Монгол хэл 3-1. Миний эх орон Монголын сайхан орон /хүүхэд/

Page 1


Дэлхийн Банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сангаас Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн хүрээнд хэвлүүлэв.

Уг бүтээлийн агуулга, үзэл санааг зохиогчид хариуцах бөгөөд ямар ч нөхцөлд Дэлхийн Банк болон Хүүхдийг Ивээх Сангийн байр суурийг илэрхийлэхгүй болно.


Б.Лхамноржмоо

МИНИЙ ЭХ ОРОН МОНГОЛЫН САЙХАН ОРОН МОНГОЛ ХЭЛ 3-1 Бага боловсрол нөхөн эзэмшиж буй хүүхдүүдэд зориулав.

Хянан тохиолдуулсан: Д.Гүндэгмаа

Улаанбаатар 2014

1


ТАНИХ ТЭМДЭГ АЖИГЛААРАЙ ОЛООРОЙ

ТУЛГУУР ДОХИО ЭХ

ӨГҮҮЛБЭР

БИЧЭЭРЭЙ ҮГ СОНСООРОЙ УНШААРАЙ БҮТЭЭГЭЭРЭЙ ЯРИЛЦААРАЙ

ҮГИЙН ЗААГ

ЭГШИГ

ГИЙГҮҮЛЭГЧ

БУДААРАЙ, ЗУРААРАЙ ТЭМДЭГ ҮСЭГ ХЭМНЭЛЭЭР УНШААРАЙ ТӨСӨӨЛӨН БОДООРОЙ

2

УРТ, ХОС ЭГШИГ


ГАРЧИГ 1. МИНИЙ ЭХ ОРОН МОНГОЛЫН САЙХАН ОРОН .......................................... 4 2. МОНГОЛ БАХАРХАЛ ................................. 8 3. МОНГОЛЫН УЛИРАЛ .............................. 16 4. ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС ............................. 21

3


1. МИНИЙ ЭХ ОРОН МОНГОЛЫН САЙХАН ОРОН Эх орон 1.Эх орон гэхээр юу бодогдож байна вэ? Бодсоноо яриарай.

Манай сум юм болов уу?

Монгол улс юм болов уу?

Гадаадад байгаа хүн эх орноо саналаа гэдэг. Тэгэхээр ээж нь юм болов уу?

Миний эх орон аль нь юм бол оо? Амьдарч байгаа улс маань юм болов уу?

2.Эх орныхоо тухай юу мэдэхээ бичээрэй.

Миний эх орон Миний эх орон Монгол улс. Бас манай Түмэнцогт сум ч мөн. Манай эх орон уултай, устай, ан амьтантай.......

3. Сайн ойлгож уншаад, асуултын дагуу яриарай. Эх орон Чи хаана төрсөн бэ? Чи хаана, ямар сургуульд сурч байна вэ? гэж асуувал сурагч бүр өөрийн төрсөн газар, сурч байгаа сургуулиа нэрлэнэ. Тэр газар нутаг чинь манай уудам эх орны аль нэг хэсэгт оршино. Үүнийгээ хүн бүр “Унасан газар, угаасан ус минь” гэж эрхэмлэн хүндэлдэг учиртай. Миний, чиний унасан газар угаасан уснаас бидний төрсөн нутаг, Монголын сайхан орон бүрдэнэ. Иймээс төрж өсөөд, амьдарч байгаа газар нутгаа “эх

4


орон” гэж нэрлэдэг. Эх орон бол бүх хүний ээж нь юм. Тийм ч учраас эх орон маань өөрийнхөө хүү, охин болж төрсөн ард түмнээрээ бахархана. Бас ард түмнийхээ сайн сайхны төлөө бүхнээ зориулдаг юм. Эх болсон эх орондоо үр нь болж заяасан ард түмэн өөрсдийн авьяас билиг, хүч хөдөлмөрөө зориулна. Ийм учраас эх орон маань өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж байдаг билээ. Ч. Лувсандэндэв • • •

Чи хаана төрсөн бэ? Монголчууд “Унасан газар, угаасан ус”-аа яагаад хүндэлдэг вэ? (Учрыг аав, ээжээсээ асуугаарай.) Эх орон гэж юу вэ?

4. Дараах үгийг нүдлээд, чээжээр бичээрэй. 5. Дараах өгүүлбэрийг зөв сайхан хуулж бичээрэй.

Нүдлэх үг: төрсөн нутаг унасан газар угаасан ус эх орон

эх хүн

эх орон Миний, чиний унасан газар, угаасан уснаас бидний төрсөн нутаг Монголын сайхан орон бүрдэнэ.

6. “Эх” гэдэг үгийн олон утгыг мэдэж аваарай.

ЭХ

эх хэл

голын эх

Унасан газар, угаасан ус 1. Зургийг ажиглан үгийн утга, ялгааг мэдэж аваарай. Эх орон Монгол улс

Чулуут гол

Архангай Чулуут сум Төрсөн нутаг

5


2. Өөрийнхөө унасан газар угаасан ус, төрсөн нутаг, эх орныхоо нэрийг бичээрэй. Унасан газар угаасан ус: ....................................................... Төрсөн нутаг: ........................................................................... Эх орон: ................................................................................... 3.Одоо оршин суугаа нутаг орныхоо нэрийг бичээрэй.

Миний төрсөн нутаг 1. Ангийнхан маань унасан газар, угаасан ус, төрсөн нутгийнхаа тухай яаж бичсэнийг уншаарай. Улаанаар тэмдэглэсэн үсгийг яагаад том үсгээр бичсэнийг мэдэж аваарай.

Би Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод төрсөн. Унасан газар угаасан ус Баянзүрх дүүрэг, Туул гол билээ.

Харин би Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн.

Би Өвөрхангай аймгийн төвд төрсөн.

Аймаг, сум, уул нуруу, гол усны нэрийн эхний үсгийг том үсгээр эхэлж бичнэ.

6


2. Төрсөн нутгийнхаа тухай бичээрэй. Миний төрсөн нутаг Би Архангай аймгийн Чулуут суманд төрсөн. Чулуут гол хавцал дундуур урсдаг. Миний төрсөн нутаг уул, нуруу, ургамал, ан амьтнаар баян билээ. Чулуут сум цагаан идээгээрээ улсад алдартай. Сарлагийнхаа сүүгээр ааруул, өрөм, зөөхий, ээзгий, бяслаг, аарц, шар тос хийх нарийн арга ухааныг гарамгай эзэмшсэн. Нутгийн минь тухай магтан дуулсан “Аавын нутаг” гэсэн сайхан дуу бий.

Чулуутын хавцал

Халуун элгэн нутаг 1. “Халуун элгэн нутаг” дууны шүлгийн утга санааг ойлгож уншаарай. Үг Ж.Бадраа Ая Ц.Намсрайжав Халуун элгэн нутаг Элэг зүрхнээс уяатай Энхрий Монгол нутаг минь Эцэг эхээс заяатай Эрдэнийн алтан өлгий минь Цэцгийн шимийг тэтгэсэн Цэнгэлийн хавар айлчлахад Мөрөн гол нь дуугаа дуулж Мөнх сарьдаг нь мишээнэ Сэрүүн салхи сэвсүүлсэн Хацар нүүрийг үнсэн байж Сэтгэл дотрыг ариулсан Халуун элгэн нутаг минь

Энэ дуу эх орны тухай дуунаас 20 дугаар зууны “Манлай дуу” –гаар шалгарчээ.

Нүдлэх үг: уяатай, сарьдаг мишээнэ, ариулсан, сэвсүүлсэн (салхи сэвэлзэх) 2.Асуултын дагуу хариулж бичээрэй. • • •

Энэ дууг сонсож байсан уу? Юуны тухай дуу байна вэ? Бадаг бүрт юуны тухай өгүүлсэн байна вэ? 3.Шүлгийн эхний бадгийг үеэр тасалж, хуулж бичээрэй. 4.Шүлгийн гуравдугаар бадгийг чээжлээд, дэвтэртээ чээжээр бичээрэй.

7


2. МОНГОЛ БАХАРХАЛ Монгол улсын төрийн далбаа 1. Далбаа нь Монгол улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг билээ. Ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ. Монгол улсын далбаа улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрладаг. 2. Асуултад хариулаарай. - Төрийн далбааны хөх өнгө юуны бэлгэдэл вэ? - Улаан өнгө нь юуны бэлгэдэл вэ? - Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт юу байрладаг вэ? 3. Цэгийн оронд зохих үгийг нөхөж бичээрэй. Төрийн далбаа ард түмний .................................................. хийморийг илэрхийлнэ. 4. Ярилцаарай. Тамирчин олимп, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медаль гардан авч байхад ямар ёслол болдог вэ? ( эх орных нь төрийн далбааг мандуулж, сүлд дууг эгшиглүүлдэг) Чи дараах зурагт байгаа тамирчдыг мэдэх үү? Зурагтаар гарч байхыг нь харсан уу?

8

Олимпын алт, мөнгөн

Олимпын алтан медальт,

медальт, Монгол улсын

Монгол улсын хөдөлмөрийн

хөдөлмөрийн баатар, гавьяат

баатар, гавьяат тамирчин

тамирчин Н.Түвшинбаяр

Э.Бадар-Ууган


- Монгол тамирчин дэлхийн дэвжээн дээр төрийн далбаагаа мандуулж, сүлд дуугаа эгшиглүүлж байгааг чи харсан уу? - Хэрвээ харсан бол чамд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Морин хуурын домог 1. Морин хуурын талаар юу мэддэгээ яриад, дараах эхийг уншаарай. Эрт урьдын цагт Хөхүүдэй нэрт сайхан хүү амьдран суудаг байжээ. Нэгэн өдөр Хөхүүдэй хүү увдис эрдэм, ид шидийг сурахаар жилийн газрыг сараар товчилдог, сарын газрыг өдрөөр товчилдог хүлэг морь хайж явсаар ихэд ядрав гэнэ. Амарч суутал ер бусын сайхан аялгуу сонстов гэнэ. Аялгуу гарсан зүг рүү очтол адууны хоёр хомоолын хооронд тэгнэсэн сүүлний хялгас салхинд чичирхийлэн дуугарч байжээ. Хөхүүдэй хүү гэртээ харин модон шанагаа авч, толгойд нь арьс тэлж, цар хийгээд шанаганыхаа ишний дээд үзүүрт морины толгой сийлэв. Адууны сүүлнээс хоёр тугийг авч хос чавхдас хийлээ. Бас нэг тугийг авч бургасанд татаж хэл хийв. Ийнхүү хуур бэлэн болжээ. Хөхүүдэй хуураа үүрэн уулын оройд гартал хуурынх нь чавхдас салхинд сэвэлзэн уянгалаг сайхан аялгуу үүсэв гэнэ. Хөхүүдэй хүү салхины аясыг дуурайлган хуураараа хуурдаж сурч гэнэ. Нэгэн өдөр ийнхүү хуурдаж суутал тэгш сайхан зоотой өндөр хөх борлог морь дөмөн дөмөн айсуй гэнэ. Гурван өдөр, гурван шөнө хуурдтал борлог морины суганаас жигүүр урган, адуун сүргийнхээ дээгүүр гурвантаа эргээд буув гэнэ. Хөхүүдэй хүү ийнхүү хуурдсаар гурван сар болж, борлог морийг барьж унаж чадаагүй учир цөхрөнгөө барж гэр рүүгээ буцтал ард нь морь янцгаах сонстов. Эргэн хартал борлог морь жигүүрээ дэвсээр ойртон ирж ийнхүү жигүүрт морьтой болж гэнэ. Хүмүүс түүнээс ид шидийн эрэлдээ яагаад явахгүй байгааг асуухад: “Увдис шидтэй, уяхан аялгуут морин хуурыг байхад түүнээс илүү ид шид байна гэж үү? Би морин хуурынхаа эгшгээр хөх борлог морио өөртөө дасгаж, бас хүлэг мориндоо дүүлэн нисэх жигүүр ургуулсан билээ” гэж хариулдаг болжээ.Тэр цагаас хойш монгол айл бүхэн хоймортоо морин хуураа залах болжээ. Г.Мэнд-Ооёо 2. Асуултын дагуу яриарай. Хөхүүдэй хүү: Дундговь аймаг - Эхлээд яасанбэ? Морин хуурын - Хөхүүдэй хүү ид шидийн эрэлд гарсан. хөшөө - Дараа нь яасан бэ? - ... - Эцэст нь юу болсон бэ? - ...

9


3. Асуултад хариулж бичээрэй. -

Хөхүүдэй хүү юуны эрэлд гарсан бэ? Хөхүүдэй хүү юунаас санаа авч морин хуур хийсэн бэ? Хөх борлог моринд яагаад жигүүр ургасан бэ? Хүмүүс Хөхүүдэй хүүгээс юу гэж асуудаг байсан бэ? Хөхүүдэй яагаад ид шидийн эрэлд явахаа больсон бэ?

4. Үгсийг зөв дараалалд оруулан өгүүлбэр зохиогоорой. явсаар ихэд ядрав гэнэ. увдис эрдэм, ид шидийг сурахаар, Хөхүүдэй хүү 5. Шүлгийг чээжилж, уран тод уншаарай. Морин хуур Унаган хүлгээ дурсан 2003 оны 11 сард морин хуурыг ЮНЕСКО-д Уран хуураа татаж дэлхийн шилдэг хөгжмийн зэмсгээр Утгын яруу дуундаа бүртгэжээ. Уярч хатуужиж суухдаа ЮНЕСКО- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хорвоогийн хамаг явдлыг Хоёрхон чавхдасанд багтаадаг Боловсрол,соёл, шинжлэх ухааны Хосгүй нэгэн үндэстэн байгууллага Азийн чээжинд нутагтай. М.Цэдэндорж

Дэлхийд ганцхан Монгол наадам 1. Монгол наадмын талаар мэдэх зүйлээ яриарай. 2. Эхийг уншиж шинээр юу мэдэж авсан тухайгаа бичээрэй. Бөх барилдах, морь уралдах, сур харвах тэмцээнийг эрийн гурван наадам гэдэг. Хүчит бөхчүүдийн барилдаан нь биеийн хүч чадал, авхаалж самбаа сорьдог. Бөх барилдах нь тусгай дэг жаягтай. Бөхчүүд цолны эрэмбээр ам авч барилддаг. Мөн тусгай өмсгөл болох зодог, шуудаг өмсдөг. Монгол наадмын нэг төрөл нь хурдан Мэдээлэл: морины уралдаан. Хүлэг морьдын дотроос хамгийн хурдныг 2010 оны 11 сард Монгол үндэсний шинжин сонгож, уяж сойн уралдуулдаг. баяр - Наадам ЮНЕСКО-д Морийг нас, насаар нь ангилан уралдуулна. бүртгэгджээ. Сур харваа нь Монгол наадмын бас нэг төрөл бөгөөд тусгай ёс дэгтэй байжээ.

10


Харвасан сумыг хулгана жилтэй хүнээр цуглуулдаг, харвааны анхны сумыг бар жилтэй хүн тавьдаг, луу жилтэй хүнээр уухай эхлүүлдэг, бичин жилтэй хүнээр оноо тэмдэглүүлдэг нарийн ёс горимтой байсан гэнэ. 3. Ойлгосон зүйлээ асуултын дагуу яриарай. - Юу, юуг эрийн гурван наадам гэдэг вэ? - Бөхчүүд ямар ёс дэгтэй байдаг вэ? - Бөхийн өмсгөлийн талаар мэдэх зүйлээ яриарай. - Сур харвааны талаар шинээр мэдсэн зүйлээ яриарай. 4. а) Бөхийн цол мэдэх үү? Аав, ээжтэйгээ хамтарч бичээрэй. начин, харцага, заан, ... б) Бөхчүүд хэрхэн барилддаг вэ? Асуултад хариулж бичээрэй Бөхчүүд ...барилддаг. в) Өгүүлбэрийг гүйцээж бичээрэй. Би улсын цолтой ................................. бөхийг танина. Тэр бөх.............цолтой. Миний таньдаг бөх.................мэх хийж барилддаг. г) Сур харвахад ямар ёс гүйцэтгэдэг вэ? Хулгана жилтэй хүнээр юу хийлгэдэг вэ? Бар жилтэй хүн юу хийдэг вэ? Бичин жилтэй хүнээр юу тэмдэглүүлдэг вэ? Луу жилтэй хүн юу эхлүүлдэг вэ?

11


д) Ямар, ямар насны морь уралддаг вэ? азарга... е) Хурдан морь уралдаж ирэхийг харах үед ямар мэдрэмж төрдөг вэ? Тэр үед төрсөн мэдрэмжийнхээ талаар бичээрэй. 5. Өгөгдсөн үгийг ашиглан “Наадам” эх зохиогоорой. наадамчид, морь, бөх, сур харваа, барианы газар, хурдан морины хүүхэд, Монгол наадам Зуны сайхан өглөө наадамчин олон цуглав. Аав уясан морьдоо уралдуулахаар зэхэв. .................................................................................................................................... ...................................................................................................................................

Наадмын нэг өдөр 1. Загварыг уншаад “Наадмын нэг өдөр”-ийг хэрхэн өнгөрүүлсэн тухайгаа бичээрэй. Өнөөдөр ч сайхан өдөр байна даа. Бороо битгий ороосой. Дүү маань хурдан морь унаж байгаа. Хүүхдүүд гийнгоолоод л сайхан байна. Хишиг өдөр таараагүй бол ч хонины хээрээ унаад наадамд явахсан. Маргааш хурдан болоосой. Маргааш хурдан халиун даага минь уралдана. Би өөрөө хүүхдүүдтэй барилдана. Амбаагийн данхарыг дийлчихвэл ч би түрүүлнэ дээ. Би өнөөдөр хичээх ёстой доо. Аавынхаа захиасыг биелүүлчихвэл ч. Хурдан хээрээ түрүүлүүлээд асрын өмнө цоллуулахсан... Хурдан морины хүүхдэд захих сургаал • Морин дээрээ гуйвж болохгүй. • Хөлөөрөө давирч болохгүй. • Бага зэрэг бөхийж явбал сайн. • Жолоогоо сул тавибал амархан цуцна. • Барианы газар хоёр морь зэрэгцэж ирвэл зөв талын морийг түрүүлсэнд тооцдог.

12


2. Солонгост байгаа Туяа охины наадмын нэг өдөр ямар байгаа бол төсөөлөн ярилцаарай. Ашиглах үг: интернетээр наадмаа үзэх, нутагтаа байгаа ах дүүстээ баярын мэнд хүргэх, монгол хоол хийж идэх, монголчуудтайгаа нийлж бэсрэг наадам зохион байгуулах, хүүхдүүдийг барилдуулах, уралдуулах, тэмцээн зохион байгуулах, түрүүлсэн хүүхдийг шагнах

Энэ жилийн харцага 1. Бөхийн барилдааны ямар, ямар мэх мэдэх вэ? Улсын баяр наадам болж байв. Энх өвөөтэйгээ зурагтаар бөх барилдахыг харж, шагайгаар наадаж байлаа. Бөхийн барилдаан үзэж суусан өвөө нь, - Үгүй ээ! Тэр гэм. Сугадаад мурилаа. Суйлаад орооч! Гүйцээсэнгүй ээ, хэ бас тоогүй яа гээд сууж байсан сандлынхаа бүрээсийг алгадахад нь Энх нулимсаа гартал инээв. Тэгснээ, - Зөв, зөв өө, ээ сайхан. Үгүй ээ! Юугаа хүлээсэн юм. Сэжээд орооч! Дэгээдээд түрлээ. Хө өө! Наадах чинь тээр, би хэлээгүй юу? гээд босон харайснаа ачаа харав бололтой, - Ээ насаа нэм гэж, хүүгээ мартчихаж. Аль вэ, бөхөө барилдуулъя! гэлээ. Өвөөтэйгээ тоглох гэж хүлээж байсан Энх, - Гоё доо, гоё доо гэсээр хоёр шагай барьж ирэв. Энх өвөөтэйгөө шагайгаараа бөх барилдуулж тоглодог ажээ. Өвөө нь шагай орхих болгондоо морь буулгана. Харин Энхэд болохоор тэмээ, ямаанаас өөр юм буухгүй. Морь буулгасан нь давж цолтой бөх болдог байв. Энэ удаа өвөө нь тав давж шонхор болоод байлаа. Тэр өвөө шигээ сайн бөх болох л чухал гэж бодов. Түүнийг сайн бөх болохыг хэн байг гэх вэ? тэгээд ихэд хичээн байж, нүдээ дүрлийлгэн шагайгаа орхивол морь буулаа. Энх догдлон, - Буурай, миний шагай давлаа гэхэд өвөө нь, - Тийм байна, хүүгийн шагай давлаа гэснээ толгойг нь илж “Энэ жилийн харцага” боллоо гэв. Г. Ганболд 2. Эхээ давтан уншиж асуултын хариуг сонгоорой. • Энх өвөөтэйгээ юу хийж байсан бэ? • Энх яагаад нулимсаа гартал инээсэн бэ? • Өвөө бөхийн барилдааныг хэрхэн үзсэн бэ? • Өвөө, ач хүү хоёр хэрхэн барилдсан бэ? • Өвөө, хүү хоёрын барилдааны дүрэм юу вэ? • Ач хүү ямар цол авсан бэ?

13


3. Бөхийн мэхээс мэддэгээ бичээд, өгүүлбэр зохиож бичээрэй. суйлах, тонгорох, ... Баяраа намайг барьж аваад тонгоров.

Түмний эх дуу үүссэн домог 1. Уртын дууны талаар юу мэдэх вэ? 2. Эхийг унших явцдаа дараах асуултын хариуг олоорой. Хар азарга яагаад үхсэн бэ?

Өвгөн ямар дуу зохиож дуулсан бэ?

Ямар ёс заншил тогтсон бэ?

Эрт урьд цагт нэг хар азаргатай ядуу өвгөн амьдарч байжээ. Өвгөн “Долоон хошуу даншигт” хар азаргаа уралдуулах гэтэл азарга уралдуулахгүй гээд хасчихжээ. Өвгөн хар азаргаа засаж, их насны моринд уралдуулсанд азарга нь түрүүлж ирээд цоллуулахаасаа өмнө үхэв. Өвгөн сөхрөн суугаад үхсэн азарганыхаа толгойг өвөр дээрээ тавин: “Түмний эх” гэдэг дууг зохион дуулж, гунихран суужээ. Энэ үед хааны түшмэл ирж,түүнийг асрын өмнө аваачин дуулуулахад өвгөн зохиосон дуугаа нулимс унаган байж дуулжээ. Өвгөний дуулахыг сонссон түмэн олны сэтгэл хөдөлж, уйлан хайлж байсан гэдэг. Үүнээс хойш их наадамд азарга уралдуулах болж, найр бүрийн эхэнд “Түмний эх” дууг дуулдаг ёс заншил тогтжээ. 3.“Түмний эх” уртын дууг сонсоод ямар мэдрэмж төрсөн талаар яриарай. 4. Уртын дууны талаар мэдсэн зүйлээ, мөн өөрт төрсөн сэтгэгдлийн талаар өгүүлбэр зохиож бичээрэй. дуу

14

уртын дуу

Уртын дуу сонсох сайхан байдаг.


азарга

хурдан хар азарга

.................................................................................

Хөөмэй үүссэн домог 1.Байгалийн ямар, ямар дуу авиа сонсож байсан бэ? 2.Хөөмэйдэх аялгуу сонссон уу? Эрт цагт нэгэн өнчин хүү олон өнгөөр цуурайтах өндөр уулын хавцлын бэлд гурван жил амьдарчээ. Хүчтэй салхи салхилахад хавцлын дунд цуурай үүсдэг байв. Хүү ганцаараа амьдрахдаа зөвхөн байгаль дэлхийд өөрийгөө илэрхийлдэг байсан бөгөөд байгаль дэлхий ч хүүд тусалжээ. Нэгэн өдөр хүү хавцлаас гарах дуу авиаг дууриан дуугарчээ. Түүний дууриан дуугарсныг салхи хүмүүст хүргэснээс хойш энэ дууг “хөөмэй” гэж нэрлэсэн аж. 3. Асуултын дагуу ярилцаарай. - Хүү хаана амьдарч байсан бэ? - Хавцлын дуу юунаас үүсэж байсан бэ? - Хүү ямар дуу авиаг дуурайж дуугарсан бэ? - Хөөмэй хэрхэн үүссэн бэ?

Сэргээн санаарай хүүрнэх өгүүлбэр (.) асуух өгүүлбэр (?)

4. Асуух, хүүрнэх өгүүлбэрийг загварын дагуу бичээрэй. Байгалийн дуу авианаас ямар дуу авиаг сайн мэдэх вэ? Хөөмэй хэрхэн үүссэн бэ? ..............................?

Цуурайг сайн мэднэ.

.....................

.....................

15


5. Өгсөн үгийг алхам алхмаар баяжуулсаар өгүүлбэр зохиогоорой. Жишээ нь: Өгүүлбэр зохиох үг: цуурай, хөөмэй

дуу авиа

байгалийн дуу авиа Байгалийн дуу авиа сонсов.

3. МОНГОЛЫН УЛИРАЛ 1. Оньсогыг таагаад юуны тухай уншихаа таамаглаарай. Давхар гурван даваа Баян гурван төхөм

Дахиад гурван хөндий Хүйтэн гурван хангай

2. Улирал тус бүрийн онцлогийг яриарай.

16

Тэр юу вэ?


3. Өөрийнхөө хамгийн дуртай улирлын тухай бичээрэй. Би зуны улиралд дуртай. Яагаад гэвэл зун цаг агаар дулаарч өвс ногоо урган дэлгэрдэг. Мөн зуны улиралд монголчуудын хамгийн дуртай баяр Наадам болдог. Зуны улиралд хүүхэд бүр хөгжилтэй байдаг.

4.Улирал тус бүрийн тухай давтан уншиж ойлгоорой.

зун хавар

өвөл намар

Дөрвөн хүсэл

Митя ууланд чаргаар, гол дээр тэшүүрээр гулгаж улаан хацарлачихаад, гэртээ ирж аавдаа, - Өвөл яасан сайхан юм бэ? Би үргэлж л өвөл байгаасай гэж бодох юм гэв. Аав нь: “Чи тэгвэл өөрийнхөө хүслээ миний өврийн дэвтэрт бич” гэхэд Митя бичжээ. Хавар болов. Митя ногоон нугаар эрээн эрвээхий хөөж, цэцэг түүж дураараа явж ирээд аавдаа, - Энэ хавар яасан сайхан юм бэ? Үргэлж л хавар байдаг болоосой гэж би хүсэх юм гэж хэлэв. Аав нь тэмдэглэлийн дэвтрээ гаргаад, Митягаар өөрийн нь хүслийг бичүүлэв. Зун болов. Митя аавтайгаа хадланд гарчээ. Хүү бүхэл өдөр загас барьж, жимс түүж, орой нь аавдаа, - Өнөөдөр ч харин дураараа зугааллаа. Болдогсон бол зун битгий л дуусаасай билээ гэж хэлэв. Митягийн энэ хүсэл ч мөн тэмдэглэлийн

17


дэвтэрт бичигджээ. Намар болов. Цэцэрлэгт улаан алим, шар лийр, жимс түүлцэв. Митя баяр хөөр болж аавдаа, - Намар бүх улирлын хамгийн сайхан нь юм аа гэжээ. Аав нь түүнд өөрийнхөө тэмдэглэлийн дэвтрийг гаргаж өвөл, хавар, зун, намрын тухай мөн л ингэж ярьж байсныг нь үзүүлжээ. 5. Асуултын дагуу хариулж бичээрэй. - Митяд өвлийн улирал яагаад сайхан санагдсан бэ? - Хавар болоход юу болсон бэ? 6. Митягийн дөрвөн хүслийн талаар яриарай. 7. Дуртай улирлаа зураад, тайлбарлан яриарай. Жишээ нь: Би зуны улирал зурсан. Гэтэл зуны өнгө хэтэрхий олон юм байж. Миний будгийн өнгө хүрэлцэхгүй байлаа...

Навч яагаад унадаг вэ?

1. “Навч яагаад унадаг” талаар юу мэдэхээ ярилцаарай. 2. Чиний бодлоор навч яагаад унадаг юм бол?

Намар болоход ургамлын навч аажим шарлаж харагдана. Зарим ургамлын навч унадаг. Яагаад? Намар нарны илч буурч, хүйтэн сэрүүн болоход навчийг ногоон өнгөтэй болгодог зүйл нь задардаг. Навчны эсийн дотор улаан шар өнгөтэй будагч бодис үлдсэнээс навч улайх, шарлах зэргээр хувирна. Хүйтрэхэд ургамал хөрснөөс ус авах нь багасна. Түүнчлэн навч хөгширдөг. Энэ үед навчны эсэд ургамлын амьдралд хэрэггүй эрдэс давс их хэмжээгээр хуримтлагдсанаас навч унадаг. Ямагт навчтайгаа байдаг ургамлыг мөнх ногоон ургамал гэдэг. Тэдгээр ургамлын навчны зарим нь унаж байхад шинэ навч ургаж байдгаас мөнх ногоон харагддаг байна. Д.Базаррагчаа 3. Асуултын дагуу хариултыг олж тэмдэглээрэй. -

Намар болохоор ургамлын навч яагаад хувирдаг вэ? Навч яагаад хөгширдөг вэ? Ургамлын навч яагаад унадаг вэ? Ямар ургамлын навч байнга ногоон харагддаг вэ?

4. Навчаар бүтээл хийх аргаас суралцаарай. Навчаар наамал хийхдээ - Навчаа сонгож цуглуулна.

18


- Навчаа зузаан номны завсар хийж хатаана. - Юу хийхээ төлөвлөнө. - Навчаа наана. 5. Навчаар юу хийж бүтээж болох вэ?

6. Навчаар бүтээл хийх аргыг хэн нэгэнд тайлбарлан яриарай.

Анхны цас 1. Оньсогыг таагаад юуны тухай уншихаа таамаглаарай. Хөх үхэр Хөөсөөр бөөлжинө

Тэр юу вэ?

2. Анхны цас ороход ямар сэтгэгдэл төрдөг вэ? 3. Анхны цас шүлгийг уншаарай. Өөхөн цагаан цас Өвч дэлхийг бүрхлээ Өөхөн цагаан цас

19


Өвлийн өвгөнийг урилаа Сэвсгэр цагаан цас Арван зүгтээ орлоо Сэвсгэр цагаан цас Ангийн мөрийг гаргалаа Анхны орсон цасаар Уул болгож наадлаа Өндөр уулан дээрээ Өвгөн хийж зогсоолоо

Шүлгийг чээжлэх арга Давтагдаж байгаа үгийг мэдэх Ижил төгсгөлтэй үгийг олох Хоёр хоёр мөрөөр нь давтан унших

Г. Нямаа

3.Өвлийн улирлын тухай зураг зураад яриарай

20


Үнэлгээний хуудас 1 Сэдэв: МИНИЙ ЭХ ОРОН МОНГОЛЫН САЙХАН ОРОН ... оны ... сарын ... №

ҮНЭЛГЭЭ

АСУУЛТ Санаа бодлоо илэрхийлээрэй. Манай сум юм болов уу?

1

2

Гадаадад байгаа хүн эх орноо саналаа гэдэг. Тэгэхээр ээж нь юм болов уу?

Монгол улс юм болов уу?

Миний эх орон аль нь юм болоо? Амьдарч байгаа улс маань юм болов уу?

Эх орон эхийг асуултын дагуу яриарай.

3

Ж.Бадраагийн Халуун элгэн нутаг шүлгийг чээжээр уншаарай

4

Нүдэлсэн үгээ бичээрэй. Хуулж бичээрэй.

5

Миний, чиний унасан газар, угаасан уснаас бидний төрсөн нутаг Монголын сайхан орон бүрдэнэ. Үргэлжлүүлэн бичээрэй.

6

Миний эх орон Миний эх орон Монгол улс. Бас манай Түмэнцогтсум ч мөн. Манай эх орон уултай, устай, ан амьтантай....... Загварын дагуу зохиож бичээрэй.

7

Миний төрсөн нутаг Би Архангай аймгийн Чулуут суманд төрсөн. Чулуут гол хавцал дундуур урсдаг. Миний төрсөн нутаг уул, нуруу ургамал, ан амьтнаар баян билээ.

ТЭМДЭГЛЭГЭЭ, САНАМЖ: Аль өнгө олон байгааг тоолж, хүүхдээ болон өөрийгөө үнэлээрэй сайн

дунд зэрэг

тааруухан

21


Үнэлгээний хуудас 2 Сэдэв: МОНГОЛ БАХАРХАЛ ... оны ... сарын ... №

ҮНЭЛГЭЭ

АСУУЛТ

1

Дараах сэдвээс сонгож, асууж дүгнээрэй. - Монгол улсын төрийн далбаа - Морин хуурын домог - Дэлхийд ганцхан Монгол наадам - Энэ жилийн харцага - Түмний эх дуу үүссэн домог - Хөөмэй үүссэн домог

2

М.Цэдэндоржийн Морин хуур шүлгийг чээжээр уншаарай. Өгүүлбэрийг гүйцээж бичээрэй Би улсын цолтой ................................. бөхийг танина. Тэр бөх.............цолтой. Миний таньдаг бөх.................мэх хийж барилддаг.

3

Асуултад хариулж бичээрэй. - Хөхүүдэй хүү юуны эрэлд гарсан бэ? - Хөхүүдэй юунаас санаа авч морин хуур хийсэн бэ? - Хөх борлог моринд яагаад жигүүр ургасан бэ? - Хүмүүс Хөхүүдэйгээс юу гэж асуудаг байсан бэ? - Хөхүүдэй яагаад ид шидийн эрэлд яваагүй вэ?

4

Загварын дагуу зохион бичих 5

Миний хувьд өнөөдөр маш хариуцлагатай өдөр дөө. Аав ах хоёрынхоо захисан үгийг биелүүлнэ дээ. Наадамд түрүүлчихээд морио цоллуулах ч сайхан даа.

Өгөгдсөн үгийг хэрэглэн үргэлжлүүлж бичээрэй. наадамчид, морь, бөх, сур харваа, барианы газар, хурдан морины хүүхэд Монгол наадам Зуны сайхан өглөө наадамчин олон цуглав. Аав уясан морьдоо уралдуулахаар зэхэв.

6

ТЭМДЭГЛЭГЭЭ, САНАМЖ: Аль өнгө олон байгааг тоолж, хүүхдээ болон өөрийгөө үнэлээрэй сайн

22

дунд зэрэг

тааруухан


Үнэлгээний хуудас 3 Сэдэв: МОНГОЛЫН УЛИРАЛ ... оны ... сарын ... № 1 2 3

ҮНЭЛГЭЭ

АСУУЛТ Үзэх сэдвийн агуулгыг таамаглаж унших - Дөрвөн улирал (оньсого) - Цас орох (оньсого) Г.Нямаагийн Анхны цас шүлгийг чээжээр уншаарай Асуултын дагуу яриарай. • Дөрвөн хүсэл • Навч яагаад унадаг вэ? Зургийг харьцуулан улирал тус бүрийн онцлогийг яриарай.

4

Навчаар наамал хийх аргыг тайлбарлан яриарай. Жишээ нь: 5

6

Навчаар наамал хийхдээ: Навчаа сонгож цуглуулна. Навчаа зузаан номны завсар хийж хатаана.

Асуултад хариулж бичээрэй. - Намар ургамлын навч яагаад хувирдаг вэ? - Навч яагаад хөгширдөг вэ? - Ургамлын навч яагаад унадаг вэ? - Ямар ургамлын навч байнга ногоон харагддаг вэ? Загварын дагуу зохиож бичээрэй. Би зуны улиралд дуртай. Яагаад гэвэл зун цаг агаар дулаарч өвс ногоо урган дэлгэрдэг. Мөн зуны улиралд Монголчуудын хамгийн дуртай баяр Наадам болдог. Зуны улиралд хүүхэд бүр хөгжилтэй байдаг.

7

ТЭМДЭГЛЭГЭЭ, САНАМЖ: Аль өнгө олон байгааг тоолж, хүүхдээ болон өөрийгөө үнэлээрэй сайн

дунд зэрэг

тааруухан

23


Чээжлээрэй Дашдоржийн Нацагдорж

Миний нутаг

Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд Хойт зүгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнүүд Хотол олны эм болсон горхи, булаг, рашаанууд Хөвсгөл, Увс, Буйрын гүн цэнхэр нуурууд Хүн малын ундаа болсон тойром бүрд уснууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрхнууд Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдмууд Холын бараа харагдсан ноён шовх сарьдгууд Хүний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Хангай, Говийн хооронд Халхын уудам нутаг Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар Гөрөөс, араатан авласан урт урт шилүүд Хөлөг морин уралдсан хөндий сайхан хоолойнууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Салхины үзүүрт найгасан соргог нарийн ногоотой Саруулд талд яралзсан сонин янзын зэргэлээтэй Сайн эрс цугласан байц бэрх газартай Сүлд тахилга улирсан сүмбэр их овоотой Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон

24


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.