ЭКСКЛЮЗИВ
Энэбишийн Ариунзаяа
ХҮН болж төрсөн шалтгаан
Намжилын Оюун /“Перфект” эмнэлгийн мэс засалч/ Түүний нэг их бодлогоширсон, бардамнасан, бас олон олон нууц хадгалсан гэмээр атлаа цаанаа л нэг гэрэл гэгээ, аз жаргал агуулаад байсан нүдийг хараад удаан суух хэцүү юм билээ. Яагаад гэвэл тэр нүд намайг өөрөөсөө “чи юу хийж бүтээсэн бэ, чи хэнд тусласан бэ, чи хангалттай хөдөлмөрлөсөн үү” гэж зогсоо зайгүй асуухад хүргээд байсан. Түүнийг надтай ярьж байхдаа хэн нэгний зовлонгийн тухай, өөр нэгний асуудлын тухай шаналаад л суугааг нь би бас мэдрээд байсан юм. Дунд сургуульд байхад олон шавь нартаа өөрийгөө олоход нь тусласан, зүрх нь дандаа бусдын төлөө цохилж байдаг нэгэн хайртай багш надад байсан юм. Бурханы оронд одчихсон тэр багшийгаа бодохоор үргэлж л дотор нэг бүлээн зүйл мэдрэгдээд, ямар нэг сайн сайхан зүйл хийх хүсэл асаад ирдэг. Оюун эмчийг бас олон хүн Оюун багш гэж дууддаг юм билээ. Бас л “бурхан шиг дээдэлдэг” юм билээ. Багш хүн муу хүн байдаггүй. Тэр дундаа олон хүний амьдрал, аз жаргалын төлөө сэтгэлээ зориулдаг энэ хүнийг би их сайн хүн гэмээр байна. 64 64
ХҮМҮҮС Энэбишийн Ариунзаяа Одоогийн амьдралд тань хөтөлсөн ямар нэг сонин учрал тохиол, эсвэл хэн нэгэн хүн танд байдаг уу? Намжилын Оюун Сонин учрал тохиол гээд онцлон дурсах зүйл байхгүй дээ. Харин хүн гэвэл нэлээд олон бий. Гол хүн нь намайг өсгөж хүмүүжүүлэн, жижиг сажиг гэлтгүй бүхий л зүйлийг зааж сургасан хамгаас хайртай эмээ минь. Харамсалтай нь, намайг дунд сургуулиа төгсөх жил эмээ маань өөд болж, би гэдэг хүн уйлж унжин, тогтож суух газраа олж чадахгүй, ёстой л тэнгэр хол, газар хатуу гэдгийг мэдэрсэн. Тэр үед би ирээдүйдээ эмч, тэр тусмаа зүрхний мэс заслын эмч л болох ёстой юм байна гэж өөртөө хэлж билээ. Тэгээд л электроникийн инженер болох мөрөөдлөө өөрчилж, анагаахын сургуулийг сонгосон. Элсэлтийн шалгалтанд тавдугаарт жагсаад, хүсэн хүлээж байсан Москвагийн Анагаахын Их Сургуулийн хуваарийг авч чадалгүй Кубын анагаахын сургуулийг сонгосон. Ийм сонголт хийсэндээ одоо баярлаж явдаг юм. Намайг өдий зэрэгтэй явахад нөлөөлсөн хүмүүс бол мэдээж миний аав, ээж хоёр. Хүний хамгийн сайхан чимэг бол мэдлэг чадвар, эрүүл бие, саруул ухаан юм. Харин элдэв шагнал, цол хэргэм, эд хөрөнгө хүнийг хүн биш тэдгээрээс хамааралтай утсан хүүхэлдэй шиг болгодог гэдгийг миний аав толгойд минь баттай суулгаж өгсөн. Миний ээж надад ажилсаг, үнэнч шударга, хүнлэг, бусдын төлөө бүхнээ зориулдаг байхын үлгэр жишээ болж байсан. Бас надад нөлөөлсөн өөр нэг хүн бол миний оюутан байхдаа үерхэж байсан залуу. Би мэс заслын хичээлийг илүүтэй сонирхож, гэмтлийн эмнэлгийн хүлээн авах хэсгээс огт салдаггүй байлаа. Тэр үед бас над шиг л цаг үргэлж тэнд эргэлдэж байдаг дээд курсынхаа оюутантай танилцаж, жилийн дараагаас үерхэж эхэлсэн юм. Бид хоёул мэс засалд сонирхолтой, эмч байна гэдэг бол маш их мэдлэг чадвар, хариуцлага гэж ойлгодог, тэгээд ч хамтдаа өвчтөн үзэж, номын санд их суудаг байсан. Бидний болздог газар одоогийнх шиг баар ресторан биш эмнэлэг, номын сан л байлаа. Сургуулиа төгсөхөд надад шууд резидентурт суралцах боломж олдсон боловч харамсалтай нь гадаад хүнтэй үерхдэг гэсэн шалтгаанаар нутаг буцаагдсан. Монголдоо ирээд, ЭМЯ дээр Анагаахын их сургуульд багшлах
шалгалт өгч дөнгөж л дагалдан багш болоод байхад мэргэжил нэгтэй нэг эрэгтэй эмч “Чи ч дээ, эмэгтэй хүн мэс засалч болно гэж хэзээ ч байдаггүй юм” гэж хэлсэн нь намайг ёстой л хурцалсан. Тэгэхэд “Кубад манай багш нарын дунд эмэгтэй мэс засалч олон л байсан шүү дээ, би ч бас болохдоо л болно” гэж бодоод өнгөрч билээ. Түүнээс хойш ээлжийн амралтаараа ч амралгүй мэс заслын өрөөнөөс огт салахаа больж, хэдэн зуун ном сэтгүүл уншиж судлан олон жилийг өнгөрөөсөн. Хүн сурч мэдээд ахих тусам юу ч мэддэггүйгээ улам бүр мэдэрдэг, тэгээд цааш суралцсаар л байдаг юм билээ. Энэ бүхний эцэст оюутан үеийн маань мэс засалч болох мөрөөдөл өнөөдөр л биелж, би тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан мэс засалч болсон гэж боддог. Э.А. Эрчүүд яагаад эмэгтэйчүүдийн амжилтыг хүлээн зөвшөөрөх дургүй байдаг юм бол? Н.О. Монголд эмэгтэй хүн амжилт гаргая гэвэл эрчүүдээс хэд дахин илүү хөдөлмөрлөж, мэдэж, цаг, хүч зарж байж л гайгүй мэргэжилтэн гэдгээ хүлээн зөвшөөрүүлдэг. Миний хийдэг мэс заслуудыг эмэгтэй хүн хийж байгаа болохоор амархан гэж өнгөц ойлгоод, оролдож үзсэнийхээ эцэст онолын мэдлэг нь нимгэн, тэвчээр хатгүй учраас өвдөг сөхөрсөн эрчүүд бий. Миний ажигласан бас нэг зүйл бол манай эрчүүд цол хэргэм, нэр хүндэд ухаангүй дуртай, өчүүхэн зүйл хийчихээд өөрөө үүнийгээ хэт дөвийлгөн шагнуулж, дараа нь шууд л эрх мэдэл, суудлын төлөө тэмцэж эхэлдэг. Э.А. Ажлыг хийсэн шиг хийхийн тулд та өөртөө юу гэж хэлдэг вэ? Н.О. Ер нь хүн аливаа ажлыг төгс хийхийн тулд эхлээд биеэ л бэлтгэх хэрэгтэй. Тиймээс уйгагүй суралцаж, мэдлэгийн хүрээгээ тэлэх нь чухал. Үүний дараа хийх зүйлд чинь юу хэрэгтэй, яаж хийх нь тодорхой болно. Эцэст нь “Давс хийвэл уустал, ажил хийвэл дуустал” гэдэг зарчмыг л барьдаг даа. Э.А. Хүн байгалийн өмнө хүчин мөхөс амьтан мөн үү? Шинжлэх ухаан хөгжиж, хүний амь амьдрал аврагдаж байна гэх ч хагацах ёстой амь заавал хагацдаг ч юм шиг надад санагдаад байдаг юм. Н.О. Мөнх амьдрал гэж энэ ертөнцөд үгүй. Гэтэл хүн мөнхийн амьдралыг мөрөөдөх нь төгс зүйлийг л хүсээд байгаагийн нэг илрэл. Хэдийгээр орчин үеийн шинжлэх ухаан нэлээд хурдацтай хөгжиж, хүний насыг уртасгаж байгаа боловч байгалийн зүй тогтлыг өөрчилж чадахгүй л байна. Байгалийн хууль бол хүмүүсийн өөрсдөө зохиож бичсэн зүйл биш шүү дээ.
65 65
ЭКСКЛЮЗИВ Э.А. Хүн өөрөө захирч, дийлж чадахгүй бас нэг зүйл нь зүрх сэтгэл байх. Зүрх сэтгэлийг удирдах гэж оролдох нь зөв үү? Н.О. Хэн ч зүрх сэтгэлээ удирдаж чадахгүй шүү дээ. Түүнийг ухамсартайгаар жолоодох гэж л оролддог байх. Тэгсэн ч эцэст нь зүрх сэтгэлдээ гүн шархтай үлддэг. Тэгэхээр тэр чинь бидний удирдлагаас огт хамаарахгүй байна. Хүний амьдралыг ойлгохын тулд өөртөө тавьдаг олон асуултуудын минь нэг энэ. Тэгэхээр би энэ талаар тодорхой хариулж чадахгүй нь дээ. Э.А. Хүн хөгшрөхөөс яагаад тэгтлээ их айдаг юм бол? Энэ айдсыг юутай харьцуулж болох вэ? Н.О. Үйлчлүүлэгчид маань надтай илэн далангүй ярилцдаг. Тэдний олонхи нь хайртай хүндээ сайхан харагдаж, түүнтэйгээ аль болох ойр дотно байх гэж хичээснээс л хөгшрөлөөс айдаг. Хөгшрөхөд гадаад үзэмж гундаад зогсохгүй бүхий л эрхтэн систем өртөнө, хайртай хүнтэйгээ секс хийж чадахаа болиод, эсвэл түүнийгээ танихаа больтол зөнөчихвөл хэцүү шүү дээ. Хэн ч үүнийг хүсэхгүй. Гэвч манай ихэнх хүүхнүүд өнөөдөр зөвхөн гадаад гоо үзэмжээ л тордоод байхаас биш дотоод эрхтнийхээ эрүүл мэнд, тархиа дасгалжуулах зэргийг огт боддоггүй. Ялангуяа тэдний цорын ганц зэвсэг нь зөвхөн гадаад гоо үзэмж учраас тэд хөгшрөхөөс “үхтлээ” айдаг. Харин өргөн мэдлэг боловсролтой хүүхнүүд бага зэрэг эмзэглэх боловч тэгж “үхтлээ” айдаггүй. Тэд дотоод, гадаад бүхий л гоо сайхнаа аль болох боломжийн хэрээр сайн сайхан авч явахыг хичээдэг. Э.А. Ер нь эмэгтэй хүний ухаан эрэгтэй хүнийхээс юугаараа илүү байдаг вэ? Н.О. Эмэгтэй хүн маш нарийн мэдрэмжтэй, жижиг сажиг зүйлсийг ч их анхаардаг. Чухам үүндээ зохицсон ажил л хийвэл эмэгтэй хүн амжилт гаргахад дөхөм. Монгол хүүхнүүдийн тухайд бол маш их тэвчээртэй, ажилсаг, их халамжтай. Заримдаа халамж нь хэтрээд эр нөхөртөө эхнэр биш эх нь юм шиг болж, гоо сайхнаа ч хөсөр орхиж, өөрийгөө гаргуунд нь гаргачихдаг. Тэгээд эрчүүд гадаад дотоодын гоё хүүхнүүд рүү сексийн сэрэмжээр нүд унагаж эхэлдэг. Гэхдээ тэдэнтэй хэзээ ч хамт амьдрах тухай боддоггүй. Тэгэхээр хүүхнүүд маань халамжтай, ажилсаг, бас гоё байх хэрэгтэй. Э.А. Сайн үйл, буяны ажил хийх тухайд та юу гэж боддог вэ? Хүмүүс ер нь бие биенээсээ тус дэм авч байх ёстой юу? Н.О. Хүн хүндээ туслаж байх ёстой. Харин өөрийгөө сурталчлах маягаар үүнийг хийдэг хүмүүст би үнэхээр дургүй. Ядарсан хүмүүсийн зовлон дээр дөрөөлж үйл ажиллагаагаа сурталчлах нь үнэхээр хүнлэг бус явдал. Зовлон зүдгүүрээс нь салгасны эцэст, аливаа зүйлсийг зааж сургасны дараа амьдралдаа хариуцлагатай байж, өөрөө өөрийгөө аваад явчих тийм л хүмүүсийг дэмжиж туслах хэрэгтэй. Аливаа нийгэм гэдэг бол хүмүүс. Хүн хүндээ хэрэгтэй зүйл хийж байж л амьдралаа залгуулна шүү дээ. Би жилд нэг удаа гадаадын бага буурай хөгжилтэй улсад очиж, төрөлхийн сэтэрхий уруул, тагнайтай хүүхдүүд болон түлэгдсэн хүмүүст хандивын мэс засал хийдэг. Тэдэнд л миний суралцсан мэргэжил жинхэнэ утгаараа хэрэгтэй дээ. Ер нь эмч, тэр тусмаа мэс засалч байна гэдэг нь хөнгөн маягаар ямар нэг зүйлийг сурах гэж мөрөөддөг хүмүүсийн хийх ажил биш. Энэ бол оюуны асар их хөдөлмөр юм. Ширээний ард тэвчээртэй, олон цагаар ном уншин сууж, нойр хоолгүй олон цаг мэс засал хийн зогсож чадах тийм л хүмүүс хийдэг их хатуу мэргэжил шүү дээ.
66 66
Э.А. Хүн амьдралдаа дээгүүр авч явах ёстой зүйл юу вэ? Н.О. Эх орон, эрүүл мэнд, оюун ухаан, хүн чанар. Өнөөдөр бараг бүх монгол хүн эх нутагтаа хайртай хэмээн цээжээ дэлдэн омгорхож, эх орноо магтан дуулцгааж, шүлэг найраг бичиж, уул овоогоо тахин шүтэж ёслол хийцгээдэг. Тэгсэн хэрнээ монголчууд бид өөрсдөө л энэ сайхан онгон байгалийнхаа хөрсийг сэндийлж, гол усаа бохирдуулан, ой модоо огтолж зэрэмдэглээд дуусгалаа. Эх орноо ингэж хайрладаг ард түмэн биднээс өөр байдаг болов уу. Бас тэгээд хогоо хаа сайгүй хаяхыг нь яана. Хоёр жилийн өмнө би нэг америк эмчид хурдан морины уралдаан үзүүлэхээр явлаа. Гэтэл урд яваа машинуудын цонхоор хүмүүс идэж уусан зүйлсийнхээ хогийг байн байн гадагш шидэж, бас очсон газар маань яг л хогийн овоо шиг болсон байсан. Манай улс төр энэ хэвээрээ үргэлжилбэл хэдхэн жилийн дараа Монголын экосистем тэнцвэрээ алдан бүрмөсөн устаж, уух ус, найгах модгүй цөлжих болно. Тиймээс хойч үеийнхэн маань яаж амьдрах бол гэдгээс л айж байна. Э.А. Ганцаардал гэдэг хүн бүрийн хувьд ондоо. Заримд нь амралт, заримд нь шийтгэл болж байдаг. Та ганцаардлыг юу гэж хардаг вэ? Н.О. Ганцаардал гэдэг нь цор ганцаараа байж, бусдыг хийх гэж буй зүйлдээ хань татан үгүйлэх гэж би шууд утгаар нь ойлгоно. Тэгэхээр ганцаардал нь надад амралт биш шийтгэл. Миний хувьд ийм байдлаар ганцаардаж байсан тохиолдол маш их. Юуны тулд амьд байгаагаа мэдэхээ больтлоо ганцаардсан үеүд ч бий. Өнөөдөр ч гэсэн зарим зүйлд ганцаардсан хэвээр. Гэвч би ийм ганцаардал буюу шийтгэлийн өмнө бууж өгөхгүй л дээ. Харин ганцаараа байх гэдэг бол надад амралт. Дуртай хөгжмөө сонсонгоо хувийн ажлуудаа амжуулж, өөртөө зориулдаг хэсэгхэн ч гэсэн сайхан цаг. Э.А. “Амьдрал бол эрэл” гэсэн үг байдаг. Танд эрж явдаг зүйл бий юу? Н.О. Байлгүй яах вэ. Би хүний амьдралын утга учир, мөн чанар чухам юу юм бол гэдгийг эрж явдаг. Хүмүүс бид бусад амьд организмтай яг адил идэж, унтаж, сексдээд л, эцэст нь үр хүүхдээ үлдээчихээд л нас барцгаадаг. Энэ бүхний төлөө бас л бусад амьтадтай адил амьдралынхаа туршид ажиллацгаадаг. Хэдийгээр өнөөдөр энэ бүхэн нь байгалийн зохицол гэхээс өөр тайлбаргүй байгаа боловч дэлхий ертөнц яаж бий болсон, өөр гараг ертөнц дээр бидэнтэй адил амьд организм байгаа болов уу гэх мэт олон зүйлсийг мэдэж авч, учрыг нь олмоор л байдаг. Харамсалтай нь, би бусад судлаачид, гүн сэтгэгчдийн бичсэнийг уншихаас хэтэрдэггүй. 67 67
ЭКСКЛЮЗИВ Би анагаахын сургуулийг төгсөх үедээ зөвхөн байгалийн зохилдлого гэдгийг л ойлголгүй төгссөн. Одоо ч энэ тухай эрэл хийсээр л байна. Зөвхөн би ч биш, хэн ч үүнийг тов тодорхой мэдэхгүй шүү дээ. Би янз бүрийн шашны холбогдолтой олон номлолуудыг уншиж үзсэн боловч надад итгэл үнэмшил огт төрөөгүй. Харин эдгээр шашин хүмүүсийн сайн сайхны төлөө номлож байдгийг би хүндэтгэдэг. Энэ үзэл маань анагаахын сургууль төгссөн, шинжлэх ухааны ном уншдагтай минь л холбоотой юм болов уу даа. Э.А. Та 20 жилийн өмнөхөөсөө юугаараа илүү өөрчлөгдсөн бэ? Доторх хүнээр үү, гаднах төрхөөр үү? Н.О. Амьдралд тохиолддог бүхий л үйл явдлууд хүний дотоод ертөнцийг өөрчилж, гадаад байдалд тусгалаа олж байдаг. Ялангуяа баяр баясгалантай жаргалтай мөчүүдээс илүү зовлон зүдгүүртэй хүнд үеүд л хүнийг хүн шиг болгож хат суулгадаг байх. 20 жилийн өмнөхтэй харьцуулбал, миний тэмцэгч зан хэвээрээ, гэхдээ амьдралын энэ их нугачаанд нухлуулсаар байгаад аливаа зүйлд арай уян хатан, бас хашир ханддаг болсон юм уу даа. Э.А. Таныг маш сайн мэддэг тийм хүн байдаг уу? Н.О. Байхгүй. Бусдын дотоод ертөнцийг хэн ч 100 хувь нээж чадахгүй шүү дээ. Хэдийгээр ээж чинь эсвэл үй зайгүй найз нар чинь байлаа ч тухайн хүний амьдралаар л амьдраагүй бол яагаад ч тэр хүнийг маш сайн мэдэж чадахгүй. Надад сайн найз, сайн танилууд бий боловч тэд миний дотоод ертөнцийг нээлттэй цонхоор орчноо харж байгаа юм шигээр харж чадахгүй. Э.А. Өөрийгөө хамгийн их хорьдог зүйл тань юу вэ? Н.О. Залхуурч арчаагаа алдах, бохир байх, хэт их идэж таргалах, хөдөлгөөний дутагдалд орох, нэг хэвийн уйтгартай амьдрах. Э.А. Хүн ер нь ямар зориулалтаар төрдөг юм бэ, би ямар учраас төрсөн бэ гэж та боддог уу? Н.О. Энэ чинь тун сонин асуулт байна. Миний өнөөг хүртэл ойлгосноор бол бид байгалийн хуулийн дагуу л явсаар байгаа. Гэхдээ миний мэдэхээр хүн эхээс төрөхдөө ямар нэгэн зорилготой төрдөггүй, харин нийгэмшээд ухамсар сууж эхлэхээрээ л зорилготой болдог. Э.А. Таны эмзэглэл юу вэ? Хамгийн их баярлаж догдолдог, гуниглан шаналдаг зүйлс? Н.О. Өмнө нь миний эмзэглэл ихэвчлэн миний хийж байгаа зүйлтэй л холбоотой байсан. Маш хүнд хэцүү мэс заслыг сайн хийчихвэл баярлана, харин хүндрэл гарвал бараг үхтлээ шанална. Гэхдээ өнөөдөр би туршлагажиж, ийм шалтгаануудын улмаас баярлах, шаналахын аль аль нь цөөрч байгаа. Амьдрал бол тэмцэл гэдэг. Хүн бүхий л амьдралынхаа туршид тэмцэж, аажмаар хатуужсаар хэр баргийн зүйлд догдлоод байхаа больдог байх. Гэхдээ би байгалийн сайхныг харахаараа баярлан догдолж, сэтгэл сэргэн, гараа алдлан хашгирч гүймээр болдог. Сайхан хөгжим сонсож, амьдралыг янз бүрийн өнгөөр төсөөлөхдөө үнэхээр догдолдог. Харин миний хамгийн их гуниглаж шаналдаг зүйл гэвэл эх орны маань өнөөгийн нөхцөл байдал. Яах аргагүй би үүнд л их шаналдаг шүү. Тэр дундаа Монголын Эрүүл Мэндийн салбарт 27 жил ажилласныхаа хувьд энэ салбарын доройтол, болохгүй бүтэхгүй байгаа бүхэнд санаа зовнидог юм. Би Анагаахын их сургуульд дагалдан багшаас тэнхимийн эрхлэгч, Улсын клиникийн төв эмнэлэгт тасгийн эрхлэгч, зөвлөх эмч хүртлээ ажиллаж, бас залуудаа хөдөөд урт хугацааны томилолт аван ажиллаж байсан. 1991 онд Улсын хавдар судлалын төв эмнэлэгт Толгой хүзүүний мэс заслын тасгийг цоо шинээр байгуулж, урьд өмнө нь манайд огт хийж байгаагүй олон аргачлалыг нэвтрүүлэн, гэр орноо ч мартан өдөр шөнөгүй зүтгэж байсан. Дараа нь хувийн эмнэлэгт 14 жил ажиллахдаа мөн л шинэ шинэ аргачлалуудыг эрэлхийлэн нэвтрүүлж, өнөөдөр ч бас зүтгэсээр л байна. Бас гадаадын өндөр хөгжилтэй орнуудын эрүүл мэндийн системийг нүдээр үзэж, биеэр туулж, мэргэжил нэгтэй олон найзуудтай болсон. Тэгэхээр би энэ салбарын тогоонд харьцангуйгаар хангалттай чанагдсан гэж хэлж болох байх. Энэ бүхний эцэст, манай улсын өнөөгийн эрүүл мэндийн салбарт нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх нь маш чухал байгааг л дахин дахин хэлмээр байна. 68
69
Гэрэл зургийг Б.Батхүлэг /Ku-G/
Манай Эрүүл Мэндийн Яам, Боловсролын Яам нарийн мэргэшлийн эмч нарыг чанартай бэлтгэхэд чиг бодлогоо зэрэг хандуулбал монголчуудын эрүүл мэндийн байдал дээшилж, наслалт уртсах боломж бий. Э.А. Эмч хүний алдааг хэн ч уучилж чаддаггүй. Заримдаа алдаа гаргах эрхгүйдээ шаналдаг уу? Н.О. Би мэргэжилдээ үнэнчээр явж, үхэл амьдралын заагийг туулж, юу эсийг үзсэн гэх вэ. Тэр хооронд шаналж шантармаар үе олон байсан. Гэхдээ би өөрөө л энэ мэргэжлийг сонгож өчнөөн жил суралцсан, ухрах зам байхгүй учраас улам ихийг суралцахыг л цаг үргэлж хичээсээр ирсэн дээ. Он жил улирах тусам мэргэжилдээ улам бүр дурлаж, туршлагажиж байгаадаа баярладаг. Э.А. Танд хувийн амьдралдаа хийж байсан их том алдаа байдаг уу? Н.О. Зарим хүмүүст бага санагдах боловч надад бол том, тэдний хувьд том боловч надад бага санагдах алдаа цөөнгүй бий. Би хүний амьдралд тохиолдож болох бүхнээс л бага сагыг амсаж явна. □