойруулан зурж,
- Арван хоёроос нэгийн хооронд аянга цахина гэв.
Тэр хэрэгтэй хэсэгт нь <<Аянга>> бичлээ. Дараа нь цагийн зүүний дагуу цус, манан, сармагчин гэж бичив. - Арваас арван нэгэн цагийн хооронд давалгаа гэж би нэмэрлэв.
Пит ахин нэг үг бичлээ. Тэгтэл бидэн рүү хутга, сүх, сэрээгээр зэвсэглэсэн Жонна, Финник хоёр дөхөж ирэв.
- Бусад хэсэгт ер бусын зүйл ажиглаагүй биз? гэж би Жонна, Бити хоёроос асуув. Гэвч тэд зөвхөн цусыг ажиглажээ. - Дайралт зөвхөн ширэнгээс ирэхгүй болохоор эргийг ч гэсэн тэмдэглэх хэрэгтэй гээд Пит манан давалгааны хооронд ташуу зураас зураад харцаа дээш өргөн,
- Ганц өглөө гэхэд олон зүйл мэдлээ гэв.
Бүгд зөвшөөрөн толгой дохиход би гэнэтхэн нам гүм болсныг анзаарлаа. Манай канар бялзуухай чимээгүй болжээ. Алгуурлах завдал байсангүй. Би сумаа сугалан эргэж харахдаа нэвт норж ус гоожуулсан Блеск Вайрессыг газар унагаан хоолойд нь улаан өнгийн инээмсэглэлтэй төстэй шарх байхыг олж харлаа. Миний сум Блескийн баруун шанаанд зоогдох агшинд ахин сумалтал Жоннагын сүх Кашмирын цээжинд зоогдов. Финник Брутын Пит рүү шидсэн жадыг цохиж унагахад Энобариа ташаанд нь хутга дүрэв. Хоёрдугаар бүсийн оролцогчид Эврийн цаагуур нуугдаагүй бол агшин зуур үхэх байлаа. Би араас нь хөөлөө. Түн! Түн! Түн! Их буу буудан Вайресст юугаар ч туслахгүй болж Блеск, Кашмир хоёрын үхсэнийг зарлав. Би холбоотнуудынхаа хамтаар элсэн зурвасаар ширэнгийн зүг зугтаж буй Брут, Энобариа нарыг элдэв. Гэнэт хөлийн дорх газар огцом хөдөлсөнд хажуулдан уналаа. Эвэртэй дугуй арал толгой эргэм хурдтай асар хурдтай эргэлдэхэд ширэнгэ ногоон судал болон бүрэлзэв. Би төвөөс зугтах хүчинд татагдан ус руу унахгүйн тулд хамаг чадлаараа газарт шигдэж тэсэхийг хичээв. Агаарт дүүрэн элсэн ширхэг бужигнан толгой эргэхэд нүдээ тас анилаа. Юу хийх байсан гэж? Удаашрах хүртэл тэсэхээс өөр зам үлдсэнгүй. Гэнэтхэн бүх зүйл зогсов.
Хахаж цацан ханиалган дотор муухайрсаар элсэн дээр суулаа. Бусад маань ч дээрдсэнгүй. Финник, Жонна, Пит нар тэсэн үлдэж амь үрэгдсэн гурван хүний цогцос тэнгисийн усанд шидэгджээ. Энэ бүхэн Вайрессийн дуу зогссоноос хойш хоёр хормын дотор болж өнгөрөв. Бид хүндээр амьсгаадан суух зуур аманд орсон элсээ тургиж хаялаа.
- Эрэг хаана байна? гэж Жонна асуухад бүгд үсрэн босоод ганхсаар Эврийг тойрон явав. Финник Битиг Эврээс хорин ярдын зайд усанд шидэгдсэн байхыг олоод гаргахаар ухасхийв. Гэнэтхэн ухаанд түүний хувьд төмөр утас хичнээн чухал болох орж ирсэнд сандран ийш тийш харлаа. Төмөр утас хаана байна? Хаана? Тэгтэл долгион дээр холгүй хөвөх Вайрессийн гарт тас атгаастай байхыг харлаа. Дотор палхийхэд,
- Намайг халхлаарай гээд би зэвсгээ хаян биений ойролцоох элсэн судал дээгүүр гүйгээд удаан бодолгүй шумбав.
Нүдний буланд онгоц зурсхийн биеийг авахаар төмөр эрүүгээ сунгав. Гэвч би зогсолтгүй сэлсээр биед хүрээд хүзүүний шархнаас гарсан цустай усыг залгихгүйг хичээн хахаж цацав. Вайресс усанд дээш харан хөвөөд хэрцгий нар луу нүд цавчилгүй ширтэнэ. Би гартаа чанга атгасан ороолттой утсыг угз татан авахад ус цалилгав. Дараа нь зовхийг нь аниулан баяртай гэж шивнээд буцаж сэлэв. Намайг олзоо аваад эрэг дээр гарах агшинд бие алга болсон ч аманд цустай ус амтагдсан хэвээр үлдлээ. Эвэр лүү буцаж очив. Финник Битиг аварсан нь элсэн дээр ханиалган сууж байв. Шидүүлэх үеэрээ нүдний шилээ чанга зуурсаны ачаар хаялгүй үлджээ. Би цэвэрхэн гялалзах дамрыг өвдөг дээр нь тавихад Бити түүнийг задлан хурууны завсраа гүйлгэж үзэв. Энэ нь ямар ч төмөр утастай төс байсангүй. Алтлаг туяарсан өнгөтэй хүний үс шиг нарийхан аж. Хэр урттай юм бол? Том дамартай болохоор мил ч хүрч магадгүй. Гэвч Бити Вайрессийн араас гашуудаж байсан болохоор юм асуусангүй. Би бусдынхаа гунигтай царайг харав. Одоо Финник, Жонна, Бити гурвуул бүсийнхээ хамтрагчыг алджээ. Би Пит рүү очоод тэврэн хэсэг зуур чимээгүй зогсов. Эцэст нь Жонна,
- Энэ новшийн арлаас явцгаая гэхэд бид зэвсгээ шалгаж үзэв.
Аз болоход эндхийн ороонго бөх болохоор хоолой, шүхрээр ирсэн эм бүснээс хаягдалгүй үлджээ. Одэйр дотуур цамцаа тайлахад Энобариа ташаанд нь өнгөц шархадуулсан байлаа. Бити одоо удаан ч гэсэн бие даан явж чадах болсон тул би өндийхөд туслав. Бид арван хоёр дахь хэсгийн эрэг дээр хордсон агаар цэвэрлэгдэх хүртэл хэсэг зуур байхаар шийдэв. Гэвч Пит, Жонна, Финна нар гурван янзын зүг зааж байлаа.
- Хүлээгээрэй арван хоёр цаг биз дээ? Эврийн шовх үзүүр арван хоёрыг зааж байсан гэж Пит хэлэхэд Финник, - Биднийг эргүүлэхээс өмнө. Би хувьдаа нараар баримжаа авч байна гэв.
- Финник нарны баримжаа чамайг дөрвөн цаг руу явах гэж байна гэдгийг хэлж байна гэж би дуу алдлаа.
- Би Китниссийн хэлснээр цаг мэдэх нь тоон дээрх дөрөв дүгээр хэсэгтэй холбоогүй гэж бодож байна. Биднийг хүрээлсэн ширэнгийн цагариг ч гэсэн хөдөлсөн байх гэж Бити хэллээ. Ер нь бол би тийм зүйл бодоогүй хэдий ч зөвшөөрөн толгой дохиод,
- Эдгээр замуудын алин ч арван хоёр луу хүргэж болох юм гэв.
Бид арлыг тойрон ширэнгэ рүү шинжин харахад өтгөсөн ургасан ургамал нэгэн хэвийн харагдана. Би арван хоёр цагаас аянганд ниргүүлсэн өндөр модны тухай санасан ч хэсэг болгонд ижил мод байлаа. Жонна Энорабий, Брут хоёрын араас явахыг санал болгосон ч мөр нь салхинд туугдан арилаад хаашаа явсныг мэдэх боломжгүй болжээ.
- Цагны тухай дурсах хэрэггүй байж. Одоо бидэнд давуу тал байхгүй боллоо гэж би гашуунаар хэлэхэд Бити,
- Ердөө түр зуур. Арван цагаас давалгаа ирэхэд бид ахин баримжаатай болно гэв. - Тэгээд ч тэд бүтэн бүсийг ахин зохион байгуулж чадахгүй гэж Пит хэлэв.
- Ямар ялгаа байна. Чи биднийг байрнаасаа хөдлөөгүй байхад хэлэх ёстой байсан юм тэнэг ээ.
Хөгжилтэй нь Жоннагын хорон ёжтой үг намайг тайвшируулав. Тиймээ би тэднийг явахаас өмнө хэлэх ёстой байсан.
- За алив ээ юм уумаар байна. Хэний ч ам цангахгүй байна гэж үү?
Бид тааралдсан зам сонгон аваад хаашаа явж байгаагаа мэдэлгүй явлаа. Ширэнгэд ойртоод болгоомжлон харав. - Энэ сармагчны хэсэг байна. Тэд одоо нуугдсан болохоор хоолойгоо модонд зоогоод үзье гэж Пит хэлэхэд,
- Үгүй, миний ээлж гэж Финник хэллээ.
- Тэгвэл би арыг чинь харъя. - Китнисс үүнийг хийсэн нь дээр. Харин чи шинэ зураг зурах хэрэгтэй гээд Жонна ойролцоох модноос навч таслан Питэд өглөө.
Надад энэ агшинд сэжиглэл төрөв. Хэрвээ тэд биднийг салгаад нэг нэгээр нь дуусгахаар шийдсэн бол яах вэ? Үгүй ээ, утгагүй юм. Одэйр хоолой зоох хооронд би түүний учрыг хөнгөхөн олчихно. Тэгээд ч Пит Жоннагаас биерхүү. Би Финникийг дагалдан ширэнгэ рүү ороход арван таван ярд яваад тохиромжтой мод сонгон хутгаараа нүхэлж эхлэв. Би дэргэд нь хамгаалахад бэлэн зогсохдоо Питтэй таагүй зүйл болох нь гэсэн мэдрэмжээсээ салж чадсангүй. Хэрвээ харанга цохьсоноос хойшхи бүх зүйлийг санах аваас Финник Пит төмөр тавган дээрээс буулгаж, хүчний талбайд цохиулахад нь хиймэл амьсгаа хийсэн. Мэгз Финникээр Питийг гаргуулахын тулд манан руу гүйсэн. Хар тамхичин сармагчингийн дайралтаас биеэрээ хамгаалсан. Мэргэжлийнхэнтэй үзэлцэхэд Финник Брутын жадыг хаагаагүй бол Энобариагын хутганд өртөхгүй байсан. Тэр ч байтугай Жонна хүртэл аюултай ширэнгэ рүү зүглэснээс модны навчин дээр зураг зурахыг зөвлөж байна.
Тиймээ ямар ч эргэлзэх зүйл алга. Үл мэдэгдэх шалтгаанаар ялагчид Питийн амийг аварч эсэн мэнд гаргахаар шийджээ.
Би гайхан мэлэрлээ. Нэгдүгээрт энэ бол миний ажил. Хоёрдугаарт ямар утгатай гэж. Бүсэд ганц тоглогч үлдэх ёстой. Яагаад бүгд Питийг сонгон хамгаална вэ? Хеймитч тэдэнд Питийн амьдрал өөрсдийнхөөс нь үнэтэй гэж хэлсэн юм болов уу?
Надад Питийг хамгаалах хувийн шалтгаан байлаа. Тэр миний андын зэрэгцээ Капитолыг эсэргүүцэн хүний бус тоглоомыг нураах ганц арга байсан юм. Хэрвээ энэ холбоо байгаагүй бол юу намайг түүний амийг үнэлэхэд хүргэх вэ? Тиймээ тэр зоригтой ч ялагчид хулчгар амьтад биш. Сайхан сэтгэлийг нь анзаарахгүй өнгөрч болохгүй ч гэхдээ л... надад Питийг биднээс илүү зүйл чадна гэсэн санаа төрөв. Тэр үг хэлж чадна. Тэр хоёр удаа гялалзсан ярилцлага өгөхдөө бусдыгаа ардаа хол орхисон. Магадгүй илэрхий сайхан сэтгэлээр үзэгчдийг өөртөө татдаг шиг бүх орныг татаж чадах ч юм билүү.
Би бослогын удирдагчид энэ авъяас ямар хэрэгтэй болохыг саналаа. Хеймитч бусадтайгаа зөвлөлдсөн юм болов уу? Питийн хэл Капитолын эсрэг бидний булчингаас илүү хөнөөл учруулж чадна гэж хэлсэн бол яана? Мэдэхгүй юм. Жонна мэтийн зарим оролцогчдын хувьд дэндүү хол санагдаж байна. Гэвч бүгдийн амь үл хайрлан Питийг аврахаар зүтгэж байгааг өөрөөр юу гэж тайлбарлах вэ?
- Китнисс хоолой чамд байна уу? гэх Финникийн дуу намайг бодит байдалд эргүүлэн авчрав.
Бүсэндээ уясан ороонгыг тайлаад хоолойг Одэйрт сунгав.
Тэгтэл хашгиралт гарлаа. Айдас дүүрэн цус царцаам танил хашгиралт. Би хоолойг унагаад хэн болон яагаад энд байгаа гэдгээ умартан чимээ гарсан зүг ухасхийв. Би түүнийг олж аврах ёстой. Аюул осол чөтгөр лүүгээ тонилог. Ороонгонд шавхуурдуулан модны мөчир хугачин гүйлээ. Надад түүнд хүрэхэд юу ч саад болох ёсгүй... Миний бага дүүдээ хүрэхийг. 24
Тэр хаана байна? Юу тохиолдсон юм бол?
- Прим! Прим! гэж би дуудахад хариуд нь зовж шаналсан хашгиралт гарлаа. Тэр энд ирлээ гэж үү? Яагаад тоглоомын оролцогч болсон юм бол?
- Прим!
Би ороонгонд нүүр гараа зулгалан шалбалж мөлхөө ургамал орооцолдсоор түүнд улам ойртлоо. Нүүрнээс хөлс урсаж зүсэгдсэн шарх хорсон өвдөв. Дотор багтрах шахан чийгтэй агаарт хүчилтөрөгч байхгүй мэт санагдана. Прим л ийм өрөвдөлтэй хашгиралт гаргаж чадах болохоор тэдний үүний тулд яасныг мэдэхгүй юм.
- Прим!
Би эцэстээ ширэлдсэн ороонгын хана нэвтлэн жижигхэн ойн цоорхойд гарч ирэхэд чимээ толгой дээр гарч байв. Дээшээ өлийн харлаа. Дүү маань модон дээр байгаа юм болов уу? Цөхрөн харсан ч юу ч байсангүй. - Прим? гэж би гуйн дуудлаа.
Юу ч үзэгдсэнгүй ч уйлах дуу эргэлзээгүй гарав. Эцэст нь би чимээ хаанаас гарч байгааг харлаа. Ойролцоогоор арван ярдын зайд мөчир дээр сууж буй хар шувууны хошуунаас дуу гарч байв. Тэгэхэд л ойлголоо. Энэ бол үглээ ятга шаазгай байв.
Би мод налаад урьд нь хэзээ ч харж байгаагүй, байгаа гэдгийг нь ч мэддэггүй байсан шувууг ширтлээ. Энэ бол аавын минь шооч ятга шаазгайнаас өмнөх үеийн мутант шувуу. Би бодолдоо тэднийг хэрхэн жирийн ятга шаазгайтай нэгдсэнийг төсөөлөв. Хэрвээ хошуунаас нь гарах Примийн аймшигтай хашгиралтыг тооцохгүй бол... ердийн шувуу. Би үглээ ятга шаазгайны хоолойд сум зооход газар унаад чимээгүй боллоо. Хүзүүнээс нь сумаа сугалан аваад зэвүүн амьтныг ширэнгэ рүү чулуудав. Өлсөж үхэх гэж байсан ч хэзээ ч махыг нь идэхгүй.
Энэ бүхэн худал. Яг л өнгөрсөн жилийн амь үрэгдсэн оролцогчдоор хийсэн мутант шиг. Энэ бол зохион байгуулагчдын зовоон тарчилгасан мэх гэж би өөрийгөө ятгав. Одэйр ойн цоорхойд гарч ирээд хөвдөөр сумаа арчин цэвэрлэж буй намайг харав.
- Китнисс?
- Бүх зүйл хэвийн. Би сайн байна. Надад дүүгийн минь хашгиралт сонсогдсон ч... гэтэл миний үг дөжирсөн хашгиралтанд таслагдав. Энэ Примийн биш үл таних охины хоолой байлаа. Финникийн царай агшин зуур цонхийн цайж нүд нь айдаст автан томорлоо.
- Финник хүлээгээч! гэж би хашгирсан ч тэр хэдийн миний Примийн хойноос ухасхийсний адил ухаан жолоогүй гүйжээ. - Финник!
Түүнийг эргэж ирэхгүйг би мэдэж байсан учир араас нь дагалаа.
Тэрбээр ардаа мод бут хугачин өвс налсан мөр үлдээсэн учир энэ ч хэцүү байсангүй. Гэвч хараал идсэн шувуу милийн дөрөвний нэг хэр зайтай байсан болохоор толгод өгсөн хүрч очихдоо би амьсгаадаж гүйцэв. Одэйр том мод тойрон эргэлдэнэ. Модны их бие дөрвөн футын өргөн агаад хорин футын өндөрт ургасан мөчир дээрх өтгөн навч дунд нуугдсан шувуу эмэгтэй хүний хоолойгоор чанга хашгирч байлаа. Финник,
- Энни! Энни! гэж орилов.
Тэр сандарч балмагдсандаа юу ч хийх чадваргүй байсан тул би ойролцоох модон дээр гараад ярьдаг шувууг харвахад Одэйрийн хөлд унав. Тэр биеийг өргөн үзээд юу болсныг ойлгов бололтой намайг доошоо буухад нүдэнд нь гуниг хуралдсан байлаа.
- Тайвшир даа, Финник. Энэ бол үглээ ятга шаазгай. Тэд биднийг хуурсан байна. Бүгд худал. Энэ чиний... Энни биш.
- Тийм, Энни биш. Харин түүний хоолой байна. Үглээ ятга шаазгай сонссон зүйлээ давтдаг. Чинийхээр бол тэр хаанаас энэ хашгиралтыг гаргасан байх вэ?
Би түүний үгийг ухаартал хацрын цус царцах шиг болов.
- Финник чи тэднийг гэж бодоогүй биз дээ... - Тиймээ. Яг тэгж бодож байна.
Надад Прим цасан цагаан өрөөнд ширээн дээр хүлээтэй хэвтээд амны хаалттай хүмүүс хэрэгтэй дуугаа гарган авахаар тамалж байна гэж төсөөлөгдөв. Өвдөг сулраад газар суучихлаа. Одэйр уруулаа хөдөлгөн ямар нэгэн үг хэлсэн авч сонсогдсонгүй. Тэгтэл хаа нэгтээ зүүн талд шинэ хашгиралт гарлаа. Энэ удаад Гейлийн хоолой байв. Финник намайг гүйхийн завдалгүй гарнаас зуураад,
- Үгүй. Тэр биш. Эндээс явцгаая гээд толгод уруудан эргийн зүг чирлээ.
Гэвч Гейлийн хашгиралт зовж шаналал дүүрэн байсан учир би чаргууцалдсан хэвээр байв. - Китнисс, энэ Гейл биш! Тэнд мутант байна! Явцгаая! гэж Финник хашгираад намайг чирэх гулдрахын хооронд авч явахад би эцэстээ залуугын зөв гэдгийг ойлгов. Энэ бол ердийн нэг үглээ ятга шаазгай. Түүнийг харвалаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Гэхдээ л Гейлийн хоолой байж хэн нэгэн түүнийг ийм дуу гаргахад хүргэсэн байна.
Би манан татсан шөнө гүйж чадахаа больсоны адил Финникийг эсэргүүцэхээ болилоо. Ойлгохын аргагүй зүйл сэтгэл тэсэхийн аргагүй шаналгаж биеийг төдийгүй зүрхийг минь урж хаялаа. Дөрөвдүгээр бүсийн зэвсэг энэ байж. Цагийн зүү дөрвийг заах үед сармагчингууд гэртээ харьж үглээ ятга шаазгай тоглоомд оролцоно. Финникийн зөв эндээс холдох хэрэгтэй. Тэгээд ч Хеймитч эдгээр шувуудаас болж шархалсан сэтгэл зүрхийг эдгээхээр шүхрээр эм илгээхгүй нь лавтай.
Жонна, Пит хоёр модны захад сууж байх нь үзэгдсэнд санаа амрахын зэрэгцээ уур хүрлээ. Яагаад Пит надад туслахаар гүйсэнгүй вэ? Яагаад хэн ч бидний араас ирэээгүй юм бол? Тэр алгаа бидний зүг хандуулан гараа толгой дээрээ өргөн зогсоод ямар нэг зүйл тайлбарлахыг хичээж байсан ч сонсогдсонгүй. Яагаад юм бол...
Шил маш тунгалаг байсан тул Финник бид хоёр түүнийг тасхийтэл мөргөөд арагш саван унав. Би хүчтэй цохилтыг мөрөндөө хүлээсэн бол, Финникийн хамраас цус гарчээ. Одоо л Пит, Жонна, Бити нар яагаад тусламж үзүүлэхээр гүйлгүй толгойгоо гашуудалтай сэгсрэн сууж байгаа нь ойлгомжтой болов. Бидний дунд үл үзэгдэх хана босчээ. Энэ бол хүчний талбай биш хүрч болохоор толигор хатуу гадаргуутай аж. Гэвч Питийн хутга, Жоннагын сүхний алин ч өчүүхэн төдий ан цав гаргаж чадсангүй. Саад дөрвөөс таван цагийн хооронд сүндэрлэх нь ойлгомжтой тул бид цагийн хугацаанд занганд орсон хулгана адил болжээ.
Пит хаалтанд алгаа наахад би гараа хана нэвт мэдэрч байгаа юм шиг тавилаа. Питийн уруул нээгдэн хашгирав. Бидэнд юу ч сонсогдсонгүй. Эхлээд би уруулын хөдөлгөөнийг уншихыг оролдож байснаа төвлөрч чадахаа болиод царай луу нь ширтэв.
Тэгтэл шувууд олширов. Тэд нэг нэгнийхээ араас нисэн ирж ойролцоох модон дээр тарж суугаад хошуунаас нь аймшигт хар дарсан зүүдний найрал хөгжим адил тоглолт эхлэв. Финник тархи нь хагарах гэж байгаа мэт шуудхан ногоон дээр алгаараа чихээ даран унасан бол би хэсэг зуур тэслээ. Саадгаа хоосортол үзэн ядмаар шувуудыг харвав. Гэвч нэг нь үхэх болгонд нөгөө нь мөчир дээр сууж байлаа. Би эцэстээ бууж өгөөд газар унан чихээ дараад Прим, Гейл, ээж, Маж, Рори, Вик, бяцхан Пози нарын чих дөжрөм хоолойг сонсохгүй байхыг хичээн өнхрөв. Тамлал дуусахад Питийн гар намайг ширэнгээс өргөн гаргалаа. Тэгсэн ч нүдээ тас аньж чихээ дарсан хэвээр байлаа. Булчин шөрмөс хөшин хатуурчээ. Пит намайг өвдөг дээрээ тавиад аяархан сэгсрэнгээ тайвшируулах үг шивнэв. Удаан хугацааны дараа чулуу шиг хөшсөн бие тавигдахад чичирч эхлэв.
- Китнисс бүх зүйл сайхан болно - Чи тэднийг сонсоогүй! гэж би эсэргүүцэв.
- Би эхлээд Примийн хоолойг сонссон. Гэвч тэр байгаагүй үглээ ятга шаазгай байсан.
- Үгүй, тэр байсан. Зөвхөн энд биш. Шувууд түүнийг хоолойг тогтоож авсан хэрэг. - Үгүй тэд яг л ингэж бодогдуулахыг хүсч байгаа. Өнгөрсөн жил би үүнтэй ижил мутантад үнэхээр Гялбаагын нүд байгаа эсэхэд гайхаж байсан юм. Гэвч тэр түүний нүд биш байсан. Бас Примийн хоолой ч биш. Капитолынхан түүнээс ярилцлага аваад дараа нь дууг нь өөрчилсөн байна.
- Үгүй, түүнийг тамалж байгаа. Алсан ч байж магадгүй. - Китнисс Прим амьд. Тэд яаж түүнийг алж болно гэж? Бид удахгүй сүүлийн наймд орох болно. Дараа нь юу болох билээ?
- Долоо нь үхнэ гэж би гунигтай хэлэв. - Үгүй дээ, сайн бод. Тоглоомд найман оролцогч үлдэх үеэр юу болдог билээ? гээд Пит миний эргүүг өргөн нүд рүү ширтэв. - Сүүлчийн найм үлдэхээр юу болдог билээ?
Би түүний надад үнэхээр туслахыг хүсч буйг мэдэж байсан тул бодлогоширон, - Сүүлчийн найм гэнээ? Тэдний гэр бүл найз нөхдөөс нь ярилцлага авдаг гэлээ.
- Зүйтэй. Гэр бүл болон найз нөхдөөс нь ярилцлага авдаг. Хэрвээ тэд бүгд үхсэн бол үүнийг хийж чадна гэж үү?
- Үгүй гэж би итгэлгүйхэн хэлэв. - Яг тийм. Иймээс санаа зовох хэрэггүй Прим амьд байгаа. Тэр хамгийн түрүүнд ярилцлага өгөх болно ойлгов уу?
Би түүнд итгэхийг хүслээ. Маш их хүсэв. Гэвч... эдгээр хоолой...
- Эхлээд Прим дараа нь ээж чинь, үеэл ах, найз гэж Пит хуруу даран тоолоод, - Китнисс энэ бол заль мэх. Аймшигтай. Үүнд зөвхөн бид л шаналах болно. Бид тоглоомд байгаа болохоос харин тэд биш гэв.
- Чи өөрөө үүндээ итгэж байгаа юм уу?
- Тэгэлгүй яахав. Тэрбээр хүмүүсийг хялбархан ятгаж чадах аж. Би яриаг чих тавин сонсож буй Одэйр луу эргэв.
- Харин чи итгэж байна уу, Финник?
- Болох л юм. Мэдэхгүй гээд мөрөө хавчив. - Бити үүнийг хийж болох уу? Хүний ердийн хоолойг хувиргаж...
- Тэгэлгүй яахав. Ямар ч хүндрэлгүй. Ийм зүйлийг ямар ч сургуулийн хүүхэд хийж чадна гээд толгой дохилоо.
- Питийн үгийг зөв гэж бодож байна. Бүхий л орон даяараа Китниссийн жижигхэн дүүг биширдэг. Хэрвээ тэд түүнийг жинхэнээсээ алах юм бол бүсүүдэд бослого ч гарч магадгүй. Тэд үүнийг хүснэ гэж үү? гэж Жонна хатуу хэлснээ толгойгоо гэдийлгэн,
- Бүх Панем даяар бослого гарч байна гэж төсөөлөөд үз дээ! Хэнд ийм зүйл таалагдах юм бэ? гэв.
Би гайхсандаа амаа ангайлаа. Хэн ч хэзээ ч тоглоомын үеэр ийм үг хэлж байсангүй. Жоннагын үгийг гарцаагүй хасна гэж бодож байна. Гэвч би сонссон зүйлдээ түүнийг урьдын адил харахаа больжээ. Мэдээж түүнээс сайн зүйл хүлээх хэрэггүй ч зоригтой ажээ... эсвэл галзуу ч юм уу. Тэр хэдэн хясаа аваад ширэнгэ зүглэнгээ,
- Би усанд явлаа гэв.
Жонна дэргэдүүр өнгөрөхөд би гараас нь барьж авлаа.
- Тийшээ битгий яв. Шувууд... гээд тэдний алга болсныг санасан ч хэнийг ч тийш яваасай гэж хүссэнгүй. Түүнийг хүртэл.
- Тэд намайг яаж ч чадахгүй. Би чамтай адилгүй. Хайртай хүн байхгүй гээд Жонна гараа сэгсэрснээ явлаа. Түүнийг эргэж ирэх үед би хясаанд хийсэн ус авч уугаад өрөвдөлтэй хоолойг минь үзэн яддагыг мэдэх учир чимээгүй талархан толгой дохив.
Жонна усанд явахын зэрэгцээ миний сумыг цуглуулан, Бити төмөр утсаа оролдон, Финник сэлэхээр явжээ. Надад ч бас угаалга илүүдэхгүй авч Питийг тэврэлтийг орхиход хэтэрхий донсолсон байлаа. - Тэд Одэйрийн эсрэг хэнийг ашиглаа вэ? гэж Пит аяархан асуув.
- Ямар нэг Эннийг.
- Энни Креста байх. - Хэн гэнээ?
- Энни Креста. Мэгз түүний өмнөөс сайн дураараа гарсан. Энни бол таван жилийн өмнөх ялагч.
Өөрөөр хэлвэл эцэг минь үхэн надад өлсгөлөнд нэрвэгдсэн гэр бүлээ тэжээх хэрэг гарч байсан үед. - Би тэр тоглоомыг санахгүй байна. Газар хөдөлсөн жил бил үү?
- Аанхан. Энни хамтрагч нь толгойгүй болоход ухаан солиорсон юм. Бүгдээс зугтаж удаан нуугдсан. Дараа нь газар хөдөлж далан сэтрэн бүсийн ихэнхи хэсэг усанд автахад сайн сэлж чаддаг болохоороо амьд үлдсэн юм. - Дараа нь түүний бие дээрдээгүй юм уу? Би түүний толгойны тухай ярьж байна л даа?
- Хэлэхэд хэцүү юм. Түүнийг тоглоомд ахин үзүүлснийг санахгүй байна. Гэвч энэ жил ургацын үеэр охин хэвийн болоогүй байсан.
<<Ийм учраас л Финник хайртай байх нь. Капитолын хайртай шүтэн бишрэгчид биш төрөлх бүсийнхээ золгүй галзуу охинд>> гэж би бодлоо.
Их буудахад бүгд эрэг дээр цугларав. Зургадугаар хэсэгт онгоц ирээд төмөр эрүү нэг биш таван удаа удаа цогцосны үлдсэн хэсгийг цуглуулав. Хэн үхсэнийг таах боломжгүй байв. Ямар ч байлаа гэсэн зургадугаар хэсэгт юу болсоныг би мэдэхийг хүссэнгүй. Пит модны навчин дээр шинэ зураг зурж дөрөвдүгээр хэсэгт үглээ шувууны оронд <<Ү>> үсэг тавиад биенээс үлдсэн зүйлийг цуглуулсан хэсэгт <<араатан>> гэж бичлээ. Бидэнд одоо долоон бүсэд юу заналхийлж байгаа нь ойлгомжтой болов. Шувуудын дайралт болоогүй бол бүсийн ямар хэсэгт байгаагаа мэдэхгүй байсан тул байдал сайн тал руугаа эргэжээ.
Финник ахин нэг усны сав, загасны тор сүлжив. Би түргэхэн сэлээд арьсандаа тос түрхлээ. Дараа нь усны захад суугаад Финник барьсан загасаа цэвэрлэхийг харах зуур нар тэнгэрийн хаяанд жаргалаа. Тод өнгийн саран мандахад бүс хачирхалтай бүрэнхийд хучигдав. Бид барьсан загасаа түүхийгээр нь идэхээр суугаад байтал сүлд дуулал эхэлснээ царай үзэгдэв...
- Кашмир, Блеск, Вайресс, Мэгз, тавдугаар бүсийн эмэгтэй, Питийн өмнөөс амь үрэгдсэн хар тамхичин, Блайт, аравдугаар бүсийн эрэгтэй. Найман хүн үрэгджээ. Өчигдөрийнхтэй адил найм. Энэ нь оролцогчдын гуравны хоёр нь хагас өдрийн дотор үрэгдсэн тул дээд амжилт тогтоосон хэрэг байв.
- Бидний эгнээ ямар түргэн хумигдаж байна. Бид тав болон хоёрдугаар бүсийнхнээс гадна өөр хэн үлдсэн бэ? гэж Жонна дуугарахад, - Чап гэж Пит шуудхан хэллээ. Магадгүй Хеймитчийн зөвөлгөөг марталгүй санаж байсан биз.
Тэнгэрээс шүхэр буухад нэг хазахад зориулан хуваасан дөрвөлжин талхтай сагс ирэв.
- Бити энэ танай бүсийнх үү? гэж Пит асуув. - Тиймээ гуравдугаар бүсийнх. Тэнд хэд байна?
Финник бүгдийг нэг бүрчлэн эргүүлж тоолоод нямбайлан буцааж тавихад түүний талхтай харьцаж байгаа байдал надад сэжигтэй санагдав. - Хорин дөрөв байна уу? гэж Бити асуухад,
- Тиймээ хорин дөрөв. Яаж хуваах вэ? гэж Финник толгой дохив.
- Тус бүрдээ гурван ширхэгийг авъя. Өглөөний цай хүртэл хэн амьд үлдсэн нь үлдсэнийг нь иднэ биз гэж Жонна хэлэхэд яагаад ч юм миний инээд хүрлээ. Түүний зөв байвал яана? Жонна дэмжсэн харцаар хариулав. Дэмжсэн ч биш сэтгэл хангалуун байртай.
Бид арваас арван нэгэн цагийн хэсэгт том давалгаа нөмрөхийг хүлээгээд ус татрахаар эрэг дээрх буудал руугаа буцав. Онол ёсоор бол арван хоёр цагийн турш ширэнгээс аюул учрахгүй байтал арван нэгэн цагийн хэсэгт таагүй чагхийсэн чимээ дуу дуугаа авалцан гарахыг бодвол ямар нэг хөнөөлт шавьж байгаа бололтой. Бид чимээ гарсан ширэнгийг хэсгийг яаралтай орхилоо.
Жонна тоглоомын эхэнд цаг унтсанаас хойш яаж одоо хүртэл хөл дээрээ тогтож байгааг мэдэхгүй юм. Пит бид хоёр хэсэг зуур хамтдаа байхыг хүссэн учир түрүүлж харуулд гаран бусаддаа амрах боломж олгоход даруйхан унтлаа. Харин Финник түгшин хөрвөөх зуураа <<Энни>> гэж бувтнаж байв. Бид чийгтэй элсэн дээр хоёр тийш харан суухад би Питийн баруун мөрийг өөрийнхөөрөө наллаа. Тэр ширэнгэ рүү харж байхад би ус руу харж байв. Учир нь намайг үглээ ятга шаазгайны хоолой зовоосон хэвээр шавьжны дуу ч үүнийг дарж чадсангүй. Хэсэг хугацааны дараа би толгойгоо мөрөн дээр нь тавихад алгаараа үс илбэв.
- Китнисс. Өөрсдийнхөө санааг мэдэхгүй дүр эсгэх хэрэггүй. Үгүй ч байж болох юм. Гэвч энэ тухай яриад ашиггүй байлаа. Ингэх нь бидэнд юу ч өгөхгүй. Харин Капитолийн үзэгчид нэг ч үг алдалгүй сонсохын тулд дэлгэцэндээ наалдаж байгаа биз.
- Би Хеймитч та хоёрын юу ярилцсаныг мэдэхгүй ч түүний надад амалсан зүйлийг чи мэдэх ёстой гэж бодлоо. Мэдээж би үүнийг бас мэднэ. Тэр Питэд юу ч сэжиглүүлэхгүйн тулд миний амийг аврана гэж амалсан билээ.
- Тэгэхээр түүнийг бидний нэгэнд худал хэлсэн гэж бодож байна.
Энэ нь миний анхаарлыг татлаа. Хоёр яриа, хоёр амлалт. Зөвхөн Хеймитч л хэнд үнэн хэлснээ мэднэ. Би толгойгоо өргөөд Питийн нүд рүү ширтлээ. - Чи яагаад одоо энэ бүхний тухай яриад байгаа юм?
- Учир нь чамайг бидний нөхцөл байдал хичнээн ялгаатайг мэдээсэй гэж хүссэн юм. Хэрвээ чи үхвэл би арван хоёрдугаар бүсэд тайван амьдарч чадахгүй. Чи миний бүх амьдрал. Би хэзээ ч ахин жаргалтай болохгүй. Би эсэргүүцэх гэсэн ч Пит хуруугаараа уруулыг минь дарлаа.
- Харин чиний тухайд өөр хэрэг. Би үүнийг хялбар гэж хэлээгүй ч чамд тэдний төлөө амьдрах хүмүүс бий.
Тэр хүзүүндээ зүүсэн алтан гинжтэй зүүлтээ тайлахад би сарны гэрэлд ятга шаазгай байхыг олж харав. Дараа нь эрхий хуруугаараа нууц товчыг дарахад хавхлаг нээгдэв. Зүүлт миний бодсон шиг цул биш дотроо хөндий гуутай байлаа. Нэг талд нь ээж Прим хоёрын баяртай инээж буй зураг харин нөгөө талд нь Гейлийн зураг байлаа. Тэр бас инээмсэглэж байв.
Ертөнц дээр энэ гурвыг алдахаас өөр ямар ч зүйл надад үүн шиг нөлөөлөхгүй биз. Миний үдээс хойш сонссон зүйлийг бодвол... жинхэнэ цохилт боллоо. - Китнисс чи гэр бүлийнхэндээ хэрэгтэй.
Гэр бүл ээж, дүү, үеэл ахын дүр эсгэгч Гейл. Питийн бодлыг таахад хялбар байлаа. Тэр намайг амьд үлдээн, Гейлийг манай гэр бүлийн гишүүн болгохыг хүсч байж. Би түүнтэй гэрлэх болно. Пит миний төлөө амиа өгснөөр Гейлийн ч төлөө өгч байгаа хэрэг. Пит надад бүхнийг өгөхөөр боджээ.
Би түүнийг дурангын өмнө тоглож байсан шигээ хүүхдийн тухай дурсахыг хүлээсэн ч тэгсэнгүй. Тэгэхээр бидний яриа тоглоомын хэсэг байсангүй. Пит надад мэдэрч буй зүйлээ чин сэтгэлээсээ хэлжээ.
- Харин би хэнд ч хэрэггүй гэж тэр өрөвдөлтэй хоолойгоор хэлэв. Энэ үнэн гэр бүл нь түүнгүй амьдраад байж дөнгөнө. Араас нь гашуудаж байх найз нөхөдтэй ч удахгүй зүгээр болно. Хеймитч хүртэл алдсан гарзтайгаа архины тусламжтай эвлэрнэ. Зөвхөн ганц хүн Питийн үхлийг тэвчиж чадахгүй байсан нь би байлаа.
- Надад. Надад хэрэгтэй гэж би эсэргүүцлээ.
Тэр сэтгэлээр унасан байртай гүн амьсгаа авснаа энэ нь сайнгүй тухай урт маргаан хөврүүлэхэд бэлдсэн ч би яриаг нь таслан уруул дээр нь үнсэв.
Ахиад л хачирхалтай мэдрэмж. Би өмнө нь үүнийг нэг удаа мэдэрч байсан. Өнгөрсөн жил агуйд Хеймитчээс хоол авахын тулд Питийг үнсэхэд ийм сэтгэгдэл төрж байсан юм. Дараа нь мянган удаа үнсэлдсэн ч ганц үнсэлт сэтгэлийн гүнд үлдсэн байлаа. Ахин түүнээс үнсэлт хүсэхэд толгойны шархнаас цус гарч эхлэн намайг доош хэвтүүлсэн билээ.
Энэ удаад бидэнд юу ч саад болсонгүй. Пит ахин яриа дэлгэх хэдэн оролдлого хийгээд бууж өгөв. Миний дотор байсан дулаахан мэдрэмж цээжнээс халин бүх биеэр тарж гар хөлийн хурууны үзүүр хүртэл гүйлээ. Гэвч үүнд сэтгэл ханасангүй улам ихийг хүслээ. Би ямар төрлийн зүйлээр ангаж цангаж байж. Шөнө дунд аянгын эхний цохилт модонд буухад бид ухаан оров. Финник сэрээд өндийснөө хашгиран хар дарсан зүүд биш гэж өөрийгөө итгүүлэхийн тулд хуруугаараа элс самардав. Тэгснээ,
- Би амарч чадахгүй нь. Та хоёрын нэгтэй чинь солигдоё гээд тэврэлдсэнийг хармагц, - Эсвэл хоёулаа ч юмуу. Би ганцаараа харуулдаж чадна гэв.
- Энэ хэтэрхий аюултай. Би ядраагүй. Китнисс явж амар гээд Пит зөвшөөрсөнгүй.
Надад түүнийг аврахад хүч хэрэгтэй байсан тул эсэргүүцэлгүй босоод бусад руугаа явлаа. Пит хүзүүнд зүүлтээ зүүж өгөөд хүүхдийнхээ байгаа газар болох гэдсэн дээр дарж, - Чи маш сайн ээж болно гээд намайг үнсэж Финник руу явлаа.
Хүүхдийн тухай дурсамж бидний тоглоомд эргэн ирсний дохио болов. Олон нийт түүнийг яагаад хувийн зэвсэг болох үнэмшилтай маргаанаа гаргасангүйд гайхаж байлаа. Би элсэн дээр сунан хэвтээд түүний үгний цаана юу нуугдаж байгааг бодов. Гейл бид хоёр хэзээ нэг цагт хүүхэдтэй болох болов уу? Мэдээж энэ бүтэхгүй. Учир нь надад өөрийн төлөвлөгөө байгаа билээ.
Хоёрдугаарт бидний хэн нэг эцэг эх болоход хүрвэл Пит байх нь ойлгомжтой.
Би зүүрмэглэх зуураа хаа нэгтээ тоглоомгүй, Капитолгүй ирээдүйг төсөөлөв. Энэ нь Рутыг нас барах үед миний дуу дуулж өгдөг шиг нуга байх ёстой. Питийн хүүхэд аюулгүй байх газар. 25
Би сэрээд хэсэг зуур Питтэй холбоотой баяр хөөрт умбав. Над шиг өнөөдөр үхэж болох хүнд баяр хөөр гэдэг үг тохиромжгүй гэдгийг ойлгож байна л даа. Хамгийн сайн нөхцөл гэвэл Питийг номхотголын ялагч болгохын тулд өөрийгөө оролцуулан бүгдийг устгах явдал байлаа. Таатай мэдрэмж хэдхэн хором үргэлжлээд цааш хадгалахыг хүссэн ч элс, халуун нар, загатнасан арьс намайг бодит байдалд эргүүлэн авчрав.
Бүгд босоод эрэг дээр ээлжит шүхэр буухыг харж байлаа. Би нөхөдтэйгээ нэгдэв. Бидэнд ахин талх илгээжээ. Өнгөрсөн үдшийн хорин дөрөв хуваасан гуравдугаар бүсийн талхтай ижил ч тооны хувьд гучин гурав байлаа. Бид тус
бүрдээ тавыг аваад наймыг нөөцөд үлдэв. Үлдсэнийг нь ээлжит амьд үлдсэн хүмүүс хуваах тухай хэн ч ярьсангүй бөгөөд нөөц талх үлдээж байгаа нь нэг л аягүй байлаа.
Бидний холбоо хэр удах бол? Бидний хэн ч оролцогчдын тоо толгой эргэм хурдтай багасана гэж бодоогүй билээ. Тэднийг Питийг хамгаалж байгаа гэж буруу бодсон бол яана? Энэ нь бидний итгэлийг олж байгаад хялбар олз болгох төлөвлөгөө байвал яана? Би үнэхээр юу болоод байгааг ойлгосонгүй. Питтэй хамт даруйхан эндээс явах хэрэгтэй. Би Питийн дэргэд элсэн дээр суугаад талхаа идэв. Яагаад ч юм түүнийг харахад амаргүй байлаа. Магадгүй өчигдөрийн үнсэлтээс болсон байж болох ч үнсэлт бидний хувьд шинэ зүйл биш юм. Магадгүй хамтдаа байхад хэтэрхий цаг бага үлдсэнд байгаа юм болов уу. Тэгээд ч бидний тоглоомд ялж амьд үлдэх зорилго бие биенийхээ эсрэг босоход хүрнэ.
Би хоолны дараа Питийг ус руу чирлээ. - Явж чамайг сэлж сургая.
Зугтах тухайгаа ярихын тулд түүнийг бусдаас холдуулах хэрэгтэй байлаа. Хагмгийн гол нь хэн ч бидний холбооноос гарах гэж байгааг мэдэх ёсгүй бөгөөд үгүй бол нэн даруйхан бай болж хувирах байв. Хэрвээ би түүнийг үнэхээр сэлж сургах гэж байсан бол усан дээр хөвдөг бүсийг нь тайлах байсан ч тоосонгүй. Ердийн үндсэн хөдөлгөөн үзүүлэн бүсэлхий татам усанд нааш цаашаа сэлэхийг заав. Эхэндээ Жонна бидний зүг хяламхийж байснаа төдхөн сонирхохоо болиод дугхийв. Финник ороонгоор шинэ тор нэхэж, Бити төмөр утсаараа оролдоно. Цаг боллоо.
Намайг Питэд сэлэх хичээл зааж байх зуур арьсан дээрх хатсан товруу хуулран алга болжээ. Атга дүүрэн элс авч анхааралтай үрж үзэхэд дороос нь шинэхэн толигор арьс гарлаа.
Питийн сургуулилтыг зогсоод загатнуулдаг товруунаас хэрхэн салахыг үзүүлж бие биенээ ээлжлэн зүлгэх зуур зугтах төлөвлөгөөгөө ярив.
- Сонсооч ус татрах үед явах хэрэгтэй гэж бодож байна гэж би бусад оролцогч сонсохооргүй зайд холдоод хэлэв. Пит толгой дохиод гаргасан саналыг минь тунгааж буй бололтой.
- Миний юу хэлэхийг мэдэх үү. Брут, Энобариа хоёрыг үхтэл хүлээе. Бити тэднийг занганд оруулахаар шийдсэн. Харин дараа нь даруйхан зугтана гэдгээ амалж байна. Тийм ч итгэлтэй шалтаг байсангүй. Гэвч шууд одоо зугтах юм бол биднийг хоёр өрсөлдөгч бүлэг ангуучлах болно. Магадгүй Чапыг оролцуулаад гурав ч байж болох юм. Дээрээс нь цагийн хэмнэлтэй тэмцэлдэхийг хэлэх үү. Тэгээд ч Жонна Битиг зөвхөн миний төлөө авчирсан болохоор биднийг явбал гарцаагүй алах байх. Гэсэн ч биднээс зөвхөн Пит ялагч үлдэх болохоор би түүнийг яагаад ч хамгаалж чадахгүй шүү дээ.
- Сайн байна. Мэргэжлийнхнийг үхтэл үлдэе л дээ. Тэгээд л болоо шүү гээд би Одэйр руу эргэн гар даллаж, - Хөөе Финник наашаа ир дээ. Бид чамайг ахин хөөрхөн болгох арга бодож оллоо! гэж хашгирав.
Бид гурвуул биесээ зүлгэн цэвэрлэж нэг нэгнийхээ нурууг угаахад туслаад эндхийн тэнгэртэй адилхан ягаавтар
өнгийн арьстай боллоо. Дараа нь эмзэгхэн арьсаа нарнаас хамгаалан тос түрхсэн нь харин ч муугүй ширэнгэд өнгөлөн далдлалт хийсэн юм шиг харагдаж байв.
Энэ зуур төмөр утсаа оролдож байсан Бити ямар нэг зүйл бодож олсон бололтой биднийг дуудав.
- Бидний дараагийн ажил бол Брут, Энобариа нараас салах явдал гэж бодож байна. Бид одоо тооны хувьд давуу болсон болохоор тэд дахин дайралт хийж зүрхлэхгүй байх. Иймд араас нь мөшгиж болох ч аюултай төдийгүй зүдэргээтэй ажил юм гэж намуухан хэлэв.
- Чинийхээр тэд бүсийн нууцыг тайлсан хэрэг үү? гэж би асуув.
- Үгүй байсан ч удахгүй тааварлах болно. Бидэн шиг тодорхой биш байх л даа. Гэвч эндхийн дугуй талбай аюул занал агуулсан хэсэг бүрт хуваагдсан болохыг мэдэх болно. Тэгээд ч бидний сүүлийн тулааныг зохион байгуулагчид салгасан. Юуны төлөө тэр вэ? Бидэнд садаа болох гэснийг мэдэж байгаа ч тэд өөрсөддөө ийм асуулт тавьж үзээд эрт орой хэдий ч бас бүсийн цагийг ойлгох болно. Иймээс би өөрсдөө занга тавихыг санал болгож байна.
- Хүлээгээрэй би Жоннаг дуудаадахъя. Тэр ийм чухал яриа алгассанаа мэдэх юм бол галзууртлаа уурлах байх гэж Финник хэлэхэд, - Үгүй ч байж магадгүй гэж би бувтнаад үүндээ харамслаа.
Жоннаг хүрэлцэн ирэхэд Бити бүгдийг алхам ухрахыг гуйгаад элсэн дээр арван хоёр хэсэгт хуваагдсан тойрог зурав. Энэ нь Питийн зурсан бүс шиг нарийн няхуур биш өө сэвтэй болсноос үзэхэд түүний ухааныг өөр илүү чухал зүйл эзэлж байгаа бололтой. - Тэгэхээр Брут, Энобариа хоёр ширэнгэд байгааг мэдэж байгаа хойно та нар хаана байхдаа илүү аюулгүй болохоо мэдрэх вэ? гэж Бити асуув. Түүний дууны өнгөнд их зангийн сүүдэр ч үгүй байлаа. Зохион бүтээгч хүүхдэд хичээл ойлгуулахыг хичээж буй багш адил ярьж байв. Мэдээж түүний насанд биднээс сая дахин ухаантай гэдэг нь хамаагүй байх л даа.
- Бидний одоо байгаа газар аюулгүй гэж Пит хэлэв. - Тэгвэл тэд яагаад эрэг дээр үзэгдэхгүй байгаа юм?
- Яагаад гэвэл бид энд байна гэж Жонна тэвчээргүйхэн унтууцав.
- Яг тийм. Бид эрэг дээр байна. Тэгсэн тохиолдолд хаашаа явах байсан бэ? гэхэд би үхлийн аюултай ширэнгэ болон эрэг дээрх өрсөлдөгч нарынхаа тухай бодлогошироод,
- Ширэнгийн захад нуугдах байсан. Тэгвэл дайралтаас зугтаж чадахаас гадна биднийг харуулдахад хялбар гэв.
- Бас хоол олоход гэж Финник нэмэрлээд, - Ширэнгээр дүүрэн хачин янзын ургамал амьтад байгаа болохоор биднийг хараад тэнгисийн хүнс аюулгүй гэж бодсон биз гэхэд Бити хүлээж байснаас нь илүү зүйл хэлсэн аятай инээмсэглээд,
- Зүйтэй, сайн байна. Харж байна уу? Дараагийн асуулт бол шөнө дунд болон үд дунд арван хоёр цаг болоход юу
болдог вэ? гэлээ. - Модонд аянга бууна гэж би хэлэв.
- Тийм. Тэгэхээр надад нэг санал байна. Өнөөдөр үд дунд цахилгаан буусны дараа шөнө дундаас өмнө аянгат модонд төмөр утас уяж усны зах хүртэл хөвье. Аянгын цохилт буух үед цахилгаан төмөр утсыг дамжин гүйж арван цагийн давалгаанд норсон чийгтэй газар бүхэлдээ цэнэгжих болно. Энэ агшинд элсэнд хүрсэн хүн бүр цахилгаанд цохиулж үхнэ.
Бүгд удтал чимээгүйхэн сонссон зүйлийнхээ талаар бодлогоширлоо. Надад байж боломгүй уран зөгнөл шиг санагдав. Яагаад тэр вэ? Би мянган янзын урхи занга тавьж байсан. Энэ бол шинжлэх ухааны ччанртай томоохон занга биш гэж үү? Бүтэх болов уу? Бидэн шиг загасчин, түлээчин, уурхайчин хүмүүс үүнийг ойлгох уу? Бид байгалийн хүчийг дагуулах талаар юу мэдэх билээ? Тэгтэл Пит, - Төмөр утас ийм их цахилгаан гаргаж дөнгөнө гэж үү? Гал ч ноцоож дөнгөхгүй хэврэг эд шиг харагдаж байна гэв.
- Цахилгаан гүйдэл дотор нь дамжих үед ноцоох болно. Яг л асаагуур шиг гал гаргахын зэрэгцээ цахилгаан дамжуулна гэхэд, - Чи хаанаас мэдэж байгаа юм? гэж Жонна итгэлгүйхэн асуулаа.
- Би өөрөө түүнийг зохион бүтээсэн юм гэж зохион бүтээгч үл мэдэг гайхширан хэлээд,
- Энэ бол ердийн нэг төмөр утас биш. Аянга цахилгаан ч байгалийн жинхэнэ модонд буудагтай адил биш. Жонна чи үүнийг биднээс дээр мэднэ дээ. Жирийн мод шатсан даруйдаа үлдэгдэлгүй ноцдог биз дээ? гэв. - Тийм л дээ гэж баргар батлав.
- Төмөр утасны хувьд санаа зовох явдалгүй бүгдийг тэсэх болно гэж Бити итгүүлэхэд,
- Харин бид энэ бүхэн болох үед хаана байх юм? гэж Финник асуулаа. - Ширэнгийн гүнд аюулгүй газар очино.
- Мэргэжлийнхэн усанд ойртохгүй бол бас аюулгүй үлдэнэ гэж би хэлэхэд,
- Яг тийм гэж Бити зөвшөөрлөө. - Гэхдээ тэнгисийн амьтад шарагдана шүү дээ гэж Пит хэлэв.
- Үүнээс ч муу. Бид тэнгисийн гаралтай бүх хоол хүнсээ алдах болно. Чи ширэнгээс идэх юм олж чадна биз дээ, Китнисс? - Тиймээ самар, харх. Дээр нь ивээн тэтгэгчид байна гэж би батлав.
- Энэ л байхгүй юу. Би ямар ч асуудал олж харахгүй байна. Түүний дээр бид холбоотон болохоор энэ ажилд хүн бүрийн хүчин чармайлт оролцоо хэрэгтэй.
Бид өөрсдийгөө жижигхэн хүүхдүүүд адил мэдрэв. Түүний онол маргах юмгүй энгийн зүйлээс бүтсэн байлаа. Гэвч бүдэгхэн түгшүүр зовоосон хэвээр байсан тул би хамтрагчдынхаа эвгүйрхсэн царайг хараад,
- Яагаад үгүй гэж? Хэрвээ бүтэхгүй бол юугаар ч хохирохгүй. Харин бүтвэл өрсөлдөгчдөө зайлуулах сайхан боломж байна. Тэгээд ч бид зөвхөн тэнгисийн гаралтай хүнснээсээ салаад зогсохгүй Брут, Эноарбиа хоёр ч бас хоолгүй үлдэнэ гэв. - Китниссийн зөв оролдож үзсэн нь дээр байх гэж Пит хэллээ.
Финник Жонна руу хараад хөмсгөө өргөв.
- За яахав. Тэдэнтэй ширэнгэд хөөцөлдөж байсан нь дээр биз. Тэгээд ч бид өөрсдөө хүртэл сайн ойлгоогүй байхад бидний төлөвлөгөөг гадарлана гэдэгт эргэлзэж байна.
Бити модонд аянга буухаас урд шалгаж үзэхийг хүсэв. Нарны байдлаас үзэхэд өглөөний есөн цаг болж байгаа бололтой. Төдөлгүй бид эргийг орхин буудлаа буулгаж ширэнгэн дундуур аянгын хэсэг рүү алхав. Зохион бүтээгч явган алхахад бие султай байсан тул Пит, Финник хоёр ээлжлэн авч явлаа. Би Жоннаг урдаа гаргав. Бүгчим пүнхийсэн агаар дотор давчдуулна. Тоглоомын эхнээс авхуулан үүнээс зугтаах газаргүй байсан. Би сүүлчийн хоёр өдөр бараг бүтэн хувин дүүрэн хөлс алдаж уснаас гарсан загас аятай зовж байсан учир Хемитчийг гуравдугаар бүсийн талх илгээхээ болиод дөрөвдүгээр бүсийн өөр зүйл илгээгээсэй гэж хүслээ. Аягатай мөс байсан ч илүүдэхгүй. Эсвэл шилтэй хүйтэн ундаа ч юм уу. Модны шүүс сайхан байсан ч халуунд давстай ус шиг бүлээсчээ. Бүгд аварга том тавганд жигнэгдэж буй мах мэт байлаа. Модонд ойртоход Финник намайг урдаа гаргахыг санал болгоод, - Китнисс хүчний талбайг сонсдог гэж Бити, Жонна хоёрт тайлбарлав.
- Сонсдог гэнээ? хэмээн зохион бүтээгч гайхан асуулаа.
- Капитолд эмчлүүлсэн зүүн чихээрээ гэж би батлав. Битид ийм тэнэг түүх ярих нь дутаад байж гэнэ. Тэр надад хүчний талбайг зааж үзүүлснээ санаж байгаа болохоор сонсох боломжгүй гэдгийг мэдэж байгаа. Гэвч яагаад ч юм асуулт тавьсангүй.
- Тэгвэл урд гарсан нь дээр гэж зөвшөөрөөд түр зуур зогсолхийлэн нүдний шилнийхээ хөлсийг арчингаа, - Хүчний талбайтай тоглож болохгүй гэв.
Аянгат мод андуурах юмгүй бүхнээс өндөр сүндэрлэж байв. Би атга самар түүгээд бусдыгаа хойно орхиж алгуурхан самар чулуудан урагшиллаа. Ойролцоогоор арван таван ярдын зайд хүчний талбай байх нь анзаарагдав. Нүдний өмнөх ногоон ороонго мяралзсанаа баруун тийш өндөрсөн дөрвөлжин хэлбэртэй болов. Урдаа самар шидэхэд аяархан шархийж таавар батлав. - Аянгат модноос холдож болохгүй шүү гэж би бусаддаа анхааруулав.
Бид үүргээ хувиаарилан авлаа. Битиг модыг шинжин үзэхэд Финник хамгаалж, Жонна цоргоор ус гарган, Пит самар
түүж, би ойр хавьд гөрөөлөв. Модны харх хүнээс айдаггүй тул дор нь гурвыг агнав. Арван цагт давалгаа түрхрэн буух чимээ гарахад шинэхэн олзтой бусад руугаа буцав. Хүчний талбайгаас хэдхэн алхамын зайд анхааруулан зураас татахад Пит самар, хархны мах шарав.
Бити урьдын адил мод шинжсэн хэвээр би түүний юунд хэмжиж буйг нь ойлгосонгүй. Агшин зуур модны холтос хуулан авснаа хүчний талбай руу чулуудав. Холтос буцаж ойгоод газар цогшин унаснаа хормын дараа ердийн өнгөндөө орлоо. - Энэ ч олон зүйл тайлбарлаж байна шүү гэж Бити бувтнав.
Би Пит рүү инээхгүйн тулд уруулаа хазан харахад Битигээс бусад нь юу ч ойлгоогүй байлаа.
Удалгүй ойролцоох арван нэгэн цагийн хэсэгт чаг чаг хийх дуу чангарав. Ширэнгэд өнгөрсөн шөнө эрэгт байсныг бодвол илүү чанга сонсогдох аж. Бүгд түгшин сонслоо.
- Энэ төхөөрөмжийн чимээ биш байна гэж Бити шийдэмгий хэлэв.
- Надад шавьж шиг санагдсан юмсан. Цох ч юмуу гэж би хэлэхэд, - Хазууртай гэж Одэйр дэмжив.
Бидний намуухан ярианаас хажууханд шинэхэн олз байна гэдгийг мэдсэн бололтой чимээ улам ихсэхэд энэхүү дууг гаргаж буй зүйл ясийг минь үртэс ч үлдээлгүй иднэ гэдэгт би итгэлтэй байлаа.
- За эндээс явцгаая. Аянга цагийн дараа бууна гэж Жонна хэлэв. Бид хол явсангүй. Цусан аадрын хэсгийг модоор нь танин тогтов. Газар аялалын маягтай явган суугаад ширэнгийн хоол идэн үд дундын аянга буухыг хүлээв. Битигийн хүсэлтээр би модонд авиран гарахад чагхийх чимээ замхрав. Эндээс аянгын цохилтыг харах нь хурц нарны гэрэлд нүд гялбам байлаа. Алсад модонд цайвар цэнхэр дөл гялсхийн агаар цахилгаан цэнэгээр дүүрэв. Би доош буугаад харсан зүйлээ хэлэхэд Бити сэтгэл ханамжтай хүлээж авав. Үүний дараа бид тойруу замаар арван цагийн эрэг рүү буцав. Нөмрөн авсан давалгааны дараа элс норж чийгшээд цэвэршчээ. Бити бусдыгаа амар гээд төмөр утсаараа оролдох ажилдаа орлоо. Түүний зэвсэг бидний мэдлэгийг нь хүндэтгэн үзэх явдлыг төрүүлсэн ч хичээлээс эрт тарахыг зөшөөрсөн мэт хачирхалтай сэтгэгдэл төрөв. Бид ээлжлэн ширэнгийн захад модны сүүдэрт унтацгаасан ч үдээс хойш бүгд түгшин босцгоов. Тэнгисийн хүнс зооглох сүүлчийн боломжыг тохиолдуулан найр хийхээр шийдэв. Финникийн заавар дор бид жадаар загас гөрөөлөн дун түүж, хясаа шумбан гаргав. Капитолд амталж үзэж байсан тул надад сүүлчийнх нь илүү таалагдлаа. Гэхдээ юунаас ч илүү тэнгисийн гүн усанд шумбан өөр ертөнцийг харах нь илүү таалагдав. Ус маш тунгалаг учир өнгө өнгийн загас сүрэглэн, хачирхалтай этгээд цэцэг ургамал элсэн дээр дэлгээстэй мэт харагдана.
Жонна харуулд зогсоход Пит, Финник бид гурав навчин дээр олзоо цэвэрлэв. Пит барьсан хясаагаа онгойлгосноо,
- Үүнийг хараач! гээд инээд алдахад вандуйны хэмжээтэй дугариг сувд гялалзаж байлаа. - Нүүрсийг өндөр даралтад оруулахаар бас сувд болдогыг мэдэх үү гэж тэр Одэйрт хэлэхэд,
- Үгүй мэдэхгүй юм байна гэв.
Би өнгөрсөн жил Эффи Капитолын хүмүүст биднийг танилцуулахын тулд ийм тэнэг зүйл ярьж байсаныг санаад түсхийтэл инээд алдав. Нүүрсийг өндөр даралтанд сувд болгох нь бидний амьдралын зүдэргээтэй ижилхэн. Зовлон шаналал ба гоо үзэсгэлэн.
Пис сувдаа усанд булхаад надад сунгангаа, - Үүнийг чамд гэв.
Би бэлгийг алган дээрээ тавиад нарны гэрэлд цасан цагаан гадаргуу нь солонгорохыг харлаа. Мэдээж би энэ сувдыг үлдээнэ. Амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл Питийн өгсөн сүүлчийн бэлгийг хадгална. Энэ бол миний хүлээн зөвшөөрөх ганц зүйл. Магадгүй үхлийн өмнөх агшинд хүч өгөх ч юм билүү. - Баярлалаа гээд би гараа атган хамгийн гол өрсөлдөгч болох амьд үлдээхийн төлөө бүхнийг хийхээр шийдсэн хүний цэнхэр нүд рүү тайван харж бодолдоо төлөвлөгөөг нь таслахаар амлав.
Түүний нүднээс инээмсэглэл алга болсноо бодол унших мэт цоо ширтээд,
- Зүүлт нөлөөлсөнгүй юу? гэж дэргэд Финник дэргэд байгааг үл хайхран асуулаа. - Китнисс? - Нөлөөлсөн.
- Гэхдээ миний хүссэн шиг нөлөөлөөгүй бололтой гээд харцаа буруулан хясаа руу ширтэв.
Биднийг хоол идэхээр суухад шүхэр ирэн хоёр аятайхан нэмэлт болох жижиг савтай халуун ногоо бүхий улаан сүмс, гуравдугаар бүсийн талх авчрав. Финник даруйхан талхыг тоолоод,
- Ахиад хорин дөрөв байна гэв.
Гучин хоёр талх. Бид тус бүрдээ тавыг авч долоог үлдээж байсан. Энэ бол ганц хүний хоол байлаа. Давсалсан загас, шүүслэг дун, сүмсээр хачирласан хясаа маш амттай байлаа. Бид ахин идэж болохооргүй цадсан ч цаана нь бас үлдэгдэл үлдсэнд мэргэжлийнхэнд орхихгүйн тулд тэнгисийн ус руу буцаж асгахад давалгаа хаман одов.
Одоо хүлээхээс өөр зүйл үлдсэнгүй. Пит бид хоёр усны эрэг дээр чимээгүйхэн гараа атгалцан суулаа. Тэр өнгөрсөн шөнийн адил миний бодлыг өөрчилөхөөр оролдсон ч боломж олгосонгүй. Миний бүсэнд тэнгисээс шүүрдсэн сувд, шүхрээр ирсэн хоолой, эм хавчуулаастай байв. Эдгээрийг буцааж арван хоёрдугаар бүсэд аваачина гэж найдаж байна.
Ээж, Прим хоёр биеийг минь оршуулахаас өмнө Питэд буцаан өгөх биз. 26 Сүлд дуулал явахад тэнгэрт нэг ч царай үзэгдсэнгүй. Үзэгчид цус хаана байна гэж сэтгэл зовниж байх ёстой. Гэвч Битигийн занга тэдэнд ихийг амласан тул зохион байгуулагчид бидэн рүү өөр дайралт илгээсэнгүй. Магадгүй тэдэнд ч гэсэн ажиллах эсэх нь сонирхолтой байгаа юм билүү.
Ойролцоогоор ес дөхөхөд бид буудлаа орхиж арван хоёрдугаар хэсгийн эрэг дээгүүр сарны гэрэлд яаралгүйхэн аянгат мод руу явлаа. Өглөөнийхийг бодвол дүүрэн гэдэс өгсүүр газар таагүйхэн амьсгаадуулж эхлэхэд би сүүлчийн зургаан хясааг идсэндээ харамслаа.
Бити Одэйрийг туслалцахыг гуйгаад бусад нь харуулд зогслоо. Тэр модноос хэдэн ярдын зайд төмөр утсыг хөвөн цувуулаад Финникээр газар хэвтэх хугархай мөчирт сайтар зангидуулав. Дараа нь тэд модны хоёр талд гараад дамартай утсыг хоорондоо дамжуулж их биеийг нь ороолоо. Эхлээд хамаагүй ороох шиг санагдсан ч аажмаар сарны гэрэлд төвөгтэй янзын хээ угалз үүсэн зангидах нь үзэгдэв. Энэ ямар учиртай юм бол эсвэл Бити үзэгчдэд сэтгэгдэл төрүүлэхийг хүссэн юм болов уу. Тэдний олонхи нь цахилгааны тухай надаас дээр мэдэхгүй гэж мөрийцсөн ч болох байна.
Мод ороох ажил дуусахад бид давалгаа хүржигнэх чимээ сонслоо. Би өмнө нь энэ ямар болох тухай бодож үзэж байсангүй. Эхлээд хүчээ хураан өндөрт өгссөнөө дараа нь эрэг рүү хүрхрэн бууна. Тэнгэрийн байдлаас үзэхэд арав хагас болж байлаа.
Тэгтэл Бити бидэнд төлөвлөгөөний үлдсэн хэсгээ тайлбарлаж өгөв. Бусдыгаа модон дундуур түргэн гүйх зуур Жонна бид хоёр утсыг задлан гүйгээд арван хоёр цагийн эрэгт төмөр утастай дамрыг усны гүнд живүүлэх ёстой. Ингээд буцан зугтаж аль болох түргэн аюулгүй газар очно. - Би тэднийг явж хамгаалъя гэж Пит даруйхан хэлэв.
Тэр сувдны дараах мөчөөс эхлэн намайг хараанаас алдах хүсэлгүй болжээ.
- Чи хэтэрхий удаан. Тэгээд ч надад энд хэрэгтэй байна. Жонна Китниссийг хамгаална. Маргалдаж байх цаг алга. Уучлаарай. Хэрвээ охид амьд ирэх хэрэгтэй байгаа бол одоо түргэн хөдлөх хэрэгтэй гэж нэмэрлээд Жоннад утсыг өглөө.
Би ч гэсэн түүний адил төлөвлөгөөнд хөөрцөглөсөнгүй. Ийм зайнаас Питийг яаж хамгаалах болж байна? Гэвч зохион бүтээгчийн зөв. Пит хиймэл хөлтэй тул уруудах гэж хэтэрхий удах болно. Харин Жонна бид хоёр найдвартай түргэн хөлтэй. Өөр сонголт байсангүй. Хэрвээ би Питээс өөр хүнд итгэнэ гэвэл зөвхөн Битид итгэх байлаа. - Бүх зүйл сайхан болно. Төмөр утсыг орхимогц шууд ирнэ гэж намайг хэлэхэд,
- Аянгын бүс рүү биш шүү гэж Бити сануулаад,
- Нэгээс хоёр цагийн бүсийн мод руу зугтаарай. Хэрвээ амжихгүй бол юу болохыг ойлгож байгаа биз дээ. Хамгийн гол нь эрэг рүү буцаж болохгүй маш аюултай гэв.
Би Питийн нүүрэнд гараараа хүрснээ,
- Санаа зовох хэрэггүй дээ. Шөнө дунд уулзая гээд татгалзаж амжихаас нь өмнө үнсээд Жонна руу эргэж, - Бэлэн үү? гэлээ. - Яагаад үгүй гэж хэмээн тэр мөрөө хавчив. – Намайг утас хөвж байх зуур чи хамгаалаарай. Дараа нь солигдоё.
Түүнийг ч гэсэн надтай цуг нэг баг болон ажиллах явдал баярлуулаагүй бололтой. Гэвч бүгд Битигийн төлөвлөгөөг
зөвшөөрсөн билээ. Цаашаа өөр үг хэлэлгүй толгод уруудан гүйв. Замдаа юу ч ярилцсангүй. Нэг нь төмөр утсыг хөвж байх зуур нөгөө нь хамгаалж байлаа. Замын хагаст чагхийх чимээ дуугарсныг бодвол арван нэг цаг болсон бололтой.
- Алив яараарай. Аянга буухаас өмнө эргээс түргэн холдохгүй бол Вольт алдаж тооцоолсон байж магадгүй гэж Жонна хэлэв. - Би төмөр утсыг авах уу?
Энэ нь хамгаалахаас илүү хэцүү ажил хэдий ч тэр удаан хугацааны дараа,
- Аваарай гээд төмөр утсыг дамжуулав Тэгтэл бидний гарт байсан төмөр цилиндр хачирхалтай чичирхийлснээ гэнэтхэн нарийхан алтас утас толгой дээгүүр чавхдан гогцоороод бугуйг ороож тасарсан хэсэг нь хөлд унжлаа.
Бидэнд юу болсныг ойлгоход хоромхон зуур хугацаа шаардагдав. Жонна бид хоёр урд урдаасаа харсан ч юм хэлсэнгүй. Хэн нэгэн төмөр утсыг холгүй тасалжээ. Тэд дурын агшинд энд ирэх нь байна. Би гартаа байсан төмөр утсыг хаяад сумны өдөө тэмтрэн сугалах гэтэл төмөр бортого толгой дээр тасхийн буув. Дараагийн агшинд би газар харуулдан унаад зүүн шанаа аймшигтай өвдөхийг мэдрэв. Нүдний өмнөх бүх зүйл бүрэлзэн тэнгэр дэх сар хоёр харагдана. Амьсгаа давчдан авахын аргагүй болоход Жонна цээжин дээр суугаад өвдөглөн дарж байгаа болохыг ойлгов. Зүүн талын бугуй хатгуулан өвдөв. Би мурилзан мултрахыг хичээсэн авч бүтсэнгүй Жонна хутганы үзүүрээр гарын арьс төнхөөд ямар нэг зүйл махтай цуг суга татан хаяхад бугуй даган бүлээн шингэн урсав. Тэрбээр миний гарыг ширүүн хаяад нүүр болон хувцсанд цус түрхэнгээ,
- Тайван хэвт! гэж шивнэлээ. Дараа нь өндийгөөд намайг ганцаар орхив.
<<Тайван хэвт гэдэг нь юу гэж байгаа юм бол? Юу? Юу болоод байна?>> гэсэн бодол зурсхийлээ. Эргэлдэн бүрэлзэх ертөнцийг харахгүйн тулд нүдээ аниад ямар нөхцөлд байгаагаа ойлгохыг хичээв.
Жонна Вайрессыг эрэг рүү түлхээд тэгж хэлж байсан. <<Тайван хэвт!>> Гэвч одооных шигээ Вайресс руу дайраагүй. Тэгээд ч би Вайресс болон Эрэг биш. <<Тайван хэвт! Хэвт...>> гэсэн хоолой тархинд цуурайтлаа.
Хөлийн чимээ сонсогдон хоёр хүн дөхөж ирлээ. Чимээ итгэлтэй бөгөөд ирж байгаагаа далдлахыг оролдохгүй байв.
- Тэр бараг л талийгаач болж! Явъя Энорбиа! гэж Брут хэлэхэд хөлийн чимээ шөнийн харанхуйд уусан одлоо. Тэд намайг хэлсэн үү? Хариулт хайхыг хичээсэн ч дотор харанхуйлав. Би бараг л талийгаач болсон юм болов уу? Үүнтэй маргах зүйлгүй. Хүчлэн үйл явдлыг зураглан бодлоо. Жонна над руу дайран цилиндрээр толгой руу буулгасан. Дараа нь гар зүсэж артерийн судас огтлон хөнөөх гэсэн ч Брут, Энобриа хоёр ирж ажлыг нь тасалдуулсан.
Холбоо сарнижээ. Жонна, Финник хоёр биднээс өнөө шөнө салахаар тохиролцсон бололтой. Үүнийг нь мэдсэн бол өглөө зугтаадаг байж. Брут хаана байгааг мэдэхгүй ч би маш хөнгөхөн олз болжээ. Бас Пит...
Пит! Нүд айдаст автан том нээгдэв. Тэр модны дор юу ч сэжиглээгүй хүлээж байгаа. Финник түүнийг алсан ч байж магадгүй. <<Үгүй>> гэж би шивнэлээ. Төмөр утсыг мэргэжлийнхэн холгүйхэн тасалсан. Финник, Бити, Пит энд нар юу болсныг мэдэлгүй утас яагаад суларсан эсвэл буцаж чавхадсаны учрыг гайхаж байгаа байх. Эсвэл энэ алах дохио юм болов уу? Үгүй бүгд Жоннагын хийсэн ажил. Тэр цагаа олж биднээс салахаар шийджээ. Намайг алах гэж байгаад мэргэжлийнхнээс зугтсан. Удахгүй Финниктэй нэгдэх байх.
Мэдэхгүй. Мэдэхгүй юм даа. Ганц л зүйл тодорхой байсан нь Пит рүү эргэж очоод амьд үлдэхэд нь туслах хэрэгтэй байлаа. Энэ нь надад хүч өгөхөд өндийн хөлдөө байсан урдаа байга модноос зууран босов. Нүдний өмнө ширэнгэ эрээлжилсэн тул модноос барьсан нь сайн хэрэг боллоо. Би гэнэтхэн бөхийгөөд хамаг тэнгисийн хоолоо бөөлчин гаргачихлаа. Гэдсэнд өчүүхэн төдий ч хясаа үлдсэнгүй. Чичирч хөлс цутгасаар биеийн байдлаа цэгнэж үзэв. Шархадсан гараа өргөж үзэхэд цус царай луу үсчин ертөнц ахин эрээлжлэн ганхлаа. Нүдээ аниад мод налан хөдөлгөөнгүй зогсов. Цааш хоёр алхаад зэргэлдээх модонд ургасан хөвдийг зулгаан шархаа бооход арай дээрдэв. Харахгүй байсан нь дээр. Толгойны шархандаа болгоомжтой хүрч үзэхэд том булдруу үүссэнээс биш цус алдах аюулгүй байв. Би чичирсэн гараа хөвдөөр арчаад зүүн гартаа нумаа атгаж хөлөө зөөн налуу руу өгслөө.
Пит. Би түүнд амьд үлдэхэд туслана гэж амалсан. Их буу буудаагүйг бодвол тэр үхээгүй бололтой. Энэ бодол төрөхөд сэтгэл арай дээрдэв. Магадгүй Жонна Финникийг талд нь орно гэж мэдэж байсан болохоор бие даан хөдөлсөн байх. Тэр Битигийн зангыг дэмжихээс өмнө Жонна руу яаж харсныг санаж байна. Тэдний дунд холбооноос илүү он удаан жилийн нөхөрлөл байгаа. Тэгээд ч Жонна миний эсрэг эргэсэн болохоор Одэйр итгэл хүлээх гавъяагүй. Намайг дүгнэлт гаргаж дуусахаас урд хэн нэгэн толгод уруудан гүйж ирэв. Пит, Бити хоёр ийм хурдан гүйж чадахгүй. Өтгөн ургамлын цаана дөнгөж нуугдаж амжтал дэргэдүүр тосон хар арьстай Финник өнгөрч ороонго дээгүүр буга шиг харайв. Удалгүй намайг довтолсон газар хүрээд газар тунасан цусыг харсан бололтой.
- Жонна! Китнисс! гэж орилов. Би түүнийг мэргэжлийнхэн болон Жонна зүглэсэн газар луу явахыг хүлээгээд нүд бүрэлзэхээ больсон учир цааш түргэн явлаа. Толгой хатгуулан, зүрх чангаар цохилоно. Цусны үнэрт шавьжнууд баярласан бололтой царгих чимээ улам ихсэв. Эсвэл цохилтын дараа чих дүнгэнээд байгаа юм болов уу. Шавьжнуудыг хэзээ чимээгүй болохыг мэдэх юм алга. Тэднийг чимээгүй болмогц аянга буух болно. Түргэлээрэй! Питэд хүрэх хэрэгтэй байна. Их буу буудах чимээ нүргэлэв. Хэн нэгэн үхжээ. Ийм шөнө бүгд зэвсэглэн ширэнгэд гүйж байгаа цагт хэн ч байж болно. Тааралдсан хүнээ асуухын зуургүй эхэлж ална. Би хөлөө хүчлэн гүйхийг албадав.
Ямар нэг зүйл шагайнаас зуурахад газар тэрийн уналаа. Хурц үзүүртэй нарийхан мяндас... Тор! Финникийн надад зориулан тавьсны занганы нэг. Удалгүй өөрөө сэрээгээ барин гарч ирэх биз. Би салахыг хичээн сарвалзсан ч улам орооцолдсон тул сарны гэрэлд юм гялсхийхийг харлаа. Гайхан гараараа барьж үзэхэд орооцолдсон алтлаг утас байв. Үгүй ээ энэ Финникийн тор биш Битигийн утас. Болгоомжтой хөлөө дээш өргөж үзэхэд аянгат мод руу буцах утас байв. Алгуурхан утаснаас салаад толгод өгсөн гүйв.
Сайн нь гэвэл толгой руугаа цохиулан зүг чигийн баримжаа алдсан байснаа зөв замдаа оржээ. Муу нь гэвэл төмөр
утас аянгын аюул ойр байгааг сануулав. Надад шавьжны чимээ бүдгэрч эхлэх шиг санагдав. Би зүүн талдаа газар хөврөх утаснаас зай барин даган гүйлээ. Хэрвээ шавьжны чимээ буурсан бол аянгын эхний цохилт модонд буухад төмөр утсыг даган цахилгаан гүйж хүрсэн бүхэн үхэх болно.
Эцэст нь алтан утсаар чимэглэгдсэн мод үзэгдэхэд алхаагаа удаашруулан сэмхэн явахыг хичээлээ. Бусдыгаа хайсан ч хэн ч тэнд байсангүй. - Пит? Пит? гэж аяархан дуудлаа.
Хариуд нь ёолох чимээ гарахад эргэж харвал газар хүн хэвтэж байв.
- Бити! гэж би дуу алдаад яаран дэргэд нь өвдөглөв. Ёолох дуу хүчлэн гарах бөгөөд арай ч ухаан алдаагүй байсанд тохойных нь доохон талд байсан гүн шархыг хөвдөөр болхидуухан ороогоод өндийлгөхийг хичээлээ. - Бити! Бити юу болсон бэ? Хэн чамайг шархдуулсан юм? Бити!
Би юу хийж байгаагаа мэдэлгүй түүнийг сэгсчээд гэнэтхэн өвчтэй хүнийг сэгсэрч болохгүйг саналаа. Зохион бүтээгч ахин ёолоод гараа өргөв.
Тэгэхэд би гарт нь төмөр утас ороосон Питийн хутга байхыг нь харлаа. Тэвдэж сандарсаар утсыг барин босоход нөгөө үзүүр нь модонд уяатай байв. Яг ийм алтан зангилааг урд нь Бити модонд утас уяхаасаа өмнө газар мөчирт бэхэлж байсан билээ. Тэгэхэд би үүнийг дараа хэрэглэх зориулалттай цахилгаан гэж бодсон.
Би нүдээ нарийсган толгод өөд харахад хүчний талбайгаас хэдхэн алхамын зайд байлаа. Миний баруун дээд талд өглөөний дөрвөлжин байна. Бити юу хийх гэж байсан юм бол? Үнэхээр саадыг хутгаар давахыг орлдлоо гэж үү? Эсвэл Пит шиг санамсаргүй өртөв үү? Төмөр утсаар юу хийх гэж байсан юм бол? Магадгүй нөөц төлөвлөгөө юм байгаад усанд цахилгаан дамжихгүй бол аянгыг хүчний талбай руу буулгах гэж байсан хэрэг үү? Цаашаа яана гэж? Яах ч үгүй юм болов уу? Эсвэл нүсэр дэлбэрэлт болох уу? Бид бүгд шарагдах уу? Хүчний талбай цэнэг агуулдаг болохыг би мэднэ. Ийм саад Бэлтгэлийн төвд үл үзэгдэх байсан бөгөөд ширэнгийг толь мэт хүрээлж буй. Би түүнийг Питийн хутга болон миний суманд оногдон сарнихийг харсан. Түүний цаана бодит ертөнц байгаа. Чих дүнгэнэхээ больсоныг үзвэл шавьж байсан бололтой. Тэд одоо нам гүм болсон учир навчис сэрчигнэн ой шуугина. Бити гулдайн хэвтэх учир би түүнийг өргөж чадсангүй. Аврах ч боломжгүй. Түүний хутга төмөр утсаар юу хийх гэж байсныг мэдэх юм алга. Хөвдтэй боолт цусанд нэвчихэд толгой эргэн юу хийхээ мэдэхээ байгаад будилж гүйцэв. Ямартай ч энэ модноос холдох хэрэгтэй... - Китнисс! гэх хоолой алсад сонсогдов.
Пит энд юу хийж байгаа юм бол? Биднийг агнаж байгааг ойлгоогүй юм болов уу!
- Китнисс!
Би түргэн гүйж чадахгүй болохоор түүнийг хамгаалж чадахгүй. Харваад ч хүрэх эсэх нь эргэлзээтэй. Ганц арга үлдсэн нь дайралтыг өөртөө авах явдал байлаа.
- Пит! Пит! Би энд байна! Пит!
Яг тийм. Энэ нь бодсончлон тэдний анхаарлыг Питээс холдуулж удахгүй зэвсэг болж хувирах аянгат мод руу чиглүүлэв. - Би энд байна! Наашаа! Пит!
Мэдээж ийм шөнө хөл муутай хүн амжихгүй.
- Пит! Боллоо. Тэдний ойртох нь сонсогдов. Хоёр хүн ширэнгэ дундуур гүйн ирж байлаа. Өвдөг нугарахад Битигийн дэргэд суугаад нумаа татан хөвчлөв. Хэрвээ би тэднийг алвал Пит бусадтайгаа амьд үлдэх болно.
Энобариа, Финник хоёр аянгат мод руу гүйн ирж байв. Тэд намайг толгодын дээхэн талд суугаад арьсандаа өнгөлөн далдлах тос түрхсэн учир харсангүй. Сумаа Энобариагын хүзүүнд хараалав. Хэрвээ аз болж би түүнийг алдаг юмаа гэхэд Финник модны цаагуур нуугдлаа ч гэсэн аянганд цохиулна. Ганцхан агшин үлдлээ. Шавьжны чимээ сонсогдохгүй болжээ. Би тэднийг алж чадна. Хоёуланг нь.
Их бууны дуу гарлаа.
- Китнисс! гэж Пит чанга дуудав. Гэвч энэ удаад би хариулсангүй. Бити сулхан амьсгаадана. Удахгүй бид үхэх болно. Финник, Энобариа хоёр ч гэсэн. Харин Пит амьд үлдэнэ. Их буу хоёр удаа буудав. Жонна, Брут, Чап нар үгүй болжээ. Пит ганцхан оролцогчын учрыг олж дөнгөнө. Энэ бол миний түүний төлөө хийж чадах бүх зүйл. Ганцхан дайсан...
Дайсан. Дайсан. Үг нэг л танил санагдсанаа Хеймитчийн түгшсэн царай үзэгдэн <<Китнисс бүсэд очихоороо>> гээд духаа үрчийлгэснийг саналаа. <<Юу?>> гэж намайг асуухад <<Хэн чиний дайсан гэдгийг сана. Ингээд боллоо>> гэсэн билээ.
Хеймитчийн өгсөн сүүлчийн зөвөлгөө. Гэвч үүнийг санах хэрэгтэй гэж үү? Үргэлж дайсан хэн гэдгийг мэддэг байсан биз дээ? Миний дайсан бол биднийг бүсэд өлсөж зовоон алж буй хүмүүс. Хайртай бүхнээс минь хагацааж буй хүмүүс. Би үүнийг санаад нумаа буулгав. Тиймээ би хэн дайсан гэдгийг мэднэ. Энэ бол Энорбиа биш.
Би эцэст нь Битигийн хутгыг өөр нүдээр харлаа. Чичирсэн гараараа хутгатай төмөр утсыг аваад сумны өдийг ороон тайлагдахаас сэргийлэн бэлтгэл дээр сурсан зангилаагаар зангидав. Би босоод хүчний талбайн руу эргэхдээ өөртөө санаа зовсонгүй. Зөвхөн Бити хутгаа хааш нь чиглүүлэх гэж байсан бол гэдэг ганцхан зүйлд санаа зовж байв. Сумаа чичигнэсэн дөрвөлжингийн ангархай руу чиглүүлэн... түүнийг тэгж нэрлэдэг билүү? Хуягны завсар. Би сумаа тавиад бай руугаа хэрхэн алтан утсаар сүүл татуулан нисэхийг харлаа.
Тэгтэл толгойны үс өрвийлгөн модонд аянга буулаа. Цайвар дөл зурсхийн төмөр утсаар гүйгээд бөмбөгөр гадаргуу нүд гялбам цэнхэр гэрэл татуулан дэлбэрэв. Би газар хойш унаад хөдөлж чадсангүй сарнин алга болох тэнгэр лүү гөлрөн харлаа. Би Пит рүү гүйж чадахгүй. Сувдандаа ч гар хүрч чадахгүй. Гэвч гадаад ертөнцийн үзэсгэлэнг сүүлчийн удаа харахын тулд нүдээ том нээсэн хэвээр байлаа.
Ододыг хармагц дэлбэрэлт эхлэв. 27
Бүх зүйл зэрэг дэлбэрч газар чулуу, шороо ургамлын хэлтэрхий асгарахад модод галд авалцан, тэнгэрт хурц өнгийн гэгээ татав. Тэнд яах гэж бөмбөг хаясан юм бол. Аан тийм л дээ галын наадам байна. Жинхэнэ дэлбэрэлт дор гарлаа. Зохион байгуулагчидад бүсийг оролцогчдын хамт устгах нь багадаад үзэгчдэд цуст төгсгөлийг үзүүлэхээр шийджээ. Хэн нэгэн амьд үлдэх болов уу? Далан тав дахь Үхлийн тоглоомд ялагч гарах болов уу? Үгүй л байх даа. Эцсийн эцэст энэ чинь номхотгол шүү дээ… ерөнхийлөгч хуудсан дээрээс юу уншлаа даа?
<<...бослого гаргагчдад Капитолын сүр хүчийг сөрөн эсэргүүцэхийн аргагүйг сануулах үүднээс ургацын үеэр сонголтыг ялагчдын дунд явуулах болно...>> Хамгийн хүчтэй хүмүүсийн дундаас ялагч гарсангүй. Эсвэл миний сүүлчийн эсэргүүцэл зохион байгуулагчдын гарыг хөдөлгөв үү.
<<Уучлаарай, Пит. Чамайг аварч чадаагүйд уучил>> гэж бодлоо.
Түүнийг аврах гэнээ. Магадгүй би хүчний талбай дэлбэрснээрээ түүний амьд үлдэх сүүлчийн найдлагыг хулгайлсан ч юм билүү. Эсвэл бид түүнийг амьд үлдээх дүрмийн дагуу тоглосон ч байж магад.
Гэнэтхэн онгоц миний дээр гарч ирэв. Ойр хавийн шувууд чимээгүй болсноо Капитолын онгоц алга болсны дараа жиргэж эхэлдэг. Гэвч миний чих дэлбэрэлтэнд өртөөд ийм нарийн зүйл ялгаж чадахааргүй болжээ.
Онгоцноос төмөр сарвуу бууж ирэн хумсаа доогуур шургуулан өргөлөө. Би орилж хашгиран зугтаахыг хүссэн авч хөшсөн хэвээр юу ч хийж чадалгүй хэвтээд дээр бүрэлзэх дүрсэд ойртохоос өмнө үхнэ гэж найдлаа. Тэд намайг шагнахын тулд биш олон нийтийн өмнө удаанаар тамлан зовоохоор өргөж байна.
Миний айдас батлагдан онгоцон дотор тоглоомын ерөнхий зохион байгуулагч Плутарх Хевенсбийн царай үзэгдэв. Би түүний ухаалаг цохилдог цагтай сайхан тоглоом, бүс болон ялагчдыг юу болгон хувиргасан билээ! Тэр бүтэлгүйтэн амиа алдах болсон явдалдаа намайг шийтгэх нь гарцаагүй. Түүнийг гараа сунгах агшинд намайг цохих нь гэж бодсон ч үүнээс дор зүйл болох эрхий долоовор хуруу хоёроороо нүдний зовхийг аниулан харанхуйд умбуулав. Одоо тэднийг надад юу ч хийсэн би харахгүй болжээ.
Зүрх хүчтэй цохилон хөвдөн боолт дороос цус горхилон урсахад ухаан санаа сарниж эхэллээ. Мэс засалчдыг ажилдаа ороогүй байгаа дээр нь цус алдаж үхэх юмсан. Би бодолдоо чимээгүйхэн Жонна Мэйсонд сайн шарх гаргасанд талархтал ухаан балартлаа. Би алгуур ухаан ороход зөөлөвчтэй ширээн дээр хэвтэж байлаа. Зүүн гар чимхлэн өвдөж гуурс шургуулжээ. Тэд намайг чимээгүй үхлээр үхүүлэхгүй амьд үлдээсэн байв. Бие хөдлөхгүй хэвээр арайхийн зовхио нээж толгойгоо өргөлөө. Баруун гараа үл ялиг хөдөлгөтөл бие даган сэлүүр шиг падхийтэл унаад амь орсон бороохой адил гулдайв.
Хөдөлж чадаагүй болохоор хуруугаа байгаа эсэхийг ч мэдэрсэнгүй. Гэвч эцэст нь гараа хөдөлгөн гуурсыг авч хаятал дохиолол дуугаран хэн нэгнийг дуудахад харахын зуургүй ухаан алдлаа.
Дараагийн удаад би дээш харан хэвтээд гарыг ширээтэй холбон уяж гуурсыг буцаан залгажээ. Зөвхөн нүдээ нээж толгойгоо ялимгүй өргөж болж байлаа. Би намхан адартай мөнгөлөг гэрэлтэй том өрөөнд байв. Хоёр эгнээ ор өөд өөдөөс нь харуулан тавьжээ. Амьсгалах чимээ гарахыг үзвэл өөр оролцогч байгаа бололтой. Миний эсрэг талд Бити хэвтээд арваад төхөөрөмж залгаастай байв. <<Чөтгөр гэж биднийг тайван үхүүлж болохгүй нь уу!>> гэж би бодолдоо хашгиртал дагзаараа ширээ тасхийтэл мөргөөд нүдний өмнөх зүйл харанхуйлав.
Намайг ухаан орох үед ямар ч даруулга байсангүй. Гараа өргөхөд хуруунууд захирагдаж байлаа. Өндийн суугаад өрөө ганхахаа болих хүртэл ширээнээс зуурлаа. Зүүн гар боолттой ганцхан гуурс залгажээ.
Хэрвээ өмнө олон арван төхөөрөмж залгуулан хэвтэж байгаа Битиг эс тооцвол би энд ганцаар байв. Бусад маань хаа байгаа юм бол? Пит, Финник, Энобариа бас… бас… Жонна, Чап юмуу Брут бөмбөгдөж эхлэхийн өмнө тэдний нэг нь ч гэсэн амьд байсан биз дээ. Зохион байгуулагчид тэднийг олон нийтийн өмнө жишээ болгон шийтгэхийг хүсэх нь лавтай. Гэхдээ тэднийг хаа аваачсан бол? Эмнэлгээс шорон руу аваачсан юм болов уу?
- Пит… гэж би шивнэлээ. Би одоо хүртэл түүнийг хамгаалах шийдвэр төгс байлаа. Түүний амийг аварч чадаагүй болохоор Капитол зовж тарчлаан хөнөөхөөс өмнө хайж олоод алах хэрэгтэй. Хөлөө болгоомжтойгоор ширээнээс буулгаад эргэн тойрондоо зэвсэг хайв. Битигийн орны дэргэдэх ширээн дээр тунгалаг хувцанцар савтай хоёр тариур байв. Сайн байна. Дотор нь агаар дүүргээд судсанд нь шахъя.
Би агшин зуур Битиг дуусгах эсэхээ бодож үзэв. Тэгтэл дэлгэц дохио өгөн анивчиж эхлэхэд баригдахаасаа өмнө Питийг олох хэрэгтэй байсан тул бодолдоо эргэж ирэн тайван үхэл бэлэглэхээ амлаад явлаа.
Би нимгэн унтлагын цамцнаас ондоо зүйлгүй байсан болохоор тариурыг гарын боолтондоо шургуулав. Хаалган дээр хамгаалагч байсангүй. Тэгэхээр Бэлтгэлийн төвийн дор юмуу Капитолын нөөц газар зугтахын аргагүй нөхцөлд байгаа бололтой. За яахав энэ чухал биш. Зугтахгүй ажлаа дуусгах болно. Би давчуу хонгилоор хагас нээлттэй төмөр хаалга руу гэтэв. Дотор нь хүн байлаа. Тариураа гарган гартаа атгаад хананд наалдан дотор гарч байгаа хоолойг чагнав.
- Долоо, арав, арван хоёрдугаар бүстэй холбоо тасарсан. Гэвч арван нэгдүгээр бүсийн тээвэр хяналтанд байгаа болохоор тэдэнд хоол хүргэж өгөх жаахан ч гэсэн найдвар байна. Плутарх Хевенсби. Би түүнтэй урьд нь нэг удаа ярилцаж байсан болохоор сөөнгө хоолойг нь танилаа.
- Үгүй дээ, уучлаарай. Би дөрөв лүү чамайг явуулж чадахгүй. Гэхдээ боломж гарахаар түүнийг эргүүлэн авчрах онцгой тушаал өгье. Энэ миний хийж чадах ганц сайн зүйл, Финник.
Финник гэнэ үү? Би тархиа хөвчлөн ажиллуулав. Плутарх Хевенсби Одэйртэй юу хийж байгаа юм бол. Үнэхээр залуу Капитолын хувьд бүх гэмт хэргийг нь өршөөхөөр үнэтэй гэж үү? Эсвэл тэр Битигийн юу хийх гэж байгааг мэдээгүй хэрэг үү? Финник цөхрөнгүй сөөнгөтөв. - Тэнэг юм бүү ярь. Энэ чиний хийж чадах хамгийн муу зүйл. Тэгвэл түүнийг ална. Харин түүнийг амьд байгаа тохиолдолд өөш болгон амьд үлдээнэ гэж Хеймитч хэлэв.
Хеймитч! Би хаалга тасхийтэл саваад итгэлгүйхэн орлоо. Хеймитч, Плутарх болон зүдэрсэн цайтай Финник нар хоол өрөөстэй ширээ тойрон сууж байсан ч хэн ч ам хүрсэнгүй. Цонхоор өдрийн гэрэл тусаж алсад мододын орой үзэгдэнэ. Бид нисэж байгаа бололтой.
- Хаалга цохиж болохгүй нь уу, хонгор минь? гэж Хеймитч уурсан хэлээд намайг урагш ганхмагц бугуйнаас барьж авснаа тариурыг хармагц, - Аанхан одоо Капитолын эсрэг тариуртай тэмцэх гэсэн юм биз дээ! Ийм учраас хэн ч чамд төлөвлөгөөний тухай хэлж өгөөгүй юм даа гээд намайг гайхан нүдээ томруулах агшинд, - Үүнийгээ хая! гэлээ.
Түүнийг барилтаа огцом чангаруулахад гар өөрийн эрхгүй тавигдаж тариурыг хаяв. Хеймитч намайг Финникийн дэргэдэх сандал дээр суулгав.
Плутарх урдаа байсан тавагтай шөлийг талхны хамт дөхүүлээд гарт халбага бариулангаа,
- Ид гэж Хеймитчээс илүү элэгсэг хэлэв. Хеймитч миний өмнө талд суулаа.
- Китнисс би чамд юу болсныг ярьж өгье. Зөвхөн намайг ярьж байхад битгий тасалдуулаарай. Ойлгов уу?
Би алмайран толгой дохив. Ингээд тэр ярьж эхэллээ. Номхотголыг зарласан эхний өдөр биднийг бүсээс гаргах нууц хэлэлцээр хийгджээ. Үүнд гурав, дөрөв, зургаа, долоо, найм, арван нэгдүгээр бүсийн оролцогчид оролцсон байна. Хевенсби хэдэн жилийн өмнөөс Капитолыг түлхэн унагаах нууц бүлгийн гишүүн байж. Түүний санаачилгаар төмөр утсыг зэвсэг дунд шургуулж Бити түүгээр хүчний талбайг дэлбэлэн нээх ёстой байв. Бидний бүсэд байхдаа авч байсан талх нууц шифртэй байсан бөгөөд бүсийн тоогоор гурав дахь өдөр зугтах ёстой болсноо мэджээ. Талхны тоо хорин дөрвөн цагийг илэрхийлнэ. Онгоц арван гуравдугаар бүсийнх бөгөөд ойд танилцсан наймдугаар бүсийн Твилл, Бонни хоёр төөрөлгүй очсоны хүчээр ийм боломжтой болж. Одоо бид тойруу замаар арван гуравдугаар бүс рүү явж байна. Панемийн ихэнхи бүсүүдэд бүрэн хэмжээний бослого гарчээ.
Хеймитч намайг сонссон зүйлээ ойлгог гэсэн бололтой яриагаа завсарлав.
Хамгийн аймшигтай нь уран нарийн хийцтэй төлөвлөгөө намайг ахиад л Үхлийн тоглоомын адил шатрын хүү болгожээ. Ямар ч зөвшөөрөлгүй тэр ч байтугай мэдээгүй байхад хэрэгжүүлжээ. Бүсэд байхаас эхлэн надтай тоглоод байгаа нь ойлгомжтой байсан.
Миний таамагласнаар нөхөд маань олон нууц агуулж байж.
- Надад юу ч хэлээгүй биз дээ гэж би Финникийн адил сөөнгөтөн хэлэв. - Чамд ч тэр Питэд ч тэр. Энэ хэтэрхий эрсдэлтэй байсан. Би чамайг тоглоомын үеэр болгоомжгүй дурсах вий гэхээс санаа зовж байлаа… гээд Плутарх халааснаасаа алтан цагаа гаргаж ятга шаазгайны зургийг үзүүлэв.
- Би мэдээж чамд үүнийг бүсийн тухай санаа өгөх гэж үзүүлсэн. Зөвлөгч болно гэж бодоод итгэлийг чинь олох гэсэн юм. Түүнээс чамайг ахин оролцогч болно гэж зүүдэнд ч орсонгүй.
- Яагаад Пит бид хоёрыг төлөвлөгөөндөө оролцуулсныг ойлгохгүй байна гэж би уцаарлав.
- Яагаад гэвэл хүчний талбайн дэлбэрсний дараа та нар эхний бай болж хувирах байсан. Тийм тохиолдолд бага зүйл мэдсэн нь дээр гэж Хеймитч хэлэв. - Эхний бай гэдэг чинь юу гэж байгаа юм? Яагаад?
- Бусад тоглогчид чамайг хамгаалахын төлөө амиа өгөхийг зөвшөөрсөнтэй адил шалтгаанаар гэж Финник хэлэхэд,
- Жонна намайг алахыг оролдсон гэж би эсэргүүцэв. - Үгүй тэр чамайг цохиж унагаад гарыг чинь зүсэж илрүүлэгчийг гарган хаясан юм. Дараа нь Брут, Энобариа хоёрыг цааш хөтлөн холдуулсан гэж Хеймитч тодруулав.
- Юу гэнээ? Би чиний юу яриад байгааг ойлгохгүй байна... гээд толгой хатгуулахад тэднийг тойргоор ярихаа болиосой гэж хүслээ. - Китнисс бид чамайг аврах ёстой байсан. Яагаад гэвэл чи ятга шаазгай. Чамайг амьд байгаа цагт бослого дэгдэх болно гэж Плутарх хэллээ.
Шувуу, зүү, дуу, жимс, цаг, жигнэмэг, дүрэлзсэн дөлтэй даашинз. Би бол ятга шаазгай. Капитолын төлөвлөгөөг үл харгалзан амьд үлдсэн хүн. Бослогын билэг тэмдэг.
Өмнө нь зутгаж буй Бонни, Твилл хоёртой уулзахад ийм сэжиглэл төрж байсан билээ. Гэвч нөлөөнийхөө хэр хэмжээг ойлгоогүй байж. Хеймитч миний зугтах төлөвлөгөө, хувийн бослого, арван гуравдугаар бүс байгаа гэсэн сулхан найдлагыг шоолон инээж байсан. Булзааруулан мэхэлж байжээ. Хэрвээ тэр ёжтой согтуу багны цаана удтал нуугдаж байсан юм бол одоо ч гэсэн худал хэлэх газаргүй биш үү. Юу хэлэхээ мэдлээ. - Пит гэж би зүрх палхийн шивнэлээ. - Бусад тоглогчид Питийн төлөө санаа тавьж байсны учир нь тэр үхвэл чи ямар ч холбооноос татгалзах байсан. Харин чамайг яагаад ч хамгаалалтгүй орхиж болохгүй гэж Хеймитч хайхрамжгүй хэлсэн ч царай нь зэвхийрэв.
- Тэр хаана байна? - Питийг Капитолд Жонна, Энобариа нарын хамт аваачсан гээд харцаа буруулав.
Онолын хувьд бол би зэвсэггүй байв. Гэвч бай нь бэлтгэлгүй байгаа үед хүний хумсны учруулах хор хохиролыг үнэлэх аргагүй. Би ширээн дээгүүр Хеймитч руу ухасхийн нүүрийг нь самардахдаа өрөөсөн нүднээс нь цус гоожуулав. Бид хоёул шүлс үсчүүлэн бие биеэ харааж буруутган хашгирахад Финник арай ядан салгав. Зөвлөгч намайг хэдэн хэсэг болгон хаяхад бэлэн байсан ч би чинь ямартай ч ятга шаазгай шүү дээ. Амьд байлгахад хэцүү ятга шаазгай.
Хэн нэгэн Финникт хамжилцахаар ирээд би ахиад л ширээн дээр хэвтэж байв. Бугуй чанга хүлж бие хөдөлгөөнгүй болоход уурандаа дагзаараа ширээ нүдэв. Гардах дахь зүү хатгуулан толгой хүчтэй өвдөж байсан ч би үхэж буй
амьтан шиг гингэнэж байгаагаатайгаа тэмцэхийг хичээлээ. Эм тайвшируулсан ч нойрсуулсангүй учир байж ядсан уйтгар гунигт шаналсаар байлаа. Тэд гуурс ахин шургуулж нам дуугаар тайвшируулахыг хичээхэд үл тоомсорлов. Би зөвхөн хаа нэгтээ үүнтэй төстэй ширээн дээр хэвтээд мэдэхгүй зүйлийнхээ төлөө тамлуулж байгаа Питийн тухай бодож байлаа.
- Китнисс… Китнисс намайг уучлаарай гэх Финникийн хоолой хажуугийн орноос сонсогдов. Магадгүй тэр ч гэсэн миний адил шаналж байсан биз. - Би Жонна тэр хоёр луу буцаж очих гэсэн ч хөдөлж чадаагүй.
Би хариулсангүй. Одэйрийн сайхан санааг сонирхохтой манатай байв.
- Тэр хоёроос Жоннад илүү муу зүйл тохиолдоно. Питийн юу ч мэдэхгүй болохыг тэд дор нь илрүүлнэ. Тэгээд чиний эсрэг ашиглахаар алахгүй байх. - Өгөөш шиг үү? гэж би адар ширтэн хэлээд,
- Яг л Энниг чиний эсрэг ашигласан өгөөш болгон ашигласан шиг үү, Финник? гэлээ.
Цурхиран уйлах чимээ гарахад би тоосонгүй. Охин тэнэг болохоор ядаж байцаахгүй биз дээ. Тэр олон жилийн өмнөх тоглоомын үедээ байдаг. Надад ч гэсэн ийм болоход ойрхон байна. Магадгүй хэдийн галзуураад хэн ч хэлж зүрхлэхгүй байгаа юм билүү. Би хангалттай галзуу гэдгээ мэднэ.
- Би түүнийг үхээсэй гэж хүссэн. Бид бүгдээрээ үхээсэй гэж хүссэн. Энэ нь дээр.
Тийм ч сайнгүй хариулт байна. Гэвч онгоц ирэхэд тариураар Питийг дуусгахаар гүйж байсан болохоор надад маргах зүйл байсангүй. Би үнэнээсээ түүний үхлийг хүслээ гэж үү? Үгүй юунаас ч илүү… түүнийг буцааж авчрахыг хүссэн. Гэхдээ энэ боломжгүй. Босогчид Капитолыг түлхэн унагалаа ч гэсэн ерөнхийлөгч Сноу түүний хоолойг огтлохоор санаа тавих нь лавтай. Үгүй. Би түүнийг хэзээ ч буцааж чадахгүй. Магадгүй үхсэн нь дээр биз.
Гэхдээ тэр үргэлжлүүлэн тэмцэх ёстойгоо ойлгох болов уу? Хүчтэйнхээ зэрэгцээ худал ярих авъяастай. Түүнд амьд үлдэх боломж гарсан гэж тааварлаж болов уу? Хэрвээ тааварлах бол ашиглах болов уу? Үгүй дээ ямар ч тохиолдолд тэгэхгүй. Тэр амьдралтайгаа хэдийн салах ёс гүйцэтгэсэн. Магадгүй намайг аврагдан амьд үлдээх даалгавараа биелүүлсэндээ баяртай байгаа биз.
Түүнийг үзэн ядаж байна. Хеймитчээс илүү үзэн ядаж байна.
Хэсэг хугацааны дараа би бууж өгсөн ч ярихаа больж, асуултанд хариулалгүй ус хоолноос татгалзав. Гэвч тэд судсанд дусал шахах замаар амьдралаа орхих оролдлогыг маань тогтоолоо. Ингэхэд намайг үхвэл Питийг тайван орхих эсэх нь сонирхолтой. Чөлөөт хүн биш хэлгүй зарц болгоод арван хоёрдугаар бүсийн ирээдүйн оролцогчыг хүлээдэг болгох байх. Тэр үед зугтах арга олдож болох юм. Миний үхэл түүний хувьд аврал болно.
Ер нь бол чухал биш дээ. Хордож үхэхэд хангалттай. Юуны түрүүнд бүх ертөнцийг ялзаруулж Пит бид хоёрыг тоглоомын хэсгээ болгосон Хеймитчийг хорлоно. Би түүнд итгэж үнэт зүйлээ гарт нь атгуулсан. Тэгэхэд урваж байдаг. <<Ийм л учраас хэн ч чамд төлөвлөгөө хэлээгүй юм>> гэж тэр хэлсэн.
Яг үнэн. Хэний ухаанд нөхөр дайсанаа ялгах чадваргүй охинд үнэнийг хэлэх бодол орж ирэх билээ дээ.
Хүмүүс надтай төгсгөлгүй ярилцахаар ирэх бөгөөд хоолой нь ширэнгийн шавьж адил дүнгэнэнэ. Утга учиргүй алсад дүнгэнэх чимээ. Ойртох юм бол аюултай. Үг ялгагдаж эхлэхэд би ёолж тэд ахин тайвшируулах эм хийгээд бүх зүйл хамаагүй болно.
Нэг удаа нүдээ нээвэл урдаа тоомсорлохгүй байхын аргагүй хүн байв. Намайг өөрчилөхийн төлөө гуйж царайчилахгүй хүн. Учир нь тэр ганцаараа миний ямар болохыг мэднэ. - Гейл гэж би шивнэлээ.
- Сайн уу, Китнип гээд тэр урагш бөхийн нүд руу унасан үсийг илбэн холдуулав.
Түүний царайны хагас саяхан түлэгдэж нэг гараа сойсон бөгөөд уурхайчны цамцан дотроос боолт цухуйна. Юу болсон юм бол? Гейл хаанаас энд ирэв? Гэрт ямар нэг аймшигтай зүйл болж дээ.
Би Питийн тухай мартахын тулд ойр дотныхоо хүмүүсийн тухай бодоод,
- Прим? гэж дуу алдав. - Амьд байгаа. Ээж чинь ч гэсэн адил. Би тэднийг цагийг нь олж гаргасан.
- Тэгвэл тэд арван хоёрдугаар бүсэд байхгүй юм уу?
- Үхлийн тоглоомын дараа онгоц ирж шатдаг бөмбөг хаясан. Чи зээл дээр юу болсныг санаж байгаа биз дээ. Санаж байна. Би нүүрсний тоосоор дүүрэн хуучин агуулах дүрэлзэн шатахыг харсан. Бүхий л бүс түүн шиг нүүрсний тоосоор хучаастай байгаа. Атирааны дээгүүр шатдаг бөмбөг хаяж байгааг төсөөлтөл өөрийн эрхгүй айдас төрөв.
- Тэд арван хоёрдугаар бүсэд байхгүй юм уу? гэж би давтав.
- Китнип гэж Гейл зөөлхөн хэллээ. Би энэ хоолойг мэднэ. Энэ нь түүний шархтай амьтанд үхлийн цохилт өгөхөөр ойртохын өмнө хэлдэг дуу байлаа. Өөрийн мэдэлгүй үг хэлэхийг нь болиулахаар гараа өргөсөн ч Гейл чанга атгалаа.
- Хэрэггүй гэж би шивнэв. Тэгтэл Гейл надаас нууц хадгалж байсангүй.
- Китнип арван хоёрдугаар бүс гэж байхгүй болсон гэв.
ТӨГСӨВ.