Surguuliin medeend (1)

Page 1

Урологийн сурах бичиг : Анагаах ухааны их дээд сургууль, коллежийн оюутнууд болон эмч нарт зориулав. /Д.Нямсүрэн, Д.Баян-Өндөр, Ж.Хорлоо, Н.Нямбаяр ба бус. Хянан тох. Ж.Хорлоо. – УБ. : Мөнхийн үсэг, 2017. – 613х., зураг ISBN 978-99978-1-404-3 Нийт 19 бүлэгтэй энэ номонд уролог, андрологийн зонхилон тохиолддог өвчнүүдийн үүсэл шалтгаан, эмгэг жам, явц, шинж, тэмдэг, ялган оношлох арга, эмийн ба мэс заслын эмчилгээ, дэглэм, цаашдын тавилан, урьдчилан сэргийлэх талаар ойлгомжтой дэлгэрэнгүй тодорхой дурьдсан нь оюутнууд, нийт эмч нар ерөнхий болоод бөөрний мэс заслын эмч мэргэжилтнүүдийн өдөр тутмын хэрэгцээний ширээний ном болсон байна. Номын мэдээллүүдийг хүснэгт, бодитой зураг дүрслэлүүдээр баяжуулж өгсөн нь сэдвүүдийг улам ойлгомжтой, тодорхой болсны дотор орчин үед манай орны эмнэлгийн үйл ажиллагаанд тулгамдаж буй антибиотик эмчилгээний талаар чухал мэдээлэл авах боломжтой болсон нь энэ номын ач холбогдлыг улам өргөжээ.


Жамбалжав Л. Бөөр шилжүүлэн суулгалт. /Ред. Д.Нямсүрэн. Шинэчлэн засварласан хоёр дахь хэвлэл. – УБ. : Ном хур, 2017. – 384х., зураг ISBN 978-99962-984-3-1 Уг номонд эрхтэн шилжүүлэх мэс заслын эмчилгээний тулгуур бүрэлдэхүүн болсон донорын тухай, бөөр хүлээн авагчийн тухай, донор рициентийн тохироог эд нийцэл, молекул биологийн аргаар шинжлэх, бөөр шилжүүлэн суулгах мэс заслын аргын техник, мэдээгүйжүүлгийн хэлбэрүүд, дархлал дарангуйлах эмчилгээ, ялангуяа эрхтэн шилжүүлэлтийн дараах эрт үеийн эмчилгээ, хяналтын асуудлыг онолын талаас хэвлэлийн материалд үндэслэн энэ чиглэлээр ажиллах залуу мэргэжилтнүүдэд ерөнхий зарчмыг ойлгуулах үүднээс дэлгэрэнгүй бичжээ.


Монгол улсын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал. /Эмхт. Ц.Лхагвасүрэн, Ред. П.Нямдаваа. – УБ.: Импрессколоур ХХК-ны хэвлэх, 2016. –193х. ISBN 978-99973-901-7-2 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэх, чанарын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал” үнэлгээний ажлыг ЭМЯ-ны санаачлага захиалгаар тэр үеийн ЭМШУИС-ийн эрдэмтэн, судлаач, багш нарын баг 2012-2013 онд хийж гүйцэтгэсэн. Уг үнэлгээг ЭМШУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын 100 гаруй эрдэмтэн багш, судлаач нараас бүрдсэн баг гүйцэтгэсэн тул салбарын удирдлага, тэргүүлэх мэргэжилтнүүдэд болон төр, засгийн шийдвэр гаргагсадад санаа авах, гүнзгийрүүлэн судлах баримжаа болгох итгэлээр уг судалгааны гол үр дүнг базан нэгтгэн энэхүү товхимолыг бэлтгэжээ.


Цагаанхүү Г., Товуудорж А., Отгонбаяр Л. Мэдрэл судлалын тэнхимийн 70 жилийн түүхэн товчоон. /Ред. Д.Өлзийбаяр. – УБ.: 2017. - 232х. ISBN 978-99978-1-528-6 АШУҮИС, Анагаах ухааны сургуулийн Мэдрэл судлалын тэнхим үндэслэгдэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан энэхүү түүхэн номонд тэнхимийн он дарааллын бичлэг, бүтээл туурвилын товчоон, мэдрэлийн салбарыг үндэслэгч алдартнууд, тэднийг залгамжлагчдын намтар түүхийн хураангуй, баримт, дурсамж, тэмдэглэлийг багтаан өгүүлжээ.


Хайрулла Ж. Миний эрэгцүүлэл. Дэд дэвтэр. –УБ. : 2019. – 230х. Тавин хоёр жил багшийн ажил хийж олон арван оюутан залуучуудыг мэргэжлийн дүйтэй болгон хүмүүжүүлэхэд шөнийн нойр, өдрийн амралтаа умартан зүтгэж, өөрийгөө бас боловсруулан хөгжүүлэх гэж тэмүүлж явахдаа ихийг үзэж бага боловч тогтоож авсаныгаа хойч үедээ өвлүүлэн үлдээхийг зорьсон нь энэ буюу. Тавь гаруй жил, өвдөж шаналсан, аврал эрж гуйсан, уйлсан хүмүүстэй адилхан сэтгэл өвдөж, бие чилээрхэн явахдаа өөрөө эндэж байсан ч хүний амийг аварч, зовлонг нимгэлэх хэрэгтэй гэдэг сааршгүй санаагаар уйгагүй оролдож, ухрахгүй тэмцэж явахдаа санаанд нь үлдэж, сэтгэлд нь хоногшсон, хэн хүнд хэрэг болох байх гэж төсөөлсөн зүйлсээ хойч үедээ уламжлуулан үлдээхийг эрмэлзсэн нь энэ номын хуудсанд бичигдсэн байна.


Лхагвасүрэн Ц., Пунцаг Ч., Батчулуун Б. Алдарт Жалелийн Хайрулла багштан. Монголын Анагаахын Мэргэд Боть- 26. /Эмхэт. С.Абай. –УБ.: Мөнхийн үсэг, 2017. – 252х. Мэдрэлийн мэс засал гэж юу болох, хэнд хэрэгтэй, тэр мэргэжлийн эмч сувилагчдыг хэрхэн яаж бэлтгэх, дээд газрынхны ой тойнд хэрхэн хүргэж холбогдох тушаал шийдвэрийг гаргуулах, энэ албыг бүхэл бүтэн ажил болгон авч явах гэхчилэн түмэн ажлыг чирсээр өдийг хүртэл хөгжүүлж ирсэн тавь жаран жилийг элээсэн нөр их хөдөлмөр, уйгагүй оролдлогыг гаргасан Анагаах ухааны гэрэлт өндөрлөг-мэдрэлийн мэс заслын албыг Монголдоо хөгжүүлж чадсан Ж.Хайрулла багштны тухай энэхүү номонд өгүүлжээ.


Лхагвасүрэн Ц. Академич Цэрэнхүүгийн Лхагвасүрэн. Боть–1. Ухаарал хайрласан он жилүүд. /Эмхэт. Д.Амарсайхан, Толилсон Б.Дагданбазар. – УБ.: Мөнхийн үсэг, 2017. -370х. ISBN 978-99973-3-652-1 Хүүхэд ахуй нас болоод оюутан насны амьдрал, тэрчлэн эмчийн мэргэжил эзэмшээд амаргүй ажил албатай золгосон үеийн тухай, Анагаах ухааны дээд сургуульд багшилж эхэлсэн буюу ажил хөдөлмөрийн гал голомт болсон Эрүүл ба эмгэг физиологийн тэнхимийн хамт олны тухай, багш нараас минь ирүүлсэн дурсамж, шавь нартай болсон тухай, номын садан болсон эрдэмтэн шавь нарынхаа тухай дурсамжууд, тэднийгээ эрдмийн дөрөөнд хүргэх амаргүй ажил үйлсийн тухай, бодож бичиж байсан эрэгцүүлэл, хэлсэн үгсээсээ нийтэлжээ.


Лхагвасүрэн Ц. Академич Цэрэнхүүгийн Лхагвасүрэн. Боть-2. Хөгжилд хөтлөгдсөн он жилүүд. /Эмхэт. Д.Цэрэндагва, Толилсон Б.Дагданбазар. – УБ.: Мөнхийн үсэг, 2017. -448х. ISBN 978-99973-3-651-8 ЭМШУИС буюу одоогийн АШУҮИС-ийн хөгжлийнхөө 70 жилийн хугацаанд Монгол улсад гүйцэтгэсэн түүхэн бахархал болоод их сургуулийн үнэ цэнийн тухай, их сургуулийн захирлын хэлсэн үг, тус сургуулийн захирлаар ажилласан 17 жилийн хугацаанд хамт олонтойгоо хамтран хийж гүйцэтгэсэн ажлын сорчилсон тайлан буюу он цагийн товчоон, их сургуулийн ажил амьдралтай холбоотой бодол эрэгцүүлэл, хамтран ажилласан захирлуудынхаа тухай, “Монголын анагаахын мэргэд” цуврал номыг санаачлан бүтээсэн болоод эрдэмт багш нарынхаа тухай бичсэн дурсамжууд багтжээ.


Лхагвасүрэн Ц. Академич Цэрэнхүүгийн Лхагвасүрэн. Боть-3. Анагаах эрдэм судлал. /Эмхэт. Н.Сүмбэрзул, Толилсон Я.Амаржаргал.–УБ.: Мөнхийн үсэг, 2017. – 360х. ISBN 978-99973-3-653-8 Эрдэм судлалын бүтээлүүдийн жагсаалт болоод товчоон, анагаах эрдэм судлалын ажил хийх болсон тухай, номын их багш нарынхаа тухай дурсамж тэмдэглэл, анагаах ухааны дэд докторын болон анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан бүтээлийн хураангуй, мэргэжлийн чиглэлээрээ ажиллаж хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээний төсөлт ажлуудын товч үр дүн, бичиж туурвисан ном сурах бичиг, нэг сэдэвт зохиол бүтээлүүдийн тухай товч танилцуулга мөн хамтран бүтээсэн бүтээлүүдийн зохиогчийн эрхийн болон анх санаачлагчийн гэрчилгээ, баталгаа, хамтран ажиллаж байсан хүмүүсийн дурсамж сэтгэгдэл зэргийг багтаан өгүүлжээ.


Лхагвасүрэн Ц. Академич Цэрэнхүүгийн Лхагвасүрэн. Боть-4. Анагаах эрдэм боловсрол. /Эмхэт. Д.Отгонбаяр, Толилсон Г.Чойжамц. – УБ.: Мөнхийн үсэг, 2017. -304х. ISBN 978-99973-3-654-5 Анагаах ухааны боловсрол судлалын ухааныг судлах болсон тухай, Монгол улсад анагаах ухааны боловсрол үүсч хөгжсөн түүх, эмч бэлтгэх Үндэсний мэргэжлийн сургалтыг шинэчлэн боловсронгуй болгох түүхэн үйл явцын тухай, эмч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг шинэчилсэн тухай болоод түүний үр өгөөж, гадаадын шинжээчдээр сургалтын хөтөлбөртөө хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн магадлан итгэмжлүүлсэн дүн, анагаахын сургуулийн сургалтын хөтөлбөр, сургалтын арга технологийн шинэчлэл, анагаах ухааны боловсрол судлалын чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг хөгжүүлсэн тухай профессор багш нарын дурсамж сэтгэгдэл, Монгол улсын эрүүл мэнд болоод дээд боловсролын салбарын өнөөгийн байдлын тухай бодол эрэгцүүлэл зэргийг багтаажээ.


Лхагвасүрэн Ц. Академич Цэрэнхүүгийн Лхагвасүрэн. Боть-5. Андгай тангараг мину. /Эмхэт. Д.Мягмарцэрэн, Толилсон Ш.Батбаяр. – УБ.: Мөнхийн үсэг, 2017. -353х. ISBN 978-99973-3-655-2 Гадаад хэл сурахаар хичээн чармайсан дурсамж болон олон улсын эмчийн тангараг буюу Гиппократын тангаргийг эх хэлнээ хөрвүүлсэн орчуулга буюу Монгол улсад хүний их эмчийн тангараг бий болсон тухай, эмчийн тангаргийн тухай бодол эрэгцүүлэл, тэрчлэн анагаахын оюутны тангараг бүтээсэн тухай, Ганс Селлегийн бичсэн “Стресс”номыг эх хэлнээ буулгасан орчуулга, Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны суурь боловсролын чанарын баталгааны талаарх ДЭМБ-ын удирдамж хэмээх баримт бичгийн орчуулга, Оксфордын гарын авлагын “Дотоод шүүрэл судлал” гэсэн бүлгийн орчуулга, “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг илрүүлэх судалгаа” гарын авлагын орчуулга зэргийг багтаасан болно.


Лхагвасүрэн Ц. Академич Цэрэнхүүгийн Лхагвасүрэн. Боть-6. Хувь тавилан мину. / Эмхэт. Л.Мөнхтулга, Толилсон О.Сарантуяа. – УБ.: Мөнхийн үсэг, 2017. -250х. ISBN 978-99973-3-656-9 Өсөж өндийсөн төрсөн нутгийнхаа болон өвөг буурлуудынхаа нутаг усны тухай болон эцэг, эх өвгөд дээдсийнхээ тухай, хамаатан садангууд, тэдний дундаас төрсөн эрдэм номтой хүмүүсийн тухай тоймлон нийтэлсэн болно. Буурал түүхийн нугачаанд хүмүүн бид бүгдээрээ өвөг дээдсээс өвлөсөн сийрэг ухаан, уужуу сэтгэлээр өрх гэр, төрт улсаа хөгжүүлэн аж төрөх гэсэн санааг үр хойчдоо ухааруулахыг зорьжээ.


Анагаахын иж бүрэн гарын авлага : Айл бүрт зориулсан эрүүл мэндийн дэлгэрэнгүй лавлах /Ерөнхий Ред. Майкл Питерс. – УБ.: Нэпко, 2017. – 648х. (Их Британийн Анагаах Ухааны Холбоо) ISBN 978-99978-50-00-3 Энэхүү бүтээл уншигч олонд хүний биеийн анатоми, физиологийн талаар дэлгэрэнгүй ойлголт өгөхөөс гадна биеийн бүтэц ба онцлогийн тайлбар, эрүүл мэнд, энх эсэн амьдрахуйн урлагийн нэвтэрхий лавлах бичиг болох юм. Эрүүл мэнд, анагаах ухааны салбарын зөв мэдээлэл, зөв ойлголт, зөв тайлбар бол зөв амьдрал, урт наслалт, удаан жаргалын маргашгүй сурвалж билээ.


Рагчаа Д. Биологийн ойлгол ухагдахууны тайлбар толь бичиг /Эмхт. Д.Рагчаа, Ерөнхий Ред. Д.Эрдэнэбат, Ред. Р.Оюун-Эрдэнэ. – УБ.: Мөнхийн үсэг, 2017. -407х. ISBN 978-99978-1-336-7 Энэхүү тайлбар толь бичигт сургалтын болон гүнзгийрүүлэн судлах ажлын хүрээнд зориулан биологийн гол гол тулгуур ухагдахуун, ойлголтуудыг хялбархан ойлгогдохуйц, шинжлэх ухааны хэл тайлбартайгаар оруулсан болно. Ухагдахуун, ойлголтуудын нэрийг орос нэршилтэй, анагаах ухаан, эрүүл мэндийн холбоотой нэр томъёон дээр латин нэршлийг дагалдуулсан. Биологийн шинжлэх ухааныг сонирхон судлагчид, энэ чиглэлээр сурахыг хүсэгч сурагч, оюутан хүмүүст мэдлэг өгөх, түүнчлэн мэргэжлийн эмч, сувилагч, биологийн багш, бусад мэргэжлийн хүмүүст сурсан, мэдсэн, сонссоноо сэргээн тодруулах, зарим ухагдахууны талаар шинэ ойлголт олж авахад энэ ном туслах болно.


Нямдаваа П. Бүтээлийн товчоон. Боть -12 : Вирүст халдвар /Зохиогчийн эх бэлтгэсэн Н.Наранбат, Э.Саруул, Ботийн ред. М.Алтанхүү. – УБ.: Адмон, 2017. -554х. ISBN 978-99978-1-436-4 XII ботьд судалгаа шинжилгээний гол чиглэл болох вирүс судлалаар сүүлийн 10 жилд хийсэн ажлын тайлан бөгөөд дийлэнх нь нэгдэн орсон консерциумуудын судлаачидтай хамтран боловсруулж, олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн (peer reviewed) сэтгүүлүүдэд англи хэлээр нийтлүүлсэн бүтээлүүд болно.


Нямдаваа П. Бүтээлийн товчоон. Боть - 13 : Дархлаа, дархлаажуулалт 2 / Зохиогчийн эх бэлтгэсэн Н.Наранбат, Ботийн ред. Н.Цэнд. – УБ.: Адмон, 2017. -228х. ISBN 978-99978-927-0-6 Энэхүү XIII ботид дархлаа, дархлаажуулалтын судалгаа, дархлаажуулалтын сурталчилгаа, Вакцин хэмээх ээлтэй “үхэржин” нэмэн засварласан хоёрдох хэвлэл, Бодоогийн эсрэг вакцин анх бүтээсэн Монгол эрдэмтэн оточ өгүүлэл, вакцин бол нийгмийн эрүүл мэндийн хамгийн хүчтэй, бас үр дүнтэй зэвсэг мөн, Улаанбурхан, вакцинаас хоцорсон эсвэл дутуу дархлаажсан хүүхдүүдийг түүж өвчлүүлж байна зэрэг ярилцлага багтжээ.


Нямдаваа П. Бүтээлийн товчоон. Боть - 14 : Бактерт халдвар, геногеографи /Зохиогчийн эх бэлтгэсэн Н.Наранбат, Ботийн ред. Д.Анхлан. –УБ.: Адмон, 2017. -238х. ISBN 978-99978-927-1-3 “Бактерт халдвар” гэсэн хэсэгт мэнэн үүсгэгч зарим нян, сүрьеэгийн үүсгэгч, бэлгийн замын халдварын үүсгэгчийг нуклейн хүчилд тулгуурласан аргаар илрүүлэх, ялган оношлох талын судалгааны дүнг илтгэсэн цөөн хэдэн өгүүлэл оржээ. Хоёрдугаар хэсэг нь “Геногеографи” гэсэн нэртэй бөгөөд хүний популяцуудын удам төрлийн холбоо, нүүдэл-суурьшлын учир холбогдлыг зарим олон полиморфизмтой маркер, тухайлбал, хүний У хромосомын болон митохондрийн ДНХ-ийн полиморфизмоор хөөн судлах консорциум судалгааны дүнгээс орсон болно.


Нямдаваа П. Бүтээлийн товчоон. Боть - 15 : Анагаах ухааны нэр томъёо 2 : Монгол анагаах ухааны нэр томъёоны англи, герман, латин, орос, франц хэлээр хадмал орчуулгатай товч тайлбар толь / Зохиогчийн эх бэлтгэсэн Т.Оюунбат, Н.Амжил, Ботийн ред. Л.Болд, Л.Лхагва. - Нэмэн засварласан гуравдахь хэвлэл – УБ.: Адмон, 2017. -492х. ISBN 978-99978-927-5-1 Анагаах ухааны ном, зохиолыг европын зонхилох хэлээр үзэх, орчуулах шаардлагатай оюутан, суралцагсад, эмч, орчуулагчдад энэ толийг зориулсан болно.Толийн энэ удаагийн хэвлэлд монгол худам бичлэг болон таван хавсралт нэмэгдсэн. Эхний хоёр хавсралт нь хэмжилтийн нэгжийн нэр үүсгэхэд хэрэглэх угтварууд ба амин (шүвтэн) хүчлийн тэмдэглээ бөгөөд дараачийн гурван хавсралт нь англи, герман, франц хүний нэрийг монгол шинэ бичиг рүү буулгах практик галигийн төсөл юм.


Нямдаваа П. Бүтээлийн товчоон. Боть - 16 : Анагаах ухааны нэр томъёо 3 : Монгол анагаах ухааны нэр томъёоны англи, латин, солонгос, хятад, япон хэлээр хадмал орчуулгатай товч тайлбар толь / Зохиогчийн эх бэлтгэсэн Н.Наранбат, Ботийн ред. Н.Цэнд. – Анхдугаар хэвлэл. - УБ.: Адмон, 2017. -463х. ISBN 978-99978-927-4-4 Анагаах ухааны ном, зохиолыг англи болон солонгос, хятад, япон хэлээр үзэх, орчуулах шаардлагатай оюутан, суралцагсад, эмч, орчуулагчдад энэ толийг зориулсан болно. Анагаах ухааны нэр томъёог монгол крилл цагаан толгойн дэсээр байрлуулж, монгол хэлээр товч тайлбарлаад худам монгол, англи, латин, солонгос, хятад, япон хадмал орчуулгыг нь хавсаргасан үндсэн хэсэг, тольд орсон англи, латин, солонгос, хятад, япон нэр томъёо тус бүрийг тухайн хэлнийх нь цагаан толгойн дэсээр монгол хадмал орчуулгатай нь урвуулан өрсөн дагалдах хэсгүүдээс бүрджээ.


Нямдаваа П. Бүтээлийн товчоон. Боть - 17 : Бодрол ба бясалгал / Зохиогчийн эх бэлтгэсэн Т.Оюунбат, Э.Саруул, Ботийн ред. Р.Бямбаа. – УБ.: Адмон, 2017. -196х. ISBN 978-99978-927-2-0 XVII боть нь бодрол, бясалгал гэсэн хоёр хэсэгтэй. Анагаах ухаан, нийгэм улс төрийн зүтгэлтэн, эрдэмтэн судлачдын талаарх дурсамж, нобелийн шагналт эрдэмтдийн товч намтар, судалгаа шинжилгээний бүтээлийн тухай, монгол өрхийн эмнэлгийн тогтолцоо, нийгмийн бодлого, монголын анагаах ухааны хөгжлийн түүх, үе шат, анагаах ухааны нэр томъёог төлөвшүүлэх асуудал, эпоним нэр томъёо ба гадаад хүний нэрийг монгол шинэ үсгээр буулгах зэрэг сэдвийн материал оржээ.


Нямдаваа П. Бүтээлийн товчоон. Боть - 18 : П.Нарансумъяагийн орчуулга /Зохиогчийн эх бэлтгэсэн Э.Саруул, Ботийн ред. Н.Наранбат. – УБ.: Адмон, 2017. -435х. ISBN 978-99978-927-3-7 Энэхүү ботид өөрийгөө шалгасан, бусдаас ямар нэгэн хэлбэрээр зохиогчийн буюу орчуулагчийн нэрийг “нуун дарагдуулсан” нь дээр гэж бодсон бичвэрүүдээ гаргахдаа “нууц нэр” ашиглая гэсэн санааг бүр дээд сургуульд сурч байх үедээ бодож олоод хэрэглэж эхэлсэн шиг санагдах юм. Тиймээс П.Нарансумъяа яг хэдэн оны хэдэнд төрснийг санахгүй ч одоо хүртэл нууж ирсэн П.Нарансумъяагийн нэрээр гаргасан, эх нь өөрт үлдсэн зарим бүтээлээ дэлгэх нь зүйтэй хэмээн энэ ботид оруулжээ.


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.