Мал аж ахуй эрхлэх тогтолцоо

Page 1

МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХ ТОГТОЛЦОО

Хураангуй Мал аж ахуй эрхлэх нь нийлмэл, олон бүрэлдэхүүнт, харилцан холбоотой үйл ажиллагаа бөгөөд түүний үр өгөөж нь байгаль-цаг уурын нөхцөл, эдэлбэр газар, мал, малчин хүн, ус, бэлчээр тэжээлийн нөөц, түүнчлэн хөрөнгө оруулалт зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Олон улсын хэмжээнд мал аж ахуйг янз бүрийн аргаар, янз бүрийн орчинд, харилцан адилгүй түвшинд эрхэлдэг бөгөөд биологийн өгөөж нь мөн өөр өөр байна. Аж үйлдвэржсэн, өндөр хөгжилтэй орнуудад малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тогтолцоо нь технологижсон, эрчимжсэн, хөрөнгө оруулалт өндөртэй, харин хөгжиж буй орнуудад үүний эсрэгээрээ байдаг. Дэлхийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тодорхойлсноор мал аж ахуйг эрхлэх - үйлдвэржсэн, холимог, бэлчээрийн хэмээх гурван үндсэн тогтолцоо байна [1].

ҮЙЛДВЭРЖСЭН ТОГТОЛЦОО Малын тэжээлийн хангамж нь газар, бэлчээрээс хамааралгүй байхыг “үйлдвэржсэн мал аж ахуй эрхлэх” тогтолцоо гэнэ. Үйлдвэржсэн аж ахуй - “factory farming” нь хязгаарлагдмал бага орон зайд олон тооны мал, амьтдыг эрчимтэй өсгөх үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл ферм нь “аж үйлдвэр” байдлаар ажиллаж, мах, сүү, өндөг зэрэг бүтээгдэхүүнийг “үйлдвэрлэдэг”. Энэ тогтолцоонд тухайн үйлдвэрлэлд шаардлагатай тэжээл, эрчим хүч, бусад зүйлсийг үндсэндээ гадны эх үүсвэрээс бүрэн хангадаг байна. Өнгөрсөн зууны 20-иод оноос гэрийн тэжээвэр амьтдаас хамгийн анх тахиаг байран аргаар өсгөж эхэлсэн түүхтэй [2]. Импортын махан бүтээгдэхүүнээс хараат байдлаас гарахын тулд засгийн газраас үзүүлсэн тусламжийн хүрээнд Их Британийн фермерүүд 1947 оноос мал аж ахуйг анх энэ аргаар эрхэлсэн байдаг [3]. Аминдэмийг нийлэгжүүлэн гаргаж авсан, антибиотик, вакцин нээсэн зэрэг нь мал амьтдыг нэг дор, олон тоогоор өсгөж үржүүлэх үйл ажиллагааг үлэмжхэн хөнгөвчилсөн байна. Хүн амын амьтны гаралтай уургийн хэрэгцээг хямд өртөгтэй эх үүсвэрээс хангахад эрчимжсэн мал аж ахуй тодорхой хувь нэмэртэй нь эргэлзээгүй. Гэхдээ чухамхүү аль болох хямд мах, сүү, өндөг үйлдвэрлэхийн тулд бага зай талбайд мал амьтдыг олноор хашин тэжээж, өсөлтийг нь түргэтгэхийн тулд бордоо, даавраар, өвчний дэгдэлтээс сэргийлэн антибиотикоор “бөмбөгддөг”. Үйлдвэржсэн аж ахуйд мал амьтдын хөдөлгөөн, амьдралынх нь процессийг хязгаарлахын тулд шүдийг нь сугалж авах, сүүлийг таслах, хошууг тайрах зэрэг энэрэнгүй бус ажилбар хийгддэг. Үржүүлгийн хөтөлбөр нь давчуу орон зайд дасан зохицож, хүнсний бүтээгдэхүүн тогтвортой өгч чадахуйц мал, амьтад гаргаж авахад чиглэгддэг байна. Ийм нөхцөлд өсч үржиж байгаа малын төрөлх шинж чанар, тухайлбал, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа алдагдах нь тодорхой бөгөөд ашиг шимийг нь хиймлээр бүрдүүлдэг тул үйлдвэржсэн аж ахуйгаас бэлтгэсэн мах, сүүг байгалийн бүтээгдэхүүн гэж үзэхэд хүндрэлтэй юм. Түүнчлэн үлэмж хэмжээний хүчит тэжээл ашигладагтай холбоотойгоор малын ялгадсын хамтаар ихээр ялгардаг азот, фосфор, шивтрийн хий нь хүрээлэн байгаа орчныг бохирдуулж, хүний эрүүл мэндэд дам сөрөг нөлөө үзүүлдэг, тэрчлэн малын тэжээл тариалахын тулд ой модыг устгадаг, ургацыг нэмэгдүүлэхийн тулд пестицид, гербицид ихээр хэрэглэдэг зэргээс үйлдвэржсэн тогтолцооны экологийн “үнэ өртөг”-ийг баримжаалж болно. Гэсэн хэдий ч дэлхийн хэмжээнд гахай, шувууны мах үйлдвэрлэлийн 50 гаруй хувь, үхэр, хонины мах үйлдвэрлэлийн 10 орчим хувь үйлдвэржсэн тогтолцоонд нэгэнт шилжээд байна [4]. Манай бизнес эрхлэгчдийн өөрсдөө болоод гадны хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэйгээр импортоор оруулж ирж хиам, махан бүтээгдэхүүний болон түргэн хоолны үйлдвэрлэлд хэрэглэж байгаа гахай, тахианы мах, өндөг чухамхүү ийм аж ахуйгаас гаралтай байх бүрэн магадлалтай. ХОЛИМОГ ТОГТОЛЦОО Дэлхийн хэмжээнд холимог тогтолцоот фермүүд нь 2.5 тэрбум га газар, түүний дотор 1.3 тэрбум га байгалийн болон зориудын усалгаат тариалангийн талбай, 1.2 тэрбум га бэлчээрийг хамаарч, газар


тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослуулан эрхэлдэг. Энэ нь мал аж ахуй эрхлэх хамгийн өргөн хүрээт тогтолцоо юм. Хосолмол тогтолцоот аж ахуй нь дэлхийн түвшинд нийт махны 55 орчим хувь, түүний дотор хонь, ямааны махны 70%, сүүний 90 орчим хувийг үйлдвэрлэдэг. Хөгжиж буй ихэнх орны жижиг аж ахуй эрхлэгчид энэхүү тогтолцоонд түшиглэн үйл ажиллагаагаа явуулдаг. Хосолмол аж ахуйд нэг салбараас гарах дагалдах бүтээгдэхүүн нөгөөдөө (жишээ нь тариан талбайд үлдэх сүрэл малын тэжээл болно, малын бууцаар талбайг бордоно) ашиглагддаг учраас энэ нь хаягдалгүй битүү гинжин систем бөгөөд хүрээлэн байгаа орчинд ээлтэй, түүнчлэн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тохиромжтой тогтолцоо юм. БЭЛЧЭЭРИЙН ТОГТОЛЦОО Малын тэжээлийн хуурай массын 90-ээс илүү хувийг бэлчээрийн өвс ургамлаар хангадаг, үйлдвэрлэлийн нийт өртгийн 10 хүрэхгүй хувь нь мал аж ахуйн бус үйл ажиллагаанаас гаралтай тогтолцоо юм. Дэлхийн нийт ашигтай талбайн 2.2 сая км2 газрыг бэлчээр байдлаар ашигладаг. Хуурай, хагас хуурай, чийглэг, халуун бүсэд тархан байрлах бэлчээрт нийт 360 сая орчим үхэр, 600 сая гаруй хонь, ямаа малладаг байна. Бэлчээрийн тогтолцоот аж ахуйд мал амьтад чөлөөтэй бэлчээрлэн, байгалийн өвс ургамлаас өөртөө хэрэгтэйг сонгон иддэг. Тэжээлээ сонгож идэх төрөлх зөн нь “зөрчигдөөгүй” учраас малын бие махбодийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, улмаар мах, сүү нь амттай, шим тэжээлт чанар нь сайн байдаг. Бэлчээрийн мал аж ахуй нь хүрээлэн байгаа орчинд хөнөөл багатай, бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд ээлтэй, түүнчлэн харьцангуй бага зардлаар эрхлэх боломжтой учраас орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг олон сайн талтай юм. Энэхүү тогтолцоо өнөөдөр дэлхий дээр 20 сая орчим малчин өрх, үүнийг дагалдаад 200 орчим сая хүний орлогын гол эх үүсвэр болдог бөгөөд дэлхийн нийт үхрийн махны үйлдвэрлэлд 9 орчим хувийг, хонь, ямааны махныхад 30 хүрэхгүй хувийг эзэлдэг байна. ДҮГНЭЛТ Сүүлийн жилүүдэд амьтны болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалагчид, мөн байгаль хамгаалагчид, өөрийн эрүүл мэндийг эрхэмлэгч хэрэглэгчдийн шаардлага, хүсэлтээр олон улс орон, мах, сүү үйлдвэрлэх үйлдвэржсэн тогтолцооны эерэг, сөрөг талыг нухацтай дэнслэн үзсэний үндсэн дээр бэлчээрийн маллагааны давуу талыг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлэх болсон учраас бэлчээрийн мал аж ахуйтай улс орон, түүний дотор манай орны малын гаралтай бүтээгдэхүүн, холбогдох зах зээлд хэмжээний хувьд зонхилохгүй хэдий ч нэр хүнд, эрэлт хэрэгцээ нь нэмэгдэх нь дамжиггүй юм. Гагцхүү бэлчээрийн мал аж ахуйн бүтээгдэхүүн жинхэнэ “органик”болохыг судалгаа-шинжилгээний дүнгээр бататгаж, холбогдох бичиг баримтыг боловсруулан, зах зээлд дээр сурталчлах ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. 1. 2. 3. 4.

“Livestock & the environment: Finding a balance”, FAO Study report, C. de Haan, H. Steinfeld, H. Blackburn, 1997, http://www.fao.org/docrep/x5303e http://wikipedia.org/wiki/factory_farming http://sustainabletable.org/issues/health http://cfpub.epa.gov/npdes

Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцаа ТА8960 MON төслийн махны салбарын асуудал хариуцсан зөвлөх Б.Энхтуяа


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.