Bogd

Page 1

МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХААН

16


Өнөөдрөөс 99 жилийн өмнө, 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монголчууд Манж гүрний эрхшээлээс салж, 200 гаруй жилийн дараа бие даан тусгаар тогтносноо дэлхий дахинд албан ёсоор тунхаглан зарлаж, VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн нь тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний үнэ цэнийг чинхүү сэтгэлээсээ хүсэмжилж байсан монгол хүн бүрийн магнай тэнийж, сэтгэлд нь нар гийсэн үйл явдал болсон юм. Энэхүү түүхэн үйл явдлыг санаачилж, оройлон зохион байгуулсан удирдагчдын нэг нь гарцаагүй VIII Богд Жавзандамба хутагт байлаа. VIII Богд Жавзандамба 1869 онд Түвдэд Далай ламын санхүүч, чинээлэг түшмэл Гончигцэрэнгийн хүү болон мэндэлж, таван настайдаа Богд гэгээнтний хойд дүрээр тодрон, эцэг эх, ах дүүсийн хамт хүний нутагт иpснээс хойш түүний бүхий л амьдpал Монгол оронтой нягт холбогджээ. Богдыг багаас нь төвд, монгол хэл бичиг, шашин болон дорно дахины ёс заншилд шавдуулан сургаж, монгол язгууртны жишгээр өсгөжээ. Тэрээр бага наснаасаа л монгол хүүхдүүдтэй тоглон, монгол айлд хонон өнжиж, монгол хүүхдүүдийн адилаар монгол ахуй зан заншил дунд идээшин өссөн бөгөөд багадаа унаж байсан ямааны эмээл нь эдүгээ Богд хааны музейд хадгалагдсаар буй. Богд багадаа Зоогийн аймгийн, ээжтэйгээ хоёул аж төрдөг ядмагхан амьдралтай Мөрлэгцэг хэмээх хүүтэй ихэд дотно үерхэн, ядуу амьдралд нь тус дэм үзүүлэн, өвөлдөө гэрийг нь давхарлуулан дулаалж өгч, Ганданд байшин бариулж байсан гэдэг. Эрийн цээнд хүрсэн хойноо ч Богд бага насны нөхөрлөлөө дурсан, найзыгаа бүхий л талаар дэмжиж байсан ч Мөрлэгцэг тусыг усаар хариулах гээч болж байжээ. Богд гэгээн нэлээд чөлөөт үзэл бодолтой, хэн нэгнээс хараат бус амьдрал зохион, бие даан шийдвэр гаргах чадвартай гэгээнтэнзалуу язгууртан болон төлөвшиж, залуу насандаа орос, хятад болон бусад гадаадын худалдаачдын авчирсан үнэт зүйлсээс гар татахгүй авч, сүүлдээ Европ, Америкт дөнгөж худалдаанд гарсан машин, мотоцикл хүртэл хэд хэдийг авчран Монголын хээр талд хурдлуулж байсныг зарим талаар хэтэрхий үрэлгэн зан гаргаж байна, ёс бус хүмүүст уруу татагдах вий хэмээн багш нар нь сэрэмжлэн монгол эхнэртэй болгохоор идэвхтэй оролдож байсан байдаг.

Шарын шашны ёсоор шашны дээд дэв зиндаанд хүрсэн хүн гэрлэж болохыг зөвшөөрсөн байдгийн дагуу Богд Сэцэн хан аймгийн Жонон ван Цогбадрахын хошууны Цэндийн охин Дондогдуламтай эхлээд нууцаар ханилж байгаад ХХ зууны эхээр гэрлэж, Цагаан дара, эх дагина хэмээн өргөмжлүүлсэн байна. Тэд өөрсдийн үр хүүхэдгүй байсан ч Богд хаан хэд хэдэн хүүхдийг үрчлэн авч өсгөн бойжуулсны дотор алдарт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханы эхнэр Э.Шүрэнцэцэгийн аав Т.Эрэнжав нар байжээ. Хуучин цагт Монголд өөрийн хүүхдийг үрчлэн авах явдал цөөнгүй байсан нь эл асуудлыг цаашид судлууштай мэт бодогдуулна. VIII Богд Монголд шарын шашныг тэргүүлж байсан найман Богдоос ганцаараа гавж цолтой байсан бөгөөд гавжийн дамжаа барихын тулд тус бүр долоон зуугаад хуудас таван дэвтэр номыг цээжилж байжээ. Түүнчлэн монгол, түвд, манж, хятад, уйгар таван хэлний толь бичгийг сонирхож, зарлиг лүндэн буулган “Хааны бичсэн, нэмж тогтоосон манж үгний толь бичиг” хэмээх 40 дэвтрийг хөрвүүлүүлж байсан ба номын сандаа дорно дахины хийгээд дэлхийн олон улс орны ном зохиолыг цуглуулж байсан нь хэдэн арван үхэр тэргээр зөөгөөд ч үл барагдам байсныг үзсэн хүмүүс дурссан байдаг. Хэдийгээр төвд хүн байсан ч Богд гэгээнтэн Монгол улсын шашны тэргүүний хувиар ч, энэ л нутагт өсч торнин ээнэгшин дассан хувь хүний хувиар ч Монгол улсын тусгаар тогтнох үйл явцад жинтэй хувь нэмэр оруулсан юм. Монголд өөрийн амьдралын 50 шахам жилийг өнгөрүүлсэн Оросын нэрт дипломатч Яков Шишмарев 1885 онд монголчуудын талаар бичихдээ: “Халхчууд монголын олон овгуудын дотор өөрсдийгөө тэргүүлэх зэрэгт тавьдаг бөгөөд хэрэв монголчуудыг нэгтгэх ямар нэгэн нөхцөл байдал бий болбол халхчууд тэргүүлэх нь гарцаагүй. Үүнд олон учир буй боловч хамгийн гол нь Халхад бүх монголчууд, халимгуудын шүтэн бишрэгч Авид Жавзандамбын хойд дүр хүрэлцэн ирж сууж буй явдал” хэмээн онцлон тэмдэглэсэн байдаг. Анхдугаар богд Занабазараас хойш хутагтыг Монголоос бус Түвдээс тодруулан Монголд суулгаж, түүнд ямар нэгэн эрх мэдэл Манжийн хаанаас олгохгүй байсан хэдий ч Хутагтын нэр хүнд нөлөө Монгол нутагт хүчтэй байжээ. 1893 оны зун болсон Долоон хошуу даншиг наадмын дараа монголын толгой ноёд, VIII Богд гэгээний хамт хуралдан, Бээжингийн шаардлагаар татвар өсч буйгаас болж Монголын байдал хүндэрч байгаа талаар ярилцсан бол 1900 онд Богд гэгээн өөрийн хоёр шадар туслахаа Орос улс руу мөнгө зээлэх нэрийн дор нууцаар илгээж, хэрэв монголчууд үндэсний тэмцэл өрнүүлбэл оросууд туслах эсэхийг тандан мэдүүлсэн байдаг. Богд Жавзандамба хутагт 1909 онд буулгасан нэгэн лүндэндээ: “Эдүгээ манай Монголын шашин төрөө бататган, газар нутгаа хамгаалж, өнө удаан амар жаргалтай суухын аргыг бодох цаг болов. Зүгээр сууж энэ тухайг алдан өнгөрүүлбээс эрх жаргалтай суух байтугай, элдэв зовлонг үзэж газар шороогоо ч эзэмшиж чадахгүй болно. Энэ учрыг мэдсээр байж та бүгдэд эс сануулбаас монгол тоонотон бүгдээрээ миний найман дүрийг шүтэж тахисны тус үгүй болох тул би мэдсэнээ хэлэхгүй зүгээр сууж түвдэхгүй… Үүнийг танай олон ноён түшмэд арга юуг сайтар бодож тус тусын санаж бодсоноор нэн даруй над илтгэ” хэмээсэн нь бий.

17


ПРОФИЛЬ 1911 оны долдугаар сард ноёдын нууц зөвлөгөөн Богд гэгээний “Цаг болов” хэмээн зарлигдсан ёсоор Богд ууланд болж, тус зөвлөгөөнөөс Түр засгийн газрыг нууцаар байгуулж, Орос улсаас тусламж эрэх төлөөлөгчид явуулах, цэрэг, зэвсэг, мөнгө санхүү бэлдэх зэрэг олон ажлуудыг төлөвлөж, Орос явах элчид чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд, түшмэл Хайсан нарыг томилжээ. Энэ үеийн бүхий л асуудлыг зохицуулж, үндэсний тэмцэл өрнүүлэхэд Богд гэгээнтэй хамгийн ойр байсан ноёд нь Сайн ноён Намнансүрэн, Түшээ гүн Чагдаржав нар байлаа. 1911 оны аравдугаар сарын 21-нд Хүрээнд ирсэн Ц.Добданов Монголын улс төрийн байдлын тухай В.Котвичид бичсэн захидалдаа “Халхын амьдралын ирээдүйн бүх боломж ганцхан Богд хааны гарт байна” хэмээн онцолж байлаа. Орос улсаас тусламж гуйхаар явсан төлөөлөгчид ажлаа амжилттай гүйцэтгэн Хүрээнээ эгж ирсний дараа албан ёсоор түр засгийн газар “Халхын Хүрээний газрын бүгд хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар” хэмээн 1911 оны арваннэгдүгээр сарын 30-нд ил гарч, даргаар нь Түшээ гүн Чагдаржав Богд гэгээний зарлигаар томилогдож, Манжийн дэглэм эцэс болж, Монголчууд тусгаар тогтнож буйгаа илэрхийлсэн Тунхаг бичгийг түр засгийн газраас Их Хүрээнд арванхоёрдугаар сарын 1-нд нийтэлж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг илэрхийлсэн сүлд–соёмбо үсэгтэй далбаа намируулсан билээ. Мөн өдөр Хүрээнд сууж байсан Манж амбан Сандод “Монгол хязгаараас хөөн гаргах бичиг”-ийг хүргэж өгсөн байна. Ийнхүү хөөгдсөн Манжийн сүүлчийн амбан сайд түшмэдийн хамтаар 1911 оны арванхоёрдугаар сарын 4-нд Хүрээнээс гарч, Хиагт хүртэл өртөөгөөр орос казак цэргээр харгалзуулан хүргэгдэж, улмаар цааш хил нэвтэрсэн байдаг. VIII Богд Жавзандамба хутагтын санаачилга, удирдлага дор монголчуудын Манж Чин улсаас тусгаарлах тэмцэл үргэлжилсээр үүний оргил болж, Монгол улс 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тусгаар тогтнолоо албан ёсоор тунхаглан зарлав. Энэ өдрийн морин цагийн эхний хувьд буюу 11 цаг 40 минутад өлзий учрал бүрдсэн тул Богдыг Монгол Улсын эзэн хаанд залах төрийн их ёслол гүйцэтгэхээр олон монголчуудад мэдэгдэн эхлүүлж орой нар шингэхийн өмнө буюу таван цагийн орчим өндөрлөсөн байна. Богд гэгээн Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөгдөөд буулгасан анхны зарлигаараа Монгол Улсын засгийн газрыг таван яамтай байгуулж, тулгар төр байгуулах хэрэгт үнэнхүү сэтгэлээр зүтгэсэн Да лам Цэрэнчимэд, чин ван Ханддорж, гүн Намсрай, бэйс Гомбосүрэн, түшээ гүн Чагдаржав нарыг яамдын сайдаар тохоон тавьж, жараас далан настан бүрд гурван лан, наяас ерэн настан бүрд зургаан лан, ерээс зуун настан бүрд есөн лангийн хишиг хүртээжээ. Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхөд хэд хэдэн үндэслэл нөлөөлсөн нь дамжиггүй юм. Тухайлбал, тэрээр монголчуудын дунд шашны тэргүүн төдийгүй улс төрийн хамгийн нэр хүндтэй зүтгэлтэн болж амжсан байв. Нөгөөтэйгүүр Анхдугаар Богд Жавзандамба болох Өндөр гэгээн Занабазар нь Чингисийн алтан ураг болох Түшээт ханы хүү байсан тул түүний хувилгаан дүрүүд нь алтан урагтай шижим холбогдсон хэрэг хэмээн монголчууд үзэж байлаа. Богд Жавзандамба Монгол Улсын хаанаар өргөмжлөгдсөнөөсөө хойш жил бүрийн цагаан сарын шинийн нэгний өдөр Түшээт хан Гомбодоржийн эцэг Автай сайн хааны өргөөнд Эх дагины хамт очиж, гал асаадаг байсан нь Монголын төрийн уламжлалыг хадгалж буйн илэрхийлэл байсан буй за. Богд хаан зөвхөн 1911 оны эрх чөлөөний хөдөлгөөнд чухал нөлөө үзүүлээд зогссонгүй, үүнээс хойш ч Монгол улсын тусгаар тогтнолын төлөөх үйлсийг идэвхийлэн дэмжиж байлаа. 1920 онд Оpос болон бусад их гүpнүүдэд хандан Монголын тусгааp тогтнолыг сэpгээхэд тусламж эpэхэд Богд хаан ихээхэн дэмжлэг өгч байсан бөгөөд Барон Унгерний зүгээс илэрхийлсэн туслах санааг дуртай хүлээн авсны үр дүнд Барон Унгерн Нийслэл Хүрээг хятадуудаас чөлөөлж, 1921 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны ширээнд нь дахин залсан билээ. Ардын хувьсгалын өмнөх жилүүдэд Богд хаан зөвхөн Зөвлөлт Орос улсаас тусламж эрсэн МАН-ын бичигт тамга дарж өгөөд зогсолгүй Америк, Японоос ч тусламж эрсэн өөр бичгүүдэд тамга дарсан байдаг нь Монголын үндэсний бие даасан байдал, тусгаар тогтнолын төлөө тэмцэлдээ хэнээс ч болов тусламж авахад бэлэн байсны илрэл юм. Богд хаан сэpгээн мандуулсан Монголын төpийн тусгааp тогтнолдоо нийт монголчуудыг хамpуулахыг зоpьж, хааны зарлигаар Дотоод, гадаад олон монголчуудад нэгдэж, нэгэн улс гэрээ төвхнүүлэхийг уриалахад өвөр монголын 49 хошууны 38 нь Монгол улсад дагаар орохоо илэрхийлсэн байдаг. Оросын түшмэл, гүн Альфред Кайзерлинг (1861-1939) өөрийн дурсамжиндаа Хүрээнд зочилж, Богд Жавзандамба хутагт лугаа шатар нүүсэн тухай өгүүлэхдээ Хутагтын талаар маш сонирхолтой зүйлсийг тэмдэглэн үлдээсэн нь бий. “Хүрээ бол Дорно дахин дахь бурханы шашны Амьд бурхан–Хутагтын өргөө оршин буй газар. Нас бие гүйцэнгүүт тэрбээр Бээжингийн ордонд очиж, Эзэн хаанд хүндлэл үзүүлж, тэндхийн буддын сүмд адислагдах учиртай байв. Учир нь Бээжингийн засгийн газар нас бие гүйцсэн, бие даасан хутагтын нөлөөнөөс айж байсан тул гол төлөв Бээжингээс Хүрээ рүү буцах замдаа адис авсан хутагтууд гэнэт нас барж, түүний орыг хувилгаан дүрд нь шилжүүлдэг байв. Гэтэл энэ хутагт нь нас бие гүйцмэгц Бээжин явах ёстой байтал Бээжингийн болон эргэн тойрныхоо шахалтанд үл автан, элдэв шалтаг тоочин, аялалыг хойшлуулсаар байжээ. Хүрээнд тэрбээр аюул багатай байснаас гадна энд ч гэсэн Бээжин түүнийг шууд хорлохоос болгоомжилж байв. 18


Тэрбээр Орост тааламжтай хандаж, хэрэв Бээжинтэй харьцаа муудах аваас Орос улс түүнд тусална гэсэн найдлага тээж байлаа” хэмээгээд “Хутагт ариун олбогноос бүтсэн сэнтийдээ заларч, намайг эсрэг талдаа буй буйданд суулган, алтан царан дээр тавьсан хятад цайгаар дайлав. Энэ үеэр би хутагтад зориулан авчирсан бэлгээ задалж, түүнд гардуулахад телефон утас, хөгжимт хайрцгийг ихээхэн таалж, утсыг шууд ажиллуулж үзсэнээс гадна хөгжимт хайрцгийг асаан ихээр хөгжиж, нэгэн богино аяыг сонсоод “Морь цогиж байгаа юм шиг” хэмээн дуу алдан инээж байлаа. Дараа нь нэгэн шавьдаа эл дууг монгол хэл рүү хөрвүүлэхийг тушааж, тэр дор нь дууны агуулгыг эх хэлээрээ сонсоод ихэд сэтгэл хангалуун байлаа” гэжээ. Гүн Альфред Кайзерлинг маргааш нь Хутагтын хүлээн авалтад орж, түүнтэй ажил хэрэг ярилцан, шатар нүүсэн байдаг. “Энэ үеэр Хутагтад мөргөлчид нэг нэгийнхээ араас мөлхөн ирж адис авч, Хутагт тэднийг гартаа барьж байсан шатрын бодоор хүртэл адислангаа өчигдрийн сонссон хөгжмийн аяа аялж байсан нь миний гайхлыг төрүүлж байв. Ийнхүү Штраусын вальсын аянд ард түмнээ адислангаа миний ноёныг шалж, мад тавив. Би Хутагттай уулзсан уулзалтандаа сэтгэл ханан, хүлээн авалтад талархлаа илэрхийлээд гэрийн зүг явав” хэмээн бичжээ. Богд эзэн хаан урлагийн нарийн мэдрэмжтэй, хөгжимд дуртай хүн байсан бөгөөд “Зуун лангийн жороо луус” шүлгэнд оросын Петербург дэх Марины театрын хийлчин А.Кадлицаар аялгуу захиалгаар зохиолгосноо тухайн үеийн Монгол Улсын төрийн дуулал болгож байлаа. Богд эзэн хаан лугаа уулзсан Оросын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч И.Я.Коростовец түүнийг “Эзэн хаан” хэмээн нэрлэж, бүхий л асуудлаар өөрийн гэсэн үзэл бодолтой болохыг нь нэг бус удаа тэмдэглэн үлдээжээ. Тухайлбал, 1912 онд Орос Монголын хооронд Найрамдлын гэрээ байгуулахад Богд хаан Засгийн газрын гишүүддээ Орос улстай найрамдал тогтоох учиртай талаар бүр тодорхой үүрэг өгч, уг гэрээнд гарын үсэг зурахыг зарлигдсан байдаг. Богд хаан Орос Улсын эзэн хаан, Япон Улсын эзэн хаанд өөрийн нэрээр захидал хүргүүлж, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх хийгээд Өвөр Монголчуудын талаар санаа зовниж буйгаа илэрхийлж байлаа. Шашны тэргүүн, төр улсын эзэн хаан гээд бодвол эгэл хүний амьдралаас арай өөр ордны тодорхой ёс дэглэмтэй орчинд өсч торнисон Богд бээр бүхий л монголчуудын хүндлэлийг хүлээж байсан бөгөөд түүнтэй уулзах нь бүү хэл дүрийг нь харахад ч сүлд хийморь сэргээнэ хэмээн монголчууд сүслэн дээдэлж байсан юм. Богдын ордны ёс дэглэм маш нарийн зохион байгуулалттай байжээ. Түүнд айлтгах, уулзах нарийн дэг жаяг олон жилийн турш мөрдөгдөж, Богдын ордонд суух ноёд, сайд нарын суудал, төрийн болон лам хүмүүсийн өмсөх хувцас хүртэл тодорхой дараалалтай, хэлбэр дүрстэй байхаар хуульчлагдаж байв. Богдын ордны гадаа нь хүртэл “Буруу үг хэлэв” гэгдэн албан тушаалаасаа огцорсон түшмэл хүртэл буй. Богд гэгээн бурханы номонд төгс гэгээрсэн ухаантан байсан бөгөөд хол ойрын ирээдүйг зүүдээрээ зөгнөн илэрхийлсэн нь нэг бус билээ. Эдгээр баримтуудыг Богдын нярав байсан Дамдин хэмээгчээс хүзүүндээ түлхүүрийг нь зүүн нууж байсан авдраас нь авч ил болгосон “Богдын нууц лүндэн” хэмээх баримт байдаг. Тухайн үедээ Богд хаанд төрийн бүх сайд, ноёд, тэр бүү хэл Ардын намын дарга цэрэг нар хүртэл бараалхан мөргөж зам мөрөө тэгшлүүлдэг байжээ. Эдүгээ бид л цадигаа алдаж, эрхэмлэн дээдлэх учиртай зүйлсээ уландаа гишгэж байна.

Богд эзэн хааны хувийн амьдралын талаар “архи уудаг”, “авгай эргүүдэг” ч гэх сөрөг мэдээлэл тархаж, олон хүмүүсийн тархинд суусан нь шулуухан хэлбэл нийгэм цаг үеийн үзэл суртал байсан бөгөөд иймэрхүү мэдээллийг нягтлан хөөж үзвэл ихэнхдээ л Богдтой уулзаж учирч байгаагүй хүмүүсийн бичсэн зүйлст дурьдагдсан баримт баталгаагүй зүйлс байдаг. Богд гэгээнийг амьд сэрүүн байхад түүний талаар муу үг амнаасаа унагасан нэгээхэн бээр ч монгол хүний тухай би олж уншаагүйгээ энд дахин давтан хэлмээр байна. □

Оохнойн Батсайхан

Түүхийн шинжлэх ухааны доктор, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн

Ийнхүү Штраусын вальсын аянд ард түмнээ адислангаа миний ноёныг шалж, мад тавив.

19


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.