Малын махны эрүүл мэндийн ач холбогдол Хураангуй Таван хошуу малын( улаан мах) нь өөхний агууламж өндөр бөгөөд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй хэмээн үзэх нь бий.Иймээс махны хэрэглээг бууруулах нь бодисын солилцооны хямрал, хорт хавдар, хэт таргалалт зэрэг өвчнөөс сэрэмжлэх ач холбогдолтой хэмээн зөвлөдөг. Гэхдээ мах нь биологийн өндөр ач холбогдолтой төгс уургийн баялаг эх үүсвэр юм. Түүнчлэн маханд агуулагдах зарим эрдэс бодис, аминдэм зэрэг бичил шимт нэгдлүүд нь ургамлын гаралтай хүнсэнд байхгүй, эсвэл шингэц нь тааруу байдаг. Үүний зэрэгцээ мах нь, нүүрс усны агууламж багатай учраас хэт таргалалт, шижин, хорт хавдрын үед сувиллын хоолны суурь байдлаар хэрэглэхэд харин ч тохиромжтой байх онолын үндэстэй. Түлхүүр үг: “улаан” мах, төгс уураг, шимт бодис, тосны хүчил Оршил Хүн амын амьжиргааны түвшин дээшлэхэд “улаан” хэмээх тодотголтой таван хошуу малын махны хэрэглээ нэмэгддэгийг зах зээл судлаач мэргэжилтнүүд тогтоожээ. Гэтэл хөгжингүй нийгэмд түгээмэл зарим өвчин, тухайлбал судасны хана хатуурах, цусны даралт нэмэгдэх эмгэг, хэт таргалалт, зарим эрхтэний хорт хавдар зэргийг мөн л “улаан” мах, махан бүтээгдхүүний хэрэглээтэй холбож тайлбарлах нь бий. Үүний улмаас, махны хэрэглээг бууруулах, цагаан хоолны дэглэм баримтлах эрмэлзэлтэй хүний тоо өссөөр байна. Иймд махыг яагаад “сөрөг” хэмээн үзэж байна вэ, махнаас татгалзсанаар эрүүл мэндээ хамгаалж,өвчин эмгэгт өртөхгүй байж болох уу гэсэн асуултанд үндэстэй хариу өгөх шаардлага, салбарын мэргэжилтнүүдийн өмнө тулгарч байна. Махны найрлага Юуны өмнө махны бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар авч үзье. Мах нь уургийн агууламж өндөртэй учраас ялангуяа шулуун гэдэсний хавдар өдөөх эрсдэлтэй хэмээн үздэг. Гэхдээ уургийн хэрэглээ ба уг өвчний хоорондох шууд хамаарлыг бүрэн баталсан судалгааны ажлын дүн одоогоор байхгүй байна. Харин “улаан” мах болон боловсруулсан махан бүтээгдэхүүнийг өдөрт хоёроос илүү удаа идэхэд дээрх эрсдэл нэмэгдэх хандлагатайг зарим судлаачид ажиглажээ. Хүнсний уургийн тоо хэмжээнээс илүүтэйгээр түүний төрөл нь хавдар үүсэхэд ямар нэгэн байдлаар нөлөөлдөг байж болзошгүй юм. Жишээ нь, метиониноор баялаг хүнсний хэрэглээ шулуун гэдэсний хавдрыг өдөөх магадлал өндөртэй байна. Түүнчлэн, тослог хоол, туршилтын харханд хавдар үүсэхэд хүргэдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Иймээс өөхгүй махны хэрэглээ шулуун гэдэсний хавдар үүсгэхгүй гэж үзэж болох юм. Өөх тос: Нилээн олон жилийн өмнө хийгдсэн судалгаагаар өөх тосны хэрэглээ ба хөхний, шулуун гэдэсний, түрүү булчирхайн хавдрын тохиолдлын хооронд эерэг хамаарал байна гэсэн таамаглал дэвшүүлсэн бий. Харин сүүлийн жилүүдэд олон тооны бүлэг болон хувь хүмүүс хамруулж өргөн хүрээтэй явуулсан судалгааны дүн шинжилгээгээр, өөх тосны хэрэглээ ба шулуун гэдэсний хавдрын өвчлөлийн хооронд ямарваа хамаарал илрүүлээгүй байна. Хоёр тохиолдолд л хөхний хавдартай холбоотой байж болох хандлага ажиглагджээ. Таван хошуу малын мах нь өөх тосны эх үүсвэр болж шулуун гэдэсний хавдар үүсгэх эрсдэлтэй хэмээх таамаглал нь, “тос, цөсний хүчлийн шүүрлийг эрчимжүүлдэг, цөсний хүчил нь хорт хавдар өдөөгчид хувирдаг” гэдэг төсөөлөлд үндэслэдэг. Сүүлийн үед явуулж байгаа олон судалгааны янз бүрийн үр дүн нь бүхэлдээ, өөх тосны талаар өнөөг хүртэл баримталж ирсэн сөрөг төсөөлөлд бүрэн тохирохгүй байгаа юм. Махны өөхний агууламж өргөн хүрээнд хэлбэлздэг бөгөөд биологийн үүрэг, нөлөө нь ч олон янз байна. Жишээ нь, малын махны тосонд агуулагдах пальмитиний хүчил, аденомын өсгөвөрлөсөн эсийн хуваагдлыг эрчимжүүлдэг. Гэтэл стеариний хүчил ийм үйлчилгээ үзүүлдэггүй болохыг тогтоожээ. Махны өөх, тосны хүчлийн бүрдлийн эсвэл бүтцийн онцлогоосоо хамааран харьцангуй бага шимэгддэг. Түүний дээр организмд өөх тос задрах, дахин эфиржих процесс хувь хүний физиологийн онцлогтой холбоотой. Эцэст нь липидэд хамаарахгүй