Сайхан ярилцлага болжээ.

Page 1

Ж.Хайрулла: Эрүүл мэндийн салбар, эмч ажилтантайгаа төрдөө “хаягджээ” Амьдралынхаа бүтэн жарныг эрүүл мэндийн салбарын хөгжил, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө зориулж ирсэн Монгол Улсын ардын эмч, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, академич, доктор, профессор Ж.Хайруллатай уулзаж ярилцсан юм. 90 шахаж яваа энэ буурал өнөө хэр нь эмчийнхээ ажлыг хийсээр. Тэрээр “ДЭМБ-аас аливаа улс орон төсвийнхөө зургаан хувийг эрүүл мэндийн салбарын ажилдаа зарцуулахыг зөвлөдөг. Харин манай улс төсвийнхөө ердөө 2.8 хувийг л эрүүл мэндийн салбарт зарцуулж байна. Энэ бол Монголын төр хүн ардынхаа эрүүл аж төрөх эрхийг дорд үзэж байгаагийн илрэл шүү. Эрүүл мэндийн салбар өнчин хурга, ишиг шиг болжээ. Энэ бол хэн нэгнийг муулах гэсэн зүйл биш. 60 жилийн тэртээ төр засаг бүх хүчээ дайчлан халдварт өвчтэй тэмцэж ялсан юм. Одоо нэр бүхий халдварт өвчин 60 жилийн өмнөх байдалдаа эргээд очсон, төрөл нь олширсон байгаа нь төрийн эрүүл мэндийн талаарх бодлого нь болохгүй болсны бас л нэг жишээ дээ” хэмээн хуучлан шүүмжилсэн юм. Энэ салбарт Хайрулла эмчийн олон сайхан шавь нар минь бий. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө, салбарын хөгжлийг бий болгоход нь буурал академич, докторын ярьсныг хачиргүйгээр нийтлэллээ. Эмч хүн эрүүл хүний итгэл түшиг нь, өвчилсөн хүнийг анагаах хамгаалагч нь байдаг учраас тэдний хөдөлмөрийг төр, түмэн үнэлэх учиртай. Ж.Хайрулла Орчин үеийн шинжлэх ухаан бүхий эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ манай улсад нэвтэрч эхэлсээр эдүгээ 90 гаруй жил өнгөрчээ. Бараг бүтэн зууны түүхийг бүтээсэн байна. Энэ салбарын ажил амьдрал үүслийн төдий байсан цагаас ард түмнийхээ эрүүл энх, өвчин зовлонгүй аж төрөх нөхцөл боломжийн төлөө Монголын төр засаг онцгой анхаарч, тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын тусламж дэмжлэгийг түшиглэн ард түмний эрүүлийг хамгаалах том зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг явуулахад тэр үеийн сэхээтэн эрдэмтэн, академич Т.Шагдарсүрэн, Б.Рагчаа, В.Ичинхорлоо, сайд байсан Г.Туваан нарын зэрэг олон эмч эрдэмтэд боломжийн их хүч, зүтгэл гаргаж монголын эрүүлийг хамгаалах салбарыг дэлхийн хөгжиж байгаа орнуудын эрүүлийг хамгаалах салбарын түвшинд хүргэхэд чамлахааргүй хувь нэмэр оруулсан билээ. Өнгөрсөн хугацаанд монголын нийгмийн улс төр, эдийн засаг, соёл боловсролын амьдралд гарсан өөрчлөлтүүд эрүүлийг хамгаалах салбарын үйл ажиллагаанд нөлөөлсөөр ирлээ. Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос эмч нарын мэргэжлийн ур чадварыг үнэлэх, алдаршуулах зэрэг бодлогын хүрээнд “Алтан чагнуур” шагналыг бий болгожээ. Мөн ЭМЯ-тай байгуулсан


хэлэлцээртээ салбарынхаа ажилтны цалинг гурван сая төгрөгт хүргэхийн төлөө ажиллахаар санаачилга гаргасныг сонссон. Өөрийн амьдралын 60 гаруй жилийг энэ салбарт зориулсан ахмад эмч хүний хувьд “Хөдөлмөр” сониноор дамжуулан Монголын эрүүл мэндийн салбарын талаар зарим бодит жишээнд үндэслэн үзэл бодол, саналаа хэлэхээр энэхүү тэмдэглэлээ бичиж сууна. Гэхдээ буурал эмч би дандаа болохгүйг нь онцлохыг зориогүй юм шүү. Хөгжлийн төлөөх ажилд нь санаа хэлэх гэсэн юм гэдгээ онцлох нь зүйтэй байх аа. Эдгэрээгүй байхад нь эмнэлгээс гаргадаг нь буруу Одоогоос 60-70 жилийн өмнө манай улсын хүн амын тоо 600-650 мянга байсан бол эдүгээ гурван сая гаруй хүнтэй болжээ. Тухайн үед дотор, арьс өнгө, нүд чих, хамар хоолойн гэх зэрэг 8-10 нэр төрлийн өвчин зонхилж байсан бол одоо 50-60 нэр төрлөөр тооцогдох өвчлөл хүн ардын дунд бий болжээ. Зөвхөн мэс засал шаардагдах өвчин гэхэд л 15-20 орчим өвчний нэр дурдаж болохоор. Өвчнийг танин мэдэх, оношлох техник төхөөрөмж нэмэгдэхийн зэрэгцээ, эмч нарын мэдлэг, чадвар сайжирч, урд, өмнө нууц байдалтай оршиж байсан өвчин эмгэгийг илрүүлэн оношлох нь нэмэгдэж байна. Энэ бол яалт ч үгүй сайн тал. Гэвч оношилсон өвчин эмгэгийг хэвтүүлж, зохих эмээр, тохирох хугацаанд эмчлэн эдгээх асуудал ихээхэн дутагдалтай байна. Олон жилийн өмнө 2-3 төрлийн, цагаан спрептоцит, аспирин кальцикс зэрэг эмээр 3-4 хоног эмчлээд илааршдаг байсан өвчин одоо хамгийн хүчтэй, үнэтэй, антибиотик эмээр 7-10 хоног бөмбөгдөөд бөмбөгдөөд эдгэхгүй архагшсаар байхад тухайн өвчтнийг эмнэлэгт 10-12 хоног болгоод л “хөөгөөд” гаргачихдаг болсон нь харамсалтай байна. Үүний хор уршигаар эмчлэгддэггүй өвчин нэртэй өвчин бий болж, анагааж эмчилж чаддаггүй эмч нэрийг “буруугүй” эмч нар үүрч явна. Хүн амын нягтралаа бууруулж чадахгүй бол эмч, эмнэлгийн тоогоо нэм... Хүн амын суурьшил, нягтрал ихсэхийн хэрээр аливаа өвчин эмгэг нэмэгддэг нь бичигдээгүй хууль. Тиймээс хүн амын нягтрал, суурьшлыг сааруулах, бий болохоос зайлхийх сэргийлэх нь төрийн үүрэг. Энэ үүргээ төрийн эрх баригчид эрүүл мэндийн салбарынхантай зөвлөлдөх хэрэгжүүлэх учиртай. Учир нь хүн ам ихэслээ гэхэд тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эмч, ажилтан, эмнэлэг, орны хүртээмжийг нэмэгдүүлэх л хэрэгтэй. Үүний нөгөө талд эмчийн мэргэжил эзэмшсэн ч өөр ажил хийж яваа залуус олон байна. Орны хүрэлцээ муу, эмчид үзүүлж чадаагүй, өнжин хонон хүлээсээр өвчнөө хүндрүүлж яваа тохиодол ч элбэг. Бэлтгэгдсэн боловсон хүчнээ оновчтой зохион байгуулж ашиглах талаар зөв, зүйтэй арга хэмжээ авч чадахгүй байна. Тэгсэн хэрнээ өвчлөлт нэмэгдэж өвчлөгчдийн тоо ихэслээ. Иргэд хохирч байна гэх нь хий хоосон сүржигнэх мэт. Өөрөөр хэлбэл эмнэлэг, эмчийн тоог нэмэгдүүлэх, зөв менежмент хэрэгтэй байна. Одоо байгаа эмнэлэг,


тасаг, амбулаторт ажиллаж байгаа эмч ажилчдын ачаалал хэт их, дарамт ихтэй байгааг бодох хэрэгтэй. Эрүүл мэндийн салбар, эмч ажилтантайгаа төрдөө “хаягджээ” Эрүүл биед саруул ухаан оршдог, эрүүл мэнд сайнтай орны хөгжил цэцэглэл харьцангуй илүү байдаг гэдэг. Нэг талаас техник технологийн хөгжил дэвшил, жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж байгаа ч хөгжлийн нь үндэс болсон хүний эрүүл мэндийн асуудал ард хоцорчээ. Эрүүл мэндийн салбарт баримтлах төрийн бодлого хэр үр дүнтэй байгаа вэ гэдгийг хэн нэг хүний амлалт, цэцэрхэлтээр биш нийгэмд өвчлөлт ямар байгаагаар нь л дүгнэх хэрэгтэй шүү дээ. Эрүүлийг хамгаалах үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүдийн чухал үзүүлэлт нь нийгмийн халдварт өвчнүүдийн оношлолт илрүүлэлт, эмчлэн арилгах явдал юм. 1950-1960-аад оны үед тухайн үеийн ЗХУ-ын эмч нарын оролцоотойгоор үзлэг шинжилгээ, эмчилгээ хийсний үндсэн дээр Монголд бараг байхгүй боллоо гэж үзэж байсан халдварт сүрьеэ, бэлгийн замын өвчин, улаанбурхан зэрэг халдварт өвчин, түүнчлэн ДОХ, хорт хавдраар олон мянган иргэд өвчилж хорвоог орхиж байгааг төр засаг анхаарч байгаа гэж хэлэх аргагүй болжээ. Чухамдаа хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах талаар төрөөс баримталж байна гэх бодлого нь бодлогогүй мэт болжээ. Эмч, эмнэлгийн ажилчид, эрүүлийг хамгаалах салбар төр засгийн анхаарлаас дэндүү хол хаягджээ гэвэл гайхах хүн байхгүй бизээ. Эмчийн ур чадвар төдийгүй сэтгэл зүтгэлийг төр үнэлэх ёстой Өвчтэй хүнийг оношлох, эмчлэх, амь насыг нь авран хамгаалах ажил хичнээн, хүнд, бэрх, хэцүү ажил болохыг ухаардаг, ойлгодог, сэтгэл нь зовдог хүн төр засгийн удирдах, эрх барин түвшиндээ нэгээхэн ч алга уу даа гэж харамсан бодож суухад хүрч байна. Угтаа эрүүл мэндийн салбарын үнэн төрхийг иргэд эрүүл мэндийн үйлчилгээнд сэтгэл ханамжтай байгаа эсэх, иргэд өвчтөн ямар үйлчилгээг хүсч байгаа талаар сонин сэтгүүлийн буланд бичсэнийг харж үздэг, тоож уншдаг нь энэ эрх барих дээд албан тушаалтанд л лав алга бололтой. Өвдөж шаналсан, уйлсан, өтгөн шингэнтэйгээ хутгалдсан хүний дэргэд нэг гараараа өвчтөнийхөө судсыг “чагнаж” нөгөө гараараа өөрийнхөө зүрхийг дарж зогсох эмч хүний сэтгэл, зүтгэлийг ойлгож үнэлэх сэтгэл зүтгэлтэй хүн өнөөгийн эрх баригчдад алга даа гэж харамсаж сууна. Насаараа алх чагнуур барьж мэдрэлийн үзлэг хийж, эмчилгээ бичдэг мэдрэлийн эмч, спирт, иод, хортой хоргүй тосон түрхлэг, шингэн уусмалтай ажилладаг арьс өнгөний эмч гээд үхэл амьдралын зааг дээр байгаа нялх биетэй эх, нялзрай жаахан нярайтай насаараа ноцолдож байгаа, төрөх эмэгтэйчүүдийн эмч, энэ бүхний хөдөлмөрт сэтгэл санааны болон бие бялдарын ялгаа байхгүй гэж үү, хөдөлмөрийн аюулгүй байдал, авдаг цалин, эдлэх амралт ижил байх ёстой гэж үү? Хэв журмын зөрчил гаргаж, хэрэг төвөгт орооцолдсон хүмүүсийг мөрдөх, шалгах, шийтгэх хуульчид болон хошин шогийн жүжигчид,


үсчин, оёдолчин зэрэг хүмүүсийн ажил эмч, сувилагч нарын ажилтай бүх талаараа адилхан уу. Насаараа эмчээр ажиллаад 60 нас хүрээд тэтгэврээ тогтоолгож сэтгэл хангалуун эрүүл саруул суугаа хүн хэд байгаа юм бол. 80 нас хүрсэн эмч хэд байна вэ, сонирхсон удирдлага, яам, агентлаг, сайд, албан тушаалтан байна уу? Ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх гэж яаж хөөцөлдөж, ямар амжилтанд хүрч байгааг их хурлын гишүүн Ц.Нямдорж, Тэмүүжин, зөвлөлийн дарга Лүндэндорж нар үзүүлсээр байхад эрүүлийг хамгаалах салбарыг удирдаж байсан эрхэм сайдууд ядаж тархи, зүрхний мэс засал шиг дэлхийд ховор бөгөөд, хүндэд тооцогддог нарийн мэргэжлийн хэдхэн эмчийн цалинд хэдхэн төгрөг нэмээд олгочих санаачилга гаргаж чадахгүй байгаа эрхэм сайдуудыг, эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудлыг дээд газарт таниулж мэдэгдээд, зохих арга хэмжээ авна гэдэг чинь ёстой төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдсэнтэй агаар нэгтэй болно биз дээ. Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллага аливаа улс орон эрүүл мэндийн үйл ажиллагаандаа ДНБийхээ зургаан хувийг зарцуулж байхыг зөвлөсөн боловч, манайхан дөнгөж 2,8 хувьтай тэнцэх хэмжээний зардал хөрөнгө мөнгө л зардаг. Тэгсэн хэр нь алдаа дутагдал гаргасан эмчийг 2-8 жил хорих, 20-80 сая төгрөгөөр торгохоор хууль санаачилж байхад хэн биднийг өмгөөлөн хамгаалах бол гээд цагаан өмсгөлтэй эмч түүний гэр бүлийнхэн амьсгаа чагнан суусан юм шүү. Эм тариа нэг л үнэ тарифтай болох боломж бий Эрүүлийг хамгаалах салбарын ажлын үр дүнг муутгаж, эмч ажилчдын нэр нүүрийг баллаж байгаа нэгэн зах замбараагүй ажил бол эм, эмийн сангуудын эздийн ашгийн төлөөх улайралт юм. Хэн хүссэн нь дуртай улсаасаа хүссэн эмээ оруулж ирээд амандаа орсон үнийг хэлдэг болжээ. Эмч нь бичээгүй байхад хамгийн сайн эм гэж худал хэлээд томоохон эмнэлгүүдийн дотуур аптекээр хүртэл борлуулдгийг нь яана. Ер нь үнэтэй болох дутам үр дүн сайн болдог гэдэг буруу ойлголт байдгийг эмийн санчид ч овжин сайн ашигладаг болжээ. Гэтэл Япончуудын бүх төрлийн эмүүд үндэснийхээ хэмжээнд тогтоосон нэг л тарифтай байдаг. Яагаад бусдын сайн туршлагыг ард түмэнд хэрэгтэй ажлыг санаачлахгүй байна вэ. Антибиотик эмүүдийг эмчийн жороор л олгох ёстой гэдгийг биелүүлдэг эмийн санч хэр олон байдаг юм бол. Эрүүл мэндийн салбарт мэргэжлийн ур чадвар чухал Нийгэм дэх улс төрийн тогтолцоо, үйл явцаас хамаарч ЭМЯ нь мэргэжлийн бус сайд дарга нартай салбар болжээ. Ийм олдмол рефлекстэй болчихсон томоохон эмнэлгүүдийн дарга нар мэдлэг чадвар нь хүрэхгүй байгаагаа үл тоон даргын суудлаас салах дургүй байгааг ч бодмоор юм. Удирдах ажилтан төдийгүй дэлхийд ховорт тооцогдох мэс заслыг амжилттай хийж байгаа Монгол эмчээ үнэлэх, урамшуулах, алдаршуулах нь мөн л төрийн үүрэг шүү. Эмч, эмнэлгийн ажилчдын


нийгмийн баталгааг хангаж нэр хүнд, мэргэжлийн ур чадварыг нь өндөрт өргөн бэхжүүлэх нь ЭМЯ-ны өөрийнх нь үндсэн гол ажил шүү дээ. ҮЭ-ээр шаардуулж шахуулж байж гар чангатай шийдвэр гаргаж байгаадаа дүгнэлт хийх хэрэгтэй шүү. Эх сурвалж: “Хөдөлмөр” сонины 2017.05.11-ний 18(11781) III нүүр


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.